Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2016/0523

 

2016 оны 09 сарын 29 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05239

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, 1 дүгээр гудамж, 699 тоотод оршин суух, Балбар овогт Аралдийн Баярсайхан /РД-ЗЮ74030910/-ны

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Хувьсгалчдын зам-3, өөрийн байранд оршин байгаа Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз /цаашид МҮОНРТелевиз гэх/-д холбогдуулан гаргасан

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,051,830 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Баярсайхан, түүний өмгөөлөгч О.Батцэцэг /шүүхэд төлөөлөх эрх-0282/, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхжаргал, гэрч Б.Осгон, М.Баттөмөр, Б.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Баярсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би МҮОНРТелевизид 2007 онд мужаанаар орсон бөгөөд тус байгууллагад 9 жил ажилласан. Би тус газарт ажиллахдаа ажил тасалж, ёс зүйн ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй.

2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр үйлчлэгч, мужаан нараас хуулийн болон бие бялдрын шалгалт авсан юм. Энэ шалгалтын хариуг огт танилцуулаагүй. Би шалгалтаа хангалттай сайн өгсөн гэж үзэж байгаа. Миний мэдлэг шалгах тестийн материалыг гаргаж өгөөгүй. Би У.Ялалтаас илүү оноо авсан байгаа учир материалыг маань өгөхгүй байна гэж үзэж байна.

2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр надад хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгсөн. Яагаад ажлаас чөлөөлж байгаа шалтгааныг тодруулахад 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн шалгалтаар та муу дүн авсан тул ажлаас халагдах мэдэгдэл өгч байна гэсэн.

2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалтай танилцахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр халсан байна.

Ажлаас халах тушаал захиргаа, үйлчилгээний хэлтсийн мужааны орон тоог цөөрүүлсэн тул гэж заасан байх боловч ямар үндэслэлээр орон тоог цөөрүүлсэн талаар дурдаагүй, мөн уг асуудлаар МҮОНРТелевизийн Үндэсний зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисст хандаж, өргөдөл гарган шалгуулахад Хүний эрхийн комиссоос 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр МҮОНРТелевизийн ерөнхий захирал Ц.Оюундарьд зөвлөмж өгүүлсэн. Энэхүү зөвлөмжид МҮОНРТелевизийн хөдөлмөрийн дотоод журмын 5.3.2-т заасныг зөрчиж дээрх үйлчилгээний ажилтнуудаас сорилын шалгалт явуулж, хамгийн бага оноо авсан 6 үйлчлэгч, 1 мужаанд хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл өгчээ. Иймд ... Захиргаа, үйлчилгээний хэлтсийн 35 үйлчлэгч, 2 мужааны мэргэжил, ур чадвар, дадлага туршлага, идэвхи санаачлага, хөдөлмөрийн бүтээмжийг дахин үнэлэх, буюу зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хариу ирүүлнэ үү ... гэсэн боловч энэ зөвлөмжийг ерөнхий захирал Ц.Оюундарь хэрэгжүүлээгүй.

Иймд намайг үндэслэлгүйгээр халсан гэж үзэж байх тул МҮОНРТелевизийн ерөнхий захирлын 2016 оны 294 дүгээр тушаалыг хүчингүй болгож, намайг мужааны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 3,051,830 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллагад 2015 оноос хойш бүтцийн өөрчлөлт хийж ирсэн. Хамгийн сүүлд МҮОНРТелевизийн ерөнхий захирлын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаар тушаалаар мөн 1 мужааны орон тоо батлагдсан тул ажиллаж байгаа 2 мужаанаас 1 орон тоог цөөрүүлэх шаардлага гарсан.

Тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу орон тоо хасагдсан буюу ажилтны орон тоог цөөрүүлсэн тохиолдолд бусдаасаа мэргэшил, ур чадвар, дадлага, туршлага, идэвхи санаачлага хөдөлмөрийн бүтээмжээр илүү ажилтныг тухайн ажил албан тушаалд авч үлдээх зарчмыг баримтална гэж заагдсан байдаг. Энэ дагуу ерөнхий захирлын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 125 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.2-т заасны дагуу мэргэшил, ур чадвар, дадлага, туршлага, идэвх санаачлага, хөдөлмөрийн бүтээмжийн түвшний үзүүлэлтийг тогтоосон. Ажлын хэсгээс ажилтныг шалгаруулж авахдаа мэргэжлийн ур чадварын түвшинг 15 оноо, дадлага туршлагын түвшинг 10 оноо, хөдөлмөрийн бүтээмж, идэвхи санаачлагын түвшинг 15 оноогоор дүгнэхээр шийдвэрлэсэн. Мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох хэсэг нь мөн дотроо 2 үзүүлэлттэй байхаар заасан. 1.Тухайн ажил гүйцэтгэж байгаа ажилтны мэдлэг чадвар, даалгавар биелүүлэлтийн түвшин ямар байгааг дүгнэх, 2-т тестийн шалгалт авсан.

Уг тестийн шалгалтын асуултад байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хууль дүрэм болон хариуцсан ажилтай нь холбоотой асуултууд байсан. Шалгалт авахын өмнө бүх ажилчдаа сургалт зохион байгуулсан. Ингээд тестийн шалгалтаар У.Ялалт 8,3 оноо, А.Баярсайхан 6,94 оноо, ажил гүйцэтгэлийн үзүүлэлтээр У.Ялалт, А.Баярсайхан нар ижил 3 оноо авсан. Ажлын дадлага туршлагыг дүгнэхдээ 5 жилээс дээш жил ажилласан бол 5 оноо өгөхөөр шийдвэрлэсэн бөгөөд 2 мужаан хоёулаа 5-аас дээш жил ажилласан учраас ижил 5 оноо өгсөн.

Ажлын чанар, үзүүлэлтийг дүгнэхдээ судалгааны дүн, өдөр тутмын ажлын дүнг харгалзсан. Үүний дагуу дүгнэхэд судалгааны дүнгээр А.Баярсайхан 2 оноо, У.Ялалт 4 оноо авсан. Өдөр тутмын ажиллагааг дүгнэхдээ ажилчдаас судалгаа авсан. Уг судалгаа нь дотроо 10 асуулттай бөгөөд ажилтны ур чадвар, харилцааны соёл зэргийг хамруулсан. Судалгааг 1 жилийн хугацаанд авсан ба А.Баярсайхан 3 оноо, У.Ялалт 5 оноо авсан.

Ажилчдын ирцийн бүртгэлийг гаргахад А.Баярсайханы хувьд 2015 онд 8 өдөр ажиллаагүй өвчтэй байсан, У.Ялалт нь 2015 онд 3 өдөр, 2016 онд 2 өдөр ажиллаагүй тасалсан байсан. Ажлын ирцийг дүгнэхдээ өвчтэй, тасалсан гэдгийг чухал болгоогүй, ерөөсөө ажиллаагүй өдрөөр тооцохоор шийдвэрлэсэн учир А.Баярсайханд 4 оноо, У.Ялалтад 5 оноо өгсөн.

Үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэхдээ 2015 оны 3 дугаар сарын 02-ноос хойш өгсөн үүрэг, даалгаврыг хэрхэн гүйцэтгэсэн тухай судалгааг нэгтгэн дүгнэхэд У.Ялалт 4 оноо, А.Баярсайхан 3 оноо авсан.

Дотоод журмын зөрчил гэсэн үзүүлэлтээр А.Баярсайхан зөрчил гаргаагүй учир 5 оноо, У.Ялалт цалингийн 20 хувийг хасуулах сахилгын шийтгэл авч байсан тул 0 оноо авсан.

Ингээд бүх үзүүлэлтийг нэгтгэхэд У.Ялалт 28.2 оноо, А.Баярсайхан 27.9 оноо авсан тул бага оноо авсан А.Баярсайханы хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

А.Баярсайханы мэдлэг шалгах тестийн материал алга болсон учир шүүхэд гаргаж өгөөгүй.

Иймд МҮОНРТелевизийн ерөнхий захирлын тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Баярсайхан нь МҮОНРТелевизэд холбогдуулан тус байгууллагын ерөнхий захирлын 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 294 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, мужааны ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,051,830 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзаж буй үндэслэлээ ...МҮОНРТелевизийн Үндэсний Зөвлөлөөс гаргасан тогтоолын дагуу бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж ажилтны тоог цөөрүүлсэн, ... Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.3-т заасны дагуу мэргэшил, ур чадвар, дадлага туршлага идэвхи санаачлага, хөдөлмөрийн бүтээмжийн түвшний үзүүлэлтийг тогтооход нөгөө мужаанаасаа бага оноо авсан гэж тайлбарладаг. /хх-161 дүгээр хуудас/

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Ажилд эгүүлэн тогтоох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч А.Баярсайхан нь МҮОНРТелевизид 2007 оноос хойш ажилласан байх бөгөөд талууд 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулсан байна. /хх-26-28 дугаар тал/

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1-д заасан хөдөлмөрийн гэрээний үүргийн харилцаа үүссэн асуудлаар маргаагүй.

Харин МҮОНРТелевизийн ерөнхий захирлын 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 294 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан буюу ажилтны орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр А.Баярсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсний улмаас хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд маргаан үүсч, тэрээр шүүхэд нэхэмжлэл гарган, үндэслэлээ ... биднээс шалгалт авсан, шалгалтын дүнг танилцуулаагүй, би мэдлэг шалгах тестийг нөгөө мужаанаас илүү сайн хийсэн гэж үзэж байгаа, миний шалгалтын материал алга болсон гэдэг нь эргэлзээтэй, би байгууллагаас нэг удаа ч захиргааны болон сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй ... гэж тайлбарладаг. /хх-23, 1, 161 дүгээр тал/

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд МҮОНРТелевизийн ерөнхий захирал нь Үндэсний зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаар тогтоолыг үндэслэн мөн оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаар тушаалаар МҮОНРТ-ийн зохион байгуулалтын нэгжүүдийн бүтэц, орон тоог, ажил албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан байх ба уг тушаалын хавсралт 7-гийн 53-т Мужаан-ны орон тоог 1 болгожээ. /хх-30-35 дугаар тал/

Уг 56 дугаар тушаалын дагуу Ажлын хэсэг томилох тухай МҮОНРТ-ийн ерөнхий захирлын 125 дугаар тушаал гарч, захиргаа, үйлчилгээний хэлтсийн мужаан, үйлчлэгч нарын орон тоо цөөрсөнтэй холбогдуулан мужаан, үйлчлэгч нараас мэргэшил, ур чадвар, дадлага туршлага, идэвх санаачлага, хөдөлмөрийн бүтээмжийг тогтоон үнэлж дүгнэлт гарган, танилцуулахыг даалгасан байна. /хх-36 дугаар тал/

Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.3.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу орон тоо хасагдсан буюу ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд бусдаасаа мэргэшил, ур чадвар, дадлага, туршлага, идэвхи санаачлага хөдөлмөрийн бүтээмжээр илүү ажилтныг тухайн ажил, албан тушаалд авч үлдээх зарчмыг баримтална гэж заажээ. /хх-70 дугаар тал/

Хариуцагч тал уг зарчмыг баримтлан нөгөө мужаанаасаа бага оноо авсан мужаан А.Баярсайханы хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж мэтгэлцэн, шүүхэд Ажлын хэсгийн товч тайлан, дүгнэлт, Захиргаа, үйлчилгээний хэлтсийн мужаануудаас авсан түвшин тогтоох шалгалтын дүн, шалгалтын материал, мужааны ирцийн бүртгэл, ажлын чанарын судалгаа, Ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, шалгалтын дүн танилцуулсан тухай Ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, мужаануудын өдөр тутам гүйцэтгэсэн ажлын үзлэгийн байдал, мужаан өдөр тутмын дуудлагын засварын ажил үйлчилгээний талаарх санал асуулга, цагийн бүртгэл зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна. /хх-40-55, 80-142 дугаар тал/

Уг баримтуудаас харахад хариуцагч МҮОНРТ-ийн ерөнхий захирлын 56 дугаар тушаалаар томилогдсон Ажлын хэсгээс мужаан У.Ялалт, А.Баярсайхан нарын түвшинг мэргэшил, ур чадвар, дадлага туршлага, хөдөлмөрийн бүтээмж, идэвхи санаачлага зэрэг үзүүлэлтээр тогтоож, У.Ялалтад 28,8 оноо, А.Баярсайханд 27,9 оноо өгсөн гэдэг боловч уг шийдвэр нь бичгийн хэлбэрээр ёсчлогдож, албан ёсоор баталгаажигдаагүй өөрөөр хэлбэл ажлын хэсгээс гаргасан шийдвэрээ тамга, тэмдэг дарж, баталгаажуулаагүй байна. /хх-40-43 дугаар тал/

Мөн хариуцагч тал А.Баярсайханы мэдлэг шалгах тестийн материалыг алга болсон гэх үндэслэлээр шүүхэд гаргаж өгөөгүй тул хариуцагчийг, нэхэмжлэгчийг мэдлэг шалгах тестэд У.Ялалтаас бага оноо /6,48 оноо/ авсан гэх үйл баримтаа нотлоогүй гэж үзлээ. /хх-37 дугаар тал/

Түүнчлэн хариуцагч нь шалгалтын дүнг ажилчдад танилцуулсан гэж мэтгэлцэх хэдий ч энэ талаар баримтжуулсан бичгийн нотлох баримт байхгүй, мөн нэхэмжлэгч А.Баярсайхан, гэрч Б.Отгон нарын тайлбар, мэдүүлгийг няцааж чадаагүй учир хариуцагчийн шүүхэд өгсөн Дүн танилцуулсан тухай ажлын хэсгийн тэмдэглэл-ийг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй байна. /хх-160, 162 дугаар тал/

Хэрэгт авагдсан ажилчдын ирцийн бүртгэлээс харахад 2015 онд нэхэмжлэгч А.Баярсайхан 8 хоног өвчтэй, мужаан У.Ялалт 5 хоног ажил тасалсан гэх бүртгэгдсэн байх ба хариуцагч тал үүнийг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл Ажлын хэсгийн комиссоос мужаануудын ирцийн бүртгэлийн оноог дүгнэхдээ А.Баярсайханы нийт ажиллаагүй хоног 8, У.Ялалтынх 5 хоног гэж үзэн нэхэмжлэгчид 3 оноо, У.Ялалтад 4 оноо өгсөн нь ойлгомжгүй байна. /хх-54, 122-126 дугаар тал/

Мөн хариуцагч байгууллага нь мужаануудын өдөр тутмын ажил гүйцэтгэлийн үзүүлэлтийг нийт хамт олноос санал асуулгаар авсан гэж тайлбарлах боловч шүүхэд ирүүлсэн бичгийн нотлох баримтуудаас харахад хэдэн ажилтан, албан хаагчаас, ямар салбар, нэгж хэлтсээс санал асуулга авсан, уг судалгаанд нийт хэдэн хүн оролцож, хэдэн хувийн үзүүлэлтээр дүгнэлтийг гаргасан гэдэг нь, ажлын чанарын үнэлгээг ямар баримтыг үндэслэн гаргасан нь тодорхойгүй байна. /хх-49-55, 97-118 дугаар тал/

Иймээс МҮОНРТелевизийг нэг орон тоон дээр ажиллаж буй ажилтнуудаас шалгаруулж авахдаа Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.2-т заасан зарчмаа баримталсан, ажилтнуудаас авсан шалгалтын дүн үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Баярсайханыг МҮОНРТелевизийн захиргаа, үйлчилгээний хэлтсийн мужааны ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

Харин хариуцагч МҮОНРТелевизийн ерөнхий захирлын 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 294 дүгээр тушаал нь эрх зүйн актад тавигдах шаардлагыг хангасан, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв баримталсан байх тул нэхэмжлэгчийн уг тушаалыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. /хх- 23 дугаар тал/

Цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжилж, ажилгүй байсан хугацааг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцон 3,051,830 төгрөг гаргуулахаар шаардаж байна. /хх-161, 165 дугаар хуудас/

Шүүх нэхэмжлэгч А.Баярсайханыг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон учир хариуцагч байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилтанд ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэг үүссэн гэж үзлээ.

Ажилтны ажилгүй байсан хугацааг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл буюу 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл нийт ажлын 104 хоногоор, дундаж цалин хөлсийг нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д заасны дагуу А.Баярсайханы нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалин хөлснөөс тооцоход ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нь 2,664,012 төгрөг болж байна. /3 сарын нийлбэр 1,652,200 төгрөг, нэг сард 570,733 төгрөг, нэг өдөрт 25,615 төгрөг х 104 хоног/

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу хариуцагч МҮОНРТ-ээс 2,664,012 /хоёр сая зургаан зуун жаран дөрвөн мянга арван хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Баярсайханд олгож, нэхэмжлэлээс үлдэх 387,818 /гурван зуун наян долоон мянга найман зуун арван найман/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй учир нэхэмжлэгч А.Баярсайханы ажилгүй байсан хугацааны бичилтийг хийж, баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгав.

Энэхүү маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Баярсайханыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч байгууллагаас 57,574 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Баярсайханыг МҮОНРТелевизийн Захиргаа, үйлчилгээний хэлтсийн мужааны албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч МҮОНРТелевизээс 2,664,012 /хоёр сая зургаан зуун жаран дөрвөн мянга арван хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Баярсайханд олгож, хариуцагч байгууллагад нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалган, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх МҮОНРТелевизийн ерөнхий захирлын 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 294 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, мөн 387,818 /гурван зуун наян долоон мянга найман зуун арван найман/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Баярсайханыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч МҮОНРТелевизээс 57,574 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД