Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 1877

 

А.Б-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/05239 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Б-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч МҮОНРТ-д холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 051 830 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М , Н.Ж ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би МҮОНРТ-д 2007 онд мужаанаар орсон бөгөөд тус байгууллагад 9 жил ажилласан. Би тус газарт ажиллахдаа ажил тасалж, ёс зүйн ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй.

2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр үйлчлэгч, мужаан нараас хуулийн болон бие бялдрын шалгалт авсан юм. Энэ шалгалтын хариуг огт танилцуулаагүй. Би шалгалтаа хангалттай сайн өгсөн гэж үзэж байгаа. Миний мэдлэг шалгах тестийн материалыг гаргаж өгөөгүй. Би У.Я-аас илүү оноо авсан байгаа учир материалыг маань өгөхгүй байна гэж үзэж байна.

2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр надад хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгсөн. Яагаад ажлаас чөлөөлж байгаа шалтгааныг тодруулахад 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн шалгалтаар та муу дүн авсан тул ажлаас халагдах мэдэгдэл өгч байна гэсэн. 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалтай танилцахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр халсан байна.

Ажлаас халах тушаал захиргаа, үйлчилгээний хэлтсийн мужааны орон тоог цөөрүүлсэн тул гэж заасан байх боловч ямар үндэслэлээр орон тоог цөөрүүлсэн талаар дурдаагүй, мөн уг асуудлаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисст хандаж, өргөдөл гарган шалгуулахад Хүний эрхийн комиссоос 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Од зөвлөмж өгүүлсэн. Энэхүү зөвлөмжид МҮОНРТ-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.3.2-т заасныг зөрчиж дээрх үйлчилгээний ажилтнуудаас сорилын шалгалт явуулж, хамгийн бага оноо авсан 6 үйлчлэгч, 1 мужаанд хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл өгчээ. Иймд ...Захиргаа, үйлчилгээний хэлтсийн 35 үйлчлэгч, 2 мужааны мэргэжил, ур чадвар, дадлага туршлага, идэвхи санаачлага, хөдөлмөрийн бүтээмжийг дахин үнэлэх, буюу зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хариу ирүүлнэ үү... гэсэн боловч энэ зөвлөмжийг ерөнхий захирал Ц.О хэрэгжүүлээгүй.

Иймд намайг үндэслэлгүйгээр халсан гэж үзэж байх тул МҮОНРТ-ийн ерөнхий захирлын 2016 оны 294 дүгээр тушаалыг хүчингүй болгож, намайг мужааны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 3 051 830 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагад 2015 оноос хойш бүтцийн өөрчлөлт хийж ирсэн. Хамгийн сүүлд МҮОНРТ-ийн ерөнхий захирлын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаар тушаалаар мөн 1 мужааны орон тоо батлагдсан тул ажиллаж байгаа 2 мужаанаас 1 орон тоог цөөрүүлэх шаардлага гарсан.

Тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу орон тоо хасагдсан буюу ажилтны орон тоог цөөрүүлсэн тохиолдолд бусдаасаа мэргэшил, ур чадвар, дадлага, туршлага, идэвхи санаачлага хөдөлмөрийн бүтээмжээр илүү ажилтныг тухайн ажил албан тушаалд авч үлдээх зарчмыг баримтална гэж заагдсан байдаг. Энэ дагуу ерөнхий захирлын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 125 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.2-т заасны дагуу мэргэшил, ур чадвар, дадлага, туршлага, идэвх санаачлага, хөдөлмөрийн бүтээмжийн түвшний үзүүлэлтийг тогтоосон. Ажлын хэсгээс ажилтныг шалгаруулж авахдаа мэргэжлийн ур чадварын түвшинг 15 оноо, дадлага туршлагын түвшинг 10 оноо, хөдөлмөрийн бүтээмж, идэвхи санаачлагын түвшинг 15 оноогоор дүгнэхээр шийдвэрлэсэн. Мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох хэсэг нь мөн дотроо 2 үзүүлэлттэй байхаар заасан. 1.Тухайн ажил гүйцэтгэж байгаа ажилтны мэдлэг чадвар, даалгавар биелүүлэлтийн түвшин ямар байгааг дүгнэх, 2-т тестийн шалгалт авсан.

Уг тестийн шалгалтын асуултад байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хууль дүрэм болон хариуцсан ажилтай нь холбоотой асуултууд байсан. Шалгалт авахын өмнө бүх ажилчдаа сургалт зохион байгуулсан. Ингээд тестийн шалгалтаар У.Я 8,3 оноо, А.Б 6,94 оноо, ажил гүйцэтгэлийн үзүүлэлтээр У.Я , А.Б нар ижил 3 оноо авсан. Ажлын дадлага туршлагыг дүгнэхдээ 5 жилээс дээш жил ажилласан бол 5 оноо өгөхөөр шийдвэрлэсэн бөгөөд 2 мужаан хоёулаа 5-аас дээш жил ажилласан учраас ижил 5 оноо өгсөн.

Ажлын чанар, үзүүлэлтийг дүгнэхдээ судалгааны дүн, өдөр тутмын ажлын дүнг харгалзсан. Үүний дагуу дүгнэхэд судалгааны дүнгээр А.Б 2 оноо, У.Я 4 оноо авсан. Өдөр тутмын ажиллагааг дүгнэхдээ ажилчдаас судалгаа авсан. Уг судалгаа нь дотроо 10 асуулттай бөгөөд ажилтны ур чадвар, харилцааны соёл зэргийг хамруулсан. Судалгааг 1 жилийн хугацаанд авсан ба А.Б 3 оноо, У.Я 5 оноо авсан.

Ажилчдын ирцийн бүртгэлийг гаргахад А.Б-ны хувьд 2015 онд 8 өдөр ажиллаагүй өвчтэй байсан, У.Я нь 2015 онд 3 өдөр, 2016 онд 2 өдөр ажиллаагүй тасалсан байсан. Ажлын ирцийг дүгнэхдээ өвчтэй, тасалсан гэдгийг чухал болгоогүй, ерөөсөө ажиллаагүй өдрөөр тооцохоор шийдвэрлэсэн учир А.Б д 4 оноо, У.Я ад 5 оноо өгсөн. Үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэхдээ 2015 оны 3 дугаар сарын 02-ноос хойш өгсөн үүрэг, даалгаврыг хэрхэн гүйцэтгэсэн тухай судалгааг нэгтгэн дүгнэхэд У.Я 4 оноо, А.Б 3 оноо авсан. Дотоод журмын зөрчил гэсэн үзүүлэлтээр А.Б зөрчил гаргаагүй учир 5 оноо, У.Я цалингийн 20 хувийг хасуулах сахилгын шийтгэл авч байсан тул 0 оноо авсан. Ингээд бүх үзүүлэлтийг нэгтгэхэд У.Я 28.2 оноо, А.Б 27.9 оноо авсан тул бага оноо авсан А.Б-ны хөдөлмөрийн гэрээг цуцалсан. А.Б-ны мэдлэг шалгах тестийн материал алга болсон учир шүүхэд гаргаж өгөөгүй.

Иймд МҮОНРТ-ийн ерөнхий захирлын тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б ыг МҮОНРТелевизийн Захиргаа, үйлчилгээний хэлтсийн мужааны албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч МҮОНРТелевизээс 2 664 012 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б д олгож, хариуцагч байгууллагад нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалган, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх МҮОНРТелевизийн ерөнхий захирлын 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 294 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, мөн 387 818 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Б ыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч МҮОНРТ-ээс 57 574 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар 102/ШШ2016/05239 тоот шийдвэр болон хэргийн материалтай танилцаад ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг харьцуулан судлаж, бодит үнэнийг тогтоолгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэн дараах тайлбарыг хийж гомдол гаргаж байна.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05 тоот тогтоолын дагуу “МҮОНРТ-ийн зохион байгуулалтын нэгжүүдийн бүтэц, орон тоо, Ажил албан тушаалын жагсаалт батлах тухай” МҮОНРТ-ийн ерөнхий захирлын 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 267 дугаар тушаал, мөн ерөнхий захирлын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаар тушаалын дагуу үйлчлэгчдийн орон тоо 6, мужааны орон тоо 1-ээр хасагдсан.

Иймд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу үйлчлэгч, мужааны орон тоо хасагдсан тул “МҮОНРТ-ийн Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5 дугаар зүйлийн 5.3.2-т заасныг үндэслэл болгон А.Б тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “ажилтны тоог цөөрүүлсэн” гэдэгт тухайн албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоо хасагдсан байхыг ойлгох ба энэ нь нотлогдсон байхыг шаарддаг. Энд мэргэжлийн ур чадвар, дадлага туршлага, ажилдаа тэнцэхгүйг тогтоосон дүгнэлтийг шаардахгүй юм.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ МҮОНРТ нь хөдөлмөрийн дотоод журамдаа заасан нэмэмжлэгчийн мэргэжил ур чадвартай холбогдуулж авсан түвшин тогтоох шалгалтын асуудалд хэт анхаарч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг буруу хэрэглэсэн байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн дугаар 102/ШШ2016/05239 тоот шийдвэрийг хүчингүй болгож, А.Б-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэргийн үйл баримтыг зөв тодорхойлсон байх боловч хэрэглэх ёстой Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байна.

 

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизэд холбогдуулан ерөнхий захирлын 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 294 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор 3 051 830 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон тоо хасагдаж, мэргэшил, ур чадвар, дадлага туршлага идэвхи санаачлага, хөдөлмөрийн бүтээмжийн түвшний үзүүлэлтээр бага оноо авсан тул хөдөлмөрийн гэрээг цуцласан гэж маргажээ.

 

Хариуцагч МҮОНРТ-ийн ерөнхий захирлын 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 294 дүгээр “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаар тогтоол, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 56 тоот тушаалыг удирдлага болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.3, 31.6.6 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.2, 6.12.9 дэх хэсгийг тус тус үндэслэн Захиргаа, үйлчилгээний хэлтсийн мужаан А.Б ыг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хэргийн 23 дугаар тал/

 

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөл нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаар тогтоолоор тус байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоож, Үндсэн үйлдвэрлэлийн салбарыг 497, Захиргаа, дэмжих салбарыг 183 орон тоотойгоор тус тус баталж, уг тогтоолыг хэрэгжүүлэхийг ерөнхий захирал /Ц.О/-д даалгажээ. Албан тушаалын тоо, ангилал зэрэглэлийг тогтоосон талаарх баримтгүй байна.

 

Харин МҮОНРТ-ийн ерөнхий захирал нь дээрх тогтоол, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.1, 31.6.3, 31.6.6, захирлуудын зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаар “МҮОНРТ-ийн зохион байгуулалтын нэгжүүдийн бүтэц, орон тоо, Ажил албан тушаалын жагсаалт батлах тухай” тушаалаар Захиргаа, үйлчилгээний салбарын 63 албан тушаалыг 188 орон тоотойгоор баталж, үүнд 1 мужааны орон тоо байхаар тогтоожээ. Уг тушаалыг гаргахад баримтласан хуулийн заалтууд нь тус байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, эд хөрөнгийг захиран зарцуулах, ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг байгуулах, цуцлах харилцааг зохицуулсан байгаагаас бус, байгууллагын бүтэц орон тооны хэмжээг тогтоохтой хамааралгүй байна.

 

Өөрөөр хэлбэл бүтэц, орон тооны хэмжээ хязгаарыг тогтоох нь Үндэсний зөвлөлийн бүрэн эрхийн асуудал байх бөгөөд, уг баталсан бүтэц орон тоотойгоор байгууллагыг удирдаж, ажилтнуудтай хөдөлмөрийн харилцаанд оролцох нь ерөнхий захирлын эрх хэмжээнд тус тус хамаарч байна. МҮОНРТ-ийн бүтэц орон тоо, ажил, албан тушаалыг батлах эрхийг ерөнхий захиралд олгосон үйл баримт тогтоогдохгүй байна.

/хэргийн 30-35 дугаар тал/

 

Түүнчлэн хариуцагч МҮОНРТ-ийн ерөнхий захирлын дээрх тушаалаар хүчингүй болгосон 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 267 дугаар “МҮОНРТ-ийн зохион байгуулалтын нэгжүүдийн бүтэц, орон тоог батлах тухай” тушаалд Захиргаа, үйлчилгээний салбарын 63 албан тушаалыг 199 орон тоотойгоор баталж, үүнд мужааны орон тоо мөн 1 байхаар тогтоосон байх бөгөөд “Ажилд авах тухай” ерөнхий захирлын 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 23 дугаар тушаалаар А.Б ыг, мөн 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 259 дүгээр тушаалаар У.Я ыг мужаанаар тус тус томилж, уг албан тушаалд 2 хүн ажиллуулж байсан болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн гэрээ, тушаал зэргээр тогтоогджээ.

/хэргийн 35, 156 дугаар тал/

 

Иймээс нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ерөнхий захирлын 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 294 дүгээр тушаалын үндэслэл болсон мөн оны 56 дугаар тушаалаар мужааны орон тоо хасагдсан гэж үзэхгүй юм.

 

Үүнтэй холбоотойгоор Ерөнхий захирлын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 125 тоот тушаал гарч мужаан, үйлчлэгч нараас мэргэшил, ур чадвар, дадлага туршлага, идэвхи санаачлага, хөдөлмөрийн бүтээмжийг тогтоон үнэлж дүгнэлт гаргах ажлын хэсгийг томилж шалгалтын үйл ажиллагаа явуулсан үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй болно.

 

Иймд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар цуцласан нь хууль бус гэж анхан шатны шүүх үзэж, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар мужааны албан тушаалд эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй.

 

Харин нэхэмжлэгч өөрийг нь ажлаас нь чөлөөлсөн тушаалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахыг хүссэн нь мужааны албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл болох тул бие даасан шаардлага гэж шүүх үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болон хариуцагчаар нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ тухайн харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг хэрэглээгүй нь буруу болжээ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/05239 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч А.Б ыг МҮОНРТ-ийн Захиргаа, үйлчилгээний хэлстийн мужааны албан тушаалд эгүүлэн тогтоож, харуцагчаас 2 664 012 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчид нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 387 818 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                           ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                      С.ЭНХТӨР