| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 181/2020/01471/И |
| Дугаар | 210/МА2026/00258 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2026/00258
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Азбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ын нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох,
Эмчилгээний зайлшгүй урьдчилан төлүүлэх зардалд 388,746,690 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид нөхөн төлөх үүргийн хүрээнд ажилгүй байсан 64 сарын хугацааны дундаж цалин, хөлсөнд 100,681,280 төгрөг, сайжруулсан түлшний угаарын хийнээс хордож нас барсан талийгаач охины амь насны нөхөн төлбөрт 200,000,000 төгрөг, мөн охин нас барсны улмаас сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрт 292,446,000 төгрөг, өөрийн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбоотой сэтгэцэд учирсан хохиролд 118,008,000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид нөхөн төлөх үүргийн хүрээнд 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс хойш хөдөлмөрийн чадвар 100 хувь сэргээгдэх хүртэлх хугацаанд сар бүр 1,573,145 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
*******а миний бие гэр бүлийн хамт Баянзүрх дүүргийн*******дугаар хороонд ердийн галлагааны зуухтай дан байранд амьдардаг. 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ******* ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлш худалдан авч түлсэн.
...Би, тус сайжруулсан түлшийг уутан дээр бичигдсэн зааврын дагуу түлсэн хэдий ч бусад аюулгүй байдлын талаар тодорхой зааварчилгаа өгөөгүй буюу байгаагүйн улмаас 3 настай охин маань сайжруулсан түлшнээс үүссэн угаараас хордож нас барсан, миний бие өөрөө эрүүл мэндийн хувьд хохирсондоо гомдолтой байна.
Төрийн зүгээс талийгаачийн оршуулгын зардалд 10,000,000 төгрөг, эмчилгээндээ хэрэглээрэй гээд 8,000,000 төгрөгийг өгсөн.
...1. Эмчилгээний зардал:
Би, хариуцагч ******* ХХК-ийн үйлдвэрлэсэн утаагүй түлш хэрэглэсний улмаас угаартаж, хордон хөдөлмөрийн чадвараа 69 хувь алдсан ба одоогийн байдлаар төлбөр санхүүгийн боломжгүй улмаас эмчилгээ хийж чадахгүй байсаар байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж заасан.
Миний бие Монгол Улсад хийлгэх боломжгүй эмчилгээний төлбөрийн талаарх мэдээллийг БНХАУ болон БНСУ-ын эмнэлгийн байгууллагаас авсан.
2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар ам.долларын ханш 3,498.37 төгрөгтэй, воны ханш 2.79 төгрөгтэй байна. Иймээс ханшны өөрчлөлттэй холоотой дараах байдлаар эмчилгээний зайлшгүй урьдчилан төлөөлүүлэх зардалд эмчилгээний төлбөр 101,000 ам.доллар х 3,498.37 төгрөг = 353,335,370 төгрөг, эмнэлгийн төлбөр 291,600 вон х 2,79 төгрөг = 813,564 төгрөг х 30 хоног = 24,406,920 төгрөг, эмчилгээ хийлгэх үеийн хоолны төлбөр 12,000 вон х 2,79 төгрөг = 33,480 төгрөг х 30 хоног = 1,004,400 төгрөг, нийт 378,746,690 төгрөгийг нэхэмжилж байна.
Мөн Хор судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн албан бичигт намайг мэдрэлийн архаг өөрчлөлтөд нөлөөлсөн тэрхүү эмчилгээг хийхэд 10,000,000 төгрөг орох баримжаатай гэсэн тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.
2. Хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас арилгах гэм хорын төлбөр:
Би, угаартаж хордохоос өмнө Нарантуул олон улсын худалдааны төвийн ******* салонд хөдөлмөр эрхэлж, дунджаар өдрийн 60,000-70,000 төгрөг, сарын 1,560,000 төгрөг, жилийн 18,720,000 төгрөгийн орлоготой байсан. Түүнчлэн Үндэсний статистикийн хорооноос 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр авсан мэдээллээр 2022 оны 03 дугаар улирлын дундаж цалин 1,573,145 төгрөг байсан. Би, осол болох үед хөдөлмөрийн чадвартай, хөдөлмөр эрхэлж байсан.
Тиймээс хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид нөхөн төлөх үүргийн хүрээнд 2022 оны 03 дугаар улирлын байдлаарх дундаж цалинг 1,573,145 төгрөгөөр тооцож, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 64 сарын цалин хөлсөнд 100,681,280 төгрөг /1,573,145 х 64/-ийг нэхэмжилж байна.
3. Үүнээс гадна нэхэмжлэгч би хэзээ эдгэх, хөдөлмөрийн чадвартай болох нь тодорхойгүй байгаа учир хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид нөхөн төлөх үүргийн хүрээнд 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 100 хувь хөдөлмөрийн чадвартай болох хүртэлх хугацаанд сар бүр 1,573,145 төгрөг /цалин хөлс, түүнтэй адилтгах орлого/-ийг нэхэмжилж байна.
4. Амь насанд учирсан гэм хорын нөхөн төлбөр
...Амь насыг сэргээх боломжгүй тул амь насанд учруулсан гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр 200,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Хэдийгээр Иргэний хуульд амь насанд учирсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр хэрхэн нөхөн төлөх тухай зохицуулаагүй ч уг асуудлыг Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 10.6-д тус тус заасан.
Үндсэн хуульд зааснаар хүн амьд явах эрхтэй, түүнд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй, учруулсан хохирлыг хохирол учрахаас өмнөх байдал оруулах боломжгүй бол мөнгөөр нөхөн төлүүлэх эрхтэй.
5. Сэтгэл санаанд учирсан гэм хорыг арилгах:
...Монголын үндэсний статистикийн www.1212.mn статистикийн мэдээллийн нэгдсэн санд мэдээлэгдсэнээр 2023 оны байдлаар эмэгтэй дундаж наслалт 76.85 байна. Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 тогтоолоор цалингийн дундаж хэмжээг 792,000 төгрөг байхаар тогтоосон.
...Охин маань нас барах үед 3 настай байсан бөгөөд хүн амын дундаж наслалт болох 76.85-аас 3 насыг хасахад 73.65 нас болж байна. Уг 73.65 насыг 3,960,000 (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн)-оор үржүүлэхэд 292,446,000 төгрөг болж байх тул энэ хэмжээгээр нэхэмжилж байна.
6. Сайжруулсан түлшний угаарын хийнээс хордож, миний эрүүл мэндэд учирсны улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн тухайд:
...Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр миний хөдөлмөрийн алдалтыг 69 хувиар тогтоосон ба Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 144 шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн.
Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3 дугаар зүйлийн 3.4-т ...5-р зэрэглэл 31-99% гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тус тус тооцно гэсэн. *******ад учирсан хөдөлмөрийн алдалтыг 69 ба 40%-аар тогтоогдсон нь Тавдугаар зэрэглэлд хамаарч байгаа ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 149 дахин нэмэгдүүлэн тооцоход 118,008,000 болж байна.
Иймд, хариуцагч ******* ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлшний угаарын хийнээс хордож, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 118,008,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
...Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1891 тоот тогтоолоор бусдын амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан гэдэг нь тогтоогдоогүй гэсэн.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т заасны дагуу гэм буруу, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй учраас нэхэмжлэгчийн гэм хорын хохиролд нэмэгдүүлэн нэхэмжилж байгаа төлбөрийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Прокурорын тогтоол дээр энэ бол зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн үү, биш үү гэдгийг шалгаагүй. Хууль болон түүнд нийцүүлэн авсан захиргааны хэм хэмжээ, акт хэлэлцээр, хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэм хор учирсан эсэхийг мөн шалгаж тогтоосон гэж үзэж байгаа. Энэ нь хэрэв Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заалтыг ******* ХХК-ийг зөрчсөн гэж үзэж байгаа бол мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар Зөрчлийн болон Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх ёстой байсан гэж үзэж байна. Тэгвэл өнөөдөр хууль, түүнд үндэслэгдэн гарсан захиргааны хэм хэмжээг зөрчөөгүй байна гэдгийг шалгаж тогтоогоод шийдвэрлэчихсэн. Хэрэв Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан хариуцлагыг эхний ээлжид хүлээх ёстой байсан. Гэвч үүнийг зөрчөөгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоол, шийдвэр гарсан. Энэ дээр тухайн үеийн хохирогч буюу нэхэмжлэгч талаас ямар нэгэн гомдол санал гаргаж яваагүй.
Нэхэмжлэгчийн зүгээс бүтээгдэхүүний уутан дээр заавар, зөвлөгөөг бичээгүйгээс хохирол учирсан гэж тайлбарладаг. Гэтэл өнөөдөр яг үндэслэл болоод байгаа мэргэжлийн хяналтын дүгнэлт дээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргасан мэдээ мэдээллүүдийг цуглуулан шинжлэн судалж үзэхэд холбогдох байгууллагуудаас иргэдэд зориулж сайжруулсан түлшийг ашиглах, зуухыг давтах зөвлөмж зааварчилгааг бүх хэлбэрээр тарааж түгээсэн гэсэн дүгнэлт гарсан байдаг. Харин нэхэмжлэгч нь үүнийг шахмал түлшнийхээ уутан дээр бичих ёстой байсан гэдэг асуудлыг тавиад байдаг. Бүтээгдэхүүний уутан дээр бичээгүйн улмаас гэм хор, хор уршиг учирсан гэдэг үндэслэл байхгүй гэж үзэж байна. 2018 оноос хойш тодорхой бүлэг хүмүүс үүнийг шинжилж судалсны үндсэн дээр зах зээл дээр гаргасан байдаг.
...Ер нь 2018, 2019 онд шахмал түлшнээс болж угаартгасан гэдэг асуудлаар маш их гомдол гаргаад эрүүгийн хэрэг үүсээд шалгуулж байсан. Засгийн газар болон ******* ХХК-ийг тус тус холбогдогчоор шалгаж байсан. Тэр хэргүүд хэрэгсэхгүй болсон. Хэрэгсэхгүй болж байгаагийн гол учир шалтгаан нь ******* ХХК-ийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлшний орц, найрлагаас болоод энэ хүмүүс угаартаад нас барчихжээ гэдэг дүгнэлт гараагүй. Ерөөсөө хэрэглээний асуудлаас болж байгаа, хэрэглэгчдийн өөрсдийнх нь нөхцөл байдал /үйл баримт/-тай холбоотой л дүгнэлтүүд гараад байсан. Тэр олон асуудал шалгагдаж байхад энэ сайжруулсан шахмал түлшний орц найрлагын хэмжээ ийм байснаас болоод өнөөдөр ийм асуудал гарсан гэх нэг ч дүгнэлт гараагүй болохоор нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдохгүй, тогтоогдохгүй байна.
...Сайжруулсан шахмал түлш гаргаж эхэлсэнтэй холбоотойгоор 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс иргэдэд заавар, зөвлөмжийг тарааж хэрэглэж эхэлсэн. Энэ түлш нь ахуйн хэрэглээний бүх зууханд болно гэсэн зохицуулалт тухайн үед байсан. Олон улсын болон Монгол Улсын стандарт шаардлагыг хангасан, хэвийн гэж манайх дүгнэж байгаа. Хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд тухайн зуухны хэмжээ, ханан пийшингийн хэлбэр хэмжээг дурдахаас гадна ******* ХХК-иас өгсөн заавар зөвлөмж, анхааруулга дээр зөрчигдсөн нэг асуудал нь яндан нь малгайгүй байсан. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлснээр 09 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш хэрэглээд байгаа 10 дугаар сард үйл явдал болсон. Тухайн үед агаарын байдал ямар байсныг бид мэдэх боломжгүй, зөвлөмжид тэр зуух нь агаар сэлгэлт сайтай газар байрлах ёстой гэсэн байдаг. Түлш стандартын шаардлага хангасан холбогдох байгууллагуудын дүгнэлт гарсны дагуу үүнийг хэрэглэж болно гэсэн чанарын шаардлагад нийцсэн учир худалдаанд гаргасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлд иргэн, хуулийн этгээдийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой гэм хорын асуудлыг зохицуулсан байдаг. Монгол Улсын Засгийн газрын тогтоол хууль бус гэдэг нь тогтоогдоогүй. Гэм буруу, хохирол хоёрын хооронд заавал ямар нэгэн шалтгаант холбоо байх ёстой. Гэтэл ийм шалтгаант холбоо өнөөдрийн байдлаар ******* ХХК-ийн хувьд байхгүй. Зайлшгүй урьдчилан төлүүлэх заалт гэдгээ яг яаж, ямар баримтаар нотолж байгаа талаар нотлох баримт байдаггүй, ямар ч үндэслэлгүй, зүгээр л тооцоо гаргаж ирээд мөнгө нэхэмжилдэг. БНСУ-ын эмнэлэг дээр очиж эмчлүүлэх юм бол ийм зардал гаргана гэсэн урьдчилсан баримт гаргаж ирдэг. Өнөөдрийн байдлаар 2019 оноос хойш гэж бодохоор нэхэмжлэгч нь өөрөө эмчилгээ хийлгэж ирчихээд эмчилгээний зардал ийм төгрөг боллоо, энэ зардлыг гаргаж өгөөч ээ гэж хуульд нийцсэн байдлаар баримт гаргаж өгөөгүй.
...Хувиараа хөдөлмөр эрхэлсний орлого нэхэмжилдэг. ******* гэдэг салонд маникюраар ажиллаж байсан гэдэг тодорхойлолт гаргаж өгсөн. Бид үүнтэй холбоотойгоор нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх шийдвэрлээгүй. Энэ хүн тус салонд үнэхээр ажиллаж байсан бол өөрөө цалинждаг байсан уу, өөрөө орлогоо олдог байсан уу, түрээсэлдэг байсан уу, түрээсэлдэг байсан бол түрээсийн гэрээ байна уу, цалинждаг байсан бол цалингаа яаж авдаг байсан бэ, цалингийн цэсээ гаргаж өгөх, нийгмийн даатгал төлдөг байсан бол тэр баримтаа гаргаж өгөх, хөдөлмөрийн ямар нэгэн гэрээ байдаг бол тэр баримтаа гаргаж өгөх зэрэг хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Тэгэхээр нэхэмжлэгчийг энэ салонд яг ямар байдлаар ажилладаг байсан гэдэг байдал тогтоогдох боломжгүй учир цалингийн асуудлыг тооцож гаргах үндэслэл байхгүй гэж үзэж байгаа.
Бусад гэм хорын хохирлуудын хувьд гэм хор үүссэнтэй холбоотой ямар шалтгаант холбоо байгаа юм бэ, гэм буруу хохирол хоёрын хооронд үүссэн шалтгаант холбоо нотлогдон тогтоогдох, үүний дараа энэ бүх зүйл яригдах ёстой. Нэгэнт гэм буруу тогтоогдоогүй бол гэм хорын асуудал яригдах үндэслэлгүй. Хохирогчийн хохирсон асуудал хэдийгээр маш эмгэнэлтэй, хэцүү асуудал боловч үүнийг ******* ХХК-ийн үйлдвэрлэсэн шахмал түлшнээс болоогүй гэдэг талаар тогтоол, шийдвэр гарчихсан тул түлшний найрлага, орц бүх юмнаас шалтгаалаад ийм асуудал болсон гэдэг үүднээс хохирлыг төлөх үндэслэл байхгүй. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас нийт 100,681,280 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгон, үлдсэн 1,000,773,835 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч *******ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 661,356 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
1. ...Угаарын хийн хордлогын улмаас өөрт учирсан эрүүл мэндээ эмчлүүлэхээр угаартсан өдрөөс хойш *******а нь олон эмнэлэгт хандсан боловч эмчлэх боломжгүй гэсэн хариуг өгсөөр байдаг. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсад эмчлэх боломжгүй талаар Монгол Улсын Хор судлал, мэдрэл судлалын зөвлөл эцсийн байдлаар тодорхойлолт гаргаж өгсөн.
Гэтэл шүүх Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад багтаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
*******а нь өвчин тусаагүй бөгөөд угаарын хийн шууд хордлогоос үүдэлтэйгээр тархины эмгэгшил, доод мөчдийн удаан дарагдал гэх онош бүхий эмгэг эрүүл мэндэд нь бий болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчлээд өгье гэсэн нэг ч эмнэлэг Монголд гарч байгаагүй. Тийм байхад эмчилгээний урьдчилан төлүүлэх зардлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т заасанд нийцэхгүй байна.
2. Угаартсаны улмаас *******а нь хөдөлмөрийн чадвараа тодорхой хувиар алдаж хэвийн хөдөлмөрлөх боломжгүй байсаар байна. Тиймээс нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвар буурсан үндэслэлээр cap тутам мөнгө /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/-ийг 1,573,145 төгрөгийг шаардсан боловч шүүх хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-т заасанд нийцэхгүй байна.
3. Амь насны төлбөр ба сэтгэцэд учирсан хор уршгийн талаар тус тусад нь шаардлага гаргасан хэдий ч шүүх хамтатгаад хууль буцааж хэрэглэхгүй гэх үндэслэлээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар Дээд шүүх нь улсын хэмжээнд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоох бүрэн эрхтэй талаар заасан. Нэхэмжлэгч талаас Улсын Дээд шүүхээс амь насны нөхөн төлбөрийг төлөх боломжтой талаар шийдвэр гаргасныг баримтаар гаргаж өгсөн. Гэтэл хууль буцааж хэрэглэхгүй гэсэн нь ойлгомжгүй.
Хүний амьд явах эрх буюу амь насанд учирсан гэм хорыг сэргээх боломжгүй. Нэгэнт сэргээх боломжгүй учир Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар амь насны гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.
4. Талийгаач охины амь нас, *******ын эрүүл мэндэд учирсан гэм хорын сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах шаардлагыг хууль буцаан хэрэглэхгүй гэсэн үндэслэлээр мөн хэрэгсэхүй болгосонд гомдолтой байна.
...2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиас үл хамаараад иргэн хүн Үндсэн хуулийн Арванзугадугаар зүйлийн 14-т заасанчлан сэтгэцэд учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй гэж үзэж байна. Энэ ч агуулгаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т Тухайн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй бол шүүх төсөөтэй харилцааг зохицуулж байгаа хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ. гэж заасан болно.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
...Угаарын хий мэдрэгчийг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар БНХАУ-д үйлдвэрлэж, оруулж ирсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сараас эхэлж айл өрхүүдэд тарааж өгсөн. Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтан ******* нь танилцуулах материалыг өгөхдөө угаарын хий мэдрэгчийг танилцуулаагүй буюу өгөөгүй. Гэтэл үүнээс үүдэн уг асуудал үүссэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Угаарын хий мэдрэгчийг энэ цаг үед ярих асуудал биш гэж үзэж байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.2, 4.7, 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.8, 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэх үндэслэлийг нэхэмжлэгч тал дурддаг боловч энэ талаар хэн ч шалгаж тогтоогоогүй, иргэдийн амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулж болзошгүй байдал илрээгүй байхад олон нийтэд ямар мэдээлэл түгээх байсан, ямар үндэслэлээр тухайн барааг худалдаанаас татан авах ёстой байсан нь тодорхойгүй байгаа. Угаартах асуудал гарч байсан нь үнэн. Тухайн үед угаарын хийтэй холбоотой асуудал нэлээд гарч байсан. Үүнтэй холбоотой арга хэмжээг тухайн үед нь авч байсан. Үүний шалтгаан нөхцөлийг хуулийн байгууллагын холбогдох мэргэжлийн хүмүүс шалган тогтоох ажиллагааг хийж байсан. ******* ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлшнээс гаргасан хий хортой байгаагийн улмаас иргэдийн амь насанд аюул учирч байна гэх агуулга бүхий дүгнэлт гарч байгаагүй. Иргэдийн хэрэглээнд тухайн бүтээгдэхүүн нийцэж байгаа учраас иргэд шахмал түлшийг өнөөдрийг хүртэл хэрэглэсээр байгаа. Ямар нэгэн байдлаар үйлдвэрлэсэн шахмал түлшний орц найрлагад өөрчлөлт орж, түүнээс гарч байгаа хий нь хортой байсан учраас хүн нас барсан, өвчилсөн гэх дүгнэлт мэргэжлийн байгууллагуудаас гараагүй.
Хохиролтой холбоотой асуудлыг анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн. Гэм хортой холбоотой асуудал уг маргаанд дурдагдах үндэслэлгүй гэж үзэж байна. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоосон. Гэтэл нэхэмжлэгч тал Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн тул гэм хор үүссэн гэж өөрсдөө дүгнэсэн. Тус хуульд заасан хаяг, шошготой холбоотой стандартыг зөрчсөний улмаас гэм хор үүсэх боломжгүй. Гэм хор үүссэн нь тогтоогдсон тохиолдолд дараагийн асуудал буюу хохиролтой холбоотой асуудал яригдах ёстой. Гэм хор үүссэн гэдэг асуудал ямар нэгэн мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй байхад гэм хорын асуудал ярьж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал эмчилгээний зардал нэхэмжилдэг боловч үүнтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй. Эмчийн бичсэн дүгнэлтийн ард тоо бичсэн буюу ийм хэмжээний зардал гарна гэх агуулгатай баримт байсан. Ийм эмнэлэгт ийм эмчилгээ хийлгэсэн гэх ямар ч баримт хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл эмчилгээнд явсан асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл, манай байгууллагаас мөнгө өгвөл гадаад руу явж эмчлүүлнэ гэх асуудал ярьдаг. Мөн сэтгэл санааны хохирлын асуудлыг анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй. Сэтгэл санааны хохирлыг шүүхээр тогтоолгосны дараа нэхэмжлэх асуудал Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зохицуулагдсаныг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал биднээс гаргуулахаар шаардаж байгаа зүйлстэйгээ холбоотой нэг ч баримт гаргаж өгөөгүй хэр нь их хэмжээний мөнгөн төлбөр нэхэмжилсэн. Нэхэмжлэгч тал Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлд заасан эрхийн хүрээнд хохирлоо нэхэмжилсэн гэж тайлбарласан. Үндсэн хуульд заагдсан эрхээ элдэх эрхийг нь бид хязгаарлаагүй. Эрхээ эдэлж, хохирлоо төлүүлэхээр шаардаж байгаа тохиолдолд үүнийгээ нотлох баримт гаргаж өгөх ёстой гэж үзэж байна. Жишиг дүнгээр хохирол шаардаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Бүх төрлийн түлшийг шатаж болох материалаар шатаахад нүүрстөрөгчийн дутуу исэл болон нүүрстөрөгчийн давхар исэл үүсдэг. ******* ХХК үүсгэн байгуулагдсан даруйдаа шахмал түлшийг шууд худалдаанд гаргаагүй бөгөөд туршилт судалгаанд үндэслэн борлуулалтад гаргасан. Тухайлбал, шахмал түлш хэрэглэгчдэд очих үед аливаа эрсдэл үүсэхээс сэргийлээгүй гэх асуудлыг нэхэмжлэгч тал дурдсан. MNS 5679:2019 дугаартай стандартын шаардлагыг хангахын тулд үйлдвэр нь түүхий эд болон ажиллах хүчний эрсдэлийг үүрч бараа бүтээгдэхүүнийг бэлэн болгож, стандартын дагуу гаргадаг. Тохирлын үнэлгээ гэдэг нь үйлдвэрлэл явуулахад хэрэглэгдэж байгаа бүх зүйлс стандартын шаардлага хангаж байгаа гэдгийг илэрхийлдэг зүйл юм. MNS 5679:2019 стандартын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдэд нийлүүлсэн гэдэг нь лабораторийн бичиг баримт болон бусад холбогдох баримтаар нотлогддог. Сайжруулсан түлшийг бүх төрлийн зууханд түлж болох талаар ажлын хэсэг гарч үүнийг тодорхойлсон. Тухайн ажлын хэсэг хуралдаж олонхын саналаар шийдвэрлэж, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлсэн. Ахуйн хэрэглээний зуух нь MNS 5216:2016 дугаартай стандарттай байдаг. Тухайн зууханд бүх төрлийн түлшийг түлж үзээд, сайжруулсан түлшийг хэрэглэгчдэд нийлүүлж болно гэх дүгнэлт гаргаж, зөвлөмж хүргүүлсэн. Тус зөвлөмжид заасны дагуу сайжруулсан түлшийг түлэхэд бүх айл өрхөөр явж, хэрэглэгчдэд галлагааны талаар зөвлөмж өгч холбогдох мэдээллүүдийг танилцуулж гарын үсэг зуруулсан ба үүнтэй холбоотой баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан. Ямар нэгэн судалгаа шинжилгээ хийхгүйгээр сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлээгүй. Олон мэргэжлийн болон судалгааны байгууллагуудын дүгнэлт хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд үүгээр тухайн бүтээгдэхүүн зах зээлд борлуулагдах стандартын шаардлага хангасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг зөрчсөн гэж маргасан. Тохирол гэдэг нь тухайн бүтээгдэхүүн стандартын шаардлага хангаж байгаа эсэх, үйлдвэрлэлийн явц технологийн горимд байгаа эсэх талаарх эцсийн дүгнэлт юм. Зөвлөмж гарсны дараа буюу 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш айл өрхүүдээр явж, хэрэглэгчдэд зөвлөмж зааварчилгаа өгсөн. Сайжруулсан түлшний шуудайн дээр үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх заавар, стандартын тэмдэглэгээ зэргийг бичиж тэмдэглэсэн байгаа гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
1. ...2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа анхааруулга зөвлөмж өгсөн болох нь тогтоогдохгүй байна гэжээ.
******* ХХК 2019 оны 09 дүгээр сарын 15-наас сайжруулсан шахмал түлшийг худалдаанд гаргаж эхэлсэн. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэгчдийн гар дээр гаргахаас өмнө Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ахуйн хэрэглээний зууханд сайжруулсан хатуу түлш хэрэглэх зөвлөмж боловсруулах зөвлөмжийг гэр хорооллын айл өрхүүдэд түгээх зорилгоор Сайжруулсан хатуу түлшийг хэрэглэх зөвлөмж боловсруулах ажлын удирдамжийг баталж, Сайжруулсан хатуу түлш хэрэглэх зөвлөмжийг боловсруулах, хэвлүүлэх, гэр хорооллын айл өрхүүдэд түгээх ажлын хэсэг байгуулж, холбогдох зөвлөмж заавар зааварчилгааг боловсруулан гаргаж хэрэглэгчдэд үйлчлэх төвд хүлээлгэн өгсөн. Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн тухайн дүүрэг, хороо, хэсэг хариуцсан гэрээт ажилтнууд заавар зөвлөмжийг айл өрх бүрд биечлэн хүргэж, танилцуулсан, мөн түлш худалдаалах цэгээр заавар зөвлөмжийг бичгээр тарааж байсан болно. Энэ нь хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1891 тоот Прокурорын тогтоолд хохирогч *******ын ...хорооноос тараах материал хэвлэсэн зүйл өгөөд гарын үсэг зуруулсан. Түүнийг уншихад сайжруулсан шахмал түлшийг хэрхэн түлэх тухай байсан. Тэр тараах материалыг уншихад миний гал түлэх аргачлалтай адил байсан... гэх мэдүүлэг, гэрч *******гийн .. Өлгийн 11 дүгээр гудамжны Газ засварын гэж ярьдаг 9 айл амьдардаг нийтийн байранд амьдрах *******а гэдэг айлд 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 18 цаг 20 минутад орж, тараах материал өгсөн. *******а гэдэг айлд тараах материал өгөх гэхэд хаалгаа нээгээд намайг оруулаагүй ба би хаалганы гадна хэсэгт зуух болон ханан пийшингийн талаарх мэдээллийг нь аваад тараах материалаа өгсөн. Тухайн үед тэр эмэгтэйд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхэд анхаарах зүйлийг хэлээд тараах материал өгөхөд хүлээж аваад гарын үсэг зурсан... гэх мэдүүлэг, ...Баянзүрх дүүргийн*******дугаар хорооны өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр ажилласан тухай илтгэх хуудас болон түүний хавсралтад иргэдэд зөвлөмж, материал тарааж гарын үсэг зуруулсан тэмдэглэл..., гэрч *******, *******гийн мэдүүлэг, хохирогч *******, хохирогч *******а, гэрч ******* нарын мэдүүлэг, иргэдэд танилцуулж байсан аргачлал, заавар зөвлөмж болон бусад баримтаар нотлогдож байгаа.
...Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулгыг тусгаагүй гэдгийн тухайд:
2019 онд анх хэрэглэгчдийн гар дээр худалдаалагдаж эхэлсэн сайжруулсан шахмал түлшний савлагаа дээр Сайжруулсан шахмал түлшний давуу тал, стандарт, бүтээгдэхүүний орц, хэрэглэх заавар, хадгалах нөхцөл, үйлдвэрлэсэн огноог тусгаж өгсөн байгаа. Энэ нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасантай нийцэж байгаа. Хэрэглэх зааварт: Сайжруулсан шахмал түлш нь бүх төрлийн зууханд таарах бөгөөд ассан мод болон үртэс дээр нэмж хэрэглэнэ гэж тэмдэглэсэн. Харин иргэдэд сайжруулсан шахмал түлшийг ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулгыг тусдаа ажлын хэсэг байгуулан судлан боловсруулж хэрэглэгчдэд үйлчлэх төвийг шинээр байгуулж, гэрээт ажилтнуудаар айл өрх, иргэдэд биечлэн хүргэж, танилцуулж, заавар зааварчилгааг өгч ажиллаж байсан. Энэ нь харин ч хуулийг хангалттай хэрэгжүүлж ажиллаж байсныг нотолно.
Тэгээд ч бүтээгдэхүүний савлагаа дээр аргачлал зөвлөмж бичээгүйгээс болж угаартаж гэмтээд гэм хор үүссэн гэдэг ойлголт хэт өрөөсгөл ойлголт юм. Гэм буруу хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй болно.
Нөгөө талаар, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулгыг тусгаагүй хууль зөрчсөн гэж үзвэл Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. гэж заасны дагуу ямар нэгэн хариуцлага хүлээх ёстой.
1 дүгээр хавтаст хэргийн 104-107 дугаар талд авагдсан 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Хяналт шалгалтын танилцуулга дүгнэлтийн дагуу Монгол Улсын шадар сайд д 2019 оны 10 дугаар сарын 10-ны 1/1497 тоот Дүгнэлт санал хүргүүлэх тухай албан тоотоор ...бүтээгдэхүүний савлагааны уутыг яаралтай шинэчлэн хэрэглэх заавар дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа анхааруулгыг тусгах талаар тухайн байгууллагад үүрэг чиглэл өгөхийг хүссэн. Үүний дагуу шахмал түлшний савлагааг шинэчилсэн байгаа. Харин хэрэглэгчдэд үйлчлэх төв манайхаас татан буугдаж нийслэл рүү шилжсэнээр айл өрхөөр явж заавар зөвлөгөө өгдөг гэрээт ажилтнууд ажиллахгүй болсон байгаа.
...шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон ...******* салоны 2020 оны 08 дугаар сарын 26-ны 20/04 тоот тодорхойлолт... нь нотолгооны ач холбогдолгүй баримт. Учир нь тус салонд хэзээнээс хэдий хүртэл ажиллаж байсан, түрээсэлдэг эсэх эсвэл хөдөлмөрийн болон бусад гэрээгээр ажилладаг эсэх, хувь хүний орлогын албан татвар хэрхэн төлж байсан, гэрээгээр цалинжиж ажилладаг байсан бол цалингийн цэс, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан баримт, түрээсэлдэг байсан бол түрээсийн гэрээ... гэх мэт баримтуудаар нотлогдох ёстой байсан. Нотолгооны бусад баримтаар нотлогдоогүй тохиолдолд хуурамчаар үйлдсэн байх боломжтой баримт гэж үзэж байгаа. Ийм тодорхойлолтыг ямар ч хувийн компани гаргаад өгөх боломжтой. Тиймээс шүүгчийн дотоод итгэлээр үнэлсэн дээрх баримт нотолгооны хэрэгсэл болох боломжгүй баримт болно.
2. Хариуцагч тал хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотой ерөнхий технологич нь Хятад улс руу албан томилолтоор хойшлуулшгүй албан ажлаар явсан тул холбогдох нотлох баримтын хамт хүсэлт гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн хуулийн этгээд өөр төлөөлөгч томилох боломжтой байсан гэдэг үндэслэлээр хүсэлтийг хүлээж аваагүй. Мэргэжлийн талаас тухайн нөхцөл байдалд бодитоор дүгнэлт, тайлбар хийх мэргэжлийн хүн учраас компаниас дандаа ерөнхий технологичийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж байсан тул өөр төлөөлөгч томилох боломжгүй байсан болно. Иймээс хэргийн оролцогчийн эрхэд халдаж, хууль зүйн үндэслэлгүйгээр хүсэлтийг хүлээж аваагүй болно.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
...Хариуцагч нь шүүх хуралдаанд оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа мэтээр тайлбарладаг ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гадуур хүлээн зөвшөөрч, шуудай дээрх зааварчилгаанд өөрчлөлт оруулаад явж байгаа.
...Аюулгүйн зааварчилгаа техникийн зохицуулалт гэдэг нь миний ойлгож байгаагаар, тухайн бүтээгдэхүүнийг буруу хэрэглэсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар бичсэн урьдчилсан зааварчилгааг хэлнэ гэж ойлгож байна. Бүтээгдэхүүнийг зөв хэрэглэсэн тохиолдолд аливаа эрсдэл учрахгүй. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын хэмжээнд 200,000 өрх гэр хороололд амьдарч байгаа бөгөөд бүгд инженерийн мэдлэгтэй хүмүүс биш юм. ...Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заавал дагаж мөрдөх шинжтэй зохицуулалтууд тусгагдсан. Гэрээт ажилтан ******* айл өрхүүдээр орж зааварчилгааг тарааж, гарын үсэг зуруулж авсан гэж хариуцагч тал тайлбарласан. Энэ нь холбогдох баримтаар нотлогдож байгаа. Гэхдээ сайжруулсан шахмал түлш нь стандартын шаардлага хангасан зууханд таарна, угаарын хий мэдрэгчгүй газар хэрэглэхийг хориглоно, амь насанд аюултай гэх заавар аюулгүйн зааварчилгаа болон зөвлөмж байхгүй. Хариуцагч тал айл өрхүүдэд заавар зөвлөмж тараагаагүй гэх агуулгаар бид нэхэмжлэл гаргаагүй. Өгсөн гэдгийг нь хүлээн зөвшөөрч байгаа. Айл өрхүүдэд тараасан зөвлөмж нь дутуу буюу буруу зөвлөмж байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, стандартын шаардлага хангасан зууханд түлэх ёстой түлшийг уламжлалт бүх төрлийн зууханд таарна гэх байдлаар буруу мэдээлэл өгсөн. Энэ нь холбогдох үйл баримтуудаар нотлогдсон зүйл юм. Сайжруулсан шахмал түлшийг түлэх үед дутуу шаталт үүсдэг, СО ялгарсны улмаас хүн угаартаж, цаашилбал нас бардаг талаар техникийн зохицуулалтын хүрээнд урьдчилан шалгаж, тохирлын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, эрсдэлийн үнэлгээг гаргасны үндсэн дээр дагалдах буюу хамт хэрэглэх ёстой зүйлсийг нь тайлбарласан аюулгүйн зааварчилгаа өгөх ёстой байсан ч хариуцагч тал өгөөгүй. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, гаргахаасаа өмнө тохирлын үнэлгээ хийлгэж, буруу хэрэглэсэн тохиолдолд хэрхэх талаар урьдчилсан арга хэмжээнүүдийг төлөвлөх ёстой байсан. Угаарын хий мэдрэгч ганц удаа сигнал өгч дугарсан бол ээж, эсхүл охин сэрэх боломжтой байсан бөгөөд энэ гэр бүл элэг бүтэн байх боломжтой байсан. Угаарын хий мэдрэгч гэх зүйлийн талаар хариуцагч байгууллага мэдээгүй буюу үүний талаар төлөвлөөгүй байсан ба уг асуудал гарсны дараа угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд тараан өгсөн. Мөн уг асуудал үүссэний дараа хариуцагч байгууллага сайжруулсан шахмал түлшний шуудай дээрх заавар зөвлөмжийг шинэчилсэн буюу зөвтгөсөн. Шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл тавдугаар хавтаст хэргийн 30 дахь талд авагдсан бөгөөд тус тэмдэглэлд угаарын хий мэдрэгч байхгүй тохиолдолд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх нь амь насанд аюултай гэж бичигдсэн. Өөрөөр хэлбэл, энэ байдлаар сайжруулсан шахмал түлшний шуудай дээр анхааруулга бичиж эхэлсэн. Мөн стандартын шаардлага хангасан зууханд таарна гэж бичсэн. Үүнээс үзвэл, хариуцагч байгууллага өөрсдийн үйлдлээрээ бидний маргаж буй зүйлийг хүлээн зөвшөөрч, заавар зөвлөмжөө өөрчилсөн гэж харж байна.
Гэм хор болон хохирлын шалтгаант холбоо нь аюулгүйн зааварчилгаатай шууд холбоотой. Аюулгүйн зааварчилгаа өгөөгүй эс үйлдэхүйн улмаас унтаж байсан 2 хүн сэрж чадахгүй байсан. Үүний улмаас *******ын 3 настай охин нас барсан ба нэхэмжлэгч 3-4 цаг ухаан алдалтын байдалд орсон. Хэрэв тухайн үед угаарын хий мэдрэгч байсан бол сэрэх боломжтой байсан. Үүнийг бид шууд шалтгаант холбоо гэж ойлгож байна. Аюулгүйн зааварчилгааны нэг хэсэг болох тохирлын үнэлгээний гэрчилгээг өнөөдрийг хүртэл аваагүй гэдэг нь шалтгаант холбоонд хамаарч байгаа. Уг асуудалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
...Прокурорын тогтоол нь шүүхийн шийдвэрээс өөр бөгөөд дахин нотлохгүй гэх зарчим үйлчлэх боломжгүй. ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад угаарын хий мэдрэгчийг сайжруулсан шахмал түлштэй хамт ашиглана гэх зааварчилгаа шинээр гарсан. Тухайн үед цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байх үед тус зааварчилгаа байгаагүй. Энэ талаар хэн ч мэдээгүй байсан бөгөөд магадгүй олон хүн хордож, зарим нь нас барсан учраас зааварчилгаагаа шинэчилсэн. ...2019 оноос хойш үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг 2025 оны хавар хүртэл үйлдвэрлэсэн ба үүнээс хойш үйлдвэрлэхийг нь зогсоосон. Нэг бүтээгдэхүүн хэрэглэх явцад хоёр өөр төрлийн хэрэглэх заавар гаргаж, холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн байдлаар дээрх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч зааварчилгаагаа өөрчилсөн. Үүнийг шүүх зөв дүгнэсэн гэж үзэж байна. Монгол Улсад хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар байдаг бөгөөд тус газраас хариуцагч байгууллагад шаардлага хүргүүлж, заавар зөвлөмжтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгосон. Үүний дагуу зааварт өөрчлөлт орсон бөгөөд уг асуудлыг хариуцагч тал заавар зөвлөмж гаргах байдлаар хүлээн зөвшөөрсөн.
...Хариуцагч тал ******* салоны гаргаж өгсөн тодорхойлолтыг нотлох баримтаар хасуулах, шалгуулах, хуурамч нотлох баримт гэх агуулга бүхий хүсэлт гаргаж байгаагүй. Хэрэв үүнтэй холбоотой хүсэлт гаргасан бол анхан шатны шүүх уг асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн байдлаар хуурамч баримт үйлдсэн зүйл байхгүй. *******а нь анх мэдүүлэг өгөхдөө ******* салонд ажилладаг байсан гэж мөрдөгчид хэлж байсан. Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүний орлогын хэмжээг дунджаар гаргаж өгсөн. Нарантуул зах, эсхүл Бөмбөгөр худалдааны төв дотор суудал түрээсэлж, маникюр хийдэг хүмүүс олон байдаг. Нэхэмжлэгч үүнтэй адил байдлаар суудал түрээсэлж орлогоо олдог байсан. Үүнтэй холбоотой тодорхойлолтыг ******* салон гаргаж өгсөн.
...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон 2 хүний 1 нь ирсэн, холбогдох нотлох баримтууд хэрэгт авагдсан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь үндэслэлтэй. Шүүх уг асуудлыг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүх хуралдаан болох талаар мэдэж байсан хэр нь хуралдаан зарлагдсан өдөр томилолт аваад гадаад руу явсан байсан. Хариуцагч тал шүүхэд хүндэтгэлгүй хандах маягтай байсан. Өөр хүнийг шүүх хуралдаанд оролцуулах эсхүл өөр хүнийг томилолтоор явуулах боломжтой байсан байх гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******а нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан эмчилгээний зайлшгүй урьдчилан төлүүлэх зардалд 388,746,690 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид нөхөн төлөх үүргийн хүрээнд ажилгүй байсан 64 сарын хугацааны дундаж цалин, хөлсөнд 100,681,280 төгрөг, сайжруулсан түлшний угаарын хийнээс хордож нас барсан талийгаач охины амь насны нөхөн төлбөрт 200,000,000 төгрөг, мөн охин нас барсны улмаас сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрт 292,446,000 төгрөг, өөрийн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбоотой сэтгэцэд учирсан хохиролд 118,008,000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид нөхөн төлөх үүргийн хүрээнд 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс хойш хөдөлмөрийн чадвар 100 хувь сэргээгдэх хүртэлх хугацаанд сар бүр 1,573,145 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжээс бусад иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудыг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхийн нүүрс хэрэглэхийг хориглосон,
3.2. Уг тогтоолын хэрэгжилтийг хангахтай холбоотойгоор дээр дурдсан 6 дүүргийн иргэн, хуулийн этгээдүүд хариуцагч ******* ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн, /3.х.х-ийн 24/
3.3. Нэхэмжлэгч *******а нь хариуцагч ******* ХХК-ийн албан ёсны худалдааны цэгээс тус түлшийг худалдан авч, хэрэглэж байгаад 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөр шилжих шөнө угаартаж, түүний 3 настай охин нас барж, өөрийнх нь эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, /1.х.х-ийн 9-10/
3.4. Энэ талаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2277 тоот дүгнэлтэд ...талийгаачид механик гэмтэл тогтоогдсонгүй, талийгаач нүүрстөрөгчийн дутуу ислийн цочмог хордлогоор нас баржээ. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчингүй байна... гэж, /1.х.х-ийн 23-25/
мөн тус байгууллагын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12847 тоот дүгнэлтэд ...*******ын биед нүүрстөрөгчийн дутуу ислийн цочмог хордлогын хүнд хэлбэр, хордлогын шалтгаант тархины эмгэгшил, доод мөчдийн удаан дарагдал тогтоогдлоо. Дээрх өөрчлөлтүүд нь эмнэлзүйн шинж тэмдэг болон Цэргийн төв эмнэлгийн үзлэг шинжилгээгээр тогтоогдож байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.9-т зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна. Нүүрс төрөгчийн дутуу ислийн цочмог хордлого нь амьсгалын замаар орж хордлого үүсгэнэ... гэж тус тус дүгнэсэн, /1.х.х-ийн 26-27/
3.5. Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар нэхэмжлэгч *******ын эрүүл мэндэд учирсан хүнд хохирлын улмаас хөдөлмөрийн чадвар 69 хувиар алдсан болохыг тогтоосон байна. /1.х.х-ийн 7, 3.х.х-ийн 82/
4. Талууд хариуцагч ******* ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг стандартын шаардлага хангасан талаар маргаагүй, харин үйлдвэрлэгч буюу худалдагч /хариуцагч/-ийг тухайн бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэх талаар хэрэглээний заавар болоод аюулгүй ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг хэрэглэгч /нэхэмжлэгч/-д бүрэн гүйцэт өгөөгүйгээс нэхэмжлэгчийн охин нас барсан болон өөрийнх нь эрүүл мэндэд хохирол учирсан эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.
Хэдийгээр нэхэмжлэгч *******а болон хариуцагч ******* ХХК нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн боловч анхан шатны шүүх худалдан авсан зүйлд бус, түүнийг хэрэглэхэд хэрэглээ, аюулгүй байдлын талаарх зааварчилгааг зохих ёсоор өгөөгүйгээс худалдан авагч /нэхэмжлэгч/ болон гуравдагч этгээд /нэхэмжлэгчийн охин/-д гэм хор учирсан гэсэн үндэслэлээр мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв хэдий ч сайжруулсан шахмал түлш /бүтээгдэхүүн/ дутагдалтай байсан эсэх, энэ нь гэм хор учрахад нөлөөлсөн эсэх талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй байна.
5. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д хэрэглэгч гэж бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүнийг, 3.1.2-т худалдагч гэж зохион байгуулалтын хэлбэрээсээ үл хамааран хэрэглэгчид бараагаа борлуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа аж ахуй эрхлэгч болон хувь хүнийг, 3.1.3-т үйлдвэрлэгч гэж зохион байгуулалтын хэлбэрээсээ үл хамааран хэрэглэгчид борлуулах зорилгоор бараа үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа аж ахуй эрхлэгч болон хувь хүнийг хэлнэ гэж тус тус заажээ.
Тодруулбал, нэхэмжлэгч *******а нь сайжруулсан түлшийг аж ахуйн бус хувийн хэрэглээний зориулалтаар худалдан авч хэрэглэсэн хэрэглэгч бол, хариуцагч ******* ХХК нь үйлдвэрлэгч болон худалдагч этгээд ба энэ тохиолдолд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 4.1.3-т тус тус зааснаар хариуцагчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн аюулгүй байдал, тоо, хэмжээ, чанар, хугацаа, зориулалтын зохих шаардлагыг хангасан байх, хэрэглэгч нь бараа, ажил, үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл олж авах, хэрэглээний соёл эзэмших боломжоор хангагдсан байх, хэрэглэгчийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхол, хүрээлэн байгаа орчинд учирсан гэм хорыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлөх гэх зэрэг зарчим үйлчилнэ.
6. Хариуцагч ******* ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлш нь стандартын шаардлага хангасан болох нь доорх баримтуудаар тогтоогдсон. Үүнд:
6.1. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч ийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолоор томилогдсон шинжээч ын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дүгнэлтээр ...сайжруулсан шахмал түлшний химийн найрлага нь MNS 5679:2019 стандартын техникийн шаардлагыг хангаж байна... гэх, /2.х.х-ийн 82-83/
6.2. Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 10 дугаар сарын 06, 07-ны өдрийн шинжилгээгээр ...сайжруулсан хатуу түлш MNS 5679:2019 стандартын техникийн шаардлагыг хангаж байна... гэх, /2.х.х-ийн 152-160/
6.3. Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 02/04/0197/1606 дугаартай шинжилгээгээр ...сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчид хийсэн шинжилгээгээр хүний эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй химийн элемент эрдэс илрээгүй байна... гэх, /2.х.х-ийн 171-172/
6.4. Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 02/04/0197/1642 дугаартай шинжилгээгээр ...сайжруулсан шахмал түлш нь MNS 5679:2019 стандартын техникийн шаардлагыг хангаж байна. Бах бөхийн дүгнэлт шинжлэгдээгүй байна... гэх дүгнэлтүүд хэрэгт авагдсан байна. /2.х.х-ийн 173-174/
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын агаарын чанар сайжруулах, утаа бууруулах зорилгоор үйлдвэрлэгдсэн сайжруулсан шахмал түлшийг Монгол Улсад дагаж мөрдөж буй холбогдох стандартын шаардлага хангаж байгаа болохыг тогтоожээ.
7. Гэвч хэргийн баримтаар ******* ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлш нь чанарын шаардлага хангаж байгаа ч хэрэглээний түвшинд учир дутагдалтай болох нь дараах баримтаар тогтоогдсон, үүний улмаас нэхэмжлэгч *******а болон түүний охин нар угаартаж, гэм хор учирсан байх тул хариуцагчийг зөвхөн яндангаас гарч байгаа утааг стандарт хангасан гэсэн үндэслэлээр хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй. Үүнд:
7.1. Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг зөрчлийн дуудлага, мэдээллийн ECS программд 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 48 хоногийн хугацаанд хүн угаартсан гэсэн нийт 241 дуудлага ирснээс 7 хүн нас барсан гэж бүртгэгдсэн, /1.х.х-ийн 173-224/
7.2. Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ирүүлсэн баримтаар Улаанбаатар хотод угаарын хийн цочмог хордлогоор 2017 онд 0, 2018 онд 1, 2019 онд 32, 2020 онд 3, 2021 онд 3, 2022 онд 0, 2023 онд 51, 2024 онд 47, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 10 хүн тус тус нас барсан байна. /5.х.х-ийн 103-104/
Эдгээр статистик мэдээнээс дүгнэвэл сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн 2019 онд угаарын хийнд хордож нас барсан тохиолдол өмнөх онуудтай харьцуулахад огцом өсчээ. Тухайлбал, сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхлэхээс өмнөх 2 жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд угаарын хийн хордлогоор 1 хүн нас барсан байхад 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 7 хүн, тухайнд онд нийт 32 хүн нас барсан.
Иймээс тухайн хугацаанд бүртгэгдсэн угаарын хийн хордлогын тохиолдол огцом өссөн нь бүтээгдэхүүний хэрэглээ буюу зууханд нийцлийн хувьд асуудалтай болохыг илэрхийлж байна.
7.3. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Улаанбаатар хотод 200,000 гаруй айл өрх дулааны инженерийн дэд бүтцэд холбогдоогүй буюу хүйтний улиралд гал түлдэг, олон төрлийн зуух-пийшин ашигладаг, тэдгээр иргэн, хуулийн этгээд /хэрэглэгч/-ийн тоо хэмжээ, мөн зуух-пийшингийн төрөл, чанар, түүнчлэн нүүрс түлэх арга барил өөрчлөгдөөгүй хэвээр байсан, гагцхүү түлдэг нүүрс өөрчлөгдсөнөөр угаарын хийн хордлогоор нас барсан хүний тоо эрс нэмэгдсэн байгаагаас тус тус үзвэл сайжруулсан шахмал түлш чанарын буюу яндангаас гарч буй утаа стандартын шаардлага хангаж байгаа гэдэг үндэслэлээр хэрэглэгчийг шууд буруутгах боломжгүй.
7.4. Үүнээс гадна тухайн статистик мэдээ дэх тоон үзүүлэлтийг үзвэл нийслэлийн гэр хороолол ихтэй дүүргийн айл өрх /цөөхөн айл өрх бус олон айл өрхөөс нэгэн зэрэг ижил шалтгаанаар дуудлага өгсөн/-өөс ойр, ойрхон угаарын дуудлага өгсөн байх тул зөвхөн нэхэмжлэгчийн түлшний хэрэглээ, зуухны муу байдлаас угаарын хийнд хордсон гэж дүгнэхэд учир дутагдалтай байхын сацуу уламжлалт зуух хэрэглээнд хэвээр байсан, харин түлдэг нүүрс өөрчлөгдсөн нь гэнэтийн хүчин зүйл болж, улмаар хэрэглэж буй зууханд нийцэхгүй байдал харагдаж байна. /5.х.х-ийн 105/
Хэдийгээр хариуцагчийн зүгээс тус статистик мэдээнүүдэд дурдсан угаарын хийн хордлогыг зөвхөн шахмал түлшнээс болоогүй, ахуйн бусад түлш хэрэглэж хордсон тоон мэдээлэл үүнд багтсан гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй.
7.5. Түүнчлэн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас хариуцагч ******* ХХК-ийн сайжруулсан шахмал түлшийг:
1. 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр БНХАУ-ын CG - 7,0.25 MBt зууханд туршиж үзэхэд SO2 мг/м3 /хүхрийн давхар исэл/ 800 байх ёстойгоос 995, СО мг/м3 /нүүрстөрөгчийн дутуу исэл/ 5,000 байх ёстойгоос 6,715, /1.х.х-ийн 77/
2. 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Дөл зууханд туршиж үзэхэд TSP мг/м3 /нийт тоосонцор/ 130 байх ёстойгоос 132, /1.х.х-ийн 125/
3. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Dotex 15KBt туршиж үзэхэд TSP мг/м3 /нийт тоосонцор/ 130 байх ёстойгоос 206, /1.х.х-ийн 126/
4. 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Dotex 15KBt туршиж үзэхэд СО мг/м3 /нүүрстөрөгчийн дутуу исэл/ 9,800 байх ёстойгоос 14,553, TSP мг/м3 /нийт тоосонцор/ 130 байх ёстойгоос 206, /1.х.х-ийн 127/
5. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дөл зууханд туршиж үзэхэд TSP мг/м3 /нийт тоосонцор/ 130 байх ёстойгоос 148 гарсан байна. /1.х.х-ийн 128/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар сайжруулсан шахмал түлшинд зориулагдсан сайжруулсан зууханд дээрх туршилтууд лабораторийн түвшинд хийгдсэн байх боловч айл өрхүүдийн хэрэглэж байгаа уламжлалт зуух /ханан пийшин/-д тухайн түлшийг туршсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.
7.6. Хэргийн баримтаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хорих 421 дүгээр ангид хийсэн туршилтаар ...******* ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг усан халаалтын зууханд түлэхэд ул ширмэн дээр ширэмлэх байдалтайгаар шаталт явагдаж байгаа нь түлшний дутуу шаталтын үндэс буюу нүүрс төрөгчийн дутуу исэл /СО/ -ийн хэмжээ их ялгарч байна, ... усан халаалтын зууханд хэрэглэхэд хүндрэлтэй гэж үзлээ... гэжээ. /1-р х.х-ийн 78, 79/
Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* ХХК нь өөрийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг зөвхөн сайжруулсан зууханд туршиж үзсэн, харин уламжлалт зууханд ердийн боломжит хугацаанд, өөр өөр орчин нөхцөлд, тодорхой давтамжтайгаар туршиж үзээгүй, усан халаалтын зууханд хэрэглэхэд нүүрс төрөгчийн дутуу исэл /СО/-ийн хэмжээ их ялгарч байна гэснээс үзвэл сайжруулсан шахмал түлш нь 200,000 гаруй айл өрхийн дийлэнх нь хэрэглэж буй уламжлалт зууханд хэрэглээний түвшинд нийцсэн эсэх талаар эргэлзээ төрүүлж байна.
7.7. Үүнээс гадна сайжруулсан шахмал түлшийг хэрэглээний зориулалтаар худалдаанд гаргахаас өмнө судалгаа, туршилтын ажиллагаанд оролцсон этгээдүүдээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг авахад:
1. ******* ХХК-ийн Үйлдвэрлэлийн албаны дарга : ...бид нар маш олон төрлийн зууханд сайжруулсан хатуу түлшийг түлж туршилт хийсэн. Энэ туршилтын ажлыг үйлдвэр дээр болон агаарын бохирдолтой тэмцэх газрын лаборатори, бусад мэргэжлийн байгууллагын лабораторид хийсэн. Сайжруулсан хатуу түлш нь түүхийн нүүрснээс илчлэг өндөртэй, шаталтын хувьд удаан учраас иргэд түүхий нүүрс хэрэглэдэг байсан хэмжээнээс багаар зуух руугаа хийж галлах ёстой. Мөн зуух, пийшин, яндангийн агаар сэлгэлтийг сайжруулах, тухайн байшин гэрийн дотоод агааржуулалт болон агаарын урсгалыг зохион байгуулалттайгаар хийх хэрэгтэй. Дээрх зүйлүүдээс шалтгаалан тухайн зуух байгаа орчинд хүчил төрөгчийн дутагдал үүсэж сайжруулсан хатуу түлшний дутуу шаталт үүсэж угаартах магадлалтай гэж бодож байна... гэх /1.х.х-ийн 225-230/
2. ******* ХХК-ийн үйлдвэрийн дарга : ...туршилт хийхдээ 2 төрлийн зуух буюу Дөл зуух, гэрийн уламжлалт зууханд туршилт хийсэн. Сайжруулсан түлш бол зүгээр л нүүрс, уг сайжруулсан түлшийг түлснээр яндангаас Багануурын болон бүх төрлийн нүүрстэй ижил төрлийн найрлагатай утаа гарна, гарах хэмжээ нь сайжруулсан түлшинд 2 дахин бага байна, утааны найрлагад маш олон бодисууд байгаа боловч үндсэн 4 бохирдуулагч бодис нь азотын исэл, хүхрийн исэл, тоосонцор, угаарын хий гарна. Угаарын хий нь хүн амьтны амьсгалын замаар ороод цусан дахь хүчилтөрөгчийг өөртөө нэгтгээд хүчилтөрөгчийн дутагдалд оруулж хордуулдаг бодис юм. Угаарын хий нь бүх төрлийн органик түлшийг шатаахад гардаг. Эдгээр бодисууд бүгд яндангаар гарах ёстой, яндангаар гарсан тохиолдолд хүчилтөрөгчтэй нэгдээд давхар исэл буюу CO2-ийг үүсгэдэг, энэ нь ундааны хий болж хүний биед хоргүй бодис болдог юм. Манай компанийн сайжруулсан хатуу түлш нь шууд таталттай гэрийн зуух, хана пийшин болон нам даралтын таталт сайтай зууханд хэрэглэхэд тохиромжтой, харин яндангийн таталтын хурд багатай 2 м/секундээс доош агаарын урсгалын хурдтай зууханд тохиромж муутай байж болно, үүнийг бол мэргэжилтний хэлсэн нь үндэслэлтэй гэж бодож байна... гэх /1.х.х-ийн 231-238/
3. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч /******* ХХК-ийн ТУЗ-ын дарга/ : ...Монгол Улсын Засгийн газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны өмнө Нийслэлийн засаг даргын Тамгын газар нь сайжруулсан түлшний нөөцлөлт, түгээлт, тээвэрлэлтийг хариуцан ажилладаг учраас эрсдэлийн үнэлгээг ямар байгууллага хариуцдаг талаар мэдэхгүй байна. Нийслэлийн онцгой комиссоос шуурхай арга хэмжээ авч 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн зөвлөмжийг тарааж эхэлсэн... гэх /1.х.х-ийн 239-243/
4. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга : ...******* ХХК-ийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан хатуу түлш нь иргэдийн хэрэглэж байгаа зуух, пийшинд тохирох эсэх талаар манай зүгээс судалгаа, хяналт шалгалт хийсэн зүйл байхгүй... гэх /1.х.х-ийн
5. Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газарт мэргэжилтэн : ...би, ярилцлагадаа 2 сэдвийг хөндөж ярьсан. Уг сэдвүүдийг хөндөх болсон шалтгаан нь одоо сайжруулсан хатуу түлшний хэрэглээнээс үүдэн гарч байгаа асуудлыг өмнө нь холбогдох албан тушаалтнуудад хэлж байсан. 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ******* ХХК-ийн оффисын байран дээр Ерөнхий сайдын ахлах зөвлөх тэй уулзалдахад сайжруулсан хатуу түлшний талаар та бүхэн асуудлыг өргөс авчих юм шиг шийдэж байгаагаар яриад байна шүү, асуудал байна шүү гэж хэлсэн. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А17 тоот захирамжаар стандартын зуухнаас бусад ахуйн хэрэглээний зуух худалдан борлуулахыг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хориглосон байхад яагаад бүх төрлийн зууханд сайжруулсан шахмал түлш тохироно гэж буруу сурталчилгаа явуулаад байна вэ гэж т удаа дараа уламжлалт зуухнаас болж иргэдэд асуудал үүсвэл яах вэ? Наад сурталчилгааг соль гэж удаа дараа хэлсэн. ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын хорих 421-р ангид 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас хийсэн хэмжилтийн дүн үүнийг баталж байна. Уг хэмжилтийн дүнг мэргэжлийн хүмүүсийг оролцуулан авч хэлэлцэхгүй яагаад нуун дарагдуулаад байна вэ гэдгийг захирал утсаар хэлэхэд миний урдаас чи төмрөөр хийгээгүй юм байгаа биз дээ гэж хэлсэн, энэ нь намайг заналхийлж байна гэж ойлгосон. 2 дахь сэдэв нь усан халаалтын зуухтай холбоотой бичгийг иргэн, аж ахуй нэгжид сайжруулсан хатуу түлш тохирохгүйн улмаас хохирол учрахаар байна гэдгийг өөрийн хувийн зүгээс албаны хүмүүст анхааруулан хэмжилтийн дүнг хавсарган өгсөн. Эдгээрийг харгалзан үзэж арга хэмжээ аваагүйгээс өнөөдрийн байдал буюу хүний амь нас хохирол, эрүүл мэндээр хохирох асуудлууд үүссэн учраас мэдээллийн сайх болох Зариг.мн сайтад яриа өгч мэдээллийг нийгэмд тараасан юм. Сайжруулсан түлшийг түлэхэд зуух маш чухал гэдэг нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас хийсэн хэмжилт нотолж байгаа юм. Хэмжилт хийгдсэн зуух нь байгалийн таталттай ус халаах зуух. Галлагааны горим нь уламжлалт зуухтай ижил явагдаж онцгой анхаарах зүйл байсан. Энэ дүгнэлтээс үүдэж холбогдох удирдлагуудад уламжилж эхэлсэн. Таван толгойн түлшийг шатаахад өндөр температур шаардлагатай, гэр хорооллын айлууд ихэнх нь уламжлалт зуухтай, амьжиргааны боломж муу учраас бага модоор нүүрсийг асааж байгаа явдал, зуух нь стандартын шаардлага хангахгүй байгаа явдал, тэгээд ханан пийшин нь таталт багатай байдал зэрэг нь өнөөдрийн нийслэл хотод үүсээд байгаа хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулаад байна... гэх /1.х.х-ийн 247-250, 2.х.х-ийн 1-3/
6. Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд ажиллаж байсан : ...сайжруулсан хатуу түлшийг ахуйн нөхцөлд хэрэглэхэд ямар нэгэн сөрөг нөлөө гаргахыг шалгаагүй, манай ажлын хэсгийн тухайд зөвхөн сайжруулсан хатуу түлшийг хэрэглэх зөвлөмжийг л боловсруулах зорилготой бөгөөд даргын удирдамжид ч тэгж заагдсан. Манай байгууллага дээр эрсдэлийн үнэлгээ хийгдээгүй. Бусад байгууллагад хийгдсэн талаар мэдэхгүй байна... гэх /2.х.х-ийн 4-8/
7. Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн захирал : ...сайжруулсан түлшийг дээрээс галлах, мөн сайн зууханд хэрэглэвэл хордохгүй байх магадлалтай. Гэрийн нөхцөлд ханан пийшинд хэрэглэхэд тохиромжгүй, яагаад гэвэл ханан пийшин нь утааг яндангаар маш бага хурдаар сорж гаргадаг болохоор дотоод орчны бохирдол ихтэй байдаг, харин шууд яндантай байхад яндангийн сойлтыг хаагаагүй тохиолдолд утаа буюу нүүрстөрөгчийн дутуу исэл нь яндангаар хурдан гарах боломжтой. Иргэд ханан пийшингээ солихгүй бол агаарын бохирдол, угаартаж хордох асуудал буурахгүй байх тул яаралтай энэ 3 дугаар үеийн зуухнаасаа салах хэрэгтэй байна... гэх /2.х.х-ийн 9-11/
8. Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Эрчим хүчний сургуулийн дулааны инженерийн салбарын ахлах багш нь MNS 5679-2019 стандартын талаар: ...стандарт гэдэг цогц байх ёстой. Энэ стандартын даалгавар нь бүрхэг, хугацаа багатай ирсэн. Тийм учраас энэ стандартыг сайжруулах боломж хязгаарлагдмал байсан гэж үзэж байна. Энэ стандартад хүний биед үзүүлэх сөрөг нөлөөний тухайд тусгаагүй. Хэрэглээний зөв стандартыг мөрдөж чадвал үзүүлэх сөрөг нөлөө байхгүй... гэх /2.х.х-ийн 12-14/
9. Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн эрчим хүчний сургуулийн ахлах багш : ...манай сургуулийн зүгээс сайжруулсан хатуу түлш хэрэглэсний улмаас иргэд угаартаж нас барах, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй эрсдэлийн үнэлгээг хийгээгүй харин техникийн шаардлага талаас санал бодлоо хэлж оролцсон... гэх /2.х.х-ийн 15-17/
10. Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч : ...сайжруулсан хатуу түлшний үйлдвэрийг байгуулах, түлшний орц, нормыг батлах, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг бүрэн хангахуйц түлш үйлдвэрлэх үүргийг Эрчим хүчний яаманд хариуцуулсан тул манай байгууллага эрсдэлийн үнэлгээг хийх ёсгүй... гэх мэдүүлгийг тус тус өгчээ. /2.х.х-ийн 18-21/
Эдгээр гэрч нарын мэдүүлгээс үзвэл сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө судалгаа, туршилтын ажиллагаанд оролцсон этгээдүүд уг түлшийг уламжлалт зууханд хэрэглэж болох талаар нэгдмэл шийдэлд хүрээгүй буюу эсрэг- тэсрэг байр суурьтай байсан, хэрэв уламжлалт зууханд хэрэглэх тохиолдолд эрсдэл гарч болзошгүй талаар сануулж байсан, мөн эрсдэлийн үнэлгээ хийгээгүй болох нь тогтоогдож байна.
7.8. Нэхэмжлэгч *******а нь сайжруулсан шахмал түлшийг өгөгдсөн зааврын дагуу түлээгүй, мөн түүний ашигладаг ханан пийшин доголдолтой буюу ашиглалтын шаардлага хангаагүй байсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй тул гэм хор учрахад түүнийг буруутай гэж дүгнэхгүй.
Тодруулбал, хэрэг учрал болдог өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн баримт болоод шинжээч нарын дүгнэлтэд нэхэмжлэгчийн түлсэн сайжруулсан шахмал түлш бүрэн шатаж дууссан, түүнчлэн ханан пийшин ямар нэгэн асуудалтай байсан гэж дүгнээгүй байх тул нэхэмжлэгчийг хариуцлагагүй хандсан гэж буруутгахгүй. /4.х.х-ийн 28-30/
8. Хэрэглэгчийн эрхийн хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна гэж заажээ.
Хэдийгээр хариуцагч ******* ХХК нь Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлого, шийдвэрийн хүрээнд сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэсэн гэсэн боловч тус компани хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болзошгүй бүтээгдэхүүн /эрсдэлтэй/ үйлдвэрлэдэг үйлдвэрлэгч болохын хувьд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхэд яндангаас гарч байгаа утаа нь стандартын шаардлага хангасан байхаас гадна хэрэглэгчдийн ашиглаж буй зууханд нийцэх тал дээр мөн адил онцгой анхаарах ёстой.
Энэ талаар Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.2-т Үүргийн агуулга, шинж чанарыг харгалзан талуудын алинд ч нөгөө талын эрх, эд хөрөнгийн хувьд онцгой үүрэг ногдуулж болно гэж заажээ.
Тодруулбал, зохигчийн байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, аль эсхүл хуульд тодорхой заагаагүй боловч талуудын хооронд үүссэн харилцааны зорилго, хүлээсэн эрх, үүргийн агуулгаар цаад утгаараа нөгөө талынхаа эрх, амь нас, эд хөрөнгийг хамгаалах онцгой үүрэг хүлээж болох бөгөөд хэрэв зөрчсөн бол хариуцлага хүлээнэ.
9. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй гэж, 9 дүгээр зүйлийн 9.1-д Хэрэглэгч хэрэглээний соёл эзэмших, энэ талаар сурах бололцоогоор хангагдах эрхтэй гэж тус тус заасан.
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотын айл өрхүүд сонголтгүйгээр зөвхөн сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхээр болсон.
Гэтэл хариуцагч ******* ХХК нь айл өрхийн хэрэглэж байгаа зуух өөрчлөгдөөгүй, сайжруулсан түлшний хэрэглээний дадлыг эзэмшээгүй байхад эдгээр нөхцөл байдлыг бүрэн шинжлэн судлаагүй, эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, хэрэглэгч нарт тухайн түлшийг хэрэглэж эхлэхээс өмнө хэрхэн хэрэглэх талаар зааварчилгаа, мэдээлэл бүрэн өгөөгүй, зөвхөн лабораторийн түвшинд сайжруулсан зууханд хэрэглэж туршсан болохоос, уламжлалт /хэрэглэж заншсан/ зууханд ердийн боломжит хугацаанд туршиж үзэхгүйгээр худалдаанд гаргаснаас хэрэглээний хувьд нийцээгүйн улмаас угаартаж хордсон хэрэглэгчийн тоо нэмэгдсэн байгаагаас тус тус дүгнэвэл хариуцагч нь онцгой анхаарал болгоомжтой байх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
10. Иргэний хуулийн 512 дугаар зүйлийн 512.1-д Чанар муутай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь хохирогчтой гэрээний харилцаатай байсан эсэхээс үл хамааран уг бараа, бүтээгдэхүүний улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.
Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар хариуцагч ******* ХХК нь сайжруулсан шахмал түлшийг турших зорилгогүйгээр хэрэглэх боломжтой гэж үзэж хэрэглээний зориулалтаар худалдаанд гаргасан, харин хэрэглээний хувьд бүх төрлийн зууханд таарч тохирохгүй гэдгийг мэдэх боломжгүй байсан гэх, мөн худалдан борлуулахаар үйлдвэрлэж зах зээлд гаргах үед тухайн бараа, бүтээгдэхүүн бусдад хохирол учруулахуйц байгаагүй гэдгийг баримтаар нотлоогүй учир нэхэмжлэгч *******а болон түүний охин нарт учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.
Энэ талаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д Үйлдвэрлэгч худалдагч, гүйцэтгэгч барааны аюулгүй байдлын шаардлагыг хангаагүйгээс хэрэглэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учирсан гэм хорыг хуульд заасны дагуу арилгана гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийг хариуцлагаас чөлөөлөх тухай Иргэний хуулийн 512 дугаар зүйлийн 512.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй.
11. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй гэж, 7.2-т Үйлдвэрлэгч барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө гээд 7.2.2-т барааны зориулалт, хэрэглээний шинж чанар, 7.2.3-т барааны орц, найрлага, хадгалах, хэрэглэх арга зүй, 7.2.7-т барааг зөв хэрэглэх тухай заавар гэж тус тус заасан.
Хариуцагч ******* ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлш нь химийн аргаар боловсруулагдаж, физик /байгалийн хууль/-ийн дагуу шаталтын процесс явагддаг бүтээгдэхүүн тул хэрэглэгч үүнийг мэдэх мэргэжлийн этгээд /инженер/ биш учир тэдгээрт ойлгогдохуйц байдлаар энгийн үг хэллэг, санамжаар хэрэглээний болон аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөх ёстой.
Энэ талаар Иргэний хуулийн 188 дугаар зүйлийн 188.1-д Үүрэг нь ямар нэгэн мэдээлэл олж авах эрхийг аль нэг талд бий болгож болно гэж заасан байдаг.
12. Гэвч хариуцагч нь сайжруулсан шахмал түлшний хэрэглээний болон аюулгүй ажиллагааны зааварчилгааг зохих ёсоор өгөөгүй болох нь доорх баримтаар тогтоогдож байна. Үүнд:
12.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газраас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/1497 дугаартай ...хяналт шалгалтаар ******* ХХК-ийн худалдан борлуулж буй сайжруулсан шахмал түлшний уутан дээр хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулга зэргийг тусгаагүй худалдан борлуулж байна. ...худалдаанд гарч буй сайжруулсан шахмал түлшний уутан дээрх хаягт шошгожилтыг яаралтай шинэчлэн, холбогдох заавар, зааварчилгаа, зөвлөмжийг тусган худалдан борлуулах шаардлагатай байна... гэх албан бичгийг дүгнэлтийн хамт Монгол Улсын шадар сайд д хүргүүлсэн, /1.х.х-ийн 104-108/
12.2. Мөн анхан шатны шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн хэрэглэсэн сайжруулсан шахмал түлшний уутанд үзлэг хийсэн тэмдэглэлд ...шуудайн ард хэсгийн дээд талд дээд хэсэгт Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе гэсэн бичвэр, дунд хэсэгт ...бүх төрлийн зууханд ашиглах боломжтой... гэсэн байгаа бол, /3.х.х-ийн 17-18/
12.3. Түүнчлэн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч хохирсноос хойш худалдан борлуулагдаж буй сайжруулсан шахмал түлшний уутанд үзлэг хийсэн тэмдэглэлээр ...угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлье: яндангаа сугалж, өрхөө бүтээх нь угаарын хий хуримтлагдаж үхлийн аюулд хүргэнэ, угаар мэдрэгчгүй үед түлш хэрэглэх нь амь насанд эрсдэлтэй, Зөвлөмжийг дагая зөв хийе: ...стандартын бүрэн шаталттай зууханд тохирно... гэж, /5.х.х-ийн 30-31/
Тодруулбал, хариуцагч нь сайжруулсан шахмал түлшийг анх хэрэглээнд нэвтрүүлэхдээ бүх төрлийн зуух /уламжлалт зуух/-д тохиромжтой ашиглаж болно гэж сурталчилж байсан хэдий ч хожим стандартын бүрэн шаталттай зууханд тохирно гэж хязгаарласан агуулгатай анхааруулгыг өөрчлөн нэмсэн байгаагаас үзвэл энэхүү түлшийг хэрэглээний хувьд уламжлалт зууханд бүрэн нийцсэн гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.
12.4. Хэрэглэгч нар сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлснээс хойш угаарын хийнд хордсон хүмүүсийн дуудлагын тоо болон нас барсан хүний тоо ихэссэнтэй холбогдуулаад сэрэмжлүүлэх зорилгоор хожим угаарын хий мэдрэгч айл өрхүүдэд байршуулжээ. /3.х.х-ийн 4-6, 64-65, 66-67/
Хэргийн баримтаар сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн өдрөөс хойш угаарын хийнд хордсон иргэдийн дуудлагын тоо, мөн нас баралтын тоо өссөн нь холбогдох байгууллагын мэдээллээр тогтоогдсон ба уг нөхцөл байдал үүссэний дараа угаарын хийн эрсдэлийг бууруулах, сэрэмжлүүлэх зорилгоор айл өрхүүдэд угаарын хийн мэдрэгчийг байршуулсан нь тухайн түлш тодорхой төрлийн зууханд эрсдэл үүсгэх боломжтой байсныг илэрхийлж байгаагаас гадна хэрэглэгч нарт урьдчилан хангалттай, тодорхой мэдээлэл өгөөгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй.
12.5. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...стандартын шаардлага хангасан зуух гэдэг нь ямар ч тохиолдолд 2 м.секундээс дээш хурдтай соролттой, битүүмжлэл сайтай зуухыг ойлгодог... гэсэн бол гэрчийн ...сайжруулсан шахмал түлшийг яндангийн таталтын хурд 2 м.секундээс доош агаарын урсгалын хурдтай зууханд тохиромж муутай байж болно... гэсэн мэдүүлгийг няцаагаагүй учир хариуцагч нь сайжруулсан шахмал түлшийг ханан пийшинд тохиромжтой талаар мэдээлэл өгсөн гэж үзэхгүй. /1.х.х-ийн 250, давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 18 дугаар тал/
Эдгээрээс үзвэл хариуцагч нь сайжруулсан шахмал түлшийг тодорхой техникийн шаардлага хангаагүй /яндангийн таталтын хурд 2 м/сек-ээс дээш/ зууханд хэрэглэхэд тохиромжгүй байж болзошгүй нөхцөл байдал байхад уг хязгаарлалт, эрсдэлийн талаар урьдчилан тодорхой мэдээлэл өгөөгүй байх тул анхан шатны шүүх хариуцагчийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулгыг тусгаагүй хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Иймд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч болон түүний охинд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.
13. Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон түүний охинд гэм хор учирсан нөхцөл байдалд хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн /мэдээлэл өгөх үүрэг/ гэж зөв дүгнэсэн боловч бүтээгдэхүүний хэрэглээний нийцлийн талаар анхаараагүйгээс гадна нэхэмжлэгчийн эрүүл мэнд, сэтгэц, түүний охины амь нас хохирсон байхад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
13.1. Нэхэмжлэгч нь нүүрстөрөгчийн дутуу ислийн цочмог хордлогод өртсөн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 64 сарын хугацааны хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг Үндэсний статистикийн хорооноос баталсан дундаж цалин хөлсний хэмжээгээр шаардсаныг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч тооцооллын алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс доорх байдлаар залруулна. Үүнд:
1. Хэрэгт авагдсан Үндэсний статистикийн хорооны 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07/80 дугаартай албан бичгээр ирүүлсэн дундаж цалингийн мэдээлэлд:
-2019 оны дундаж цалин 1,124,301 төгрөг,
-2020 оны дундаж цалин 1,220,592 төгрөг,
-2021 оны дундаж цалин 1,279,433 төгрөг,
-2022 оны 01 дүгээр улирлын дундаж цалин 1,450,087 төгрөг,
-2022 оны 02 дугаар улирлын дундаж цалин 1,544,448 төгрөг,
-2022 оны 03 дугаар улирлын дундаж цалин 1,573,145 төгрөг гэжээ. /4.х.х-ийн 40/
2. Уг баримтын хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 2 сарын цалин хөлс 2,248,602 төгрөг дээр /1,124,301 х2/ төгрөг дээр 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 12 өдрийн цалин хөлс 435,216 төгрөг /1,124,301 : 31 = 36,268 х 12/-ийг нэмээд 2,683,818 төгрөг,
3. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 12 сарын цалин хөлс 14,647,104 төгрөг /1,220,592 х 12/,
4. 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 12 сарын цалин хөлс 15,353,196 төгрөг /1,279,433 х 12/,
5. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 3 сарын цалин хөлс 4,350,261 төгрөг /1,450,087 х 3/,
6. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 3 сарын цалин хөлс 4,633,344 төгрөг /1,544,448 х 3/,
7. Нэхэмжлэгч нь 2022 оны 3 дугаар улирлаас хойших дундаж цалин хөлсний мэдээллийг ирүүлээгүй тул 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх цалин хөлсийг 1,573,145 төгрөгөөр тооцно.
Үүнээс үзвэл 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 31 сарын цалин хөлс 48,767,495 төгрөг /1,573,495 х 31/ дээр 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2025.02.19-ний өдөр хүртэл 19 хоногийн цалин хөлс 1,067,724 төгрөг /1,573,495 : 28 = 56,196 х 19/-ийг нэмээд нийт 49,835,219 төгрөг болж байна.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч *******ын хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан 64 сарын хугацааны цалин хөлсөнд нийт 91,502,942 төгрөг /2,683,818 + 14,647,104 + 15,353,196 + 4,350,261 + 4,633,344 + 49,835,219/-ийг хариуцагчаас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
13.2. Хэрэгт авагдсан дараах баримтаар нэхэмжлэгч *******ын эрүүл мэндэд угаарын хийн хордлогын улмаас нөхөгдөшгүй хохирол учирсан болох нь тогтоогдсоноос гадна нэхэмжлэгчийн ...зайлшгүй эмчлүүлэх зорилгоор БНСУ-д эмчлүүлэхтэй холбоотой зардал 388,746,690 төгрөг болно... гэсэн тайлбар үндэслэлтэй байна. Үүнд:
1. Хор судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн албан бичигт ...нүүрс төрөгчийн дан ислийн цочмог хордлогоос үүссэн алслагдсан энцефалеопати нь мэдрэлийн дараах өөрчлөлтөд хүргэдэг бөгөөд тархинд гарсан өөрчлөлтийн өнөөгийн түвшин тогтоохын тулд MRA (соронзон үелзэлт томографи), Тархины бичлэг, мэдрэл, сэтгэцийн эмчийн үзлэгийн дүгнэлт хийх шаардлагатай. Энэ өвчний талаар цахилгаан хуримтлуулсан анагаах ухааны мэдээлэл, практикийн хувьд удаан хугацааны байнгын эмчилгээ хяналт хэрэгтэй тул эмчилгээг хордлого судлалын зүгээс бароэмчилгээ, Гемоксигеаци зэрэг өндөр өртөгтэй эмчилгээг 4 хүртэл сеансыг эхний 6 сард үндсэн эмчилгээтэй хавсран хийх тохиолдолд 10,000,000 орох баримжаа хэлж болох боловч мэдрэлийн чиглэлээр амбулаториор хийх байнгын эмчилгээний зардлыг мэдрэлийн эмч нар баримжаалал тогтоох байх гэж бодож байна. Удаан дарагдлаас үүссэн мөчдийн невральгийн нөхөн сэргээх заслын өртөг зардлыг нөхөн сэргээх эмч мэргэжилтнүүдэд үзүүлж тодруулах нь зүйтэй.
...нүүрс төрөгчийн дан ислийн цочмог хордлогын улмаас үүсэн энцефалеопати G 92 болон сэтгэцийн эмч нарын тавьсан F 06.7 болон Удаан дарагдлын хам шинжээс үүссэн зүүн хөлийн мононеральги G 57.8 зэрэг хавсарсан оношууд нь мэдрэлийн өвчинд хамаарах эмгэг гэж үзэх ба анх өвчин үүсэх үед байсан хордлого гэмтэл нь одоо илэрч байгаа төв мэдрэлийн мэдрэлийн тогтолцооны ба захын мэдрэлийн өвчинд хүргэсэн гэж үзэж байна... гэжээ. /4.х.х-ийн 197/
2. Мөн Эрүүл мэндийн яамны дэргэдэх Мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс томилогдон ажилласан шинжээчийн дүгнэлт: ...өвчний түүх, 3 удаагийн эмчийн үзлэг, захын мэдрэл-булчингийн шинжилгээний дүгнэлтийн үндэслэн зүүн хөлийн шилбэний хэсэгт гэмтсэн захын мэдрэл, булчингийн сөнөрөл нь эмийн болон сэргээн засах эмчилгээнд сэргэх боломжгүй эргэшгүй эмгэг өөрчлөлт үүссэн байна. Удаан дарагдлын улмаас үүссэн мэдрэлийн гэмтэл нь тууш дагуу их хэмжээтэй байдаг, мөн хэд хэдэн мэдрэл гэмтсэн тул мэдрэл залгах мэс засал, шилбэний урд талын болон арын олон булчин хатангиршсан тул булчинг шилжүүлэх мэс засал хийгдэх боломжгүй... гэсэн байна. /4.х.х-ийн 214/
3. Үүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Гэмтэл согог судлалын үндэсний төвийн амбулаторийн тасгийн эрхлэгч ...*******ын гэмтэл нь хүнд гэмтэл, гадаад улс руу явна гэсэн хүсэлтийг нь харгалзаад энэ бичгийг бичиж өгсөн, тэр хүн горьдлого тээгээд явах гэж байгаа байх, 100 хувь эмчлэгдэнэ гэсэн зүйл байхгүй. ...100 хувь эмчлэгдэх боломжгүй, орчин үед эмчилгээний арга техник маш өндөр түвшинд очсон, манайд бол байхгүй... гэж, /4.х.х-ийн 68-69/
4. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гэмтлийн мэс засалч ...*******ын оношоор хагалгаанд орно, оруулахгүй гэж хэлэх боломжгүй, ганцаараа шийдвэрлэх боломжгүй, энэ талаарх эмчилгээ Монгол Улсад цөөхөн байгаа боловч үр дүн муу учраас гадагшаа явдаг... гэж тус тус мэдүүлжээ. /4.х.х-ийн 70-70/
Хэдийгээр нэхэмжлэгчийн гэмтэл нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/370 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад байхгүй ч гэлээ түүнийг эмчлэх эмнэлэг Монгол Улсад байхгүй, эмчилгээ үр дүнгүй учир гадаад улсад эмчлүүлэхээр явдаг болох нь дээрх шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч *******а нь зайлшгүй эмчилгээний зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд болох хариуцагч ******* ХХК-аас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхээр эмчилгээний төлбөрийн талаарх мэдээллийг БНХАУ болон БНСУ-ын эмнэлгийн байгууллагаас авсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон бөгөөд тэрээр БНСУ-ын Сөүл Асан эмнэлгийн урьдчилсан тооцоог үндэслэн 378,746,690 төгрөг нэхэмжилснийг буруутгахгүй. Учир нь, /1.х.х-ийн 135-138/
Нэхэмжлэгчид учирсан гэмтлийг Монгол Улсад эмчлэх боломжгүй талаар шинжээчийн дүгнэлт гарсан байхын сацуу тухайн чиглэлийн мэргэшсэн эмч нар эмчлэх боломжгүй талаар мэдүүлсэн ба аль улсын эмнэлэгт эмчлүүлэх нь нэхэмжлэгчийн эрх тул заавал дотооддоо эмчлүүлэх ёстой гэж түүний сонгох эрхийг хязгаарлаж болохгүй.
Иймд, БНСУ-ын Сөүл Асан эмнэлгийн урьдчилсан тооцоогоор эмчилгээний төлбөр: 1000-2000 ам.доллар, мэс засал: гоо мэс засал 35,000-40,000 ам.доллар, бүтэн болон хагас мэс засал 15,000-20,000 ам.доллар, арьс шилжүүлэн суулгах 50,000-55,000 ам.доллар, эмнэлгийн төлбөр 291,600-340,890 вон, хоол 12,000 вон гэсэн бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн тодорхойлсон 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар Монгол банкнаас зарласан ханш /1 ам.доллар 3,498.37 төгрөг, 1 вон 2.79 төгрөг/-аар тооцоход:
101,000 ам.доллар х 3,498.37 төгрөг = 353,335,370 төгрөг,
291,600 вон х 2.79 төгрөг = 813,564 төгрөг х 30 хоног = 24,406,920 төгрөг,
12,000 вон х 2.79 төгрөг = 33,480 төгрөг х 30 хоног = 1,004,400 төгрөг, нийт 378,746,690 төгрөг болж байна.
Үүн дээр Хор судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн албан бичигт ...6 сард үндсэн эмчилгээтэй хавсран хийх тохиолдолд 10,000,000 орох баримжаа хэлж болно... гэж дурдсан 10,000,000 төгрөгийн хамт нийт 388,746,690 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ. /4.х.х-ийн 197/
13.3. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж заасан.
Нэхэмжлэгч нь *******а нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулаад төрсөн охин амь насаа алдсанаас сэтгэцэд учирсан хохиролд 292,446,000 төгрөг, өөрийн эрүүл мэндэд гэм учирснаас сэтгэцэд учирсан хохиролд 118,008,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулах тухай Иргэний хуулийн дээрх хэм хэмжээг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө болсон үйл баримтад буцаан хэрэглэхгүй гэж зөв дүгнэсэн.
Гэвч нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт орсон тухайн хэм хэмжээг үндэслэх байдлаар бус өөрт нь нөхөж баршгүй үйл явдал болсонтой холбогдуулаад хариуцагчаас сэтгэл санаанд учирсан хохирлыг нэхэмжилсэн байна.
Хэргийн баримтаар нэхэмжлэгчийн охин нас барсан болон өөрийнх нь эрүүл мэндэд гэм хор учирснаас түүний сэтгэцэд учирсан хохирлыг тус тус ялгах боломжгүй, мөн энэ талаар тооцоолол байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хангах боломжгүй, харин нэхэмжлэгч нь сэтгэл санаанд учирсан хохиролд 50,000,000 гаруй төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн практик байдаг гэсэн тайлбарыг үндэслэн уг хэмжээгээр хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгоно.
13.4. Хүний амь насыг мөнгөөр үнэлэх боломжгүй боловч нэхэмжлэгч *******ын охин нүүрстөрөгчийн дутуу ислийн цочмог хордлогоор нас барсан болох нь тогтоогдсон.
Хэдийгээр Иргэний хуульд энэ тохиолдолд нөхөн төлбөр өгөх болон түүний хэмжээг хэрхэн тооцох талаар тухайлан зохицуулаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй буюу байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзаж болохгүй гэж заасан.
Тиймээс нэхэмжлэгчид нөхөж баршгүй хохирол учирсан байгааг харгалзан охины амь насанд учирсан хохирлыг дараах байдлаар тооцоолж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно. Үүнд:
1. Нийтэд илэрхий баримт болох www.1212.mn сайтад 2023 оны эмэгтэй дундаж наслалт 76.65 гэсэн байх тул үүнийг талийгаач охины 18 нас хүртэл авах хүүхдийн мөнгөн тэтгэмж болон дундаж наслалттай холбоотой орлогоор хохирлыг тооцоход:
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320,000 төгрөг байхаар тогтоосон байна.
Талийгаач охин нас барах үедээ 3 настай байсан тул үүнийг дундаж наслалт болох 76.65 наснаас хасаад 73.65 нас болох бөгөөд түүнийг насанд хүрэх хүртэлх 15 жил /18-3/-ийг хасаад үлдэх 58.65 насыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэхэд 93,840,000 төгрөг /320,000 х 5 = 1,600,000 х 58.65/ болно.
2. Үүн дээр 15 жилийн хүүхдийн мөнгөн тэтгэмж 18,000,000 төгрөг /15 жил х 12 сар= 180 сар х 100,000 төгрөг/-ийг нэмэхэд 95,640,000 төгрөг /93,840,000 + 18,000,000/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Тодруулбал, энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван есдүгээр зүйлийн 1-д Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасантай нийцнэ.
13.5. Харин нэхэмжлэлийн шаардлагаас хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид нөхөн төлөх үүргийн хүрээнд 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс хойш хөдөлмөрийн чадвар 100% болох хүртэлх хугацаанд сар бүр 1,573,145 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ. Учир нь,
Нэхэмжлэгч *******ын хөдөлмөрийн чадвар алдалт сэргэж байгаа эсэх болон өмнөх нөхцөл байдал өөрчлөгдсөн талаарх баримт мэдээлэл байхгүй, түүний 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс хойших хугацааны хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоож, сунгасан акт хэрэгт авагдаагүй байх тул тодорхойгүй хугацаагаар хариуцагчаас мөнгө гаргуулах нь үндэслэлгүй.
Иймд, хариуцагч ******* ХХК-аас нэхэмжлэгч *******ын хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан 64 сарын хугацааны цалин хөлсөнд 91,502,942 төгрөг, талийгаач охин ы амь насны хохиролд 95,640,000 төгрөг, нэхэмжлэгчийн охин нас барсан болон өөрийнх нь эрүүл мэндэд гэм хор учирснаас түүний сэтгэцэд учирсан хохиролд 50,000,000 төгрөг, эмчилгээний зайлшгүй урьдчилан төлүүлэх зардалд 388,746,690 төгрөг, нийт 625,889,902 төгрөг /91,502,942 + 50,000,000 + 95,640,000 + 388,746,690/-ийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 473,992,068 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.
Дээрх үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/08545 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 512 дугаар зүйлийн 512.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4, 230 дугаар зүйлийн 230.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас гэм хорын хохиролд 625,889,902 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 473,992,068 төгрөгт холбогдох болон 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс хойш хөдөлмөрийн чадвар 100 хувь болох хүртэлх хугацаанд сар бүр 1,573,145 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтад ...661,356 гэснийг 3,287,400 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 59 дүгээр зүйлийн 59.3-т тус тус зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 661,356 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Б.МАНДАЛБАЯР