Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2016/05064

 

 

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2016/05064

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч З.Доржнамжин, Д.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, 133/4 дүгээр байрны 25 тоотод оршин байгаа Шилдэг шинэ эхлэл ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 5а байрны 31 тоотод оршин суух, Орлой овогт Батбилэгийн Машбаяр /РД-ЧИ80110606/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ТЭЦ-4 баруун талд өөрийн байранд оршин байгаа Эм Си Эйч Эс ХХК нарт холбогдуулан гаргасан

Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу хэлцлийн үндсэн дээр хөдлөх эд хөрөнгийг хариуцагч компанийн нэр дээр шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулж, өмчлөх эрхээ сэргээлгэх, мөн 7 ширхэг миксер автомашинуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 0261УБИ автомашины үнэд 30,000,000 төгрөг, Эм Си Эйч Эс ХХК-ийн хууль бус эзэмшлээс 2 ширхэг миксер автомашиныг гаргуулж, мөн хохирол буюу олох ёстой ашигт 91,399,753 төгрөг, эд хөрөнгийг хууль бус эзэмшилдээ авч үндэслэлгүй хөрөнгөжсөн 19,656,400 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангоо, өмгөөлөгч П.Сарантуяа /шүүхэд төлөөлөх эрх-0091/, хариуцагч Б.Машбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг, хамтран хариуцагч Эм Си Эйч Эс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билэгсайхан, И.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Саранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Шилдэг шинэ эхлэл ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангоо нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас 1 дэх шаардлагыг хариуцагч Б.Машбаярт, 2-5 дахь шаардлагыг хариуцагч Эм Си Эйч Эс ХХК-д холбогдуулан гаргаж байгаа.

1.Манай компани нь 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр анх 11 гишүүнтэйгээр байгуулагдсан бөгөөд хувь нийлүүлэгчдийнхээ хурлаар хувьцаа эзэмшигч Б.Машбаярыг гүйцэтгэх захирлаар томилж 01 тоот тогтоол гаргаснаар Б.Машбаяр нь тус компанийн эрх бүхий этгээд болсон. Тухайн үед Шилдэг шинэ эхлэл ХХК нь Эм Си Эйч Эс ХХК-ийн үйлдвэрийн байранд үйл ажиллагаагаа явуулж байсан болно.

Тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Д.Дэлгэрийн санаачлагаар компани БНСУлсын иргэн Бэг Вон Пилээс 7 ширхэг миксер автомашиныг нэг бүрийг нь 30 сая төгрөгөөр, нийт 210 сая төгрөгөөр худалдан авахаар болсон. Тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Машбаяр нь 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хувьцаа эзэмшигч М.Эрдэнэтуяад итгэмжлэл олгож, Бэг Вон Пилээс худалдан авч буй 0263УБИ, 8134УБС, 0260УБИ, 3567УБИ, 7628УБС, 2917УБИ, 0261УБИ улсын дугаар бүхий 7 ширхэг миксер автомашиныг Шилдэг шинэ эхлэл ХХК-руу шилжүүлэн авах ажлыг хийж гүйцэтгэхийг даалгасан.

М.Эрдэнэтуяа нь компаниас олгосон итгэмжлэлийн дагуу 2012 оны 5 дугаар сарын 08-ны өдөр иргэн Бэк Вон Пилтэй Автомашин худалдах-худалдан авах гэрээ-г компанийг төлөөлөн байгуулж, нотариатаар батлуулан, Бүртгэлийн тухай хуульд заасны дагуу Авто тээврийн газарт эзэмшигчийн нэрийг шилжүүлэн бүртгүүлснээр нэхэмжлэгч компани нь дээрх машинуудын хууль ёсны өмчлөгч нь болсон. Улмаар энэ хөрөнгөө Шилдэг шинэ эхлэл ХХК нь 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайландаа тусган баталгаажуулж, нийт үндсэн хөрөнгийн хэмжээ нь нэмэгдэн 221,121,209 төгрөг болсныг татварт тайлагнасан байсан.

Гэтэл Б.Машбаяр нь бусад хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр дан ганцаар шийдвэр гарган, 12/24 тоот албан бичгийг Авто тээврийн газарт явуулж, Шилдэг шинэ эхлэл ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан 0263УБИ, 8134УБС, 0260УБИ, 3567УБИ, 7628УБС, 2917УБИ, 0261УБИ улсын дугаар бүхий 7 ширхэг миксер автомашинуудын өмчлөх эрхийг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан байсан.

Түүний энэ үйлдлийг бусад хувьцаа эзэмшигчид эсэргүүцэн, эрүүгийн журмаар шалгуулсан боловч Нийслэлийн прокурорын газрын 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 427 дугаар тогтоолоор Б.Машбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон хаасан. Энэ тогтоолын үндэслэлд Б.Машбаяр нь маргаан бүхий машинуудыг Ким Хю Жинийн хөрөнгө гэж ойлгон түүний тушааснаар өөрийн нэр дээр шилжүүлсэн нь бусдын хөрөнгийг завших гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн. Нэгэнт Б.Машбаярын үйлдэл нь эрүүгийн хэргийн шинжгүй гэсэн эцсийн шийдвэр гарсан учраас энэхүү маргаанаа иргэний журмаар эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэн энэхүү шаардлагыг гаргасан.

Ийнхүү Б.Машбаяр нь нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан хэм хэмжээг зөрчиж өөртэйгээ хэлцэл хийсэн болох нь дээр дурдсан үйл баримт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон болно.

Түүний уг үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хэлцэлд хамаарч байна.

Иймд Б.Машбаярын 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг хэлцлийн үндсэн дээр 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эм Си Эйч Эс ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгож, Шилдэг шинэ эхлэл ХХК-ийн өмчлөх эрхийг сэргээж өгнө үү.

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох Эм Си Эйч Эс ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа 0263УБИ, 8134УБС, 0260УБИ, 3567УБИ, 7628УБС, 2917УБИ, 0261УБИ улсын дугаар бүхий 7 ширхэг миксер автомашины хууль ёсны өмчлөгчөөр Шилдэг шинэ эхлэл ХХК-ийг тогтоож, Эм Си Эйч ХХК-ийн хууль бус эзэмшилд үлдсэн 8134 УБС, 2917УБИ улсын дугаар бүхий миксер автомашинуудыг гаргуулан нэхэмжлэгч компанид олгуулж, үлдэж буй 0261УБИ дугаартай машиныг ашиглах боломжгүй болгосон тул машины үнэ 30,000,000 төгрөгийг Эм Си Эйч Эс ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгох тухай.

Шилдэг шинэ эхлэл ХХК нь 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр анх 11 гишүүнтэйгээр байгуулагдсан. Энэ компанийг байгуулах болсон зорилго нь тус компанийн үүсгэн байгуулагч, 50 хувийн хувьцаа эзэмшигч Д.Дэлгэр нь бетон зуурмагийн үйлдвэрлэл, худалдаа, бетон зуурмагийн тээвэрлэлт эрхэлдэг Төгс зуурмаг компанитай бөгөөд өөрийн гэсэн тусгай зориулалтын машин бүхий тээврийн компанитай болох байсан. Энэ үед буюу 2011 оны эхээр түүнтэй хамтран ажилладаг байсан Эм Си Эйч Эс ХХК-ийн захирал Ким Хю Жин гэгч нь өөрийн танил БНСУлсын иргэн Бэг Вон Пил гэж хүнийг Эй Кэй Ай ХХК-иас шүүхийн шийдвэрээр 9 ширхэг миксер автомашин авахаар болж байгаа, машинаа нэг бүрийг 37-38 сая төгрөгөөр зарах гэж байгаа талаар хэлж, түүнийг худалдан авахыг санал болгосон. Тухайн үед Д.Дэлгэр нь Бэг Вон Пилийн шүүхээр шийдвэрлүүлж байгаа хэргийн талаар судалж, шийдвэр түүний талд гарч байгааг мэдээд шинээр байгуулах гэж байгаа компанидаа худалдан авахаар шийдвэрлэсэн.

Ингээд Төгс зуурмаг ХХК-ийн захирал Д.Дэлгэр болон Шилдэг шинэ эхлэл ХХК нь Бэг Вон Пилд машины төлбөр 210,000,000 төгрөгийг урьдчилан болон худалдан авах гэрээ хийсний дараа дараах байдлаар төлсөн.

1.Төгс зуурмаг ХХК нь 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Орчлон констракшн ХХК-иас зуурмагийн төлбөрт авсан 61,215,750 төгрөгийн үнэтэй Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 46-68 тоот 2 өрөө орон сууцыг Ким Хю Жиний нэр дээр шилжүүлэн өгсөн бөгөөд уг байрыг Ким Хю Жин анх Төгс зуурмаг ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээнд заасан түрээсийн төлбөрт суутган тооцохоор авсан боловч тооцоогүй. Харин Бэг Вон Пилийн машины үнэд шилжүүлэн тооцохоор Д.Дэлгэртэй тохирсон. Гэтэл уг байрыг цааш өгөлгүй өөртөө үлдээсэн байсан ба Бэг Вон Пил болон Ким Хю Жин нарын хоорондын өглөг авлагадаа уг байрыг тооцсон байсан учраас Бэг Вон Пил нь 2012 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Шилдэг шинэ эхлэл ХХК-тай байгуулсан автомашин худалдах-худалдан авах гэрээг байгуулахад төлбөр тооцоо дууссаныг гол үндэслэлээ болгон өмчлөх эрхийг саадгүй шилжүүлэн өгсөн.

2.2011 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Төгс зуурмаг ХХК нь Орчлон констракшн ХХК-иас төлбөрт авсан 62,628,470 төгрөгийн үнэтэй Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол, 5 дугаар хороонд байрлах 44-84 тоот 2 өрөө орон сууцыг Бэг Вон Пилд машины үнэд өгсөн.

3.2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Төгс зуурмаг ХХК нь Бэг Вон Пилийн Хувьсах зам ХХК-д 30,000,000 төгрөг, 2012 оны 3 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч компани нь Бэг Вон Пилийн Тамна жэжү ХХК-д 26 сая төгрөг, 14 сая төгрөг, нийт 40 сая төгрөгийг машины үнэд тус тус төлсөн.

4.2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Шилдэг шинэ эхлэл ХХК нь Баянгол дүүргийн татварт Бэг Вон Пилээс худалдан авсан машины төлбөрийн хүн амын орлогын албан татварт 14 сая төгрөгийг тушаасан ба энэ нь машины төлбөрт орж тооцогдсон. Дээрх мөнгөний нийт дүн нь 207,844,220 төгрөг болсон.

Төгс зуурмаг ХХК нь 7 миксер автомашины үнэд урьдчилан төлсөн төлбөрийнхөө дүнгээр Шилдэг шинэ эхлэл ХХК-иас авлага үүсгэн тайлагнасан ба нэхэмжлэгч нь энэ дүнгээр тус компанид өртэй хэмээн тайлагнасан байдаг.

Шүүхээс Бэг Вон Пилд машинуудыг өгөх эцсийн шийдвэр нь 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гарч, Бэг Вон Пил машинуудаа Эм Си Эйч Эс ХХК-ийн хашаанд зөөж авчирсан. Гэтэл бодит байдал дээр уг машинууд нь маш их муудаж тоногдсон, машин тус бүрд 10-15 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийхээр байсан тул үнийг хэт өндөр байгаа талаар Ким Хю Жинд хэлж тэрээр нэг бүрийн үнийг хямдруулж 30 сая төгрөг болгуулахаар Бэг Вон Пилтэй тохиролцоонд хүргэж өгсөн. Энэ үед Төгс зуурмаг ХХК нь Эм Си Эйч Эс ХХК-ийн үйлдвэрийг түрээслэн хамт нэг дор байрлан үйл ажиллагаа явуулж байсан.

Ингээд Д.Дэлгэр нь Бэг Вон Пилээс худалдан авахаар тохиролцсон 9 ширхэг миксер автомашин дээрээ тулгуурлан Төгс зуурмаг ХХК-ийн ажилчдын нийгмийн асуудлыг дээшлүүлэхээр өөрийн ажилчдаас бүрдсэн, тээврийн компанийг шинээр байгуулж, ажилчид машины үнэд тус бүр урьдчилгаа 7 сая төгрөг төлж, нэг нэгээр нь зээлээр хувьдаа худалдан авах, дараа нь өөрийн машинаар тээвэр хийж, олсон орлогоосоо үлдэх төлбөрийг Төгс зуурмаг ХХК-д төлөх, төлбөр тооцоо дуусмагц Д.Дэлгэр өөрийн хувиа гишүүдэд тэнцүү хэмжээгээр хуваан өгч, компанийн гишүүнээс гарах, эцсийн үр дүнд үлдсэн гишүүд бүгд нэг, нэг машинтай болох зорилгоор Шилдэг шинэ эхлэл ХХК-ийг 11 гишүүнтэйгээр үүсгэн байгуулж, Төгс зуурмаг ХХК-д менежер ажилтай Б.Машбаярыг захирлаар томилсон байсан.

Гэтэл бодит байдал дээр дээрх тохиролцоо бодитоор хэрэгжиж чадаагүй. Ким Хю Жин, Бэг Вон Пил нарын Хувьсах зам ХХК-ийн менежерүүд болох хувьцаа эзэмшигчээр орсон Ц.Төрмөнх, Б.Сансарбилэг нар нь тохиролцсон ёсоор тус тусын урьдчилгаа 7 сая төгрөгийг компанид төлөлгүйгээр шууд миксер машинуудыг Бэг Вон Пилтэй хувиараа тохиролцон хэлцэл хийж, тус бүрийн нэг машинаа хувьдаа шууд шилжүүлэн авсан байсан.

Мөн хувьцаа эзэмшигч нягтлан бодогч Я.Батцэцэг хувьцаа худалдан авахаасаа татгалзаж, ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан. Б.Машбаяр нь Тунамал хийц ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан 7249УБЧ автомашиныг Шилдэг шинэ эхлэл ХХК-ийн нэр дээр шилжүүлэх албан тоот авч явсан боловч шилжүүлээгүй.

Ингээд үлдэх гишүүд урьдчилгаа 7 сая төгрөгөө Шилдэг шинэ эхлэл ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Дэлгэрт төлж сугалаа сугалан машинуудаа сонгож, 0263УБИ, 8134УБС, 0260УБИ, 3567УБИ, 7628УБС, 2917УБИ, 0261УБИ улсын дугаар бүхий 7 ширхэг миксер машинуудыг Шилдэг шинэ эхлэл ХХК нь 2012 оны 5 дугаар сарын 08-ны өдөр БНСУлсын иргэн Бэг Вон Пилтэй автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулан, нотариатаар батлуулж, төлбөр тооцоог бүрэн төлж дууссаны үндсэн дээр худалдан авсан.

Иймд маргаан бүхий автомашинуудын хууль ёсны өмчлөгчөөр Шилдэг шинэ эхлэл ХХК-ийг тогтоож өгнө үү.

Мөн Эм Си Эйч Эс ХХК-ийн захирал Ким Хю Жин нь Төгс зуурмаг ХХК-тай 2010 оноос 2015 он хүртэл хугацаанд байгуулсан үйлдвэрээ түрээсэлсэн гэрээгээ 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэнэт цуцалж, тус компанийн байранд үйл ажиллагаа явуулж байсан Төгс зуурмаг ХХК болон Шилдэг шинэ эхлэл ХХК-ийг ажилчдынх нь хамтаар хөөн гаргасны улмаас тэд компанийнхаа санхүүгийн бичиг баримт болон эд хөрөнгүүдээ авч чадалгүй гарсан.

Үүний дотор Шилдэг шинэ эхлэл ХХК-ийн 0263УБИ, 8134УБС, 0260УБИ, 3567УБИ, 7628УБС, 2917УБИ, 0261УБИ улсын дугаар бүхий 7 ширхэг миксер автомашинууд болон агуулахад байсан сэлбэг хэрэгслүүд бүгд Эм Си Эйч Эс ХХК-ийн эзэмшилд үлдсэн.

Түүнчлэн нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Машбаяр нь Эм Си Эйч Эс ХХК-ийн захирал Ким Хю Жинтэй хамтран ажиллахаар болж үлдсэн.

Үүний маргааш нь буюу 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Шилдэг шинэ эхлэл ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Машбаяр нь компанийн удирдлагын эрх, тамгыг ашиглан компаний нэр дээр бүртгэлтэй автомашиныг бусад хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр Авто тээврийн газарт эзэмшигчийг солих тухай 12/24 тоот албан бичиг үйлдэн хувьдаа шилжүүлэн авсан байсан.

Уг асуудлыг эрүүгийн журмаар шалгуулсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад хамгийн сүүлд гарсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2013 оны 145 дугаар дүгнэлтээр дээр автомашинууд Шилдэг шинэ эхлэл ХХК-ийн хууль ёсны өмч болохыг тогтоосон.

Мөн 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 07 тоот прокурорын тогтоолоор мөрдөн байцаагчийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 7 ширхэг миксер машинуудыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгон, битүүмжлэлээс чөлөөлж автомашин эзэмшигчдэд буцаан олгохыг мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад О.Одонбаатарт даалгасан.

Үүний дагуу 2013 оны 5 дугаар сарын 21-ний Эм Си Эйч Эс ХХК-ийн үйлдвэрийн хашаанд байсан 0263УБИ, 8134УБС, 0260УБИ, 3567УБИ, 7628УБС, 2917УБИ, 0261УБИ улсын дугаар бүхий 7 ширхэг миксер автомашинуудын 6 ширхэгийг нь В.Цэнд-Аюуш, Г.Хадбаатар, Э.Мөнх-Эрдэнэ, М.Эрдэнэтуяа, М.Хосбаяр, П.Эрдэнэчимэг нарт хүлээлгэн өгсөн.

Э.Мөнх-Эрдэнэ, М.Эрдэнэтуяа нар Эм Си Эйч Эс ХХК-д Б.Машбаярын хамт ажиллахаар үлдсэн байсан ба энэ өдөр бусад 4 хувьцаа эзэмшигч болох В.Цэнд-Аюуш, Г.Хадбаатар, М.Хосбаяр, П.Эрдэнэчимэг нар тус үйлдвэрийн хашаанаас өөрийн зээлээр худалдан авсан 0263УБИ, 3567УБИ, 7628УБС, 0260УБИ дугаарын машинуудаа авч явсан.

8134УБС, 2917УБИ, 0261УБИ машинууд нь хариуцагч компанийн хашаанд үлдсэн. Үүнээс 0261УБИ дугаарын автомашин нь ашиглах боломжгүй болж эвдэрсэн байсан бөгөөд энэ машиныг Шилдэг шинэ эхлэл ХХК-ийн хувьцаа эзэмшигчид машинаар чирж авч явах гэсэн боловч Эм Си Эйч Эс ХХК өгч явуулаагүй.

Прокурорын газраас Б.Машбаярт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймээс маргаан бүхий 7 ширхэг миксер автомашины 3 ширхэг буюу 8134УБС, 2917УБИ, 0261УБИ машинууд нь өнөөдрийг хүртэл Эм Си Эйч Эс ХХК-ийн хууль бус эзэмшилд үлдсэнээс 0261УБИ автомашин нь ашиглах боломжгүй эвдэрсэн байсан тул энэ машины үнэ 30 сая төгрөгийг хариуцагч Эм Си Эйч Эс ХХК-иас гаргуулж, үлдэж буй 8134УБС, 2917УБИ улсын дугаар бүхий автомашинуудыг тус компанийн хууль бус эзэмшлээс гаргуулан Шилдэг шинэ эхлэл ХХК-д олгож өгнө үү.

Нэхэмжлэлийн 3 дахь шаардлага буюу Эм Си Эйч Эс ХХК нь Шилдэг шинэ эхлэл ХХК-ийн 7 ширхэг автомашиныг хууль бус эзэмшилдээ байлгаж, олох ёстой орлого 91,399,753 төгрөгийг алдагдуулж хохироосон тул уг мөнгийг хариуцагч компаниас гаргуулах тухай.

2012 оны 9 дүгээр сарын 10-нд Эм Си Эйч Эс ХХК-ийн Ким Хю Жин захирал нь манай компанийг өөрийн байрнаас хөөж гарган компанийн өмчлөлийн машиныг өөрийн эзэмшилд хууль бусаар авч үлдсэний улмаас Шилдэг шинэ эхлэл ХХК нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж, олох байсан орлогоо алдан хохирсон. Үүнтэй холбоотой гомдлыг дээр дурдсанчлан эрүүгийн журмаар шалгуулах ажиллагааны явцад 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаагч 7 миксер автомашиныг хувьцаа эзэмшигчдэд хүлээлгэн өгч акт үйлдсэн.

Ийнхүү хариуцагч компани нь 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх 8 сарын хугацаанд манай компанийн өмчлөлийн машинуудыг хүлээлгэн өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан учраас энэ хугацаанд 91,399,753 төгрөгийн олох ёстой ашгаар хохирсон.

Иймд хариуцагч компаниас 91,399,753 төгрөг гаргуулж өгнө үү.

Хохирлыг тооцооллыг гаргахдаа борлуулалтын орлогыг жишиг болгон харьцуулсан. Бетон зуурмагийн үйлдвэрлэл нь улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дулаан цагт бид ийм хэмжээний орлого олох байсан гэдгийг өмнө олж байсан ашиг дээрээ тулгуурлан тооцоог хийсэн. Тодруулбал: 5 сарын хугацаанд нийт 130 хоног ажиллаад 226,879,000 төгрөгийн борлуулалтыг хийсэн байсан. Нэг өдөр нэг машин 213,509 төгрөгийн орлоготой байна. 2012 оны 9 дүгээр сарын 10-наас 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Б.Машбаяр нь манай компанийн машинуудыг хууль бус эзэмшилдээ байлгасан ба ажиллах боломжит сар болох 2012.09.10-наас 2012.11.10 хүртэл 60 хоног, 2013.03.01-нээс 2013.05.21-ний өдрийг хүртэл 81 хоног, нийт 141 хоног ажиллах боломжийг хаагдуулсан гэж үзэж байгаа.

4 дэх шаардлага буюу Эм Си Эйч Эс ХХК нь Шилдэг шинэ эхлэл ХХК-ийн 0263УБИ, 0260УБИ, 3567УБИ, 7628УБС автомашиныг хууль бус эзэмшилдээ байлгах хугацаандаа тонож бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан тул сэргээн засварласны зардалд 7,065,000 төгрөг гаргуулах тухай.

2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын 07 тоот тогтоолын дагуу Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагчийн мөн сарын 21-ний өдрийн актаар Эм Си Эйч Эс ХХК-ийн хууль бус эзэмшилд байх хугацаанд тоногдож бүрэн бүтэн байдал нь алдагдсан байсан тул сэргээн засварласны зардал 7,065,000 төгрөгийг манай компани гаргаж хохирсон. Энэ актад дээрх машинуудыг хүлээн авах дутсан эд ангийг нэг бүрчлэн бичиж хүлээлгэн өгсөн болно.

Иймд уг мөнгийг Эм Си Эйч Эс ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

5 дахь шаардлага буюу хариуцагч компанийн хууль бус эзэмшилд үлдсэн Шилдэг шинэ эхлэл ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох чингэлэг, сэлбэг, компьютер болон бусад эд зүйлсийн нийт үнэ 19,656,400 төгрөгийг Эм Си Эйч Си ХХК-иас гаргуулж өгнө үү.

2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр манай компани нь Эм Си Эйч Си ХХК-ийн үйлдвэрийн байрнаас Төгс зуурмаг ХХК-ийн хамт хөөгдөж гарах үед Шилдэг шинэ эхлэл ХХК-ийн хөрөнгөөр худалдан авсан эд хөрөнгүүдийг хариуцагч компани нь өөрийн эзэмшилд авч үлдсэн. Эдгээр хөрөнгүүдэд 3,140,000 төгрөгийн үнэ бүхий чингэлэг 1 ширхэг, 4,773,400 төгрөгийн үнэ бүхий 28 нэр төрлийн машины сэлбэг, багаж төхөөрөмжүүд, 799,000 төгрөгийн үнэ бүхий компьютер, 4,200,000 төгрөгийн үнэ бүхий Жи Пи Эс төхөөрөмж, үйлчилгээний төлбөрт төлсөн 2,184,000 төгрөгийн эд хөрөнгүүд багтаж байгаа гэв.

Хариуцагч Б.Машбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2007 онд Эм Си Эйч Эс ХХК-ийн анх Ким Хю Жин захирал 100 хувийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулж, 2008 онд Шилдэг шинэ эхлэл ХХК-ийн 50 хувийн эзэмшигч Д.Дэлгэрийг компанийнхаа ерөнхий менежерээр авч ажиллуулж байсан.

Энэ хоёр нь 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 4 жилийн хугацаанд хамтарч ажилласан.

Эм Си Эйч Эс ХХХ-ийн захирал Ким Хю Жин нь Монгол компани байгуулах нь компанийн үйл ажиллагаа явуулахад хялбар болгож, санхүүгээ нэмэгдүүлэх зорилгоор Шилдэг шинэ эхлэл ХХК-ийг үүсгэн байгуулсан. Улмаар өөрийнхөө зүгээс Бэг Вон Пилээс 9 ширхэг автомашиныг 330,000,000 төгрөгөөр худалдаж авсан.

Уг 9 машинаас Д.Дэлгэрийн зуучилж өгсөн 2 хүнд худалдсан боловч Ким Хю Жинд бэлэн орлого орж ирээгүй.

7 ширхэг автомашиныг Эм Си Эйч Эс ХХК-ийн захирал Ким Хю Жин нь өөрийн хөрөнгө оруулалт дээр тулгуурлаад Шилдэг шинэ эхлэл ХХК-ийг үүсгэн байгуулж, захирлаар нь Б.Машбаярыг томилсон.

Б.Машбаяр нь 7 ширхэг машиныг Эм Си Эйч Эс ХХК-иас Шилдэг шинэ эхлэл ХХК-д худалдаж авах үйл явцыг удирдан явуулсан бөгөөд энэ худалдах үйл ажиллагаа нь хэлбэрийн төдий байсан.

Шалтгаан нь хариуцагч Эм Си Эйч Эс ХХК нь Шилдэг шинэ эхлэл ХХК руу бодитой төлбөр өгөөгүй, нэхэмжлэгч компани нь жилийн эцсээр тооцоо хийхдээ худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. 2012 оны 9 дүгээр сарын 10-наас хоёр компани тусдаа үйл ажиллагаа явуулах болсны улмаас уг 7 машины маргаан гарч ирсэн.

Нэгэнт машиныг худалдах-худалдан авах гэрээний дагуу төлбөр хийгдээгүй учир Б.Машбаяр нь цаашид гуравдагч этгээд рүү шилжихээс хамгаалж өөрийнхөө нэр дээр авсан бөгөөд өөрөө өөртэйгээ ямар нэгэн байдлаар хэлцэл хийгээгүй, хууль бусаар өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн хэрэг биш гэв.

Хариуцагч Эм Си Эйч Эс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билэгсайхан, И.Амаржаргал нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна.

1.Эм Си Эйч Эс ХХК-ийн ерөнхий захирал Ким Хю Жин нь 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэрээр гадаадын хөрөнгө оруулалтай компанийг үүсгэн байгуулж, гадаад худалдаа, бетон зуурмагийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Д.Дэлгэрийн компанийн ерөнхий менежерийн ажилд авч хамтран ажиллаж эхэлсэн.

Улмаар Д.Дэлгэрийг 2008 оны 001/009 дүгээр тушаалаар тус компанийн гүйцэтгэх захирлаар томилж, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгүүлж байсан.

Тус компани нь 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай учраас Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй хяналт шалгалт их, дотоодын компани бол ийм зүйл байхгүй гэж ятган 100 хувийн хөрөнгө оруулалттай Монгол компани буюу Төгс зуурмаг ХХК-ийг байгуулж, энэ компанийн дүрмийн сангийн хөрөнгө болох 1 сая төгрөгийг Эм Си Эйч Эс ХХК-ийн кассаас гаргасан болно.

Ингээд Эм Си Эйч Эс ХХК нь Төгс зуурмаг ХХК-ийн нэрээр үйл ажиллагаа явуулж байсан тул хариуцагч компанийн бүхий л орлого бусдаас авах өр төлбөр зэргийг Төгс зуурмаг ХХК-ийн данс, кассаар хүлээн авч байсан.

Төгс зуурмаг ХХК нь манай компанийн бетон зуурмагийн 1 дүгээр үйлдвэрийг түрээслэн ажиллуулах, ийнхүү ажиллуулснаас олсон борлуулалтын орлогын 20 хувийг манай компанид шилжүүлж байхаар харилцан тохиролцон 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 009/001 дугаар Хамтран ажиллах гэрээ байгуулан үйлдвэрийг түрээслэн ажиллаж эхэлсэн.

Гэтэл 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Д.Дэлгэртэй ажил төрлөөс болж маргалдан, Төгс зуурмаг ХХК-д холбогдох санхүүгийн тайлан, баримт, тамга тэмдэг зэргийг авч салж явсан.

Мөн дээрх хамтран ажиллах гэрээний хугацаанд Эм Си Эйч Эс ХХК-ийн захирал Ким Хю Жин нь БНСУлсын иргэн Бэг Вон Пилтэй 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулан 9 ширхэг миксер автомашиныг худалдан авсан.

Эм Си Эйч Эс ХХК нь дээрх 9 ширхэг автомашинаас 2 ширхэгийг хариуцагч Д.Дэлгэрийн дүү гэх Б.Мөнхбилгүүнд худалдсан бөгөөд Б.Мөнхбилгүүн нь миксер автомашины төлбөрийг Д.Дэлгэрт бүрэн өгсөн гэдэг боловч Д.Дэлгэр энэхүү мөнгийг манай компанид өгөлгүй хувьдаа завшсан.

Харин үлдэх 7 миксер автомашиныг Шилдэг шинэ эхлэл ХХК-д худалдахаар тохиролцсоны дагуу Ким Хю Жиний хүсэлтээр Пэг Вон Пил нь миксер машинуудын өмчлөх эрхийн бүртгэлийг тус компанийн нэр лүү шилжүүлэн өгсөн.

Эм Си Эйч Эс ХХК нь дээрх автомашиныг цааш худалдах борлуулах зорилготой байсан тул өөрийн компанийн нэр дээр шилжүүлэлгүй, Бэг Вон Пилийн нэрээс худалдан авч буй этгээдүүдийн нэр рүү шууд шилжүүлэн өгсөн үйл баримтыг нэхэмжлэгч ашиглан Бэг Вон Пилтэй дүр үзүүлэн хийсэн хэлцлийг бодитоор автомашин худалдан авсан гэрээ мэтээр тайлбарлан автомашины төлбөрийг Ким Хю Жинд огт төлөөгүй, олон жил миксер машинуудыг ашиглан орлого олж байгаа юм.

Манай компани дээр дурдсан 9 машиныг Бэг Вон Пилээс худалдах-худалдан авах гэрээний дагуу авсан хууль ёсны өмчлөгч тул шүүхэд Д.Дэлгэрээс 7629УБИ, 0262УБИ улсын дугаартай 2 миксер автомашины үнэд 70,000,000 төгрөг, хариуцагч Б.Хосбаяр, Г.Хадбаатар, П.Эрдэнэчимэг, В.Цэнд-Аюуш нараас 3567УБИ, 0263УБИ, 0260УБИ,7628УБИ улсын дугаартай 4 миксер машиныг гаргуулах нэхэмжлэл тус шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа ба уг хэрэгт гэрч Бэг Вон Пилийн өгсөн ... машинуудыг би зөвхөн Ким Хю Жинд худалдсан, ... би түүний хүсэлтээр машинуудыг Шилдэг шинэ эхлэл ХХК, Б.Мөнхбилгүүн нарт шилжүүлсэн гэх мэдүүлэг өгсөн нь талуудын хооронд болсон явдлыг худалдагч тал өөрөө нотолсон чухал баримт болсон.

Мөн энэ мэдүүлгээ эрүүгийн хэрэгт өгсөн, түүнчлэн эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч компанийг төлөөлөн гэрээ байгуулсан М.Эрдэнэтуяа, захирлаар ажиллаж байсан Б.Машбаяр нар гэрчийн мэдүүлэг өгсөн.

Гэвч Шилдэг шинэ эхлэл ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар шүүхэд 7 миксер машиныг өөрсдөө Бэг Вон Пилээс худалдаж авсан гэх хариу тайлбар гаргасан тул Б.Машбаяр машинуудыг эзэмшиж байгаа этгээдүүд Эм Си Эйч Эс ХХК-иас худалдан авсан төлбөрийг төлөхгүй, төлөх хүсэл зориг байхгүй хэрнээ өөрсдийнхөө машин гэж үзэж байгаа нь тодорхой болсны улмаас маргааны зүйл болох автомашинуудыг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай компанид өмчлөх эрхийн бүртгэлийг шилжүүлэн өгсөн юм.

Уг өмчлөх эрхийг шилжүүлэх үед машинууд Б.Машбаярын өмчлөлд байсан.

Хэдийгээр дээрх 7 машины өмчлөх эрхийн бүртгэл манай компанийн нэр дээр байгаа боловч бодит байдалд нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигчид өөрсдөө эзэмшиж, ашиглаж байгаа билээ.

Шилдэг шинэ эхлэл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 145 дугаар дүгнэлтээр автомашинуудыг тус компанийн хууль ёсны өмч болохыг тогтоосон гэжээ. Гэтэл уг нэхэмжлэгчийн дурдаж байгаа шинжээчийн дүгнэлтэд маргааны зүйл болох 7 ширхэг миксер автомашинуудыг Шилдэг шинэ эхлэл ХХК-ийн өмч болохыг тогтоогоогүй, харин талуудын хооронд үүссэн өглөг авлагын харилцааг тогтоох зорилгоор Голден пейж аудит ХХК-ийн 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/34 дугаартай тайлан, дүгнэлтийн 4-т нэхэмжлэгчийг 7 ширхэг автомашины эх үүсвэр хаанаас гарсныг нотлох баримт байхгүй байна гэжээ.

Түүнчлэн Нийслэлийн прокурорын газрын 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 427 дугаар тогтоол, мөн тус газрын 5 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар тогтоолоор уг машинуудыг хэргийн яллагдагч Ким Хю Жин болон хохирогч нарын хэн алиных нь хөрөнгө биш, Шилдэг шинэ эхлэл ХХК-ийг үүсгэн байгуулагчид болох нэр бүхий хүмүүсийн тус бүр 7 сая төгрөг гаргаж авсан гэх хөрөнгө байх тул битүүмжлэлийг чөлөөлөх үндэслэлтэй байна гэсэн байна.

Өөрөөр хэлбэл дээрх миксер автомашинуудын өмчлөлийн маргаанд оролцох эрх бүхий этгээд нь Шилдэг шинэ эхлэл ХХК биш харин тухайн компанийн хувьцаа эзэмшигчид буюу хувь хүмүүс болох нь нэр бүхий хүмүүс бөгөөд дээр дурдсанчлан өмчлөл, хууль бус эзэмшлийн асуудлаар тус шүүхэд өөр хэрэг шийдвэрлэгдэж байгаа билээ.

Нэхэмжлэгчээс төлбөр төлсөн гэх санхүүгийн баримтууд буюу орлого болон зарлагын ордеруудын он, сар, хүлээн авсан байгууллага, гүйлгээний утгууд зөрүүтэй байгаагаас гадна маргааны зүйл болох машинуудын анхны өмчлөгч БНСУлсын иргэн Бэг Вон Пил нь Шилдэг шинэ эхлэл компаниас машины үнэд ямар нэгэн төлбөр аваагүй гэдгээ тус иргэний хэрэгт гэрчээр асуулгахдаа мэдүүлсэн.

7 ширхэг автомашиныг хууль бус эзэмшилдээ байлгасны улмаас олох ёстой ашигт 91,399,753 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Уг шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Талуудын хооронд үүссэн маргааныг эрүүгийн журмаар шийдвэрлэх явцад 7 ширхэг миксер автомашиныг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Ч.Мягмаржав нь 201201011744 тоот дугаартай эрүүгийн хэрэг дээр 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор битүүмжилсэн бөгөөд Нийслэлийн прокурорын газрын 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор дээрх тогтоолыг хүчингүй болгож, машинуудыг битүүмжлэлээс чөлөөлсөн.

Дээрх нөхцөл байдлаас үзхэд нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан 2012 оны 9 дүгээр сарын 10-наас 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл хууль бусаар эзэмшиж, ашигласан зүйл байхгүй бөгөөд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад эрх бүхий этгээдүүд болох мөрдөн байцаагч, прокурорын шийдвэрээр битүүмжлэгдсэн байх хугацааны олох байсан орлогыг манай компани төлөх үндэслэлгүй юм.

Түүнчлэн битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хадгалах, бүрэн бүтэн байлгахыг Төгс зуурмаг ХХК-ийн захирал Д.Дэлгэрт хариуцуулсан байдаг.

0261УБИ миксер автомашины үнэд 30,000,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд:

Дээрх 7 машин нь манай компанийн өмч бөгөөд хууль бус эзэмшлийн асуудлаар тухайн машинуудыг эзэмшиж, ашиглаж байгаа Шилдэг шинэ ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох нэр бүхий хувь хүмүүст холбогдуулан манай зүгээс нэхэмжлэл гарган тус шүүхэд хянагдаж байгаа билээ.

Өөрөөр хэлбэл дээрх автомашинуудын өмчлөлийн асуудлаар маргаан үүсгэх эрх бүхий этгээд нь Шилдэг шинэ эхлэл ХХК биш бөгөөд 1 миксер автомашиныг 30 сая төгрөгөөр өөрсдөө үнэлэн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг миксер автомашиныг тоногдож, ашиглагдах боломжгүй болсон талаарх нотлох баримтыг нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд ямар үндэслэлээр машины үнийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

Машин сэргээн засварласны зардал 7,065,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд:

7 машиныг мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилж, бүрэн бүтэн байдлыг хариуцахыг Д.Дэлгэрт даалгасан. Мөн уг машинуудыг битүүмжлэлээс чөлөөлж Шилдэг шинэ эхлэл ХХК-ийн хувьцаа эзэмшигчдэд хүлээлгэн өгсөн байна. Машин хүлээн авсан тэмдэглэлд тоногдсон талаар дурдагдаагүй байдаг бөгөөд зохих журмын дагуу одоо эзэмшиж байгаа этгээдүүд нь хүлээж авсан.

Мөн манай компани машинуудыг хүлээлгэн өгсөн зүйл байхгүй учраас дээрх автомашинууд битүүмжлэгдсэн байх хугацаанд тоногдсон байгаад нэхэмжлэгч тал зассан гэж үзвэл хохирлоо Д.Дэлгэрээс нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Эм Си Эйч Эс ХХК-ийн хууль бус эзэмшилд үлдсэн нэхэмжлэгч компанийн эд хөрөнгийн үнэд 19,656,400 төгрөг гаргуулах тухайд:

Манай компани Шилдэг шинэ эхлэл ХХК-ийн ямар нэгэн хөрөнгийг хүлээн авч үлдсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтаар агуулахад байгаа сэлбэг, бусад хөрөнгө гэх жагсаалтаар манайд хүлээлгэж өгсөн баримт байхгүй байна. Мөн талуудын хооронд үүссэн асуудлын талаар эрүүгийн журмаар шийдвэрлүүлэх явцад холбогдох бүхий л санхүүгийн баримтууд, бусад эд хөрөнгүүдийг битүүмжилсэн бөгөөд хэргийг шалгаж дууссаны дараа Төгс зуурмаг ХХК-д хүлээлгэж өгсөн. Үүнээс гадна талуудын хооронд үүссэн өглөг, авлагын асуудлыг 4 удаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон бөгөөд уг дүгнэлтүүдэд Эм Си Эйч Эс ХХК-иас нэхэмжлэгч компанид өгөх ямар нэгэн өглөг тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Шилдэг шинэ эхлэл ХХК нь Б.Машбаярт холбогдуулан түүний нэр дээр бүртгэлтэй 0263УБИ, 8134УБС, 0260УБИ, 0261УБИ, 3567УБИ, 7628УБС, 2917УБИ улсын дугаар бүхий 7 ширхэг миксер автомашины хууль ёсны өмчлөгчөөр Шилдэг шинэ эхлэл ХХК-ийг тогтоож, Б.Машбаярын хууль бус эзэмшлээс 7 ширхэг автомашинуудыг гаргуулж, өөрсдийн эзэмшилд буцаан шилжүүлэх, машинуудыг хууль бус эзэмшилдээ байлгаж хохироосны улмаас олох ёстой байсан ашиг 91,399,753 төгрөг гаргуулан, 0261УБИ автомашины үнэд 30,000,000 төгрөг, 4 машиныг сэргээн засварласан зардал 7,065,000 төгрөг, хууль бус эзэмшилд үлдсэн Шилдэг шинэ эхлэл компанийн эд хөрөнгийн үнэд 19,656,400 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар Эм Си Эйс Эс ХХК-ийг татан, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, Б.Машбаярт холбогдуулан Шилдэг шинэ эхлэл ХХК-ийн өмчлөлийн 0263УБИ, 8134УБС, 0260УБИ, 3567УБИ, 7628УБС, 2917УБИ, 0261УБИ улсын дугаар бүхий 7 ширхэг миксер автомашины өмчлөх эрхийг өөрийн нэр рүү шилжүүлсэн 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр Эм Си Эйч Эс ХХК-ийн нэр дээр хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулж, Шилдэг шинэ эхлэл ХХК-ийн өмчлөх эрхийг сэргээлгэх, хариуцагч Эм Си Эйч Эс ХХК-д холбогдуулан 7 ширхэг миксер автомашины өмчлөгчөөр тогтоолгож, тус компанийн хууль бус эзэмшилд байгаа 8134УБС, 2917УБИ улсын дугаартай миксер автомашиныг гаргуулан, 0261УБИ дугаартай автомашины үнэд 30,000,000 төгрөг, машинуудыг хууль бус эзэмшилдээ байлгаж хохироосны улмаас олох ёстой байсан ашиг 91,399,753 төгрөг, хууль бус эзэмшилд үлдсэн эд хөрөнгийн үнэд 19,656,400 төгрөг гаргуулахаар тус тус шаардаж байна. /хх-303-312

1.Шүүх бүрэлдэхүүн Б.Машбаярт холбогдох шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж үзлээ.

Учир нь Шилдэг шинэ эхлэл ХХК нь 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 001 дүгээр Үүсгэн байгуулах тогтоолоор 11 гишүүнтэйгээр байгуулагдан, улсын бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд компанийн гүйцэтгэх захирлаар Б.Машбаяр томилогдсоноор тэрээр тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болсон байна. /хх-119-125 дугаар хуудас/

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас үзэхэд Шилдэг шинэ эхлэл ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Машбаяр нь компанийн хувьцаа эзэмшигч М.Эрдэнэтуяад 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 01/05 тоот албан бичгээр 8 ширхэг бетон зуурмаг тээвэрлэгч миксер автомашины нэр шилжүүлэх ажлыг хариуцан, компанийг төлөөлөн гарын үсэг зурах эрхийг итгэмжлэлээр олгож, үүний дагуу М.Эрдэнэтуяа нь БНСУлсын иргэн Бэг Вон Пилтэй 2012 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Автомашин худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулж, гэрээний нэмэлт нөхцөлд төлбөр тооцоо дууссан гэж тусган гарын үсгээ зурж баталгаажуулан, нотариатаар гэрчлүүлж, улмаар 0263УБИ, 8134УБС, 0260УБИ, 3567УБИ, 7628УБС, 2917УБИ, 0261УБИ улсын дугаар бүхий 7 ширхэг миксер автомашины өмчлөх эрхийг Шилдэг шинэ эхлэл ХХК-ийн нэр дээр шилжүүлжээ. /хх-197, 17-29 дүгээр хуудас/

Ингэснээр Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасны дагуу Бэг Вон Пилийн өмчлөх эрх дуусгавар болж, хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх нэхэмжлэгч компанид үүссэн байна.

Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д Их хэмжээний хэлцэл хийх тухай шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана гэж заажээ.

Хариуцагч Б.Машбаяр нь Шилдэг шинэ эхлэл ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа дээрх хуулийн заалтыг зөрчиж, хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэлгүйгээр өөрөө өөртэйгөө хэлцэл хийж, компанийн хөрөнгө болох 7 миксер автомашиныг өөрийн өмчлөлдөө 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шилжүүлсэн байна. /хх-58-61 дүгээр хуудас/

Хариуцагч Б.Машбаяр, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ ... машины төлбөр хийгдээгүй, ... цаашид гуравдагч этгээд рүү шилжихээс хамгаалж өөрийнхөө нэр дээр авсан, ... Ким Хю Жинийн хүсэлтээр маргааны зүйл болох 7 миксер автомашиныг Эм Си Эйч Эс ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн гэж тайлбарлах боловч уг тайлбар нь хуулийн үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч Эм Си Эйч Эс ХХК болон Б.Машбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 7 миксер автомашинуудыг Эм Си Эйч Эс ХХК-ийн өмч гэж марган, Бэг Вон Пилээс гэрчийн мэдүүлэг авахуулдаг бөгөөд гэрч нь ... тэр гэрээ нь Солонгос хэл дээр биш Монгол хэл дээр байсан, өөр хүний нэр дээр шилжүүлэх гэж байна гарын үсгээ зур гээд зуруулсан, ... Ким Хю Жин ... хэлсэн учраас гарын үсгээ зурсан ... гэж мэдүүлдэг боловч Шилдэг шинэ эхлэл ХХК-тай автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулах үеэр түүний орчуулагч Б.Сансарбилэг байлцсан болох нь хэргийн 24-29, 379 дүгээр талд авагдсан баримтуудаар нотлогдож байх тул гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй байна. /хх-300 дугаар хуудас/

Шүүх хариуцагч Б.Машбаярын дээрх үйлдлийг Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг зөрчсөн, мөн хуулийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан ... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзлээ.

Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан Шилдэг шинэ эхлэл ХХК-ийн өмчлөх эрхийг сэргээх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал нь Б.Машбаяр, Эм Си Эйч Эс ХХК-ийн хооронд байгуулагдсан хэлцлийг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй тул хариуцагч компанийн нэр дээр бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй гэж үзэн уг шаардлагын, мөн Шилдэг шинэ эхлэл ХХК-ийн өмчлөх эрхийг сэргээсэн учир нэхэмжлэгчийн, хариуцагч Эм Си Эйч Эс ХХК-д холбогдуулан гаргасан 7 ширхэг миксер автомашины өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгов.

2.Нэхэмжлэгч тал Эм Си Эйч Эс ХХК-д холбогдуулан 0261УБИ дугаартай автомашиныг хууль бус эзэмшилдээ байлгасны улмаас ашиглах боломжгүй болсон гэж үзэн, машины үнэ 30,000,000 төгрөг, 4 машиныг сэргээн засварласан зардал 7,065,000 төгрөг, мөн хариуцагч компанийн хууль бус эзэмшлээс 8134УБС, 2917УБИ улсын дугаартай миксер автомашинуудыг гаргуулах, 7 ширхэг миксер автомашинуудыг хууль бус эзэмшилдээ байлгасан гэж үзэн, хугацааг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөр тооцон учирсан хохирол буюу олох ёстой байсан ашигт 91,399,753 төгрөг, Шилдэг шинэ эхлэл ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө хариуцагчийн эзэмшилд үлдсэн гэх үндэслэлээр эд хөрөнгийн үнэд 19,656,400 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардаж байна.

Шүүх нэхэмжлэгч Шилдэг шинэ эхлэл ХХК-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэм буруутай гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Б.Машбаяр нь 0263УБИ, 8134УБС, 0260УБИ, 3567УБИ, 7628УБС, 2917УБИ, 0261УБИ улсын дугаар бүхий 7 ширхэг миксер автомашиныг өөрийн эзэмшилдээ 2012 оны 9 дүгээр сарын 12-ноос шилжүүлэн авч, 2015 оны 12 дугаар сарын 03-ний өдөр Эм Си Эйч Эс ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байдаг. /хх-61, 140-146,192-206 дугаар тал/

Түүнчлэн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах 1 дүгээр тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Ч.Мягмаржавын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор маргаан бүхий 7 миксер автомашинуудыг битүүмжилж, уг эд хөрөнгүүдийг хадгалах, бүрэн бүтэн байлгахыг Шилдэг шинэ эхлэл ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Дэлгэрт хариуцуулан өгчээ. /хх-55-57 дугаар хуудас/

Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар тогтоолоор мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгө буюу автомашинуудыг нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч нарт хүлээлгэн өгсөн байна. /хх-62-63 дугаар хуудас/

Дээрх бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд 0263УБИ, 8134УБС, 0260УБИ, 3567УБИ, 7628УБС, 2917УБИ, 0261УБИ улсын дугаар бүхий 7 ширхэг миксер автомашинууд 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд Эм Си Эйч Эс ХХК-ийн хууль бус эзэмшилд байгаагүй байх ба 0261УБИ автомашин нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас ашиглагдах боломжгүй болсон гэх үйл баримт баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн 7 миксер автомашин нь 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хариуцагч Эм Си Эйч Эс ХХК-ийн эзэмшилд байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон учир Шилдэг шинэ эхлэл ХХК-д 91,399,753 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн 0263УБИ, 0260УБИ, 3767УБИ, 7628УБС улсын дугаартай миксер автомашинууд хариуцагчийн буруугаас тоногдож, эвдэрсэн, уг эвдэрлийг нэхэмжлэгч тал 7,065,000 төгрөгийн зардал гарган засварласан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч тал уг шаардлагаа нотлохоор 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөр огноолсон Шилдэг шинэ эхлэл ХХК-ийн миксер машин хүлээн авсан акт гэх баримтыг хэрэгт өгсөн боловч Улсын мөрдөн байцаах газраас битүүмжлэгдсэн автомашинуудыг хүлээлгэн өгсөн тэмдэглэлд дээрх 7 ширхэг миксер автомашины доголдлын талаар тусгагдаж баталгаажаагүй, хөндлөнгийн гэрч байлцаагүй, гараар бичсэн баримт байх тул үнэлэх боломжгүй байна. /хх-82 дугаар тал/

Шилдэг шинэ эхлэл ХХК-ийн, хариуцагч Эм Си Эйч Эс ХХК-ийн хууль бус эзэмшлээс 8134УБС, 2917УБИ миксер автомашинуудыг гаргуулахыг шаардсан.

Хэрэгт авагдсан баримтаас харахад Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар тогтоолоор битүүмжлэгдсэн эд хөрөнгө буюу 8134УБС улсын дугаар бүхий автомашиныг нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч Э.Мөнх-Эрдэнэд, 2917УБИ улсын дугаартай автомашиныг М.Эрдэнэтуяад тус тус хүлээлгэн өгчээ.

Шилдэг шинэ эхлэл ХХК нь Эм Си Эйч Эс ХХК-ийн үйлдвэрийн байрнаас 19,656,400 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөө авч чадаагүй гэж марган хариуцагч компаниас эд хөрөнгийн үнэ болох 19,656,400 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч талын шүүхэд гарган өгсөн хэргийн 83-116 дугаар хуудсанд авагдсан зарлагын баримтууд, кассын зарлагын ордер, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, бэлэн мөнгөний зарлагын баримтууд зэргээс харахад худалдан авагчийн нэр, хүлээн авагчийн нэр бичигдээгүй, мөнгийг хүлээн авсан хүний нэр, тушаагч нь тодорхой бус, өөр компанийн нэр бичигдсэн байхаас гадна Шилдэг шинэ эхлэл ХХК нь өмчийн өөрчлөлтийн тайландаа шаардаж буй эд хөрөнгүүдээ тусгаагүй учир нэхэмжлэгч талыг 19,656,400 төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгөтэй байсан гэж үзэх, мөн Эм Си Эйч Эс ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Шилдэг шинэ эхлэл ХХК-ийн, хариуцагч Эм Си Эйч Эс ХХК-иас 0261УБИ дугаартай автомашины үнэ 30,000,000 төгрөг, 4 машиныг сэргээн засварласан зардал 7,065,000 төгрөг, мөн хариуцагч компанийн хууль бус эзэмшлээс 8134УБС, 2917УБИ улсын дугаартай миксер автомашинуудыг гаргуулах, 7 ширхэг миксер автомашинуудыг хууль бус эзэмшилдээ байлгасны улмаас учирсан хохирол буюу олох ёстой байсан ашигт 91,399,753 төгрөг, нэхэмжлэгч компанийн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ үлдээсэн эд хөрөнгийн үнэд 19,656,400 төгрөгийг тус тус гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч компаниас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,109,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Машбаяраас 70,200 төгрөгийг гаргуулан Шилдэг шинэ эхлэл ХХК-д буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 100 дугаар зүйлийн 100.1, 497 дугаар зүйлийн 497.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан Шилдэг шинэ эхлэл ХХК-ийн, 0263УБИ, 8134УБС, 0260УБИ, 3567УБИ, 7628УБС, 2917УБИ, 0261УБИ улсын дугаар бүхий 7 ширхэг миксер автомашиныг өмчлөх эрхийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр Эм Си Эйч Эс ХХК-ийн нэр дээр хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагыг, мөн хариуцагч Эм Си Эйч Эс ХХК-д холбогдох 7 ширхэг миксер автомашины өмчлөгчөөр тогтоолгож, 0261УБИ дугаартай автомашины үнэд 30,000,000 төгрөг, компанийн хууль бус эзэмшлээс 8134УБС, 2917УБИ улсын дугаартай миксер автомашинуудыг гаргуулан, 7 ширхэг миксер автомашинуудыг хууль бус эзэмшилдээ байлгасны улмаас олох ёстой байсан ашиг 91,399,753 төгрөг, хууль бус эзэмшилд үлдсэн эд хөрөнгийн үнэд 19,656,400 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,109,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Машбаяраас 70,200 төгрөг гаргуулан Шилдэг шинэ эхлэл ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД З.ДОРЖНАМЖИН

Д.НАРАНЦЭЦЭГ