Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/01489

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 151/ШШ2017/00369 дүгээр шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 223/МА2017/00017 дугаар магадлалтай,

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Н” ХХК-д холбогдох,

4153 УН улсын дугаартай дугуйт ачигч болон тоног төхөөрөмжүүдийн түрээсийн төлбөр, сэлбэг, засварын хөлс, тээвэрлэлтийн зардал нийт 415.996.530 төгрөг гаргуулах тухай үндсэн,

№052/2014, №053/2014 дугаар гэрээний 4 дэх хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгсийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Э ХХК нь Ньюперл ХХК-тай 2014 онд 052, 053 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаад 10148, 10149 арлын дугаартай 2 дугуйт ачигчийг хүлээлгэж өгсөн. Урьдчилгаа төлбөрийг төлж авсан. Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр тоног төхөөрөмжүүдийг ашигласан хугацааг түрээсийн төлбөрөөр тооцоод худалдагч, худалдан авагчид төлнө гэж тохиролцсон. 10148 арлын дугаартай дугуйт ачигч 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 388 өдөр ашигласан. Үүний дараа өөрсдийн буруутай үйлдлээс болж тоног төхөөрөмжийг эвдэлсэн байхад нь бид очиж авсан. Мөн 2015 онд 036 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээгээр ИДЖ-200 маркийн генераторыг шилжүүлж өгсөн. 1 сарын түрээсийн төлбөр 16.940.000 гэж тохиролцсоор өмнө төлсөн төлбөрийг хасаад нийт 220.147,300 төгрөг, 10149 арлын дугаартай дугуйт ачигчийн хувьд 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 426 өдөр ашиглаад түрээсийн төлбөр өмнө төлсөн төлбөрийг хасаад нийт 183.342,500 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөх ёстой гэж тодорхойлж байна. 3 дахь тоног төхөөрөмж ИДЖ-200 маркийн цахилгаан үүсгэгч генераторыг 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 42 хоног ашигласан гэж үзээд өмнө төлсөн төлбөрийг хасаад нийт 12.506.730 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж тодорхойлж байна. Нийтдээ 415.996.530 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2.897.810 төгрөг төлснийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Н” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Зохигчид хоорондоо 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Тухайн үед өгсөн 2 дугуйт ачигч бүрэн бус ажиллагаатай, доголдолтой техник өгсөн. Ирээд 7 хоноогүй байхад тормос эвдэрсэн. Тухайн үед мэдэгдсэн боловч сэлбэг байхгүй, сэлбэгээ захиалсан гэх шалтгаанууд хэлдэг байсан. Үүнээс болж манай талд маш их хэмжээний хохирол учирч байсан. Үнэхээр тоног төхөөрөмжийг ажиллуулаад ашиг шимийг нь хүртсэн бол төлөх нь зүйтэй. Байгуулсан гэрээний 4.4 зааснаар түрээсийн гэрээ болгоно гэж заасан байдаг. Энэ нь Иргэний хуулийн 317-р зүйлд зааснаар бичгээр хийх ёстой байдаг, мөн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэл бүртгүүлнэ гэж заасан байдаг учраас манайх огт хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээ албан ёсоор 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр цуцалсан гэдгийг мэдэгдэж хүсэлтээ өгсөн. Манайх 115.970.400 төгрөг төлсөн гэдэг боловч Ёос гэдэг компани манайд 200.000.000 төгрөгийн өртэй байгаад мөн төлсөн байдаг. Манай талаас худалдаж авсан үнээ төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Н” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2014 онд 052, 053 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээнүүдийн 4-т тоног төхөөрөмжөө буцаан татах, гэрээ цуцалсны үр дагавар гэх хэсэгт түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцож түрээс болгосон нь өөрөө хууль бус байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4, 318.5, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу дээрх хэлцлийн 4 дэх хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, түрээсийн гэрээ гэсэн хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасны дагуу гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг. Үүний дагуу зохигчид харилцан тохиролцож, тэгш эрхийн үндсэн дээр хоорондын гэрээний агуулгыг тодорхойлж хэрэв гэрээ цуцлагдсан тохиолдолд тоног төхөөрөмжийг ашигласан хугацааг түрээсийн хугацаанд тооцохоор тохиролцож гэрээнүүдийг байгуулсан. Бидний хооронд байгуулсан гэрээнүүдэд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсгийг зөрчөөгүй тул хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 151/ШШ2017/00369 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Н ХХК-иас 10149 арлын дугаартай 4153 улсын дугаартай SD300N маркийн дугуйт ачигч, мөн 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 052/2014, 053/2014 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр №23/2015 санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн төлбөрт 300.230.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 115.766.030 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 56.1.1-д зааснаар хариуцагч “Н” ХХК-ийн “2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 052/2014, 053/2014 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3.046.870 төгрөгийг, “Н” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-иас 1.659.102 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШЗ2015/24970, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2016/05118 дугаартай шүүгчийн захирамжууд нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 223/МА2017/00017 дугаар магадлалаар: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 151/ШШ2017/00369 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэгийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1,659,102 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Төв аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 223/МА2017/00017 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хавтаст хэргийн 1-р хавтасны 53 дугаар хуудсанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэнд-Аюушт зохигчдын эдлэх эрхийг танилцуулсан баримт, мөн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр (2-р хавтасны 9-р хуудсанд) хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Алтанцэцэгт хэргийн материалыг танилцуулсан баримтууд тус тус авагдсан байна. Иймд эдгээр баримтууд хэрэгт байхгүй байна хэмээн давж заалдах шатны шүүх дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулсан гэрээний тоног төхөөрөмжийн ашигласан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх заалтыг үндэслэн нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй мотор цагийг тогтоолгох хүсэлтийг гаргасныг анхан шатны шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзсан. Хэдийгээр анхан шатны шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан тухайгаа шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгтээ орхигдуулсан боловч энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил биш юм. Учир нь энэхүү жижиг алдаанаас шалтгаалаад шүүх хэргийг шийдвэрлэх асуудалд аливаа хэлбэрийн нөлөө байхгүй юм. Зохигчдын хооронд санхүүгийн түрээсийн болон худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн боловч гэрээ цуцлагдсан тохиолдолд тоног төхөөрөмж ашигласан хугацааны төлбөрийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн төлбөрөөр тооцож авахаар зохигчид тохиролцсон тул анхан шатны шүүх Иргэний хуулийн санхүүгийн түрээсийн гэрээний заалтыг бус Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх заалтыг үндэслэж хэргийг шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа бол түүнийг засвар эрх болон боломж нь давж заалдах шатны шүүхэд байсан юм. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан 4153 УН улсын дугаартай дугуйт ачигч болон 415.996.530 төгрөг гаргуулахаар шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлд 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн  “Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ“ тухай 2 гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 8-ний өдрийн Санхүүгийн түрээсийн гэрээг дурджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дээрх гэрээний 4 дэх заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Дээрх гэрээнүүдэд зааснаар “Э” ХХК нь тус бүр нь 120.054.000 төгрөгийн нэгж үнэтэй, 10148, 10149 тоот арлын дугаартай, DOOSAN SD300N маркийн 2 ш дугуйт ачигч, мөн 81.547.500 төгрөгийн нэгжийн үнэтэй EDG-200 генераторыг тодорхой хугацаатай, хүүтэй, урьдчилгаа төлбөрийг төлүүлж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эзэмшил, өмчлөлд шилжүүлэх, “Н” ХХК нь тоног төхөөрөмжийг хүлээн авч, төлбөрийг гэрээний хавсралтад заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцжээ /хэргийн 11-35 дугаар тал/.

Хариуцагч төлбөрийг хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэрээнүүдийг цуцалж, 10148 арлын дугаартай дугуйт ачигч болон генераторыг буцаан авсан байх ба 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээ цуцлагдсан тул тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцсон гэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, зохигчдын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

Худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг гэрээг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж тодорхойлсон. Хариуцагч  нь дугуйт ачигч болон генераторын үнийг тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөхөөс гадна хүү төлөхөөр тохиролцсон нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжтэй  болохыг шүүх анхаараагүй байна.

Гэрээ цуцлагдсан тохиолдолд 052/2014, 053/2014 тоот гэрээний 4.1-т тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн 1 сарын түрээсийн үнэлгээг 15.400.000 төгрөгөөр, санхүүгийн түрээсийн гэрээний 4.2-т сарын түрээсийн төлбөрийг 16.500.000 төгрөгөөр тооцохоор тус тус заасан, анхан шатны шүүх уг заалтыг үндэслэн нэхэмжлэлийг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон тохиолдолд үүрэг дуусгавар болохоор Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.3-т заасан. Энэ тохиолдолд үүрэг солиход эрх зүйн үр дагавар өөр болох тул энэ талаар талууд тохиролцох шаардлагатай бөгөөд түрээсийн гэрээний зүйл, түрээсийн хөлс төлөх журам, түрээслэгч, түрээслүүлэгчийн эрх, үүрэг, хариуцлагын талаар талууд харилцан тохиролцсон нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...ковшийг анх авахад тормоз нь ажиллахгүй байсан, ...өөрсдөө засаж өгнө гэчихээд засаагүй, биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн” гэсэн тайлбар гаргаж, улмаар 2 ш ковшны  мото цагийг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь талуудын мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь ковшийг ашигласан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7.-д заасан “энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх үндэслэлд хамаарч байх тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь хуулийг зөрчөөгүй байна.                   

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.3.-т зааснаар шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй болно.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй тул магадлалд заасан үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 223/МА2017/00017 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгсийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 1.659.103 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ