Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 113/ШШ2017/0012

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Тайж овогт Чулууны Энхцэцэг, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, 152 дугаар байрны 3-42 тоотод оршин суух (РД:ЕЙ69082501);

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга;

Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Б/08 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, тус сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож[1], ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Энхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Наранхүү, хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга В.Гантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сумъяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Энхцэцэг миний бие нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын Санхүү албаны даргаар ажиллаж байгаад Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Ч.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь халах тухай” Б/08 дугаар тушаалаар ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан. Энэхүү тушаалыг хүлээн аваад Гүвьсүмбэр аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд гомдол гаргасан боловч зөрчигдсөн эрхийг маань сэргээгээгүй. Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн хариуг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хариуг эс зөвшөөрөн шүүхэд гомдол гаргаж байна. Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны Б/08 дугаар тушаал нь миний хөдөлмөрлөх эрх, хуулийн дагуу төрийн алба хаах эрхийг ноцтойгоор зөрчөөд байна. Уг тушаалд “ажлын байрны тодорхойлолтонд заасан үүргийг үл биелүүлж, удаа дараа ажилдаа хариуцлагагүй хандан Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг зөрчин бүрдэл болоогүй гарын үсгээр гүйлгээ хийсэн, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сумын 2017 оны орон нутгийн хөгжил сангийн төсвийг батлуулахаар оруулахдаа буруу тооцоолол хийж 4320000 төгрөгийг төсөвт оруулж батлуулаагүй, 2016 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн...” гэж дурьдсан байдаг. Тийнхүү халахдаа Төрийн албаны тухай хуулийн 23.1.1, 23.1.2, 25.1.1 болон Засгийн газрын 2015 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ыг тус тус үндэслэжээ. Уг тушаал нь хууль зүйн болон үйл баримтын хувьд үндэслэлгүй болохыг дараах байдлаар тайлбарлая. 1/ Төрийн албаны тухай хуулийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байрны/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн”, 23.1.2-д “үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэх заалтуудаар намайг үүрэгт ажлаас халах хууль зүйн үндэслэл болохгүй юм. Учир нь тус хуулийн 23.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачлагаар албан тушаал бууруулж болно” гэжээ. Хууль зүйн энэ үндэслэлийг намайг албан тушаал бууруулах тохиолдолд хэрэглэнэ. Гэтэл тус үндэслэлийг хэрэглэчихээд намайг үүрэгт ажлаас халсан нь буруу юм. 2/ Төрийн албаны тухай хуулийн 25.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална” гээд 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж заасныг үндэслэн намайг үүрэгт ажлаас халсан. Гэтэл намайг халсан тушаалд дурдагдсан үндэслэлүүд худлаа, үндэслэлгүй, буруу юм. а/ Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны Б/08 дугаартай “Ч.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь халах тухай” тушаалд “...Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг зөрчин бүрдэл болоогүй гарын үсгээр гүйлгээ хийсэн...” гэжээ. Миний бие ажиллах хугацаандаа Засгийн газрын 2015 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ыг зөрчсөн үйлдэл гаргаж байгаагүй болно. б/ “...2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сумын 2017 оны орон нутгийн хөгжил сангийн төсвийг батлуулахаар оруулахдаа буруу тооцоолол хийж 4320000 төгрөгийг төсөвт оруулж батлуулаагүй...” гэх энэхүү үйлдэл нь надад хамааралгүй болно. в/ Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны Б/08 дугаартай “Ч.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь халах тухай” тушаалд “...2016 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн...” гэжээ. Миний ажлыг өмнө нь ажиллаж байсан Тамгын газрын дарга Б.Улаанхүү 2016 оны байдлаар үр дүнгийн гэрээг 90-ээс дээш хувьтайгаар “А” үнэлсэн. Гэтэл Тамгын дарга солигдсоны дараа сумын Засаг дарга үндэслэлгүйгээр дахин үнэлж “D” үнэлсэн. Энэхүү намайг үнэлэх ажиллагаа ердөө л 1 сар орчмын дотор явагдсан. Ингэхдээ дараа нь үнэлсэн ажиллагааны хувьд үнэлэх эрхгүй этгээд буюу сумын Засаг дарга өмнөх үнэлгээг хүчингүй болоогүй байхад хоорондоо зөрчилдсөн үйл ажиллагааг хийж дүгнэсэн. Миний хувьд 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлт “А” үнэлэгдсэн болохоос биш “D” үнэлгээ аваагүй болно. Иймээс тус тушаалд дурдагдсан хангалтгүй гэх үнэлгээ нь үндэслэлгүй юм. Иймд миний ажиллаж байх хугацаандаа албан үүргээ шаардлагын хэмжээнд хангалттай гүйцэтгэж ирсэн бөгөөд удаа дараа хангалтгүй биелүүлсэн болон албан үүргээ үл биелүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 3/ Намайг үүрэгт ажлаас халахын өмнө намайг халах талаар ямар нэг мэдэгдсэн зүйл байхгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан ажлаас халах тухай мэдэгдлийг 1 сарын өмнө мэдэгдэл өгөх тухай үүргээ Баянтал сумын Засаг даргын  Тамгын газар нь огт хэрэгжүүлээгүй. Энэхүү тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх...” үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөн болно. 4/ Мөн тус заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 17-д хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан “сарын өмнө мэдэгдэх”, “45 хоногийн өмнө мэдэгдэх”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасан “ажилтанд 2 сар түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх” тухай заалтуудыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлах тухай ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулна.” гэж тайлбарлажээ. Иймд Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/08 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажиллаж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус сумын Санхүү албаны даргаар ажиллаж байсан Ч.Энхцэцэг нь ажилдаа хариуцлагагүй хандан сахилгын шийтгэл авсан. Үүнд сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 27-ний өдрийн Б/26 дугаар тушаалаар сарын үндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл авагдсан нь сахилгын шийтгэл бүхий тушаалаар нотлогдож байна. Сумын Санхүү албаны дарга нь сумын төсөвт байгууллагуудын гүйлгээг хийх, Санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй, Төрийн сангийн үйл ажиллагаанд тавих хяналтыг алдагдуулсан зөрчил илэрсэн. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны тогтоолоор батлагдсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 7.1, 7.5, 7.13, 7.13.5, 7.13.7 дахь заалтуудыг тус тус  зөрчин тухайн байгууллагын бүртгэлийн данснаас гүйлгээ хийхдээ байгууллагын баталгаат гарын үсэг, байгууллагын тамга тэмдгээр баталгаажуулсан төлбөрийн даалгавар, анхан шатны баримт дутуу, иж бүрдэл болоогүй тохиолдолд зарлагын гүйлгээ гаргахыг хориглосон. Санхүү албаны даргын ажлын байрны зорилго нь сумын санхүү, эдийн засаг, төсвийн бодлогыг боловсруулж, төсвийн орлого бүрдүүлэлт, мөнгөн хөрөнгийн үйл ажиллагаанд Төрийн сангийн бүртгэлээр урсгал хяналт тавьж, төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөтөлж, Санхүүгийн сахилга батыг сайжруулах, төсвийн гүйцэтгэлийн тайланг нэгтгэж, удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангахад оршино. Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан 4 үндсэн зорилтын хүрээнд Төрийн сангийн нэгдсэн дансаар дамжуулан, мөнгөн хөрөнгийн орлого, зарлагад урсгал хяналт тавих, төрийн сангийн үйл ажиллагаанд дотоод хяналтыг хэрэгжүүлдэг. Сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь Засаг даргын зөвшөөрлөөр 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хот руу албан ажлаар явсан, эзгүй байхад удирдах албан тушаалтантай зөвшилцөлгүйгээр дур мэдэн шийдвэр гаргаж гарын үсэггүй гүйлгээ хийсэн нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын “Хариуцлага тооцох хэсэг”-ийн хориглосон заалтыг зөрчиж дур мэдэн шийдвэр гаргасан болно. Байгууллагын бүртгэлийн данснаас гүйлгээ хийхдээ байргууллагын баталгаат гарын үсэг, байгууллагын тамга тэмдгээр баталгаажуулсан төлбөрийн даалгавраар 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гүйлгээ хийсэн нь төрийн сангийн дансны хуулга, төлбөрийн даалгавар, Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №59 албан тоот зэргээр нотлогдоно. 2017 оны Орон нутаг хөгжил сангийн төсвийг 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  03 дугаар хуралдаанаар батлуулахдаа тооцоо судалгаа хийгээгүй, Баянтал сумын ерөнхий төлөвлөгөөний үлдэгдэл санхүүжилт болох 4320000 төгрөгийг орхигдуулан, батлуулаагүй нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулах нөхцлийг бүрдүүлсэн. Ямар ч ажилтан, албан хаагч ажил хийснийхээ төлөө цалин авдаг нь энэ нийгмийн зарчим. Ч.Энхцэцэг нь Санхүү албаны даргын албыг хашихдаа ажлын байрны тодорхойлолтод заасан дээр төсвийн төсөл болон төсвийн тодотголыг хуулийн дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оруулж хэлэлцүүлэн батлуулах үүрэгтэй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах, бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх, энэ үүргээ хэрэгжүүлээгүйгээс хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явагдахад хүндрэл учирсан. Энэ нь 2015, 2016, 2017 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн хуралдааны тогтоолоор нотлогдоно. Ч.Энхцэцэг нь 2016 оны “Үр дүнгийн гэрээний биелэлт”-ээр “А” үнэлгээ авсныг сумын Засаг дарга Д.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр баталгаажуулахдаа Боловсролын салбарт санхүүгийн сахилга бат сул, хяналт муу тул “D” буюу дутагдалтай гэж дүгнэсэн. Иймээс ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтонд заагдсан чиг үүргүүдийг хангалтгүй биелүүлж, ажлаасаа халагдсан болно. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоолоор сумын Засаг даргын Тамгын газарт Санхүүгийн албыг байгуулж, түүнд сумдад үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад санхүү, нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн үйлчилгээ хүргэх, сумын төсөв, санхүү, эдийн засаг, хөгжлийн бодлогын төлөвлөлтийн асуудлыг хариуцуулсан ба уг тогтоолын хавсралтын 1.1-д “Санхүү албаны дарга нь ерөнхий нягтлан бодогч байна” гэж тодорхойлжээ.

Сумын Засаг даргын Тамгын газрын бүтцэд хамаардаг “Санхүүгийн албаны дарга” хэмээх төрийн жинхэнэ албан тушаалтныг томилж, чөлөөлөх харилцааг авч үзвэл, Төсвийн тухай хууль (2011 он)-ийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчтай, ... зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэж заасан бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 он)-ийн 33 дугаар зүйлийн 33.4-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж чөлөөлнө” гэж өөрөөр зохицуулсан.

            Санхүүгийн албаны даргыг Тамгын газрын бүтцэд хамаарах ажилтных нь хувьд сумын Засаг даргын Тамгын газрын дарга, харин сумын төсвийн ерөнхий нягтлан бодогчийнх нь хувьд сумын Засаг дарга томилж чөлөөлөхөөр зохицуулсан нь эрх зүйн хэм хэмжээний хувьд зөрчилтэй байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасантай харьцуулж үзвэл төсвийн харилцаанд оролцогчдын эрх үүргийг илүү нарийвчлан зохицуулсан, сүүлд хүчин төгөлдөр болсон Төсвийн тухай хуулийг хэрэглэж, Санхүүгийн албаны даргыг сумын Засаг даргын захирамжаар томилж чөлөөлөхөөр, энэ тохиолдолд “Ч.Энхцэцэгийг ажлаас халах тухай” Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг илт хууль бус гэж тооцохоор байна.

Учир нь энэ тохиолдолд сумын Засаг даргын Тамгын газрын даргыг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-д зааснаар өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэх ба Санхүү албаны дарга Ч.Энхцэцэгийг ажлаас халахдаа Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар ажлаас халах тухай саналаа албан ёсоор, бичгээр хүргүүлээгүй тул аймгийн Засаг даргатай зөвшилцөх шаардлагыг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй болохыг дурдах нь зүйтэй[2].

Гэвч нэхэмжлэгч Ч.Энхцэцэг нь Баянтал сумын Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг маргаан бүхий захиргааны акт хэмээн тодорхойлж, түүнийг “хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан; анх хуульд заасан журмын дагуу төрийн албаны сонгон шалгаруулалтад орж, сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар томилогдож[3], уг албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлсэн, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас иргэн хохирох ёсгүй гэж тайлбарлах ба хариуцагч “Санхүү албаны дарга нь сумын Засаг даргын Тамгын газрын бүтцэд хамаарах тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу сумын Засаг даргын Тамгын газрын дарга томилж чөлөөлнө” гэж маргаж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан зарчмыг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

“Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Б/08 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, тус сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, 25 дугаар зүйлийн 25.1.1, Засгийн газрын 2015 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 7.1, 7.5, 7.13, 7.13.5, 7.13.7, Хөдөлмөрийн дотоод журмын 12.1, 12.1.1, 12.1.3, 12.1.5 дахь заалтуудыг үндэслэн Санхүү албаны дарга Ч.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь халжээ.

Ингэхдээ Ч.Энхцэцэгт холбогдох зөрчлийг захиргааны актад “(а) Ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргийг үл биелүүлж, удаа дараа ажилдаа хариуцлагагүй хандан Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг зөрчин бүрдэл болоогүй гарын үсгээр гүйлгээ хийсэн, (б) сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанд сумын 2017 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг батлуулахаар оруулахдаа буруу тооцоолол хийж 4320000 төгрөгийг төсөвт оруулж батлуулаагүй, (в) 2016 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж тодорхойлсон ба дээрх акт болон маргааны үйл баримтын хүрээнд нэхэмжлэгчээс “уг тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлээгүй, үр дүнгийн гэрээг сумын Засаг дарга дүгнэсэн нь журам зөрчсөн, 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн гүйлгээний хувьд журмын дагуу залруулга хийсэн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар сумын төсөв батлуулахад тооцоолол буруу хийж 4320000 төгрөг батлуулаагүй гэх зөрчил нь нэхэмжлэгчид хамааралгүй, төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулах зөрчлийг үндэслэл болгож ажлаас халсан нь үндэслэлгүй” гэж, хариуцагчаас “Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулсан, гарын үсгийн бүрдэл дутуу баримтыг буцаах эрхтэй байтал хяналт тавьж ажиллаагүй, дутуу санхүүжилт болох 4320000 төгрөгийг батлуулах үүрэг нь ажлын байрны тодорхойлолтод нь заагдсан ажил байсан, нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь Санхүү албаны даргыг томилж чөлөөлөх эрхтэй” гэх зэргээр маргах ба хэргийн оролцогчдын тодорхойлсон шаардлага ба татгалзлын үндэслэл бүрийг авч үзвэл:

1. “Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу хийсэн” гэх хариуцагчийн тайлбарын тухайд;

Төрийн албан тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.1.11, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар сумын Засаг даргын Тамгын газрын Санхүү албаны даргын албан тушаал нь “төрийн жинхэнэ албан тушаал”, уг албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж, төрөөс цалин хөлс авч байсан Ч.Энхцэцэг нь “төрийн жинхэнэ албан хаагч” мөн байх тул тус хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа түүнд нэгэн адил хамаарч, эрх бүхий албан тушаалтнаас хөдөлмөрлөх эрхэд нь халдсан аливаа шийдвэр гаргахад энэ хуулийг баримтлана.

Маргаан бүхий захиргааны актад дурдсанчлан тус хуулийн 23 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулах, 25 дугаар зүйлд төрийн албанаас халах  үндэслэлийг тодорхойлсноос бус, шийдвэр гаргахад баримтлах журмыг нарийвчлан зохицуулаагүй тул энэ харилцаанд Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг болон 3.3-д “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасны дагуу Захиргааны ерөнхий хууль үйлчилнэ.

Тодруулбал, Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Б/08 дугаар захирамжийг гаргахдаа тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “ ... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.3-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана:”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацаа дуусгавар болсноос хойш сонсох ажиллагаа хийхгүй”, 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна:” гэж заасныг бүрэн хэрэгжүүлээгүй, 29 дүгээр зүйлд заасан хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудсыг зохих журмын дагуу[4] хөтлөөгүй болох нь Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын баримт бичигт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар[5] тогтоогдож байна.

Дээр дурдсан Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтуудын агуулгыг тоймловол “тухайн шийдвэрийг гаргахад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн буюу хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлж, санал тайлбарыг нь сонсох зэргээр шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах; сонсох ажиллагааны мэдэгдлийг хуульд заасан шаардлага, журмын дагуу хүргүүлэх; шийдвэр гаргах ажиллагааны хугацааг тодорхойлох; бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг нэгбүрчлэн хангасан байх” нь шийдвэр хууль ёсны байх шаардлагыг илэрхийлнэ. Захиргааны байгууллагаас гаргаж буй аливаа шийдвэр, түүнийг гаргах үйл ажиллагаа нь хуулиар олгосон эрхийн хүрээнд, тогтоосон шаардлагын дагуу байх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “захиргаанаас хууль зөрчсөн ямарваа үйлдэл хийхийг хориглох, хуульгүйгээр дур мэдэн аливаа үйлдэл хийхийг хориглох” агуулга бүхий “хуульд үндэслэх зарчим”-д нийцнэ.

Гэтэл Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Б/08 дугаар захиргааны шийдвэр гаргах сонсох ажиллагааны талаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй Ч.Энхцэцэгт мэдэгдэл хүргүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтан тодорхойгүй зэргээр Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан шаардлагын дагуу мэдэгдэл хүргүүлээгүйн улмаас сонсох ажиллагааны тэмдэглэлийг тус хуулийн 27.6-д заасан агуулга, шаардлагын дагуу үйлдээгүй, шийдвэр гаргах ажиллагааны хугацааг тодорхойлоогүй, маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэж заасан шаардлагыг хангаагүй, захиргааны актын хувийн хэрэгт шийдвэр гаргах ажиллагааны үндэслэлд хамаарах хийгээд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэнтэй холбоотой баримт байхгүй, уг актад хөтөлсөн хяналтын дагалдах хуудсанд шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтны оролцоо, гүйцэтгэлийг дэлгэрэнгүй тэмдэглээгүй зэрэг нь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны Б/08 дугаар тушаал хууль бус байх үндэслэлд хамаарах ба хариуцагчийн гаргасан дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

Учир Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” зарчмын агуулгаар тайлбарлавал захиргааны байгууллагаас гаргаж буй захиргааны актаас гадна уг шийдвэрийг гаргах ажиллагаа (процесс) нь хууль тогтоомжид заасан журмын дагуу явагдаагүй нь захиргааны үйл ажиллагааг хууль бус гэж тооцох үндэслэл болно.

2. 2016 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанд сумын 2017 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг батлуулахаар оруулахдаа буруу тооцоолол хийж 4320000 төгрөгийг төсөвт оруулж батлуулаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг үл биелүүлсэн” гэх зөрчлийн тухайд;

(а) Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ”, 19.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн ... албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ”, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 1.1-д “Байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргын албан тушаалд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч-менежер төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэхэд энэхүү журмыг баримтлана”, 2.3-т “Менежер нь гэрээнд заасан хугацаанд төрийн жинхэнэ албан хаагчийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулах үүрэгтэй”, 6.1-д “Менежер нь гэрээний биелэлтийг дүгнэж, ... ярилцлага хийнэ”, 6.4-д “Менежер нь гэрээний биелэлтэд дор дурдсан үнэлгээний аль нэгийг өгнө” гэж тус тус заасныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 33.4, Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог баталсан шийдвэр[6] зэрэгтэй харьцуулбал сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга (менежер)-ын хувьд Санхүүгийн албаны даргын үр дүнгийн гэрээг дүгнэх ба энэ үнэлгээ нь төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн түвшинг тодорхойлдог байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “үлгэрчилсэн загвар, аргачлал”-ын 5-д заасны дагуу сумын Засаг дарга нь үр дүнгийн гэрээг дүгнэх эрхтэй гэж тайлбарлах боловч энэ нь төсвийн шууд захирагч (сумын Засаг даргын Тамгын газрын дарга)-ийн үр дүнгийн гэрээг төсвийн ерөнхийлөн захирагч (сумын Засаг дарга)-аас дүгнэх харилцааг зохицуулжээ.

Баянтал сумын Засаг даргын хувьд Санхүү албаны дарга Ч.Энхцэцэгийн 2016 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээг дүгнэсэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын “А” буюу “маш сайн” үнэлгээг бууруулж, “D” буюу “дутагдалтай” гэж дүгнэсэн байх боловч Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6.1, 6.4-д заасан “гэрээг дүгнэхдээ ярилцлага хийх, оноогоор үнэлгээ өгөх” шаардлагыг хэрэгжүүлээгүй нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн “сумын Засаг дарга яаж үнэлснийг сүүлд мэдсэн, өөрийн дотоод үзэмжээрээ дүгнэсэн гэж надад хэлсэн” гэх тайлбар, гэрч Б.Улаанхүүгийн “Би сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Санхүү албаны дарга Ч.Энхцэцэгийн 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнэж, 90.3 хувь буюу “A” үнэлсэн, сумын Засаг даргад танилцуулахаар өгөөд, надад буцааж өгөөгүй байхад нь ажлаасаа гарсан” гэх мэдүүлэг болон Санхүү албаны дарга Ч.Энхцэцэгийн 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлт зэргээр[7] нотлогдоно.

(б) Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “Орон нутгийн хөгжил сангийн төсвийг батлуулахдаа тооцоо судалгаа хийгээгүй, сумын ерөнхий төлөвлөгөөний үлдэгдэл санхүүжилт болох 4320000 төгрөгийг батлуулаагүй нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулсан” гэж тайлбарлах ба Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын Санхүү албаны даргын ажлын байрны тодорхойлолтын “Б.Чиг үүрэг, 3. Ажлын байрны гол үйл ажиллагаа” хэсгийн 1.2-т “Төсвийн төсөл болон төсвийн тодотголыг хуулийн дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн чуулганд оруулж, хэлэлцүүлэн батлуулах” гэж заасан боловч энэ нь Төсвийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д заасанд нийцэхгүй байна. Учир нь дээрх хуулийн зохицуулалтаар тухайн шатны төсвийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах нь сумын Засаг даргын бүрэн эрхэд хамаарах ажээ.

Баянтал сумын 2016 оны төсвийн тодотгол батлах тухай сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 6 дугаар тогтоолыг эс тооцвол 2014, 2015, 2017 оны төсөв, түүний тодотголд сумын ерөнхий төлөвлөгөөний зургийн үлдэгдэл 4.320.000 төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн хүрээнд хамааруулж, иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулаагүй нь шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, гэрч Б.Улаанхүүгийн мэдүүлэг зэргээр тогтоогдох ба Баянтал сумын Засаг даргын тамгын газрын баримт бичигт шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан баримт бичгүүдийг[8] харьцуулан дүгнэвэл дээрх 4320000 төгрөг нь Баянтал сумын Засаг даргын Тамгын газар болон “ХБХДТ” ХХК-ийн хооронд байгуулсан “Говьсүмбэр аймгийн Баянтал сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах гэрээ”-ний үлдэгдэл төлбөр болох нь, талууд гэрээг дүгнэж тооцоо нийлсэн акт үйлдээгүй, гүйцэтгэгч нь гэрээгээр гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгөөгүй зэрэг нь тогтоогдож байх тул гэрч Л.Лхагвасүрэнгийн “4320000 бол орон нутгийн хөгжлийн сангийн хэмнэгдсэн төсөв юм. Төсөв батлуулах нь Санхүү албаны даргын үүрэг байсан. Тамгын газрын дарга энэ мөнгө батлагдаагүй орхигдсон байна гээд оруулж ирж батлуулсан”[9] гэх мэдүүлэг бүхэлдээ үгүйсгэгдэж байна. 

Өөрөөр хэлбэл, Б/08 дугаар тушаалд заасан “Орон нутгийн хөгжил сангийн төсвийг батлуулахдаа тооцоо судалгаа хийгээгүй, сумын ерөнхий төлөвлөгөөний үлдэгдэл санхүүжилт болох 4320000 төгрөгийг батлуулаагүй” гэдэг нь сумын Засаг даргад хуулиар олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлээгүй гэсэн агуулгыг илэрхийлэх ба Санхүүгийн албаны даргын албан тушаалын бүрэн эрх, чиг үүрэгт үл хамаарах асуудлыг зөрчил хэмээн тодорхойлж, ажлаас халах үндэслэлд хамааруулсныг буруу гэж үзлээ.

(в) Хариуцагч нь маргаан бүхий Б/08 дугаар тушаалд дурдсан “ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг үл биелүүлсэн” гэх зөрчлийг бүрдэл болоогүй гарын үсгээр гүйлгээ хийсэн, 2016 оны 12 сарын 09-ний өдрөөс 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл төлбөрийн хүсэлтүүдэд ямар хяналтгүй гүйлгээ хийсэн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сумын ерөнхий төлөвлөгөөний үлдэгдэл санхүүжилт болох 4320000 төгрөгийг батлуулаагүй зэргээр тайлбарлажээ[10].

Дээрх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг маргаан бүхий Б/08 дугаар тушаалд баримталсан нь үндэслэлгүй юм. Учир нь “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх томъёолол бүхий хуулийн энэ заалт нь ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд дордуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор гүйцэтгээгүй байхыг ойлгодог. Энэ агуулгаар нь тайлбарлавал хуулийн энэ зохицуулалт нь Б/08 тушаалд дурдсан “ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг үл биелүүлсэн” гэх зөрчилд хамаарахгүй.

Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 23 дугаар зүйлийн 23.1, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 1.5 дахь хэсгийн зохицуулалтуудыг харьцуулан дүгнэвэл үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн “D” буюу “дутагдалтай” үнэлгээний дагуу хэрэгжүүлэх арга хэмжээ нь Төрийн албан тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасан “төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулах” үндэслэлд хамаарч байхад Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Б/08 дугаар тушаалд Ч.Энхцэцэгийг ажлаас халах үндэслэл болгож баримталсан нь хуульд нийцэхгүй ба “албан тушаал бууруулах талаар ярьж байхад зөрчил гаргасан тул халсан” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээж авах боломжгүй юм.

Иймд Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь төрийн жинхэн албан хаагчийг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2-т заасан “албан тушаал бууруулах үндэслэл”-д хамаарах хэм хэмжээг сонгон хэрэглэсэн нь Захиргааны ерөнхийх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”  зарчимд нийцээгүйг тэмдэглэв.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт нь тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан буюу дээр дурдсан агуулгаар тайлбарлагдах ба тус хуулийн 26 дугаар зүйлд заасан “төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах”-д хамаарах үндэслэл болох тул “Ч.Энхцэцэг өмнө нь буюу 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр сахилгын арга хэмжээ авагдсан, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн аваагүй болно.

3. “Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг зөрчин бүрдэл болоогүй гарын үсгээр гүйлгээ хийсэн” гэх зөрчлийн тухайд;

Баянтал сумын Засаг даргын Тамгын газар нь 2017 оны 1 дүгээр сарын 23-ний өдрийн №2 төлбөрийн хүсэлтээр[11] ХААН банкин дахь “Скайтел” ХХК-ийн 5990072662 тоот дансанд “модем сунгалтын үнэ” гэж 70000 төгрөг шилжүүлэхээр зарлагын гүйлгээ хийсэн боловч “дасны нэр, дугаар тохирохгүй” гэсэн шалтгаанаар 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гүйлгээ буцсан ба Санхүү албаны дарга Ч.Энхэцэцэг, төрийн сангийн мэргэжилтэн Б.Батсүх нар нь 12427 мемориалын ордер үйлдэж “огноо буруу бичигдсэн тул гүйгээг залруулав” гэсэн утга бичиж мөн өдрөө ХААН банкин дахь “Скайтел” ХХК-ийн 5990072662 тоот дансанд залруулгын гүйлгээ хийсэн боловч 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр гүйлгээ дахин буцжээ[12].

Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн №22 төлбөрийн хүсэлтээр “шуудан холбоо, 70000 төгрөг” гэсэн утга, үнийн дүнгээр Төрийн банкин дахь “Скайтел” ХХК-ийн 300000082291 тоот дансанд гүйлгээ хийсэн ба  хариуцагчаас дээрх гүйлгээг бүрдэл болоогүй гарын үсгээр хийсэн, Санхүү албаны даргын хувьд хяналт тавиагүй гэж Ч.Энхцэцэгийг буруутгасан ба нэхэмжлэгч нь “анхны төлбөрийн хүсэлт нь бүрдэл хангасан байсан, журмын дагуу мемориалын баримтаар залруулга хийсэн” гэж тайлбарлана.

Засгийн газрын 2015 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 7.1-д “Төсвийн байгууллагын бүртгэлийн дансанд хяналт тавих, зарлагын гүйлгээ хийх эрхийг хоёр гарын үсэгтэйгээр баталгаажуулна”, 7.5-д “Төрийн байгууллагын бүртгэлийн данснаас гүйлгээ хийхдээ байгууллагын баталгааг гарын үсэг, байгууллагын тамга, тэмдгээр баталгаажуулсан төлбөрийн болон бэлэн мөнгөний хүсэлтийг ... 2 хувь үйлдэн харьяалагдах төрийн санд хүргүүлнэ. Төлбөрийн болон бэлэн мөнгөний хүсэлтийн он сар өдөр, хөтөлбөр, зориулалт арга хэмжээ, эдийн засгийн ангилалд засвар хийсэн тохиолдолд тухайн байгууллагын тамга, санхүүгийн тэмдгийг засвар хийсэн хэсэгт дарж баталгаажуулсан байна. Төлбөрийн болон бэлэн мөнгөний хүсэлтийн бусад мэдээлэлд засвар хийхийг хориглоно”, 7.14-д “Төрийн сан төсвийн байгууллагын ирүүлсэн төлбөрийн болон бэлэн мөнгөний хүсэлтийг системд бүртгэхдээ нэр, данс, хөтөлбөр, зориулалт, арга хэмжээ, эдийн засгийн ангиллыг буруу шивсэн баталгаажаагүй зарлагын гүйлгээг залруулах тохиолдолд энэ журмын 7 дугаар хавсралтад заасан ТТ-7 маягтыг үйлдэн тухайн байгууллагын үндсэн төлбөрийн болон бэлэн мөнгөний хүсэлтийг хавсаргаж 1 дүгээр гарын үсгийг Төрийн сангийн хэлтэс, албаны дарга, 2 дугаар гарын үсгийг гүйлгээ хариуцсан мэргэжилтэн нар зурж баталгаажуулан залруулна”, 8.15-д “Төрийн сангийн түр саатлын дансны залруулгын гүйлгээг зөвхөн дараах тохиолдолд өөр данс руу шилжүүлж болно:”, 8.15.2-т “түр саатлын дансанд дансны дугаар, мөнгөн дүн зөрүүтэй орж ирсэн гүйлгээг дамжуулсан банк, гүйлгээ хийсэн харилцагч байгууллага, иргэнээс гүйлгээг залруулах хүсэлтийг албан ёсоор бичгээр ирүүлсэн тохиолдолд гүйлгээг залруулан гаргаж болно” гэж тус тус зохицуулснаас үзэхэд төлбөрийн хүсэлтийн он сар өдөр, хөтөлбөр, зориулалт арга хэмжээ, эдийн засгийн ангилал зэргээс бусад мэдээлэлд засвар хийхийг хориглох ба нэр, данс, хөтөлбөр, зориулалт, арга хэмжээ, эдийн засгийн ангиллыг буруу шивсэн баталгаажаагүй зарлагын гүйлгээг ТТ-7 маягтаар залруулж болохоор журамласан байна. Ч.Энхцэцэгийн тайлбарласанчлан 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр мемориалын ордероор “огноо буруу бичигдсэн” гэж хийсэн залруулгын гүйлгээ нь 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн №2 төлбөрийн хүсэлтэд заасан харилцагчийн данс зэрэгтэй тохирч байх тул журмын 7.14-д заасантай нийцнэ.

Харин сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн №22 төлбөрийн хүсэлтэд хүлээн авагчийн дансыг “Төрийн банкны 300000082291 тоот данс” гэж өөрчлөн заасныг №2 төлбөрийн хүсэлтээр хийсэн гүйлгээг залруулсан гэж үзэхгүй, дээрх журмын 7.5-д зааснаар төлбөрийн хүсэлтийн засвар хийж болох мэдээлэлд “данс” хамаарахгүй, баталгаажаагүй гүйлгээг бүрдэл болоогүй гарын үсгээр “өөр данс” -нд шилжүүлсэн байх тул Санхүү албаны даргын хувьд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэхээр байна. 

Гэрч Б.Батсүх, Д.Мөнхбаясгалан нарын мэдүүлгийг хэрэгт авагдсан Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дансны гарын үсгийн баталга, төлбөрийн хүсэлт, дансны хуулга, шүүхээс баримт бичигт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг бичгийн бусад нотлох баримтуудтай[13] харьцуулахад сумын Засаг даргын Тамгын газрын бүртгэлийн дансны 1 дүгээр гарын үсгийг баталгаажуулах эрхий бүхий албан тушаалтан болох сумын Засаг даргын Тамгын газрын дарга В.Гантуяа 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр эзгүй байсан ба №22 төлбөрийн хүсэлтэд гарын үсэг зурж баталгаажуулаагүй, 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн №2 төлбөрийн хүсэлтээр хийсэн гүйлгээг залруулах албан бичгийг ёсчлоогүй ба Санхүүгийн албаны дарга нь хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй, бүрдэл дутуу гарын үсгээр гүйлгээ хийсэн нь тогтоогдож байна.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа 2016 оны 12 сарын 09-ний өдрөөс 23-ны өдрийн хооронд бүрдэл дутуу төлбөрийн хүсэлтээр гүйлгээ хийсэн тухай нотлох баримт[14] ирүүлсэн боловч тэдгээрийг Б/08 дугаар тушаалын үндэслэл болгоогүй гэдэгтээ маргаагүй тул тухайлан дүгнэх шаардлагагүй болно.

Дээрх байдлаар хариуцагч нь Ч.Энхцэцэгийг ажлаас халах тухай 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд баримтлах үндсэн зарчим болоод журмыг хэрэгжүүлээгүй; төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах шийдвэртээ “албан тушаал бууруулах үндэслэл”-д хамаарах зөрчлийг заасан; ногдуулсан шийтгэл нь гаргасан зөрчлийн үр дагаварт тохироогүй; нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн төрийн албан хаагчийнхаа хувьд эдлэх баталгааг хангаагүй учраас Б/08 дугаар тушаал нь Ч.Энхцэцэгийн нэхэмжлэлийн өргөдөлд тодорхойлсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл ...-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэсэн заалттай нийцээгүй, хууль бус шийдвэр байх тул энэ захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна. Төрийн сангийн гүйлгээнд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэх зөрчил нь дангаараа Ч.Энхцэцэцэгийг төрийн албанаас халах үндэслэл болохгүйг дурдав.

“Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Ч.Энхцэцэг нь Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын Санхүү албаны даргаар ажиллаж байхдаа ТЗ-5-4 шатлалын 599237 төгрөгөөр цалинжиж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар[15] тогтоогдож байна. 

Эдгээр бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2-т “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл ...” гэж, мөн журмын 7 дахь заалтын а/-д “... дундаж цалин хөлс тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр;” тодорхойлохоор заасны дагуу нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж буй ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг тооцоолбол:

Ажилгүй байсан нийт хугацаа: 6 сар 10 хоног (2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл)[16]

Сүүлийн 3 сард бодогдсон цалинг авч үзвэл: 2016 оны 12 дугаар сард 756883 төгрөг, 2017 оны 1 дүгээр 758684 төгрөг, 2017 оны 2 дугаар сард 1322071 (ээлжийн амралтын хамт) төгрөг ба сүүлийн 3 сарын цалин хөлсний нийлбэрийн дундаж нь 2837638 төгрөг:3 сар=945879 төгрөг, нэг өдрийн цалин хөлсний дундаж нь 945879 төгрөг:21 хоног (сарын ажлын дундаж өдөр)=45041 төгрөг болно.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсний нийт олговор нь 945879*6 сар=5675274 төгрөг, 45041*10 хоног=450410 төгрөг буюу нийтдээ 6125684 төгрөг (5675274+450410) байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “... ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгоно”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй  адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан 6 сар 10 хоногийн хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 6125684 (зургаан сая нэг зуун хорин таван мянга зургаан зуун наян дөрвөн) төгрөг олгож, холбогдох шимтгэл, даатгалын тооцоо, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.3, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Энхцэцэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.Энхцэцэгийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 6125684 (зургаан сая нэг зуун хорин таван мянга зургаан зуун наян дөрвөн) төгрөг олгохдоо түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              З.ГАНЗОРИГ

 


[1] Нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын “ажиллаж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулж” хэсгийг шүүх хуралдаанд “урьд эрхэлж байсан тус сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох” гэж тодруулсан болно.

[2] Хэргийн I хавтасны 205 дахь талд авагдсан Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 25-ны А/919 дүгээр албан бичигт “Баянтал сумын Засаг дарга Д.Мөнх-Эрдэнэ нь ... аман хэлбэрээр мэдэгдсэн ба аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч миний биетэй зөвшилцсөн болно” гэж дурджээ.

[3] Хэргийн II хавтастны 8-9 дэх талд төрийн албаны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн талаар Төрийн албаны зөвлөлийн Говьсүмбэр аймаг дахь Салбар зөвлөлийн тогтоол, хэргийн I хавтасны 193 дахь талд “Ч.Энхцэцэгийг Санхүү албаны даргаар томилох тухай” Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/47 дугаар тушаал авагдсан.

[4] Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т зааснаар захиргааны актын хувийн хэрэгт шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хэрхэн тогтоосон, сунгасан эсэх, шийдвэр гаргах үндэслэл, нөхцөл байдлыг хэрхэн тогтоосон, цуглуулсан нотлох баримт, сонсох ажиллагаа хийсэн бол хүргүүлсэн мэдэгдэл, баримтжуулсан тэмдэглэл зэргийг; хяналтын дагалдах хуудасны хувьд шийдвэр гаргах ажиллагаанд оролцсон албан тушаалтан тус бүрийг аль үе шатанд, ямар чиг үүрэг гүйцэтгэсэн тухай оролцоо, гүйцэтгэлийг дэлгэрэнгүй баримтжуулахыг шаардана. 

[5] Хэргийн I хавтасны 41 дэх талд Ч.Энхцэцэгт хүргүүлсэн мэдэгдэл, 43 дахь талд мэдэгдэл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, 44 дэх талд /арын нүүрийн хамт/ сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, захиргааны актын дагалдах хуудас, 101-103 дахь талд шүүхийн үзлэгийн тэмдэглэл, 134-135 дахь талд гэрч Д.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг авагдсан.

[6] Хэргийн I хавтасны 195-196 дахь талд Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн “Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог батлах тухай” А/01 дүгээр тушаал авагдсан.

[7] Хэргийн I хавтасны 167-168 дахь талд гэрч Б.Улаанхүүгийн мэдүүлэг, 61-65 дахь талд нэхэмжлэгчийн 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлт авагдсан.

[8] Хэргийн I хавтасны 235-251 дэх талд авагдсан.

[9] Хэргийн I хавтасны 123-124 дэх талд авагдсан.

[10] Хэргийн I хавтасны 211 дэх талд Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 315 дугаар албан бичиг авагдсан.

[11] Уг төлбөрийн хүсэлт нь гарын үсэг болон тамга тэмдгийн бүрдэл хангасан

[12] Хэргийн I хавтасны 57 дахь талд төсөвт байгууллагын дансны хуулга авагдсан.

[13] Дурдсан бичгийн нотлох баримтууд нь хэргийн I хавтасны 50, 56-60, 101-112, 125-126, 144-145, 252-253 дахь талуудад авагдсан болно.

[14] Хэргийн I хавтасны 212-218 дахь талд авагдсан.

[15] Үүнд: Хэргийн I хавтасны 6 дахь талд авагдсан Ч.Энхцэцэгийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 193 дахь талд авагдсан Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Ч.Энхцэцэгийг Санхүүгийн албаны даргаар томилох” Б/47 дугаар тушаал, 220 дахь талд авагдсан Ч.Энхцэцэгийн 2017 оны цалингийн карт, хэргийн II хавтасны 7 дахь талд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг хамаарна.

[16] Нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд өөрийн ажилгүй байсан хугацааг “Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар ажлаас халагдсан өдрөөс эхлэн анхан шатны шүүх хуралдаан болох өдөр хүртэл” гэж тодорхойлсон болно.