Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2020/0314

 

“Ч” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганхүрэм, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Г.О, хариуцагч Т.Б, Ш.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 828 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, “Ч” ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 828 дугаар дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Ч” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, “Татварын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2118200027 дугаар Шийтгэлийн хуудас болон Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, 607, 525, 705.30 төгрөгт холбогдох зөрчлийг бууруулж, 91,844,941.60 төгрөгийн нөхөн татвар, 27,553,482.50 төгрөгийн торгууль, 28,042,142.50 төгрөгийн алданги, нийт 147,440,566.60 төгрөгийн төлбөрийг хасч багасгаж,

Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйл, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4.4-д заасныг тус тус баримтлан “Татварын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2118200027 дугаар Шийтгэлийн хуудас болон Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”-ээр тогтоосон нийт төлбөрт ногдуулсан алдангийг хэмжээг 90,532,129.80 төгрөгөөр тооцож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “Ч” ХХК-ийн гаргасан “Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаар тогтоолын “2118200027 дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулсан хэсгээс бусад заалтыг нь хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдолдоо: “... Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт “Уг 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 4,309,222,589.58 төгрөгийн эрсдэлийн санг 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 15.09.002 дугаар шийдвэрийг үндэслэн буцаах гүйлгээг мөн өдөр хийсэн, 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн уг эсрдлийн сангийн буцаалтыг “тухайн жилийн ашиг” гэж бүртгэснээр орлогоо хүлээн зөвшөөрсөн байна” гэж дурьдаад гомдол гаргагч нь татвар ногдох орлогоо бууруулсан нь тогтоогдсон гэж дүгнэсэн байна.

“Р” ХХК, “Ч” ХХК хооронд 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж 5,824,700,000 сая төгрөгийг “Русмяспром” ХХК зээлж авсан. Улмаар зээлийн нэмэлт гэрээнүүдийг тухай бүр байгуулан нийт 7,390,139,343 төгрөгийн зээлийг авсан байдаг. Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зөрчил үүссэн тул 2009 онд зээлийн эрсдэлийн санг 50 хувиар байгуулсан. Сан байгуулсан хугацаанд зээл төлөгдөөгүй учир Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 641 дүгээр шийдвэрээр зээлдэгч “Р” ХХК-аас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 12,519,062,083 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлүүлсэн.

Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулан хөрөнгүүдийг шилжүүлэн авч 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн хорооны хурлын шийдвэрээр активын ангиллыг хэвээр буюу 50 хувиар хадгалахаар шийдвэрлэсэн.

Улмаар 2014 оны татварын шалгалтаар дээрх өмчлөх бус хөрөнгөд бүртгэсэн активын сан байгуулсан хувь хэмжээгээр орлогоо нэмэгдүүлэх байсан талаар тодорхойлохдоо “... төлж барагдуулсан муу зээлийг хасч тооцохдоо эрсдэлийн сан буцаасны орлогоор 2013 онд 4,309,222,589 төгрөгийг татвар ногдох орлогод оруулж тооцоогүй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7.1, 8.1, 16.5 дахь заалтуудыг зөрчсөн” гэж үндэслэсэн. Тухайн зөрчлийг илрүүлсэн татварын байцаагчийн актад орлогоо нэмэгдүүлж алдагдлаа бууруулахыг үүрэг болгон акт тогтоон банкнаас холбогдох ажиллагааг хийж орлогоо нэмэгдүүлэн, алдагдлаа бууруулсан.

2018 оны татварын шалгалтаар 2015 онд өмчлөх бус үл хөдлөх хөрөнгийн эрсдэлийн сангийн буцаалтын орлогоор бүртгэсэн боловч татварын зөрүүгийн тайлангаар залруулж татвар ногдох орлогыг бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасныг ыг зөрчсөн гэж үзсэн байна. Уг асуудалд зээл нэгэнт төлөгдсөн холбогдох хөрөнгүүдийг шилжүүлж авснаар үүрэг дуусгавар болсон тул давхар татвар төлөхөөр байх тул 2013 оны татварын шалгалтаар тогтоосон актын дагуу алдагдлаа бууруулж, орлогоо нэмэгдүүлсэн холбогдох тайлбар, баримтыг тухайн үед гаргаж өгч байсан.

Зээлдэгч, зээлдүүлэгчийн үүрэг, зээлийн харилцаа Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 641 дүгээр шийдвэр гарч “Өр төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ" байгуулан зээлдүүлэгч хөрөнгийг өөрийн нэр дээр хүлээн авснаар дуусгавар болсон.

Түүнчлэн зээлийн эрсдэлийн санд холбогдох татварыг төлсөн. Тухайн үед зээлийн эрсдэлийн хувь хэмжээгээр эрсдэлийн санг хэвээр тооцон байгуулсан хэдий ч 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 210003882 дугаар “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” татварын улсын байцаагчийн актын тогтоох хэсгийн 1.1-д “2013 оны эрсдэлийн сангийн орлогоор тооцоогүй 4,309,222,589.58 төгрөгийн зөрчлөөр алдагдлыг бууруулав ” гэж дүгнэсэн. Тухайн үед банк алдагдалгүй, ашигтай, нэмэх үзүүлэлттэй ажиллаж байсан тохиолдолд бодит мөнгөн хөрөнгөөр татвар төлөх байсан хэдий ч алдагдалтай байсан тул орлогоо нэмэгдүүлэн алдагдлыг хувь хэмжээг бууруулан арга хэмжээ тооцуулсан байдаг.

Гэтэл тус эрсдэлийн сангийн буцаалтыг 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хийсэн байх тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар татвар ногдуулсан нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэсэн.

Банк дээрх эрсдэлийн санд хамаарах хувь хэмжээгээр 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 210003882 дугаар “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай" татварын улсын байцаагчийн актаар арга хэмжээ тооцуулсан.

Иймд шүүхээс нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь илт байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх хэсэгт өөрчлөлт оруулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120 3-д заасныг тус тус үндэслэн эрсдэлийн санд тооцсон татвар, торгууль, алдангийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу хянаад өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нараас “Ч” ХХК-ийн 2014-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, “...2014 онд 174,792,004.3 төгрөгийн 2015 онд 419,779,045.2 төгрөгийн, 2016 онд 498,670,370.6 төгрөгийн нийт 1,093,241,420.12 төгрөгийн чөлөөлөгдөх орлого олоход гарсан зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцсон”, “...2015 онд 4,555,405,580.4 төгрөгийн өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийн эрсдэлийн сангийн буцаалтыг орлогоор бүртгэсэн боловч татварын зөрүүний тайлангаар залруулж татвар ногдох орлогыг бууруулсан”, “...2014 онд 82,557,252.8, 2015 онд 69,661,591.7, 2016 онд 97,632,242.1 төгрөгийн нийт 249,851,086.7 төгрөгийн АНУ, Бельгийн Вант улс, Хонконгийн байнга оршин суугч этгээдэд шилжүүлсэн үйлчилгээний төлбөрөөс аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутгаж тайлагнаагүй”, “...2016 онд 97,632,242.1 төгрөгийн АНУ, Бельгийн Вант улс, Хонконгийн байнга оршин суугч этгээдэд шилжүүлсэн техникийн үйлчилгээний төлбөрөөс нэмэгдсэн өртгийн албан татвар суутгаж тайлагнаагүй” зөрчлүүдэд 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 211820027 дугаар шийтгэлийн хуудсаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.4, 74.3-д заасныг тус тус үндэслэн 5,996,130,329.4 төгрөгийн зөрчлөөс 2014 оны тайлангаар алдагдлыг 174,792,004.3 төгрөгөөр, 2015 оны тайлангаар алдагдлыг 1,530,576,239.1 төгрөгөөр тус тус бууруулж, үлдсэн 4,290,762,085.95 төгрөгийн зөрчилд 510,423,927.6 төгрөгийн нөхөн татвар, 153,127,178.28 төгрөгийн торгууль, 193,581,812.95 төгрөгийн алданги, нийт 857,132,918.32 төгрөгийн төлбөр ногдуулсан байна

Нэхэмжлэгч “Ч” ХХК-аас уг шийтгэлийн хуудсыг бүхэлд нь эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан, зөвлөл гомдлыг хянаад татварын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсаар 5,966,130,329.4 төгрөгийн зөрчилд ногдуулсан нийт 857,132,918.30 төгрөгийн төлбөрөөс 607,525,705.30 төгрөгийн зөрчилд ногдох 57.763.278.59 төгрөгийн нөхөн татвар, 17.328.983.6 төгрөгийн торгууль, 103,049,683.08 төгрөгийн алданги, нийт 178,141,945.26 төгрөгийн төлбөрийг бууруулж, 5,388,604,624.03 төгрөгийн зөрчилд ногдох 452,660,649.11 төгрөгийн нөхөн татвар, 135,798,195.00 төгрөгийн торгууль, 90,532,129.82 төгрөгийн алданги, нийт 678,990,973.94 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчаас дээрх татварын улсын байцаагч нарын “2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 211820027 дугаар “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл” болон “Шийтгэлийн хуудас”-ыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

1. Анхан шатны шүүх гомдол гаргагчийн дээрх нэмэгдүүлсэн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 42 дугаар зүйлийн 42.1-д “Маргаан таслах зөвлөл нь татварын акт, дүгнэлттэй холбоотойгоор татварын алба, татвар төлөгчийн хооронд үүссэн маргааныг зөвхөн татвар төлөгчийн гомдлоор хянан хэлэлцэнэ”, 42.7-д “Маргаан таслах зөвлөл нь татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна”, 72 дугаар зүйлийн 72.1.3-д “татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийн шууд харьяалах татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд” гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгчийн татварын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гаргасан гомдлоор Татварын маргаан таслах зөвлөл урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэснийг захиргааны эрх зүйн харилцаа үүсгэж буй шийдвэр гэж үзэж шийдвэрлэх боломжгүй юм.

2. Харин анхан шатны шүүх Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын “2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”-ийг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах байтал уг нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинж бүхий захиргааны актын улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзэж хүн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийг харьяалан шийдвэрлэх бөгөөд энэ тохиолдолд улсын байцаагч нарын хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагааны тэмдэглэлийг эрх зүйн үр дагавар үүсгэсэн, захирамжилсан шинжийг агуулсан захиргааны акт гэж үзэхгүй.

 Иймд гомдлын энэ шаардлагад холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

3. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 211820027 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс “...албан татвараас чөлөөлөгдөх орлогыг олоход гарсан бодит зардлыг тодорхойлох бүрэн боломжтой байхад татварын улсын байцаагч нар хяналт шалгалтын үеэр холбогдох тооцооллыг хүргүүлж байсныг харгалзан үзэлгүй бодит бус тооцоолол хийсэн, нөхөн татвар, торгууль, алданги ногдуулж, тэдгээрийн хувь хэмжээг тогтоохдоо холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх зарчмыг зөрчсөн,  “Р” ХХК-ийн муу зээлийн өрөнд хураан авсан үл хөдлөх хөрөнгөд 50% буюу 4.309.222.589.58 төгрөгийн эрсдэлийн сан байгуулсан асуудалтай холбоотой давхардуулан шийтгэл ногдуулсан” гэж, хариуцагчаас “Ч” ХХК нь чөлөөлөгдөх орлого олсон боловч тэдгээр орлого олохтой холбогдсон зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцсон тул аргачлалын дагуу нийт борлуулалтад чөлөөлөгдөх борлуулалтын эзлэх хувиар тооцож удирдлагын зардлаас хассан, ...эрсдэлийн сангийн зардлыг буцааж орлогоор тооцсон боловч татварын зөрүүгийн тайлангаар татвар ногдох орлогоос хасч тооцсон” гэж маргасан байна.                     

“Ч” ХХК болон “Р” ХХК-ийн хооронд 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, 5.824.700.000 төгрөгийг “Русмяспром” ХХК зээлж авсан ба улмаар зээлийн нэмэлт гэрээ байгуулж, зээлийн нийт дүн 7.390.139.343 төгрөг болжээ. Гэвч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зөрчил үүссэн тул 2009 онд зээлийн эрсдэлийн санг 50 хувиар буюу 3.695.069.671.83 төгрөгөөр байгуулсан, зээл төлөгдөөгүй тул Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 641 дүгээр шийдвэрээр “Русмяспром” ХХК-аас нийт 12.519.062.083 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ч төлбөрийг өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхээр гэрээ байгуулж, барьцааны хөрөнгүүдийг 8.618.445.179.15 төгрөгт тооцон шилжүүлсэн, дээрх 3.695.069.671.83 төгрөгөөр байгуулсан эрсдэлийн санг орлогод бүртгэсэн, мөн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн хорооны шийдвэрийн дагуу өрөнд хураан авсан үл хөдлөх хөрөнгөд 50 хувь буюу 4.309.222.589.58 төгрөгийн эрсдэлийн сан байгуулсан, энэ асуудалтай холбоотойгоор 2014 онд акт тавигдсан, дараа нь “Русмяспром” ХХК-аас өөрийн 100 хувь буву 10.000 ширхэг хувьцааг “Ч” ХХК-д шилжүүлэх гэрээг 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хийж, мөн 8.921.651.174.84 төгрөгийн өр төлбөрөөс чөлөөлөгдөж төлбөр төлөгдсөнд тооцогдсон гэрээг хийсэн үйл баримтууд тогтоогдсон байна.

Гомдол гаргагчаас шийтгэлийн хуудсаар ногдуулсан зөрчлүүдийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бөгөөд хэрэгт авагдсан баримтууд болон гомдол гаргагчийн тайлбараас дүгнэхэд 2015 онд 4.555.405.580.4 төгрөгийн өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийн эрсдэлийн сангийн буцаалтыг орлогоор бүртгэсэн боловч татварын зөрүүгийн тайлангаар залруулж татвар ногдох орлого бууруулсан зөрчил нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-т заасан зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, тогтоогдсон зөрчил гэж үзэх нь эргэлзээтэй, үүнийг шүүхээс шалгаж тодруулах ажиллагааг гүйцэтгэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах зүйлийн цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэхээр байна.

Мөн гомдол гаргагчаас эрсдэлийн сан байгуулсан зээлийн харилцаа нэгэнт дуусгавар болсон, түүнд ногдох татварыг төлсөн байхад нэг асуудал дээр давхар татвар ногдуулсан, барьцаа хөрөнгүүдийг “Русмяспром” ХХК-ийн зээлийн өр төлбөрт тооцон шилжүүлж авсантай холбоотойгоор 3.695.069.671.83 төгрөгийн дүн бүхий зээлийн эрсдэлийн санг орлогод бүртгэсэн бодит нөхцөл байдлыг огт тодорхойлоогүй, 2012, 2013 онд өмчлөх бус үл хөдлөх хөрөнгөд 2 удаа 4.309.222.589.58 төгрөгөөр эрсдэлийн сан байгуулж, зардалд бүртгэсэн эсэх, мөн чөлөөлөгдөх орлого олохтой холбоотой зардлыг нийтлэг байдлаар гарсан зардал биш, албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход хамааралгүй зардал болох зар сурталчилгаа болон авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын зардлыг хамруулан тооцсон, 2014-2016 онуудын чөлөөлөгдөх орлого олохтой холбоотой гарсан зардлын тооцоолол зөрүүтэй, тухайн жилүүдийн бүхий л зардлыг хамруулсан нь хуульд нийцээгүй, зөрчил гэж үзэж алданги тооцохдоо хуульд заасан хэмжээнээс хэтрүүлж тооцсон зэрэг тооцоололтой холбоотой болон бусад асуудлуудыг холбогдох баримтуудад үндэслэн шалган тодруулах шаардлагатай байна.

Нөгөөтэйгүүр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ гэж заасан, хариуцагч татварын улсын байцаагчид дээрх нөхцөл байдал, үндэслэл үүсээгүй байхад зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж тэмдэглэл үйлдэж хялбаршуулсан журмаар шийтгэл ногдуулсан нь хуулийн дээрх заалттай нийцээгүй, татварын байцаагчид өөрийн эрх хэмжээний хүрээнд санхүүгийн баримтад хяналт шалгалт хийж, гаргасан гэх зөрчлийг холбогдох нотлох баримтаар тогтоох үүрэгтэй, хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй байна.          

Гэвч энэ тохиолдолд эрх бүхий этгээд хуулиар тогтоосон зөрчлийг шалгаж тогтоох журмыг зөрчсөн нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх”-ээр заасны дагуу дахин шинэ акт гартал маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 828 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 28 дугаар зүйлийн 28.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т заасныг баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 211820027 дугаар шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй”, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд улсын байцаагчийн шийтгэлийн хуудас буюу шинэ акт гаргаагүй бол уг шийтгэлийн хуудас хүчингүй болохыг мэдэгдсүгэй” гэж өөрчилж, 3 дахь заалтад “Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоолын “211800027 дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулсан хэсгээс бусад заалтыг нь хүчингүй болгуулах...” гэсний дараа “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын “2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”-ийг хүчингүй болгуулах” гэж, “...гомдлын шаардлагыг...” гэсний дараа “тус тус” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

                                      ШҮҮГЧ                                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

                                      ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ