Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 630

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийж, БЗД-ийн З даргад холбогдуулан гаргасан “Б******* дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжийн Г.А-д холбогдох хэсэг, мөн Б******* дүүргийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 484 дүгээр захирамжийн Ж.С-т холбогдох хэсгийг маргаан бүхий 223.2 м.кв газартай давхацсан хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Т.М нь 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр М.О /маргаан бүхий газрыг 2008 оноос өмнө эзэмшиж байсан эзэмшигч/-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр 446.4 м.кв газрын талыг буюу 223.2 м.кв газрыг худалдан авсан байх тул хариуцагчаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т заасны дагуу маргаан бүхий газрын Т.М ногдох хэсгийг олгож, газар эзэмших хууль ёсны эрхийг баталгаажуулсан захирамж гаргахыг даалгах”, “Б******* дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/86 дугаар захирамжийн Ж.С холбогдох хэсгийн маргаан бүхий 223.2 м.кв газартай давхацсан хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 160.3.1-т заасны дагуу хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, гуравдагч этгээд Ж.С итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.М итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Улаанбаатар хотын Б******* .... хаягт оршин суух Т.М нь энэхүү хаягт 2000 оноос аав, ээж, дүү нарын хамт амьдарч байгаа бөгөөд 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тухайн үед тус газарт бидэнтэй зэрэгцэн амьдарч байсан иргэн М.О харилцан тохиролцож, 223.2 м.кв газрыг “Газар худалдах, худалдан авах” хэлцэл хийж Б******* дүүргийн нотариатч Ш.А  гэрчлүүлэн баталгаажуулж, худалдан авсан.

Т.М нь 2006 оноос эхлэн өөрийн эзэмшилт байгаа газар болон иргэн иргэн М.О  худалдан авсан газрыг эзэмших эрхийг баталгаажуулахаар дүүргийн газрын албанд өргөдөл, гомдол, хүсэлтийг удаа дараа гаргаж байгаа боловч шийдэгдэхгүй байсаар байсан. 

Гэтэл 2009 рнд иргэн Г.А амины хашааны зориулалтаар олгосон шийдвэр (Б******* дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамж) гаргуулсан байсан бөгөөд иргэн Г.А, М.О нар хоорондоо 2009 онд тэдний гэр бүлийн гишүүд болсон надад худалдсан газраа оролцуулан иргэн Ж.С худалдан иргэний ахуйн зориулалтаар гэсэн Засаг даргын захирамж Б******* дүүргийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 481 дүгээр захирамжийг гаргуулсан нь илэрсэн тул Т.М нь Нийслэлийн Засаг дарга болон БЗД-ийн З дарга нарт хандан гомдол гаргаж байгаа боловч шийдвэрлэж чадаагүй. 

Дүүргийн Газрын албаны албан тушаалтнууд Т.М-д газраа худалдсан М.О 2006 онд Газрын албанд хандаж, өөрийн кадастрын зургаас 223.2 м.кв газрыг хасаж, миний нэр дээр шилжүүлэхийг хүсэж, /эдгээр өргөдлүүд газрын албаны архивт хадгалагдаж байгаа/ өргөдөл бичиж байсныг ч хүлээн аваагүй, энэхүү маргаантай газар байдгийг мэдсээр байж, удаа дараа дараагийн иргэдэд газар эзэмжших эрхийг олгосон нь иргэн Т.М-ын эрхийг зориуд санаатайгаар зөрчиж, шударга бусаар хандаж байна.

Дүүргийн өмч газрын харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан тушаалтнууд иргэн миний өргөдөл, гомдлын үндэслэл, шаардлагад хууль зааснаар шударгаар, хууль зааснаар хандахын оронд хүнд суртал гаргаж байсан алдаагаа хамгаалан хариуцлагагүй байдал гаргаж байгаад хамаг асуудал оршиж байна. 

Бодит байдал дээр бид энэхүү 223.2 м.кв газрыг олон жилийн турш эзэмшиж байгааг эргэн тойрон, хамт амьдарч байгаа айл, өрх хорооны удирдлага бүгд мэдэх бөгөөд иргэд бидэнд газар эзэмших эрхийг элдэв шалтгаан зааж, өгдөггүй байсан атлаа яг ижил нөхцөлтэй, тэр бүү хэл маргаан бүхий газарт огт амьдарч байгаагүй Ж.С-т дүүргийн Газрын алба олгосон байна.

Б******* дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамж, 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 484 дүгээр захирамжууд нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж, миний газар эзэмших тухай хүсэлт, өргөдлийг удаа дараа олон жилийн турш гаргаж байсныг үл харгалзан тус газрыг бусдад эзэмшүүлсэн. 

2. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж заасан зарчмыг зөрчсөн.

3. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “Шударга эзэмшигч гэдэгт хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй байгаа нь тодорхой байгаа этгээдийг... хэлнэ” гэж заасныг зөрчсөн. 

4. Улмаар гэрээний дагуу шударгаар худалдаж, эзэмшилдээ авсан газраас манай гэр бүлийг хөөж, зайлуулан Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж байна.

Дүүргийн өмч, газрын алба нь үндэслэлгүйгээр Т.М болон түүний гэр бүлийн он удаан жил амьдарч байгаа тус газрыг баталгаажуулж өгөхөөс татгалзаж байсан шалтгааныг хянан шалгаж, буруутай албан тушаалтад хариуцлага тооцуулахыг хүсэж байна.

Иймд Т.М-ын “шударгаар эзэмшиж байгаа газар эзэмших эрхийг хуулийн дагуу олгуулах, Б******* дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамж, 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 484 дүгээр захирамжуудыг хүчингүй болгон зөвтгүүлэх, Т.М-ын эрхийг хамгаалж шударга ёсыг тогтоож өгнө үү. 

Нэхэмжлэгч Т.М нь тус газрын маргаантай холбоотой асуудлаар өмнө нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд тус хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлэх тухай” 1299 дүгээр захирамжаар түдгэлзүүлсэн. 

Гэвч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ч тус хэргийн нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчид нь огт мэдэгдэлгүйгээр 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг товлох тухай” 5255 дугаар захирамжаар сэргээж, сэргээснээсээ хойш 7 хоногийн дотор шүүх хуралдааныг товлон хуралдуулж шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 5561 дугаар шүүгчийн захирамжаар “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцаах тухай” шийдвэрлэсэн байдаг. 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн ... 100.2 дахь хэсэг, ... зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасаар байтал Д.Ч******* шүүгч нь тус хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасны дагуу гаргасан 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 5561 дугаар шүүгчийн захирамждаа “гомдол гаргах эрхгүй” гэж заан хуулийг ноцтойгоор зөрчсөн болно. 

Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийг буцаасан шийдвэр гарсныг огт мэдээгүй, мэдэх боломжгүй, шүүхийн шийдвэрт давж заалдах эрхгүй байсан тул нэхэмжлэл гаргаж Монгол Улсын иргэний хувьд газар эзэмших  эрхээ шүүхээр хамгаалуулахыг хүсэж байна. 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж байгаа шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Б******* дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/86 дугаар захирамжийн Ж.С-т холбогдох хэсгийн маргаан бүхий 223.2 м.кв газартай давхацсан хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:  “2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Б******* ...т газарт бидэнтэй зэрэгцэн амьдарч байсан иргэн М.О-тэй харилцан тохиролцож 223.2 м.кв газрыг “Газар худалдах, худалдан авах тухай” хэлцэл хийсэн. Энэхүү хэлцлийг хийх үед тус газрын байршилд кадастрын зургийг үндэслэн худалдах худалдан авах гэрээ хэлцэл хийсэн нь нэхэмжлэгчийн шаардлагаас харагдаж байгаа боловч иргэн Т.М болон М.О нарын хооронд хийсэн худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр эсэхийг зохих харьяалагдах шатны шүүхэд хандан тогтоолгох нь зүйтэй. Түүнчлэн маргаан бүхий газрыг худалдан авсан болох нь тогтоогдох юм бол Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана” гэж, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалд “...3.4.2-т газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тохиолдолд...” гэж тус тус заасны дагуу холбогдох материалыг бүрдүүлж газрын албанд өргөдөл гаргах ёстой байсан. Нэхэмжлэгчийн зүгээс үүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүйгээс гадна газрын албанд өргөдөл гаргаж байсан эсэх нь тогтоогдохгүй байгаа учир иргэд хооронд газар худалдах худалдан авах хэлцэл байгуулахаас илүүтэйгээр эрх шилжүүлэх явцын үйл ажиллагаануудыг хийгээгүйн улмаас иргэн Т.М-ын хувьд Б******* дүүргийн газрын албанаас хувийн хэрэг бусад материал байхгүй тул иргэн Т.М-ыг маргаан бүхий газрыг эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй байна. 

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг зөрчсөн гэх тухайд: Нотлох баримтаас үзвэл Б******* .... газарт иргэн М.О 1999 оноос амьдарч байсан бөгөөд 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдөр иргэн Г.А-тай гэр бүлээ батлуулсан бөгөөд нэхэмжлэгч Т.М-ын нэхэмжлэлд “...2000 оноос тус газарт зэрэгцэн амьдарч байсан иргэн М.О-тэй харилцан тохиролцож...” гэж дурдсанаас үзвэл тус байршилд иргэн М.О болон Г.А нар нь Т.М-аас өмнө амьдарч байсан болох нь харагдаж байна. Иймээс цаг хугацааны хувьд М.О Т.М-аас өмнө тус газрыг хашаалан амьдарч, кадастрын зураг хийлгэж, газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нөхрийн нэр дээр гаргахыг зөвшөөрсөн зөвшөөрлийн үндсэн дээр Дүүргийн Засаг дарга Г.А-т газар эзэмших эрх олгосон учраас Газрын тухай хуулийн 31.1 дэх хэсэгт “...хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна...” гэсэн заалтыг зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч яг ямар үндэслэлээр бусдын газартай давхцуулан олгосон гэж үзэж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагаас харахад тодорхойгүй байна.

Б******* дүүргийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 484 дүгээр захирамжийн Ж.С-т холбогдох хэсгийг хүчингүй болгох тухайд: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д “...Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно...” гэж заасан бөгөөд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй Г.А-ын эзэмших эрхийн гэрчилгээг хуульд заасан хэлбэрээр эзэмшигчийн зөвшөөрөл хүсэлтийн дагуу иргэн Ж.С-т шилжүүлсэн байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан бичиг баримтуудыг бүрдүүлж, зөвшөөрсөн өргөдөл, газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ, гэрчилгээ, газрын кадастрын зураг зэргийг үндэслэн 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 484 дүгээр захирамжаар иргэн Ж.С-т 443 м.кв газар эзэмшүүлэх эрхийн нэрийг шилжүүлсэн байна. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №5561 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцаах тухай” Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж өмнө нь гаргасан байх учир нэхэмжлэлийг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.6-т заасны дагуу хүлээн авахаас татгалзаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Г.А шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:  “Г.А би Б******* .... тоот хаяг байрлах газарт 2000-2009 онуудад амьдарч байсан. Уг газрыг гэрчилгээ, кадастрын зургийн дагуу хууль ёсоор эзэмшиж байгаад 2009 оны 10 дугаар сард Ж.С гэх бүсгүйд тус газраа бүхэлд нь харилцан тохиролцож шилжүүлсэн. Иймд Ж.С-т худалдсан энэ газар одоо надад ямар ч хамааралгүй юм. Шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан Т.М-ыг би огт танихгүй бөгөөд Ж.С тэдний хоорондын маргаан надад хамааралгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй. Тус маргааныг миний оролцоогүй шийдвэрлэнэ үү” гэжээ.

Гуравдагч этгээд Ж.С шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд хянагдаж буй иргэн Т.М-ын нэхэмжлэлтэй, БЗД-ийн З даргад холбогдох “Б******* дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжийн Г.А-т холбогдох хэсэг, 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 484 дүгээр захирамжийн Ж.С-т

холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, газрыг Т.М-д  эзэмшүүлэхийг

даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг эс

зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Гуравдагч этгээд Ж.С миний бие Б******* .... хаягт байрлах 446 м.кв газрыг эзэмшиж,

ашиглаж байна. Миний газрын эрх дараах байдлаар бий болсон. Маргаан бүхий газарт 1999 оноос хойш амьдарч байсан иргэн Г.А

Б******* дүүргийн газрын албанд хүсэлтээ гарган дүүргийн Засаг даргын

2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар “Газар эзэмшигч

иргэдийн эрхийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай” захирамжаар анх

газар эзэмших эрхээ баталгаажуулж авсан байна. Үүнээс өмнө тухайн газар

нь хэн нэг иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад

байгаагүй юм. Үүний дараа миний бие газар эзэмшигч Г.А-тай тохиролцож, 2009 оны 10 дугаар сард “Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ”-ээр газрын эрхийг шилжүүлж авсан, холбогдох журмын дагуу дүүргийн Газрын албанд

хүсэлтээ гаргаж Б******* дүүргийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын

06-ны өдрийн 484 дүгээр захирамжаар газар эзэмших эрхээ 5 жилийн

хугацаатай баталгаажуулж авсан. Улмаар дүүргийн Засаг даргын 2018 оны

03 дугаар сарын 28-ны өдрийн А/86 дугаар захирамжаар миний газар

эзэмших эрхийг 15 жилээр сунгасан. Маргаан бүхий газар дээр миний

хамаатны хүн 2013 оноос хойш гэр барин амьдарч байна. Миний газар эзэмших эрх дээрх байдлаар хууль ёсны дагуу бөгөөд хэний ч

эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно. 

Нэхэмжлэгчээс тодорхойлж буй үйл баримт, зөрчигдсөн гэх эрхүүд нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд, санаандаа орсон хэдэн зүйл, хуулийн заалт

бичсэн байгааг шүүх анхаарч үзнэ үү. 

Газрыг хөрш залгаа айл болох М.О-ээс худалдан авсан гэжээ. Маргаан бүхий газрыг М.О өмчлөх, эсхүл эзэмших эрхтэй байсан талаар баримт хэрэгт авагдаагүй байна, М.О-гийн нэр дээр дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын захирамж гараагүй гэдэгт миний бие эргэлзэхгүй байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа,болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасан бөгөөд хууль ёсны

захирамж, гэрчилгээтэй хүн л газрын эрхийг шилжүүлэх, бусад байдлаар

захиран зарцуулах боломжтой. Гэтэл нэхэмжлэлээс хуулийн энэхүү

шаардлага хангагдсан гэх талаар ямар ч тайлбар, баримт олдохгүй

байна. Газрын тухай хууль, Иргэний хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн

холбогдох заалтуудыг зөрчсөн гэжээ. Г.А нь 1999 оноос хойш

газар дээрээ амьдарч, бодитоор ашиглаж байсан, улмаар 2008 онд

газрын эрхээ баталгаажуулж авсан, үүний дараа миний бие 2009 онд

газрын эрхийг шилжүүлж авсан. Ийнхүү баталгаажуулж авсан,

шилжүүлсэн газрын эрхийн тухайд “Хүсэлт гаргасан газар нь бусдын

эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй

байна”, “Шударга эзэмшигч” гэх мэт хуулийн шаардлага яригдахгүй юм. Иймд дээрх байдлаар нэхэмжлэлийн үндэслэл үгүйсгэгдэж, Ж.С миний бие маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа нь тогтоогдож байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй

болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд анх Б******* дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжийн Г.А-т холбогдох хэсэг мөн 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 484 дүгээр захирамжийн Ж.С-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Т.М-ын 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр М.О /маргаан бүхий газрыг 2008 оноос өмнө эзэмшиж байсан эзэмшигч/-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр 446.4 м.кв газрын талыг буюу 223.2 м.кв газрыг худалдан авсан байх тул хариуцагчаас маргаан бүхий газрын Т.М-д ногдох хэсгийг олгож, газар эзэмших хууль ёсны эрхийг баталгаажуулсан захирамж гаргахыг даалгах шаардлага гаргасны дагуу шүүх захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд Б******* дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжийн Г.А-т холбогдох хэсэг болон Б******* дүүргийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 484, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/86 дугаар захирамжийн Ж.С-т холбогдох хэсгүүдээс маргаан бүхий газартай давхцалтай 180 м.кв газрыг тус тус хүчингүй болгуулах, маргаан бүхий 180 м.кв газрыг Т.М-д олгож, газар эзэмших хууль ёсны эрхийг баталгаажуулсан захирамж гаргахыг даалгах гэж нэмэгдүүлж, тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах үйл баримтууд:

Нэхэмжлэгч Т.М нь гуравдагч этгээд Г.А-ын эхнэр М.О-тэй маргаан бүхий газарт хамаарах 223.2 м.кв газрыг 450,000 төгрөгөөр худалдан авахаар 2006 оны 07 дугаар сарын 03-ны Газар худалдах, худалдан авах гэрээ байгуулж уг газрыг эзэмших өргөдөл, хүсэлтүүдийг Б******* дүүргийн Газрын албанд гаргасан байна. 

Мөн 2006 онд Т.М нь М.О-тэй хийсэн хэлцэл ёсоор өөрт хамаарах газрыг хашаалж тусгаарлан өнөөг хүртэл уг газартаа амьдарч байгаа болох нь хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал, гэрч Н.Э-ийн “... Т.М-ын ээж  Г.Т нь 2005 оны үед н.О-ээс газрыг  худалдаж авсан гэдэг...”, М.О-ийн шүүхэд гаргасан тайлбартаа “...манай дүү О өөрөө тэгшлээд 2 жил амьдарч байгаад 2005-2006 онд М******* гэгчийн ээжид худалдсан...”, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1/1874 дүгээр албан бичгийн хавсралт болох 2005-2007 оны агаарын зургийг нэгж талбарын 18644312701581 дүгээр газартай давхцуулсан зураг дээр нэхэмжлэгч Т.М нь маргаан бүхий газрыг хашаалсан зэрэг үйл баримтууд.

Харин гуравдагч этгээд Г.А-т Б******* дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжаар тус дүүргийн ... 446 м.кв газрыг эзэмшүүлсэн байна. Хариуцагч нь Г.А-т дээрх газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргахдаа түүний Б******* дүүргийн Газрын албанд гаргасан өргөдөл, эхнэр М.О-ийн нэр дээр хийлгэсэн 446 м.кв талбай бүхий газрын кадастрын зураг, Б******* дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг үндэслэжээ. Улмаар Г.А нь Ж.С-той 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг байгуулж зохих өргөдөл гаргасны дагуу БЗД-ийн З дарга 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 484 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг Ж.С-т шилжүүлж газар эзэмших эрхийн гэрчилгээг 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр олгож 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/86 дугаар захирамжаар Ж.С-ын эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай сунгажээ. 

Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар

Шүүх дараах үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актууд болох Б******* дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжийн Г.А-т холбогдох хэсэг, 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 484, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/86 дугаар захирамжийн Ж.С-т холбогдох хэсгүүд нэхэмжлэгч Т.М-ын эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзлээ.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т “газрын кадастрын судалгаа” гэж газрын кадастрыг эрхлэхэд шаардлагатай мэдээллийг шалган нотлох, бүрдүүлэх, судлах, үнэлэх зорилго бүхий үйл ажиллагааг”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэнэ”, 10.2.6-д “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг бүртгэлд хамруулан, лавлагааны нэгдсэн зургийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр хөтлөх” үүргийг нийслэл, дүүргийн газрын алба хэрэгжүүлэхээр заасны дагуу Засаг даргын харьяанд ажиллаж буй газрын алба нь хэн нэгэн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахдаа уг этгээдийн өргөдөл гаргахдаа хавсаргасан газрын кадастрын зураг нь бодит байдалд нийцэж байгаа, хэн нэгэн этгээдийн эзэмшил ашиглалтад буй газартай давхцалтай эсэхийг шалган нотлох, бодит байдалд нийцсэн байхыг судлахаар хуульчилсан байна. Гэтэл БЗД-ийн З дарга маргаан бүхий захиргааны актуудаараа 2008, 2009 онуудад Б******* ... 446 м.кв газрыг гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлж, шилжүүлэхдээ дээрх үүргийг хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн хашаалан амьдарч буй газартай давхцуулан газар эзэмшүүлсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон болно.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “иргэн ... газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргаж, өөрийн байнга оршин суугаа газрын хаяг, нэгж талбарыг харуулсан тойм зураг, зориулалтыг үнэн зөв тусгана”, 32 дугаар зүйлийн 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж заасан ёсоор Засаг дарга нь газар эзэмших хүсэлт гаргасан иргэний өргөдөл, түүнд хавсаргасан баримт зэргийг хянан шалгаад газар эзэмшүүлэх боломжгүй нь тогтоогдсон тохиолдолд энэ талаар мэдэгдэх үүрэгтэй байна. Гэтэл Т.М-ын 2006 онд Б******* дүүргийн Газрын албанд маргаан бүхий газрыг эзэмшихээр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй атлаа, 2009 онд гуравдагч этгээд Г.-т уг газрыг давхцуулан эзэмшүүлсэн нь хуулийн дээрх зохицуулалттай нийцээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

Мөн гуравдагч этгээд Ж.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “маргаан бүхий газар нь Г.А-аас худалдаж авсан 446 м.кв газарт орж байгаа талаар мэдээгүй, өнөөгийн хашаалсан хэмжээгээр эзэмшил үүсгэсэн гэх ойлголттой байсан” гэж тайлбар хийснийг тэмдэглэх нь зүйтэй болно. 

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд хэдийгээр Газрын тухай хуулийн 

27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр маргаан бүхий газрыг эзэмшиж байгаа боловч Т.М нь БЗД-ийн З даргад уг газрын хууль ёсны дагуу эзэмших өргөдөл, холбогдох баримтыг 2006 онд гаргасаар атал зохих шийдвэр гаргаагүй, бодит нөхцөл байдлыг судлан үзэлгүй, гуравдагч этгээд Г.А-т 2008 онд эзэмшүүлэхээр шийдвэр гаргахдаа уг газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байгаа эсэхийг нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Харин “маргаан бүхий 180 м.кв газрыг Т.М-д олгож, газар эзэмших хууль ёсны эрхийг баталгаажуулсан захирамж гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасны дагуу дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал тул шүүхээс нэхэмжлэгч Т.М нь маргаан бүхий 180 м.кв газрыг эзэмших эрхтэй бөгөөд уг газрыг эзэмших өргөдлийг зохих журмын дагуу эзэмшүүлэхээр  шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй болно. 

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4.3 27 дугаар зүйлийн 27.4, 32 дугаар зүйлийн 32.2, 32.5, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2.6 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан  Т.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Б******* дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжийн Г.А-т холбогдох хэсэг, Б******* дүүргийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 484, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/86 дугаар захирамжийн Ж.С-т холбогдох хэсгүүдээс маргаан бүхий газартай давхцалтай 180 м.кв газрыг тус тус хүчингүй болгож, хариуцагч Б******* дүүргийн Засаг даргын Т.М-д маргаан бүхий 180 м.кв газрыг эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч БЗД-ийн З даргаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэхь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.         

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ТӨМӨРБАТ