Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2020/0325

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганхүрэм, нэхэмжлэгч Б.А, түүний өмгөөлөгч Т.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 184 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.А-ын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 184 дүгээр шийдвэрээр: “...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар түүнийг томилохгүй байгаа тус дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус хорооны Засаг даргаар Б.А-ыг хуулиар тогтоосон шаардлага, журмын дагуу томилохыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад үндэслэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд мөн эсэхэд дүгнэлт хийгээгүй.

Нэхэмжлэлийн үндсэн шаардлага Б.А-ыг хорооны Засаг даргад томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хорооны Засаг даргаар томилохыг даалгах. Дээрх нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжлэгч нь дүүргийн Засаг даргад хандан хорооны Засаг даргаар томилж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байх хууль зүйн шаардлагатай. Өөрөөр хэлбэл энэ маргаанд эрх ашиг нь хөндөгдсөн этгээд нь хууль зүйн хувьд хорооны Иргэдийн Нийтийн Хурал болон иргэд байна.

Гэтэл анхан шатны шүүх тухайн хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаас дүүргийн Засаг даргад ирүүлсэн саналыг нэхэмжлэгч Б.А өөрөө ирүүлсэн мэтээр хууль зүйн дүгнэлт хийн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

      ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.А-аас Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Засаг даргаар томилсон шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар ч хариу өгөх арга хэмжээ авахгүй хуулиар олгогдсон бүрэн эрхээ ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл хэрэгжүүлж байна” гэж тодорхойлжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “багийн Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж зааснаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Хорооны Засаг даргыг томилуулахаар санал болгох тухай” 06 дугаар тогтоолоор нийт иргэдийн олонхийн буюу 99,4 хувийн санал авсан Б.А-ыг тус хорооны Засаг даргаар томилуулахаар санал болгохоор шийдвэрлэж, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр уламжилсан байна.

Хариуцагчаас хариу өгөөгүй үндэслэлээ “...дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоолоор О.Г-ийг тус хорооны Засаг даргаар сонгож томилуулахаар, мөн хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр Б.А-ыг томилуулахаар тус тус ирүүлсэн, 2 талд шүүхийн маргаан үүсгэж явж байгаа тул дээрх асуудлыг шүүхийн журмаар эцэслэн шийдэх хүртэл ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй” хэмээн тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 86 дугаар шийдвэрээр “... 4 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаанаас гарсан ... “Засаг даргыг сонгох тухай” 5 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож” шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.4-д “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтан саналыг хүлээн авч нэр дэвшигчийг томилох, эсхүл томилохоор татгалзсан шийдвэрийн аль нэгийг гаргах үүрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл, Хурлаас нэр дэвшүүлсэн нэр дэвшигчийг томилох эсэх нь эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээний асуудал боловч дээрх хуульд зааснаар саналыг хүлээн авч нэр дэвшигчийг томилох, эсхүл томилохоос татгалзсан шийдвэрийн аль нэгийг гаргах үүрэг нь давхар хуульчлагджээ.

Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг дарга нь 2 талд шүүхийн маргаан үүссэн гэсэн үндэслэлээр Б.А-ыг 04 дүгээр хорооны Засаг даргаар томилох, эсхүл томилохоос татгалзах шийдвэрийг гаргалгүй орхигдуулсан нь захиргааны үйл ажиллагаа “шуурхай, тасралтгүй байх” зарчимд нийцэхгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн Хуулийн Арванзургадугаар зүйлийн 9-д заасан “...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох” эрхийг зөрчсөн байна.  

Анхан шатны шүүх “...Б.А-ын тухайд ... аливаа ял шийтгэлгүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөр, зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй болох нь тогтоогдож байна” хэмээн дүгнэж, нэхэмжлэгчийг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Маргааны тохиолдолд хариуцагчаас зөвхөн Хан-Уул дүүргийн 04 дүгээр хорооны Нийтийн Хуралтай холбоотой маргаан үүссэнтэй холбогдуулан ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй тайлбар ирүүлсэн, нэхэмжлэгчийг хуульд заасан шаардлагыг хангасан эсэх талаар маргаагүй, нэхэмжлэгч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх, ялгүй байх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар томилохыг даалгаж шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан 05 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр Улсын дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 165 дугаар тогтоол гарснаар хүчин төгөлдөр болсноор хариуцагчаас шийдвэр гаргахаас татгалзах шалтгаан арилсан байхад өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийг Засаг даргаар томилуулахаар уламжилсан саналд ямар нэгэн хариу ирүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан байх тул “...Засаг дарга тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж буцаах буюу томилох эсэх асуудлыг шийдвэрлэх зохицуулалтай” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 184 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                                     О.НОМУУЛИН 

                                ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ