Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/01509

 

Ц.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 104/ШШ2017/00206 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1674 дүгээр магадлалтай,

Ц.Б-гийн нэхэмжлэлтэй,

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдох,

Хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 8.329.672 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Л.Байгалын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Ц.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тайванхүү, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2013 оноос Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд хүний нөөцийн менежерээр ажиллаж байгаад 2016 оны 5 дугаар сарын 16-нд ажлаас чөлөөлөгдөж, шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2016 оны 7 дугаар сарын 07-нд эвлэрлийн журмаар ажилдаа орсон. 2016 оны 7 дугаар сарын 22-ноос 2016 оны 09 сарын 11 хүртэл өвчтэй, эмнэлгийн магадалгаатай байхад 2016 оны 8 дугаар сарын 03-ны Б/216 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авч,  2016 оны 9 дүгээр сарын 09-ний Б/247 тоот тушаалаар дахин ажлаас чөлөөлсөн байна. 2016 оны 5 дугаар сарын 16-наас 2016 оны 07 сарын 07 хүртэл цалин олгоогүйгээс өвчтэй байсан хугацааны хөдөлмөрийн чадвар алдалтын мөнгө бодогдох боломжгүй болж сэтгэл санаа, хөрөнгө мөнгөөр хохирлоо. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд  8.329.672 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Б-г 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Мөн өдрөөс өмнө Ц.Б-тэй утсаар ярьж акт байна уу гэж асуухад тэрээр очиж чадахгүй гэж 2016 оны 08 сарын 31-ний өдөр хэлсэн тухай тэмдэглэл хэрэгт байгаа. 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Эрдэнэбат дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Бадамсайхан нар Ц.Б-тэй уулзаж, яагаад ажилдаа ирэхгүй байгаа талаар асуухад дуугарахгүй байхаар нь ажлаас чөлөөлөх асуудлыг шийднэ гээд ажлаас чөлөөлж, тушаалыг тэр өдрөө гардуулсан. Өмнө нь Ц.Б-д арга хэмжээ авсан. Ажлаас халах тушаалд баримталсан Хөдөлмөрийн Дотоод журмын 4.5.2-т 2 дээш өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан бол гэж заасан тул ажлаас халсан. Иймээс нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байгаа ба өвчтэй байсан тухайгаа бүртгэлийн дэвтэрт тэмдэглүүлээгүй гэжээ.

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 104/ШШ2017/00206 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Б-г Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүний нөөцийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн  64.1., 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Налайх дүүргийн эрүүл мэндийн төвөөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7.942.341 /долоон сая есөн зуун дөчин хоёр мянга гурван зуун дөчин нэг/ төгрөг гаргуулан Ц.Б-д олгож, олговорт нийт 8.329.672 /найман сая гурван зуун хорин есөн мянга зургаан зуун далан хоёр/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 387.331 /гурван зуун наян долоон мянга гурван зуун гучин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар олговорт олгогдох 7.942.341 /долоон сая есөн зуун дөчин хоёр мянга гурван зуун дөчин нэг/ төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нэхэмжлэгчийн нийгмийн  даатгалын дэвтэрт сар тутмын нөхөн бичилт хийхийг Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 212.227 /хоёр зуун арван хоёр мянга хоёр зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1674 дүгээр магадлалаар: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 104/ШШ2017/00206 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Байгал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад бодитой дүгнэлт хийж үндэслэлтэй зөв шийдвэр, магадлал гаргаж чадаагүй тул гомдол гаргаж байна.

Нэгдсэн эмнэлэг (Дүүргийн Эрүүл мэндийн төв)-ийн дэргэдэх “Магадлах комисс”-ын хурлаар 7 хоног тутамд хэлэлцүүлж, эмнэлгийн хуудас олгох хугацааг сунгах тухай заалтыг зөрчиж Ц.Б-гийн өөрийнхөө танил эмч нараас бичүүлж авсан эмнэлгийн хуудсыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд хууль тогтоомжид заасан журмаар авсан эмнэлгийн хуудас гэж дүгнэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 445 дугаар тогтоолыг хянавал хэсэгт “ ...Түүнчлэн шүүх Ц.Б-д ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах үндэслэл тодорхойгүй байхад ... түүнийг ажил олгогчийн буруугаас ажилгүй байсан гэж дүгнэн хариуцагчаас нөхөн олговор гаргуулсан гэж үзэхээр байна” гэж ойлгомжтой байдлаар дүгнэсэн байхад шүүх түүний нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн тооцож, 7.942.342 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг бид хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хууль буруу хэрэглэсэн гэж үзэж Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 104 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 1674 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Ц.Б- ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв эс зөвшөөрч, “ажил тасалж ноцтой зөрчил гаргасан” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Б/247дугаар тушаал гаргаж, Ц.Б-г хүний нөөцийн менежерийн  үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримталж, 2016 оны 8 дугаар сарын 22-ний өдрөөс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дур мэдэн, 2-оос дээш өдөр ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийг заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй боловч ажилтны гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.

Нэхэмжлэгч Ц.Б- нь 2016 оны 8 дугаар сарын 22-ний өдрөөс 9 дүгээр сарын 11-ний хооронд өвчтэй байсан нь эмнэлгийн хуудсаар тогтоогджээ /хэргийн 94 дүгээр тал/.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1., 35.1.3-т зааснаар ажилтан эмчийн магадалгаагаар чөлөөтэй байгаа тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгалах бөгөөд ажил олгогч нь нэхэмжлэгчийг эмнэлгийн чөлөөтэй байх хугацаанд ажил тасалсан гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т нийцжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 104/ШШ2017/00206 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1674 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Л.Байгалийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ