Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 345

 

Ц.Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 104/ШШ2016/00575 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Баасансүрэн,

Хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 3 658 353 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Баасансүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тайванхүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх цалингаа тооцож нэхэмжилсэн. 2016 оны 4 дүгээр сард намайг үндэслэлгүй өөр ажилд шилжүүлсэн. Буцааж ажилд оруулна гэж зөвшөөрөөд намайг 2016 оны 5 дугаар сарын сарын 01-ний өдрөөс ээлжийн амралт авсан үед ажлаас халсан тул би 6 дугаар сард дахин шүүхэд хандсан. Үүний дараа 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр намайг ажилд эгүүлэн томилсон. Тэгэхдээ ажилтнаас менежер болгосон цалингийн зөрүүг өгсөн болохоос биш миний ажилгүй байсан хугацааны цалинг өгөөгүй. 6 дугаар сард цалин бодоогүйгээс 5 болон 6 дугаар сараас хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тул листний мөнгө авч чадаагүй. Иймд 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 07-ны энэ өдөр хүртэлх хугацааны олговрыг гаргуулахаар нэмж нэхэмжилж байна.

Тухайн үед баярын урт амралт таараад 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс ажилдаа орсон. 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс би өвчтэй байсан. Шүүх дээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн атлаа ажилгүй байсан хугацааны олговор олгоогүй. Зөвхөн цалингийн зөрүүг л олгосон. 6 дугаар сарын цалин бодогдоогүй шимтгэл төлөгдөөгүйгээс намайг өвчтэй байх хугацаанд Нийгмийн даатгалаас листний мөнгө олгох боломжгүй гэсэн. Олон жил шимтгэл төлсний хэрэг гараагүй.

Миний бие гэмтэл аваад биеийн байдал үнэхээр хэцүү байсан учраас удирдлагадаа хэлээд хот орж үзүүлсэн. Тэр өдөр Чанарын албаны дарга н.Ууганбаатартай хамт явж эмнэлэгт үзүүлсэн. Би хагалгаанд орохдоо хүртэл н.Ууганбаатартай ярьж байсан. Н.Ууганбаатар гэдэг хүн удирдах зөвлөлийн нэг гишүүн. Тийм учраас бусад удирдлагуудад хэлсэн л байж таараа. Яагаад эмнэлэгт хэвтэж байхад сануулах арга хэмжээ авдаг юм бэ, би дураараа ажлаа таслаагүй. Надад эрх мэдлээ ашиглаад хуурамч лист авсан зүйл байхгүй. Эрүүл мэндийн дарга н.Эрдэнэбат над руу нэг л удаа залгасан байсан. Тухайн үед миний хоолой өвдсөн учраас ярьж чадаагүй. Б.Эрдэнэбат дарга миний актыг хараад, өвчтэй байгаа гэдгийг мэдээд байгаа атлаа худал өвдсөн гэж байна. Намайг ажилдаа очоогүй гэх боловч 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс ажилдаа эргэж орсон. 2016 оны 7 дугаар сарын 18, 19, 20, 21-ний өдөр би ажлаа хийсэн. Би ажлаа хаяж явсан зүйл байхгүй. Надад худлаа акт гаргуулсан, Нийгмийн даатгалын хууль зөрчсөн асуудал байхгүй.

2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх 4 877 316 төгрөгийн цалин гаргуулах, хүний нөөцийн менежерийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна. 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр намайг албан тушаал бууруулж хүний нөөцийн менежэрээс хүний нөөцийн ажилтан болгосон. Тэгээд намайг хүний нөөцийн ажилтны албан тушаал эрхэлж байхад 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ажлаас халсан.

Энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргах үед ажилд буцааж авсан учраас нэхэмжлэл буцаагдсан. “Мөнгөн гүүр” эмнэлэг төлбөрөө аваад, мэдээ алдуулж, 3 цагийн турш хагалгаа хийсэн бөгөөд уг эмнэлгээс акт, лист авах боломжгүй байсан. Хагалгаа хийлгэсэн тухай баримт өгөөгүй. Би эмнэлгээс гарахдаа хэвтрийн дэглэм сахиж байсан. Би ажилдаа орно гэж н.Тунгалагтольд хэлж байсан. Б.Эрдэнэбат даргад харин хэлсэн зүйл байхгүй. Би листний 5 хоногийн ажилласан хоногийн мөнгө л авсан, 2016 оны 7 дгаар сарын 8-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл цалин авсан. Өмнө нь 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх цалингийн зөрүүг нэхэмжлээд шийдвэрлүүлсэн. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд гарснаас хойш дүн бүртгэл дээр очоод ажлын тав хоногийн дотор листээ авах ёстой. Тухайн үед би бие муу байсан болохоор өөрөө аваад явах боломжгүй байсан. 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны акт байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тайванхүү шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.Баасансүрэнг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр халсан байхад 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс хойшх цалингаа нэхэмжилж байна. Өмнө нь 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүний нөөцийн ажлаас чөлөөлсөн, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ажлаас халсан асуудлаар Ц.Баасансүрэн шүүхэд хандсаны дагуу бид зөвшөөрч буцаагаад ажилд нь томилж, зөрүү мөнгийг өгсөн. Гэтэл тэр хугацааныхаа цалинг нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Одоо менежерийн ажилд авах боломжгүй. Харин хүний нөөцийн ажилтнаар авч болно.

Ажилласан хугацааны цалинг нь олгосон талаар гэрч н.Уянгын мэдүүлгээр нотлогдоно. Анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, ажилд нь эгүүлэн томилсон боловч ажилдаа дахиж очоогүй. Ц.Баасансүрэн өөрөө ажилдаа ирээгүй бөгөөд ямар шалтгаантай гэдгээ байгууллагын удирдлагадаа мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүй. 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс хойш нэг ч удаа ажилдаа ирээгүй. Эрүүл мэндийн дарга Б.Эрдэнэбат залгахаар утсаа авдаггүй туслах нь Ц.Баасансүрэнгийн найз. Тэр найз н.Энхзул нь залгахаар утсаа авдаг байсан. Утсаар залгаад ажилдаа ирэхгүй байгаа шалтгаанаа хэлээд зохих журмын дагуу актаа аваад яв гэж хэлж байсан боловч тэгээгүй. Удирдлагын зөвлөлийн хурлаар Ц.Баасансүрэнгийн асуудлыг авч хэлэлцсэн. Тус хурлын тэмдэглэлийг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Ц.Баасансүрэн сүүлд ирэхдээ акт авч ирсэн. Эдгээр актуудыг би шаардлага хангахгүй гэж үзэж байгаа.

2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн журмын дагуу шаардлага хангаагүй, мөн Ц.Баасансүрэн эрүүл мэндийн төвийн удирдах албан тушаалд ажиллаж байсан болохоор танил талаараа эдгээр актуудыг авсан байж болзошгүй. 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Ц.Баасансүрэнг дуудаж ирээд ярилцсан. Тус хуралд удирдах албан тушаалтнуудаа оролцуулаад, Ц.Баасансүрэнгээс ажилдаа ирэхгүй байсан шалтгаан зэргийг асуухад юу ч дуугараагүй. Тус хурал дээр Ц.Баасансүрэнг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлж байгаагаа хэлээд тушаалыг нь гардуулж өгсөн.

Ц.Баасансүрэнг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэсэн. Ц.Баасансүрэнгийн ахар сүүл гэмтсэн нь үнэн. Эхний 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн актны мөнгийг ажилласан цалинтай нь олгосон. Түүнээс хойшх өгсөн акт нь ойлгомжгүй байгаа. Тушаал гарснаас хойш авчирсан акт зурагдаагүй байгаа. Нийгмийн даатгалын тухай хуульд эхлээд 14 хоногийн акт авч болно, дахин акт авахдаа нийгмийн даатгалын шимтгэлийг 3 сараас дээш хугацаанд төлсөн байх ёстой гэж байдаг, ажиллаж байсан танил талаараа авсан тул хүчингүй.

Ц.Баасансүрэн 480 000 төгрөг нэхэмжилснээ болиод 900 000 гаруй төгрөг нэхэмжлээд шүүхэд хандсан байсан. Түүнийг нь шүүх өөрийг нь ирээгүй учраас нэхэмжлэлийг буцаасан тул тэр шаардлагаа дэмжээгүй гэсэн үг. Ц.Баасансүрэнг Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн байгууллагын дотоод журмын 5.3, 6.3 дахь заалт, ажил олгогчоос Ц.Баасансүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2.1, 2.2.4, 2.2.7, 3.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж, "Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг" шалгалтаар тус байгууллагын хүний нөөцийн менежер Ц.Баасансүрэн өөрийн ажлыг шалгуулаагүй, дүүргийн Засаг даргын тамгын газрын шинжилгээ үнэлгээний албанаас тус төвийн 2015 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт, ажлын төлөвлөлт түүний биелэлтийн үнэлгээнд ажлаа дүгнүүлээгүйн дээр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны А/19 дугаар "Хяналт үнэлгээ хийх тухай" тушаалын дагуу явцын үнэлгээгээр өмнө өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй зэрэг дутагдлыг удаа дараа гаргаж, байгууллагын ажлын үнэлгээг бууруулахад нөлөөлсөн гэж Ц.Баасансүрэнг Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/106 дугаар тушаалаар хүний нөөцийн менежерийн үүрэгт ажлаас чөлөөлж мөн өдрөөс хүний нөөцийн ажилтнаар томилон ажиллуулсан. 

Ц.Баасансүрэн шүүхэд намайг менежерийн ажлаас ажилтны албан тушаалд буруу шилжүүлсэн тул 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү 480 000 төгрөг гаргуулж, намайг менежерийн албан тушаалд эгүүлэн томилуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаснаар бид түүний нэхэмжлэлд дурдсан шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхгүй гэсэн бол Налайх дүүргийн аудитын болон нийслэлийн аудитын байгууллагын акт, албан шаардлага, дүгнэлт зэрэг нь Ц.Баасансүрэнгийн албан тушаалыг бууруулах Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасан хангалттай үндэслэл байсан боловч түүнд хүндэтгэлтэй хандаж, түүний нэхэмжлэлд дурдсан шаардлагыг хүлээн зөвшөөрч 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 104/шш2016/00337 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. 

Мөн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүл мэндийн төвийн даргын Б/198 дугаар тушаалаар шүүхийн дээрх шийдвэрийг үндэслэн Ц.Баасансүрэнг хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн томилж, санхүүгийн дүрэм журам, шүүхийн шийдвэрт заасны дагуу цалингийн зөрүүг олгож тооцоо хийсэн. 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр удирдлагын зөвлөлийн хурлын дараа эрүүл мэндийн төвийн дотор, мэдрэл, мэс засал, амбулаторийн тасгийн эрхлэгч нартай ярьж Ц.Баасансүрэнг ойрын өдрүүдэд үзүүлж акт авсан эсэхийг лавлахад тэд энэ 7 хоногт акт аваагүй гэж хэлсэн юм.

Урьд нь Ц.Баасансүрэн өөрийн дур зоргоороо авирлаж ажилдаа ирэхгүй албан ажлын эрх ашиг хохироогоод байхаар нь 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б/216 дугаар тушаалаар "сануулах", сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Тушаалыг өөрт нь гардуулсан боловч, тухайн үедээ гомдол гаргаагүй. Ц.Баасансүрэн Улаанбаатар хотод эмчлүүлсэн өвчний акттай гэдэг боловч акт баримтаа авчирч өгөхгүй, чимээгүй алга болж, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүй, захиргаанд урьдчилан мэдэгдэхгүйгээр дур зоргоороо ажил тасалж, ажилдаа ирэхгүй байгаа шалтгаанаа хуульд тогтоомжид зааснаар мэдэгдээгүй, шалтгааныг тодруулахаар залгахад утсаа авахгүй байсан. Мөн утсаар залгахад “очиж чадахгүй гэж байна гэж хэл” гэх зэргээр авирлаж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш өдөр ажил тасалсан тул хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.2.3-т заасан “...Ажилтан амралттай, өвчтэй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол захиргаанд урьдчилан мэдэгдэж, бүртгэлийн дэвтэрт тэмдэглүүлнэ...” гэснийг зөрчиж, мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.5.2-т заасан “...Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 2-оос дээш ажлын өдрийн ажил тасалсан, өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралтын хугацаа дууссанаас хойш захиргаанд мэдэгдэхгүйгээр сайн дураараа ажлын 2-оос дээш өдрийн ажил тасалбал ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлана..." гэснийг тус тус баримтлан Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/247 дугаар тушаал гаргаж, өөрт нь гардуулсан. Уг тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Ц.Баасансүрэнг Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүний нөөцийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 485 983 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Баасансүрэнд олгож, олговорт нийт нэмэгдүүлэн шаардсан 4 877 316 төгрөгийн нэхэмжлэлээс үлдэх 2 391 333 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан олговорт олгогдох 2 485 983 төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт үргэлжлүүлэн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилт хийхийг Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 124 926 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Эрдэнэбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд эх сурвалжийг нь зааж өгсөн Хүн амын хөгжил, Нийгмийн хамгаалалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/30 дугаар тушаалаар баталсан “Иргэнд эмнэлгийн хуудас олгох тухай” журамд “...Өвчтөнд 14 хоногоос цааш акт олгох бол нэгдсэн эмнэлгийн дэргэдэх мэргэжлийн эмч нарын магадлах комиссын хурлын шийдвэрийг үндэслэн эмнэлгийн хуудсыг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ...” гэж, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгаалалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/30 тушаалаар баталсан Иргэнд эмнэлгийн хуудас олгох журмын 2.11.1, 2.11.2-т тодорхой заасан бөгөөд энэ нотлох баримтын эх сурвалжийг анхан шатны шүүх хуралдаанд зааж, тайлбарлаж хэлсээр байтал шүүх Ц.Баасансүрэнгийн танил эмчээрээ бичүүлж авсан эмнэлгийн хуудсууд нь дээрх журамд зааснаар эмнэлгийн хяналтын комиссын хурлын шийдвэрээр олгогдоогүй, зарим нь зохих албан тушаалтнуудаар хянагдаж, гарын үсэг зурагдаж, эмнэлгийн байгууллагын тамга тэмдэг дарж албажуулаагүй бичиг баримтнууд байсан учир нийгмийн даатгалын байгууллагаас актын мөнгийг олгоогүй нь даатгуулагчийн буруутай үйлдэлээс шалтгаалсан болохоос манай байгууллагын буруу биш юм.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хариуцагчаас гаргуулсан Ц.Баасансүрэнгийн 07778363 дугаар эмнэлгийн хуудаст ерөнхий эмч, эмнэлгийн даргын гарын үсэг зурагдаагүй, тамга тэмдэг дарагдаагүй хугацаа нь өөр хуудастай давхардсан тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж тэмдэглэсэн атлаа өвчний улмаас эмнэлэгт эмчлүүлж байхад нь ажлаас үндэслэлгүй халсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Ц.Баасансүрэн нь 2016 оны 07, 08 дугаар сараас хойш ажилдаа ирээгүй өөрийн дураар ажил тасалсан байхад шүүх өвчний учраас чөлөөтэй эмнэлэгт хэвтэж байхад нь ажлаас нь халсан гэж дүгнэсэн. Мөн Ц.Баасансүрэнг менежерийн абан тушаалд эгүүлэн томилж, албан тушаалын цалингийн нь зөрүүг олгуулж одоо ажилдаа ор гэхэд нь ажилдаа ороогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Баасансүрэн нь хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдуулан хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 877 316 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн орлогч даргын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/198 дугаар тушаалаар /хх 17/ хүний нөөцийн менежерийн албан тушаалд томилогдож, хариуцагч байгууллагатай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан /хх 19/ ажиллаж байсан Ц.Баасансүрэнг албан тушаалаас нь тус төвийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/247 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр /хх 18/ чөлөөлжээ.

Ажил олгогч тушаалдаа “...2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дур мэдэн ажил тасалж, ...Хөдөлмөрийн дотоод журмын 2.2.3, 4.1.3.3, 4.5.2 дахь заалтуудыг зөрчин ...Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан 5.4.2-т Хөдөлмөрийн гэрээ шууд цуцлах ноцтой зөрчил мөн...” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Баасансүрэнг хөдөлмөрийн гэрээний 5.4.2-т заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 өдөр дараалан ажил тасалсан” зөрчил гаргасан гэж заажээ.

Нэхэмжлэгч Ц.Баасансүрэнд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл эмчлүүлсэн тухай 0778363 дугаар эмнэлгийн хуудас, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл эмчлүүлсэн тухай 0778368 дугаар эмнэлгийн хуудас олгосон нь /хх 94/ түүний эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх, амбултороор эмчлүүлсэн өвчтөний эмнэлгийн картаар давхар нотлогдож байх тул өвчний улмаас эмчлүүлж, эмнэлгийн чөлөөтэй байсан гэж үзэх тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс нэхэмжлэгч Ц.Баасансүрэн нь эмнэлгийн хуудсыг танил эмчээрээ бичүүлсэн тул хүчингүй гэж татгалзлаа гаргасан ч эмнэлгийн хуудас хуурамч болохыг эрх бүхий этгээдээс шалгаж тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн эмнэлгийн хуудас бичих журмыг зөрчсөн, 07778363 дугаар хуудаст ерөнхий эмч, эмнэлгийн даргын гарын үсэг зурагдаагүй, тамга тэмдэг дарагдаагүй гэх боловч эмнэлгийн хуудсыг олгох журмыг мөрдөөгүй нь өвчтөнийг буруутгах үндэслэл болохгүйгээс гадна нэгэнт эмчлэгч эмчээс хуудас олгосон байхад хариуцагч буюу ажил олгогч эмнэлгийн хуудасны ажил олгогчийн баталгаажуулах хэсгийг бөглөж хаагаагүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй болно.

Дээрхээс хариуцагчийг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэх бөгөөд мөн энэ талаарх тайлбар, давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч өвчтэй байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул ажил олгогч Н.Баасансүрэнг  2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасанд нийцээгүй, хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн байх тул шүүхэд эрхээ сэргээлгэхээр шаардах эрхтэй.

Иймд нэхэмжлэгчийг хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 485 983 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 64 дүгээр зүйлийн 64.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 104/ШШ2016/00575 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЗОЛЗАЯА

                        ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ