Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/97

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Мд холбогдох эрүүгийн 1825008860070 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.М

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Э.М-г 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баруун Дэнжийн 12-08 тоотод О.Мөнхжинг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М мэдүүлсэн: Гэмшиж байна. Мөнхжинг цохисон нь үнэн. Маргах зүйлгүй.Хохирогчид 200,000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

          -Насанд хүрээгүй хохирогч О.Мөнхжингийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2018 оны 12 дугаар сарын 11-ний өглөө Сэлэнгэ аймгаас ирж найз Үүрийнтуяагийн гэрт 2-3 хоносон.

...Мөнх-Эрдэнэ бид хоёрыг орсон чинь Үүрээг яах гэж ирсэн юм, янхан минь гээд ууж байсан архиа цацсан. Тэгээд Үүрээ уурлаад хөнжил, гудас, хувцас хунараа хашаандаа гаргаад эргэж гэртээ ороод Мөнх-Эрдэнэтэй хэрүүл хийгээд байсан. Мөнх-Эрдэнэ Үүрээг үснээс нь зулгааж өшиглөсөн. Тэгэхээр нь би Мөнх-Эрдэнийг найз Самбуугийн хамт салгасан. Би Үүрээгийн үсийг боож өгөөд зогсож байтал Үүрээ над руу уурласан. “би очихгүй гээд байхад чи намайг дагуулаад ирсэн” зайл гээд над руу орилоод гадаа гаргасан хувцас хөнжилөө хашаандаа байсан поошигондоо хийгээд шатаачихаад гараад яваад өгсөн. Гэтэл Мөнх-Эрдэнэ араас нь гараад 30-40 минутын дараа орж ирээд намайг харсанаа “чи муу гичий зайл яагаад манайд байгаад байгаа юм” гэж хэлээд миний нуруун тус газар өшиглөсөн, нүүрэн тус газар нэг удаа алгадсан. Би уурлаж Мөнх-Эрдэнэтэй маргалдахад миний нүүрэн тус газар нэг удаа өшиглөхөд миний хамарнаас цус гараад тогтохгүй байхаар нь би цагдаа дуудсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/

       -Насанд хүрээгүй гэрч Э.Үүрийнтуяагийн “...2018 оны 12 сарын 18-ны өдөр Мөнхжин бид хоёр манай гэрт байж байхад манай найз Жаагий миний утасруу залгаж уулзая гэхээр нь Мөнхжингөөс манай найз Жаагий уулзая гэж байна гараад уулзах уу гэхэд тэгье гэсэн. Жаагийтай гэрийнхээ гадаа уулзаад байж байхад Мөнхжин нэг цаг дуулмаар байна гэсэн. Тэгээд бид 3 Дээдэс төвийн караокед орж нэг цаг дуулаад сууж байхад Мөнх-Эрдэнэ гэртээ ирчихлээ хаана байгаа юм бэ гээд Мөнхжингийн гар утасруу олон удаа залгасан. Тэгсэн Мөнх-Эрдэний залгасан утсыг Жаагий авчихсан байсан. Мөнхжингийн гар утасруу “Улака байна Үүрээ тэр чигээрээ зайлаарай” гэсэн мессэж ирсэн байхаар нь Мөнхжин бид 2 такси бариад гэртээ харьсан. Гэтэл Мөнх-Эрдэнэ уучихсан гэртээ найз Самбуу, Пүүжээ нарын хамт 0,75 граммын архи уугаад сууж байсан. Мөнх-Эрдэнэ бид 2 маргалдсан, би гэрээсээ гараад эмээгийнд очоод хоносон. Зодоход би хажууд нь байгаагүй...гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/

-Орхон аймгийн ШША-ны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаартай: О.Мөнхжингийн биед хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зохи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал үүсчээ. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйчлэлээр үүсгэгдэх боломжтой. Нэг цаг хугацаанд үүссэн байна. Гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөлөөхгүй. Шинэ гэмтлүүд байна.   гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Э.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баруун Дэнжийн 12-08 тоотод О.Мөнхжинг зодож эрүүл мэндэд нь  хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зохи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.

Шүүгдэгч Э.М-ий энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баруун Дэнжийн 12-08 тоотод О.Мөнхжинг зодож биед хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зохи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн  зөвшөөрсөн. Хохирогч гомдолгүй гэсэн тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутад тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэжээ.

Хохирогч О.Мөнхжин шүүх хуралдаанд оролцоогүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгджээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.М-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.               

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын  яллагчийн санал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр торгох нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Э.Мд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сард 112,500 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.          

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

             6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ