| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батдэлгэр |
| Хэргийн индекс | 1903011770557 |
| Дугаар | 2024/ХШТ/45 |
| Огноо | 2024-04-03 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | С.Батсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2024/ХШТ/45
Р.Ж-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, прокурор С.Батсүрэн, шүүгдэгч Р.Ж, түүний өмгөөлөгч А.Кадирбек, Б.Дашдорж, хохирогч О.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Н, тэдгээрийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, иргэний хариуцагч Б.Г, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 677 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 76 дугаар магадлалтай, Р.Ж-д холбогдох эрүүгийн _____ дугаартай хэргийг Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор В.Батдэлгэрийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нисэхийн техникч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Х” ХХК-д ээлжийн ахлах инженерээр ажиллаж байсан, ял шийтгэлгүй И овогт Р-ийн Ж.
Р.Ж нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Ч” Олон улсын нисэх онгоцны буудлын нислэгийн талбайд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Х” ХХК-ийн ээлжийн ахлах инженерээр ажиллаж байх хугацаандаа “Х” ХХК-ийн JU-00 бүртгэлийн дугаартай “Embraer-190” загварын агаарын хөлгийн хойд тэнцвэржүүлэгч хэсгийн бүтээлгийг хучих буюу “Өндөрт ажиллах журам”-д заасан ажлын тавцан бүхий өндрийн төхөөрөмж буюу платформ, алсын зайн хазайх өргөгч, хайчлах өргөгчийг ашиглуулж уналтаас хамгаалах бүс, малгайг ашиглуулах үүргээ хэрэгжүүлээгүй, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас механикч О.М нь онгоцны зүүн хойд хэвтээ тэнцвэржүүлэгчээс унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 677 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Р.Ж-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Ж-ыг нисэхийн техникч мэргэжлээр ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нэмэгдэл болон үндсэн ялыг тус тус өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Кадирбекийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэж 76 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож,
прокурорын газраас Р.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгажээ.
Хяналтын шатны шүүхэд прокурор В.Батдэлгэр бичсэн эсэргүүцэлдээ: “...Магадлалыг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “Эрүүгийн хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж, зөрүүтэй хэрэглэсэн” гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар “Х” ХХК нь ээлжийн ахлах Р.Ж 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус тус ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж гарын үсэг зуруулж авсан байна. Дээрх 2 ажлын байрны тодорхойлолт нь цаг хугацааны хувьд зөрүүтэй боловч ажлын байрны тодорхойлолтод байх ээлжийн ахлахын үүрэг, зорилт, ажлын байран дээр дагах дүрэм, журам нь үг үсгийн зөрүүгүй адилхан байдаг. Хяналтын прокурор болон анхан шатны шүүхийн зүгээс Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 05-092/44 дугаартай дүгнэлт үндэслэлтэй гэж үзсэн.
Шинжээчийн дүгнэлтэд "Х” ХХК-ний ээлжийн ахлагчийн ажлын байрны тодорхойлолтод “Агаарын хөлгийн болон эд ангийн цаг үеийн, хугацаат бус техник үйлчилгээ хийх”, “Бүх техник үйлчилгээний болон засварын ажлуудыг зөвшөөрөгдсөн бичиг баримтын дагуу явуулах" гэж тус тус заасан тул ээлжийн ахлагч нь “Еmbraer 190” загварын JU-00 дугаартай агаарын хөлгийн зүүн хойд тэнцвэржүүлэгч хэсгийг бүтээлгээр хучих буюу өндөрт ажил гүйцэтгүүлэхдээ “Х” ХХК-ний 4.20 дугаартай “Өндөрт ажиллах журам”-д заасан ажлын тавцан бүхий өндрийн төхөөрөмж буюу платформ, алсын зайн хазайх өргөгч, хайчлах өргөгчийг ашиглуулж уналтаас хамгаалах бүсийг ашиглуулах үүрэгтэй байсан ба ээлжийн ахлагч Р.Ж тухайн өдрийн нислэг, техникийн аюулгүй ажиллагааг хангаж, ажлыг биечлэн гүйцэтгэж өндөр ачаалалтай байсан учир 2019 оны 10 дугаар сарын 14-ний аюулгүй ажиллагааны зааварт тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бүрэн бүтэн эсэхийг шалгаж, боломжгүй тухайн хэсгийнхээ удирдлагад мэдэгдэж зохих шаардлагыг хангуулсны дараа ажлаа эхлүүлэх зааварчилгааг ажилчиддаа өгөөд осол гарсан үед агаарын хөлөг дотор ажил үүрэг гүйцэтгэж байсны улмаас агаарын хөлгийг хучих ажлын гүйцэтгэл дээр хяналтыг бүрэн тавьж зогсоож чадаагүй, ээлжийн ахлагч, “Х” ХХК-ний агаарын хөлгийн механикчийн ажлын байрны тодорхойлолтын үндсэн үүрэгт “Агаарын хөлөг дээр аливаа ажил үүргийг гүйцэтгэхдээ үйлдвэрлэгчийн заавар, зөвлөмж, компанийн заавар, стандартыг дагаж мөрдөх ба зохих багаж, тоног төхөөрөмжийг ашиглана”, мөн “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааны хуудас”-ын 2-д “өөрийн ажиллах ажлын байрны эмх цэгц, ариун цэвэр, аюулгүй байдал, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бүрэн бүтэн эсэхийг шалгах ба аль нэг байдалд зөрчилтэй зүйл илэрвэл боломжтой бол өөрөө засаж цэвэрлэх, тийм боломжгүй аваас тухайн хэсгийнхээ удирдлагад мэдэгдэж зохих шаардлагыг хангуулсны дараа ажлаа эхэлнэ” гэж заасныг ээлжийн ахлах зөрчсөн байна гэх үндэслэлээр түүнийг буруутгасан.
Ажлын байрны тодорхойлолт нь тухайн ажиллаж буй албан тушаалын эзлэх байр суурь зорилго, зорилт, үйл ажиллагааны чиг үүрэг, хариуцлага, эрх мэдэлд тавигдах шаардлагыг нарийвчлан шинжилж тодорхойлсон баримт бичиг бөгөөд ажлын байрны тодорхойлолтод тухайн албан тушаалын зорилго, гүйцэтгэх үндсэн үүргүүд, ажлын байран дээр гүйцэтгэх ажилбар, ажлын төрлүүд, мэдлэг, ур чадвар, хандлага, төлөвшил, гүйцэтгэлийн шалгуур зэргийг тусгадаг. Р.Ж нь ажлын байрны тодорхойлолтыг танилцаж байсан талаар мэдүүлдэг бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ямар ажил үүргийг хэрхэн гүйцэтгэх ёстой талаар мэдэхгүйгээр ажил үүргийг гүйцэтгэж байсан гэдэг нь бодит үнэнтэй нийцэхгүй юм.
Мөн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Хөдөлмөр хамгаалал, галын аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх хуудас”-ыг ээлжийн ахлах Р.Ж тухайн үед ажил гарах ажилтан нарт танилцуулж, ажилд гаргасан баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Уг зааварчилгааг ажилтан нар нэг бүр танилцаж гарын үсэг зурсан ба зааварчилгааны шаардлагыг хангуулж ажиллах үүрэг нь ээлжийн ахлах Р.Ж байсан байдаг.
Гэрч нарын мэдүүлэг болон санхүүгийн баримтаар “Х” ХХК-нд хөдөлмөр хамгаалал, инженер техникийн ажилчид механикч нарыг ажилд гарахад нь ажлын онцлогт тохируулсан ажлын тусгай хувцас ялангуяа өндөрт ажиллах механикч нарт өндөрт ажиллах зориулалт бүхий хамгаалалтын тусгай хэрэгсэл, хамгаалалтын малгай, бүс, зориулалтын гутал олгодог, өндөрт ажиллах шаардлагатай үед Иргэний нисэхийн ерөнхий газрын тусгай үйлчилгээний албанд захиалга өгч өндрийн төхөөрөмж, өндөрт ажиллах зориулалт бүхий тээврийн хэрэгсэл түрээслэн авч ашиглан ажилладаг байсан. Уг байгууллагатай авто тээврийн хэрэгсэл, тусгай зориулалтын тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан. Гэрээний дагуу шаардлагатай үед өндөрт ажиллах зориулалт бүхий тээврийн хэрэгсэл түрээсээр авч ажилладаг талаар дурдсан байх аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулж буй ээлжийн ахлах тухайн хийгдэх ажлын онцлогт тохируулж ажилтан нарыг ажлын хувцас өндөр ажиллах бол хамгаалах бүс, малгайг хэрэглүүлэх, бэлэн байлгах, дээрх хувцас хэрэгсэлтэй тохиолдолд ажилд гаргах, хамгаалалтын хувцас, малгай, өндрийн бүс, өргөгч машин бусад хэрэгслийг шаардах эрх нь ээлжийн ахлах Р.Ж байсан болох нь ажлын байрны тодорхойлолт болон бусад баримтаар мөн нотлогддог.
Улмаар анхан шатны шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, хууль зүйн дүнэлт хийж, Р.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.
Түүнчлэн урьд давж заалдах шатны шүүхээс Р.Ж холбогдох дээрх хэргийг прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцээд 952 магадлалд “Анхан шатны шүүхээс Р.Ж холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна...”, “...прокуророос шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой.”, “Прокурор Д.Агарын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй байна.”, “...прокуророос яллах дүгнэлтээ дахин үйлдэж хэргийн оролцогч нарт гардуулан хэргийг дахин шүүхэд шилжүүлэх нь зүйтэй...” гэж тус тус дүгнэсэн байдаг.
Гэтэл давж заалдах шатны шүүх шүүгдэгч Р.Ж, түүний өмгөөлөгч нарын гомдлоор 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 2024/ДШМ/76 дугаартай магадлалаар “Хэрэгт авагдсан баримтуудаас судлахад тус гэмт хэрэгт Р.Ж-ын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй, түүний үйлдлийн улмаас тухайн үр дагавар үүсээгүй” гэж дүгнэн “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон Р.Ж-ыг цагаатгаж шийдвэрлэсэн боловч уг шийдвэрт Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/677 дугаар шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтыг няцааж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, улмаар Р.Ж-ын үйлдэл, эс үйлдэхүйг ямар учраас “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэсэн болох зэргийг тодорхой, ойлгомжтой дурдалгүйгээр “Р.Ж-ын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй” гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгч Р.Жыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-д заасан шүүхийн тогтоолын үндэслэл болсон нотлох баримтыг няцааж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцлийг үндсэндээ дэмжиж байгаа. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Үүнээс гадна анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдал болон нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Харин шийтгэх тогтоол, магадлалд гомдол гаргаагүй шалтгаан бол хохирогч талд шүүхийн шийдвэрүүдийг гардуулж өгөөгүй юм байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс иргэний хариуцагчаар татагдсан “Х” ХХК болон тус компанийн удирдлага буруутай гэсэн байр суурийг илэрхийлсээр ирсэн байдаг. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн санал, хүсэлтийн дагуу ажиллагаа хийлгүй орхигдуулсан байна. Иймд хэргийн нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоогоогүй гэж хэлэхээс аргагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар ажил олгогч ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт хангасан хөдөлмөрийн хэвийн нөхцөлөөр хангах үүргээ биелүүлээгүй харагдаж байна. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар ажилтныг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүй, 28 дугаар зүйлийн 28.3-т заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтоолцоог нэвтрүүлээгүй. Тодруулбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулаагүй. Түүнчлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасан. Нөгөө талаар үйлдвэрлэлийн осол гэж тогтоогдсон учир компанийн удирдлагад эрүүгийн хариуцлага зайлшгүй яригдах ёстой. Мөн хохирогч О.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журамд заасан үүргүүдээ биелүүлээгүй. Тэгэхээр компанийн удирдлагууд эрүүгийн хариуцлагад татагдаж шалгагдах асуудал орхигдсон байна. Түүнчлэн хэрэгт шүүгдэгч Р.Ж-ын гарын үсгийг хуурамчаар зурсан, баримт нөхөж бүрдүүлсэн, гадаад хэл дээр авагдсан баримтуудад хуульд заасны дагуу орчуулга хийгдээгүй зэрэг нөхцөл байдлууд бий. Иймд хохирогчийн байр суурийг дэмжиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Миний хүү О.М “Х” ХХК-д ажиллаж байгаад гэмтээд 5 жилийн хугацаа өнгөрсөн байна. Үүнээс хойш юу ч өөрчлөгдөөгүй. Хуралдаан нэлээд олон удаа зарлагдсан боловч хойшилсоор бид эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсоор явна. “Х” ХХК болон тус компанийн удирдлагууд хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлагад татагдахгүй байгаад маш их гомдолтой байна гэв.
Хохирогч О.М хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Миний зүүн нүд юм харахгүй, гар, хөл, ам мэдээгүй болсон. Гар, хөл муу болохоор ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байна. “Х” ХХК-д гомдолтой байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Дашдорж хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Хэргийн үйл баримттай танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийг хэн үйлдсэн, үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийн талаарх нотолгоо хийгдээгүй байсан. Улмаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулж, шүүхээс тодорхой ажиллагаа хийлгэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч прокурор эсэргүүцэл бичсэнээр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Прокурор Р.Ж-ыг ажлын хэсгийн ахлагчаар үүрэг гүйцэтгэж байхдаа хүний биед болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан мэтээр тайлбарлаж байна. Гэтэл хавтаст хэрэгт тэс өөр үйл баримт бий. Тухайн үед Д.Д буюу ерөнхий инженерээс үүрэг авч үйл ажиллагаа явагдсан нөхцөл байдал авагддаг. Мөн ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуульд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлсэн эсэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер ажиллуулаагүй, өндөрт ажиллах техникээр хангаагүй, үүргээ хэрэгжүүлээгүй албан тушаалтнууд хариуцлага хүлээгээгүй талаас нь гомдол гаргаж ирсэн бөгөөд хэрэг хэт нэг талыг барьж шалгагдсан. Гэвч анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийхгүйгээр ээлжийн ахлахыг буруутай мэтээр дүгнэсэн. Харин давж заалдах шатын шүүх хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Р.Ж-ын ажил олгогчтойгоо байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хийсэн үйл ажиллагаа зэргийг гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлтэй шууд холбоход түүний буруутай үйлдэл байдаггүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар хохирогчийн эрх ашиг хөндөгдсөн асуудал гарсан буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах заалтыг магадлалд тусгаагүй гэж харсан. Иймд магадлалыг дээрх байдлаар зөвтгөөд хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Кадирбек хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Хэргийн материалтай танилцахад хяналтын шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хууль хэрэглээний зөрүүг арилгахаар прокурорын эсэргүүцлийг хэлэлцүүлэх тогтоол гаргасан байна. Гэтэл прокурорын эсэргүүцлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэсэн агуулгаар тайлбарлаж буй нь үндэслэлгүй болохыг онцгойлон дурдая. Хоёр шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүү байсан учир хяналтын шатны шүүхээс хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн гэж ойлгож байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Р.Ж-ыг “Х” ХХК-ийн 4.20 дугаартай Өндөрт ажиллах журмыг зөрчсөн буюу захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4-т “энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасан ба Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлд “захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж заасан. Тэгэхээр давж заалдах шатны шүүх “Х” ХХК-ийн дотооддоо дагаж мөрдөхөөр гаргасан 4.20 дугаартай журам бол захиргааны хэм хэмжээний акт биш учир зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангахгүй гэдэг байдлаар дүгнэсэн нь хуулийг зөв хэрэглэсэн. Түүнчлэн Р.Ж-ыг хохирогч О.М-ийн ажил үүргийг хуваарилсан, 4.20 дугаартай журмын холбогдох заалтыг зөрчсөн үндэслэлээр буруутгадаг. Гэтэл хөдөлмөрийн гэрээгээр Р.Ж нь бусад ажилтнуудын адил онгоцны техник үйлчилгээг хийх чиг үүрэгтэй болох нь маш тодорхой. Мөн шүүгдэгчийн ажлын байрны тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж мөрдөгчид гаргаж өгсөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсоны дараа өндөрт ажиллах журмыг нөхөн бүрдүүлж хавтаст хэрэгт өгсөн. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтууд нь бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий нотлох баримт биш болохыг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэж шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Р.Ж хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Осол гарсанд гүнээ харамсаж байна. Үйлдвэрлэгчээс гаргасан онгоцны далавчийг хучих журам байдаггүй. Харин манайд монголчлоод далавчийг хучдаг байсан. Би ч өөрөө хучдаг. Тэнд тусгай тоног төхөөрөмж, хөдөлмөр хамгааллын каск, малгай, бүс байгаагүй. Онгоцны далавчинд цанталд үүсэхээс хамгаалж хучдаг. Харин үйлдвэрийн заалт бол онгоцыг ангар эсвэл гараашинд байрлуулах ёстой. Хэрэв байрлуулах ангар байхгүй бол онгоцны далавчинд тусгай шингэн цацах ёстой ба нэг удаагийн авалт нь 10-20 сая төгрөгийн үнэтэй байдаг. Өмгөөлөгч нартайгаа санал нэг байна гэв.
Иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Г хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Х” ХХК иргэний хариуцагчаар татагдаад 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх бүх эмчилгээний зардал, Хөвсгөлөөс Улаанбаатар, Улаанбаатараас Хөвсгөл нисэх онгоцны зардал, байрны түрээс зэрэг бүхий л зардлыг тухай бүрд нь гаргаж өгсөн буюу нийт 50,496,510 төгрөгийн эмчилгээний зардал төлсөн. 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид зардал нэхэмжлэхгүй гээд ажлаас чөлөөлсөн тушаал гаргуулж 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авснаар хохирол төлбөр нэхэмжлэх асуудлыг эцэслэсэн гэж үзэж байна. Хэргийн хувьд тайлбар хэлэх шаардлагагүй байх гэв.
Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Давж заалдах шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүгдэгч Р.Ж, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын бүхэлд нь хүчингүй болгож, Р.Ж холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэлгүй. Учир нь давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-д заасан шүүхийн тогтоолын үндэслэл болсон нотлох баримтыг няцааж, үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулах агуулга бүхий эсэргүүцэл бичсэн байна. Тээврийн прокурорын газраас бичсэн эсэргүүцлийг агуулгын хувьд дэмжин оролцож байна. Учир нь анхан шатны шүүхээс Р.Ж холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт, мэтгэлцсэн асуудал бүрд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дурдаж, дүгнэлт хийсэн байна. Түүнчлэн шүүгдэгч Р.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл нь дан ганц шинжээчийн дүгнэлт бус хэрэгт авагдсан гэрч Б.Б, М.Б, Л.Б, Ц.Л, Б.А, Ц.Б, Б.Б, О.У нарын мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч Р.Ж нь Б.Б, М.Б нарт агаарын хөлгийн тэнцвэржүүлэгчийг хучих ажлыг хуваарилж үүрэг болгосон, улмаар тухайн ажилд зориулалтын бус катерингийн машиныг ашиглах саналыг жолоочид нь тавьж ажлыг эхлүүлсэн бөгөөд О.М тэнцвэржүүлэгчээс унаж гэмтсэн үйл баримт тогтоогдсон. Шүүгдэгчийн хувьд ажлын байрны тодорхойлолттой танилцсан талаар шүүх хуралдааны явцад мэдүүлсэн байдаг. Уг тодорхойлолтоор ээлжийн ахлах инженер нь ажилтныг агаарын хөлөг болон түүний эд анги, бусад төхөөрөмж дээр ажиллуулахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг баримтлах үндсэн үүргийг хүлээсэн байдаг. Энэ ч утгаараа тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгэж байсан хүмүүст аюулгүй ажиллагааг сахиулахаар гарын үсэг зуруулсан баримт авагдсан байдаг. Гэтэл энэ нь дан ганц баримтад гарын үсэг зурсан асуудал биш юм. Тухайн ажилтанд ажил хуваарилж өгөөд аюулгүй ажиллагааны хувцас, хэрэгсэл, аюулгүй ажиллах нөхцөл байдал бүрэн хангагдсан эсэхэд хяналт тавих үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүйгээр зориулалтын бус техникийг зогсоож, хамгаалах бүс, малгайгүй механикч нарыг өндөрт ажиллуулсан нөхцөл байдал бий. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судлалгүйгээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн гэм бурууг тогтоосон нотлох баримтын эх сурвалж хангалттай хүрэлцэхүйц, эргэлзээгүй байна. Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн байтал давж заалдах шатны шүүх эргэлзээ бүхий нөхцөл байдлын талаар дурдсан боловч дүгнэлт хийгээгүй. Хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн асуудлын наад захын жишээ бол шүүгдэгч 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр механикчаар томилогдож 2014 оны 04 дүгээр сараас ээлжийн ахлах инженерээр ажилласан баримт авагдсан. Энэ хугацаанд ажлын байрны тодорхойлолтоо мэдэхгүйгээр үүрэг гүйцэтгэсэн гэдэг нь хэргийн бодит байдалд нийцэхгүй. Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв сэргээн тогтоож, Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг үгүйсгэсэн дүгнэлтийг бүрэн хийж чадаагүй байх тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болно.
Шүүхийн шийдвэр ийнхүү хүчин төгөлдөр болсноор мөн хуулийн 37.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд түүнийг биелүүлэх үүрэгтэй билээ.
Анхан шатны шүүх Р.Ж холбогдох хэргийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэмж хийлгэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдлоо” гэж дүгнэн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд шалгагдвал зохих зүйлүүдийг хоёр заалтанд нэгтгэн тусгаж 1768 дугаартай шүүгчийн захирамж гарган (хэргийг 4 дэх хавтас, 109-111 дэх тал) хэргийг прокурорт буцаасан байна.
Уг шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичсэний дагуу хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэж 952 дугаар магадлал (хэргийн 4 дэх хавтас, 136-140 дэх тал) гарган анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Ийнхүү шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүх “...шүүгчийн захирамжид заасан ажиллагааг прокурорын шатанд хийх шаардлагагүй байх тул шүүгдэгч Р.Ж холбогдох эрүүгийн хэрэгт прокуророос яллах дүгнэлтээ дахин үйлдэж, хэргийн оролцогч нарт гардуулан хэргийг дахин шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв... Давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх зайлшгүй нөхцөл байдал үүсчээ” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс тус тус бүрддэг ба энэ бүх шатны шүүхийн шийдвэрт хамааралтай билээ.
Шүүхийн шийдвэрийн бүх хэсэг нь хоорондоо харилцан уялдаа холбоотой байх ёстой бөгөөд тогтоох хэсэг нь удиртгал болон тодорхойлох хэсгийн үргэлжлэл, тодорхойлох хэсэг нь тогтоох хэсэгт заах шүүхийн шийдвэрийн үндэслэл нь юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д заасан нотолбол зохих нөхцөл байдлын хүрээнд шүүгчийн захирамжид заасан мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх магадлалын тодорхойлох хэсэгт дүгнэсэн атлаа мөн захирамжаар хэргийг прокурорт буцаасан шийдлийг магадлалын тогтоох хэсгээрээ хэвээр үлдээжээ.
Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тухайн хэргийн талаар шүүхээс гаргаж буй шийдлийг тусгадаг ба энэ нь хууль зүйн тодорхой үр дагаврыг үүсгэдэг тул шийдвэрийн хэсгүүд хоорондоо зөрчилдсөн тохиолдолд тогтоох хэсгийг баримтлана.
Давж заалдах шатны шүүх уг хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр хянан хэлэлцэх үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасан “хэргийг ...дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” зохицуулалт хүчингүй болсон байсан хэдий ч мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д заасан бүрэн эрхийн хүрээнд давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэх боломжтой байжээ.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэл тогтоогдвол давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ болно.
Өөрөөр хэлбэл, давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад дээр дурдсан хуулийн зүйл, хэсэгт заасан алдаа, зөрчил илэрсэн тохиолдолд үүнийг зөвтгүүлэх эсхүл арилгуулах үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах болон хүчингүй болгохыг дээрх зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд үүрэг болгожээ.
Давж заалдах шатны шүүх нь хуулиар хүлээлгэсэн үүргийг эс биелүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д заасны дагуу шүүгчийн захирамжийг хүчингүй болгоогүй тул мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Гэтэл прокурор нь давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт дурдсан үндэслэлийг ишлэж, шүүгчийн захирамжид тусгасан мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг огт хийж гүйцэтгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн байна.
Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүгчийн захирамжийг прокурор огт биелүүлэхгүйгээр өмнө нь үйлдэж байсан яллах дүгнэлтийг (зөвхөн прокурорын нэр өөрчлөгдсөн) хуулбарлан ирүүлсний дагуу анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн тул мөн зүйлийн 2-т заасныг дагуу шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1768 дугаартай шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд хийлгүүлэх шаардлагатай гэж хяналтын шатны шүүх үзлээ.
Давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн дээрх шүүгчийн захирамжийн заалтыг хангуулах шаардлагатай гэж хяналтын шатны шүүх дүгнэн шийдвэрлэж буй тул Р.Ж-ыг гэм буруутайд тооцож ял шийтгэсэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 677 дугаар шийтгэх тогтоол, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 76 дугаар магадлал, уг магадлалыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийн талаар дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ