Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чинзоригийн Баярмаа |
Хэргийн индекс | 120/2017/0012/з |
Дугаар | 15 |
Огноо | 2017-09-12 |
Маргааны төрөл | Газар, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 15
2017 оны 09 сарын 12 өдөр 120/ШШ2017/00015 Өмнөговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, “И т” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ханхонгор сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75, 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн а/29 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээд Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гарьдхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “И т” ХХК-ийн захирал Т.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Т.Н миний бие анх 2000 онд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт байрлах Хавцгайтын амны адагт 1.5 га газрыг ззэмшиж, 2003 онд “И т” ХХК-ийг үүсгэн байгуулан, 2004 онд герман улсын иргэн В В хамтран “Гүег Хаан” жуулчны бааз ажиллуулж байсан байсан.
Анх 2000 онд олгогдсон Ханхонгор сумын нутаг Хавцгайтын амны газрыг миний үүсгэн байгуулсан “И т” ХХК-ийн нэр дээр эзэмшигчээр шинэчлэн тогтоож гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон.
Миний бие уг эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаж ажил үйлчилгээ үзүүлж жил бүрийн газрын татвараа цаг хугацаанд төлж харуул хамгаалалт цэвэрлэгээгээ хийж явсан бөгөөд газар эзэмших хуулийн дагуу жил бүрийн газрын төлбөрөө тогтмол төлж байсан билээ.
Гэтэл 2015 оны 10-р сард манай харуул хамгаалалтын ажилтан өөр хүмүүс танай баазыг ажиллуулж байгаад буулаа гэж мэдэгдсэн. Ингээд би Ханхонгор сумын засаг дарга болон холбогдох хүмүүстэй уулзахад “М А” ХХК-д шилжүүлсэн болохыг мэдээд 2016 оны 02 дугаар сард тус аймгийн Цагдаагийн газар гомдол гаргасны дагуу эрүүгийн
C:\Users\dulguun\Documents\Received Files\Иххаадууд тур.docx
хэрэг үүсгэн шалгаж, Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал ажилтай М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264.1 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч ЭХ-ийн 17.1.1, 72.1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул ЭБШХ-ийн 208.1.1, 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон тул гомдол гаргаж хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр улсын Ерөнхий прокурорын хариу мэдэгдэх хуудсыг хүлээн авсан юм.
Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан материалтай танилцахад: Герман улсын иргэн В Ва нь М Х т ХХК-ийн өмч хөрөнгийг зарцуулах эрхийг Л овогтой Э-д итгэмжлэл олгосон байхад “И т” ХХК-ийн эзэмшлийн газрыг “М А”ХХК-д шилжүүлэхээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Ханхонгор сумын Засаг даргын захирамж гаргасан байна.
“М х т” ХХК-ийн нэртэй газар байхгүй байхад хууль бусаар манай эзэмшлийн газрыг “М А” ХХК-д өгч “И т”ХХК-ийн захирал миний зөвшөөрөлгүйгээр манай компанийн эрх ашгийг хохироосон сумын Засаг дарга түүний ажилтан нарын гэм буруу тогтоогдсон боловч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэдгийн ойлгосон.
Газрын тухай хуулийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Н-т өргөдөл гаргасан бөгөөд Засаг даргын хариуг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байгаа юм.
Одоо миний бие хууль бус захирамж гаргаж миний компанийн нэр дээр хууль ёсны дагуу олгогдсон өмнөх Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгоогүй байж ямар ч үндэслэлгүйгээр “И т” ХХК-ийн эзэмшлийн газрыг Ханхонгор сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн а/29 тоот захирамжаар “М А” ХХК- эзэмшүүлэхээр гаргасан захирамжийг хүчингүй болгож манай компанийн газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг Хавцгайтын адаг гэдэг газар 1999 оны 06 сарын 07-ны өдрийн 17 тоот албан бичгээр 1.5 га газар эзэмших хүсэлтийг Монгол Германы хамтарсан “М Х т” ХХК-ний нэрээр захирал Т.Н хүсэлт ирүүлсний дагуу 1999 оны 11 сарын 05-ны өдрийн 18 тоот шийдвэрээр 1 га газрыг “М х т” ХХК-ний нэрээр 3 жил хугацаатайгаар Т.Н-тэй гэрээ байгуулж гэрчилгээ олгосон байна. 2000 оны 5 сарын 16-нд хэмжилт хийж газрыг актаар хүлээлгэн өгсөн байна.
“И х т” ХХК нь 2004 оны 02 сарын 10-ны өдрийн 01 албан бичгээр газар эзэмших шинэчилсэн бүртгэл хийлгэх тухай гэсэн утгатай, "Гүег хаан” жуулчны бааз гэсэн хүсэлт ирсэн байна.
Сумын Засаг даргын 2004 оны 02 сарын 23-ны өдрийн 13 тоот захирамжаар “Гүег хаан" жуулчны баазын нэр дээр 1.5 га газрыг 10 жилийн хугацаатай шинээр газар эзэмшүүлэх захирамж гарсан болно. 2004 оны 10 сарын 23-нд “И хмт” ХХК № дугаартай үнэт цаасан дээр НТД-151200413 1.5 га газрыг 15 жилийн хугацаатай гэрчилгээ олгосон байна.
Т.Б 1 сарын хугацаатай W W /паспортын дугаар / 2009 оны 06 дугаар сарын 16-нд итгэмжлэгчээр томилж, 2009 оны 07 сарын 06-ны 1/45 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтэд эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол, Монголын үндэсний Арбитрийн шүүхийн шийдвэрийг хавсаргасан, 2004 оны 02 сарын 23-ны 13 тоот захирамжийг хүчингүй болгож “М х т” ХХК-ний газар эзэмших эрхийг сэргээх тухай хүсэлт ирүүлсэн байна.
Сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75 тоот захирамжаар “М х т” ХХК-нд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 61 дүгээр зүйл, арбитрийн шүүхийн тогтоолыг тус тус үндэслэн 1.5 га газрыг 5 жилийн хугацаатай газар эзэмших захирамж гарч № тоот гэрчилгээг 2009 оны 07 сарын 06-нд олгосон байна.
Мөн W W-ийн 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 3 жилийн хугацаатай Л овогтой Э итгэмжлэгчээр томилж, “М А” ХХК нь газар эзэмших, эрх шилжүүлэх хүсэлт гэрээ, гэрчилгээг ирүүлсэн байна. Сумын Засаг даргын 2012 оны 11 сарын 29-ны өдрийн А/29 тоот захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг үндэслэн “М А” ХХК-д 2 жилийн хугацаатай эрх шилжүүлэн эзэмшүүлсэн.
Газрын тухай хууль 2003 оны 01 сарын 01-нээс эхэлж хэрэгжсэн. 1999 оноос “М х т” ХХК хүсэлт гаргаж гэрээ гэрчилгээ авахдаа захирал Т.Н нэрээр жуулчны баазын нэр /Гүег хаан/ гэсэн нэрээр гэрчилгээ олгогдсон байна. И х т ХХК нь 2004 онд газар эзэмших шинэчилсэн бүртгэл хийлгэж бүртгүүлэхдээ МУ-ын газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг баримтлаагүй, М х т ХХК-аас эрх шилжүүлэх ёстой байсан байна. Сумын Засаг даргын захирамж гаргахдаа аж ахуйн нэрээр бус “Гүег хан” гэсэн нэртэй 1.5 га газар болж өөрчлөгдсөн. 2004 оны 10 сарын 22-нд гэрчилгээ олгохдоо 15 жилийн хугацаатай болж гэрчилгээ олгогдсон. Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгоход захиргааны ерөнхий хууль, газрын тухай хуулийг тус тус зөрчих тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй холбогдох шүүхийн байгууллагаар эцэслэж захирамжид өөрчлөлт орох эсэхийг шийдвэрлэх боломжтой.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.О нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Арбитрын шийдвэрт газрын маргааны талаар “М х т” ХХК-д олгохоор заасан заалт байхгүй байхад 2009 оны 75 тоот сумын Засаг даргын захирамжинд Монголын үндэсний Арбитрын шийдвэрээр “М х т” ХХК нь газар эзэмших эрхээ сэргээлгэх гэх үндэслэлээр “М х т” ХХК-д газар эзэмшүүлэхийг сэргээж ... гээд 2004 оны Гүег хаанд холбогдох “И х т” ХХК-д олгогдсон дугаар 0039032 тоот гэрчилгээг хүчингүй болсонд тооцсугай гэсэн захирамж нь хууль бус байх тул Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2009 оны 07 сарын 06-ны өдрийн 75 тоот захирамжийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1999 онд ирсэн хүсэлтийн дагуу Нарангэрэлтэй гэрээ байгуулж “Монгол хаад тур” ХХК-д гэрчилгээ олгосон юм. 2000 онд “И х т” гэх компанийн нэр дээр шилжүүлье гэсэн хүсэлт ирүүлсэн. Тухайн үед захирамж нь Гүег хаан гэсэн нэр дээр гарсан учраас хэний өмч болох нь тодорхойгүй гарсан. “М а” ХХК-ийн нотариатаар гэрчлүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар байгаа. Газрын тухай хуулийг зөрчиж “М-А” ХХК-д шилжүүлсэн гэж байна. 5 баазаа Герман иргэн нь өөрөө авч үлдээд Нарангэрэлд Тэрэлж дэх баазаа өгсөн байсан. Тухайн үед сумын Засаг даргатай зөвшилцөж байгаад шилжүүлсэн. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн дагуу нотариатаар гэрчлүүлсэн гэрчилгээ авч ирэх шаардлага байгаагүй Гүег хаан гэсэн гэрчилгээ гарсан....” гэв.
Гуравдагч этгээд Ч.М шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анх 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймагт ажиллаж байхад Гүег хаан баазыг зарна гэх зараар очиход Э гэх хүн байсан юм. “И х т” ХХК-ийн Н гэх хүнийг би мэдэхгүй. Итгэмжлэлийг нь үзээд жуулчны баазыг газарын хамт худалдаж аваад одоог хүртэл ажиллаж байна. Миний бодлоор бүх зүйл хуулийн дагуу явагдсан гэж би бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн а/29 дүгээр захирамжаар “М-А” ХХК-д газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн болон мөн сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75 дугаар захирамжаар “М Х т” ХХК-д газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч “И т” ХХК-ийн (хуулийн этгээдийн улсын бүртгэлд “И т” гэж, хэрэгт авагдсан баримтуудад “И т” гэж бичигдсэн байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй) эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, тодруулбал,нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь хуулийн дагуу үүсээгүй байх тул нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
ХБНГУ-ын иргэн В В, Монгол Улсын иргэн Т.Н нар 1999 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Монгол-Германы хамтарсан “М т” ХХК үүсгэн байгуулж, “Гүюг хаан” жуулчны баазыг Ханхонгор сумын Мандах багийн нутагт ажиллуулахаар 1,5 га газар эзэмшсэн болох нь Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газарт 1999 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаар албан бичгээр хүргүүлсэн хүсэлт, 1999 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн газар эзэмших гэрээ (Захирал Н, “М х т ”ХХК гэсэн тамгатай), дугаар бүхий газар эзэмших гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар батлагдаж байна.
Улмаар Ханхонгор сумын Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар захирамжаар уг газрыг “Гүюг хаан” жуулчны баазын нэрээр 10 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг “И х т” ХХК-д 15 жилийн хугацаатай, аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрээсээ зөрүүтэйгээр олгожээ.
Энэ талаар хариуцагчийн зүгээс “...нэхэмжлэгч “И х т” ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэр огт гараагүй, анх жуулчны баазын зориулалтаар газар олгоход “М т” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байсан учраас монгол талын талын захирал Т.Н нэр дээр гэрээ хийгдэж, гэрчилгээ гарсан байдаг...” гэж маргадаг.
Нэгж талбарын 151200413 дугаар бүхий газрын хувийн хэрэгт зөвхөн “И х т” ХХК-ийн 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар албан бичгээр Засаг даргад ирүүлсэн хүсэлтээс өөр энэ талаар шийдвэр гаргахад шаардлагатай баримт байхгүй байгаагаас харахад хариуцагч нь газар эзэмшүүлэх эсхүл газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх эсэх талаар хуульд тусгайлан заасан шаардлагыг хэрэгжүүлж ажиллаагүй, тухайн үед “Гүюг хаан” жуулчны баазад газар эзэмшүүлсэн шийдвэр гаргасан атлаа ямар учраас “И х т” ХХК-д гэрчилгээ бичиж олгосон нь тодорхойгүй, холбогдох зөвшөөрөл нь олгогдсон эсэх зэргийг нягталж шалгалгүйгээр асуудлыг шийдвэрлэснээр одоогийн маргаан үүсгэх үндэслэлийг бий болгосон байх бөгөөд үүнийг ч шүүх хуралдаанд оролцсон Ханхонгор сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн төдийгүй энэхүү алдаагаа засахын тулд цаг хугацааны хувьд анхнаасаа эзэмшиж байсан “Гүюг хаан” жуулчны баазын өмчлөгч гэж Арбитрын шүүхийн шийдвэрээр тогтоогдсон “Монгол хаад тур” ХХК-ийн газар эзэмших эрхийг 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75 дугаар захирамжаар сэргээж, “И х т” ХХК-д олгогдсон 0039032 тоот гэрчилгээг хүчингүй болгосон гэснийг буруутгах үндэслэлгүй.
Мөн Ханхонгор сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн а/29 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ болон талуудын гаргасан хүсэлтийг үндэслэн “М т” ХХК-иас “М-А” ХХК-д маргаан бүхий, нэгж талбарын 151200413 дугаар бүхий газрыг шилжүүлжээ.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд, “И т” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэр гараагүй байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал ... аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж заасантай нийцэхгүй байх тул нэхэмжлэгчид газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүсээгүй байна гэж үзлээ.
“Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2007 оны 159, 2016 оны 22 дугаар Прокурорын газрын тогтоолууд, нийслэлийн Баянгол дүүргийн 2006 оны 1310 дугаар шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч “И т” ХХК-ийн маргаан бүхий газрыг хуулийн дагуу эзэмшсэн эсэх талаарх маргаантай хамааралгүй, эцэслэн тогтоогоогүй тул нэхэмжлэгчийн “..зарим эрүү, иргэний хэргийг шийдвэрлэсэн шийдвэрүүдэд манай газар болохыг тогтоосон...” гэх тайлбар үндэслэлгүй байна.
Нэгэнт нэхэмжлэгч “И т” ХХК-ийн газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй байх тул гуравдагч этгээд “М-А” ХХК-д нэгж талбарын дугаар бүхий газар эзэмшүүлсэн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг баримтлан “И т” ХХК-ийн “Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн а/29 дүгээр, 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРМАА