Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2017/01526

 

Ж.Д-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/01487 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1684 дүгээр магадлалтай,

Ж.Д-ы нэхэмжлэлтэй,

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбатын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, нарийн бичгийн дарга Г.Гантогтох нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Авто тээврийн Үндэсний төвийн ТӨҮГ-т мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан. Миний хувьд үүрэгт ажлаа аливаа алдаа дутагдалгүйгээр гүйцэтгэсээр ирсэн бөгөөд 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа тус газрын захирал шинээр томилогдож, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр миний хэлтсийн даргын албан тушаалыг ахлах мэргэжилтэн болгон үндэслэлгүйгээр бууруулсан. Улмаар 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр захирлын б/115 тоот ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарч намайг Авто үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн. Дээрх тушаалаас үзвэл шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчлийг удаа дараа гаргасан гэжээ. Би өнгөрсөн хугацаанд шалтгаангүйгээр ажил тасалсан удаа байхгүй тул энэхүү сахилгын шийтгэл үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд намайг Авто үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тус үйлдвэрийн газрын Авто үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасан үүргээ хангалтгүй биелүүлж удаа дараа буюу хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасан үүргээ хангалтгүй биелүүлж удаа дараа буюу 2016 оны 09 дүгээр сараас 12 дугаар сард 2017 оны 01 дүгээр сард шалтгаангүйгээр 5 удаа цаг бүртгэлийн системд бүртгүүлээгүй, 19 цаг 30 минут хоцорсон, 1 сард 2 өдрөөс дээш хугацаагаа удаа дараа шалтгаангүйгээр ажил тасалж сахилгын зөрчил гаргасан. Ажил олгогчоос Ж.Дэлгэсайханд хөдөлмөрийн гэрээний 4.3.5, 4.3.8, 4.3.9 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 11.7.2, 11.7.5 дахь заалтыг зөрчиж хөдөлмөрлөх үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт заасныг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ажлаа үр бүтээлтэй гүйцэтгэж чадахгүй байгаа ажилтанд хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь түүний эрхийг зөрчөөгүй тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/01487 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Шарнууд овгийн Жавхлангийн Дэлгэрсайхан /РД:ЙЮ86080315/-г Авто тээврийн төвийн авто үйлчилгээний ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 3.122.400 төгрөгийг /гурван сая нэг зуун хорин хоёр мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Д-ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Д- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 64.908 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1684 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/01487 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дүгээр сарын 24-ны өдрийн 181/ШШ2017/01487 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017.07.24-ны 1684 магадлалаар эгүүлэн ажилд томилсныг эс хүлээн зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь зөвхөн 2016.09.01-2016.11.30-ны хоорондох цаг бүртгэл ажил тасалсан хугацааг авч үзэж 2017.01 сард ажил тасалсан хугацааг хэрэг хянан шийдвэрлэхдээ анхаарч дүгнэж үзэхгүй байна. Энэ нь нотлох баримтыг бодитоор үнэлэхгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 зүйлийг буруу хэрэглэж байна. Давтан гаргасан гэдэг нь 2016.09.01-2016.11.30-ны хооронд нэг дэх зөрчил, 2017.01 сард 2 дахь зөрчил гаргасан. Зөрчил хоорондын зай 1 жилийн дотор буюу 2 сарын хооронд давтагдан гарч байгаа үйлдэл нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах нөхцөлийг хангалттай бүрдүүлсэн тул 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 6/115 дугаар тушаалаар сахилын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01487 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний 1684 магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч Ж.Д-ы “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийг  хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ эс зөвшөөрөхдөө “...цаг бүртгэлийн системд бүртгүүлээгүй, удаа дараа ажил тасалж, сахилгын зөрчил гаргасан” гэсэн тайлбар гаргаж,  маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах эрхтэй байна. Мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т “ажил олгогч сахилгын зөрчил гаргасан ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас нь хойш зургаан сар, илрүүлснээсээ хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заажээ.

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Б/115 дугаар тушаал гаргаж, Ж.Д-ыг авто үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, ажлын цагийн бүртгэлд дотоод аудит, хяналт шалгалт хийсэн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ажлын тайланг үндэслэл болгожээ.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа өнгөрсөн гэж дүгнэж, нэхэмжлэлийн  шаардлагыг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах зохицуулалтад нийцжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/01487 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1684 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ