Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2017/01487

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ж.Д нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Д, өмгөөлөгч Э.Б,  хариуцагчийн төлөөлөгч Д.Э, нарийн бичгийн даргад Б.Жаргалсүрэн нар оролцов.

                                                                              

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* би 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Авто тээврийн Үндэсний төвийн ТӨҮГ-т мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан. Миний бие үүрэгт ажлаа  аливаа алдаа дутагдалгүйгээр гүйцэтгэсээр ирсэн бөгөөд 2016 оны УИХ-ын  ээлжит сонгуулийн дараа тус газрын захирал шинээр томилогдож, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр миний хэлтсийн даргын албан тушаалыг ахлах мэргэжилтэн  болгон үндэслэлгүйгээр бууруулсан.

Улмаар  энэ байдал даамжирч 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр захирлын б/115 тоот ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарч намайг ******* ахлах мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Дээрх тушаалаас үзвэл ажлын цагийн бүртгэлд дотоод аудит хяналт шалгалт хийсэн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ажлын тайланд үндэслэн шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчлийг удаа дараа гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэг 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр  үүрэгт  ажлаас чөлөөлсөн.

Миний өнгөрсөн хугацаанд шалтгаангүйгээр ажил тасалсан удаа байхгүй, өдөр тутам цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлж байсан болохыг хариуцлагатайгаар мэдэгдэхийн зэрэгцээ надад авсан энэхүү ажлаас сахилгын шийтгэл үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэл бодитой  би  болоогүй байхад энэхүү үндэслэлээр надад ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан нь хууль бус гэж үзэж байна.

Тиймээс *******ийг хариуцагчаар татаж дараах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******аас ******* ТӨҮГ-т холбогдуулан урьд ажиллаж байсан  албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан  хугацааны цалин хөлстэй  тэнцэх  олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч тус үйлдвэрийн газрын ******* ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасан үүргээ хангалтгүй  биелүүлж удаа дараа буюу хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасан үүргээ хангалтгүй биелүүлж удаа дараа буюу 2016 оны 09 дүгээр сараас 12 дугаар сард 2017 оны 01 дүгээр сард  шалтгаангүйгээр 5 удаа цаг бүртгэлийн системд бүртгүүлээгүй, 19 цаг 30 минут хоцорсон, 1 сард 2 өдрөөс дээш хугацаагаа удаа дараа шалтгаангүйгээр ажил тасалж сахилгын зөрчил гаргасан.

Ажил олгогчоос ******* хөдөлмөрийн гэрээний 4.3.5, 4.3.8, 4.3.9 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 11.7.2, 11.7.5 дахь заалтыг зөрчиж хөдөлмөрлөх үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт заасныг ажлаас халах  сахилгын шийтгэл ногдуулсан.

Ажлаа үр бүтээлтэй гүйцэтгэж чадахгүй байгаа ажилтанд хууль  тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь  түүний эрхийг зөрчөөгүй тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэргийг  шинжлэн судлаад:

                                                                                                                 

   ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* нь ******* ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч сахилгын зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн тул гэж маргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д зааснаар “Ажилтан ажлаас буруу халсан, буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацаанд гомдлоо гаргасан байна.

 

1. ******* нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс Авто тээвэр төвийн төвийн ахлах мэргэжилтэн албан тушаалд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байжээ. /хх-ийн 6-7 дугаар талууд/

 

******* ТӨҮГ-ын захирлын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн б/115 дугаартай тушаалаар *******ыг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөр тасалбар болгож ажлаас халах сахилгын шийтгэлийг  ногдуулжээ./хх-ийн 8 дугаар талууд/

 

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөгдөх болсон  үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болно.

 

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Ажлын цагийн бүртгэлд дотоод аудит, хяналт шалгалт хийсэн ажлын тайлангийн дүгнэлт хэсэгт “авто үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн ******* нь цаг бүртгүүлээгүй, ажил тасалсан, удаа дараа ажлын байранд байгаагүй, 19 цаг 30 минут хоцорч, 5 удаа цаг бүртгэлийн цахим төхөөрөмжид цаг бүртгүүлээгүй..........  дээрх ажиллагсдад албан ёсоор анхааруулж, дотоод журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулах саналтай байна”, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай *******ийн захирлын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийн Шийдвэрлэсэн нь: 3-д “хяналт дотоод аудитын албанаас төв аппарат, нийт бүтцийн нэгжийн ажиллагсдын цаг бүртгэлд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дотоод аудит хийхэд ажлын цаг ашиглалт хангалтгүй, удаа дараа цаг бүртгэлийн төхөөрөмжид цагаа бүртгүүлээгүй ажил тасалсан Авто  үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн *******.......нарт сахилгын шийтгэл ногдуулах тушаалын төсөл боловсруулж, батлуулахыг Захиргаа сургалт хүний нөөцийн хэлтэст даалгав.” гэж тус тус  дурдагджээ./20-22, 28-33 дугаар талууд/

Тус төвийн дотоод аудитын дүгнэлтэд, захирлын зөвлөлийн хурлаар *******д сахилгын шийтгэл ногдуулах талаар шийдвэрлэсэн атлаа  ******* ТӨҮГ-ын захирлын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн б/115 дугаартай тушаалаар *******ыг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөр тасалбар болгож Ажлаас халах, сахилгын шийтгэлийг ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Нөгөөтээгүүр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа захирлын зөвлөлийн хурлаар *******д сахилгын шийтгэл ногдуулах тушаалын төсөл боловсруулах үед нэхэмжлэгч дахин ажил  тасалсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эмнэлэгт хэвтсэн өвчтэй байсан, тухайн эмнэлгийн магадалгааг Хүний нөөцийн хэлтэст өгсөн гэж тайлбарлаж байгааг дурдах нь зүйтэй.

Иймд ******* ТӨҮГ-ын захирлын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн б/115 дугаартай  “Ажлаас халах сахилгын шийтгэл  ногдуулах тухай” тушаал нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч *******ыг Авто үйлчилгээний ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн томилох нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ******* нь Авто тээврийн үйлчилгээний ахлах мэргэжилтний үүрэгт ажлыг гүйцэтгэж байх үедээ  1,000,000  төгрөгийн цалин авч байсан байна.

Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг түүний сүүлд авч байсан 3 сарын цалин хөлсний дунджаар тооцвол, (818,500+1,649,000+49,954=2,517,454):3=839,151/21.5=39,030 төгрөг, ажлын нэг өдөрт ногдох цалин хөлсний дундаж төгрөг байна.

Үүнийг ажилтны ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл буюу ажлын 80 хоногт үржүүлж 39,030*80=3,122,400 төгрөгийг Авто тээврийн Үндэсний төвийн ТӨҮГазраас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тооцож шийдвэрлэв.

Цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг *******ы №000083169 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн тооцсон болно.

Хариуцагч Авто тээврийн Үндэсний Төв ТӨҮГ-т нэхэмжлэгчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг даалгав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Авто тээврийн Үндэсний Төв ТӨҮГ-с 64,908 төгрөгийг гаргуулж  улсын орлогод оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Шарнууд овгийн Жавхлангийн Дэлгэрсайхан /РД:ЙЮ86080315/-г Авто тээврийн төвийн  авто үйлчилгээний ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ******* ТӨҮГ-аас 3,122,400 төгрөгийг /гурван сая нэг зуун хорин хоёр мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг ******* ТӨҮГ-т үүрэг болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 64,908 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Т.ГАНЧИМЭГ