Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2019/0885/З |
Дугаар | 221/МА2020/0342 |
Огноо | 2020-05-21 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2020/0342
А.Е-ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч А.Е, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 189 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, А.Е-ы нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 189 дүгээр шийдвэрээр: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 23 дугаар зүйлийн 23.2, 23.5, 23.6, Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 78 дугаар зүйлийн 78.1-д заасныг баримтлан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/666 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, А.Е-ы хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт Замгийн цагдаагийн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажил хүлээлцүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо: “...шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, үндэслэл, нотлох баримт зэргийг бүхэлд нь тал бүрээс бодитойгоор судлалгүй, нэг талыг барьсан.
Хууль, үйл баримтыг буруу дүгнэсэн талаар: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсгийг илт худал, тайлбарласан дүгнэсэн.
Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн гэх мэдэгдэл үнэн, зөв байх эсэх талаар дүгнэх эрх нь шүүхэд бий.
Дүгнээгүй үйл баримтын талаар: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/655 дугаартай тушаалын “ажил хүлээлцүүлэх” гэх заалтыг хэрэгжүүлээгүй байсныг, мөн дээрх тушаал нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг бодит байдлаар биелүүлэх байсан эсэх талаар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр А.Е-ыг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох ажиллагаа хэрхэн явагдаж байгаа, шүүхийн шийдвэр биелэсэн эсэх талаар дүгнээгүй.
Мөн Авилгатай тэмцэх газар болон Цагдаагийн ерөнхий газар асуудлыг шийдэхдээ хууран мэхлэх аргаар энэ хууль бус үйлдлээ хэрэгжүүлсэн. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаа зөвхөн шүүхэд зориулж дүр үзүүлж гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү”,
Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо: “...илэрхий нөхцөл байдалтай, нотлох баримттай Улсын дээд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, Цагдаагийн ерөнхий газар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээс гадна дүр эсгэн илт хууль бус тушаалыг дахин хууль бус замаар гаргаж байхад анхан шатны шүүх нөхцөл байдлыг шударгаар үнэлж, дүгнээгүй зөвхөн нэг талыг барьж, хариуцагчийн өгсөн тайлбараар илт хууль зөрчсөн, хууль бус, үндэслэлгүй шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн, хууль ёсны бөгөөд нотлох баримтад үндэслэсэн, үндэслэл бүхий байх ёстой боловч 2020 оны 03 дугаар сарын шүүхийн шийдвэр шударга бус, хуулийг буруу хэрэглэсэн, нэг талд үйлчилсэн шударга бус шийдвэр болсонд гомдолтой байна. Намайг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт Замын цагдаагийн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад анхаараагүй, үл тоосон. Маргааны эх үүсвэр, нөхцөл байдлыг Улсын дээд шүүхээр тогтоосон байхад биелэлтийг нэн тэргүүнд хангуулах, миний зөрчигдсөн эрхийг хамгаалах, сэргээх ёстой байсан.
Гэтэл анхан шатны шүүх хариуцагч талд илт хууль бус замаар үйлчилж, шударга бус, буруу шийдвэр гаргаж миний зөрчигдсөн эрхийг илүү их хохироож байна.
Шүүгч аливаа хэрэг маргааныг хуульд захирагдаж, хараат бусаар хууль ёсны үндэслэл бүхий, шударга шийдвэр гаргах үүрэгтэй. Тэгш хандах ёстой. Нэгэнт шүүхийн шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон боловч өнөөдөр би шүүхийн шийдвэрийн дагуу үнэн зөвөөр томилогдоогүй.
Улсын дээд шүүх нь Монгол Улсын шүүхийн дээд байгууллага бөгөөд хяналтын шатны шүүхийн гаргасан шийдвэрийн эсрэг анхан шатны шүүхийн шүүгч үндэслэлгүй буруу шийдвэр гаргасанд гомдолтой.
Илэрхий нотлох баримттай эрх бүхий байгууллагаас ирсэн албан бичиг байсаар байхад маргаан тушаалын 2 дахь заалтыг нэхэмжлэгчийн тайлбараар хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн ба Авилгатай тэмцэх газраас хувийн ашиг сонирхлын мэдүүлэгт хяналт шалгалт хийж хариу ирүүлсэн албан бичиг нь зөвхөн А.Е-д хамаатай бөгөөд П.Б хамаагүй мэтээр дүгнэсэн нь өөрөө миний эрх зүйн байдлыг үндэслэлгүй доройтуулан, ялгаварлан гадуурхаж байна.
Шүүгч шүүх хурлыг хариуцагч талд ашигтайгаар чиглүүлэн, асуултуудыг төөрөлдүүлэх буюу хөтөлж асуугаад байсан нь хурлын тэмдэглэлээр тогтоогдож байгаа. Хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч талын хэсэн үгийн агуулга, найруулгыг өөрчлөх, зарим үгийг санаатай санамсаргүй буруу бичих зэрэг нь хариуцагч талд ашигтай байдал үүсгэхээр байна.
Анхан шатны шүүхийн шүүгч хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг дутуу цуглуулсан, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь судалж, дүгнээгүй, хуулийн заалтыг зөвхөн хариуцагч талд ашигтай байдлаар хэрэглэсэн, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр гаргаагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, маргааны бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/666 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, А.Е-ы зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А.Е-аас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “...2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, томилох тухай” Б/666 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт Замын цагдаагийн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажил хүлээлцүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/655 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар томилж, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/666 дугаар тушаалаар “албан үүргээ хэрэгжүүлэх үед хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал бий болсон талаар Авлигатай тэмцэх газраас албан бичгээр мэдэгдсэн” гэсэн үндэслэлээр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргын албан тушаалаас нь чөлөөлж, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт Алтай сум дахь хэсгийн даргаар буцаан томилсон байна.
Нэхэмжлэгчээс бичгээр гаргасан нэхэмжлэлдээ “...шүүхийн шийдвэрийг дүр үзүүлэн биелүүлсэн” гэж, шүүх хуралдаан болон давж заалдах гомдолдоо “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай шийдвэр гаргасан” хэмээн тодорхойлж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ “...нэхэмжлэгчийг ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор буцаан томилсон” хэмээн тайлбарлан маргажээ.
Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гомдлын үндэслэл зэргээс үзвэл нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замгийн цагдаагийн тасгийн даргын албан тушаалд эсхүл уг албан тушаалтай дүйцэхүйд албан тушаалын алинд нь томилогдохоор маргаж байгаа нь тодорхойгүй, бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, давж заалдах гомдлын үндэслэл зэрэг нь хоорондоо зөрүүтэй, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөр өөр агуулгаар тайлбарлан маргаж буй нөхцөлд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулах үүрэгтэй.
Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулаагүй, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтооход ямар нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, нэхэмжлэгч шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсч байгааг тодорхойлж чадаагүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага буюу нэхэмжлэгчийн хүсэл зоригийг бүрэн тодруулах нь зүйтэй байна. Тодруулбал нэхэмжлэгчийн хүсэл зориг юунд оршиж байгаа, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргын албан тушаалд томилогдоход хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх нөхцөл байдал үүсэхгүй гэж үзэж буцаан уг албан тушаал дээрээ томилогдохоор маргаж байгаа эсэх эсхүл тухайн албан тушаал дээр хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх нөхцөл байдал үүсч байгаа бол уг албан тушаалтай дүйцэхүйд өөр албан тушаалд томилогдохоор маргаж байгаа эсэх, өмнөх албан тушаалд томилогдон ажиллах байхад зөрчил үүссэн байсан эсэхийг нэг мөр тодруулснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх боломжтой бөгөөд шүүхийн шийдвэр бүрэн биелэгдэх боломжтой юм.
Мөн өмнө нь нэхэмжлэгчийг “...удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажлын байрыг дур мэдэн орхисон, төлөвлөгөөт шалгалтаар хариуцсан тасгийн үйл ажиллагаа нь дутагдалтай дүгнэгдсэн” гэсэн үндэслэлүүдээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Алтай сум дахь цагдаагийн хэсгийн даргаар томилсон, уг албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй талаарх 3 шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, өмнө ажиллаж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоосон байхад “...албан үүргээ хэрэгжүүлэх үед хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал бий болсон...” гэсэн үндэслэл зааж буцаан Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Алтай сум дахь цагдаагийн хэсгийн даргын албан тушаалд томилж байгаа хариуцагчийн үйл ажиллагаа нь “албан тушаалтны шийдвэр нь хуульд нийцсэн байх” гэсэн цагдаагийн албаны үйл ажиллагаа, удирдлагын зарчимд нийцэх эсэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...бодит байдал дээр албан тушаал бууруулаагүй, уг хоёр албан тушаал цалингийн зэрэглэлийн тухайд адил” гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй байна.
Түүнчлэн маргааны тохиолдолд цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг тайлбарлан хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй боловч уг хуульд цагдаагийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн томилоход эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг хэрхэх талаар зохицуулаагүй тохиолдолд төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулсан ерөнхий хууль болох Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэх учиртай.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг бүрэн тодруулж, дүгнэлт өгөөгүй байхад давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны үндсэн дээр холбогдох нотлох баримтыг цуглуулж, хэргийг үйл баримтыг бүрэн дүгнэж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 189 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ