Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1807

 

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2016/01807

 

Б.Нэргүйн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр дугаар 13-ны өдрийн 183/ШШ2016/00640 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Нэргүйн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Жигүүр гранд групп ХХК-д холбогдох

Жигүүр гранд групп ХХК-ийн ХАБЭХ-н ахлах инженерээр ажилд эгүүлэн тогтоолгож, сургалт явуулсны төлбөрт 4 900 000 төгрөг, ажилласан хугацааны цалин 1 178 890 төгрөг, нийт 6 078 890 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Нэргүй

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Уянга

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Нэргүй нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 3 сарын 17-оос эхлэн ХАБЭХ-н ахлах инженерээр ажиллаж байгаад 2016 оны 5 сарын 05-ны өдрөөр тасалбар болж, ажил олгогчийн санаачилгаар ажлаас халагдсан. 2016 оны 05 сарын 05-ны өдөр Хуулийн зөвлөх Б.Энх-Од, дотоод хяналтын менежер Уянга нар өрөөндөө дуудаж ямар нэг болсон явдлыг гэрчилсэн баримтгүй 4 инженер, 1 хүний нөөцийн ажилтны бичсэн гэх 5 өргөдөл, хэн бичсэн нь мэдэгдэхгүй дутуу бөглөсөн зөрчлийн акт үзүүлж, актын зөрчлийг тодорхойлох хэсэгт өөрийн зан авир, хүмүүжил, харьцааны доголдлыг мэдрэх, хянах чадваргүй гэж сэтгэцийн өвчтэй мэтээр тодорхойлж түүний мөрөөр ажлаас халсан. Миний бие хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлыг 22 дахь жилдээ хийж буй ажлын туршлагатай, мэргэшсэн инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 7 төрлийн сургалтын эрх, тусгай зөвшөөрөлтэй сургагч багш хүн юм. Тус компаний гүйцэтгэх захирал Б.Халиунаа нь 2016 оны 03 сарын 16-ны өдөр намайг дуудаж уулзахдаа та маргаашнаас эхэлж ажилдаа ор, би таны сургалтын эрхийн чинь дагуу төлбөртэй авна, 3 сард багтааж барилгын хэсэгтээ сургалтаа явуулаарай гэсний дагуу 196 хүнд Хөдөлмөрийн сайдын А/33 тушаалын хөтөлбөрийн дагуу сургалт явуулсан ч сургалтын төлбөрийг өгөөгүй. Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан ноцтой зөрчил гаргаагүй бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 10.2.9 дэх заалтыг зөрчөөгүй юм. Миний бие сургалт явуулсны төлбөр 4 900 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байгаа тул Жигүүр гранд групп ХХК-ийн ХАБЭХ-н ахлах инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилласан хугацааны цалин 1 178 890 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, хуульд зааснаар нийгмийн  болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Жигүүр гранд групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Нэргүй нь 2016.03.17-ны өдрөөс эхлэн манай байгууллагын Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах инженер албан тушаалд ажиллаж эхэлсэн бөгөөд, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дах заалтыг үндэслэн, хуанлийн 3 сарын туршилтын хугацаатайгаар жинхлэх тохиолдолд үргэлжлүүлэн хугацаагүй байх нөхцлөөр тохирон хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ болон нууцын гэрээг байгуулсан. Туршилтын хугацааг дуусгавар болгохоос өмнө ажил олгогч хөдөлмөрийн гэрээг хэвээр үргэлжлүүлэх, эсвэл туршилтын хугацаагаар дуусгавар болгох гэсэн 2 шийдвэрийн аль нэгийг гаргах талаар түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5-р зүйлийн 5.2-т тусгасан. Түүнчлэн Хөдөлмөрийн гэрээний 5.4-р заалтад ажил олгогч нь туршилтын хугацаагаар дуусгавар болгохоор ажилтанд мэдэгдэл өгсөн боловч энэ гэрээний заалтыг үл харгалзан, туршилтын хугацаагаар гэрээг дуусгавар болгоно хэмээн тусгасан бөгөөд, энэ талаар ажилтанд ойлгомжтойгоор тайлбарлан өгч, гэрээний нэг хувийг өгсөн байдаг. Ажилтан Б.Нэргүй нь туршилтаар ажиллаж байх хугацаанд Жигүүр Гранд Группийн Барилга үйлдвэрлэлийн албаны хамт олонтой баг болон ажиллаж чадаагүй, зан харилцааны хувьд ойлгомжгүй байдал гаргадаг, өөрийн үзэл бодлыг бусдад гулгадаг, ажилтнуудыг байнга загнадаг, хэл амаар доромжилдог, өөрийн үндсэн ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэдэг атал өөрт хамааралгүй бусдын ажилд оролцдог, энэ талаар шаардлага тавьсан инженер техникийн ажилтнуудыг загнан, хэрүүл хийдэг, өөрт нь зүй ёсны шаардлага тавьсан ажилтнуудыг болон өөрийн удирдлаганд ажиллаж буй тоног төхөөрөмжийн инженер Ш.Найданжүүдэгийг байнга дарамталж, ХНХА-нд тоног төхөөрөмжийн инженер Найданжүүдэгийг яаралтай ажлаас халах шаардлагатай байна гэсэн хүсэлтийг ноцтой үндэслэл байхгүй атал гаргадаг, байнга хэн нэгнийг хариуцлага тооцох хэрэгтэй, ажлаас халах хэрэгтэй байна гэж ханддаг, харилцсан хүн болгонтой хэл амаа ололцохгүй байдаг зэргээр бухимдал үүсгэж байсан. Түүнийг ажиллах нөхцөл боломжоор бүрэн хангасаар байхад, тэрээр ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж байгаа талаар инженер техникийн ажилтнуудын зүгээс гомдол гаргах болсон. Ажилтан Б.Нэргүй нь Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.11, 6.2.23 дах заалтыг зөрчсөн тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээний 10.2.9-д Ажил олгогч нь ажилтан хамтран ажиллагсад болон удирдлага дороо ажиллаж байгаа ажилтанд хууль бус дарамт шахалт үзүүлэх, бусдыг үл хүндэтгэх, эс үйлдэхүй үйлдсэн тохиолдолд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцална гэж заасныг үндэслэсэн болно. Түүнчлэн Б.Нэргүй нь өндөр насны тэтгэвэрт гарсан талаараа мэдэгдэлгүй ажиллаж байсан болох нь түүнийг ажлаас халсны дараа илэрсэн байна.

Ажил үүргийнхээ дагуу зохион байгуулсан сургалтаа үр дүн муутай зохион байгуулж, ямар нэгэн сургалтын төлбөр нэхэж байгаагүй атал, ажлаас халсны дараа 4 900 000 төгрөгийг нэхэмжилж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй. Жигүүр Гранд Групп ХХК нь үнэ төлбөртэй сургалт хийлгэхээр төлөвлөсөн бол, сургалтын хөтөлбөр, агуулга, сургалтын нэгж үнэлгээ, нийт төлбөр зэргийг тушаалаар батлуулж, сургагч багш, сургалтын байгууллага сургалтыг үр дүнтэй зохион байгуулсан эсэхийг сургалтад хамрагдсан ажилтнуудаар үнэлгээний хуудсаар үнэлүүлэн, хүний нөөцийн ажилтан сургалтыг биечлэн хяналт тавьсаны үндсэн дээр сургалтыг хангалттай түвшинд зохион байгуулсан хэмээн дүгнэсэн нөхцөлд төлбөрийг 100% олгодог журамтай.

Жигүүр Гранд Групп ХХК-ийн Санхүү, Эдийн засгийн албанаас шалган зөрүү болох 314 436 төгрөгийн цалинг дутуу тооцон олгосон байх тул, энэхүү цалинг түүний цалингийн дансанд шилжүүлгээр төлөхөөр шийдвэрлэсэн болно. Түүний үндсэн цалинг 1 500 000 төгрөг бөгөөд, туршилтын хугацаанд үндсэн цалингийн 80%-иар тооцон 1 200 000 төгрөгийн цалинг олгохоор ажилд томилох тушаалын хавсралтад дурьдсан байна. Тэрээр 2016.03.17-2016.05.05 хооронд нийт ажлын 33 хоног /264 цаг/, амралтын өдөр ажилласан илүү цаг 4 өдөр /32 цаг/, ар гэрт гачигдал гарсны улмаас 3 хоног /24 цаг/-ийн чөлөө аван, нийт илүү ажилласан хоногийн нийлбэр дүнгээр 37 хоног /296 цаг/ ажилласан байна. Түүний нийт 37 хоног ажилласан хугацаанд нь хамаарах цалин хөлсийг тооцож түүнд нийт 1 495 971 төгрөгийн цалинг 2016.04.11-ний өдөр 323 400 төгрөг бэлнээр 2016.04.18-ны өдөр 553 846 төгрөгийг бэлнээр, 2016.06.08-ны өдөр 223 340 төгрөгийг шилжүүлгээр, 2016.06.08-ны өдөр 395 385 төгрөгийг шилжүүлгээр тус тус олгосон. Тэрээр нэхэмжлэлийг 2016.05.31-нд гаргасан байх тул, 2016.06.08-нд шилжүүлсэн 618 725 төгрөгийг хасч тооцолгүй нэхэмжилсэн болох нь тодорхой байна. Ийнхүү түүний ажилласан хоногт ногдох цалин нь 1 810 407 төгрөг байх бөгөөд, манай байгууллагын зүгээс нийт 1 495 971 төгрөгийн цалинг олгосон, үлдэгдэл зөрүү болох 314 436 төгрөгийг олгохыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд, харин нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан 1 178 890 төгрөгийн бусад дүнг буруу тооцоолсон байна хэмээн тооцож, олгох үндэслэлгүй гэж дүгнэж байна. Иймд үндсэн үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн Б.Нэргүйгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Нэхэмжлэгч Б.Нэргүй нь сургалт явуулсны төлбөрт 4 900 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Нэргүйг Жигүүр Гранд групп ХХК-ийн Барилга үйлдвэрлэлийн албаны Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн /ХАБЭА/ ахлах инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажиллаж байсан хугацааны болон ажилгүй байсан хугацааны цалин 2 868 624 төгрөгийг /314 436+2 554 188/ хариуцагч Жигүүр Гранд групп ХХК-аас гаргуулан Б.Нэргүйд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Нэргүйн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг Жигүүр Гранд групп ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Жигүүр Гранд групп ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 60 846 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Уянга, Б.Энх-Од нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Жигүүр Гранд Групп ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээний 10.2-р заалтад ноцтой зөрчилд тооцон, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлүүдийг тодорхой тусгасан байтал, шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "...тус компанийн ерөнхий захирлын 2016.05.05-ны өдрийн 155 тоот тушаалд дурдагдсан зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцохоор ажилтантай тохиролцож, хөдөлмөрийн гэрээнд зөрчлийн тохиолдол бүрийг нэрлэн заасан байх нь хуульд нийцэх юм" гэжээ. Манай компани хууль тогтоомжид нийцүүлэн, ажилтан хамт олныхоо дунд хэрүүл маргаан үүсгэх, хов жив гаргах, хамт олны хэвийн уур амьсгалыг эвдэх үйлдлийг удаа дараа гаргах, хамтран ажиллагсад удирдлага дороо ажиллаж байгаа ажилтанд хууль бус дарамт шахалт үзүүлэх, бусдыг үл хүндэтгэх зэрэг зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцохоор тогтоож, Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээнд заасан нь хуульд харшлахгүй бөгөөд, энэхүү заалтыг үндэслэн нэхэмжлэгч Б.Нэргүйг ажлаас халсан нь Хөдөлмөрийн хуулийн 40.1.4-р заалтад бүрэн нийцнэ хэмээн дүгнэж байна.

Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж, маргаантай байгаа үйл баримтын бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзэн гэрч оролцуулсан бөгөөд гэрч нар нь Б.Нэргүйн харилцаа, зан араншин, бухимдал үүсгэдэг талаар, ажлынхаа гол анхаарах зүйлд анхаарлаа хандуулахгүй, бусдыг загнаж, зандарч, хэрүүл хийдэг байсан талаар, сургалтын явцын талаар бүрэн мэдээлэл өгч, бичгээр тайлбар гарган өгсөн боловч, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүх талаас нь, үнэн зөв эргэлзээгүй үнэлэх ёстой атал, зөвхөн нэг талаас нь үнэлсэнд гомдолтой байна.

Шүүх хариуцагчаас гарган өгсөн нотлох баримтуудыг бүрэн үнэлж, нотлох баримтыг аль нэг талын байр суурьнаас биш харин маргааныг таслах хөндлөнгийн байр сууринаас бүрэн дүүрэн судалж, нотлох баримтын хамаарал, ач холбогдол зэргээр ялган хэрэгт цугласан бүх нотлох баримтыг үнэлэх ёстой байсан. Гэтэл Жигүүр Гранд Групп ХХК-ийн ерөнхий захирлын 155 дугаар тушаал нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Б.Нэргүйг ажилд нь эгүүлэн тогтоох нъ зүйтэй хэмээн дүгнэсэн. Хариуцагч байгууллага тухайн шийдвэрийг гаргахын өмнө, сургалтын видео бичлэгийг хуулбарлан шалгаж, өргөдөл гаргасан ажилтнуудтай нэг бүрчлэн уулзаж, зөрчлийг шалгасны эцэст зөрчлийн акыг үйлдэн, халах шийдвэр гаргасан байдаг.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хууль тогтоомжийг бүрэн хэмжээнд судалж, дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг хэрэглээгүй Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00640 дугаар шийдвэрийн 2 болон 3 дахь хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Нэргүй нь хариуцагч Жигүүр гранд групп ХХК-нд холбогдуулан  “.., өөрийн зан авир, хүмүүжил, харьцааны доголдлыг мэдрэх хянах чадваргүй” гэж сэтгэцийн өвчтэй мэтээр тодорхойлон хөдөлмөрийн гэрээг ажил олгогч үндэслэлгүй цуцласан тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, дутуу олгосон цалин хөлс, сургалт явуулсаны төлбөр нийт 6 078 890 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Жигүүр гранд групп ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “.., нэхэмжлэгчийг 3 сарын туршилтын хугацаагаар ажилд авсан боловч 33 хоног ажиллахдаа зан харьцааны хувьд ойлгомжгүй байдал гаргадаг, өөрийн үзэл бодлыг бусдад тулгаж, ажилтнуудыг байнга загнадаг, удирдлагадаа ажилладаг Ш.Найданжүдэгийг байнга дарамталдаг, сургалтыг чанаргүй явуулж, ажилтнуудыг дарамталж загнасан. Хөдөлмөрийн гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй” гэж тайлбарлажээ.

 

Зохигчид 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр туршилтын 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, нэхэмжлэгч 33 хоног ажиллаж байх үед буюу нэг сар орчмын дараа ажил олгогч “ ..,ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан” үндэслэлээр туршилтын хугацааг дуусгалгүй хөдөлмөрийн гэрээг цуцласан үйл баримт тогтоогджээ. /х.х-ийн 5, 92 хуудас/

 

Талууд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээг цуцлах “ноцтой” зөрчлүүдийг  нэг бүрчлэн нэрлэн зааж тохиролцсон /хх-ийн 84/ бөгөөд ажилтныг хөдөлмөрийн гэрээний 10.2.9-д заасан “хамтран ажиллагсад болон удирдлага дороо ажиллаж байгаа ажилтанд хууль бус дарамт шахалт үзүүлэх, бусдыг үл хүндэтгэх, эс үйлдэхүй үйлдэх” зөрчлийг гаргасан гэж ажил олгогч үзэж гэрээг цуцалжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор 3 сарын хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний гол нөхцөл дотор уг хугацааг “туршилтын хугацаа” болохыг тодорхойлжээ. Гэвч ажил олгогч нь гэрээний дээрх хугацаа дуусахаас өмнө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж нэхэмжлэгч Б.Нэргүйг ажлаас чөлөөлжээ.

 

Ажил олгогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар ажилтны гаргасан ноцтой зөрчлийг нотлох үүрэгтэй боловч хууль бус дарамт шахалт үзүүлэх, бусдыг үл хүндэтгэх зэрэг ерөнхий байдлаар томьёолсон зөрчлийг гаргасан гэдгийг нотлож чадаагүй гэж үзнэ. Хариуцагчийн хүсэлтийн дагуу шүүхэд мэдүүлэг өгөх гэрч Ш.Найданжүүдэг, Д.Ганбат, Б.Батсүрэн, Б.Өнөржаргал нар “..,өөрийнхөөрөө зүтгэж харилцан ярилцаж ажилладаггүй, хамтарч ажиллахад хүндрэлтэй ..,намайг өрөө цэвэрлэ гэснээс болж маргаан гарсан, ..,тусалж дэмждэггүй, хамтарч ажиллах боломжгүй“ гэж хэлсэн нь талуудын хоорондох хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэх боломжгүй.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу гэрээний чөлөөт байдлын зарчмаар талууд гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, агуулгыг өөрсдөө тодорхойлох, хугацаагаа тохирох, гэрээний хугацаа дуусгавар болох үед цаашид сунгах эсэхээ өөрсдөө шийдвэрлэх ёстой юм. Нэхэмжлэгч Б.Нэргүй хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө үндэслэлгүйгээр цуцалсан асуудлаар маргаан үүсгэн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад буюу 2016 оны 06 дугаар сарын 18-нд талуудын гэрээгээр  тохиролцсон  туршилтын хугацаа дуусгавар болжээ.

 

Ажил олгогчийн хүсэл зоригийн илэрхийлэл нь хөдөлмөрийн гэрээний хугацааг цаашид үргэлжлүүлэхгүй дуусгавар болгох чиглэлтэй байхад Б.Нэргүйг анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр ажилд нь эгүүлэн тогтоож, хөдөлмөрийн харилцааг цаашид үргэлжлүүлэх агуулгатай шийдвэр гаргасан нь талуудын зарчимд нийцэхгүй юм. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар туршилтын хугацаа дуусахад цаашид хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэх эсэхээ ажил олгогч шийдэх эрхтэй.

 

Хэдийгээр ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан нь нотлогдоогүй, ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь хууль зүйн талаас зөв боловч анхан шатны шүүх ажилтан туршилтын 3 сарын хугацаатай ажиллаж байсан, шүүхийн шийдвэр гарах үед гэрээний хугацаа дуусгавар болсон үйл баримтыг  анхаараагүй нь учир дутагдалтай болжээ. Иймд ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Харин анхан шатны шүүхийн шийдвэрээр олгогдсон ажилгүй байсан хугацааны олговор 2 868 624 төгрөгийн хэмжээ нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээний үлдсэн 2 сарын хугацаанд авбал зохих байсан цалингийн хэмжээнд дүйцсэн тул өөрчлөх шаардлагагүй, харин нэхэмжлэгч дутуу авсан цалин хөлс гэж 540 890 төгрөг нэхэмжилснээс шүүх 314 436 төгрөгийг хангасан атлаа зөрүү 226 454 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоогүйг залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч сургалт явуулсны төлбөр 4 900 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан гэж үзэж анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг баримтлаагүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан буюу маргааны талаар гомдол гаргах хугацааны заалтыг баримталсан, дутуу авсан цалин хөлсөө нэхэмжлэгч шаардсан байхад холбогдох зохицуулалтыг баримтлаагүй зэрэг алдааг залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хэсэгчлэн  хангав.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00640 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт заасныг баримтлан гэж нэмж, 2 дахь заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажиллаж байсан хугацааны болон ажилгүй байсан хугацааны цалин 2 868 624 төгрөгийг хариуцагч Жигүүр гранд групп ХХК-иас гаргуулан Б.Нэргүйд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 226 454 төгрөгт холбогдох хэсгийг болон ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 846 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                             ШҮҮГЧИД                                   М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                Ш.ОЮУНХАНД