Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 00640

 

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2016/00640

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг 3-20-31 тоот, Дүгэр овогт Бат-Өлзийгийн Нэргүй /ЦГ 66061901/-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15-р хороо, Зайсангийн гудамж, “Гэгээнтэн” цогцолбор,  “Жигүүр гранд групп” ХХК /РД:2543729, УБД:9011072117/-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, сургалт явуулсны төлбөрт 4 900 000 төгрөг, ажилласан хугацааны цалин 1 178 890 төгрөг, мөн ажилгүй байсан хугацааны цалин  нийт 6 078 890 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Нэргүй, хариуцагчийн төлөөлөгч С.Уянга, гэрч Ш.Найданжүүдэг, Д.Ганбат, Б.Батсүрэн, Б.Өнөржаргал, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Нэргүй нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Жигүүр гранд групп”-д 2016 оны 03 сарын 17-оос эхлэн ХАБЭХ-н ахлах инженерээр ажиллаж байгаад 2016 оны 05 сарын 05-ны өдрөөр тасалбар болж ажил олгогчийн санаачилгаар ажлаас халагдсан. 2016 оны 05 сарын 05-ны өдөр Хуулийн зөвлөх Энх-Од, дотоод хяналтын менежер Уянга нар өрөөндөө дуудаж ямар нэг болсон явдлыг гэрчилсэн баримтгүй 4 инженер, 1 хүний нөөцийн ажилтны бичсэн гэх 5 өргөдөл, хэн бичсэн нь мэдэгдэхгүй дутуу бөглөсөн зөрчлийн акт үзүүлж, актын зөрчлийг тодорхойлох хэсэгт “ өөрийн зан авир, хүмүүжил, харьцааны доголдлыг мэдрэх, хянах чадваргүй” гэж сэтгэцийн өвчтэй мэтээр тодорхойлж түүний мөрөөр ажлаас халсан нь иргэн хүнийг илт доромжилсон, Монгол Улсын хууль тогтоомж, Хүний эрхийн олон улсын гэрээ конвенцийг илт зөрчсөн гэж үзэж байна. Эдгээр 4 инженер барьж буй барилга дэээрээс 2016 оны 05 сарын 03-ны өдөр 10:30 цагт 4 дэх удаагаа 80 см брусс мод унагаж, орой нь 17:45 цагт гар алдсан зөрчлийн мөрөөр хариуцлага тооцох санал оруулж, тушаал төлөвлөхөд арга хэмжээ авахуулахаасаа өрсөж 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр намайг гүтгэсэн байдаг. Миний бие хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлыг 22 дахь жилдээ хийж буй ажлын туршлагатай, мэргэшсэн инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 7 төрлийн сургалтын эрх, тусгай зөвшөөрөлтэй сургагч багш хүн юм. Тус компаний гүйцэтгэх захирал Б.Халиунаа нь 2016 оны 03 сарын 16-ны өдөр намайг дуудаж уулзахдаа “Та маргаашнаас эхэлж ажилдаа ор, би таны сургалтын эрхийн чинь дагуу төлбөртэй авна”, 3 сард багтааж барилгын хэсэгтээ сургалтаа явуулаарай гэсний дагуу 196 хүнд Хөдөлмөрийн сайдын А/33 тушаалын хөтөлбөрийн дагуу сургалт явуулсан ч мөн л сургалтын төлбөрийг өгөөгүй. Ядаж ажилласан хугацааныхаа цалинг авая гэж удаа дараа гүйж байгаа боловч өгөхгүй сар болох гэж байна. Арга барахдаа шүүхэд хандаж байна. Ажлаас халагдсан тушаалд заасан үндэслэлийг би дараах байдлаар эсэргүүцэж байна. Тушаалыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын дээд шүүхийн 33-р тогтоолын 15.4.2-р заалтад “ноцтой зөрчил”-г тайлбарласнаар ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирол байхгүй, ажил хэргийн нэр хүндийг унагаасан тохиолдол байхгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийн харш үйлдэл, эс үйлдэл байхгүй. Хөдөлмөрийн гэрээний 10.2.9 дэх заалт “хамтран ажиллагсад болон удирдлага доороо ажиллаж байгаа ажилтанд хууль бус дарамт шахалт үзүүлэх, бусдыг үл хүндэтгэх, эс үйлдэхүй үйлдэх”, хэн нэгэнд хууль бус дарамт шахалт үзүүлээгүй, баримтгүй гүтгэсэн, бусдыг үл хүндэтгэсэн тохиолдол байхгүй юм. Хөдөлмөрийн дотоод журмыг гарын үсэг зуруулж, батлуулаад хувийг өгнө тэгэхээр танилцаарай гээд өгөөгүй. Жигүүр гранд групп ХХК нь иргэн хүнийг хөдөлмөрийн гэрээ хийж хуулийн дагуу авч ажиллуулсан бол гутаан доромжилж халах ёсгүй, үнэхээр ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах ноцтой зөрчил гаргасан эсэхийг нягталж, хуулийн зүйл заалтыг тайлбарлаж өгч, хүнлэг ёс зүйг баримталж халах байтал сургалтын төлбөр 4.900.000 төгрөг, ажилласан хугацааны болон дутуу олгосон цалин 1.178.890 төгрөг нийт 6.078.890 төгрөгийн хохирол иргэн надад учрууллаа. Иймд ХАБЭХ-н ахлах инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, сургалт явуулсны төлбөрт 4 900 000 төгрөг, ажилласан хугацааны цалин 1 178 890 төгрөг, нийт 6 078 890 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, хуульд зааснаар нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргасан. Харин одоо сургалт явуулсны төлбөр 4 900 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Жигүүр Гранд групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уянга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Нэргүй нь 2016.03.17-ны өдрөөс эхлэн манай байгууллагын “Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах инженер” албан тушаалд ажиллаж эхэлсэн бөгөөд, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-г үндэслэн, хуанлийн 3 сарын туршилтын хугацаатайгаар жинхлэх тохиолдолд үргэлжлүүлэн хугацаагүй байх нөхцлөөр тохирон хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн  хариуцлагын гэрээ болон нууцын гэрээг байгуулсан. Туршилтын хугацааг дуусгавар болгохоос өмнө ажил олгогч хөдөлмөрийн гэрээг хэвээр үргэлжлүүлэх, эсвэл туршилтын хугацаагаар дуусгавар болгох гэсэн 2 шийдвэрийн аль нэгийг гаргах талаар түүнтэй байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 5-р зүйлийн 5.2-т тусгасан. Түүнчлэн Хөдөлмөрийн гэрээний 5.4-р заалтад ажил олгогч нь туршилтын хугацаагаар дуусгавар болгохоор ажилтанд мэдэгдэл өгсөн боловч энэ гэрээний заалтыг үл харгалзан, туршилтын хугацаагаар гэрээг дуусгавар болгоно хэмээн тусгасан бөгөөд, энэ талаар ажилтанд ойлгомжтойгоор тайлбарлан өгч, гэрээний нэг хувийг өгсөн байдаг. Ажилтан Б.Нэргүй нь туршилтаар ажиллаж байх хугацаанд /2016.03.16- 2016.05.05-нд нийт ажлын 33 хоног буюу 264 цаг ажиллахдаа/ Жигүүр Гранд Группийн Барилга үйлдвэрлэлийн албаны хамт олонтой баг болон ажиллаж чадаагүй, зан харилцааны хувьд ойлгомжгүй байдал гаргадаг, өөрийн үзэл бодлыг бусдад гулгадаг, ажилтнуудыг байнга загнадаг, хэл амаар доромжилдог, өөрийн үндсэн ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэдэг атал өөрт хамааралгүй бусдын ажилд оролцдог, энэ талаар шаардлага тавьсан инженер техникийн ажилтнуудыг загнан, хэрүүл хийдэг, өөрт нь зүй ёсны шаардлага тавьсан ажилтнуудыг болон өөрийн удирдлаганд ажиллаж буй тоног төхөөрөмжийн инженер Ш.Найданжүүдэгийг байнга дарамталж, ХНХА-нд тоног төхөөрөмжийн инженер Найданжүүдэгийг яаралтай ажлаас халах шаардлагатай байна гэсэн хүсэлтийг ноцтой үндэслэл байхгүй атал гаргадаг, байнга хэн нэгнийг хариуцлага тооцох хэрэгтэй, ажлаас халах хэрэгтэй байна гэж ханддаг, харилцсан хүн болгонтой хэл амаа ололцохгүй байдаг зэргээр бухимдал үүсгэж байсан. Түүний энэ байдлын талаар Жигүүр Гранд Группийн Бригадын ахлах инженер Д.Эрдэнэхишиг, Романа Ризедэнс барилгын ерөнхий инженер С.Мөнхчулуун, сантехникийн инженер Г.Мөнхбаатар, сантехникийн ахлах инженер Ч.Дарханбаатар, бригадын ахлах инженер Х.Баянжаргал, талбайн инженер Х.Бямбажав, захиалагч хяналтын ахлах инженер Б.Батчимэг, заслын бригадын ахлах инженер Ч.Өлзийхишиг нарын хамтран 2016.04.15-нд гаргасан гомдол, оффис менежер Н.Насанбаярын 2016.04.01-нд өгсөн өргөдөл, 2016.05.03-нд гаргасан хүний нөөцийн ажилтан Б.Өнөржаргал, парк вью талбайн ерөнхий инженер Д.Ганбат, тоног төхөөрөмжийн инженер Ш.Найданжүүдэг, угсралтын инженер Б.Батсүрэн, геодезийн инженер Х.Галбадрах нарын бичгээр өгсөн өргөдөл зэрэгт годорхой тусгасан байдаг. Ажилтнуудаас ирүүлсэн эдгээр өргөдөл гомдлоос гадна Б.Нэргүй нь өөрийн ажил үүргийн үндсэн нэг хэсэгт хамаарах, ажлын байрны тодорхойлолтод заасан “Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт”-г батлагдсан журмын дагуу чанартай зохион байгуулж, урьдчилан сэргийлэх соёл, зан үйлийг нийт ажилтнуудад төлөвшүүлэх” үүрэгтэй бөгөөд, энэ дагуу 2016.03.31-2016.04.01-ны өдрүүдэд 2 удаагийн сургалтыг Жигүүр Гранд Группийн Барилга үйлдвэрлэлийн ажилтнуудыг хамруулан зохион байгуулсан бөгөөд, энэхүү сургалтын эхний өдрийн дараа сургалтад хамрагдсан ажилтнууд гомдол гарган “Барилгын ажлын талбайгаас холоос сургалтад бага зэрэг хоцорч ирсэн цөөн ажилтныг оруулахгүй, сургалтын танхимын хаалгыг дотор талаас нь түгжин оруулахгүй, сургалтын үеэр “Тийм сүрхий юм бол чи өөрөө гарч ирээд заачих, би энд хичээл эаана, та нар миний дүрмэнд захирагдана” гэх зэргээр маш их бухимдалтайгаар хичээл орж, сургалтыг ямар ч сонирхолгүй, оролцож буй ажилтнуудтай зандарсан, загнасан өнгөөр соёлгүй байдлаар харьцаж байгаа нь таалагдахгүй байна, дахин энэ хүнээр сургалт оруулмааргүй байна" гэсэн гомдол гаргаж байсан байна. Энэ талаар сургалтад хөндлөнгийн хяналт тавьж, ажиглалт хийж байсан хүний нөөцийн мэргэжилтэн Б.Өнөржаргалаас тодруулахад “Эхний өдрийн сургалт хэтэрхий хангалтгүй болсон, өөрт нь шаардлага тавьсны дараа 2 дахь өдрийн сургалт харьцангуй гайгүй болсон. Ажилтнуудыг бухимдуулахаар загнаж байгаа мэт хичээл орсон нь үнэн. Сургалтыг сонирхолтой болгох арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар шаардлага тавьсан боловч шаардлагыг хүлээж аваагүй гэсэн тайлбарыг өгсөн юм. Түүнчлэн Б.Нэргүй нь тухайн албан тушаалд ажиллаад жинхлээгүй атал, ХНХА-ны дарга О.Ононтой уулзахдаа “тусдаа албан өрөөнд суух шаардлагатай байна, албан хэрэгцээнд унаа гарган өгөх шаардлагатай байна” гэх мэт хүсэлт, шаардлага тавьж байсан тул, байгууллагын оффисын дотоод хэрэгцээнд ашигладаг УНА 10-60 хэмээх улсын дугаартай микро автобусыг жолооч Энхбаярын хамт, тусгайлан түүний хэрэгцээнд ашиглах өдөр график гарган, хангаж өгсөн. Түүнийг ажиллах нөхцөл боломжоор бүрэн хангасаар байхад, тэрээр ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж байгаа талаар инженер техникийн ажилтнуудын зүгээс дараах гомдлыг гарган “Байгууллагын чухал шаардлагатай барилгын обьектуудад ХАБ-н хяналтыг хангалтгүй тавьж ажиллаж байна, онцгой анхаарал хандуулж хянах ёстой барилгын объектууд дээр угсралт, цутгалт явагдаж байх үед ХАБ-н инженер бүрэн хяналт тавъж ажиллах ёстой атал ихэвчлэн ажлын байран дээрээ байхгүй байна, барилгын объект дээр ховор ирж байна, амралтын өдрүүдэд маш бага цагаар талбай дээр ажиллаж байна", тэдний зүгээс өөрт нь энэ талаар зүй ёсны шаардлага тавьсан байдаг. Ийнхүү шаардлага тавьсан ажилтнуудтай хэрүүл хийн, бухимдаж, тэдгээрийг зөрчил гаргалаа, ажлаас нь халах тушаалыг би төлөвлөчихлөө” хэмээн хүний нөөцийн мэргэжилтэн Б.Өнөржаргалд хандсан байдаг бөгөөд, хүний нөөцийн албанаас ажилтныг ажлаас халах, сахилгын шийтгэл оногдуулах тушаалыг төлөвлөнө, та өөрт хамаарах ажлаа хий” гэсэн шаардлагыг Б.Өнөржаргал тавьснаар түүний бухимдлыг хүргэсэн байдаг. Түүний энэхүү хүндрэлтэй байдал нь Жигүүр Гранд Групп компанийн Барилга үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаа хэвийн явагдахад саад учруулж, байгууллагын эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, Барилга үйлдвэрлэлийн хамт олны дотоод уур амьсгалыг эвдсэн, зөвхөн БҮА гэлтгүй бусад алба хэлтсийн ажилтнуудын уур бухимдлыг хүргэж байсан зэрэг нь түүнийг цаашид жинхлэхгүй байх, хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргах үндэслэл болсон байдаг. Ажилтан Б.Нэргүйтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр цуцалж, түүнийг ажлаас чөлөөлсөн. Үүнд: Жигүүр Гранд Группийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6.2-р заалтад ажил олгогч дараах зөрчил гаргасан ажилтныг ажлаас халах талаар тусгасан. 6.2.11-р заалтад “Удирдлага, албан тушаалтан, бусад ажиллагсадтай зүй бусаар харьцаж, Удирдлагын зүй ёсны шаардлага, сануулгыг үл тоомсорлох, эрх мэдлээ хэтрүүлэн дураараа авирладаг, энэ нь үйл ажиллагаанд болон хамт олны идэвх, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлсөн бол; мөн журмын 6.2.23-р заалтад “Амин хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг, итгэл найдвар хүлээлгэх боломжгүй, өөрийн зан авир, хүмүүжлийн доголдлыг  мэдрэх, хянах чадваргүй зэрэг байдлуудаас байгууллага, хамт олны харилцаанд сөрөг нөлөөллийг бий болгон, ажлын идэвхи сэтгэл санааг тогтворгүйжүүлэн, удирдлага, зохион байгуулалтын үйл ажиллагаанд саад учруулж, хүндрэл гаргадаг бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцална” хэмээн тусгасан. Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар заалтын 10.2.9-д “Ажил олгогч нь ажилтан хамтран ажиллагсад болон удирдлага дороо ажиллаж байгаа ажилтанд хууль бус дарамт шахалт үзүүлэх, бусдыг үл хүндэтгэх, эс үйлдэхүй үйлдсэн тохиолдолд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцална.” хэмээн тусгасан заалтуудыг тус тус үндэслэсэн байна. Түүний туршилтын 3 сарын хугацаа 2016.03.17-2016.06.18-ны өдрөөр дуусгавар болох байсан үед “туршилтаар ажиллаж буй шинэ ажилтныг жинхлэх шийдвэр" гаргахын өмнө, гүйцэтгэх захирлын 2015.02.11-ны өдрийн 15/27 тоот тушаалаар батлагдсан “Шинэ ажилтан сонгон шалгаруулах журам”-н 5.7-р заалтад “Хүний нөөцийн ажилтан дадлагажигч ажилтны ур чадвар, багаар ажиллах чадамж зэрэг үнэлгээг хамтран ажиллагсдаас "Хамт олноос авах үнэлгээний хуудас”-ыг бөглүүлж, бичгээр авах, мөн шууд удирдлагаас ''Дадлагажигч ажилтны үнэлгээ, дүгнэлтийн хуудас”-г бөглүүлж, хүний нөөцийн хурлаар дэлгэрэнгүй тайлбарын хамт бэптгэж танилцуулна хэмээн заасны дагуу БҮА-ны хамт олноос жинхлэх, жинхлэх хугацааг сунгах, цуцлах эсэх талаар санал авч, жинхлэх асуудлыг шийдвэрлэх байсан бөгөөд, энэ үед мөн хамт олны санал дүгнэлтээр түүнийг цаашид ажиллуулахгүй гэсэн шийдвэр гаргах нь тодорхой билээ.

Түүнчлэн Б.Нэргүй нь ажилд анхлан орсон үед ажилтны анкет бөглөхөд болон, ажлын ярилцлагуудад өөрийн талаарх үнэн бодит мэдээлэл өгөх үүрэгтэй атал өндөр насны тэггэвэрт гарсан талаараа мэдэгдэлгүй, Нийгмийн даатгалын дэвтэр болон Эрүүл мэндийн даатгалын дэвтрийг нь удаа дараа нэхэхэд өгөөгүй зөрчил гаргасан нь түүнийг ажлаас халсны дараа илэрсэн байна. 2016 оны 3-р сард тэрээр 2 өдөр дараалан “ХАБЭА-н сургалт”-г БҮА-ны ажилтнуудад зохион байгуулсан бөгөөд, сургалтын эхний өдрөөс эхлэн сургалтад оролцсон ажилтнуудаас гомдол гаргасан байдаг. Мөн тухайн сургалт ямар ч сонирхолгүй, үр дүн муутай, хойно сууж буй хүмүүст сонсогдохгүй байхад сургалтыг сонирхолтой үр өгөөжтэй байлгахад анхаарахгүй байсан бөгөөд, энэ талаар Хүний нөөцийн ажилтан Б.Өнөржаргалын тавьсан шаардлагыг огт хүлээж авахгүй байсан зэрэг зөрчил гарсан байдаг. Жигүүр Гранд Групп ХХК-ийн 2015 онд шинэчлэн батлагдсан “Сургалт, хөгжлийн журам”-ын 3.4.4-р заалтад дотоод сургагч нь өөрийн үндсэн ажил үүргийн дагуу мэргэжлийн ур чадварын сургалт хийх тохиолдолд сургагчийн хөлс тооцож олгохгүй.” хэмээн заасан байдаг бөгөөд, ажилтан Нэргүйд энэхүү сургалтыг хийснээр төлбөр, хөлс олгох талаар огт тохиролцоогүй байсан. Ажилтан Б.Нэргүй нь ХНХА-с боловсруулсан ажлын байрны тодорхойлолтыг засварлан, хүний нөөцийн мэргэжилтэн Өнөржаргалд зааварчилгаа өгсөнөөр биечлэн боловсруулж, энэ дагуу ХНХА батлуулсан байдаг бөгөөд, түүний боловсруулсан ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны 3 дах үндсэн зорилтын хүрээнд ХАБЭА-д сургалт зааварчилгааг батлагдсан журмын дагуу, чанартай зохион байгуулж, урьдчилан сэргийлэх соёл зан үйлийг нийт ажилтнуудад төлөвшүүлэх үүрэгтэй талаар дурьдсан байдаг. Гэтэл ажил үүргийнхээ дагуу зохион байгуулсан сургалтаа үр дүн муутай, гомдол маргаантай гүйцэтгэж, ажлаас халах тушаалыг танилцуулах хүртэл буюу 2016.04.01-с хойш 2016.05.05 хүртэл бүтэн сарын турш ямарваа нэгэн сургалтын төлбөр нэхэж байгаагүй атал, ажлаас халсны дараа гэнэт дур мэдэн төлбөрийн дүн тооцоолон гаргаж 4 900 000 төгрөгийг нэхэмжилж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй. Сургалтын төлбөрийг авна хэмээн тооцож, ойлгож байсан бол түүнд бүтэн сарын хугацаанд энэхүү төлбөрийг нэхэмжлэх, сургалтын үр дүнг тайлагнах хангалттай хугацаа байсан билээ. Жигүүр Гранд Групп ХХК нь үнэ төлбөртэй сургалт хийлгэхээр төлөвлөсөн бол, сургалтын хөтөлбөр, агуулга, сургалтын нэгж үнэлгээ, нийт төлбөр зэргийг тушаалаар батлуулж, сургагч багш, сургалтын байгууллага сургалтыг үр дүнтэй зохион байгуулсан эсэхийг сургалтад хамрагдсан ажилтнуудаар “үнэлгээний хуудас”-р үнэлүүлэн, хүний нөөцийн ажилтан сургалтыг биечлэн хяналт тавьсаны үндсэн дээр сургалтыг хангалттай түвшинд зохион байгуулсан хэмээн дүгнэсэн нөхцөлд төлбөрийг 100% олгодог журамтай. Түүнчлэн төлбөртэй сургалтыг БҮА-ны ажилтнуудад сертификат шаардлагатай тохиолдолд, захиалан зохион байгуулдаг билээ.

Дутуу олгогдсон гэх цалингийн тооцоололыг Жигүүр Гранд Групп ХХК-ийн Санхүү, Эдийн засгийн албанаас шалган зөрүү болох 314 436 төгрөгийн цалинг дутуу тооцон олгосон байх тул, энэхүү цалинг түүний цалингийн дансанд шилжүүлгээр төлөхөөр шийдвэрлэсэн болно. Түүний үндсэн цалинг 1 500 000 төгрөг бөгөөд, туршилтын хугацаанд үндсэн цалингийн 80%-иар тооцон 1 200 000 төгрөгийн цалинг олгохоор ажилд томилох тушаалын хавсралтад дурьдсан байна. Тэрээр 2016.03.17-2016.05.05 хооронд нийт ажлын 33 хоног /264 цаг/, амралтын өдөр ажилласан илүү цаг 4 өдөр /32 цаг/, ар гэрт гачигдал гарсны улмаас 3 хоног /24 цаг/-ийн чөлөө аван, нийт илүү ажилласан хоногийн нийлбэр дүнгээр 37 хоног /296 цаг/ ажилласан байна. Түүний нийт 37 хоног ажилласан хугацаанд нь хамаарах цалин хөлсийг тооцож түүнд нийт 1 495 971 төгрөгийн цалинг 2016.04.11-ний өдөр 323 400 төгрөг бэлнээр 2016.04.18-ны өдөр 553 846 төгрөгийг бэлнээр, 2016.06.08-ны өдөр 223 340 төгрөгийг шилжүүлгээр, 2016.06.08-ны өдөр 395 385 төгрөгийг шилжүүлгээр тус тус олгосон. Тэрээр нэхэмжлэлийг 2016.05.31-нд гаргасан байх тул, 2016.06.08-нд шилжүүлсэн 618 725 төгрөгийг хасч тооцолгүй нэхэмжилсэн болох нь тодорхой байна. Түүнчлэн буяны ажилд зориулан өгөхөөр өөрөө зөвшөөрч гарын үсэг зурсны дагуу 20 000 төгрөгийг 5 дугаар сарын цалингаас суутгасан, мөн цалин бодсон саруудад өөрийн идсэн хоолны төлбөрийг болон хуримтлалын санд төвлөрүүлдэг сар бүрийн 2000 төгрөгийг тооцоогүй зэргээр алдаатай бодсон нь цалингийн тооцооны задаргаанаас харагдаж байна. Б.Нэргүйн хүсэлтээр түүнийг 2016.04.28-29-ны өдрүүдэд ХАБ-2016 бага хуралд БҮА-ны ерөнхий инженер Т.Ууганбаяр болон ХАБ инженер Ш.Жигжидсүрэнгийн хамт хамруулж, гүйцэтгэх захиралын цохолтоор сургалтын төлбөрт 400 000 төгрөгийг зохион байгуулагч байгууллагын дансанд шилжүүлгээр төлсөн байдаг. Ийнхүү түүний ажилласан хоногт ногдох цалин нь 1 810 407 төгрөг байх бөгөөд, манай байгууллагын зүгээс нийт 1 495 971 төгрөгийн цалинг олгосон, үлдэгдэл зөрүү болох 314 436 төгрөгийг олгохыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд, харин нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан 1 178 890 төгрөгийн бусад дүнг буруу тооцоолсон байна хэмээн тооцож, олгох үндэслэлгүй гэж дүгнэж байна. Иймд үндсэн үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн Б.Нэргүйгийн нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанд гэрч Ш.Найданжүүдэг, Д.Ганбат, Б.Батсүрэн, Б.Өнөржаргал нарын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Нэргүй нь Жигүүр Гранд групп ХХК-д холбогдуулан анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ХАБЭХ-н ахлах инженерээр ажилд эгүүлэн тогтоолгож, сургалт явуулсны төлбөрт 4 900 000 төгрөг, ажилласан хугацааны цалин 1 178 890 төгрөг, нийт 6 078 890 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шаарджээ.

Харин нэхэмжлэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Сургалт явуулсны төлбөрт 4 900 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Нэргүй Жигүүр Гранд групп ХХК-д 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах инженер /ХАБЭА/-ээр туршилтын 3 сарын хугацаанд ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар болон хөдөлмөрийн гэрээ, 73 дугаар тушаал зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 81-86 /

 

Жигүүр Гранд групп ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 155 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.11, 6.2.23, Хөдөлмөрийн гэрээний 5.2, 5.4, 10.2.9 дэх заалтуудыг баримтлан ноцтой зөрчил гаргасан үндэслэл зааж Б.Нэргүйтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хариуцагч байгууллага нь тушаалын үндэслэлээ “...Б.Нэргүй нь Жигүүр Гранд Группийн Барилга үйлдвэрлэлийн албаны хамт олонтой баг болон ажиллаж чадаагүй, зан харилцааны хувьд ойлгомжгүй байдал гаргадаг, өөрийн үзэл бодлыг бусдад тулгадаг, ажилтнуудыг байнга загнадаг, хэл амаар доромжилдог, өөрийн үндсэн ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэдэг атал өөрт хамааралгүй бусдын ажилд оролцдог, энэ талаар шаардлага тавьсан инженер техникийн ажилтнуудыг загнан, хэрүүл хийдэг, өөрт нь зүй ёсны шаардлага тавьсан ажилтнуудыг болон өөрийн удирдлаганд ажиллаж буй тоног төхөөрөмжийн инженерийг...дарамталж, ажлаас халах хүсэлтийг гаргадаг, ... Б.Нэргүй нь өөрийн ажил үүргийн үндсэн нэг хэсэгт хамаарах, ажлын байрны тодорхойлолтод заасан “Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт”-г 2016.03.31-2016.04.01-ны өдрүүдэд 2 удаагийн сургалтыг Жигүүр Гранд Группийн Барилга үйлдвэрлэлийн ажилтнуудад явуулахдаа хангалтгүй явуулж ажилчдын бухимдлыг төрүүлсэн” гэх тайлбарыг гаргаж, хэрэгт нотлох баримтаар хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, цалингийн тооцоо, зөрчлийн акт, ажилчдаас гаргасан гомдол бүртгэл /хх-ийн 17-37/ зэргийг нотлох баримтаар гаргаж, гомдол гаргасан Ш.Найданжүүдэг, Д.Ганбат, Б.Батсүрэн, Б.Өнөржаргал нарыг шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцуулсан байна.

 

Түүнчлэн хариуцагч нь хавтаст хэргийн 133-т талд нотлох баримтаар 2016 оны 5 сарын 05-ны өдрийн Б.Нэргүйн “Зөрчлийн акт”-ыг ирүүлсэн байх ба уг актын гаргасан алдаа зөрчил хэсэгт: өөрийн зан авир хүмүүжил, харилцааны догодлыг мэдрэх, хянах чадваргүй, хамт олны харилцаанд сөргөөр нөлөөлж, бусдын ажлын идэвхи, сэтгэл санааг тогтворгүйжүүлэн өөрийн зүй ёсны албан ёсны шаардлагыг бусдад ойлгуулж чаддаггүй, захиран зандарсан дээрэнгүй харьцаж, бусдыг үл ойшоож өөрийг хэт дөвийлгөсөн, хов жив ярьж явдаг, зөрчлийн улмаас учирсан хохирол хэсэгт: хамт олны уур амьсгал эвдсэн, гомдол гаргасан ажилтнуудын ажиллах хүсэл зоригийг үгүй хийсэн, ажилтанд оногдуулах хариуцлага хэсэгт: ажлаас халах гэж тэмдэглэсэн байна. /хх-ийн 133/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж зохицуулсан байдаг. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт ажлын байр, гүйцэтгэх ажлын онцлогт тохируулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож, тухайн зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл, тус компанийн ерөнхий захирлын 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 155 тоот тушаалд дурдагдсан зөрчлүүдийг “ноцтой зөрчил”-д тооцохоор ажилтантай тохиролцож, хөдөлмөрийн гэрээнд зөрчлийн тохиолдол бүрийг нэрлэн заасан байх нь хуульд нийцэх юм.

 

Гэтэл ажил олгогч нь Б.Нэргүйтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 10.2.9-д заасан “хамтран ажиллагсад болон удирдлага дороо ажиллаж байгаа ажилтанд хууль бус дарамт шахалт үзүүлэх, бусдыг үл хүндэтгэх, эс үйлдэхүй үйлдэх” гэсэн үндэслэл зааж ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна.

 

Тодруулбал, хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.Нэргүйг хууль бус ямар үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, энэ нь бусдад хууль бус дарамт шахалт үзүүлсэн, түүнчлэн энэ нь ажлаас чөлөөлөгдөх ноцтой зөрчил мөн эсэхийг шалгаж тогтоосон зүйлгүйгээр, гомдол гаргасан ажилчдын өргөдлийг үндэслэн зөрчлийн акт гэх зүйлийг үйлдэж, ажилтныг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Мөн уг актыг эрх бүхий ямар албан тушаалтан, ямар баримтыг үндэслэн гаргасан зэрэг нь тодорхойгүй, энэ талаараа нотлоогүй байна.

 

Түүнчлэн хариуцагч байгууллага нь “Б.Нэргүйг 3 сарын туршилтын хугацаагаар авсан бөгөөд жинхлэх хугацааг сунгах тохиолдолд хамт олноос жинхлэх, жинхлэх хугацааг сунгах, цуцлах эсэх талаар санал авч, жинхлэх асуудлыг шийдвэрлэхдээ хүний нөөцийн хурлаар тухайн хүний хийсэн ажлын талаар дэлгэрэнгүй тайлбарын хамт бэлтгэж танилцуулдаг бөгөөд энэ үед мөн хамт олны санал дүгнэлтээр түүнийг цаашид ажиллуулахгүй гэсэн шийдвэр гаргах нь тодорхой байсан” гэх тайлбарыг гаргасан нь үндэслэлгүй юм.

 

Хэдийгээр хариуцагч байгууллага нь Б.Нэргүйг 3 сарын туршилтын хугацаанд ажилд авсан хэдий ч ажил олгогч нь тушаал шийдвэрээ хуульд заасан журмын дагуу гаргах нь хуульд нийцэх юм.

 

Иймд хариуцагч Жигүүр гранд групп ХХК-ийн ерөнхий захирлын 155 дугаар тушаал үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Б.Нэргүйг ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

Харин нэхэмжлэгч Б.Нэргүй нь ажиллаж байсан хугацааны буюу 2016 оны 3 сарын 17-ны өдрөөс 2016 оны 5 сарын 05-ны өдрийг хүртэлх дутуу олгосон цалин 1 178 890 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэл гаргасны дараа буюу хариуцагч байгууллага 2016 оны 6 сарын 08-ны өдөр тооцоо нийлж түүний харилцах дансанд цалингийн зөрүүг шилжүүлж, үлдэгдэл 314 436  төгрөгийг нэхэмжлэгчид төлнө гэж тайлбарлан, цалингийн тооцоо хийсэн баримтыг ирүүлсэн байна./хх-ийн 94-102/

 

Нэхэмжлэгч нь дээрх тайлбарыг зөвшөөрсөн хэдий ч үлдэгдэл тооцоо 540 890 төгрөг гаргуулна гэж тайлбарласан хэдий ч үүнийгээ нотолсон баримтгүй тул хариуцагч байгуулагаас гаргаж ирүүлсэн тооцоогоор буюу 314 436 төгрөгийг дутуу авсан үлдэгдэл цалинд тооцож нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Б.Нэргүйд ажилгүй байсан 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх ажлын 91 хоногийн олговор 2 554 188 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Нэргүйн цалинг түүний ажилд хариуцагч байгууллагаас гаргаж ирүүлсэн цалингийн бодолтоос /хх-ийн 96/ Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын 7 дугаар зүйлийн а-д заасны дагуу тооцоход нэхэмжлэгч нь сард 603 469 /сүүлийн 3 сард авч байсан цалингийн дундажаар/ төгрөгийн цалин авсан байх ба 91 өдрийн /1 603 469:21,5=28 068 төгрөг/ ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээг 2 554 188 төгрөгөөр тогтоосон ба нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагч байгууллагаас хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгч Б.Нэргүй нь 2016 оны 5 сарын 05-ны өдрийн 155 тоот  тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан “...ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн хуулийн шаардлагын дагуу  2016 оны 6 сарын 02-ны өдөр буюу хуулийн хугацаанд шүүхэд гаргасныг дурдах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Нэргүй нь сургалт явуулсны төлбөрт 4 900 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Нэргүйг Жигүүр Гранд групп ХХК-ийн Барилга үйлдвэрлэлийн албаны Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн /ХАБЭА/ ахлах инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажиллаж байсан хугацааны болон ажилгүй байсан хугацааны цалин 2 868 624 төгрөгийг /314 436+2 554 188/ хариуцагч Жигүүр Гранд групп ХХК-аас гаргуулан Б.Нэргүйд олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Нэргүйн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг Жигүүр Гранд групп ХХК-д даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Жигүүр Гранд групп ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 60 846 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.МӨНХЖАРГАЛ