Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чинзоригийн Баярмаа |
Хэргийн индекс | 120/2017/0016/з |
Дугаар | 16 |
Огноо | 2016-09-21 |
Маргааны төрөл | Газар, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 16
2017 оны 09 сарын 21 өдөр Дугаар 120/ШШ2017/0016 Өмнөговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, “Г lб” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/450 тоот захирамж, 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/175 тоот захирамжийн “М” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Г б” ХХК-ийн ерөнхий захирал Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гарьдхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г б” ХХК-ийн захирал Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...орон сууц, үйлчилгээ, зочид буудлын иж бүрэн цогцолборын зураг төсөл боловсруулан хүсэлт гаргасны дагуу Өмнөговь аймгийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 19-ний А/633 тоот захирамжаар шинэ Даланзадгад хотхонд 5,5 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэр гарсан юм.
Дээрх шийдвэр гарсан даруйд уг газраа 970 метр урт төмөр хашаагаар бүрэн битүүлж, кадастрын зураглал хийлгэн, 14 ширхэг цооног өрөмдүүлж, инженер геологийн иж бүрэн судалгаа хийлгэн, хотхоны ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулан аймгийн Ерөнхий архитектороор батлуулснаас гадна эхний ээлжийн 42 айлын орон сууцны барилгын нийт 196 хуудас бүхий иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулж, экспертизээр хянуулан аймгийн Газрын харилцаа, барилга
хот байгуулалтын газар, Онцгой байдлын хэлтэс зэрэг байгууллагуудаар батлуулсан.
Ингээд 2011 оны 10 дугаар сарын 19-нд анх газар олгосон захирамж гарснаас хойш дээр дурдсаны дагуу ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл, судалгаа шинжилгээний ажлууд тасралтгүй хийгдэж барилгын ажил эхлэх нөхцөл бүрдсэний үндсэн дээр эхний ээлжийн 42 айлын орон сууцны барилгын ажлыг 2013 оны 09 дүгээр сард эхлүүлж одоогийн байдлаар зоорийн давхрын хучилтын цутгалтыг хийсэн байдалтай байгаа.
Өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд заасны дагуу 2 жил дотроо ажлаа эхлүүлсэн бөгөөд тухайн үед техникийн нөхцөл авахаар шугам сүлжээний газруудад хандахад үндсэн шугамууд татагдаагүй, хүчин чадал хүрэлцэхгүй гэх мэт шалтгаанаар татгалзсан хариу өгч байсан учраас ажлаа түр хойшлуулсан.
Харин энэ жилээс ажлаа үргэлжлүүлэх бэлтгэл ажилдаа ороод байтал тус компанид мэдэгдэлгүйгээр 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Засаг дарга А/450 тоот захирамж гаргаж тус компанийн 5,5 га газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг 2017 оны 05-р сарын эхээр олж мэдлээ.
Захирамж гарсныг бидэнд тухайн үед огт мэдэгдээгүй бөгөөд уг захирамжаар хүчингүй болгосон манай эзэмшиж байсан 5,5 газраас 3 га газрыг нь “М” ХХК-д 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/175 тоот захирамж гаргаж эзэмшүүлсэн байна.
Бүх талыг нь төмөр хашаагаар битүүлсэн, хашаандаа харуул манаатай, хуулийн хугацаанд ажлаа эхлүүлсэн, кадастрын зураг, ерөнхий төлөвлөгөө, барилгын зураг төслөө батлуулсан, 6 жилийн турш газрын төлбөрөө цаг тухайд нь төлөөд явж байгаа газар эзэмших эрхийг маань бидэнд мэдэгдэлгүйгээр хууль бусаар захирамж гаргаж хүчингүй болгон, улмаар өөр компанид дур мэдэн олгосонд гомдолтой байна.
Тус компанийн хувьд дээр дурдсан ажлуудад өнөөдрийн байдлаар нийт 1 тэрбум 355 сая төгрөгийн зардал гаргаад байгаа бөгөөд уг зардлууд нь бүгд тайлан балансад тусгагдсан, санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдсон зардлууд байгаа.
Барилга барих ажил гэдэг газраа аваад шууд барилга бариад эхлэхийг хэлдэггүй, тухайн газар, хөрсний судалгаа, зураг төсөл боловсруулах гээд маш олон үе шат бүхий ажил хийгдсэний дараа барилгын ажил эхэлдэг.
Өнөөдрийг хүртэл “М” ХХК-иас нэг ч хүн харуул манаачтай уулзаж, энд газар авсан гэх мэт асуудал ярьсан зүйл байхгүй байгаа учраас бид уг шийдвэрийг мэдэхгүй явсан юм.
Захирамж гарсныг мэдсэн даруйдаа 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Н-т гомдол гаргаж манай компанийн газар эзэмших эрхийг сэргээж өгөх хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл Засаг даргаас ямар нэгэн хариу ирээгүй бөгөөд харин Өмнөговь аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 311 тоот бичгээр манай газар эзэмших эрхийг сэргээх боломжгүй гэсэн хариу өгсөн.
Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/450 тоот захирамжийн “Г б”ХХК-д холбогдох хэсгийг, 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/175 тоот захирамжийн “М” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, Б.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“Говийн бараа” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Өмнөговь аймгийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/633 дугаар захирамжаар шинэ Даланзадгад хотхонд 5.5 га газрыг тус компанид 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гарсан юм.
Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” бол газар эзэмших эрх дуусгавар болохоор заажээ. Гэрээнд заасан нэг жилийн хугацаа дуусгавар болсон хэдий ч “Г б” ХХК-иас газар эзэмшүүлэх гэрээг сунгах тухай санал ирээгүй юм.
Мөн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагчаас ирүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 065/1, 09/065/34 тоот “Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг хангаж ажиллах тухай” албан шаардлага зэргийг үндэслэн “Г б” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын 2017 оны А/450 дугаар захирамж гарсан болно.
Өмнөговь аймгийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/633 дугаар захирамжаар “Г б” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.
Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэсэн заалтыг баримтлаагүй юм. Аймгийн Засаг даргын хууль тогтоомжид нийцээгүй дээрх шийдвэрээ хүчингүй болгосон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэсэн заалттай нийцэж байгаа юм.
Энэ нь аймгийн Засаг даргад хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гарсан хууль ёсны шийдвэр тул тус аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/450 дугаар захирамжийн “Г б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд “М” ХХК-ийн захирал Д.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...”М” ХХК нь 2016 оны 03 дугаар 29 өдрийн а/175 тоот захирамжаар Даланзадгад сумын шинэ суурьшлын бүсэд 3,0 га газрыг эзэмших газрын гэрчилгээ авч, тус газрыг эзэмшиж байна.
Энэ хугацаанд газрын төлбөрийг төлж, 2016 оны 4 болон 9 дүгээр саруудад Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллаж, тухайн эзэмшил газрынхаа хил, зааг, эргэлтийн цэгийг хүлээн авсан бөгөөд баригдах эмнэлгийн зураг төслийг хийлгэж олон сая төгрөгийн хөрөнгө, мөнгийг зарцуулж ирсэн.
“М” ХХК нь хуулийн дагуу Өмнөговь аймгийн төвд Уламжлалт анагаах ухааны эмнэлэг, сургалт явуулах, орон нутгийн ард иргэдэд эрүүл мэнд, боловсролын тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор тус газрыг ашиглахаар ажлаа явуулж байна.
Манай эзэмшлийн газрыг авахаар нэхэмжлэл гаргасан нь тус газрыг эзэмшигч “М” ХХК-ийн эрхэд халдсан хууль бус үйлдэл хэмээн үзэж байна.” гэжээ.
Нэхэмжлэгч “Г б” ХХК-ийн ерөнхий захирал Б.М шүүхэд ирүүлсэн татгалзалдаа: “... Өмнөговь аймгийн Засаг даргын 2016 оны 03-р сарын 29-ний өдрийн А/175 тоот захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2017 оны 08-р сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг дарга А/807 тоот захирамж гаргаж 2016 оны А/175 тоот захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.
Иймд дээр дурдсан нэхэмжлэлийн нэг шаардлага буюу 2016 оны А/175 тоот захирамжийн “Мн” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага биелэгдсэн тул уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Харин үлдсэн шаардлага болох 2015 оны 07-р сарын 31-ний өдрийн А/450 тоот захирамжийн “Г б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2011 оны 10 дугаар сарын 19-нд эзэмшүүлснээс хойш тус компани зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэж үзээд газар эзэмших эрхийг нь цуцалсан.
Учир нь гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй. Улсын комисс хүлээж авсан барилгыг л барилга байгууламж барьсан гэж үзнэ. Мөн 2011 оны А/633 дугаар захирамжийг үндэслэн газар эзэмших гэрээ байгуулсан. Уг гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Аль нэг талаас хугацаа дууссанаас хойш сунгаагүй бол гэрээ цуцлагдсанд тооцно.
Нэхэмжлэгчид газар олгосон 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/633 дугаар захирамж нь анхнаасаа хууль журмын дагуу гараагүй байсан учраас Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд цуцалсан юм.
Газрын тухай хуулиар газрыг үр ашигтай, зохистой ашиглах, газар ашиглалттай холбоотой шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байдаг. Тухайн үед 2013 оны 10 сарын эхээр дүр үзүүлсэн байдлаар зоорийн давхрын хучилт хийгээд л орхисон байдаг.
Компанид боломж олгож дахин 2 жил хараад 2015 онд эзэмших эрхийг цуцалсан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Х.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэр нь анхаасаа хууль зөрчсөн захирамж байгаа юм.
Аймгийн Засаг дарга холбогдох хууль тогтоомжийг баримталж захиргааны акт гаргах ёстой. Гэтэл Засаг дарга тус захирамжийг гаргахдаа Газрын тухай хуульд зааснаар дуудлага худалдаа, төсөв сонгон шалгаруулах хэлбэрээр газар олгох ёстой байсан боловч хийгээгүй. Зөвхөн нэхэмжлэгч компанийн хүсэлтийг үндэслэж олгосон байна.
Анх олгосон захирамж хууль зөрчсөн учраас дараа дараагийн захирамжууд хууль бус байна гэж хууль бус актаа зөвтгөж, захиргааны акт гаргасан байна. Нэгэнт тус компанид газар олгосон захирамж хууль зөрчсөн учраас тус компанид олгосон газар хууль бус байна.
Тухайн үед 2 жил үйл ажиллагаа явуулаагүй байна гэсэн үндэслэлээр Засаг дарга хүчингүй болгосон байсан. Авснаас хойш 2 жилийн хугацаанд тухайн ажлуудыг хийсэн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэж үзэж байна.
Улсын дээд шүүхийн тайлбарт зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг барилга, байгууламж бариагүй, тариалан эрхлээгүй байх гэх мэтийг ойлгоно гэсэн байна. Суурь цутгасан гэдэг нь барилга, байгууламж гэдэгт хамаарахгүй гэж үзэж байна. Анхнаасаа нэхэмжлэгч тухайн газрыг авахдаа эдийн засгийн боломждоо тулгуурлаж авах ёстой байсан. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г б” ХХК нь “...газар эзэмших гэрээ, Газрын тухай хуулийг зөрчөөгүй байхад манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгон, өөр компанид манай газрыг эзэмшүүлсэнд гомдолтой байна” гэж Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн а/450 дугаар захирамжийн[1] өөрт холбогдох хэсгийг, мөн аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн а/175[2] дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” а/450 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн орон сууцны зориулалтаар газар эзэмших эрх авсан “Говийн бараа” ХХК-ийн 5,5 га газар эзэмших эрхийг хүчингүй болгож, 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн а/175 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд маргаан бүхий газраас эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ бичсэнээр ”... хуулийн хугацаанд ажлаа эхлүүлж, газрын төлбөрөө цаг тухайд нь төлөөд явж байгаа газар эзэмших эрхийг бидэнд мэдэгдэлгүй хүчингүй болгосныг мэдсэн даруйдаа буюу 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Засаг даргад хандсан”[3] гэсэн ба аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 311 дүгээр албан бичгээр[4] “...газар эзэмших эрхийг сэргээх боломжгүй...” гэдэг хариуг өгсөн, маргаан бүхий захиргааны акт гарснаас хойш 2015, 2016 оны газрын төлбөрийг төлж байсан зэрэг хэрэгт авагдсан баримтууд, нэхэмжлэгч “Г б” ХХК-д Засаг даргын захирамжийг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн талаар баталгаажуулсан баримт байхгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ.” гэх үүргээ хэрэгжүүлээгүй болохоо хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч байгаа нь нэхэмжлэгчийн “...хүнээс дам сонсож мэдсэн...” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.
“Г б” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” уг шийдвэрийг хүлээн авснаас эсхүл мэдсэнээс хойш, мөн 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юм.
Хариуцагч нь “Г б” ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж буруутгасны үндсэн дээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан бөгөөд тухайн газар дээр баригдаж буй орон сууцны зоорийн давхрын барилгыг “барилга байгууламж гэж үзэхгүй” гэж маргаж байгаа нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна.
Өмнөговь аймгийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн а/633 дугаар захирамжаар[5] “Г б” ХХК-д нэгж талбарын дугаар бүхий 5,5 га газрыг орон сууцны зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших гэрээ байгуулан, гэрчилгээ олгожээ.
“Г d” ХХК нь тус газар дээр орон сууцны “GB town” хотхон барихаар “Зураг төсөл боловсруулах гэрээ”-г 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Ф” ХХК-тай байгуулж, барилгын талбайн инженер-геологийн судалгаа, барилгын ажлын холбогдох гэрээнүүдийг хийн, улмаар 2012 онд хотхоны ажлын зураг, ерөнхий төлөвлөгөөг аймгийн ерөнхий архитектор Ц.О, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын дарга Ч.М нараар батлуулж[6], орон сууцны барилгын зоорийн давхрын, бүрэн цутгамал, хучилтын ажил хийгджээ.
“Дулаан хангамж” ОНӨҮГ-ын 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 83 дугаар, “Гүний ус” ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 283 дугаар албан бичгүүдээр техникийн нөхцөл олгохгүй болохоо мэдэгдсэн байх тул нэхэмжлэгч “өөрийн цахилгааны эх үүсвэрээр барилгаа эхлүүлж, цахилгаан дулааны техникийн нөхцөл олгох боломжгүй болохоо холбогдох байгууллагууд мэдэгдэж байсан тул зоорийн давхрын цутгалтын ажлыг хийгээд түр зогссон” гэдэг тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй ба шүүхээс хийсэн үзлэгээр болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “... 2015 оноос хойш тус суурьшлын бүсийн дэд бүтцийн асуудал шийдэгдсэн” гэх тайлбараар дээрх нөхцөл байдал тогтоогдож байна.
Хариуцагчийн “...газар эзэмших эрх нь хуулийн дагуу үүсээгүй тул Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 065/1, 09/065/34 дугаар албан шаардлагын дагуу газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон” гэх тайлбарыг[7] шүүхээс хүлээн авах боломжгүй.
Учир нь шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл болсон “газрыг 2 жил дараалан ашиглаагүй” үйл баримттай холбогдуулан дүгнэлт хийсэн бөгөөд уг захиргааны акт гарсны дараа буюу цаг хугацааны хувьд сүүлд гарсан “зөрчлийг шалган тогтоосон” гэх баримтыг үнэлэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч “Г б” ХХК-д эрх бүхий захиргааны байгууллагаас газар эзэмшүүлсэн шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, гэрээ байгуулсан нь газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.
Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д “.“барилгын ажил” гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг” ойлгоно гэж зохицуулснаас үзвэл нэхэмжлэгчийг эзэмшлийн газар дээрээ үе шат бүхий барилгын ажил хийж гүйцэтгэж байсан гэж үзэх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Тодруулбал нэхэмжлэгч “Говийн бараа” ХХК эзэмшлийн газраа ашиглаагүй үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн а/450 дугаар захирамжийн нэхэмжлэгч “Г б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж шүүхээс дүгнэлээ.
Нэхэмжлэгч 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 09/21 дугаар албан бичгээр “2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн а/175 дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д зааснаар татгалзсан хэсгийг баталж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д заасныг баримтлан “Г б” ХХК-иас Өмнөговь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн а/450 дугаар захирамжийн нэхэмжлэгч “Г б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Өмнөговь аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн а/175 дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРМАА
[1] Хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас
[2] Хавтаст хэргийн 91-93 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 43 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 44 дүгээр хуудас
[5] Хавтаст хэргийн 113-115 дугаар хуудас
[6] Барилгын ажил эхлүүлэхтэй холбогдох баримтууд хавтаст хэргийн 15-46 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 80-90 дүгээр хуудас