Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2020/0355

 

“Шинжунчи” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, өмгөөлөгч Г.Д нарыг оролцуулан Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: “...Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 25 дугаар зүйлийн 25.1.6, 38 дугаар зүйлийн 38.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн “12596Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан тухай тодорхойлолтыг гаргаж өгөхөөс татгалзсан Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг тодорхойлолтыг гаргаж өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх “Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3, 38.1.5, 38.1.6, 38.2, 38.3 дахь хэсэгт тус тус заасан хүрээнд сумын Засаг дарга нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, төлөвлөгөөг боловсруулахад зөвшилцөх, батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих, үр дүнгийн тайланг нь хүлээн авч дүгнэх эрх хэмжээтэй байх тул тусгай зөвшөөрөл хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан эсэх талаар баримт буюу тодорхойлолтыг гаргаж өгөх эрх бүхий албан тушаалтан байна” гэж зөв дүгнэсэн атал уг үүргээ биелүүлээгүй хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг хамгаалсан шийдвэрийг гаргасан нь учир дутагдалтай гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт хуулийн зохицуулалтыг тухайн хэргийн хувьд буруу хэрэглэн дүгнэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д зааснаар хайгуулын ажлын явцад байгаль орчны сөрөг нөлөөлөл үүссэн тохиолдолд тайлагнахаар заасан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд хайгуулын ажлын явцад байгаль орчны сөрөг нөлөөлөл үүссэн зүйлгүй, хайгуулын ажлын тайланд мөн энэ талаар тайлагнасан байдаг.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүсэлт зоригийн илэрхийллийг “Нэхэмжлэгч тал 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Тодорхойлолт санал авах тухай” 07/08, 07/09 дугаар бичгээр хүргүүлсэн хүсэлтийг шийдвэрлээгүй гэхээсээ илүүтэй уг албан бичгийн дагуу нэхэмжлэгч нь байгаль орчныг хамгаалах талаарх үүргээ бүрэн биелүүлж ажилласан хэмээн тодорхойлох ёстой гэж маргаж байгааг” гэж өөрийн үзэмжээр тайлбарлаж хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хууль ёсны болж чадаагүй байна.

Засаг дарга нь хувийн хэвшлээс ирүүлсэн албан хүсэлтүүдийг хянан шийдвэрлэх ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, холбогдох баримтыг цуглуулах, сонсох ажиллагаа явуулсны үндсэн дээр албан бичгээр эерэг эсхүл сөрөг үйлчлэлтэй захиргааны актыг гаргаж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд өгөх үүрэгтэй билээ.

Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудаар хариуцагч Засаг дарга тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих эрх хэмжээтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн атлаа Засаг дарга харин уг хяналт тавих чиг үүрэг хэрэгжүүлэгчийн хувьд нэхэмжлэгчийн албан бичгээр гаргасан хүсэлтүүдийг Засаг дарга өөрт байгаа хяналт тавьж ажилласан мэдээллүүдийнхээ хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн дээр дурдсан эс үйлдэхүйг маргасаар атал хариуцагчийг илтэд хамгаалсан, түүний хууль бус эс үйлдэхүйг зөвтгөсөн шийдвэрийг гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн зорилт, үзэл санааг алдагдуулсан гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүйгээс хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд буюу хариуцагчийн эс үйлдэхүйн хууль зүйн үндэслэлд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч “Ш” ХХК-аас Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргад холбогдуулан “12596Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай тодорхойлолтыг гаргах өгөхөөс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг тодорхойлолтыг гаргаж өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ “...Ашигт малтмалын тухай хуулиар болон бусад хууль, тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүй ... холбогдох тайлангуудаа төрийн захиргааны байгууллагаар баталгаажуулаагүй” гэж тайлбарлан маргажээ.

Энэхүү маргааны хувьд нэхэмжлэгч нь байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөгөө батлуулсан эсэх, тайланг холбогдох албан тушаалтнуудад хүргүүлж, баталгаажуулсан эсэхэд маргааны гол үйл баримт оршиж байна.

Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй …”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг гүйцэтгэнэ.

Гэтэл анхан шатны шүүх маргааны үйл баримтыг нэг мөр тогтоож, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй атлаа “...нэхэмжлэгчээс байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хийсэн ажлынхаа талаар хариуцагчид танилцуулаагүй, хүргүүлж байгаагүй байх тул ... сумын Засаг дарга тодорхойлохоос татгалзсаныг буруутгах боломжгүй” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн “...хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн”, хариуцагчийн “...хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэсэн хэн алиных нь тайлбарыг няцаасан баримт авагдаагүй, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 07/429 дугаар “...2016 онд хайгуулын ажлын төлөвлөгөөг МХЕГ-ыг БОГУУЦХУА-ын ахлах байцаагч хянасан боловч нэрийн тайлалгүй, ... сумын Засаг дарга болон байгаль орчин хяналтын улсын байцаагч баталгаажуулж гарын үсэг зурсан, ... 2017 онд хайгуулын ажлын төлөвлөгөөг МХЕГ-ын БОГУУХГ-ын ахлах байцаагч хянасан боловч нэрийн тайлалгүй, ... эрх бүхий албан тушаалтан батлаагүй, 2018 онд хайгуулын ажлын тайлаг МХЕГ-ын БОГУУХГ-ын ахлах байцаагч Д.Наранцацрал хянаж баталсан, ... эрх бүхий албан тушаалтан батлаагүй” гэсэн албан бичиг, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2017 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх ажлын төлөвлөгөөнөөс өөр баримтгүй.

Хэдийгээр анхан шатны шүүхээс Эрдэнэхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны ирсэн бичгийн бүртгэлд үзлэг хийсэн, тус газрын архив, албан хэрэг хөтлөгч Г.Ц-ийг гэрчээр асуусан тэмдэглэл авагдсан байх боловч уг баримтууд нь маргааны гол үйл баримтыг нотлохгүйн дээр нэхэмжлэгчээс байгаль орчны төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан талаарх тодорхойлолт гаргаж өгөх тухай хүсэлтийг хариуцагчид гаргасан, хариуцагчид уг хүсэлтийг хүлээн авсан эсэх дээр талууд маргаагүй.

Энэ тохиолдолд Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 07/429 дугаар бичгийн үндэслэл болсон баримтуудыг гаргуулах, нэхэмжлэгчээс байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөгөө батлуулсан эсэх, хэрэв батлуулсан бол холбогдох тайланг хэрхэн хүргүүлж байсан талаарх баримтыг нэг мөр, хөтөлбөргүйгээр тогтоох нь энэхүү маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул шаардлагатай тохиолдолд шүүхээс үзлэг хийх, гэрч асуух зэргээр хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тодруулах боломжтой байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... 2018 оны хувьд тухайн газар дээр ажил хийгдээгүй ... 2019 оны эхээр тайлангаа эцсийн байдлаар гаргаад Уул уурхайн яамны Эрдэс баялгийн зөвлөлд өгсөн” гэх тайлбарт дүгнэлт өгөөгүй, хариуцагчаас нэхэмжлэгчийг хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагүй, мөн нэхэмжлэгч компанийн хайгуулын үйл ажиллагааны улмаас байгаль орчинд хохирол учирсан, уг хохирлыг нөхөн сэргээгээгүй гэх үйл баримт тодорхойгүй зэргээс үзвэл “нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулиар болон бусад хууль, тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүй” гэх үйл баримт бүрэн тогтоогдохгүй байна.

Иймд талуудын маргалдаж буй үндэслэлд холбогдох баримтууд хэрэгт бүрэн авагдаагүй, хэргийн үйл баримтыг тодорхойлж, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

                                   ШҮҮГЧ                                                                        Н.ХОНИНХҮҮ

                                   ШҮҮГЧ                                                                        Д.БААТАРХҮҮ