Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 112/ШШ2021/0003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугар, шүүгч Ц.Нэргүй нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Г.Батгэрэл, нарийн бичгийн даргаар Б.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш Ж ЧХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын *******д холбогдох

******* аймгийн ******* сумын Засаг даргын ******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай тодорхойлолтыг гаргаж өгөхөөс татгалзсан хариу хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дах хэсэгт заасан тодорхойлолтыг Ш Ж ЧХХК-д гаргаж өгөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Наранбаяр, хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* А.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, хариуцагчийн өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл нар онлайнаар, иргэдийн төлөөлөгч Г.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш Ж ЧХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь ******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд ******* аймгийн ******* сумын нутагт орших Айраг-Уулын алтны үндсэн ордуудад 2011-2018 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг гарган Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлснээр 2019 оны 07 сарын 05-ны өдрийн ХХ-12-11 дугаар дүгнэлтийг гаргасан байдаг. Харин манай компанийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй гэж заасан эрхийнхээ хүрээнд хайгуулын ажил гүйцэтгэсэн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг авахаар Ашигт малтмал, газрын тосны газарт өргөдөл гаргахаар холбогдох баримт бичгийг бүрдүүлэх ажлыг хийсэн юм. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмыг хуульчилсан бөгөөд тус зүйлийн 25.1.6-д Хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримтыг өргөдөлд хавсарган өгөх шаардлагыг тавьсны дагуу манай компанийн зүгээс энэ талаарх тодорхойлолтыг авах хүсэлтийг 2019 оны 07 сарын 08-ны өдрийн 07/08, 07/09 дугаар албан бичгээр ******* сумын *******д хүргүүлсэн боловч түүний зүгээс өнөөдрийг хүртэл тодорхойлолт гаргаж өгөөгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3, 38.1.5, 38.1.6 дахь заалт, 38.2, 38.3 дахь хэсэгт тус тус заасан хүрээнд Сумын ******* нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах талаар төлөвлөгөөг зөвшилцөх, батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих, үр дүнгийн тайланг нь хүлээн авч дүгнэх эрх, үүрэгтэй бөгөөд үүний дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчид хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан эсэх талаар баримтыг буюу тодорхойлолтыг гаргаж өгөх эрх бүхий албан тушаалтан юм. Гэтэл ******* сумын ******* нь 25.1.6-д заасан хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйн улмаас манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт тус тус заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байгаа нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэжээ.

2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ******* аймгийн ******* сумын ******* ******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай тодорхойлолтыг гаргаж өгөхөөс татгалзсан хариу хууль бус болохыг тогтоож Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дах хэсэгт заасан тодорхойлолтыг Ш Ж ЧХХК-д гаргаж өгөхийг даалгах гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Наранбаяр шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ашигт малтмал хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрөл анх 2007 оны 07 дугаар сард Х д ХХК-д олгогдсон байдаг. Тухайн зөвшөөрлийг 2008 оны 04 дүгээр сарын 16-ны Ж Ю ХХК-д шилжүүлсэн. Үүнээс хойш Ш Ж ЧХХК Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан шаардлага хангасан хуулийн этгээд болохын хувьд уг тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр шилжүүлэн авч эзэмшиж байна. Ш Ж ЧХХК нь 2011 оноос 2017 онд тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулж, гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан боловсруулж 2018 оны 12 дугаар 27-ны өдрийн 12/02 дугаар албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд шинжээч томилуулахаар хүргүүлсэн. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс тухайн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг шинжээчээр Монгол Улсын зөвлөх геологи н.С, мэргэшсэн геологич н.Ё нарыг томилон шинжээч нар хайгуулын ажлын тайлан дээр ажиллаад 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ******* аймгийн ******* сумын нутаг дахь Авдарт уулын алтны үндсэн ордын 2011 оноос 2017 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээчийн нэгтгэсэн дүгнэлтээ гаргасан. Шинжээчийн нэгдсэн дүгнэлтийг дагуу 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ашигт малтмал хайгуулын ******* тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн хайгуулын ажлын тайланд 83 дугаартай хяналтын хуудас олгогдсон. Тухайн хяналтын хуудас юу гэхээр бид тойрох хуудас гэж ярьдаг эрх бүхий албан тушаалтан ашигт малтмалын чиглэлээр мэргэжлийн эрх бүхий албан тушаалтнууд тухайн компанийн тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн хайгуулын ажилтай холбоотой шүүлтийг хийж тухайн тусгай зөвшөөрөлтэй холбоотой тайланг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг шийдвэрлэдэг. Хяналтын хуудасны дагуу холбогдох мэргэжилтэн бүгд тухайн тайланг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзээд эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ХХ1211 дугаарт дүгнэлтээр гарч нөөцийг баталгаажуулсан байдаг. Уг баталгаажуулсан нөөцийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 11/78 дугаартай тушаалаар ордын геологийн нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын тоо бүртгэлд бүртгэж шийдвэрлэсэн. Нөөцийг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөх хүлээж авсантай холбоотой компанийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг давуу эрхээр авах онцгой эрхтэй байна гэж заасны дагуу тухайн тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авах бичиг баримтын бүрдлийг хангахаар бүрдүүлсэн. Ашиглалтын өргөдлийн бүрдэлд Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт өргөдөлд ямар ямар материал хавсаргах тухай заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дах хэсэгт хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт хавсаргана гэж заасан. Энэ тодорхойлолтыг сумын *******ас авдаг. Тус сумын *******ас Ш Ж ЧХХК нь тодорхойлолт авахаар 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр албан бичиг явуулсан. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. 30 хоногийн дотор шийдвэрлэх хугацаа нь 08 дугаар сарын 08-ны өдөр дууссан. Сумын *******ас хариу өгөхгүй байсан учраас 08 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд хандаж сумын ******* ямар нэгэн тодорхойлолт гаргахгүй, хариу өгөхгүй байгаа тул эс үйлдэхүй нь хууль болохыг тогтоож, тодорхойлолт гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1/116 дугаар албан бичгээр сумын *******ас Ш Ж ЧХХК-ийн нэр дээр тодорхойлолт гаргаж өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Үндсэн маргааны тухайд Ш Ж ЧХХК болон тусгай зөвшөөрлийг өмнө эзэмшиж байсан аж ахуй нэгж нь орон нутгаар батлуулах бүх бичиг баримтыг батлуулаад явж байсан. Хайгуулын ажлын төлөвлөгөө тухайн хайгуулын ажлын явцад байгаль орчинд нөлөөлж болох нөлөөллийг арилгах зорилготой байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэсэн материалуудыг сумын ******* болон байгаль орчны байцаагчаар батлуулж байсан. Мөн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хийгдсэн ажлын тайлан мэдээг сумын байгаль орчны байцаагчаар байгаль орчны нөхөн сэргээлтийн 07 дугаар маягтын дагуу мэдээлж тухайн үед байгаль орчинд нөлөөлөх үйл ажиллагаа явуулах бол тухайн нөхөн сэргээлтийг хүлээлгэж өгөөд хүлээлгэж өгсний дагуу 07 дугаар маягтыг байгаль орчны байцаагчаар баталгаажуулж, жил бүрийн хайгуулын ажлын засварын тайланд хавсаргаж байсан. Ш Ж ЧХХК-ний зүгээс тухайн жилийн менежментийн төлөвлөгөөнд ямар хайгуулын ажил хийгээд, тухайн хайгуулын ажил нь байгаль орчинд хэрхэн нөлөөлөх, нөлөөлсөн тохиолдолд нөхөн сэргээлт хэрхэн хийх талаар менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ бүрэн биелүүлж ажилласан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч ХХК-ийг тайлан төлөвлөгөө гаргаж өгөөгүй гэж буруутгадаг. Тайлан төлөвлөгөө гаргаж өгөөгүй нь нэхэмжлэгч ХХК-д тодорхойлолт гаргаж өгөхгүй байх үндэслэл болж байгаа гэж тайлбарладаг. Гэхдээ хуулийн агуулгын харахаар маргааны зүйл нь юу вэ гэхээр менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлсэн талаар тодорхойлолт авах тухай заасан. Менежментийн төлөвлөгөөг тус ХХК 2013 оноос 2017-оныг хүртэл батлагдсан төлөвлөгөөг шүүхэд өгсөн. Тэгэхээр шүүх энэ маргаанд дүгнэлт хийхийн тулд менежментийн төлөвлөгөөнд заасан ямар үүргийг яаж биелүүлээгүй, биелүүлээгүйн улмаас байгаль орчинд ямар хохирол учирсан талаас нь асуудал хандах ёстой. Бид нарын маргааны гол зүйл нь хариуцагчийн зүгээс тайлбарлахдаа 40 айлын өвөлжөө байдаг, менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, төлөвлөгөөгөөр хүлээсэн байгаль орчныг сэргээх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарладаг. Гэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигч компани зүгээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлээд, байгаль орчинд нөлөөлтэй үйл ажиллагаа явуулсан тохиолдолд нөхөн сэргээлтийг хийгээд, байгаль орчны байцаагчид нь хүлээлгэж өгөөд, байгаль орчны нөхөн сэргээлтийн тайлан буюу 07 дугаар маягтыг сумын байгаль орчны байцаагчаар баталгаажуулж, Ашигт малтмал газрын тосны газар хүргүүлж нөхөн сэргээлт хийсэн тухайгаа баталж байсан. Би өмгөөлөгчөөр оролцохын тулд Ашигт малтмалын хэлтсийн холбогдох мэргэжилтэн, дарга нартай уулзаж судалсан. Менежментийн төлөвлөгөөний тайлан гэж юу вэ? гэхээр 07 дугаар маягт. Тухайн 07 дугаар маягт нь байгаль орчныг нөхөн сэргээсэн мэдээ. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн зохицуулалт төлөвлөгөө боловсруулах, тайлан бэлтгэхээс илүү байгаль орчныг хамгаалахад чиглэгдсэн заалт. Нэхэмжлэгчийн зүгээс 2013 оноос 2017-оны төлөвлөгөө тайлан гаргасан. Өмнөх онууд нь өөр аж ахуй нэгж эзэмшиж байсан тул ирээгүй байгаа. 2016 оноос хойш төлөвлөгөө гаргаж батлуулаагүй. Ашигт малтмал хайгуулын ажил нь хээрийн боловсруулалт, суурин боловсруулалт гэсэн хоёр үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явагдаж байгаа. Хээрийн боловсруулалт нь тухайн талбай дээр очиж өрөмдөж, сувагчлал ухаж байгаль орчинд нөлөөлөлтэй явж байгаа ажил. Харин суурин боловсруулалт нь геологи инженер мэргэжилтнүүд нь хээрийн ажлаар цугларсан мэдээг боловсруулах ажил гүйцэтгэдэг. Энэ ажлын хүрээнд 2016, 2017, 2018 онуудад судалгаа шинжилгээ хийх, тайлан мэдээ боловсруулах, лабораторийн туршилт шинжилгээ гэсэн ажлууд хийгдэж байгаа. Тухайн талбай дээр хийгдсэн ажил байхгүй. Сумын хяналтын байцаагч Мөнхжаргал тайлбарлахдаа менежментийн төлөвлөгөөг батлуулдаг, байгаль орчинд нөлөөлөлтэй үйл ажиллагаа явуулсан тохиолдолд нөхөн сэргээлтээ хийж 07 дугаар маягтаа хүлээлгээд өгдөг байсан гэж тайлбарладаг. Захиргааны үйл ажиллагааны баримтлах зарчим итгэлийг хамгаалах тухай зарчим хуульчилсан. Орон нутгаас менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй гэж 2016 онд ажлын зогсоох ёстой. Эсхүл хуулийн тогтоосон арга хэмжээ авах ёстой. Тухайлбал мэдэгдэл, албан шаардлага, мэргэжлийн хяналтын байгууллагын акт, дүгнэлтүүд гаргаж байх ёстой. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч ХХК-ийг байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбоотой баримт хавтаст хэрэгт байхгүй. Мөн шинээр ажлаа хүлээн авсан учир тодорхойлолт өгөхөөс татгалзсан. Гэхдээ хариуцагчийн тайлбар хэд хэд хувирсан. Мөн л нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа. Захиргааны байгууллагаас өөрийн гаргасан шийдвэрийн үндэслэлийг нотлохын тулд менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ямар үүрэг биелүүлээгүй талаар тусгах ёстой байсан. Тухайлбал Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дах хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол сум, дүүргийн ******* энэ хуулийн 38.1.8-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна гэж зааснаар нэхэмжлэгч компаниас нөхөн сэргээлт хийгээгүй гэсэн үйл ажиллагаа явуулаагүй. Тэгсэн байж нэхэмжлэгч компани ашиглалтын тусгай зөвшөөрөл авах бүрдлийг хангах зорилгоор байгаль орчинд хохиролтой үйл ажиллагаа явуулсан эсэхийг шалгадаг тодорхойлолтыг өгөхгүй байна. Хариуцагчийн зүгээс хариу өгөх хугацаа нь болоогүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж байна. Өмнө энэ талаар зүйл дурдаагүй. Одоо ярьж байна. Нэхэмжлэгч ХХК Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шуудангаар албан бичгээ ******* аймаг руу явуулна. Тухайн аймагт шуудан хэдэнд очсоныг бид мэдэхгүй. Гэхдээ ******* 07 дугаар сарын 19-нд хүлээж авсан гэж байна. Гэхдээ Засаг даргын зүгээс нэхэмжлэгч ХХК 08 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө тухайн бичиг шуудангаар хүлээн авах явцад удсан, танай өргөдлийн хугацааг сунгах тухай мэдэгдэх ёстой. болоход мэдэгдээд хугацааг сунгасан хянан шийдвэрээр хугацаа сунгасан хариу өгөөгүй. 08 дугаар сарын 20 болсон байхад хариу өгсөн зүйл байхгүй байсан. 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл мэдэгдээгүй. Хугацаа өнгөрсөн тул Ш Ж ЧХХК-аас нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргасны дараа ч мөн хугацаа сунгасан талаар хариу өгөөгүй. Сүүлд бид *******тай уулзсан. ******* манай бичиг баримттай танилцмаар байгаа юм байна гэдэг үүднээс 10 дугаар сард дахиж өргөдөл явуулсан. Гэтэл 11 дүгээр сарын 05-ны өдөр *******ас татгалзсан тухай хариу явуулсан. Засаг даргын зүгээс Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлээгүй өргөдлийг удаан хугацаанд хариу өгөөгүй тул энэ эс үйлдэхүй болсон. 2008 оны төлөвлөгөөнд 1600 метр суваг малтана гэж байсан. Тухайн суваг малтсаны нөхөн сэргээлт байхгүй гэж байна. 2008 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын ******* баталж өгөөгүй. Тэгэхээр 1600 метр суваг малталт хийгдээгүй. 2018 оны хайгуулын ажлын тайланд суваг малтаагүй гэсэн тайлан өгсөн. 2016 онд технологийн боловсруулалт, технологийн туршилт хийсэн тухай баримт хэрэгт байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, гаргасан зардал зэргийг сумд хүргүүлж, сумын байгаль орчны байцаагчаар баталгаажуулсан. Энэ тухай сумын байгаль орчны байцаагч тайлбарлаж байгаа. Мөн нөхөн сэргээлт хийх шаардлагатай зардлын 50 хувийг урьдчилж сумын байгаль орчныг нөхөн сэргээлт хийх дансанд байршуулж байсан. Хэрэгт авагдсан 2008-2018 он хүртэлх тус компанийн байгаль орчны нөхөн сэргээлтийн мэдээ буюу 07 дугаар маягтыг сумын байгаль орчны байцаагчаар баталгаажуулсан баталгаажуулалт, байгаль орчны байцаагч Мөнхжаргалын гэрчээр өгсөн мэдүүлэгдээ байгаль орчны нөхөн сэргээлтийг хийж хүлээлгээд өгөөд 07 дугаар маягтыг батлуулж байсан. Ш Ж ЧХХК нь тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд нийтдээ 1.405.000.000 төгрөгийн хайгуул ажил хийсэн. Компанийн нэр нь Хятад ХХК, Хятад захиралтай юм шиг харагддаг боловч хувьцааны тодорхой хувийг монгол хүмүүс эзэмшиж байгаа. Хариуцагч тайлбарлахдаа байгаль орчинд хохирол учрах байх, өвөлждөг айлууд өвөлжөөгүй болох гэсэн асуудлуудыг тайлбарлаж байгаа. Өвөлжөөний газар давхацсан тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зохицуулсан. Байгаль орчинд сөрөг нөлөөллийн үйл ажиллагаа явуулсан тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл нь цуцлагддаг. Ашиглалтын лиценз авсны дараа орон нутагтай харьцахгүй гэж ойлгоод байна. Тийм зүйл байхгүй. Ашиглалтын лиценз авсны дараа илүү орон нутагтай харьцах үүрэг хүлээнэ. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд орон нутагтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж хамтарч ажилдаг. Нийгмийн хариуцлагын гэрээний дагуу орон нутагт шинээр ажлын байр бий болгох, татвар төлөх зэрэг үйл ажиллагаа хийдэг. Мөн багийн иргэд нь тусгай зөвшөөрлийн талбай дээр байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх эсэхийг шийдвэрлэнэ гэх зэрэг олон ажлууд хяналт хариуцлагын доор явагдана. Гэтэл хариуцагч тайлан өгөөгүй, 07 дугаар маягтыг тайлан биш гэж тайлбарлаж байна. Гэхдээ захиргааны процессын эрх зүйд маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг нотлох үүрэг нь захиргааны байгууллага өөрт байдаг. Үндэслэл нь юу гэхээр менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч компани яагаад биелүүлээгүй вэ? гэдгийг захиргааны хэргийн шүүхэд нотлох ёстой. Хайгуулын ажил гэдэг нь газар ухаад байдаг зүйл биш. Тухайн газраас дээж аваад боловсруулах, судалгаанд гарсан үр дүнгээр нөөцийг тогтоох, лабораторийн болон офессын судалгааны ажил өргөн хүрээний ажил. Ш Ж ЧХХК тухайн тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулаагүй. Ихэвчлэн суурин ажил хийгдсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5 дах заалтын гол агуулга нь байгаль орчинд хор нөлөөлөл үзүүлсэн эсэх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ зөрчсөн эсэхийг тогтоох агуулгатай. Зөрчил гэдэг нь бодитой байх ёстой. Тайлан төлөвлөгөө өгөөгүй гэдэг нь зорилгодоо нийцсэн зөрчил биш. Тайлан төлөвлөгөөнд ямар ажил хийгдэх ёстой байгаад хийгдээгүй, түүнээс болж ямар үр дагавар үүссэн бэ? гэдэг нь илүү зөрчил. Цаашид энэ компанийн үйл ажиллагааг байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр явуулахгүй байх, хязгаарлалт тогтоох үндэслэл болохгүй. Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар ямар үүрэг биелүүлээгүй, ямар зөрчил гарсан нь нотлогдохгүй байна. Иймд Засаг даргын тодорхойлолт гаргаж өгөхөөс татгалзсан үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна. Хэрэв ******* зорилгодоо нийцсэн шийдвэр нь байгаль орчны менежментийн энэ үүргээ биелүүлээгүй байна гэсэн тохиолдолд зорилгодоо нийсэн гэж үзнэ. ******* Ашиг малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийг хэрэгжүүлэхдээ 38.3 дах заалт буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол сум, дүүргийн ******* энэ хуулийн 38.1.8-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна зааснаар энэ арга хэмжээг ******* хэрэгжүүлсэн байх ёстой. Ийм учраас Засаг даргын тус компанид менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан эсэх талаар тодорхойлолт гаргаж өгөхөөс татгалзаж байгаа үйлдэл хууль бус байна. Хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч компани Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дах хэсэгт заасан онцгой эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байдал үүсгэж байна. Засаг даргын тодорхойлолт гаргаж өгөхөөс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож холбогдох тодорхойлолт гаргаж өгөхийг сумын *******д даалгаж шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна.

 

Хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* А.Б шүүхэд гаргасан тайлбартаа: 2019 оны 7 сарын 19-нд бичиг нь ирсэн байдаг. Тухайн өдөр сумдын ******* нар Солонгос улсад сургалттай байсан учраас би Солонгос улсад 7 хоногийн хугацаагаар ажиллаад Улаанбаатар хотод ирсэн. Ингээд Улаанбаатар хотод ажлаар явж байх үед нэхэмжлэгч компани нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу өргөдөл гомдлыг шийдвэрлэх 30 хоногийн хугацааг хүлээлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Мөн хүндэтгэн үзэх шалтгаанаар шаардлагатай тохиолдолд тухайн өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгах боломжтой байдаг. Энэ хүрээнд өргөдөл гомдлыг шийдвэрлэх 30 хоногийн хугацаа дуусаагүй байхад буюу 8 сарын 12-ны өдөр нэхэмжлэгч компани шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байдаг. Энэ хэрэг нь зөвхөн ******* миний биш сум орон нутгийн ирээдүйтэй холбоотой асуудал байсан учраас би нэлээд анхаарал болгоомжтой хандаж шийдвэрээ гаргах хэрэгтэй болсон. Нэхэмжлэгч компаниас 10 сард дахиад албан бичиг ирсэн. Үүний дагуу боломжгүй гэдэг хариуг албан бичгээр хүргүүлсэн байгаа гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ш Ж ЧХХК-ийн хайгуулын лиценз нь 2007 оноос анх Х Д ХХК үйл ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгч тал Засаг даргыг энэ 12 жилийн хугацаанд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бүрэн гүйцэт биелүүлж ажилласан тухай тодорхойлолт авахыг хүссэн. Энэ тодорхойлолтыг өгөх боломжгүй гэсэн. Учир нь нэгдүгээрт тухайн ХХК анх 2007 онд хайгуулын лиценз авснаас эхний 1 сарын хугацаанд анхны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг *******ар батлуулах ёстой. Тэр төлөвлөгөөнөөс энэ 12 жилийн хугацаанд батлуулсан төлөвлөгөө тайлан гэж бараг байхгүй. Сүүлд шүүхэд өгсөн нотлох баримт дээр 2014, 2016 онуудад өмнө ******* байсан н.Чулуунбаатарын гарын үсэгтэй хоёр төлөвлөгөө байгаа. 2015 оны ямар ч тамгагүй төлөвлөгөөний хуулбар байна. 2017 оны 12 дугаар сард А.Б дарга гарын үсэг зурсан төлөвлөгөө гээд ийм 4 баримт байгаа. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэрэг буцсан шалтгаан нь 12 жилийн хугацаанд тухайн ХХК өөрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бүрэн гүйцэт хангаж ажилласан эсэх, 12 жилийн хугацаанд байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө болон тайланг бүрэн гүйцэт нотлох баримт болгож өгөөч гэсэн шаардлага тавьсан. Засаг даргын хувьд энэ ХХК олон хайгуулын ажил хийсэн байж байгаль хамгаалах төлөвлөгөөг бүрэн гүйцэт ажилласан эсэх тодорхойлолтыг тодорхой болгохын тулд баримт хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ ХХК бүрэн гүйцэт ажилласан эсэх талаар тодорхойлолт өгөх ямар ч боломжгүй болж байгаа. Өмнө ******* аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Айраг уулд үзлэг хийж байхад 40 гаруй айлын өвөлжөө байгаа. Албан ёсоор өвөлжөөний гэрчилгээ авсан 31 айл Айраг уул газар өвөлждөг. Иргэдийн нийтийн хурлаас удаа дараа *******д тус уулыг ашиглахгүй байх малчдын өвөлжөө, хаваржааны гол бүс нутгаар нь байлгаж өгөөч гэсэн багийн хурлын шийдвэр, хүсэлтүүд ирж байсан учраас энэ асуудалтай анхааралтай ажиллахаас өөр аргагүй байсан учраас баримтууд байгаль хамгаалах төлөвлөгөөгөө бүрэн гүйцэт биелүүлж ажилласан эсэхийг шаардахаас өөр аргагүй байсан. Хоёр дах үндэслэл нь албан бичгийг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг 07 дугаар сарын 08-ны өдөр явуулсан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Гэхдээ 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээж авсан болох нь нотлох баримтаар харагдаж байна. Тухайн үед ******* Солонгос улсад ажилтай байсан учраас 07 дугаар сарын сүүлээр ирээд Ш Ж ЧХХК-ийн хүсэлттэй танилцсан. 07 дугаар сарын 19-ний өдрөөс 08 дугаар сарын 19-н хүртэл хуулийн хугацаа дуусаагүй байхад 08 дугаар сарын 12-ны өдөр Ш Ж ЧХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дараа нь 10 дугаар сард тодорхойлолт авах тухай хүсэлт ирсэн. Үүний хариуг 11 дүгээр сарын 05-ны өдөр тодорхойлолт өгөх боломжгүй хэмээх хариу өгсөн. Маргаж байгаа асуудал болон хүсэлттэй холбоотой асуудлыг дахиж авч үзээч гэж хүсэж байна. Тийм учраас нэхэмжлэгч ХХК-аас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бүрэн гүйцэт биелүүлж ажилласан баримтууд өгөөч гэж нэхэмжилж байгаа. ******* аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс үзлэг хийсэн. Үзлэг хийхээс өмнө бид мөн очиход Айраг уулд маш их зам гарсан, нөхөн цооногууд үүссэн, суваг малталтууд их хийгдсэн зүйл их байгаа. Ийм учраас байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө тайлан бүрэн гүйцэт тухайн тайлан төлөвлөгөөний дагуу ажилласан тохиолдолд тухайн тодорхойлолтыг гаргаж өгье гэж байгаа. Гэтэл тухайн асуудалтай ямар ч холбогдолгүй материал бүрдүүлсэн байж манай ХХК хайгуул хийсэн гэж тайлбарлаж байна. Хариуцагчийн зүгээс хуулиас гадуур бичиг баримт нэхээгүй. Хуульд заасан бүрэн гүйцэт байх ёстой бичиг баримт нэхэмжилж байгаа. Мөн нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтаар шинжээчийн дүгнэлтүүд гаргаж өгч байна. Газар дээр нь очиж үзсэн хүний хувьд тайлбарлавал тухайн цооног стандартын дагуу битүүмжлэгдээгүй байгаа тохиолдолд цаашид тухайн орон нутагт амьдарч байгаа хүүхэд малд ямар эрсдэл учрах талаар анхаарч үзмээр санагдаж байна гэв. Хуулийн хүрээнд Засаг даргын Тамгын газар байх ёстой бичиг баримтууд байвал тодорхойлолт өгье гэж байгаа. Анх 2018 оны эхээр нутгийн хүмүүс Ар баян айраг ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэх болж байна. Тийм учраас тухайн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй байна гэсэн хүсэлтийн Г.Дашдэмбэрэл өмгөөлөгч болон би, хэсэг хүмүүсийн хамтаар ******* суманд очиж энэ компанитай холбоотой бүхий л бичиг баримт дээр шалгалт хийж үзээд баталгаажуулсан. Энэ баримт байгаа. Нотлох баримтаар гаргаж өгөх шаардлагатай байсан байна. Тухайн үед байсан бичиг баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүхэд нотлох баримтаар гаргаж өгснөөс өөр бичиг баримт байхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлахдаа Х Д ХХК-аас эхлээд өмнөх бичиг баримтыг олж авч чадаагүй гэж байна. Хайгуулын ажлын төлөвлөгөө 2008 оноос эхлэн өгөгдсөн байхад байгаль хамгаалах төлөвлөгөө тайлан байхгүй байна. Иргэний хөдөлгөөний хүмүүс ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж байна гэж байна. Би өмнө нь иргэний хөдөлгөөн гэж яваагүй. Нутгийн хүмүүс газар нутаг болохгүй байна гэхээр нь энэ асуудал дээр анхаарал хандуулъя гэж нутгийн иргэдийн хүсэлтээр энэ ажлыг хийж байгаа. Тухайн газар нутгийн хувьд *******ас анхааралтай хандах нь зүйтэй. Тухайн уулыг тойроод 40 айлын өвөлжөө, Хүнгүйн гол, Мухартын гол, Улаагчийн хар нуур, мал хужирладаг хужир зэрэг онцгой бүс нутгийг байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бүрэн биелүүлж ажилласан гэх тодорхойлолт өгнө гэдэг асуудал байхгүй. Засаг даргын хувьд үндэслэх зүйл нь Засаг даргын Тамгын газар байх ёстой төлөвлөгөө тайлан. Тухайн төлөвлөгөө тайлан байвал тодорхойлолт өгье гэж байгаа. Хуульд заагаагүй өөр бичиг баримт шаардаагүй гэж бодож байна гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дах хэсэгт заасан хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт гэж байгаа. Нэхэмжлэгч ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх хуулийн хугацаа нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болох хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх үед *******д 07 дугаар сарын 19-ний өдөр ирсэн бичгийн хариуг авахгүйгээр 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ашигт малтмал газрын тосны газар ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан байгаа. Энэ хэргийн материалд авагдсан сүүлд ирсэн нотлох баримтаас харагдаж байгаа. Нэхэмжлэгч ХХК хэдийгээр гадаадын хөрөнгө оруулалттай ХХК гэж байгаа боловч Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа тохиолдол Монгол Улсын хууль тогтоомжийг бүрэн биелүүлж ажиллах ёстой. Гэтэл *******д хүсэлтээ өгсөн байж хүсэлтийн хариу тодорхойгүй байхад 07 дугаар сарын 29-ний өдөр Ашигт малтмалын газар өргөдлөө гаргасан. Мөн *******д ирүүлсэн хүсэлтийн хуулийн хугацаа болоогүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8 дах хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт болон тайланг холбогдох байгууллагад хүргүүлнэ гэж заасан. ******* хуулийн энэ үндэслэлд хамааруулж хариу тайлбар өгөх боломжгүй байна. Тухайлбал танай компани өөрөө хуулиар хүлээсэн байгаль орчин менежментийн төлөвлөгөөний тайлан биелэлтийг сумын байгаль орчны улсын байцаагч болон ******* миний биед ирүүлж байгаагүй. Энэ асуудалд анхааралтай хандаж байж Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 заасан байгаль орчин менежментийн дагуу хүлээсэн үүргийг бүрэн гүйцэт ажилласан тухай баримтыг үндэслэн өгөх боломжтой. Энэ асуудал тодорхойгүй байгаа учраас Засаг даргын зүгээс хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөх боломжгүй байна гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс нэгэнт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа тохиолдолд хуулийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Сая хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр анх хайгуулын тусгай зөвшөөрөл аваад Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт заасны дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын *******тай хамтран боловсруулж батлуулж ажиллана. Мөн төлөвлөгөөний биелэлтийн тайланг жил бүр сумын *******, улсын байцаагчид хүргүүлж байх асуудал хийгдээгүй учраас тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэж байгаа тодорхойлолтыг өгөх боломжгүй гэсэн зүйл тайлбарлан хэлж байна. Хамгийн гол нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ашигт малтмал газрын тосны газар ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дах хэсэгт заасан байгаль орчныг хамгаалах менежментийн хүлээсэн үүргээ бүрэн гүйцэт хангаж ажилласан гэх ёстой байтал хавсаргахгүйгээр өргөдөлд гаргасан зүйл ажиглагдаж байна. *******д 07 дугаар сард өгсөн бичгийн хариуг өгөх хуулийн хугацаа болоогүй учир хариу өгөөгүй байсан. Гэвч тус хүсэлттэй адил хүсэлт 10 дугаар сард гаргахаар нь 11 дүгээр сарын 05-ны өдөр боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Нотлох баримт шинжлэн судлах үед энэ асуудал тодорхой болох байх. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргаагүй учраас хүлээн авахаас татгалзах хуулийн үндэслэл гарч байна. Нэхэмжлэгч компанийн зүгээс хайгуулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө гэдэг хоёр зүйлийг ойлгомжгүй байдлаар тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. Нэхэмжлэгчийн хүсэж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дах хэсэгт заасан хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт гэдгийг зарим нь тамга тэмдэггүй, гарын үсэггүй ганц хоёр баримтыг сумын улсын байцаагчаар гарын үсэг зуруулсан үйлдлээ 07 дугаар маягтыг жил бүр бүрдүүлж ашигт малтмалын газар хүргүүлж байсан.

Ашигт малтмалын газар 07 дугаар маягт чинь юу вэ? гэхээр байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тайлбар. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-38.1.5, 48 дугаар зүйлийн 48.8 дах хэсэгт заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт болон тайланг холбогдох байгууллагад хүргүүлнэ гэсэн үүргээ биелүүлж байгаагүй байж хайгуулын ажил хийсэн, эрдэс баялгийн зөвлөлөөр дүгнэлтээ гаргуулж Ашиг малтмалын газар хүргүүлсэн, сумын ******* бидэнд хариу өгөх ёстой, энэ асуудлыг судлах бол хуулийн хугацаанд судлах байсан гэх мэт байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл *******д нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа үүргээ биелүүл, менежментийн төлөвлөгөөг гарга гэж шаардах хуулийн зохицуулалт байхгүй. Харин тухайн жилд хайгуулын ажлын тусгай зөвшөөрлөө сунгуулах үедээ байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж Сумын *******ар батлуулан ажиллуулдаг. Гэтэл 2016 онд сумын ******* хайгуулын тусгай зөвшөөрлийг шинэчлэхэд менежментийн төлөвлөгөө батлагдсан байгаа гэж байна. Бодит байдал дээр гарын үсэг, тамга тэмдгийн зөрчилдөөнтэй зүгээр дүр үзүүлсэн хэлбэр төдий зүйл байна. Сумын *******д тухайн жилийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнаагүй байхад ******* танай ХХК ажиллаж байсан байна, менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлж байсан байна гэж тодорхойлолт өгөх боломж байхгүй. ******* засаг төрийн анхан шатны төлөөлөгч гэдэг үүднээс тухайн бүс нутаг дээр амьдарч байгаа ард иргэдийн нийгэм эдийн засаг болон бусад чиг үүрэг дээр анхаарал хандуулж ажиллах нь тухайн хүний үүрэг. Энэ үүргийн хүрээнд тухайн ХХК-аас ирүүлсэн хүсэлтэд хуулийн дагуу хандах ойлгомжтой байсан. Мөн 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр ирсэн бичгийн хариуг 08 дугаар сарын 12-ны өдөр өгөх ёстой гэсэн зүйлийг тайлбарлаж байна. ******* далдыг хардаг хүн биш учраас 07 дугаар сарын 08-ны өдөр Ш Ж ЧХХК-аас бичиг ирж байгаа юм байна. Үүний хариуг 08 дугаар сарын 08-ны өдөр өгөх ёстой байна гэдэг зүйлийг хэлэх боломжгүй. 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр ирсэн бичгийг 30 хоногийн дотор хариу бичиг, хэрвээ хүсэлтийн хугацаа сунгахаар бол энэ хугацаанд мэдэгдэх ёстой байсан. Нэхэмжлэгчийн зүгээс хоёр зүйл дээр зөрүүтэй тайлбар өгч байгаа явдлыг шүүх анхаарч үзээч. Өөрөөр хэлбэл хайгуулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө гэсэн асуудлыг анхаарч үзээч. Нэхэмжлэгч ХХК 2016, 2017 онуудын хайгуулын ажлын төлөвлөгөөнд 8000 метр суваг малталт хийнэ гэж бичсэн. Гэтэл манайх суурин боловсруулалт хийсэн. Хайгуулын ажлын талбай дээр 2016 оноос хойш очиж ажиллаагүй учраас байгаль орчинд сөрөг нөлөөлөл учрахгүй, сөрөг нөлөөлөл учрахгүй учраас сумын ******* тодорхойлолтыг гаргаж өгөх ёстой гэдэг байдлаар тайлбарлаж байна. Энэ тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. ******* хууль хэрэгжүүлж, дээдэлдгийн хувьд энэ компани хуулийн хүрээнд ажилласан эсэхийг анхаарч үзэж байж тодорхойлолтыг өгөх ёстой. Ашигт малтмалын тухай хуульд заасан байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө тайлан мэдээг ямар хугацаанд хаана хүргүүлэх талаар авч үзэхгүй, буруу тайлбарлаад хэлж байгааг миний зүгээс хоёр зүйл дээр тайлбарлаж хэлье. Ашигт малтмалын тухай 38 дугаар зүйлийн 38.1.5, 48 дугаар зүйлийн 48.8 дах хэсэгт тодорхой зааж өгсөн. Хэнд хүргүүлэх, хаана хүргүүлэх, менежментийн төлөвлөгөө гэж юу болох, нөхөн сэргээлтийн данс, нөхөн сэргээлттэй холбоотой асуудал гэдгийг тодорхой хуульчилсан. Сумын *******д нэхэмжлэгч компаниас ирсэн. Тус 2 албан бичгийн хариуг өөрийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан. 07 дугаар сарын 19-ний өдөр ирсэн албан бичигтэй танилцаж хариу өгөх хуулийн хугацаа болоогүй байхад 08 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 10 дугаар сард нэхэмжлэгч компани дахиж сумын *******д хүсэлт ирүүлж байгаа. Энэ ирсэн албан бичгийн хариуг тодорхой хуулийн үндэслэл зааж, буцааж өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37 дугаар зүйлийн 37.6 дах хэсэгт хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж заасан. Засаг даргын тодорхойлолт өгөх боломжгүй байгаа нь ямар хуулийг зөрчсөн тухай тайлбарлаж хэлэхгүй байгаа. Мөн нотлох баримт шинжлэн судлах үед 2008-2015 он хүртэл олон цооног өрөмдсөн гэж байна. 2016 онд нэхэмжлэгч компани хайгуулын ажлын төлөвлөгөөг *******тай шинэчлэн боловсруулж батлуулж ажилласан гэж байна. Хэрвээ батлуулсан тохиолдолд байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг 2017 онд ямар шалтгааны улмаас ирүүлээгүй. 2017 онд ******* байгаль орчны менежментийн төлөвлөгөө баталсан гэж байна. 2017 оны 12 дугаар сард төлөвлөгөөгөө батлуулсан. 12 дугаар сард байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулчхаад юу хийх гэж байгаа вэ? гэх зэрэг ийм тодорхой зүйл байна. Хэрвээ 2013 онд 9 цооног, 2014 онд 7 цооног, 2015 онд 3 цооног өрөмдөх байсан бол байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөгүйгээр энэ асуудлыг хийх ёсгүй. Энэ тухай Ашигт малтмалын тухай хуульд тус тусдаа хуульчилж өгсөн. Сумын *******д хүсэлт гаргасан байж тухайн бичгийн хариуг авахгүйгээр Ашиг малтмал газрын тосны газар ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан. Тухайн өргөдөл Засаг даргын тодорхойлолт хавсаргах ёстой гэдгийг хуульчилж өгсөн. Сүүлд нь нөхөж өгнө гэсэн ойлголт байхгүй. Нэхэмжлэгч компани Монгол Улсын хууль тогтоомж болон хуулиа хэрэгжүүлж байгаа албан тушаалтанд ингэж л хандаж байгаа компани. Монгол Улсын хууль тогтоомжийн өмнө Монгол улсад байгаа хэн ч болов эрх тэгш хандана, биелүүлэх ёстой. Шинэчлэн баталсан төлөвлөгөө тайлан байхгүй байгаа учраас би танай гаргасан хүсэлтэд Засаг даргын зүгээс хариу өгөх боломжгүй байна гэсэн хуульд нийсэн Засаг даргын үйл ажиллагааг хууль бус захиргааны акт гэж үзэн тодорхойлолт гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч Г.Батгэрэл шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ш Ж ЧХХК-ийн буруу. ******* сумын *******д шаардлагатай бичиг, тайланг бүрдүүлж өгөх шаардлагатай гэж үзэж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш Ж Ч ХХК нь ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд хийгдсэн хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан тухай тодорхойлолтыг гаргаж өгөхөөс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай тодорхойлолтыг гаргаж өгөхийг ******* аймгийн ******* сумын *******д даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* сумын ******* 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/196 дугаар албан бичгээр ...2. Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.5-д заасан хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн *******д хүргүүлэх гэсэн зохицуулалтын хүрээнд *******д хүргүүлсэн тайлан байхгүй. 38.1.6-д заасан энэ хуулийн 38.1.5-д заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн *******ар батлуулах гэсэн зохицуулалтыг огт хэрэгжүүлээгүй. 3. Ш Ж ЧХХК хайгуулын тусгай зөвшөөрлөл эзэмшиж байсан 12 жилийн хугацаандаа 2012, 2016, 2017, 2018, 2019 онуудад хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй ... гэсэн агуулга бүхий хариуг хүргүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч Ш Ж Ч ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дээрх хариу өгсөнтэй холбогдуулан ******* аймгийн ******* сумын Засаг даргын Ш Ж Ч ХХК-д ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан талаар тодорхойлолт гаргаж өгөхөөс татгалзсан хариу хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д заасан тодорхойлолтыг Ш Ж Ч ХХК-д гаргаж өгөхийг хариуцагчид даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

Шүүх дээрх нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т зааснаар хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах, холбогдох нотлох баримтаа цуглуулж, эрх ашиг нь хөндөгдөж буй Ш Ж ЧХХК-ний оролцоог хангаж, холбогдох тайлан, мэдээг судалж үзсэний үндсэн дээр бодит нөхцөлд тохирсон хариуг өгөх боломжтой байх тул ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/196 дугаар хариуг өгөх тухай албан бичгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д ...ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана, хуулийн 25.1.6-д хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт гэж зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын үйл ажиллагаа явуулсан бүхий л цаг хугацаанд байгаль орчны хамгаалах талаарх хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан талаарх баримт /тодорхойлолт/-ыг эрх бүхий албан тушаалтан гаргахаар байна. ******* аймгийн ******* сумын нутаг дахь Айраг уул нэртэй 2762 га талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах эрх бүхий ******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2007 онд Х д ХХК-д олгож, 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 462 дугаар шийдвэрээр Ж Ю ХХК-д шилжүүлж, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр ******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг Ш Ж ЧХХК шилжүүлэн эзэмших болсон байна.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.2-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайланг хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр байлгах үүрэгтэй бөгөөд ашигт малмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон 2007 оноос хамааруулан үзэхэд хавтас хэргийн матералд авагдсан нотлох баримтад 2013, 2014, 2015, 2016, 2017 онуудад байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг сумын *******ар батлуулсан, харин ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж эхэлснээс хойш буюу 2007-2018 оны хооронд жил бүр хайгуулын ажлын тайлан гаргаж байсан байна. Ашигт малтмалын хайгуулын ажил нь хээрийн судалгааны ажил буюу суваг малталт, хайгуулын өрмийн ажил, суурин боловсруулалтын ажил буюу бичиг баримт боловсруулах, лабораторын шинжилгээ хийлгэх зэрэг ажлууд хийгдэх бөгөөд Ш Ж ЧХХК нь тусгай зөвшөөрөл эзэмших 2007-2018 оны хооронд хийсэн хайгуулын ажлын тайланг гаргаж байсан бөгөөд хайгуулын ажлын тайлангийн 5 дахь дэд хэсэгт байгаль орчны нөхөн сэргээлт гэж тусдаа тайлагнаад явсан төдийгүй жил бүр ******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын мэдээ, маягт-7 гэх баримтыг ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Р.Мөнхжаргал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөгч Т.Н ...Ш Ж ЧХХК-ийн зүгээс ******* сумын *******д хандан хүргүүлсэн хүсэлт нь 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр ирсэн ******* тухайн үед томилолтоор гадаадад ажиллаж байсан ба 08 дугаар сарын сүүлээр ирж уг хүсэлттэй танилцсан. Хариу өгөх хуулийн хугацаа болоогүй байхад буюу 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ш Ж ЧХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг... гэсэн тайлбар, хариуцагчийн өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл ...*******д хүсэлтээ өгсөн байж хүсэлтийн хариу тодорхойгүй байхад 07 дугаар сарын 29-ний өдөр Ашигт малтмалын газар өргөдлөө гаргасан. *******д ирүүлсэн хүсэлтийн хуулийн хугацаа болоогүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8 дах хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт болон тайланг холбогдох байгууллагад хүргүүлнэ гэж заасан. ******* хуулийн энэ үндэслэлд хамааруулж хариу тайлбар өгөх боломжгүй байна. Тухайлбал танай компани өөрөө хуулиар хүлээсэн байгаль орчин менежментийн төлөвлөгөөний тайлан биелэлтийг сумын байгаль орчны улсын байцаагч болон ******* ирүүлж байгаагүй. Энэ асуудалд анхааралтай хандаж байж Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 заасан байгаль орчин менежментийн дагуу хүлээсэн үүргийг бүрэн гүйцэт ажилласан тухай баримтыг үндэслэн өгөх боломжтой. Энэ асуудал тодорхойгүй байгаа учраас Засаг даргын зүгээс хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөх боломжгүй байна гэж үзэж байгаа ... гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

Ш Ж ЧХХК тухайд ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан тухай баримтыг ******* аймгийн ******* сумын *******ас гаргуулан авах талаар 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07/08, 07/09 дугаар албан тоот, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/15, 10/16 дугаар албан бичгийг явуулсанаар тухайн баримтыг гаргаж өгөхөд хангалтгүй байна.

Тодруулбал: Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-т хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн *******д хүргүүлэх гэж зааснаар Ш Ж ЧХХК нь ашигт малмалын хайгуулын ******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуулын ажил хийхдээ байгаль орчныг нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх ямар үйл ажиллагаа явуулсан, тусгай зөвшөөрөл эзэмшиж буй онуудад байгаль орчныг хамгаалах, хайгуулын ажлын явцад үүсэж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн ажлын талаарх холбогдох мэдээ, тайлан, судалгааны ажил хийсэн талаарх тайлбар, баримтыг холбогдох албан тушаалтанд хүргүүлэх боломжтой.

Харин ******* сумын *******ас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-т зааснаар эрх хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй Ш Ж ЧХХК-ны оролцоог нь хангаж, холбогдох баримтуудыг гаргуулан авч, жил бүр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурагдсан байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын мэдээг байгаль орчныг хамгаалах хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхэд тооцох зэрэг ******* сумын Байгаль орчны улсын байцаагчаас тодруулж, судалж үзсэний үндсэн дээр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг баримтлан хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан, эсхүл хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаарх баримтыг судалж үзээд хариу өгөх нь зүйтэй ба энэ нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн асуудал байх тул хариуцагчид уг асуудлыг нарийвчлан судалж үзэж хариу өгч шийдвэрлэх 3 сарын хугацаа тогтоож дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэх нь илүү шударга бөгөөд зүйд нийцсэн шийдвэр болно гэж шүүхээс үзлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-т Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэж зааснаар ******* аймгийн ******* сумын ******* шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд Ш Ж ЧХХК-д байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан эсэх талаарх баримтыг судалж шийдвэр гаргаагүй буюу шинэ акт гаргаагүй тохиолдолд ******* сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/196 дугаар албан бичиг хүчингүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.11 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/196 дугаар Ш Ж ЧХХК-д хариу хүргүүлэх тухай албан бичгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд зохих журмын дагуу тухайн асуудлыг судалж үзээд шинэ акт гаргаагүй тохиолдолд ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/196 дугаар албан бичгийг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ЗОЛБАДРАХ

                                                                   ШҮҮГЧИД                          Б.СУГАР

                                                                                                              Ц.НЭРГҮЙ