Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2020/0372

 

 

“И-Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Ц нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 245 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “И-Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 245 дугаар шийдвэрээр: “...Иргэнийн нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.11, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэгчийг томилох тухай” 250 дугаар тушаалын 2 дахь заалтыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан гомдолдоо: “...Одоог хүртэл “Агаарын харилцааны тухай” хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах асуудал шийдвэрлэгдээгүй буюу тус хэлэлцээрийн 17 дугаар зүйлийн 17.1-д “...Ийнхүү тохирсон аливаа нэмэлт өөрчлөлт нь дипломат шугамаар нот солилцож батлагдсан үед хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт хийх асуудал нь хүчин төгөлдөр болоогүй төдийгүй “Аяллын дугаар хуваах тухай” зохицуулалт нь эрх зүйн хувьд чадамжгүй байна.

Олон улсын гэрээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасны дагуу "Агаарын харилцааны тухай” хэлэлцээрт аяллын дугаар хамтран эзэмших зохицуулалт эрх зүйн хувьд чадамжгүй бөгөөд зохицуулалтгүй байхад шүүгч “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т хоёр талын аяллын дугаар хамтран эзэмших талаар зохицуулж хүчин төгөлдөр мөрдөж байгаа гэж үзсэн нь шүүгч хэргээ ойлгоогүй бөгөөд олон улсын гэрээний заалтыг ойлгож хэрэглээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцээгүй, шийдвэр хууль ёсны болоогүйг нотолж байна.

Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 17 дугаар зүйлийн 2-т “Хэлэлцэн тохирогч талуудын аэронавтикийн захиргаадын хооронд шууд тохиролцох замаар хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулж болно” гэж Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн хавсралт нь зөвхөн тухайн хоёр орны чиглэлийг зохицуулдаг бөгөөд хэрэв чиглэлд өөрчлөлт оруулахаар бол тус хэлэлцээрийн 17.2-т зааснаар аэронавтикийн захиргааны хооронд шууд тохиролцох замаар хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах эрх зүйн зохицуулалттай байхад шүүгч “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг Засгийн газрын түвшинд хэлэлцээ байгуулсан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүгч “Харилцан ойлголцлын санамж бичиг”, Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн зорилго агуулгыг хооронд нь хольж, хэргээ ойлгоогүйг дахин нотолж байгаа төдийгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасантай зөрчилдөж байна.

Иймд Олон улсын гэрээний тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

      ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “И-Э” ХХК-аас Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдуулан “2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэгчийг томилох тухай” 250 дугаар тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэгчийг томилох тухай” 250 дугаар тушаалын 1 дэх заалтаар Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэгийн шугамыг “И-Э” ХХК-д хуваарилж, нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилж, 2 дахь заалтаар Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэгийн шугаманд Монголын талын ашиглах нислэгийн давтамж, багтаамжийн хүрээнд аяллын дугаар хуваан ашиглахгүйгээр хуваарьт нислэг гүйцэтгэхийг даалгаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс дээрх тушаалын 2 заалтыг эс зөвшөөрч буй үндэслэлээ “...агаарын тээвэрлэгч компаниуд хоорондын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн буюу коммерийн хамтын ажиллагааг хязгаарлах, хориглох эрх хуулиар олгогдоогүй ... төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогод тусгайлан аяллын дугаар хувааж ашиглахыг дэмжихээр заасантай нийцэхгүй, зөрчилдсөн ...компанийн хууль ёсны эрх ашгийг хохироосон агуулгатай заалт” гэж тайлбарлан маргажээ.

Иргэний нисэхийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “иргэний нисэхийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасны дагуу Монгол Улсын агаарын зайд иргэний агаарын хөлгөөр нислэг үйлдэх, нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцаанд Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенц эрх зүйн эх сурвалж болохоор байна.

Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 11 дүгээр зүйлийн 1-д “Хэлэлцэн тохирогч талуудын томилсон агаарын тээврийн компаниуд нь тэдгээрийн нутаг дэвсгэрийн хооронд тогтоосон шугамаар тохиролцсон үйлчилгээ эрхлэх тэгш, шударга боломжоор хангагдана”, уг хэлэлцээрийн хүрээнд 2012 онд хэлэлцэн тохирогч талууд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, санамж бичгийн 3 дугаар зүйлд зааснаар хоёр тал хавсралт II болгон хавсаргасан аяллын дугаар хамтран эзэмших заалтыг Агаарын харилцааны хэлэлцээрт оруулахаар тохиролцжээ.

Энэ тохиолдолд иргэний нисэхийн салбарт олон улсын нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчийг тогтоох, нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэлтийн эрх олгох эрх бүхий Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд нэмэлтээр оруулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг мөрдөж, эх сурвалжаа болгон ажиллах үүрэгтэй байна.

Гэтэл “Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.11-д заасан бүрэн эрхийн хүрээнд Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 оныг хүртэл баримтлах бодлогын 2.2 дугаар зүйлийн 2.2.1.4-д “олон улсын нислэгийн шугамын багтаамж, давтамж, томилогдох тээвэрлэгчийн тоог тухайн улсын зах зээлийн онцлогийг харгалзан ялгавартай тогтоох” гэж заасантай нийцүүлэн аяллын дугаар хуваан ашиглахгүйгээр баталсан...” хэмээн нэхэмжлэгчийг Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэгийн шугаманд Монголын талын ашиглах нислэгийн давтамж, багтаамжийн хүрээнд аяллын дугаар хуваан ашиглахгүйгээр хуваарьт нислэг гүйцэтгэхээр хязгаарлалт тогтоосон нь хоёр улсын Агаарын харилцааны тухай Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээр, түүний хүрээнд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичигт нийцэхгүй гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын 2.2 дугаар зүйлийн 2.2.1-д “Үндэсний агаарын тээвэрлэгчийн өрсөлдөх чадвартай уялдуулан олон улсын агаарын шугамд чөлөөт өрсөлдөөнийг төрийн хяналттай, үе шаттайгаар нээлттэй болгох бодлогыг баримтална Үүнд:”, 2.2.1.3-д “Агаарын харилцааны тухай Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу олон улсын хуваарьт нислэг гүйцэтгэхээр томилогдсон агаарын тээврийн компанийг агаарын тээврийн компаниудын эвсэлд нэгдэх, тухайн нислэгийн шугамыг хоёрдогч талын, зарим чиглэлд гуравдагч талын аяллын дугаар хуваан эзэмших хэлбэрээр ашиглахыг дэмжих” гэж заасан иргэний нисэхийн салбарт баримтлах төрийн бодлогод нийцээгүй, олон улсын нислэгийн шугамын багтаамж, давтамж, томилогдох тээвэрлэгчийн тоог тухайн улсын зах зээлийн онцлогийг харгалзан ялгавартай тогтоох гэсэнд хамруулан дан ганц нэхэмжлэгчид хязгаарлалт тогтоосон нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...Одоог хүртэл “Агаарын харилцааны тухай” хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах асуудал шийдвэрлэгдээгүй буюу тус хэлэлцээрийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт хийх асуудал нь хүчин төгөлдөр болоогүй төдийгүй “Аяллын дугаар хуваах тухай” зохицуулалт нь эрх зүйн хувьд чадамжгүй ... шүүгч хэргээ ойлгоогүй бөгөөд олон улсын гэрээний заалтыг ойлгож хэрэглээгүй” талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Хэдийгээр Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 17 дугаар зүйлийн 1-д “...Ийнхүү тохирсон аливаа нэмэлт өөрчлөлт нь дипломат шугамаар нот солилцож батлагдсан үед хүчин төгөлдөр болох”-оор заасан боловч “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн 6 дугаар зүйлд “Энэхүү харилцан ойлголцлын санамж бичиг нь түүнд гарын үсэг зурмагц хүчин төгөлдөр болох”-оор тусгасан энэ тохиолдолд заавал дипломат шугамаар нот солилцсоноор хүчин төгөлдөр болно гэж үзэхгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас 2012 оны “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр болоогүй, эрх зүйн хувьд чадамжгүй гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 245 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                                     ШҮҮГЧ                                                                     О.НОМУУЛИН 

                                     ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ