Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 664

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга У,

улсын яллагч Г,

шүүгдэгч Л түүний өмгөөлөгч Г,

хохирогч О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ...........дугаартай хэргийг ..... оны ..... дугаар сарын .....ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ....... оны ...... дугаар сарын ......ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн  ...... дугаар хороо Нарны хороолол ...... дугаар байр ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Л

 

Шүүгдэгч Л нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар, олон хүний ам бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болох аргаар гэмтээсний улмаас бага хэмжээнээ дээш хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л мэдүүлэхдээ:

“Улсын яллагчийн яллах дүгнэлтийг сонслоо. Энэ хэргийг ямар учраас хүлээх болсон бэ гэвэл ........оны цагаан сарын дараа Баянголын цагдаагийн байцаагч Аззаяа гээд хүн над руу залгаад гарсан хэргийг хэлээд очиж байцаалт өг гэж хэлсэн. Би ажлынхаа хажуугаар зав гаргаад хэд хэдэн удаа очиж байцаалт өгсөн. ...... оны ..... дүгээр сард “хэргээ хүлээ бүгд нотлох бармитаар нотлогдсон” гэж хэлсэн. Яг үнэндээ бүх нотлох баримтууд нь О гарсан баримтууд байсан. Хэрэгт авагдсан баримтууд нь бүгд О өгсөн, эсхүл найзууд нь өгсөн мэдүүлгүүд байдаг. Мөрдөн байцаагч бид хоёрыг тохиролцчих гээд уулзуулсан. О мөрдөн байцаалтын өрөөнд орж ирчихээд Л чи наад хэргээ хүлээчих, 450.000 төгрөгөөр торгоно. Би чамд өгөх ёстой мөнгөнөөс 1.000.000 төгрөг суутгаад өгье гэж хэлсэн. Цагдаа бид хоёрыг гарч учраа ол гээд гаргасан. Би бодохдоо О удаан авч чадаагүй мөнгөө авч чадах юм байна гэж бодоод хэргийг хүлээхээр болсон. Би анх би хийгээгүй хэргээ хүлээж байна гэж мэдүүлэг өгсөн чинь ийм мэдүүлэг гэж юу байсан юм гээд хүлээж аваагүй. Түүнээс хойш би бүх хэргийг хийсэн гэж мэдүүлж ирсэн. Цагдаа бас тухайн үед чи мөнгийг нь төлсөн үү гэхэд би О авах мөнгөнөөсөө суутгуулаад өгнө гэж хэлэхэд цагдаа тэгвэл наадах чинь бараг хялбар хэрэгтээ орно гэж байсан. Үүний дараа энэ хэрэг шүүхэд шилжсэн. Анх хэрэг гардаг өдөр цагдаа хэргийн газарт очиж үзлэг хийгээгүй. Үүнээс О ургуулаад намайг гүтгэж эхэлсэн. О өмнөх шүүх хуралд хуучин 3 дугуйгаа 7.500.000 төгрөгөөр үнэлж мөнгө нэхсэн байсан. Өөр хэлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О мэдүүлэхдээ: “Битүүний орой буюу .......оны ..... дугаар сарын .....наас .....нд шилжих шөнө нэг цаг өнгөрч байхад машинаа тавиад гэр рүүгээ орчихоод шинийн 1-ний өглөө 2 хүүхэдтэйгээ эхнэртэйгээ хамт аав, ээж дээрээ очиж золголт хийх гэтэл машины дугуй хий нь гарсан байдалтай байхаар нь такси барьж золголтоо хийчихээд дэлгүүрээс насос худалдаж аваад дугуйгаа хийлэх гэтэл хий орохгүй байсан. Дугуй зардаг газар луу залгаад би шинийн 3-нд хөдөө явах шаардлагатай гэж хэлж байж дугуй авсан. Хэрэг гардаг өдрөө грашийн камерыг шүүсэн. 102-ын бүрэлдэхүүн ирээд  “камерын бичлэг шүү, ачаалал ихтэй байна” гээд явсан. Хорооны цагдаа бас ирээд бүх ажиллагааг хийгээд орой нь би очиж байцаалт өгсөн. Шинийн 2-нд дугуй зардаг газрын эзэн нь би нэг харуул дүүгээрээ дугуй гаргуулаад өгье над руу мөнгө шилжүүлээд дугуйгаа аваарай гэсэн. Улмаар би грашдаа масс дуудлагын авто засвар дуудаж дугуйгаа янзлуулсан. Тэгээд яваад үзтэл гурвалжингийн гүүрэн дээр явж байтал машины бүх гэрэл асаад тоормоз ажиллахаа больсон. Улмаар таксины жолоочоос би түлхүүр аваад машиныхаа доогуур ороод харсан чинь шингэн гоожиж, тоормозны шингэний боолт нь суларсан байсан. Би буцааж чангалаад Петровисийн шатахуун түгээгүүрийн газраас тоормозны шингэн аваад ажиллаж байгаа авто засвар хайтал “Доктор авто сүлжээ” ажиллаж байсан. Тэгээд би Доктор авто засварынханд оношуулсан. Би шинийн 3-нд хөдөө явах зайлшгүй шаардлагатай гэтэл манайх бол механик байдлаар түр аргалж өгч болно. Хүн санаатай хавчсан байна харсан уу, гэхдээ тасраагүй байна. Хөдөө явж ирээд солиорой гэсэн. Тэгээд би шинийн 3-нд хадмуудтайгаа эхнэр хүүхэдтэйгээ Булган, Эрдэнэтийн чиглэлд замд гарсан. Урьханы наана Бамбарууш гэдэг газар түр зогсолт хийхэд дугуйны хий гарчихсан байсан. Урхины дугуй засвар ажиллахгүй хайж хайж нэг дугуй засвар олтол засах хүнгүй байхгүй гэхээр нь дугуйг нь ханатал хийлүүлээд Эрдэнэт ортол явах байх гэж бодоод цуваандаа ороод 80, 90 км цагийн хурдтай л хөдөө явсан. Ядаж байхад би хоёр дугуйгаа өрөөлдөөд тавьчихсан байсан. Хоёр шинэ дугуйгаа ардаа тавьсан нь буруу юм хийсэн байна. Яагаад гэвэл урд тавьсан шивчихсэн дотор талаасаа хагарчихсан байсан дугуй нь замын ховил, хонхорхой руу орж гарч ирэхдээ л буудаж магадгүй байсан гэсэн. Би өнөөдөр амьд мэнд эрүүл энх байгаадаа сэтгэл жоохон тэнэгэр байгаа. Тухайн үед энэ үйлдлийг сонссон хүмүүсийн хүрээнд ямар аймар юм бэ, гэр бүлээрээ үхсэн бол яана гэж ярьдаг. Энэ хэрэг анхнаасааа мөрдөн байцаалт, прокурорын шатанд хууль номынхоо дагуу явсан гэж бодож байгаа. Би хэргийг хүндрүүлэх нь зүйтэй гэж шүүхийн шатанд үзсэн. Хэрэг хүндрэнгүүт шүүхийн шатанд би хэргээ хүлээхгүй гэж байгаад би харамсаж байна. Би машинаа Л одоо ингэж байгаа юм чинь цаашид бүр машингүй болгох нь гэж бодоод зах зээлийн үнээс маш бага үнээр зарсан. Бодит хохирол 7.500.000 орчим төгрөг надаас гарсан. Би энэ мөнгөө Л нэхэмжилсэн зүйлгүй. Би баримтаар байгаа 900.000 гаруй мянган төгрөгөө нэхэмжилж байна. Би шуналын сэдлээр илүү мөнгө нэхээгүй. А.Лхагва Бид хоёрын хувьд хохирол мөнгөний асуудал байсан. Яагаад би өгөхгүй байсан гэхээр А.Лхагва надаас их мөнгө нэхдэг байсан учир би шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байсан. Сая энэ хэрэг шүүхээр шийдвэрлэгдээд би бүх мөнгийг нь төлсөн. Ямар ч хохирол төлбөр байхгүй” гэв.

         

          Шүүгдэгч Л нь ..... оны ..... дугаар сарын ....наас ....нд шилжих шөнө Баянгол дүүргийн ..... дугаар хороо ..... дүгээр байрны грашинд байсан  иргэн О өмчлөлийн ..... УНИ улсын дугаартай Прадо маркийн тээврийн хэрэгслийн тоормозны шингэн дамжуулах гуурсыг салгаж, 3 ширхэг дугуйг сийчих зэргээр эд хөрөнгийг хууль бусаар, олон хүний ам бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болох аргаар гэмтээсний хууль бусаар гэмтээсний улмаас нийт 1.015.500 төгрөгний бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч О “...... оны ......дугаар сарын ....ны өглөө 09 цагийн орчимд грашиндаа ортол миний машины хоёр дугуйны хий нь гарсан байсан. Тэгэхээр нь машинаа унаагүй гадагш гарч дугуйны хийлэгч аваад, буцаж ирээд дугуйгаа хийлэх гэтэл, дугуй хийлэгдэхгүй байсан. ...... оны ..... дугаар сарын .....ны өглөө дугуйгаа янзлуулчихаад золголт хийхээр зайсан руу явж байтал Гурвалжингийн гүүрнээс доошоо буугаад зам дээр гэнэт тоормоз барихгүй болсон. Тэгэхээр нь гар тооромзоо ашиглаж хашлага шахуулж машинаа зогсоогоод, машинаасаа буугаад, машиныхаа доод эд ангийг хартал, тоормозны шингэн асгарч байсан. Тэгэхээр нь гайхаад хартал тоормозны илүүдэл авдаг хийг 2 талыг нь суллаад бүх шингэн асгарсан байхаар нь 2 талынх нь боолтыг чангалаад Петровисоос шингэн нэмүүлээд модны 2-ын машин засвар дээр очиж машинаа оношлуулахад, тоормозны шингэн гүүдэг төмөр трүпийг хатуу зүйлээр хавчсан байна. Гадны ямар нэгэн нөлөөллийн улмаас уг гэмтэл үүсэх боломжтой, тэрнээс зам дагуу явж байхад байгалийн хүчин зүйл болон жолоочийн буруутайгаас үүсэх боломжгүй гэмтэл гэж хэлсэн.

..... оны .....дугаар сарын ....ны өглөө Гурвалжингийн ойролцох дугуй засвар дээр нөгөө дугуйны хий гараад байсан. Дугуйгаа тайлаад хартал гадна талын бакришгийг хурц иртэй зүйлээр 4-5 удаа цоолоод сийчсэн байсан. Тэгээд тэр дугуйгаа янзлуулах гэсэн янзалж болохгүй гэсэн.

... Анх ..... оны .... дугаар сарын ....ны өглөө грашинд дугуй хагарсан байхыг хараад цагдаад дуудлага өгөөд грашныхаа хяналтын камерыг шүүж үзтэл .....оны ..... дугаар сарын .....нд шилжих шөнө 02 цагийн орчимд шөнө 170-175см өндөртэй, урт куртиктэй, ноосон малгайтай, гутландаа улавчтай гартаа бээлийтэй, нүүрээ маскаар халхалсан этгээд ямар ч үйл хийхгүйгээр итгэлтэйгээр алхаж ирээд миний машины дугуйг хагалж, эд хөрнгийг минь санаатайгаар устгаж, холын замд миний амь насанд аюул учруулахыг завдсан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 30-31 дүгээр хуудас/

 

          Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн “... хар өнгийн гол хэсэгтээ шар өнгийн хүрээтэй, гадаргуу хэсэгт camera бичлэг” гэх хаягтай  дугуй 1 ширхэг СД ... эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 26 дугаар хуудас/

 

          Камерын  бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “... 14 секундэд гаднаас өвдөг хүрсэн хэмжээтэй малгайтай куртиктэй, куртикны малгайгаа өмссөн, куртикны малгайгаа өмссөн, куртикны зүүн энгэрийн хэсэгт цагаан хурц өнгийн зүйл гялалзсан, камерын бичлэг нүүр лүү нь тусах үед хар өнгийн даавуугаар нүүрээ халхалсан мэт, нүүр нь харагдах боломжгүй, хар бараан гуталтай, этгээд гаднаас орж ирээд лифтэнд хүрээд лифт рүү орж 24 секундэд дээшээ авирах товчийг дарахад, куртикны малгайн дотроо саарал өнгийн өвлийн малгай өмссөн байдалтай, лифтний хаалга хаагдаж дээшээ өгсөх үед лифтний гадаргуу хэсэг дээр лифтэнд суусан этгээдийн давхарын тоо бүдэг харагдах боломжгүй байв. Гэрээс гарч байгаа файл руу орж 20180220_130111.mp4 нэртэй цэс руу ороход компьютерийн дэлгэцэн дээр нийт 23 секундын бичлэн байв. 5 секундэд лифт онгойход эмэгтэй хүн, хүүхдээ дагуулаад гарч ирсний дараа, өвдөг хүрсэн малгайтай куртиктэй, хар бараан гуталтай, кармайндаа гараа хийсэн, жижиг хар үстэй залуу гарч ирнэ. 06 секундэд гартаа ууттай зүйл барьсан эрэгтэй зүүн мөрөө урдаасаа хойшоо бага зэрэг эргүүлэх үед, куртикний зүүн энгэрийн хэсэгт цагаан хурц өнгийн зүйл гялалзан харагдсан эрэгтэй, хүүхдээ дагуулсан эмэгтэйгийн хамт зогсож байгаад, 13 секундэд орцноос гарч байна гэснээр үзлэгийг 17 цаг 00 минутанд дуусгав. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 27 дугаар хуудас/

 

          Мөр судлалын шинжилгээ хийсэн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2502 дугаартай:

          “1. Шинжилгээнд ирүүлсэн автомашины тоормозны шингэн дамжуулах гуурсны бүрээсэнд гарсан V хэлбэр мөр нь эвдлэгч багажны мөр байна. Тоормозны шингэн дамжуулах гуурсны бүрээсэнд гарсан16х7мм хэмжээтэй гэмтэл 8мм хэмжээтэй хавчих зориулалттай багажны үйлчлэлээр гарсан байна.

          2. Уг гэмтэл нь хүний хүчин зүйлийн үйлчлэлээр үүснэ.

          3. Шинжилгээнд ирүүлсэн Автомашины 3 ширхэг дугуйнд гарсан 1.1см, 1см, 21.5см, 21.6см, 27см, 24см, 11.5см, тоормозны шингэн дамжуулах гуурсны бүрээсэнд гарсан 16х7мм хэмжээтэй гэмтэл хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан байна. Автомашины 1 дугаартай дугуйнд үүссэн 5х4мм, 9мм хэмжээтэй гэмтэл хатуу үзүүртнй зүйлийн үйлчлэлээр гарсан байна” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлт. /хэргийн 54-58 дугаар хуудас/

 

Гэрч Х “... :......оны ..... дугаар сарын .....ны өглөө гэрээсээ нөхөр 2 хүүхдийнхээ хамт гараад машин дээрээ иртэл дугуй нь хагарсан байсан. Манай нөхөр юу болсон талаар тодруулахаар грашны жижүүртэй уулзаж камер шүүсэн. Тэгээд би гэр бүлийнхээ хамт машин болохгүй болохоор нь такси бариад ээж аавындаа очиж золголт хийсэн. Тэгээд өдөр буцаж гэртээ ирээд машиныхаа 2 дугуйг шинээр авахаар яваад өдөр нь гэртээ ирсэн. ..... оны .... дугаар сарын .....ны өглөө гэр бүлийнхээ хамт өөрсдийнхөө Prado маркийн машинаа унаад Орхон аймаг руу гарсан. Тэгээд замдаа явж байгаад нэг газар түр зогсолт хийгээд дугуйгаа хартал дугуйны хий гарч байсан. Тэгэхээр нь зам дагуу дугуй засвар дээр очиж дугуйгаа хийлүүлсэн...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 36-37 дугаар хуудас/,

 

Гэрч А “... Граш руу гартал дугуйнуудынх нь хий гарсан, бакришиг нь иртэй мохоо зүйлээр зүсэгдсэн байсан. Тэгээд грашны камерыг ах, СӨХ-ийн дарга Цэцэгээтэй хамт шүүж үзтэл 175-180см өндөртэй, бараан өнгийн өвдөгөө давсан куртиктэй, ноосон саарал малгайтай, юүдэнтэй куртиктэй эрэгтэй  ..... оны ....дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 02 цагийн орчимд  манай ахын байрны граш руу орсон байдаг. Тэгээд камерыг үргэлжлүүлээд шүүж үзтэл тэр шөнө граш руу тэр эрэгтэйгээс өөр хүн ороогүй байсан. Тэгээд тэр хүний бичлэгийг өөрийнхөө гар утсан дээр хуулж авсан. Тэгээд хэд хоногийн дараа ах над руу залгаад Л манай граш руу орсон байж магадгүй. Би камерын бичлэгийг үзээд байсан чинь мөн байна гэж хэлсэн. Чи очоод Л байрны камерыг үзээд ир гэж хэлсэн.Тэгэхээр нь би Л ахын байрны харуулаас нь гуйгаад ...... оны .....дугаар сарын .....ны шөнө орцных нь   үзтэл шөнө 03 цагийн орчимд ахын байрны граш руу ордог сэжигтэй залуу, Л ахын орц руу ороод 23 давхарт гарсан. Тэгээд би тэр тухай ахад хэлчихээд Л ах юм байна гэж бодсон. Тэгээд хэд хоногийн дараа О ахтай Л ахын байран дээр ирээд харуулаас нь гуйгаад 2018 оны 02 дугаар сарын 16-ны шөнийн  03 цагийн бичлэг, өглөөний 09 цагийн бичлэг үзтэл Л ах эхнэр хүүхдийнхээ хамт лифтнээс, урт бараан куртик, хэрэг гардаг шөнө өмссөн гуталтайгаа гарч ирсэн, куртикных нь зүүн талын энгэр дээр тод өнгийн бичиг нь, тэдний гэрийн шөнийн 03 цөгийн орцны бичлэг дээрх сэжигтэй этгээдийн өмссөн куртикны загвар, хэмжээ, тод өнгийн бичигтэй тохирч байсан... Намайг ажилладаг байхад Л ах О ахын компанид ажилладаг байсан. Тэгэхэд л урт бараан өнгийн куртик өмсдөг байсан. Тэгэхдээ байнга Л ах түлхүүр гартаа эргүүлж явдаг рефлекстэй байсан. ... гэсэн мэдүүлэг. /хэргийн 38-39 дүгээр хуудас/

 

Гэрч С “... Би бичлэг үзлээ, энэ хэдэн бичлэгнүүдийг үзэхэд нэг хүн мөн байна. А Л бичлэг байна. ... 2012 оноос эхэлж О хамт барилгын компани байгуулж хамт ажилласан, тэгээд явцын дунд 2012 онд Л гэх залуутай танилцаж Л мэргэжилтнээр нь ажиллаж байгаа компанийн гүйцэтгэгчээр ажилласан.Тэр үедээ Л танилцаж хамт 2 сар ажилласан. Л хувьд бичлэг дээр хуулагдсан эрэгтэй мөн байна. Л нь 2 тал руугаа хазайж алхдаг, 175-180см өндөртэй, надтай ойролцоо нуруутай, би өөрөө 176см өндөртэй Л нь жоохон бүрэг зантай, ил хүнд ааш араншингаа гаргадаггүй, дотуур тамиртай хүн. 2017 оны 12 дугаар сарын дундуур над руу Л залгаад О надад мөнгө өгөх ёстой утсаа авахгүй байна гэж асууж байсан. Тэгээд миний бодлоор О мөнгөө өгөхгүй болохоор уурандаа О машины дугуйг хагалсан байх гэж бодож байна. Л орцных нь камерыг үзэхэд шөнө 03 цагийн орчимд лифт рүү орсон нүүрээ нуусан эрэгтэй хүний өмссөн хувцас нь өглөө нь гэрээсээ эхнэр хүүхэдтэйгээ гарч байгаа бичлэгтэй тохирч байна. Цаашаа хараад орцноос гарч байгаа явдал нь 2 тал руугаа сайрганаж алхаж байгаа нь Л гэж таньж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 40-41 дүгээр хуудас/

 

Гэрч Э “... ........ оны цагаан сарын үеэр өглөө эрт цагаан өнгийн Prado 150 загварын машин орж ирээд тоормос барихгүй байна гэж байсан. Би дээш нь өргөөд үзэхэд тоормосны шингэн нь гоожоод дуусчихсан, тоормосны трупных нь чулакны дээр учраас юманд цохигдох боломжгүй заавал хүн ямар нэг зүйлээр чимхэж хавчсаны улмаас үүснэ. Тоормосны труп нь хавчигдаж гэмтээсний улмаас тоормос нь барихаа болино гэсэн үг. Тэгэхээр аваар осолд орох өндөр магадлалтай. Ер нь бол машины мэдлэг муу хүнд бол юу болсон гэдгийг мэдэхэд хэцүү. Тухайн үед хараад мэдэх боломжгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 196-197 дүгээр хуудас/

 

Дамно ХХК-ны “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-гаар автомашины 3 дугуйг “нийт 936.000 төгрөг”-өөр үнэлсэн үнэлгээ. /хэргийн 91-92 дугаар хуудас/

 

Дамно ХХК-ны “Хөрөнгийн үнэлгээний тайлан нийт 79.500 төгрөг” /хэргийн 115-116 дугаар хуудас/

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн “... 265х70х17 хэмжээтэй 1 ширхэг дугуйг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 195 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Л яллагдагчаар өгсөн “... Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна. Хувийн өс хонзонгийн асуудлаас болсон. Би уг гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Надад ямар нэгэн санал, шалгуулах зүйлгүй болно. Хэргээ хурдан шийдүүлмээр байна. Намайг мэдүүлэг өгөхөд ямар нэгэн хүнээс нөлөөлсөн, дарамт шахалт үзүүлсэн хүн байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 88 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Л нь О өмчлөлийн 53-07 УНИ улсын дугаартай Прадо маркийн тээврийн хэрэгслийн тоормозны шингэн дамжуулах гуурсыг салгаж, 3 ширхэг дугуйг сийчих зэргээр эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас нийт 1.015.500 төгрөгний бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буюу мөн зүйл хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч А. нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “би хийгээгүй хэргээ хүлээсэн, энэ хэргийг О зохиосон” гэж мэдүүлж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар уг хэргийг шүүгдэгч Л үйлдсэн нь тогтоогдсон байна.

 

Шүүхийн хуралдаанд хохирол төлөх талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар санал гаргаж ажлын тав хоногийн завсарлага авсан ба шүүхэд гаргаж өгсөн баримтанд “иргэн Л би О хохирол төлбөр болох 1.015.500 төгрөг бэлнээр СХД-ийн шүүхийн байранд хүлээлгөн өгсөн болно. Хүлээлгэн өгсөн Л, Хүлээн авсан О” гэжээ.  

Иймд шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1 ширхэг дугуйг хохирогчид буцаан олгох нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгч Л гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигийг төлж барагдуулсаныг харгалзан түүнийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л  бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Л 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, Л баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1 ширхэг дугуйг хохирогч О буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

       

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.АЛТАНХУЯГ