Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 60

 

 А.Лхагвад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрах, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 664 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1013 дугаар магадлалтай, А.Лд холбогдох 1805013360874 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.         

Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Урансамба овогт А Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Эд хөрөнгө гэмтээх гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Л-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар А.Лхагвыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Лхагвад торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1 ширхэг дугуйг хохирогч Б.Ононд буцаан олгож шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Л-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрах гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “энэ хэрэгт гэм буруугүй гэдгээ эхнээсээ хэлж байсан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй. Мөрдөн байцаагч болон прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлээгүй. Прокурорын зөвшөөрлөөр авах ёстой камерын бичлэгийг Б.Онон мөнгө өгөөд авсан гэдгээ анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн. Хэрэг тухайн өдөр гарсан эсэхийг мэдэх боломжгүй бөгөөд гараашийн жижүүрээс тайлбар авахад бичлэгт харагдаж байгаа хүн “би мөн” гэдгээ хэлсэн. Хувцасны өнгө, өндөр, нам нь таарч байна гэх боловч шинжээчийн дүгнэлт гараагүй. А.Л-“nike” гэсэн бичигтэй хар куртиктай байсан боловч камерын бичлэгт харагдах хүний энгэрт тийм бичиг, зураас байдаггүй. Энэ үйл явдлыг зохиомлоор бий болгож байна гэх эргэлзээ төрж байна. А.Лхагва, Б.Ононтой тохирох болсон шалтгаан нь “хэргээ хүлээх юм бол 450,000 төгрөгөөр торгуулах юм байна. Би 450,000 төгрөг дээр нэхэмжилж байгаа 11,000,000 төгрөгийг өгье” гэж хэлж өгсөнтэй холбоотой юм. Гэтэл энэ нь байдал нь хүндрэх нөхцөл рүү орсон. Б.Онон үйл явдлыг 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр болсон гэх боловч 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр машиныхаа тоормосны төмөр гуурсыг шинжилгээнд өгсөн. Миний үйлчлүүлэгч хууль мэдэхгүй учраас асуудлыг шийдвэрлэж байна гэх өнцгөөс тохиролцож, хэргийг үйлдсэн мэтээр мэдүүлсэн. Тэгэхээр гэм буруугүй хүний Үндсэн хуульд заасан эрх, шударга ёсны зарчим алдагдаж байна. Миний үйлчлүүлэгч төлөв даруу, дээд боловсролтой, хэрэг үйлдхээргүй хүн юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Хэрэгт хуульд заасны дагуу бэхжүүлсэн нэг нотлох баримт байхгүй, хэргийн газрын үзлэг хийгээгүй, цаг хугацаа эргэлзээтэй, тогтоох боломжгүй нөхцөл байдлууд байгаа. Иймд миний үйлчлүүлэгчийг гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “шүүгдэгч нь А.Л-нь 2018 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 39 дүгээр байрны грашд байрлах 53-07 УНИ улсын дугаартай Прадо маркийн автомашины гурван ширхэг дугуйг хагалж, тоормосны шингэн дамжуулах гуурсыг тасалж гэмтээсэн хэргийг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүх тухайн зүйл ангиар ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Анх зөрчлийн хэргээр шалгагдаж байснаас үүдэж хэргийн газрын үзлэг хийгдэлгүй орхигдсон. Камерын бичлэгт харагдах хүн А.Лхагватай төстэй байна гэх хохирогчийн мэдүүлгээс үүдэн мөрдөн шалгах ажиллагаа явагдсан бөгөөд гэрч, хохирогчийн мэдүүлэг болон камерын бичлэгээр А.Л-мөн болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан гомдлыг үндэслэн А.Л-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч А.Л-нь 2018 оны 2 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 39 дүгээр байрны грашд байсан иргэн Б.Ононгийн өмчлөлийн 53-07 УНИ дугаартай “Ланд Круйзер Прадо 150” загварын тээврийн хэрэгслийн тоормосны шингэн дамжуулах гуурсны боолтыг тайлж, хавчиж, 3 ширхэг дугуйг сийчих зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар гэмтээсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Л-н гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад тулгуурлан бусдын эд хөрөнгийг хууль бусаар, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар гэмтээсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрах нь “А.Л-ын гэм бурууг шууд нотлох баримт хэрэгт байхгүй, хэргийн газрын үзлэгийг хийгээгүйгээс хэргийн ул мөр, түүнийг үйлдсэн этгээдийг илчлэх эд мөрийн баримт хэрэгт авагдаагүй бөгөөд гол нотлох баримт гэж үзэж буй камерын бичлэгт автомашины хажуугаар өнгөрч орсон хүн нь орцны жижүүр болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон, шүүгдэгчийг гэрээсээ гарч буй бичлэг түүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлохгүйн дээр эргэлзээтэй баримт сэлтийг үндэслэн шинжээч дүгнэлт гаргахаас татгалзсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү” гэсэн байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хянаж үзэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2502 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Ононгийн өмчлөлийн 53-07 УНИ дугаартай “Ланд Круйзер 150 Прадо” загварын тээврийн хэрэгслийн гурван дугуй болон мөн тоормосны шингэн дамжуулах гуурсны бүрээсийг хавчиж цоолон эвдрэл учруулсан үйл явдлыг эвдрэлийн байршил, хэлбэр хэмжээ, шинж байдлаар нь дэлгэрэнгүй тогтоосон байна.

Хохирогч харуул хамгаалалтын албанаас авсан гэх камерын бичлэгийг шүүгдэгч А.Л-д үзүүлсний дараа уг эвдрэлүүдийг учруулсан болохоо хүлээн зөвшөөрч хамтарч хийсэн ажлын хөлснөөс завшиж дээрх тээврийн хэрэгслийг авсан гэж үзэж хохирогчид хорсож гомдсон нь энэ хэргийг үйлдэх сэдэлт төрүүлсэн тухай болон эвдрэл, гэмтлүүдийг дугуйнуудын аль хэсэгт яаж учруулсан, тоормосны шингэн дамжуулах гуурсыг аль хэсгээр нь яаж цоолсон зэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад нарийвчлан мэдүүлсэн нь шинжээчийн дүгнэлтээр шалгагдан тогтоогдсон байдалтай зөрүүгүй таарч байна. Хэдийгээр А.Л-нь хилс хэрэг хүлээсэн гэж хожим мэдүүлсэн боловч автомашины гурван дугуйны янз бүрийн хэсэгт өөр, өөр хэмжээтэй цоолсон, автомашины нүдэнд ил харагдахгүй далд халхлагдсан хэсэгт тоормосны гуурсыг хавчин цоолж шингэнийг гоожуулсан зэргийг үнэн зөвөөр нарийвчлалтай тоочин мэдүүлсэн нь зөвхөн эвдрэлийг учруулсан этгээдийн мэдлэгийн хүрээнд байхаар байна. Мөн энэ гэмт хэргийн сэдэлтийг нотлох хохирогч, шүүгдэгч нарын хоорондын өр, авлагын маргаантай байдлыг харуулсан баримт сэлтүүд ч хэрэгт авагджээ.

 Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг өөр нотлох баримтаар батлагдаж байвал шүүгдэгчийн гэм бурууг нотлох хангалттай үндэслэл болох тул хэргийн бүрдэл хангагдсан гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 664 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1013 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрахын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН