Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2020/0277

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Я нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, өмгөөлөгч Ч.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 122 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын С.Я нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч С.Я 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” 903 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 122 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6, 75 дугаар зүйлийн 75.1, 75.3, 75.4, 75.6-д заасныг тус тус баримтлан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” 903 дугаар албан бичгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дөрвөн сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Төрийн албаны зөвлөл нь энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан Шивээговь сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжид заасан 4 үндэслэл тус бүрийг шалган тодруулсны үндсэн дээр Д.О гомдлыг хангах, эсхүл эс хангах асуудлыг шийдвэрлэсэн шинэ захиргааны акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Төрийн албаны зөвлөлөөс Д.О гомдлыг хангах, эсхүл эс хангах асуудлыг шийдвэрлэсэн шинэ захиргааны актыг шүүхээс тогтоосон дөрөв хүртэлх сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” 903 дугаар албан бичгийг хүчингүй болсонд тооцож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Анхан шатны шүүх Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаар албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан захиргааны актын шинжийг агуулсан захиргааны акт гэж дүгнэхдээ ямар үндэслэлээр захиргааны актын шинжийг агуулсан гэж үзсэн талаар тодорхой дүгнэж, хуульд нийцүүлэн тайлбарлаагүй болно.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаар албан бичиг нь нийтийн эрх зүйн хүрээн дэх харилцааг зохицуулаагүй, гадагш чиглээгүй, эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй, захирамжилсан шинжийг агуулаагүй тул захиргааны акт биш болно.

Нөгөөтэйгүүр Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т “Иргэн, хуулийн этгээд гомдлыг ...гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж зааснаар Төрийн албаны зөвлөл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага болохын хувьд иргэний гомдолд дурдсан зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шийдвэр гаргасан этгээдэд уг албан бичгээр үүрэг болгосон, дотогш чиглэсэн байх тул захиргааны актын шинжийг агуулаагүй болно.

Тодруулбал Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжид өөрчлөлт оруулж, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 663 дугаар албан бичгийн хэрэгжилтийг хангаагүй байсан тул Зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаар албан бичгээр өмнөх гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх тухай үүрэг чиглэл өгсөн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах харилцааг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 54.1.1-т “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж зааснаар Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаар албан бичиг захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох шүүгчийн захирамж гаргах байтал шүүх хэргийн оролцогчдын маргаагүй үйл баримтыг дүгнэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

2.Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй юм” гэж хэргийн оролцогчдын маргаагүй асуудлыг дүгнэсэн. Харин нэхэмжлэгч захиргааны байгууллагын хувьд хуульд заасан ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхтэй талаар хэргийн оролцогчдын маргасан асуудлыг дүгнээгүй.

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу захиргааны байгууллага мөн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн ...хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 52 дугаар зүйлийн 52.5.4-т “захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн хувьд ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн” гэж тус тус зааснаар захиргааны байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бол дээр дурдсан нөхцөлийг нэхэмжлэлийн үндэслэлд тодорхой тусгахыг шаарддаг.

Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд хуульд заасан дээрх шаардлага хангагдаагүй байна. Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлд Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаар албан бичгийн улмаас Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга хуулиар олгогдсон ямар бүрэн эрх болон нийтийн эрх зүйн ямар чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн талаар огт тайлбарладаггүй болно.

Тодруулбал маргаан бүхий акт болох Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаар албан бичгийн улмаас Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн нь тодорхойгүй, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.9-т “захиргааны байгууллагын гаргасан нэхэмжлэлийн хувьд хууль зөрчигдсөн болон нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн нь тогтоогдвол хүчингүй болгох” гэж зааснаар захиргааны актыг хүчингүй болгох шийдвэр гаргах ёстой. Эдгээр нөхцөл байдлууд уг захиргааны хэргийн хувьд тогтоогдохгүй, байхгүй байх тул нэхэмжлэлийн үндэслэл үгүйсгэгдэж байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргыг “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй” гэж талуудын маргаагүй асуудлыг дүгнэсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагатай нийцэхгүй байна.

3.Иргэн Д.О Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн гомдлыг  Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйл болон Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу маргаан үүсгэх, хянан шалгах комисс томилох, комиссын дүгнэлтийг хуралдаанаар хэлэлцүүлэх, тогтоол гаргах, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хууль, журамд заасны дагуу явуулах ёстой байсан боловч уг ажиллагааг явуулсан болох нь нотлогдохгүй байна” гэж анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Д.О сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар иргэн Д.О Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.

Төрийн албаны тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд зааснаар Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Маргаан хянан шалгах газар маргаан бүхий захирамж хууль зүйн үндэслэлтэй эсэхийг талуудаас тайлбар авч, холбогдох нотлох баримтыг цуглуулж, шалгасан.

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжид Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасныг үндэслэн төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан байсан.

Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйл болон Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ын 5 дугаар зүйлд маргааны харьяаллыг хуульчилсан.

Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.3-т “Төрийн албаны төв байгууллага гомдлыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор маргаан үүсгэх эсэх талаар шийдвэр гаргаж, 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд энэ хугацааг 14 хоногоор сунгаж болно”, 75.4-т “Маргаан үүсгэсэн тохиолдолд төрийн албаны төв байгууллагын хянан шалгах комисс дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1-т “Зөвлөл гомдлыг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор маргаан үүсгэх эсэх талаар шийдвэр гаргана”, 7.2-т “Маргаан үүсгэсэн бол Зөвлөлийн дарга гомдолд дурдсан маргааны шинж байдлыг харгалзан маргаан хянан шалгах комиссыг 3-5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна” гэж тус тус заасан байна.

Дээрх хууль, журмын зохицуулалтаас үзэхэд Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн гомдлоор маргаан үүсгэх эсэх нь Төрийн албаны зөвлөлийн хэрэгжүүлэх эрхэд хамаарна. Тодруулбал Төрийн албаны зөвлөлд харьяалагдах гомдол бүрт маргаан үүсгэх боломжгүй, хэрэв маргаан үүсгэсэн бол хянан шалгах комисс томилох, комиссын дүгнэлтийг хуралдаанаар хэлэлцүүлэх, тогтоол гаргах зэрэг процессын ажиллагаа хийгдэнэ, маргаан үүсгээгүй бол иргэн, хуулийн этгээдийн гомдлыг шалгаж, холбогдох байгууллага эсхүл иргэн, хуулийн этгээдэд хариу хүргүүлнэ.

Түүнчлэн Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 7.1-т “Төрийн албаны тухай хуулийн 35.1, 76.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр төрийн албан хаагчид төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулна” гэж заасан.

Д.О нь Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.2-т заасан төрийн жинхэнэ албаны шалгалт авах журам зөрчсөн, 76 дугаар зүйлийн 76.4, 76.5-д заасан Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байсан болно.

Мөн журмын 1.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна”, 2.2-т “албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт шалгалтын нэгж, албан тушаалтан шалган тогтооно” гэж зааснаар Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга Д.О сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, 39 дүгээр зүйлд заасан хориглох зүйлийг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоогоогүй нь холбогдох баримтаар тогтоогдсон болно.

4.Иргэн Д.О Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн гомдлыг Зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэж тогтоол гаргах биш албан бичгээр шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй гэж анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан дүгнэсэн.

Д.О гомдолд маргаан үүсгээгүй, холбогдох процессын ажиллагаа хийгдээгүй тул Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд тус тус заасны дагуу иргэний гомдлыг Төрийн албаны зөвлөл хүлээн авч, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянаж, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргад албан бичиг хүргүүлсэн болно.

Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлд Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд хуулийн 66.1.6-д “хууль тогтоомжид нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг хангах” гэж, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-т “Өргөдлийг шийдвэрлэсэн шийдвэрийн биелэлтийг түүнийг шийдвэрлэсэн буюу эрх бүхий бусад албан тушаалтан хариуцна” гэж тус тус зааснаар Шивээговь сумын Засаг дарга Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 663 дугаар албан бичгийн хэрэгжилтийг хангаагүй байсан тул Зөвлөлийн 2019 оны 903 дугаар албан бичгээр өмнөх шийдвэрийг хангуулах талаар үүрэг чиглэл өгсөн.

Түүнчлэн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2-т “Гомдолд дурдсан зөрчигдсөн эрхийг сэргээлгэх талаар гаргасан шийдвэрийг холбогдох этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 663, 903 дугаар албан бичгийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй болно.

5.Төрийн албаны зөвлөл нь төрийн албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон гэж үзсэн бол уг шийдвэрийг шууд хүчингүй болгох, өөрчлөх эрхтэй ба харин уг шийдвэрийг хүчингүй болгохыг төрийн байгууллага албан тушаалтанд хандан шаардах талаарх зохицуулалт хуульд байхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй. 

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамж холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр байсан тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө … өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасны дагуу Засаг даргын хууль зөрчсөн шийдвэрийг өөрөөр нь хүчингүй болгуулж зөвтгөх нь зүйтэй байсан болно.

6.Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 663, 7 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаар албан бичгээс үзэхэд Төрийн албаны зөвлөл иргэн Д.О гомдлыг хянан үзэж шийдвэрлэхдээ Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн  Б/09 дүгээр захирамжид заасан 4 үндэслэл тус бүрийг хянан үзэж, үндэслэл тус бүрт хяналт шалгалт хийж, үндэслэл бүр нотлогдож байгаа болон үгүйсгэгдэж байгаа эсэхэд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт өгөх ёстой атал маргаан бүхий акт болох 903 дугаар албан бичигт Шивээговь сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэл тус бүрийг тодорхой тайлбарлаагүй гэж анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Д.О сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/09 дүгээр тушаалд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4, Статистикийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “Ээлжийн амралт олгох заавар”-ын 15 дахь заалтыг тус тус үндэслэн захирамжийн 1 дэх заалтаар;

“Д.О нь өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж, сумын Мал хамгаалах сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн А/177 дугаар захирамжаар байгуулагдсан 2018 оны жилийн эцсийн “Хүн ам, мал, тэжээвэр амьтад, хашаа, худаг, тэжээлийн жилийн эцсийн тооллого, цэрэг техникийн шинэчилсэн бүртгэл”-ийг хийж ажиллах үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг зөрчил дутагдлуудыг удаа дараа гаргасан, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит 19 дүгээр хуралдааны “Үнэлгээ өгөх тухай” 07, 08 дугаар тогтоолууд, сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/16 дугаар захирамж зэргийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан байдаг.

Уг захирамж холбогдох хууль журмыг зөрчсөн байх тул Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 663 дугаар албан бичгээр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Д.О сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгож, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд хариу ирүүлэхийг сахилгын шийтгэл ногдуулсан албан тушаалтанд мэдэгдсэн.

Энэхүү Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 663 дугаар албан бичигт нэхэмжлэгч маргаагүй бөгөөд хүлээн зөвшөөрсөн байдаг.

Улмаар Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгохгүйгээр 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” Б/13 дугаар захирамжийн 1 дэх заалтаар Шивээговь сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийн үндэслэх хэсгийн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтыг хасч, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтыг нэмж, 2 дахь заалтаар төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр гэснийг удаа дараа буюу гурван удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулсугай гэж, 3 дахь заалтаар захирамжид өөрчлөлт оруулсан тухай Төрийн албаны зөвлөлд албан ёсоор мэдэгдэхийг албан тушаалтанд даалгасан шийдвэрийг гаргасан.

Дээрх шийдвэрээр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга С.Я нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасныг үндэслэж захиргааны санаачилгаар төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халахдаа гурван удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Өөрөөр хэлбэл, Шивээговь сумын Засаг дарга 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Б/13 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасныг баримталсан боловч төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актыг гаргасан байдаг.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлдог бөгөөд шүүх уг шаардлагын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэдэг атал анхан шатны шүүх Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 663 дугаар албан бичигт нэхэмжлэгч тал маргаагүй байхад хууль зүйн дүгнэлт хийж шийдвэр гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн.

Учир нь талуудын маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудал болох Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамж болон Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 663 дугаар албан бичгийг дүгнэж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

Шивээговь сумын Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг эс зөвшөөрч иргэн Д.О Төрийн албаны зөвлөлд дахин гомдол ирүүлснийг хянан шалгаад Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаар албан бичгээр анхнаасаа хууль зөрчсөн Шивээговь сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгосон шийдвэрийг 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлэх, биелүүлээгүй тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлэхийг мэдэгдэж, Зөвлөлийн 2019 оны 663 дугаар албан бичгийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар Шивээговь сумын Засаг дарга С.Я үүрэг чиглэл өгсөн.

Нөгөөтэйгүүр Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасны дагуу Шивээговь сумын Засаг дарга 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар Д.О албан үүргээ гурван удаа хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр захиргааны санаачилгаар төрийн албанаас халахдаа үндэслэл тус бүрийг болон бодит нөхцөл байдлыг Засаг дарга өөрөө шалгаж тогтоох үүрэгтэй, Төрийн албаны зөвлөл шалгаж тогтоохгүй зөвхөн хууль зүйн дүгнэлт хийнэ.

Д.О албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх бодит нөхцөл байдлыг Засаг дарга тогтоогоогүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байгаа болно.

Иймд Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн  903 дугаар албан бичиг захиргааны акт биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-т “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” гэж заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 122 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын нэхэмжлэлтэй Төрийн албаны зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

Дөрөв. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч мөн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Нэхэмжлэгчийн маргаж буй албан бичиг захиргааны актын шинжийг агуулаагүй болох тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан бөгөөд эдгээр үндсэн шинжүүдийг нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаар албан бичиг хангаагүй тул захиргааны акт гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл уг албан бичиг нь нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй, захирамжилсан шийдвэр биш, харин хариуцагч Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-д заасны дагуу “...2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгосон шийдвэрийн хуулбарыг 2019 оны 8 дугаар сарын 25-ны дотор ирүүлэхийг, мөн Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлэхийг нэхэмжлэгчид мэдэгдсэн” мэдэгдлийн шинжтэй, нэхэмжлэгч Шивээговь сумын Засаг даргыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 663 дугаар албан бичгийг биелүүлэх агуулгатай, нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар үүсгээгүй байх тул нэхэмжлэгчийн Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.

Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ “...энэхүү албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулсан захиргааны акт байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

2.Нэхэмжлэгч уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.4-д зааснаар дараах нөхцөлүүдийг хангаснаар захиргааны байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

1. Хуульд тусгайлан нэхэмжлэл гаргах эрх нь заагдсан байх

2. Ямар хууль зөрчигдсөн

3. Нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн

Эдгээр нөхцөл хангагдсан тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч маргаан бүхий акт холбогдох хуулийн зүйл, заалтыг зөрчсөн эсэх, нэхэмжлэгч нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн талаар дүгнэлт хийх ёстой.

Хэрвээ маргаан бүхий акт хууль зөрчсөн, нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн болох нь тогтоогдсон тохиолдолд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.9-д зааснаар маргаан бүхий актыг хүчингүй болгодог.

Уг маргааны хувьд нэхэмжлэгч нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга буюу захиргааны байгууллага ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд уг урьдчилсан нөхцөл байдал хангагдаагүй, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 903 дугаар албан бичгийн улмаас нэхэмжлэгч нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хэрхэн хүрсэн, энэ байдал нь Төрийн албаны тухай хуультай хэрхэн уялдсан талаар хууль зүйн тодорхой үндэслэл дурдаагүй байна.

Тодруулбал нэхэмжлэгч “Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4.6-д заасан бүрэн эрхээ хэтрүүлэн хэрэгжүүлсэн, Б/09 дүгээр захирамжийг бүрэн судалж дүгнэхгүйгээр хэт нэг талыг барьж, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-д “хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан үүргээ шударгаар гүйцэтгэх” гэж заасныг зөрчсөн, нэхэмжлэгчийн чиг үүргээ хэрэгжүүлэх эрхийг хязгаарлаж, өөрийн гаргасан шийдвэрээ тулгасан” гэж маргадаг..

Гэтэл хариуцагч Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасны дагуу “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас халах” маргааныг хянан шийдвэрлэж, Б/09 дүгээр захирамжийг бүрэн судалж дүгнэн мөн хуулийн 75.4.4-д зааснаар нэхэмжлэгчид хугацаатай үүрэг, даалгавар өгсөн тул бүрэн эрхээ хэтрүүлэн хэрэгжүүлсэн, нэхэмжлэгчийн чиг үүргээ хэрэгжүүлэх эрхийг хязгаарласан гэж үзэхгүй. Мөн нэхэмжлэгч хариуцагчийг “хөндлөнгийн нөлөөнд автан, үүргээ шударгаар гүйцэтгээгүй” гэж маргадаг боловч энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж, нотолж маргаагүй.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “...Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж заасан тул нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 663 дугаар албан бичгийн дагуу Б/09 дүгээр тушаалаа шууд хүчингүй болгох ёстой байсан боловч тушаалаа хүчингүй болгоогүй, хууль зүйн үндэслэл болон хуулийн зүйл, заалтыг өөрчилсөн бөгөөд нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 663 дугаар албан бичгийг хүлээн аваад Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-д зааснаар шүүхэд гомдол гаргах боломжтой байсан боловч гомдол гаргаагүй тул уг албан бичгийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрч хэргийг шийдвэрлэсэн тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан.

Энэ маргааны тухайд нэхэмжлэгч анх нэхэмжлэлийн шаардлагаа “Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар 26-ны өдрийн 903 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” гэж тодорхойлж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаар албан бичгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д шүүхээс гарах шийдвэрийн төрлүүдийг заасан бөгөөд захиргааны байгууллага нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд маргаан бүхий акт хууль зөрчсөн, нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн болох нь тогтоогдсон тохиолдолд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.9-д зааснаар маргаан бүхий актыг хүчингүй болгодог.

Гэтэл анхан шатны шүүх “Шивээговь сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжид заасан үндэслэлүүдийг нэг бүрчлэн хянан шалгаж, тус бүрт нь дүгнэлт өгсний үндсэн дээр Д.О гомдлыг хангах эсэх асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг хийж, 903 дугаар албан бичгийг дөрвөн сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн хууль зүйн үндэслэлгүй.

Зүй нь анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж болох хоёр урьдчилсан нөхцөл буюу нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл үүссэн эсэх, 903 дугаар албан бичиг нь хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийн хэргийг нэг мөр хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Эдгээр үндэслэлүүд үгүйсгэгдэж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн боломжгүй.

Мөн гуравдагч этгээд Д.О ажлаас чөлөөлсөн тушаалтай холбоотой асуудлаар Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд захиргааны хэрэг үүсч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болно.

Дүгнэвэл, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй 903 дугаар албан бичиг нь Төрийн албаны зөвлөлөөс гуравдагч этгээд Д.О гаргасан гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага бүхий 663 дугаар албан бичгийг хэрэгжүүлэхийг нэхэмжлэгчид мэдэгдсэн, мэдэгдлийн шинжтэй албан бичиг бөгөөд 903 дугаар албан бичгийг шүүх хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна.

Иймд хариуцагч Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-д заасны дагуу 2019 оны 903 дугаар албан бичгээр эрх бүхий этгээд болох Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөгүй, нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас халсан эсхүл сахилгын шийтгэл ногдуулсан талаарх шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй, мөн зүйлийн 76.3 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болох бөгөөд харин Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга С.Я хүргүүлсэн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” 903 дугаар албан бичиг нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй, өөрөөр хэлбэл тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Д.О “удаа дараа /3 удаа/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийг Д.О гомдлын дагуу хянаад өөрчилсөн, эсхүл хүчингүй болгосон шийдвэр биш байна. 

Түүнчлэн уг хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Хууль хэрэгжүүлэх тухай” 663 дугаар мэдэгдлийг хэрэгжүүлж, Д.О халсан тушаалаа хүчингүй болголгүйгээр харин ч тушаалын заалтад өөрчлөлт оруулсантай нь холбогдуулан “хууль зүйн үндэслэлгүй” гэж үзсэн Засаг даргын дээрх тушаалыг хүчингүй болгоогүй, зөвхөн захирамжаа хүчингүй болгосон шийдвэрийн хуулбарыг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны дотор ирүүлэхийг, хэрэв ирүүлээгүй буюу Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн хүрээнд Шивээговь сумын Засаг даргын албан тушаалаас чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлэх болохыг сануулсан нь заавал биелэгдэх үр дагавар бүхий захиргааны актад хамаарахгүй байна.

Хууль зүйн зохицуулалтын хувьд ч “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” албан бичиг нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын шинжийг агуулаагүй, Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.4 дэх хэсэгт заасан маргаан хянан шийдвэрлэсэн шийдвэрт хамаарахгүй, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Б нэхэмжлэлд холбогдуулж гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “…маргаан бүхий актыг гадагш чиглээгүй, эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй, захирамжилсан шинжгүй, заавал биелэгдэх үр дагаврыг агуулаагүй тул захиргааны акт биш, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлийг л өгсөн…” гэх байдлаар шийдвэрээ захиргааны акт биш болохыг хүлээн зөвшөөрсөн зэргээс үзэхэд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.

Нэгэнт захиргааны актад хамаарахгүй байх тул “Засаг даргын 2019 оны Б/09 дүгээр захирамжийг хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон” гэх 903 дугаар албан бичгийн агуулгад дүгнэлт хийх шаардлагагүй, түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн нарын тайлбараас үзэхэд Д.О нь Засаг даргын дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу захиргааны хэрэг үүссэн боловч энэхүү маргаанаас хамаарч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн гэх нөхцөл байдалд Д.О төрийн албанаас халсан Засаг даргын захирамжийн үндэслэлийн талаар дүгнэлт хийх боломжгүй.

Гэтэл анхан шатны шүүхээс Төрийн албаны зөвлөлийн албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны акт мөн гэж дүгнэн, улмаар тус албан бичгийг дахин шинээр захиргааны акт гаргах хүртэл 4 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, иймд хариуцагчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 122 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга С.Я нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох “Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Шийдвэр хэрэгжүүлэх тухай” 903 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН