Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 920

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж, 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол Онол Булгант төвийн 103 тоотод байрлах “Кибернетик ББСБ” ХХКомпанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайран дүүргийн 19-р хороо,21-р хорооолол,ҮЭ-н гудамж 2-60 дугаар байр 58 тоотод оршин суух Бэсүд овогт Чойжамбаагийн Сайнхүүд/РД:ЧЙ61010101 холбогдох

 Зээлийн гэрээний үүрэгт  16.835.370 төгрөг” гаргуулах  тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Кибернетик ББСБ” ХХКомпанийн  гүйцэтгэх захирал Ц.Энхзаяа, нарийн бичгийн даргад Э.Саранцэцэг  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Кибернетик ББСБ” ХХКомпани шүүхэд гаргасан  нэхэмжлэлдээ: Тус компани нь 2013 оны 12-р сарын 16-ны өдөр Ч.Сайнхүүтэй ЗГ13/118 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 25.000.000 төгрөгийг зээлдүүлсэн юм.Ч.Сайнхүү нь 2015 оны 02-р сарын 18-ны өдрөөс хойш 2016 оны 05-р сарын 25-ны өдөр хүртэлх хуримтлагдсан  зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөөгүй байгаа тул зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 11.038.850 төгрөг, хуримтлагдсан үндсэн хүү 4.885.160 төгрөг, хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүү 911.360 төгрөг, нийт 16.835.370 төгрөгийг түүнээс гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Сайнхүү шүүхэд гаргасан тайлбартаа: Сайнхүү миний бие нь Кибернетик ББСБ-с  2013 оны 12-р сарын 6-ны өдөр Б.Анхбаяр гэдэг залууд өөрийн эзэмшилийн 3-н өрөө байрыг барьцаа болгон тавьж өөрийн нэрэн дээр 25.000.000 төгрөг авч өгсөн нь үнэн. Зээл авахуулсан иргэн Анхбаяр нь бид хоёрын хооронд итгэлцэл алдагдаж Кибернетик ББСБ болон Сайнхүү миний бие хүнд байдалд орж бидний дунд маргаан үүсээд явж байна. Сайнхүү миний бие нь нийт авсан үндсэн зээл болох 25.000.000 төгрөгөөс эргэн төлөлтөнд үндсэн зээл болон үндсэн хүү, хүүгийн алдангид /16.809750/ төгрөгийг төлсөн байдаг.Одоо нэхэмжилж буй 16.835.370 төгрөгийг нийт дүнгээр нь хүлээн зөвшөөрөхгүй байна.Иймд үндсэн хүү 4885.160 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 911.360 төгрөгийг тус тус хасаж тооцож өгнө үү гэжээ. Анхбаяр,Сайнхүү надтай хийсэн зээлийн гэрээг үндэслэн хариуцагчаар татаж Кибернетик ББСБ-ын нэхэмжилсэн 16.835.000 төгрөгийг Анхбаяраас гаргуулж хохиролыг барагдуулж өгнө үү. Миний нөхөр бие муутай групээс тэтгэвэр рүү шилжсэн.Би өөрөө тэтгэвэрт гарсан. Иймд сул дорой байдлыг ашиглаж, эрж хайж чадахгүйг судлан мэдэж биднийг хохироож байна. Ч.Сайнхүү миний бие нь Органикклор ХХК-ийн захирал Б.Анхбаяртай 2014 оны 03-р сарын 18-наас 2014 оны 06-р сарын 18-нд төлж барагдуулахаар 14.880.000 төгрөгний зээлийн гэрээг 2.9 хувийн хүүтэй,хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж өөрийн эзэмшилийн СХД-ийн 19- хороо 21 хороолол 2-60-58 тоот байрыг Кибернетик ББСБ-д барьцаа болгон тавьж зээл авч өгч тусалсан.Ингээд Анхбаяр нь Кибернетик ББСБ-тай зээлийн төлөлтийн 16.840.000 төгрөгийг авсан үнэн гэдгээ хүлээж хариуцагчаар татагдсан тул Ч.Сайнхүү намайг зээлийн хариуцагчаас чөлөөлж,үндсэн хөрөнгө болох СХД-ийн 19- хороо 21 хороолол 2-60-58 тоот байрыг барьцаанаас суллаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Энхзаяа шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2013 оны 12 дугаар сарын 16-ний өдөр 25.000.000 төгрөгийн зээлийг Ч.Сайнхүү “Кибирнетик” ББСБ-иас авсан. Манай нэхэмжилж байгаа дүнг одоог хүртэл төлөөгүй байгаа. Нэхэмжлэлийг анх 5 сард гаргасан гэтэл нэг ч төлөлт хийгдээгүй. Ч.Сайнхүү нь зээлийг авахдаа Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2/60-28 тоот 2 өрөө байрыг барьцаалан зээл авсан. Хамтран хариуцагчаар татаж байгаа Б.Анхбаяр нь манайхаас зээл авах явцад оролцоогүй бид танихгүй хүн байгаа. Зээлийн зориулалт нь ч .Анхбаярт өгсөн асуудал байхгүй. зээлийн гэрээн дээр Б.Анхбаяр гэж хүний гарын үсэг зурагдаагүй. Хөндлөнгийн хүнийг хамтран хариуцагчаар татсан байгаа нь үндэслэлгүй юм. Анх зээл авахдаа  Анхбаярт би өгч байгаа гэж хэлсэн зүйл байхгүй. Сүүлд Ч.Сайнхүү нь “Би Анхбаярт өгсөн юм.Б.Анхбаяраас мөнгийг авах ёстой, утас руу нь залгаад шаардаад өгөөч гэж хэлсэн хүсэлтээр би нэг удаа залгаж хэлж байсан. Зээлийн төлөлтийг мэдэхгүй. Гүйлгээний утга дээр дандаа Ч.Сайнхүүгээс гэж ирдэг. Б.Анхбаяраас ирсэн гэсэн нэр огт байхгүй. Анх Ч.Сайнхүү нь барилгын материал болон ажилчдын цалин өгнө гэж зээл авсан. Зээлийн өргөдөл дээр өөр хүнд өгнө гэсэн бичилт байхгүй. Яг зээл авах үед Б.Анхбаяр нь хамт ирж байгаагүй. Гэтэл гэнэт л шүүхэд өгөхөд гарч ирж байна. Манай байгууллага дээр нэг л удаа ирсэн. Энэ хүн төлөх ёстой юм хэлээд өгөөч гэхэд манайх дэмжлэг болох зорилгоор л нэг удаа хэлж байсан. Тухайн үед  Анхбаяр юу ч яриагүй чимээгүй сууж байгаад л гараад явсан гэв.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Кибернетик ББСБ” ХХКомпани нь хариуцагч Ч.Сайнхүүд холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 11.038.850 төгрөг, үндсэн хүү 4885.160 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 911.360 төгрөг, нийт 16.835.370 төгрөг ” гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага  шүүхэд гаргажээ. 

            Хариуцагч Ч.Сайнхүү нь нэхэмжлэгч “Кибернетик ББСБ” ХХКомпанитай 2013 оны 12-р сарын 16-ны өдрийн ЗГ 13/118 тоот зээлийн гэрээ,2013 оны 12-р сарын 16-ны өдрийн №13/118 тоот үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн барьцааны гэрээнүүдийг байгуулж нийт  25.000.000 төгрөгийг сар бүрийн 2.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар зээлж,зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр төлж дуусгахаар, гэрээнд заасан үндсэн болон хүүг төлөөгүй нөхцөлд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож СХД-ийн 19- хороо 21 хороолол Ү.Э-ийн гудамж 2-60-р байрны 58 тоот орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Хариуцагч Ч.Сайнхүү нь миний бие  Кибернетик ББСБ-с  2013 оны 12-р сарын 6-ны өдөр Б.Анхбаяр гэдэг залууд өөрийн эзэмшилийн 3-н өрөө байрыг барьцаа болгон тавьж өөрийн нэрэн дээр 25.000.000 төгрөг авч өгсөн нь үнэн.Нийт авсан үндсэн зээл болох 25.000.000 төгрөгөөс эргэн төлөлтөнд үндсэн зээл болон үндсэн хүү, хүүгийн алдангид /16.809750/ төгрөгийг төлсөн байдаг.Одоо нэхэмжилж буй 16.835.370 төгрөгийг нийт дүнгээр нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа .Иймд үндсэн хүү 4885.160 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 911.360 төгрөгийг тус тус хасаж тооцож өгнө үү гэж тайлбарлаж байснаа Органикклор ХХК-ийн захирал Б.Анхбаяртай 2014 оны 03-р сарын 18-наас 2014 оны 06-р сарын 18-нд төлж барагдуулахаар 14.880.000 төгрөгний зээлийн гэрээг 2.9 хувийн хүүтэй,хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж өөрийн эзэмшилийн СХД-ийн 19- хороо 21 хороолол 2-60-58 тоот байрыг Кибернетик ББСБ-д барьцаа болгон тавьж зээл авч өгч тусалсан. Анхбаяр,Сайнхүү надтай хийсэн зээлийн гэрээг үндэслэн хариуцагчаар татаж Кибернетик ББСБ-ын нэхэмжилсэн 16.835.000 төгрөгийг Анхбаяраас гаргуулж хохиролыг барагдуулж өгнө үү. Б.Анхбаяр нь Кибернетик ББСБ-тай зээлийн төлөлтийн 16.840.000 төгрөгийг авсан үнэн гэдгээ хүлээж хариуцагчаар татагдсан тул Ч.Сайнхүү намайг зээлийн хариуцагчаас чөлөөлж, үндсэн хөрөнгө болох СХД-ийн 19- хороо 21 хороолол 2-60-58 тоот байрыг барьцаанаас суллаж өгнө үү гэж тайлбараа өөрчилж нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаж,  шүүхэд нотлох баримтаар  Б.Анхбаяртай хийсэн зээлийн гэрээ, Органикколор ХХКомпанийн  Улсын бүртгэлийн гэрчилгээг ирүүлжээ.

            Шүүх хариуцагч Ч.Сайнхүүгийн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

            Иргэний хуулийн 451дүгээр зүйлийн 451.1-д...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө,гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ,Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т: зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорих хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус заасны дагуу хариуцагч Ч.Сайнхүү нь үндсэн төлбөрийн үлдэгдэл 11.038.850 төгрөг, үндсэн хүү 4885.160 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 911.360 төгрөг, нийт 16.835.370 төгрөгийг  нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй ба энэ нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн барьцааны гэрээ,зээл эргэн төлөлтийн хуваарь болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудар нотлогдож байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх Б.Анхбаярыг хамтран хариуцагчаар татаж нэхэмжлэлийн хувийг гардуулж хуульд зааснаар ажиллагаа хийсэн ба хамтран хариуцагч Батдэлгэрийн Анхбаяр нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2013 оны 12-р сарын 16-ны өдрийн ЗГ 13/118 тоот зээлийн гэрээ,2013 оны 12-р сарын 16-ны өдрийн №13/118 тоот үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн барьцааны гэрээнүүдийг байгуулж нийт  25.000.000 төгрөгийг сар бүрийн 2.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар зээлж авсан гэрээнд хамтран зээлдэгч, батлан даагчаар оролцоогүй болох нь хэрэгт авагдсан 13/118 тоот зээлийн гэрээ,үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүхээс Б.Анхбаярыг  хамтран хариуцагчаар татсан хэдий ч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг түүгээр төлүүлэх үндэслэл болохгүй ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэх эсэхийг  шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн хянан шийдвэрлэж шүүхийн шийдвэрээр шийдэх асуудал юм.

            Хариуцагч Ч.Сайнхүү нь би зээл авсан мөнгөнөөс Б.Анхбаярт зээлдүүлж зээлийн гэрээ хийсэн гэж нотлох баримтаар 2014 оны 05-р сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ ирүүлсэн ба энэ нь Кибернетик ББСБбайгууллага, хариуцагч Ч.Сайнхүү хоёрын хооронд хийсэн зээлийн гэрээнд  хамааралгүй, тусдаа зээлийн гэрээ байгууласан байх тул шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болно.

            Иймд  Иргэний хуулийн 451дүгээр зүйлийн 451.1-дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Сайнхүү нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлага болох 16.835.370 төгрөгийг  хангаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагч Ч.Сайнхүү, хамтран хариуцагчаар татагдсан Б.Анхбаяр нарт шүүх хуралдааны товыг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 77-р зүйлд зааснаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгчээс түүнийг эзгүйд хэргийг  хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хэргийг  шийдэв.

           

Шүүгчийн  2016 оны 08-р сарын 03-ны өдрийн 184/ШЗ2016/ 02018 дугаартай  захирамжаар Б.Анхбаярыг хамтран хариуцагчаар татсан ба нэхэмжлэлийн шаардлагыг түүнээс  гаргуулах үндэслэлгүй тул хамтран хариуцагчаас чөлөөлөв.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгч  нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид 242.126  төгрөг төлсөн ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул  улсын төсөвт хэвээр үлдээж, уг мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.         Иргэний  хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Ч.Сайнхүүгээс “Зээлийн гэрээний үүрэгт   16.835.370 /арван зургаан сая найман зуун гучин таван мянга гурван зуун далан төгрөг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Кибернетик ББСБ” ХХКомпанид олгосугай.

 

2.         Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дах хэсэгт зааснаар “Кибернетик ББСБ” ХХКомпанийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Сайнхүүд холбогдох  “Зээлийн гэрээний үүрэгт 16.835.370 төгрөг ” гаргуулах тухай  иргэний хэрэгт хамтран хариуцагчаар татсан Б.Анхбаярыг хамтран хариуцагчаас чөлөөлсүгэй.

 

3.         Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 56, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.126  төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.Сайнхүүгээс 242.126 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Кибернетик ББСБ” ХХКомпанид олгосугай.

 

4.         Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

5.         Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн  зүйлийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.ОЮУНЖАРГАЛ