Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2036

 

“Кибернетик ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2016/00920 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Кибернетик ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Сайнхүүд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 16 835 370 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Энхзаяа,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дашдамба,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Кибернетик ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:   

           Манай компани 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ч.Сайнхүүтэй ЗГ13/118 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 25 000 000 төгрөг зээлдүүлсэн. Ч.Сайнхүү зээлийг авахдаа Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2/60-28 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Хамтран хариуцагчаар татаж байгаа Б.Анхбаяр нь манайхаас зээл авах явцад оролцоогүй бид танихгүй. Зээлийг Б.Анхбаярт өгсөн асуудал байхгүй. Зээлийн гэрээнд Б.Анхбаяр гэж хүний гарын үсэг зурагдаагүй. Сүүлд Ч.Сайнхүү нь "Би Б.Анхбаярт авч өгсөн юм. Б.Анхбаяраас мөнгийг авах ёстой, утас руу нь залгаад шаардаад өгөөч” гэж хэлсэн хүсэлтээр би нэг удаа залгаж хэлж байсан. Гүйлгээний утга дээр дандаа Ч.Сайнхүүгээс гэж бичсэн байсан. Ч.Сайнхүү нь барилгын материал болон ажилчдын цалин өгнө гэж зээл авсан. Ч.Сайнхүү нь 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөөгүй тул зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 11 038 850 төгрөг, хуримтлагдсан хүү 4 885 160 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 911 360 төгрөг, нийт 16 835 370 төгрөгийг түүнээс гаргуулан өгнө үү.

 

Хариуцагч Ч.Сайнхүү шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие “Кибернетик ББСБ” ХХК-иас 2013 оны 12-р сарын 06-ны өдөр Б.Анхбаяр гэдэг залууд өөрийн эзэмшилийн 3 өрөө байрыг барьцаа болгон тавьж өөрийн нэр дээр 25 000 000 төгрөг авч өгсөн нь үнэн. Б.Анхбаяр бид хоёрын хооронд итгэлцэл алдагдаж, “Кибернетик ББСБ” ХХК болон Ч.Сайнхүү миний бие хүнд байдалд орж бидний дунд маргаан үүсээд явж байна. Би нийт авсан үндсэн зээл 25 000 000 төгрөгөөс 16 809 750 төгрөгийг төлсөн тул нэхэмжилж буй 16 835 370 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хүү 4 885 160 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 911 360 төгрөгийг тус тус хасаж тооцож өгнө үү. “Кибернетик ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 16 835 000 төгрөгийг Б.Анхбаяраас гаргуулж, намайг зээлийн хариуцагчаас чөлөөлж, үндсэн хөрөнгө болох СХД-ийн 19 хороо 21 хороолол 2-60-58 тоот байрыг барьцаанаас суллаж өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Ч.Сайнхүүгээс зээлийн гэрээний үүрэгт 16 835 370 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Кибернетик ББСБ" ХХК-д олгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дах хэсэгт зааснаар "Кибернетик ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Сайнхүүд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16 835 370 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хамтран хариуцагчаар татсан Б.Анхбаярыг хамтран хариуцагчаас чөлөөлж,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 126 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.Сайнхүүгээс 242 126 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Кибернетик ББСБ" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ч.Сайнхүү давж заалдах гомдолдоо:

Миний бие анх 2013 онд өөрийн эзэмшлийн СХД-н 19-р хороо 21-р хороолол 2-60-58 тоот орон сууцыг тус ББСБ-д тавьж зээл авсан нь үнэн. Зээлж авсан 25 000 000 төгрөгөө "Органикклор" ХХК-ийн захирал Б.Анхбаярт өгсөн байдаг. Ингэж өгөхдөө ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй, цэвэр итгэлцлийн үндсэн дээр өгсөн болно. Гэтэл шүүхийн шийдвэрээр намайг уг мөнгийг 100 хувь төлөхөөр гарч байгаад нь санал нийлэхгүй байна. Учир нь уг мөнгөнөөс миний бие чадлынхаа хэрээр төлсөөр 16 000 000 төгрөгийг нь төлсөн. Иймд 16 835 370 төгрөгийг  надаар төлүүлэх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надаас мөнгө авсан Б.Анхбаяраас тус мөнгийг гаргуулж өгнө үү. Миний бие одоогоор гэр бүлийн хүнтэйгээ хамт тэтгэвэрт байдаг, манай гэр бүлийн хүн группээс тэтгэвэрт орсон болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

           

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч "Кибернетик ББСБ" ХХК нь хариуцагч Ч.Сайнхүүгээс зээлийн гэрээний үүрэгт 16 835 370 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, үндсэн зээл 25 000 000 төгрөгөөс 16 809 750 төгрөг төлсөн тул, хүү 4 885 160 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 911 360 төгрөгийг хасч тооцож, “Кибернетик ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 16 835 000 төгрөгийг Б.Анхбаяраас гаргуулан, зээлийн үүргээс чөлөөлүүлэх тухай тайлбар гаргаж маргажээ.

   

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагч татан оролцуулах, шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсаар хүргэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмыг зөрчсөнөөс нэхэмжлэгч буюу түүний сонгосон хариуцагчийн хооронд маргаан бүхий асуудлаар хуулиар олгогдсон эрхийн хүрээнд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан мэтгэлцэх боломж бүрэн хангагдаагүй гэж үзэв.

 

            Нэхэмжлэгчийн өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа этгээд иргэний хэрэгт хариуцагчаар ордог бөгөөд нэхэмжлэгч хариуцагчаар өөр этгээдийг тодорхойлсон байхад шүүх хариуцагч Ч.Сайнхүүгийн хүсэлтийг үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШЗ2016/02018 тоот захирамжаар Б.Анхбаярыг хамтран хариуцагчаар татаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ. 

 

Нэхэмжлэгч нь хариуцагч А.Анхбаярыг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг зөвшөөрсөн тайлбар гаргаагүй, тэрээр 2016 оны 9 дүгээр сарын 07, 19-ний өдрүүдийн шүүх хуралдаанд “Б.Анхбаярыг хариуцагчаар татан оролцуулах хуулийн үндэслэлгүй талаар” тайлбарласан байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь буруу тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзнэ.

 

Хэргийн баримтаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан “шаардлагатай гэж үзвэл шүүх ... хамтран хариуцагчаар татан оролцуулж болно” гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

           Хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх боломжоор шүүх хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэг зөрчигдсөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдааны явцад гаргасан гомдол үндэслэлтэй байна.

 

           Хэргийн 51 дүгээр талд “хариуцагч Ч.Сайнхүүгийн утас руу залгахад холбогдох боломжгүй байсан тул хариуцагчийн хаягаар мэдэгдэх хуудсыг шууданд хүргүүлсэн” гэсэн тэмдэглэл авагдсан байх боловч шуудангийн салбарт мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн хугацаа, хүлээн авсан этгээд, хариуцагчид хэзээ, хэрхэн хүргэгдсэн нь тодорхойгүй, 52 дугаар тал дахь Иргэний нэгдсэн систем /иргэн-2014/ программаас татсан баримт нь эргэлзээтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасан шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэх журамтай нийцэхгүй байна.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул эрх зөрчигдсөн талаарх хариуцагчийн гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2016/00920 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 126 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                   М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                         А.МӨНХЗУЛ