Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 441

 

     Б.Цог-Эрдэнэд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Ц.Ариунтуяа,

ялтан Б.Цог-Эрдэнийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Цог-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Цог-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201726010340 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Илжигэн овогт Балтхүүгийн Цог-Эрдэнэ, 1967 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Увс аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 11 дүгээр гудамжны 27А тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УУ67030410/;

Б.Цог-Эрдэнэ нь 2017 оны 1 дүгээр сарын 28-ны орой 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 11 дүгээр гудамжны 27А тоотод “би нарийн тамхи татдаг, бүдүүн тамхи татдаггүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, иргэн Л.Бямбатогтохын биед хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Цог-Эрдэнэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Цог-Эрдэнийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 5 хоногийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Цог-Эрдэнэд оногдуулсан 3 жил 4 сар 5 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Б.Цог-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг устгахаар шийдвэрлэжээ.

Ялтан Б.Цог-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “…Миний бие 2017 оны 1 дүгээр сарын 28-нд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн байцаагч, дэслэгч Эрдэнэбаатар дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял сонсож, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр анхан шатны шүүхээс 3 жил 4 сар 5 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн.

Миний нэг нүд огт юм хардаггүй, сохор, нөгөө талын нүд маань 0.3 хувийн хараатай ба 70 хувь группт байдаг. Мөн миний асаргаанд 84 настай миний төрсөн ээж Балтхүү болон дунд сургуулийн 7 дугаар ангид сурдаг, 12 настай Алтантогос нар байдаг. Иймд миний ар гэр болон эрүүл мэндийн байдлыг харгалзан, мөн өндөр настай ээж, миний шууд асаргаанд байдаг бүтэн өнчин охиныг бодож, надад оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэжээ.  

Ялтны өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Б.Цог-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг нь дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Хохирогч Л.Бямбатогтох нь тамхиа Б.Цог-Эрдэнийн гэрт мартсан тул Б.Цог-Эрдэнийн гэрт буцаж орсон. Б.Цог-Эрдэнэ “тамхи чинь манайд байхгүй байна” гээд хэрүүл маргаан үүссэн. Тэдний хооронд тамхинаас үүдэлтэй таарамжгүй харьцаа үүссэн, харин нийгмийн хэв журмыг зөрчиж, догшин авирлан танхайрсан зүйл байхгүй. Хэрэгт шалгагдаж тогтоогдоогүй өөр нэг нөхцөл байдал нь хохирогч Л.Бямбатогтох нь Б.Цог-Эрдэнийн эхнэртэй нэг газар ажилладаг бөгөөд тодорхой хэмжээгээр хардсан зүйл байдаг. Тэрээр “ийм нөхцөл байдал байгаа гэдгээ мөрдөн байцаалтын шатанд санаа зовоод хэлж чадаагүй юм” гэж надад хэлсэн. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, сэдэлтийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг байх үндэслэлтэй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.  

Прокурор Ц.Ариунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....Ялтан Б.Цог-Эрдэнэ нь давж заалдах гомдолдоо “оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэсэн байна. Гэтэл түүний өмгөөлөгч хэргийн нөхцөл байдлын талаар өөр зүйл ярьж байна. Б.Цог-Эрдэнэ нь “тамхи харсан уу” гэж хохирогчийг асуухад “би нарийн тамхи татдаг, бүдүүн тамхи татдаггүй” гэж үл ялих зүйлээр шалтаглан, танхайрах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Б.Цог-Эрдэнээс нийт 3 удаа хэргийн талаар байцаалт авахад хардалтын талаар хэлээгүй. Өмгөөлөгчийн хэлж байгаа зүйл огт болоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангажээ.

Ялтан Б.Цог-Эрдэнэ нь 2017 оны 1 дүгээр сарын 28-ны орой 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 11 дүгээр гудамжны 27А тоот, өөрийн гэртээ “би нарийн тамхи татдаг, бүдүүн тамхи татдаггүй” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, хохирогч Л.Бямбатогтохын биед хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

     Хохирогч Л.Бямбатогтохын: “...Би Цог-Эрдэнийн гэрт эхнэр Насалмаагийн хамт ороход Б.Цог-Эрдэнэ, эхнэр Долгорсүрэнгийн хамт байсан. Цог-Эрдэнэ 0,75 литрийн архи задалсан ба бид хоёр хувааж уусан... Орой 20 цагийн үед гэрээс нь гараад хашаанаас гараагүй байхдаа тамхиа мартсанаа санасан. Тэгээд эргэж ороод Цог-Эрдэнэд тамхиа мартсан байна гэж хэлээд Цог-Эрдэнийн хажуугаар гараад гал тогооны өрөөнд ороход Цог-Эрдэнэ миний урдаас гарч ирээд  1 удаа хутгалсан. Би яагаад намайг хутгалсныг мэдэхгүй. Яаж байна аа чи гэж асуухад юу ч дуугараагүй. Тэгээд би ухаан алдсан...” /хх-30-31/,

          Гэрч Я.Нансалмаагийн: “... Цогоо, Бямбатогтох хоёрын ууж байсан архи дуусаад Бямбатогтох бид хоёр 20 цагийн үед гэртээ харилаа гээд Цогоогийн хашаанаас гараагүй байхад Бямбатогтох тамхиа мартсан байна, аваад ирье гээд буцаад орсон. Би Цогоогийн хашаанд хүлээгээд зогсож байтал удалгүй Бямбатогтох гарч ирээд газар хэвтээд “миний бие өвдөөд байна, түргэн дуудаад үзүүлээч” гээд ухаан алдсан. ... Цогоо “Би Бямбааг хутгалчихсан юм байна. Би явъя” гээд цагдаагийн машинд суусан. ... Б.Цог-Эрдэнэ, Бямбатогтох хоёр архи ууж байх үедээ муудалцаж, хэрэлдээгүй...” /хх 33/,

    Гэрч Ц.Долгорсүрэнгийн: “...Бямбатогтох тамхиа үлдээсэн байна гээд орж ирэхээр нь байхгүй байна гэхэд Бямбатогтох “би танайд 1 бүтэн, нэг тал 2 хайрцаг тамхитай орж ирсэн” гэж уурласан. Тэгтэл Цог-Эрдэнэ “би нарийн тамхи татдаг, чиний бүдүүн тамхийг татдаггүй...” гээд Бямбатогтохтой маргалдаад байсан. Тухайн үед би хойд өрөөнд ор засаад байж байсан ба Бямбатогтох гэрээс гараад явчихсан. Цог-Эрдэнэ бас гарсан бөгөөд түүнийг орж ирэхгүй болохоор нь би араас нь гарсан. Гэтэл манай хашааны гадаа цагдаагийн машин ирчихсэн байсан. Гэтэл манай нөхөр Цог-Эрдэнэ “би хутгалчихсан юм” гэж хэлээд сууж байсан...” /хх 34/,

       Гэрч Б.Түмэнбаярын: “... Намайг дуудлагын дагуу очиход хохирогч гэх хутгалуулсан хүн босоод зогсчихсон байдалтай байсан. Тэгээд түргэний машинд оруулаад үзлэг хийтэл цээжний зүүн талын 5-6 дугаар хавирганы завсар хурц ир, үзүүртэй зүйлээр 1,5 см орчим өргөнтэй, хатгагдсан шархтай байсан...” /хх 37/,

     Гэрч Б.Батдоржийн: “...Намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд хутгалуулсан хүн байна гэсэн дуудлага ирсэн. Хаягийг нь тодруулаад очиход Их Нарангийн 11 дүгээр гудамжинд 50 орчим настай эрэгтэй баруун талаараа хэвтсэн байдалтай, хажууд нь эхнэр нь гэх эмэгтэй зогсож байсан. Юу болсон талаар асуухад Цогоо хутгалчихлаа гэж хэлсэн. Намайг тэр айлын хашаа руу ороход урдаас Цог-Эрдэнэ гэх эрэгтэй гарч ирсэн ба “та энэ хүнийг хутгалсан уу” гэж асуухад “би хутгалсан, үнэн” гэж хэлсэн...” /хх 38/ гэх мэдүүлгүүд болон ялтан Б.Цог-Эрдэнийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 52, 54/,

      Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Л.Бямбатогтохын биед цээжний зүүн хажуу хэсгийн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх 41/ гэх шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2187 тоот дүгнэлт, мэдүүлгийг газар нь шалгах ажиллагааны тэмдэглэл /хх 11/ зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

     Б.Цог-Эрдэнэд холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих бүхий л асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

    Анхан шатны шүүхээс Б.Цог-Эрдэнэд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

     Шүүх Б.Цог-Эрдэнийн гэм буруугаа ойлгож, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын мөнгөн төлбөрийг төлж барагдуулсан, түүний хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

     Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.Цог-Эрдэнэ нь согтуурсан үедээ, хохирогч Л.Бямбатогтохыг тамхиа асууж орж ирэхэд нь “би нарийн тамхи татдаг” гээд хохирогчийг хутгалж байгаа үйлдэл нь үл ялих зүйлээр шалтагласан, танхайн сэдэлттэй бөгөөд анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

  Ялтан Б.Цог-Эрдэнээс “...оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй.

      Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн...” бол оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах боломжтой байхаар хуульчилжээ.

    Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд багтах тул Б.Цог-Эрдэнэд оногдуулсан 3 жил 4 сар 5 хоногийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хууль зүйн үндэслэлгүй байна. 

  Иймд ялтан Б.Цог-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.