Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 442

 

    С.Гарамжав, Л.Баатаржаргал, Б.Ганзориг

   нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Д.Галбадрах,

            ялтан Л.Баатаржаргалын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

            ялтан Б.Ганзоригийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

            нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан С.Гарамжав, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар, ялтан Л.Баатаржаргал, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, ялтан Б.Ганзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн С.Гарамжав, Л.Баатаржаргал, Б.Ганзориг нарт холбогдох 201624000945 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Сүрэнжавын Гарамжав, 1987 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нефтийн инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Мэргэ Ван” ХХК-д инженер ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 5/Б байрны 5 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 55/А байрны 49 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ТБ87083116/;

2. Боржигон овгийн Лувсанцэрэнгийн Баатаржаргал, 1984 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн хангамжийн мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Мэргэ Ван” ХХК-д сумлагч жолооч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хорооллын 11 дүгээр байрны 415 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 25 дугаар хороо, 90/1 дүгээр байрны 304 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ШЕ84081316/;

3. Дамбийжанцан овгийн Баярын Ганзориг, 1966 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Хуяг Очир” хамгаалалтын албанд харуул ажилтай байсан, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 хорооллын, 23 дугаар байрны 1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД: ХГ66030972/;

С.Гарамжав, Л.Баатаржаргал, Б.Ганзориг нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2016 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө машин механизм ашиглан Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мэргэ Ван” ХХК-ийн агуулах саванд нэвтрэн орж, “ТС-1” шатахууны 2 дугаар савнаас 2051 литр агаарын хөлгийн түлш хулгайлж, бусдад 2.527.822 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: С.Гарамжав, Л.Баатаржаргал, Б.Ганзориг нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Гарамжав, Л.Баатаржаргал, Б.Ганзориг нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар С.Гарамжав, Л.Баатаржаргал, Б.Ганзориг нарыг эд хөрөнгө хураахгүйгээр, С.Гарамжавыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, Л.Баатаржаргал,  Б.Ганзориг нарыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар С.Гарамжавт оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг, Л.Баатаржаргал,  Б.Ганзориг нарт оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, С.Гарамжав, Л.Баатаржаргал, Б.Ганзориг нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох “СОНАТА ҮF" загварын 13-04 УНЭ улсын дугаартай автомашины үнэ болох 11.000.000 төгрөгийг шүүгдэгч С.Гарамжав, Л.Баатаржаргал, Б.Ганзориг нараас хувь тэнцүүлэн, тус бүрээс 3.666.666 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Д.Буянзаяагийн өмчлөлийн “СОНАТА ҮF" загварын 13-04 УНЭ улсын дугаартай, сувдан цагаан өнгийн суудлын автомашиныг битүүмжилсэн Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”, Л.Нямжавын өмчлөлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 23 дугаар байрны 1 тоот 1 өрөө орон сууцыг битүүмжилсэн Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг тус тус хүчингүй болгож, С.Гарамжав, Л.Баатаржаргал нараас 3.666.666 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулахаар С.Гарамжавын эзэмшлийн 13-97 УНӨ улсын дугаартай “FOTON” загварын зуурмагийн автомашин, мөн  Л.Баатаржаргалын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 90/1 дүгээр байрны 304 тоот 2 өрөө орон сууц зэрэг мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжлэгдсэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, С.Гарамжав, Л.Баатаржаргал, Б.Ганзориг нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.  

Ялтан С.Гарамжав давж заалдах гомдолдоо: “...Миний бие хэргийн зүйлчлэлтэй маргахгүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд бусдад учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлж, гэм хорыг арилгасан. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон. 2-6 насны хоёр хүүхэдтэй зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тодорхой хугацаанд тэнсэн харгалзаж өгнө үү...” гэжээ.   

Ялтан С.Гарамжавын өмгөөлөгч Г.Наранбаатар давж заалдах гомдолдоо: “... Миний бие С.Гарамжавын өмгөөлөгчийн хувьд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 122 тоот шийтгэх тогтоолыг доорх үндэслэлээр үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын хувийн байдал, анх удаагаа хүндэвтэр хэрэгт холбогдсон болон бусдад учруулсан хохирол төлбөрөө сайн дураараа бүрэн нөхөн төлж, гэм хорыг арилгасан байдал, шүүгдэгч нарын гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдлуудад дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй байхад жирийн дэглэмтэй хорих ангид 2 жил 3 сарын хугацаатай хорих ял оногдуулсан нь хэт нэг талыг барьсан үндэслэл муутай шийдвэр болсон гэж үзэж байна.

Түүнчлэн С. Гарамжавын хувьд бага насны 2-6 насны хоёр хүүхэдтэй бөгөөд биеийн эрүүл мэндийн хувьд зүрхний архаг өвчтэй, нарийн мэргэжлийн эмчийн байнгын хяналтад байдаг. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж, С.Гарамжавт оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэжээ.

Ялтан Л.Баатаржаргал давж заалдах гомдолдоо: “...Би С.Гарамжав, Б.Ганзориг нартай хамтран хулгайн гэмт хэрэг хийсэн үйлдэлдээ гэмшиж, өөрийн байгууллагын захирал В.С.Побаиов болон Иргэний Нисэхийн Ерөнхий газрын хариуцсан цагдаагийн хэлтэст өөрийн биеэр очиж, гэм  буруугаа хүлээн, учирсан хохирлыг бүрэн барагдуулсан билээ. Гэвч би хууль, эрх зүйн мэдлэг дутмаг болчимгүй байдлаас болж  өөрийн эрх зүйн байдлыг дордуулж, ийнхүү хорих ялаар шийтгүүлээд байна. Миний бие 1997 онд шарласан бөгөөд тус өвчин хүндэрч элэгний хатуурал оноштой ХӨСҮТ-д байнгын хяналтанд эмчлүүлдэг. Мөн миний эхнэр Э.Анхчимэг нь  хэрэгт шалгагдаж байх үед 2 хүү бид гурвыг үлдээн Австрали улсад суралцахаар явсан болно. 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр  хорих ял шийтгүүлснээс хойш миний 2 хүү асран хамгаалах хүнгүй хөрш айлд амьдарч байна. Миний бие өөрийн буруутай үйлдлийн улмаас 2 хүүхдээ асран хамгаалагчгүй орхиж, ажиллаж байсан байгууллагынхаа итгэлийг алдаж, гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэндээ  чин сэтгэлээсээ  гэмшиж, харуусаж байна.  Иймд миний эрүүл мэндийн байдал болон харгалзах хүнгүй үлдсэн 2 хүүхдийн минь харгалзан үзэж, надад оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг хөнгөрүүлж,  тэнсэн харгалзаж өгнө үү. Та бүхний итгэлийг дааж, шударгаар үр хүүхдээ асран амьдарч чадна гэдгээ шударга шүүхийн өмнө амлаж байна...” гэжээ.

 

Ялтан Б.Ганзориг давж заалдах гомдолдоо: “...Миний бие анхан шатны шүүхийн    122 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие “Сод Монгол” ХХК-ийн харьяа “Шинэ Соёмбо” хамгаалалтын албанд хамгаалагчаар ажилладаг. “Мэргэ Ван” ХХК-ийн шатахуун түгээх агуулахын харуулаар ажиллаж байхдаа тус компанийн инженер С.Гарамжав нь жолооч Л.Баатаржаргал нартай урьдчилан үгсэн тохирч бүлэглэн, машин механизм ашиглан тус компанийн шатахууны 2-р савнаас 2051 литр “TS-1” шатахуун хулгайлж, 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Мөн гэмт хэрэгт ашиглагдсан С.Гарамжавын “Соната” загварын тээврийн хэрэгслийн үнэлгээнээс 3.666.666 төгрөгийг улсын орлогод хариуцан төлөхөөр болсон. Миний бие 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа С.Гарамжавтай үгсэн тохирч С.Гарамжав, Л.Баатаржаргал нарын шатахуун хулгайлан авч байгаа гэмт үйлдэлд хамтран оролцсоноо бүрэн хүлээж байна. Энэ үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байгаагаа илэрхийлж байна. Шүүх надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял оногдуулж, гэм буруутайд тооцсныг үндэслэл бүхий гэж үзэж байна.

Миний бие мөрдөн байцаалтын шатанд анх мэдүүлэг өгөхдөө С.Гарамжав шөнө сав руу харсан прожекторуудыг унтраа, мөнгө өгье гэж хэлсэн. Зүүн талын хашааны манаачийн шатаар С.Гарамжав нэг хүнтэй хамт бууж, зүүн хойд талаар хашаа давж шатахууны 2-р сав руу очсон тухай мэдүүлсэн. Ийнхүү шатахуун хулгайлахад нь би түүний хэлсний дагуу прожекторын гэрлийг унтрааж өгсөн. Мөн асаа гэхэд нь асаах зэргээр хамжиж оролцсон нь үнэн юм. Энэ хэрэг маргааны өглөө нь ажил хүлээлцэх үед илэрч мэдээллэхээр нь С.Гарамжавын өгнө гэсэн мөнгийг авахаас татгалзаж, энэ хэргийг С.Гарамжав үйлдсэнийг захиралд хэлсэн болно.

Би энэ хулгайн хэргээс ямар нэгэн байдлаар хувьдаа мөнгө завшаагүй, С.Гарамжав нарын шатахуун хулгайлж, борлуулсан орлогоос мөнгө аваагүй тул төлөх хохиролгүй. Миний бие анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхээр заасан хэсгийг тэрчлэн С.Гарамжавын машины үнийн зарим хэсгийг надаар төлүүлэхээр тогтоосон хэсгийг тус тус эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, төлөх хохиролгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, ар гэртээ 3-19 насны 5 хүүхэдтэй, эхнэр хүүхдүүд цалин орлогогүй, амьдрал хүнд зэргийг харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна. Мөн автомашины үнийн зарим хэсгийг надаар төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй эсэхийг хянаж өгнө үү...” гэжээ.

Ялтан Л.Баатаржаргалын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Л.Баатаржаргалд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэгт оролцсон оролцоо, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж, өөрийн сайн дураар учруулсан хохирлоо бүрэн төлж, гэм хорыг арилгасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэгт үнэлэлт дүгнэлт өгөөгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Л.Баатаржаргал нь ам бүл 4 боловч түүний эхнэр Э.Анхчимэг нь Австри улсад суралцаж байгаа бөгөөд тэрээр хэрэгт холбогдон хоригдох хүртлээ бага насны 2 хүүхдийн хамтаар амьдарч байсан, одоогоор хүүхдүүд нь хөрш айлынд нь байгаа болно.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, миний үйлчлүүлэгч Л.Баатаржаргалд оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Ганзоригийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Ганзориг нь мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаанд энэ хэрэгт хамтран оролцсон гэдгээ хүлээсэн. Тухайн өдөр Б.Ганзориг ээлжинд гарч байсан бөгөөд шатахууны савнаас 90 метрийн зайтай байх харуулын байранд үүрэг гүйцэтгэж байсан. Тэрээр С.Гарамжавын хэлсний дагуу шатахууны сав руу тусаж байсан гэрлийг унтрааж, үүний хариуд мөнгө авахаар тохиролцож, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон. Б.Ганзориг нь гэмт хэрэг үйлдэхэд биечлэн оролцоогүй ч гэмт хэрэгт хамжиж, дэмжиж оролцсон. Б.Ганзориг өөрийн үйлдэлдээ чин санаанаас гэмшиж байгаа, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, эхнэр нь ажилгүй, 3-5 насны хүүхдүүдтэй зэрэг байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. Мөн Б.Ганзориг нь машин механизм ашиглах үйлдэлд оролцоогүй тул түүнээс 3.660.000 төгрөг гаргуулахаар заасан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор Д.Галбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...С.Гарамжав, Л.Баатаржаргал, Б.Ганзориг нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, “Мэргэ Ван” ХХК-ийн агуулах саванд нэвтрэн орж, “ТС-1” шатахууны 2 дугаар савнаас 2051 литр агаарын хөлгийн түлш хулгайлан, бусдад 2.527.822 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Мөрдөн байцаалтын шат болон анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ганзориг, Л.Баатаржаргал нар үйлдсэн гэмт хэргээ хүлээгээгүй. С.Гарамжав нь “ганцаараа хэрэг үйлдсэн” гэж мэдүүлж байсан. Уг гэмт хэргийг С.Гарамжавын тээврийн хэрэгслийг ашиглан үйлдсэн тул 3 шүүгдэгчээс хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Ялтан нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна” гэв.

                                                            ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

С.Гарамжав, Л.Баатаржаргал, Б.Ганзориг нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2016 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө, машин механизм ашиглан, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мэргэ Ван” ХХК-ийн агуулах саванд нэвтрэн орж, “ТС-1” шатахууны 2 дугаар савнаас 2051 литр агаарын хөлгийн түлш хулгайлж, бусдад 2.527.822 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч И.Даваагэрэлийн: “...Би агаарын хөлгийн шатахууны үйлчилгээ явуулдаг “Мэргэ ван” ХХК-д тооцооны нягтлан бодогчоор ажилладаг. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагийн үед шатахууны эрхлэгч Р.Мягмардаваа “шатахууны савнуудын дундах шугам хоолойн лац хөдөлсөн, шатахуун гоожиж асгарсан байна” гэхээр нь очтол манай компанийн хашаанд байрлах шатахууны 3 савны хоорондох шугаман хоолойн лац хөндөгдсөн, доор нь шатахуун асгарсан байдалтай байхаар нь шатахууны савнаас шатахуун хулгайд алдагдсан байх гэж сэжиглэн, хяналтын камер шүүсэн. 01 цагийн үед шатахууны сав руу харсан цамхагийн гэрэл унтраалттай, шатахууны савны орчим хүн явж байгаа дүрс бичигдсэн байсан. Мөн зүүн хойд талын хашаан дээгүүр тавигдсан төмөр тор тасарсан байсан. Тухайн үед 2016 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө манай компанийн шатахууны савнаас нийт 1644 кг ТС-1 агаарын хөлгийн шатахуун алдагдсан байсан. Өөр эд хөрөнгө алдагдаагүй. Агаарын хөлгийн шатахууныг хамгаалагч С.Ганзоригийг бусадтай хамтран хулгайлсан гэж сэжиглэж байна. Тэр үед шатахуун алдагдсан савнуудыг хамгаалагч С.Ганзориг харж ажиллаж байсан ба цамхагийн гэрлийг унтраасан байсан...” /хх 1-н 53-56/,

Иргэний нэхэмжлэгч Д.Буянзаяагийн: “... Би 13-04 УНЭ улсын дугаартай, сувдан цагаан өнгөтэй “Соната ҮF" загварын суудлын автомашиныг Аварзэдийн Сүрэнжав гэдэг хүнээс 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 11 сая төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Цагдаагийн байгууллагаас “уг автомашиныг хулгайн гэмт хэрэг үйлдэх үед ашигласан” байна гээд прокурорын тогтоолыг танилцуулан битүүмжилсэн...” /хх 60/,

    Гэрч Р.Мягмардаваагийн: “.... 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 08 цагийн үед ажил дээрээ ээлж хүлээлцэхээр агаарын хөлгийн шатахууны сав руу хэмжилт хийхээр нярав Д.Тунгалагтуяагийн хамт очсон. Шатахууны савнуудын хоорондох орлого, зарлагын шугам хоолойн лац хөдөлсөн, харалдаа доор газарт шатахуун асгарсан байсныг арчсан байдалтай байхаар нь шатахууны 3 савны шатахууны хэмжээ өндрийг хэмжиж, тэр өдрийн орлого, зарлагыг тооцсон. 2051 литр агаарын хөлгийн ТС-1 шатахуун дутагдсан байсан... Хяналтын камер шүүхэд шөнө 01 цагийн үед шатахууны савнууд руу харсан цамхагийн гэрэл унтарч, компанийн зүүн хойд талын харуулын байран дээр байрлуулсан хяналтын камерыг тонгойлгосон, 1 хүн явж байгаа жирэлзсэн дүрс харагдаж байсан...” /хх 61-62/,

             Гэрч Г.Амарзаяагийн: "...Р.Мягмардаваа эрхлэгч “шатахууны савны зарлагын хоолойн лац хөдөлчихсөн байна” гэхээр нь хартал шатахууны савнуудын хоорондох орлого, зарлагын шугам хоолойн лац хөдөлсөн, харалдаа доор газарт нь шатахуун асгарсан байсныг арчсан байдалтай байсан. Бид хоёр шатахууны 3 саван доторх шатахууны хэмжээ, өндрийг туузан метрээр хэмжиж, тэр өдрийн орлого, зарлагыг тооцоход 2051 литр агаарын хөлгийн ТС-1 шатахуун дутагдсан байсан..” /хх 63-64/,

 Гэрч Д.Болормаагийн: "...Баазын эрхлэгч Р.Мягмардаваа, тооцооны нягтлан бодогч И.Даваагэрэл нар хяналтын камер шүүсэн. 2016 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн үед шатахууны савнууд руу харсан цамхагийн гэрэл унтарч, компанийн зүүн хойд талын харуулын байран дээр байрлуулсан хяналтын камерыг тонгойлгосон, 1 хүн явж байгаа жирэлзсэн дүрс харагдаж, тэр хүний дүрс нь танигдахгүй байсан. Тухайн үед 2051 литр агаарын хөлгийн “ТС-1” шатахуун дутагдсан акт баримтыг танилцуулсан, хүлээн зөвшөөрч хохирлоо төлж барагдуулсан... Тухайн үед сэжиглэж байгаа хүн байгаагүй. Дараа нь инженер С.Гарамжавыг хулгайлсан гэсэн. Тэр өөрөө шатахуун хулгайлснаа хүлээж хохирлоо төлсөн... Ямар ч гэсэн ийм хэмжээний шатахууныг 1 хүн хулгайлах боломжгүй...” /хх 65-66/,

Гэрч Д.Тунгалагтуяагийн: "... Би шатахууны савны хувийн жинг үзсэн. Харин Р.Мягмардаваа эрхлэгч, нярав Г.Амарзаяа хоёр шатахууны 3 саван доторх шатахууны хэмжээ, өндрийг туузан метрээр хэмжиж, тэр өдрийн орлого, зарлагыг тооцсон. Дараа нь “1600 гаруй кг агаарын хөлгийн ТС-1 шатахуун алга болсон байна” гэж ярьж байсан...” /хх 67-68/,

Гэрч Виктор Санжиевич Лобановын: “...Шатахууны савнаас 2051 литр агаарын хөлгийн “ТС-1” шатахуун алдагдсан байсан. Тэр өдрийн хяналтын камерыг шүүхэд инженер С.Гарамжав хулгайлсан бичлэг байсан. Би С.Гарамжавтай утсаар “чи шатахуун хулгайлсан байна. Эсвэл хулгайлсан шатахуунаа авчирч өг, эсвэл мөнгийг нь төл” гэхэд “за” гэчихээд дараа өдөр нь ирээд “би хулгай хийгээгүй” гээд байхаар нь “камерын бичлэгт тодорхой харагдаж байна. Чи хулгайлсан, холбогдох баримтыг бүрдүүлж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулна” гэсэн. Дараа өдөр нь С.Гарамжавын аав гэх эрэгтэй хүн ирж надтай уулзан “манай хүү хулгай хийж, буруу юм хийсэн байна. Хохирлыг нь төлье” гээд хохирлыг төлсөн. Манай компаниас 2051 литр агаарын хөлгийн шатахуун алдагдаж, 2.527.822 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлоо төлж барагдуулсан. Одоо манай компанид учирсан хохирол байхгүй. Тэр үед манай компанид агаарын хөлгийн шатахууны инженерээр ажиллаж байсан С.Гарамжав, жолооч Л.Баатаржаргал, манаач Б.Ганзориг нар хуйвалдаж хамтран хулгайлсан байсан...” /хх 52-54/,

Гэрч Ж.Алтанзулын: “...Агаарын хөлгийн “ТС-1” шатахууныг зөвхөн агаарын хөлөгт түлшний зориулалтаар ашигладаг. Өөр зүйлд ашиглах боломжгүй, ялангуяа тээврийн хэрэгсэлд ашиглаж огт болохгүй, тохирохгүй... Манай компанийн агаарын хөлгийн “ТС-1” шатахууныг өдөр бүр шатахууны эрхлэгч Р.Мягмардаваа шатахууны нярвуудын хамт шатахууны савны өндрийг туузан метрээр хэмжиж тогтоодог...” /хх 2-н 55-56/,

Гэрч Д.Ган-Уяагийн: “...2017 оны 10 дугаар сарын дундуур өдрийг нь санахгүй байна. Л.Баатаржаргалын эхнэр Анхчимэг утсаар “Л.Баатаржаргал ажлаасаа шатахуун хулгайлсан гэсэн. Хулгайн хэрэгт сэжиглэгдээд байна. Захиралтай нь уулзмаар байна. Орос хүн байдаг гэсэн. Та орос хэл мэддэгээрээ уулзаад, хөөцөлдөөд өгөөч” гэхээр нь би ганцаараа “Мэргэ ван” ХХК дээр очиж захирал гэх орос эрэгтэй хүнтэй уулзахад “Л.Баатаржаргал муу ажил хийсэн, хулгай хийсэн, итгэл алдсан, хохирол нь 1.895.867 төгрөг, хохирол барагдуул” гэхээр нь хадам ээж, эхнэр, ах нартай нь ярилцаж байгаад хохирлын 1.895.867 төгрөгийг би компани дээр нь очиж няравт нь хүлээлгэн өгсөн...” /хх 2-н 57-58/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 32-34/, туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 45-49/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-н 68-71/, сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2-н 71-72/ зэрэг хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс С.Гарамжав, Л.Баатаржаргал, Б.Ганзориг нарт оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал, гэм бурууд тохирсон, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Ялтан Б.Ганзоригоос “... автомашины үнийн зарим хэсгийг надаар төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй эсэхийг хянаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь, анхан шатны  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг үндэслэлтэй зөв хэрэглэж, С.Гарамжав, Л.Баатаржаргал, Б.Ганзориг нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийг үнэлүүлж, үнэлгээгээр тогтоосон төлбөрийг ялтан нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин С.Гарамжав, Л.Баатаржаргал, Б.Ганзориг нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн хохирлыг төлж барагдуулсан үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, хохирогч гомдолгүй гэсэн  зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах боломжтой ба энэ талаар гаргасан ялтан, тэдний өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.