Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1910

 

“ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/00786 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК,

Хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 30 902 806 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч ХХХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “ХХХХ” ХХК-тай зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулан өөрийн бүтээгдэхүүнийг нийлүүлэн хамтран ажилласан. Зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдлийг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд баримтаар баталгаажуулан Nestle компанийн бүтээгдэхүүний үлдэгдэл 8 510 492 төгрөг, Wrigley компанийн бүтээгдэхүүн 1 000 800 төгрөг, Procter and Gamble компанийн бүтээгдэхүүн 17 715 850 төгрөг, нийт 27 227 142 төгрөгийн өртэй болсон.

Гэрээний 5.5 дахь заалтыг үндэслэн үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй хоног тутам 0.5 хувийн алдангийг тооцооны үлдэгдлийг тооцсон өдөр болох 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 27 хоногийн алданги тооцон 3 675 664 төгрөг болж байна. Иймд “ХХХХХ” ХХК-иас бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 27 227 142 төгрөг, алданги 3 675 664 төгрөг, нийт 30 902 806 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 222 дугаар зүйлийн 222.1.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ХХХХХ” ХХК-иас 30 902 806 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХХХ” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312 465 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “ХХХХХ” ХХК-иас 312 465 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХХХ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ХХХдавж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ. Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ. Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой заасан.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар мэргэжлийн өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шүүх ажиллагаанд биеэр оролцох боломжоор хангагдах бүрэн эрхтэй байна. Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ХХ-ыг шүүхээс төлөөлөх эрхгүй этгээд үзэж 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 09/023 тоот албан хүсэлтийг хүлээн аваагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Учир нь, ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ХХ-ын тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхэд гаргаж байсан хүсэлтүүдийг шүүхээс хүлээн авч, төлөөлөх эрхтэй гэж хүлээн зөвшөөрч, захирамж гарган шийдвэрлэж байсан.

Хэрэв ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ХХ нь компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш юм бол ерөнхий захирал ХХХминий бие шүүх хуралдааны товийг мэдээгүй, шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэж гарын үсэг зуруулаагүй, шүүхээс хэргийн материалыг танилцуулаагүй, шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох боломжоор хангаагүй, мөн мэтгэлцэх зарчим болон өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа авах зэрэг бүхий л эрхийг хангаагүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж бодит үнэнд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

                        Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь хариуцагч “ХХХХХ” ХХК-иас гэрээний үүрэгт 30 902 806 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй учир үлдэгдэл төлбөр 27 227 142 төгрөгийг 27 хоногийн алданги 3 675 664 төгрөгийн хамт гаргуулна гэж тайлбарлаж байна.

Зохигчдын 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 1522/33 тоот  Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь лангууны өрөлтөд зориулан бараа бүтээгдэхүүнийг төлбөрийг дараа төлөх нөхцөлтэйгөөр өмчлөлд нь шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохиролцсоны дагуу сар бүрийн 30-ны өдрүүдэд тогтоосон хэмжээний төлбөрийг, мөн борлуулалтын орлогыг хэсэгчлэн төлөх замаар бараа, бүтээгдэхүүний үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байх боловч Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан бэлэн болон хэсэгчлэн төлөх төлбөрийн хэмжээ, төлбөл зохих хүүгийн хэмжээ зэрэг Зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заавал тусгагдах зүйлийг тусгаагүй зэрэг байдлаас үзэхэд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзээгүй.

 Талууд Зээлээр худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. 

Харин худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдлийг хариуцагч буюу худалдан авагч тал төлнө гэх боловч харилцан тохиролцоонд хүрээгүй учраас шүүхэд хандсан гэж нэхэмжлэгч тайлбарлажээ.

Худалдан авагч буюу хариуцагч “ХХХХХ” ХХК нь 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1004/18 тоот албан бичгээр 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1522/33 тоот  гэрээний дагуу хүлээн авч борлуулсан бараа бүтээгдэхүүний  төлбөрийн үлдэгдлийг төлөх хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтийг /хх-15/ худалдагч талд тавьсан, мөн талууд 2016 оны 3 дугаар сарын 03, 10-ны өдрийн 3 удаагийн харилцан тооцоо нийлэлтээр нийт 27 227 142 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулсан /хх-9-14/ баримтууд хэрэгт авагджээ.

Дээрх баримтуудаар талуудын хооронд 2015 оны 3 дугаар сарын 1-нээс мөн оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан гэрээ нь уг гэрээний 7.2-т “Гэрээг цуцлах тухай хоёр талын аль нэг нь нөгөө талдаа бичгээр мэдэгдээгүй бол гэрээг өмнөх хугацаагаар сунгасанд тооцно” гэж зааснаар өмнөх хугацаагаар сунгагдсан гэж үзэхээр байна.

Талуудын хоорондын гэрээнд худалдан авагчийн төлбөр төлөх үүргийг гүйцэтгэх хугацаа, хэмжээг он, сар, өдрөөр тодорхой заагаагүй, харин сар бүрийн 30-ны өдөр байхаар тогтоосноос гадна сар бүр тооцоо нийлж баталгаажуулахаар тохиролцсон байх тул эдгээр зүйлийг харгалзан хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоох нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт нийцнэ.

Иймд гэрээний 5.4-т “Сар бүрийн эцэст 2 тал хамтран тооцоо нийлж, акт үйлдэж тооцооны үлдэгдлийг баталгаажуулж байна” гэж заасны дагуу 2016 оны 3 дугаар сард 2 тал тооцоо нийлж, акт үйлдэн баталгаажуулсан төлбөрийн үлдэгдлийг мөн гэрээний 4.1.13, 5.1-д “Худалдан авагч нь төлбөр тооцоог бараа бүтээгдэхүүний борлуулалтаас үл хамааран төлөх буюу сар бүрийн 30-ны өдрүүдэд зээлийн лимитээс давж гарсан дүнг дансаар худалдагч талд төлнө” гэж зааснаар мөн тооцоонд тусгагдсан төлбөрийг тухайн сарынхаа 30-ны өдөр худалдагч талд төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Талуудын хооронд 2016 оны 03 дугаар сарын 03, 10-ны өдрүүдэд тооцоо нийлсэн талаарх баримт хэрэгт байх боловч үүнээс өмнө тооцоо нийлсэн баримт хэрэгт авагдаагүй болно. Иймд хариуцагч нь гэрээнд заасны дагуу төлбөр төлөх үүргээ 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор биелүүлэх ёстой байжээ.

Нэхэмжлэгч талыг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авагч буюу хариуцагч “ХХХ” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн гэж үзэх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байна.

Харин нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 27 227 142 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн дагуу шаардах эрхтэй.

Талууд гэрээний үлдэгдэл төлбөрийг харилцан тооцоо нийлж, актаар баталгаажуулж, зөвшөөрсөн хэмжээгээр хариуцагчаас төлбөрийг гаргуулах нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцэх тул нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг шүүх хангасан нь зөв болно.

Шүүх хэргийн дээр дурдсан нөхцөл байдал, төлбөр тооцоо хийх журам, хугацааг талууд гэрээгээр хэрхэн тохиролцсоныг анхааралгүй хариуцагчаас 3 675 664 төгрөгийг гаргуулсан нь буруу байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, хэргийн оролцогчийн эрх, үүргийг хуульд зааснаар тайлбарласан, хэргийн материалтай танилцуулсан боловч хариуцагч “ХХХХХ” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх хугацааг сунгаж байснаас үзэхэд шүүх хариуцагчийг эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангасан байна.

Мөн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны товыг шуудангаар компанийн албан ёсны хаягаар хүргүүлж мэдэгдсэн нь /хх-58/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн зохицуулалтад нийцэх ба хариуцагч тал шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргаснаас үзвэл товыг мэдээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүсэлт гаргасан ХХ-ын компанийг төлөөлөх эрх нь тус компанийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 16/472 дугаар тушаалд заасан /хх-38/ хугацаагаар хязгаарлагдаж байх тул түүний хүсэлтийг хүлээн авалгүйгээр, хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчихгүй.

Дээрх байдлаар хариуцагч “ХХХХХ” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийг хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж буруутгах боломжгүй, энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/00786 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ХХХХХ” ХХК-иас 27 227 142 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХХХ” ХХК-д олгож, мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул алдангид шаардсан 3 675 664 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312 470 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс  хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Ц.ИЧИНХОРЛОО    

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ