Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 716

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Н.Ад холбогдох эрүүгийн 1805054640791 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. дугаарын регистртэй, Н.А.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.А нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “+25” нэртэй бааранд зөөгчөөр ажиллаж байхдаа иргэн Б.Б-ы төлбөрийн тооцоо хийхээр өгсөн ХААН банкны 5406041521 дугаарын данстай виза картнаас нийт 950.000 төгрөгийн гүйлгээ хийж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Аын өгсөн:

“...Би 2018 оны 10-р сард Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “+25” нэртэй бааранд зөөгчөөр ажилладаг байсан юм. Тэгээд 2018 оны 10-р сарын 10-11-нд шилжих шөнө тус бааранд хөдөөнөөс дөнгөж орж ирсэн мэт 2 хүн гаднаас орж ирчихээд Сэнгүр нэртэй пиво 6 ширхэгийг захиалаад надад өөрийн  Хаан банкны ногоон өнгийн виза картаа  өгөөд пин кодоо хэлсэн юм тэгэхээр нь би бааранд тухайн үедээ захиалсан эд зүйлсийг нь авчирч өгөөд картыг өгөлгүй байж байгаад баарны үйл ажиллагаа хаасны дараа “М2”  нэртэй бааранд орж 50.000 төгрөгийг уншуулж бэлнээр аваад тэндээсээ  такси бариад Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах  МҮИС-ийн автобусны буудлын Хаан банкны АТМ дээр очиж 500.000 төгрөгөөр, 400.000 төгрөгөөр тус тус уншуулж мөнгийг нь аваад мөнгөгүй болчихоор нь хаячихсан юм. Тэгээд тухайн мөнгөөрөө өөртөө хувцас аваад хүнд хадгалуулчихсан байсан бөгөөд цагдаагаас намайг ирж барихаар ннь би нөгөө хувцасаа буцааж өгөөд 800.000 төгрөгийг бэлнээр өгөөд 150.000 төгрөгийг нь дараа нөхөж өгсөн юм. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 20-21, 41-42/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Б- мэдүүлэхдээ:

“...Би 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод өөрийн найз Б.Б-ийн хамт орж ирчихээд 10-наас 11- нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “+25” бааранд орж үйлчлүүлсэн юм. Тухайн үедээ тус бааранд үйлчлүүлэхдээ зөөгчид захиалгаа өгөөд өөрийн Хаан банкны виза картаа өгөөд нууц кодыг нь бас хэлж өгөөд намайг гаргаад явуулчихсан байсан юм. Тэгээд би буцаад ирэхэд баар хаагаад явчихсан байсан юм. Тухайн үед би хаана явж байгаа ямар нэртэй газар орсон зэргээ сайн мэдэхгүй байна. Ингээд гадуур ажлаа амжуулж яваад орой 20-21 цагийн орчимд +25 бааранд очиж картаа асуухад зөөгч нар нь мэдэхгүй гээд байсан. Ингээд тэнд кассан дээр байгаа хүнд нь өчигдөр танай бараар үйлчлүүлсэн картаар тооцоо хийгээд картаа авахаа мартсан байна камер байвал шүүгээд олж өгөөч гэсэн ба кассны хүн маргааш ирээд уулз гэсэн. Ингээд би найз Б.Б-ий хамтаар гарч буудалд орж амарсан.

Маргааш орой нь дахин очиход камер шүүгээд карт авсан хүнийг олоод цагдаад өгсөн байсан ба намайг Баянгол дүүргийн цагдаа дээр очиж уулз гэсэн. Үүний дагуу шууд цагдаа дээр ирж Очирбат гэж байцаагчаас картаа авсан ба миний картнаас 50.000, 400.000, 500.000,  нийт 950.000 төгрөгийг зөөгч гэх эмэгтэй нь авсан байсан. Надад учирсан 950.000 төгрөгийн хохирлоо би бүрэн төлүүлж авсан ба одоо надад ямар нэгэн хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

 

 

 

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 43/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44/,

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 45/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч  Н.А нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “+25” нэртэй бааранд зөөгчөөр ажиллаж байхдаа иргэн Б.Б-ы төлбөрийн тооцоо хийхээр өгсөн Хаан банкны 5406041521 дугаарын данстай виза картнаас нийт 950.000 төгрөгийн гүйлгээ хийж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Н.Аын “...Би 2018 оны 10-р сард Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “+25” нэртэй бааранд зөөгчөөр ажилладаг байсан юм. Тэгээд 2018 оны 10-р сарын 10-наас 11-нд шилжих шөнө тус бааранд хөдөөнөөс дөнгөж орж ирсэн мэт 2 хүн гаднаас орж ирчихээд Сэнгүр нэртэй пиво 6 ширхэгийг захиалаад надад өөрийн Хаан банкны ногоон өнгийн виза картаа өгөөд пин кодоо хэлсэн юм тэгэхээр нь би бааранд тухайн үедээ захиалсан эд зүйлсийг нь авчирч өгөөд картыг өгөлгүй байж байгаад баарны үйл ажиллагаа хаасны дараа “М2”  нэртэй бааранд орж 50.000 төгрөгийг уншуулж бэлнээр аваад тэндээсээ  такси бариад Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах  МҮИС-ийн автобусны буудлын Хаан банкны АТМ дээр очиж 500.000 төгрөгөөр, 400.000 төгрөгөөр тус тус уншуулж мөнгийг нь аваад мөнгөгүй болчихоор нь хаячихсан юм...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Б- “...Би 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод өөрийн найз Б.Б-ийн хамт орж ирчихээд 10-наас 11- нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “+25” бааранд орж үйлчлүүлсэн юм. Тухайн үедээ тус бааранд үйлчлүүлэхдээ зөөгчид захиалгаа өгөөд өөрийн Хаан банкны виза картаа өгөөд нууц кодыг нь бас хэлж өгөөд намайг гаргаад явуулчихсан байсан юм. ...миний картнаас нийт 950.000 төгрөгийг зөөгч гэх эмэгтэй нь авсан байсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.Аыг итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хохирогчид нийт 950.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байх бөгөөд хавтаст хэргийн 15-16 дугаар талд хохирогч “...Надад учирсан 950.000 төгрөгийн хохирлоо би бүрэн төлүүлж авсан ба одоо надад ямар нэгэн хохирол байхгүй...” гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан ба ба шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа үйлдсэн, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр   01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Н.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ