Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 1024

 

 

 

 

 

 

 

2019          10            15                                           2019/ДШМ/1024

 

Н.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч                      С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Баясгалан,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 716 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Баясгалангийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр бичсэн 31 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Н.Ад холбогдох 1805054640791 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Нын А, 2001 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ... аймагт төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ... аймгийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Н.А нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” нэртэй бааранд зөөгчөөр ажиллаж байхдаа иргэн Б.Бы төлбөрийн тооцоо хийхээр өгсөн Хаан банкны 5406041521 дугаарын данстай виза картаас нийт 950.000 төгрөгийн гүйлгээ хийж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Нын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор А.Баясгалан улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглээгүй мөртлөө тогтоох хэсгийн 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүгдэгчид хэрэглэсэн албадлагын арга хэмжээ, оногдуулсан ялын төрөл, хэмжээ, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу эдэлбэл зохих ялын хэмжээг тусгана” гэж заасан шаардлагад нийцээгүй байх тул эсэргүүцэл бичив. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.А нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” нэртэй бааранд зөөгчөөр ажиллаж байхдаа иргэн Б.Бы төлбөрийн тооцоо хийхээр өгсөн Хаанбанкны 5406041521 дугаарын данстай виза картыг буцааж өгөлгүй өөртөө авч үлдээн, улмаар уг картыг ашиглан хохирогчийн данснаас нийт 950.000 төгрөгийн гүйлгээ хийж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бы “...Тухайн үедээ тус бааранд үйлчлүүлэхдээ зөөгчид захиалгаа өгөөд өөрийн Хаан банкны виза картаа өгөн нууц кодоо хэлж өгөөд явуулахад тухайн үедээ миний картыг буцаан өгөлгүй намайг гаргаад явуулсан байсан юм. ...миний картнаас нийт 950.000 төгрөгийг зөөгч гэх эмэгтэй нь авсан байсан. ...” гэх /хх 14-16/,

шүүгдэгч Н.Аын “...би бааранд тухайн үедээ захиалсан зүйлсийг авчирч өгөөд картыг өгөлгүй байж байгаад баарны үйл ажиллагаа хаасны дараа “М2” нэртэй бааранд орж 50.000 төгрөгийг уншуулж бэлнээр аваад тэндээсээ такси бариад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Үндэсний Их Сургуулийн автобусны буудлын Хаан банкны АТМ дээр очиж 500.000 төгрөгөөр, 400.000 төгрөгөөр тус тус уншуулж мөнгийг нь аваад карт нь мөнгөгүй болчихоор нь хаячихсан юм...” гэх /хх 20-21, 41-42/ мэдүүлгүүд, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 28/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Н.Аын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх Н.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглээгүй атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсан” заалтыг тусгасан нь ойлгомжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

Иймд прокурор А.Баясгалангийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн бичсэн 31 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 716 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор А.Баясгалангийн бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

         ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ