Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2017/01351

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/01054 дүгээр шийдвэртэй,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1466 дугаар магадлалтай,

Б.Б-ын нэхэмжлэлтэй

Н.Ш.Г.А-нд холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Г.Алтанчимэгийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонго, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нар оролцов.       

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 7155 дугаар захирамжаар Б.ББ.Б-ас 40.500.000 төгрөгийг гаргуулж Г.Наранбаатарт олгож шийдвэрлэсний дагуу Н.Ш.Г.А шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204044505 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 119 дүгээр байрны 18 тоот 33.94 м.кв хоёр өрөө орон сууцыг хураан авсан байдаг. Н.Ш.Г.А-наас 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3/38014 тоот мэдэгдлийг шуудангаар хүлээн авсан бөгөөд уг мэдэгдэлд орон сууцыг хөрөнгийн үнэлгээчин 53.574.700 төгрөгөөр үнэлсэн болохыг, мөн энэхүү үнэлгээний 70 хувиар тооцон 37.502.290 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд оруулахыг заасан байна.

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо буюу дүүргийн Засаг даргын Тамгын газрын ойролцоох байршилтай, хотын “В” зэрэглэлийн бүсэд хамаардаг. Мөн өнгөрсөн зун супер засвар хийсэн ба харьцангуй шинэ байр юм. Энэ зэрэглэлийн орон сууцны үнэлгээ доод тал нь 1 м.кв нь 1.700.000 төгрөгийн үнэлгээтэй байгааг үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын компанийн судалгаа, веб сайт, сонингуудаас харж болно. Иймд, Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 119 дүгээр байрны 18 тоот 33.94 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрөн, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд  гаргасан тайлбартаа: Тухайн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлсэн. Тухайн үнэлгээг хөндлөнгийн шинжээч зах зээлийн судалгаатай харьцуулан судалгаа хийж үнэлгээ гаргасан. Үнийн санал ирүүлээгүй учраас шинжээч томилсон. Тус орон сууц нь н.Батсайхан, н.Дэлгэрмаа гэх хоёр өмчлөгчтэй. Үнэлгээний талаар нэхэмжлэгчид 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 03/3810 тоот мэдэгдлээр мэдэгдсэн. Дуудлага худалдаанд оруулах үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаа хэзээ, хаана болох талаар хоёр удаа мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/01054 дүгээр шийдвэрээр, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан Н.Ш.Г.А-нд холбогдох, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө 119 дүгээр байрны 18 тоот хаягт байршилтай 33.94 м.кв хоёр өрөө орон сууцыг 53.574.700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1466 дугаар магадлалаар,  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/01054 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “Ийнхүү төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 202 тоот тогтоолоор Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасантай нийцсэн байна.” гэжээ. Гэтэл Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “...хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд шинжээчийн саналыг үндэслэн тогтооно.” гэж л заасан байдаг. Үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцох талаар хуулинд нэг ч үг, өгүүлбэр байхгүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иймд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Б-ын Н.Ш.Г.А-нд  холбогдуулан гаргасан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн анхны дуудлага худалдааны санал болгох доод үнэ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Баянгол, хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2015 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 7155 дугаар шийдвэрээр Б.ББ.Б-ас 40.500.000 төгрөг гаргуулж Г.Наранбаатарт олгохоор шийдвэрлэж, уг шийдвэрийн дагуу Н.Ш.Г.А барьцааны зүйлийг  албадан дуудлага худалдаа явуулах зорилгоор битүүмжлэн хураасан нь тогтоогдож байна.

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д анхны дуудлага худалдааны доод үнийг тогтоох журмыг заахдаа ”дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно” гэсэн ба шинжээчийг Н.Ш.Г.А томилон дүгнэлт гаргуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасан байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч нар эд хөрөнгийн зах зээлийн үнийн талаар саналаа өгөөгүй тул анхны дуудлага худалдааны үнийг талууд тохиролцож тогтоогоогүй гэж үзнэ.

Иймээс Н.Ш.Г.А Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон ба шинжээч үл хөдлөх хөрөнгийг 53.574.700 төгрөгөөр үнэлсэн байна. Энэхүү үнэлгээний 70 хувь буюу 37.502.290 төгрөгөөс анхны дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэж төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн Н.Ш.Г.А-ны ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

2.Хөрөнгийн үнэлгээний төв ХХК үл хөдлөх хөрөнгийг  зах зээлийн үнээс багаар үнэлсэн гэх  үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй байна.

Түүнчлэн шинжээч дүгнэлт гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хуульд заагаагүй үндэслэлээр дуудлага худалдааны тогтоосон үнийг бууруулсан“ гэх гомдол үндэслэлгүй тул  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/01054 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1466 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Т.Сайнбаярын  хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х. СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                           Г.АЛТАНЧИМЭГ