Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 636

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.Гнэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох

“Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Г би 2012-2017 онуудад Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт Захиргаа, хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад тус дүүргийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар мөн өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдсөн болно. 

Энэхүү тушаалын үндэслэл болсон дүүргийн Засаг даргын 2016 оны А/486 дугаар захирамжийг надад үзүүлээгүй бөгөөд миний бие 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд ийм захирамж гараагүй болно. Гэтэл дүүргийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь албан ёсоор гараагүй, хуулийн хүчин төгөлдөр болоогүй шийдвэрийг үндэслэн намайг албан тушаалаас чөлөөлөх тухай тушаал гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. 

Манай хэлтэс нь Захиргаа, хуулийн хэлтэс гэж нэрлэгдэж байгаад одоо Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс нэртэй болж, нэрийн хувьд жижиг өөрчлөлт орсон боловч хэлтсийн бүтэц, орон тоо, хэрэгжүүлэх чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт зэрэгт агуулгын хувьд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Нөхцөл байдал ийм байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсгийг буюу төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан гэсэн хуулийн заалтыг тушаалынхаа үндэслэл болгосон нь бодит нөхцөл байдалтай нийцээгүй, үндэслэлгүй болохыг илэрхийлж байна. 

Мөн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь хууль тогтоомжийн дагуу ийм тушаал гаргах эрх бүхий албан тушаалтан биш юм.

Иймд  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэжээ. 

Хоёр. Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Эн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ба нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоол, дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр 23-ны өдрийн А/832 дугаар захирамжийг үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/486 дугаар захирамж батлагдан гарсан. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн тул Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга М.Гийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн болно. 

Өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдаж, өөрчлөгдсөн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу 3 сарын цалинтай тэнцэх 2.201.589 төгрөгийн тэтгэлгийг М.Гцалингийн дансанд шилжүүлсэн. 

Иймд М.Ггаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

     ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан нэмэлт тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч М.Гнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч М.Г нь “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг батлах тухай” А/10 дугаар тушаалын хавсралтаар тус газрын Захиргаа, хуулийн хэлтсийг 20 орон тооны бүтэцтэйгээр баталж, М.Гийг тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Захиргаа, хуулийн хэлтсийн даргаар томилжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар тогтоолоор дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоон мөрдүүлэхийг Нийслэлийн Засаг даргад зөвшөөрсний үндсэн дээр Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Дүүргийн  Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай” А/832 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс болгон өөрчилж, 20 хүртэл орон тооны бүтэцтэйгээр баталж, дүүргийн эдийн засгийн бүтэц, хүн амын байршил, онцлогийг харгалзан шаардлагатай тохиолдолд хавсралтад заагдсан ажлын байранд зохицуулалт хийхийг тухайн дүүргийн Засаг дарга нарт зөвшөөрсөн байна. 

Дээрх захирамжийг үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/486 дугаар захирамжийн хавсралтаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийг дарга, бусад 12 орон тооны хязгаартайгаар баталсантай холбогдуулан Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсан, өөрчлөгдсөн, орон тоо хасагдсан гэх шалтгаанаар Хан-Уул дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/486 дугаар тушаалыг тус тус үндэслэн М.Гийг мөн өдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлжээ. 

Хэдийгээр хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасны дагуу М.Гд 3 сарын цалинтай тэнцэх 2.201.589  төгрөгийн тэтгэлгийг олгож, албан тушаалаас нь чөлөөлсөн байх хэдий ч хэлтсийн даргын албан тушаал хэвээр хадгалагдаж, түүний урьд ажиллаж байсан Захиргаа, хуулийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлын байрны зорилго, зорилт нь шинээр бий болсон Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заагдсан зорилго, зорилттой ижил, агуулгад бодитой өөрчлөлт орсон гэж үзэхээргүй, тухайн ажлын байрны орон тоо хасагдаагүй, зөвхөн нэршлийн хувьд өөрчлөн найруулж, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт буюу төрийн захиргааны байгууллагад мөрдөгдөх ёстой ажил үүргийн зохион байгуулалтыг тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод нэмж тусгасан төдийд төрийн байгууллагыг өөрчлөн байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. 

Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөх тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй, нэхэмжлэгчид тайлбар, санал гаргах боломжийг олголгүй Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн”, 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх” гэж тус тус заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр М.Гд “...2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлөгдөх болсныг үүгээр мэдэгдэж байна” гэсэн “Мэдэгдэх хуудас”-ыг хүргүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн зорилго, зарчимд нийцэхгүй төдийгүй тухайн харилцаанд хамааралгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна. 

Дүүргийн Засаг дарга нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу өөрийн харъяа нэгжийн албан тушаалтныг чөлөөлөх эрхтэй хэдий ч тухай шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх”, 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” гэж тус тус заасантай нийцэхгүй байна. 

Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/12 дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, шийдвэр нь хууль, бодит нөхцөл байдалд үндэслэж гараагүй, нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангаагүй байх тул “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоохыг даалгаж шийдвэрлэж байх тул Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулиар 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан олгох үндэслэлтэй байна.

Хариуцагчаас ирүүлсэн цалингийн картаар М.Г нь Захиргаа, хуулийн хэлтсийн даргаар буюу ТЗ-7-5 шатлалаар үндсэн цалин 733.863 төгрөг, нэмэгдэл 344.916 төгрөг буюу сарын 1.078.779 төгрөгийн цалинтай ажиллаж байсан тул ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдрийг хүртэл ажлын нийт 148 хоногоор тооцон нийт 6.412.714 /зургаан сая дөрвөн зуун арван хоёр мянга долоон зуун арван дөрөв/ төгрөгөөс /эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг суутгасан/ хариуцагчаас М.Гд олгосон 3 сарын цалинтай тэнцэх 2.201.589 төгрөгийг суутгаж, үлдэх 4.211.125 /дөрвөн сая хоёр зуун арван нэгэн мянга нэг зуун хорин тав/ төгрөгийг хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул ажилгүй байсан дээрх хугацаанд  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв. 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь тухайн захиргааны актыг гаргах эрх хэмжээгүй” гэж тайлбарлан маргаж байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолын хавсралт буюу “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4.4-д “Албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь түр орлон гүйцэтгэх хугацаандаа эзгүй байгаа албан хаагч болон сул орон тоо гарсан албан тушаалын эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан байх тул Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг харъяа нэгжийн албан тушаалтныг томилох, чөлөөлөх эрхгүй этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Гнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэл ажлын 148 хоног ажилгүй байсан хугацааны цалин 6.412.714 /зургаан сая дөрвөн зуун арван хоёр мянга долоон зуун арван дөрөв/ төгрөгөөс хариуцагчаас М.Гд олгосон 3 сарын цалинтай тэнцэх 2.201.589 төгрөгийг суутгаж, үлдэх 4.211.125 /дөрвөн сая хоёр зуун арван нэгэн мянга нэг зуун хорин тав/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           О.ОЮУНГЭРЭЛ