Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2020/0173

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал Б.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 868 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/539 дүгээр тушаалаар манай ашиглаж байсан 3 га газрын “Л” ТББ-д олгосон хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 868 дугаар шийдвэрээр:

“Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 36 дугаар зүйлийн 36.1, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан “Т” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/539 дүгээр тушаалаар “Л” ТББ-д олгосон 26.3 га газраас “Т” ХХК-ийн ашиглаж байсан 3 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал Б.П дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нэхэмжлэгчийн үндсэн шаардлага болох маргаан бүхий Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.2, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 250 дугаар санал зэргийг үндэслэн нэр бүхий 28 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байдаг.

Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дуусгавар болгосон талаар тайлбарладаг юм. Гэтэл шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 36 дугаар зүйлийн 36.1-т заасан эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болсон” мэтээр дурджээ.

Хариуцагчийн дээр дурдсан хуульд заасан эрх хэмжээний талаар нэхэмжлэгч тал маргаагүй тухайн эрхийг хэрэгжүүлэхдээ талуудын хооронд байгуулсан гэрээ болон газар ашиглах эрх дуусгавар болгохыг нарийн зохицуулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийн заалтыг талаар маргасан юм.

Учир нь нэхэмжлэгч тал Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А/220 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутаг болох Баруун богины ам нэртэй газарт 3.0 га газрыг аялал жуучлалын зориулалтаар ашиглах эрхтэй болж, 2016/205 дугаартай гэрээ байгуулж, 2016/409 дугаар бүхий гэрчилгээ авч хуулийн хүрээнд газраа ашиглаж байгаа юм.

Тухайн газрыг ашиглах явцдаа гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, аливаа хэлбэрээр хууль, дүрэм, журам, стандарт зөрчөөгүй бөгөөд энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрдөг юм. Гэтэл шүүхээс маргаан бүхий газарт нэхэмжлэгчээс ирүүлсэн тухайн талбай дээрх баригдах обьектийн зураг төслөөс харахад өөрийн ашиглалтын талбай дээр багтахааргүй зураг төсөл боловсруулагдсан, уулын эгц энгэрт, аялал жуучлал явуулах боломжгүй, барилга барьсан тохиолдолд уулын унаган төрх алдагдах нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх нь хариуцагчийн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хамааралтай гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.

Учир нь манай компанийг маргаан бүхий газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн ямар заалтыг зөрчих гээд байгаа талаар тодорхойлоогүй, шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй, энэ талаарх эрх бүхий байгууллагын аливаа дүгнэлт гаргаагүй байхад анхан шатны шүүх бодит байдлыг гуйвуулан хийсвэрлэн дүгнэлт хийж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасан “...шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна...” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Түүнчлэн газар ашиглагчийн эрх хууль болон талуудын хооронд байгуулсан улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээний дагуу дуусгавар болохоор байтал хариуцагчаас Захиргааны ерөнхий хуульд заасан аливаа ажиллагааг хэрэгжүүлэхгүйгээр газар ашиглах эрхийг шууд дуусгавар болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан үйлдэл гэж үзэж байна.

Хариуцагчаас хуульд заасан үүргийн хүрээнд шүүхэд үнэн зөв тайлбар өгөх байтал энэхүү үүргээ биелүүлэхгүйгээр 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт маргаан бүхий газарт аливаа гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгоогүй, цаашид ч олгохгүй гэж тайлбарласан мөн Байгаль орчин, аялал жуучлалын дэд сайдын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 02/1721 дүгээр албан бичгээр “...Цаашид тухайн байршилд ямар нэг газар олгохгүй бөгөөд онгон дагшнаар үлдээх бодлогыг яамнаас баримтлан ажиллана” гэсэн боловч Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/539 дүгээр тушаалаар манай эзэмшил, ашиглалтанд байсан газрыг “Л” ТББ-д олгосон нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга ёсны үндсэн зарчмыг зөрчсөн тул Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/539 дүгээр тушаалын манай компанийн ашиглаж буй газрын хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс маргаан бүхий газрыг ашиглахдаа ихээхэн хэмжээний зардал, ажил үйлчилгээ явуулсан талаарх нотлох баримтыг харгалзан үзэлгүй дан ганц хариуцагчийн амаар болон бичгээр гаргасан тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалт Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 36 дугаар зүйлийн 36.1, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг үндэслэн гарсан тул 3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байх тул шүүхийн шийдвэр хуулийн 106 дугаар 106.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 868 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Анхан шатны шүүхээс “…нэхэмжлэгчээс өөрийн ашиглалтын талбай дээр багтахааргүй барилгын зураг төсөл боловсруулсан, …” гэж дүгнэснээс үл хамааран нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “Түмэн дайрга” ХХК-д холбогдох хэсгийг “илт хууль бус болохыг тогтоох” үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргах эрхтэй бөгөөд энэ хүрээнд газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх шийдвэр гаргах нь ч түүний бүрэн эрхэд хамаарна.

Маргаан бүхий тушаалд уг хуулийн 12 дугаар зүйлийн 1/, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2/-ийн “тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх заалтыг үндэслэсэн, гэтэл бодит байдалд нэхэмжлэгчээс тухайн газартаа ямар ч үйл ажиллагаа явуулж эхлээгүй, газар хагалах, ухах тэсэлгээ хийх зэргээр байгалийн төлөв байдлыг алдагдуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч цаашид үйл ажиллагаа явуулснаар дээрх нөхцөл байдал үүснэ гэсэн үндэслэлээр гарсан энэхүү тушаалыг илт хууль бусад тооцохгүй.

Давж заалдах гомдолд дурдсанчлан хариуцагчийн хуульд заасан эрх хэмжээний талаар бус, харин тухайн эрхийг хэрэгжүүлсэнтэй холбоотой, мөн тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн талаар маргаж байгаа энэ тохиолдолд хуулиар олгогдсон “эрх”-ээ хэрхэн хэрэгжүүлсэн, тэр нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэх нь маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахаас бус “илт хууль бус болохыг тогтоох” шаардлагад үл хамаарах бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт уг хуульд заасан аливаа ажиллагааг хэрэгжүүлэхгүйгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгож байгаа хариуцагчийн шийдвэр хамаарахгүй.

Учир нь Сайдын тушаалаар байгалийн унаган төрхийг алдагдуулна гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэхдээ тухайн газар дээрээ ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө буюу бүтээн байгуулалт хийсэн эсэхийг нягтлан шалгажээ.

Энэ тохиолдолд дээрх “урьдчилсан нөхцөл байдал” үүсээгүй гэж үзвэл тушаал бодит байдалд нийцсэн эсэх, холбогдох хуулийг зөв хэрэглэсэн эсэхийг тогтоох нь хууль бус актад хамаарах болохоос илт хууль бус актын шинжийг илэрхийлэхгүй, өөрөөр хэлбэл энэ нь “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт хамаарах ноцтой алдаа биш болно.

Харин цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосны дараа 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/539 дүгээр тушаалыг гаргасан нь хариуцагчийн эрх хэмжээнд хамаарахаас гадна Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” шаардлагад нийцсэн байх боловч анхнаасаа “байгалийн унаган төрхийг алдагдуулна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн 3 га газар ашиглах эрхийг дуусгавар болгосон атлаа уг газрыг гуравдагч этгээд “Л” ТББ-д ашиглуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь энэхүү тушаалаар тус ТББ-д Богдхан уулын Чандманын аманд 26.3 га газрыг аялагч түр буудаллах, орон байрны зориулалтаар, мөн 23.5 га газрыг түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалах, хамгаалах зориулалтаар тус тус ашиглуулахаар шийдвэрлэж, 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 26.3 га, 23.5 га газрын ашиглах гэрчилгээг олгосон, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх газрууд нь тус тусдаа болохыг хүлээн зөвшөөрсөн байхад “…26.3 га газарт 23.5 га газар багтаж байгаа, мөн нэхэмжлэгчийн ашиглаж байсан 3 га газарт бурханы цогцолборт хүрэх явган хүний шат, авто зогсоол хийх шаардлага үүссэн…” мэтээр анхан шатны шүүхээс холбогдох нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Иймд Цэцгэн эрхт Ловон бурханы хөшөө цогцолборт хүрэх явган хүний шат, автомашины зогсоолын зориулалтаар ТББ-д ашиглуулсан 26.3 га газар хүрэлцэхгүйн улмаас 3 га газрыг нэмж олгоогүй болох нь тогтоогдож байхад анхнаасаа бусдад ашиглуулж болохооргүй газар байсан гэх агуулгаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосны дараа тус ТББ-д “түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалах, хамгаалах” зориулалтаар 23.5 га газар ашиглуулах эрх олгохдоо уг 3 га-г хамруулсан нь өмнөх тушаалаа үгүйсгэсэн агуулгатайгаас гадна тэгш байдлын зарчим зөрчигдсөн байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасан тул нэхэмжлэгчид 60 гаруй сая төгрөгийн газрын төлбөр төлсөн зэрэг бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, тухайн газрыг өөр байдлаар ашиглах боломж олгоогүй байж ийнхүү шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй ч хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүхээс дээрх 3 га нь ТББ-ын ашиглах эрх бүхий 26.3 га-д хамаарч байгаа мэтээр нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон нь буруу, өөрөөр хэлбэл газрын кадастрын зургаас үзэхэд 3 га нь тус ТББ-ын 23.3 га-д хамаарч байна.

Мөн хууль хэрэглээний хувьд шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэгт хамааралгүй хуулийн заалтыг баримталсан, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 гэснийг “24.2”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1/ гэснийг “27.1”, 36 дугаар зүйлийн 1 гэснийг “36.1” гэж буруу бичснийг тус тус зөвтгөв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 868 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1/, 5/, 27 дугаар зүйлийн 1/, 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан “Т” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, харин 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/539 дүгээр тушаалаар түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалах, хамгаалах зориулалтаар “Л” ТББ-д ашиглуулахаар олгосон 23.5 га газрын 3 га-д хамаарах хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал Б.П гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН