Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1561

 

 

 

 

 

 

 

 

    2019        10         10                                   2019/ШЦТ/1561

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,   

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Шүүгдэгч Р.Ө, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Р.Өыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 05325 1949 дүгээр хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Р.Ө.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Ө нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын эгнээ байрнаас болж иргэн Н.Цогтбаатартай маргалдаж, түүний нүүр хэсэгт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                          /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 05325 1949 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Р.Ө нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Н.Цогтбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Е-март худалдааны төвийн уулзвар дээр би машинтай бөхийн өргөө талаас явж байсан. Цэнхэр өнгийн приус 30 маркийн машины урдуур дохиогоо өгч орсон бөгөөд машины ард бөгсийг цохих шиг болохоор нь буугаад хартал машин цөмөрчихсөн байхаар нь цэнхэр өнгийн приус 30 маркийн машин дотор сууж явсан залууд хандан машин цөмлөчихлөө ш дээ гэсэн чинь “зайл пизда минь, чамд ямар хамаатай юм” гэхэд нь би “чи яасан сүртэй юм бэ, орчихсон хойно” гэсэн чинь бууж ирээд заамдаж байгаад нүүр рүү 3 удаа цохисон ба би тухайн үед цамцнаас нь татах үед цамц нь урагдчихсан. Дахин миний нүүрлүү 3 удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

 

Гэрч Э.Өлзийбатын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад шиг санаж байна, ах Р.Өы хамт \Тоёота Приус-30\ бөхийн өргөөнөөс Е-Мартын уулзварын чигтэй ертөнцийн зүгээр хойд зүг рүү чиглэж 2 дугаар эгнээгээр явж байсан. Тэгтэл хойд зүг рүү явж байхад жолоочийн баруун гар талаас цагаан өнгийн Тоёота Кроун маркын тээврийн хэрэгсэл шахаад орж ирсэн. Тэгэхэд ах машин барьж байсан болохоор мөргөлдөхгүйн тулд хажуу тал руугаа дарж, урсгал сөрж орсон. Ах Р.Ө нь уурлаад цонхоо онгойлгоод “чи дохиогоо өгөөд, гуйгаад хэлээд орчихгүй яасан юм бэ” гэж хэлэхэд нөгөө машины жолооч залуу “сүртэй писдаа вэ” гэж хэлсэн. Тэр хоёр хоорондоо машин дотроосоо бага зэрэг маргалдсан. Ах уурлаад нөгөө машины багажны хэсэгт нэг удаа цохисон. Тэр залуу машинаа унаад бид хоёрын машины урд талд орж явж байгаад тооромзлосон. Тэр залуугийн урд талд машин байгаагүй, зохицуулагч цагдаа уулзварыг зохицуулж харагдсан. Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгсэлтэй залуу машинаасаа бууж ирээд багаж хэсгээ хараад ах руу ирж зогсоод “чи машины багаж хонхойлгочихлоо” гэж хэлсэн. Ах болохоор цонхоороо “би наадхыг чинь гараараа цохиод хонхойлголоо юу” гээд маргалдсан. Нөгөө залуу ахын машины урд талын копуд дээр нь гараар цохисон. Тэгэхэд би өвөр дээрээ 2 настай хүүхэд суулгаад явж байсан бөгөөд хүүхэд маань цочиод уйлчихсан. Тэгэхэд ах уурлаад машинаасаа буугаад тэр залуутай маргалдаад нөгөө залууг “зайлж үз” гэж хэлээд түлхсэн. Тэгтэл тэр залуу ахыг фудволкноос нь зуураад заамдаж авсан. Ах тэр залууг “тавь” гэсэн боловч тавихгүй боогоод байсан бөгөөд фудволкийг нь урчихсан. Тэгэхэд ах тэр залууг 2 удаа алгадсан. Тэгээд нөгөө залуу цохих гэж үзсэн боловч ах бултчихсан гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дугаар сарын 09-ний өдрийн 10764 дугаартай:

Н.Цогтбаатарын биед хамар ясны хугарал, баруу, зүүн завьжинд шарх, доод зүүн 4-р шүд сулрал, уруулд зулгаралт, зүүн хацар, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 17 тал/,

 

Шүүгдэгч Р.Өы мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2019 оын 9 дүгээр сарын 05-ны өдөр миний бие Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах е-мартын уулзвар дээр байх үед хажуу талын уулзвараас нэг цагаан өнгийн зеро кроун миний явж байсан 2 дугаар эгнээ рүү шахаж орж ирсэн бөгөөд тухайн машины жолоочид хандаж “чи гуйгаад орчихож чадахгүй байна уу” гэсэн чинь “сүртэй ш дээ писда чинь оруулчихаач” гээд урдуур ахин шахаад байхаар нь тухайн машины бөгс миний цонхон талд таарсан бөгөөд би уурандаа машиных нь бөгсийг цохичихсон юм. Тэгээд тэр машин миний урд явж байхдаа 2, 3 удаа гэнэт тооромзлоод байхаар нь би араас  нь явж л байсан. Тэгтэл тэр залуу машинаасаа бууж ирээд миний хаалгыг татаад “чи машин цөмлөөд хаячихсан байна” гэж хэлээд миний машины урд копут цохиод авсан. Тэгэхээр би машинаасаа буугаад тэр залууг түлхсэн чинь миний энгэрээс намайг боогоод авсан юм. Тэгэхээр нь би тавь гэсэн чинь тэр залуу тавихгүй байсан бөгөөд би уурандаа 2 удаа нүүр рүү нь цохиод авсан. Тэгж байж пудволкноосоо гарыг нь салгасан юм гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

-Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 тал/,

-Хохиролын талаарх баримт /хх-ийн 43-47 тал/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Р.Өы иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-37/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч, мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Р.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Р.Ө нь хохирогч Н.Цогтбаатар нүүр хэсэгт гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Р.Ө хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог болно.

 

Хохирогч Н.Цогтбаатарын нэхэмжлэлээс нотлох баримтаар 407.000 төгрөгийн хохирол нотлогдож байна.

Уг хохиролыг шүүгдэгч Р.Өаас гаргуулж хохирогчид олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас шатахууны зардалд нэхэмжилсэн 41.200 төгрөг, мөн хагалгааны төлбөрт 2.000.000 төгрөг төлсөн гэх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй үлдээж, хохирогчийн уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээж шийдвэрлэв.

 

Хохирогч болон шүүгдэгч нар нь хэн хэнийхээ тээврийн хэрэгсэлд гэмтэл учруулж, тэдгээрт учирсан хохиролыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон байна. Хохирогчийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 180.000 төгрөг, шүүгдэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 120.000 төгрөг болсон байх ба дээрх хохиролын зөрүү 60.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэв.

 

Учир нь шатахуун худалдан авсан нь гэмт хэргийн улмаас хохирогчид шууд учирч байгаа бодит зардал биш юм. Хавтаст хэрэгт авагдсан “Сонс” гэх эмнэлэгт хохирогч хагалгаанд орж, эрүүл мэндийн үйлчилгээ авсан гэх эмнэлгийн тодорхойлолт байх боловч тухайн байгуулалгад төлбөр төлсөн болохыг нотлох НӨАТ тооцсон санхүүгийн баримт хэрэгт байхгүй тул дээрх тодорхойлолтоор хохирол тооцох нь хууль зүйн үндэслэлгүй болно.

 

 

Шүүгдэгч Р.Ө нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн талаарх шүүгдэгчийн дүгнэлт, хохирогчид учруулсан хохиролыг төлж барагдуулаагүй байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Луугар овогт Раднаасэдийн Р.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Өыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Р.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэйтэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч Р.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Өс 407.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Цогтбаатар /вэ82041979/-т олгож, хохиролын нэхэмжлэлээс 2.041.200 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхисугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эртэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ