Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1198

 

 

 

 

 

 

  2019           11           28                                           2019/ДШМ/1198                                                                                                                                                                                                     

Р.Ө-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Гэрэлмаа,

хохирогч Н.Ц-ын өмгөөлөгч Т.Мөнхсүлд,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,     

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1561 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Ц-, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Р.Ө-д холбогдох 1906053251949 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Л овгийн Р-ийн Ө-, Сэлэнгэ аймагт 1982 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, эгч, бэр, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /РД:00000000/

Р.Ө- нь 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа замын эгнээ байрнаас болж Н.Ц-тай маргалдан нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Р.Ө-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Р.Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Р.Ө-аас 407,000 төгрөг гаргуулж хохирогч Н.Ц-т олгож, 2,041,200 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Хохирогч Н.Ц-, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Т.Мөнхсүлд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолтой танилцаад “хохирогчид учирсан хохирлыг хангахаас татгалзсан, хохирлын төрлийг буруу зааж тодорхойгүй үлдээсэн тул шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүх дүгнэхдээ “нэхэмжилсэн бензиний 41,200 төгрөг, мөн хагалгааны төлбөрт 2,000,000 төгрөг төлсөн гэх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй үлдээж, хохирогчийн уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаар нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.” гэж хохирогч Н.Ц-т учирсан хохирлыг шийдвэрлэлгүй орхисон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь, хохирогчийн нэхэмжилсэн бензиний 41,200 төгрөг,  хамрын хагалгаа хийлгэсэн 2,000,000 төгрөгийг төлсөн болохыг эмчилгээ хийсэн “Сонс” эмнэлгийн албан ёсны тодорхойлолт нь “хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримт” биш гэдгийг нотлох баримт шүүхэд ирээгүй атал шүүхээс үнэлээгүй, заавал НӨАТ-тай баримт байх ёстой гэж үзэж хэргийн үйл баримтыг дутуу, буруу дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй байна. Хохирогчийн хохирлын асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулснаар дахин иргэний шүүхэд хохирлоо нэхэмжилж цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирох нөхцөл боломжийг шүүхээс бүрдүүлсэнд гомдолтой байна.

2. Хохирогчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хохирлоо нэхэмжил гэж дүгнэж байгаа бол хохирогчид учирсан барилга угсралтын гэрээний ажил гүйцэтгэх явцад шүүгдэгчийн буруутай ажиллагаанаас учирсан цалин хөлс, түүнтэй адилтгах хохирлыг хэрхэх талаар тодорхой тусгаагүй.

Учир нь, хохирогч Н.Ц- нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэнээс болж барилгын ажил гүйцэтгэж чадахгүй байгаа тухай “барилгын бригад ахлан ажиллуулдаг бөгөөд эмчилгээний хугацаанд гэрээний дагуу ажлын хэм алдагдах болсонд гомдолтой байна” гэж гомдолд /хх-4/ дурдсан байхад хохирлын асуудлыг шүүхээс хохирогчид учирсан хохирлыг нэхэмжлэх журмыг тодорхой тусгаагүй нотлох баримтын талаар дүгнээгүй байна.

Энэ нөхцөл байдал нь цаашид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэл гаргахад саад болох эсэхийг хохирогчид тодорхой болгоогүй, нотлох баримт, үйл баримтыг дутуу дүгнэсэн байна.

3. Хохирогчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэргийн материалыг бүрэн танилцуулаагүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь, хохирогч Н.Ц- барилгын ажил гүйцэтгэсэн гэрээнүүдээ болон ажил гүйцэтгэж чадаагүйн улмаас бусдад төлбөр төлөх болсон талаарх баримтыг хэрэгт хавсаргуулахаар мөрдөгчтэй очиж уулзахад хэргийг прокурорт шилжүүлсэн, прокурор дээр очиход шүүхэд шилжүүлсэн байсан. Шүүхэд уг баримтуудыг гаргаж өгөх боломж олдоогүйн улмаас хохирогчийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт баримтаар нотлогдож буй хохирлыг шийдвэрлэн цалин хөлс түүнтэй адилтгах орлогыг нэхэмжлэх журмын талаар тусгаж өгнө үү ...” гэв.

Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... хэрэгтэй танилцах боломжоор нь хангасан байгаа. Хохирогч баримтуудаа гаргаж өгсөн. Үүнийг үнэлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Тухайн нотлох баримт нь “2,000,000 төгрөг” гэсэн бичиг байсан тул шүүгч үүнийг үнэлэх боломжгүй гэж дүгнээд санхүүгийн баримт шаардсан. Харин иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн байгаа. Энэ баримтаа цуглуулсан юм бол давж заалдах шатны шүүхэд хандаж цаг алдаж байхаар иргэний шүүхэд хандаад асуудлаа шийдвэрлүүлэх боломж бүрэн байна. Мөрдөгч хэргийн материалтай танилцах нөхцөл боломжоор хангаад прокурорт хэргийг шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн дагуу “Зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам” үйлчлэх учраас прокурор 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Р.Ө-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ хохирогч, түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Р.Ө- нь 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ замын эгнээ байрлалаас болж Н.Ц-тай маргалдан нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Ц-ын “... нэг машины урдуур дохиогоо өгөөд ортол миний машин руу цохих шиг болсон юм. Зогсоод машинаас буугаад харахад машин хонхойсон байсан тул нөгөө жолоочид хэлэхэд намайг хэл амаар доромжилж маргалдсан. Тэр залуу намайг заамдаж аваад нүүрэнд 3 удаа цохисон ...” /хх 10/,

гэрч Э.Өлзийбатын “... жолоочийн баруун гар талаас цагаан өнгийн автомашин шахсанаас болоод ах урсгал сөрж зогссон. Ах уурлаад цонхоо онгойлгон нөгөө машины жолоочтой маргалдаж, машины тээшний хэсэгт нэг удаа цохисон. Тэр машины жолооч урд явж байхдаа 2-3 удаа огцом тоормос гишгэсэн. Уулзвар дээр нөгөө машинтай залуу бууж ирээд “машин хонхойлгочихлоо” гэж маргалдсан. Ах нөгөө залууг “зайл” гэхэд тэр залуу ахын футболкыг зуураад заамдахад ах тэр залууг 2 удаа алгадсан ...” /хх 14-15/,

шүүгдэгч Р.Ө-ы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 27-28/,

хохирогч Н.Ц-ын биед хамар ясны хугарал, баруун, зүүн завжинд шарх, доод зүүн 4 дүгээр шүдний сулрал, уруулд зулгаралт, зүүн хацар, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 10764 тоот шинжээчийн дүгнэлт /хх 17/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч Р.Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсний зэрэгцээ шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн хэрэгт нь тохирсон ял шийтгэсэн байна.

Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ шүүх “... нотлох баримтаар 407,000 төгрөгийн хохирол нотлогдож байна ...” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.   

Хэрэгт цугларсан хохирлын талаарх нотлох баримтуудыг судалж үзвэл “Гялс” төвийн эмчилгээ, үйлчилгээний төлбөрийн 95,100 төгрөг, “Амухүү” ХХК-ийн компьютер томографийн зургийн 10,000 төгрөг, “Мөнгөн гүүр” эмнэлгийн толгойн дүрс оношлогооны 150,000 төгрөг, эмний 30,400 төгрөг, эмийн бүтээгдэхүүний  6,200 төгрөг, 1,300 төгрөг, нийт 293,000 төгрөгийн нэхэмжлэл нь хэргийн 43, 44 дүгээр хуудаст авагдсан холбогдох нотлох баримтуудаар нотлогдсон болно.

Хэргийн 43 дугаар хуудаст авагдсан 8,000 төгрөг, 26,000 төгрөгийн баримтууд нь юунд зарцуулагдсан болох нь тодорхойгүй, “Гэрэгэ эмстимэйт” ХХК-ийн 20,000 төгрөгийн баримт нь автомашины эвдрэлийн үнэлгээний төлбөр байх тул хохирогчийн эрүүл мэндийн хохиролтой холбоогүй, 41,200 төгрөгийн шатахуун зарцуулсан гэх боловч хохирогчийн гэмтлийг эмчлүүлэхэд зайлшгүй шаардлагатай зардал биш гэж үзэхээр байна.

Иймд хохирогчийн гаргасан шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцож 293,000 төгрөгийг шүүгдэгч Р.Ө-аас гаргуулж хохирогч Н.Ц-т олгосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолын 6 дахь заалтад оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах гомдолд дурдсан 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн тухайд хохирогч Н.Ц- нь “Сонс” чих, хамар, хоолойн эмнэлэгт 2,000,000 төгрөгийн мэс ажилбар хийлгэсэн талаар тус эмнэлгээс 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/15 дугаар албан бичгээр тодорхойлолт гаргасан байх боловч энэхүү зардлыг төлсөн гэх албан ёсны санхүүгийн баримтыг гаргаж өгөөгүй учраас анхан шатны шүүх хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Н.Ц-т 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хэргийн материалыг танилцуулсан /хх 41/, хохирогч хэрэгтэй танилцан хохирлын талаар нотлох баримтуудаа гаргаж өгсөн /хх 43-47/, шийтгэх тогтоолын 7 дахь заалтад хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг тусгайлан заасан байх тул шүүгдэгч, өмгөөлөгч нарын хамтран гаргасан “... шатахууны зардал 41,200 төгрөг, хамрын мэс ажилбар хийлгэсэн зардал 2,000,000 төгрөгийн баримтыг буруу үнэлж, шийдвэрлэлгүй орхисон, хохирогчид хэргийн материал танилцуулаагүй, олох ёстой байсан орлогыг хэрхэх талаар заагаагүй ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Прокуророос Р.Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байхад анхан шатны шүүх хохирогч, шүүгдэгч нарын автомашинд учирсан хохирлын талаар дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хэтрүүлсэн зөрчил болохыг дурьдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1561 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “... 407,000 төгрөг ...” гэснийг “... 293,000 төгрөг ...” гэж өөрчилж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогч Н.Ц-, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ДАРЬСҮРЭН          

 

ШҮҮГЧ                                                          Н.БАТСАЙХАН

 

  ШҮҮГЧ                                                          М.ПҮРЭВСҮРЭН