Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2020/0160

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал Ч.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 892 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал Ч.Б 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 892 дугаар шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй болно. Учир нь:

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрээр 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсгийг үндэслэн “Х” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “...энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулах”-аар, 34.7-д “...Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална...” гэж заасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “...төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана...” гэжээ.

“Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 6-д “Хуулийн ...56 дугаар зүйлийн 56.2. 56.4, 62 дугаар зүйлийн 62.6-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно...” гэж тайлбарлан, хэрэглэж ирсэн.

“Монгол шуудан” ХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 04/296 дугаар албан бичиг болон түүний хавсралтад “Х” ХХК-ийн шинэ хаягаар 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 08 цаг 55 минутад захирал Ч.Б гардуулагдсан баримт нь тусгай зөвшөөрөл цуцлах тухай эсхүл хугацааг сунгасан албан бичгийн аль нь болохыг тодруулаагүй атлаа Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 7/6164 дүгээр албан бичгийг хүргүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй.

Учир нь “тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдэхийг мэдэгдсэн” гэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид хаягласан 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 7/6164 дүгээр албан бичгийг “Х” ХХК-д шуудангаар хүргүүлсэн гэх боловч хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын “Баримт бичиг хүлээлцэх дэвтэр. 2018 он” /29, 30 дахь тал/ болон “Монгол шуудан” ТӨХК-ийн баримт /хх 129 дэх тал/, үзлэгийн тэмдэглэлээр “Х” ХХК нь уг мэдэгдлийг хүлээн аваагүй бөгөөд хариуцагч байгууллага нь түүнийг гардуулсан буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулснаа нотолж чадаагүй болно.

Учир нь Ашигт малтмал, газрын тосны газрын “Баримт бичиг хүлээлцэх дэвтэр”-ээс үзвэл “Х” ХХК-д 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 7/6164 дүгээр албан бичиг буцаагдсан гэж үзэж үндэслэлтэй.

Захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүйгээс “цуцлагдах” үндэслэл бүрдэж байгаа болон хуульд заасан боломжит хугацааны алдангийг төлж тусгай зөвшөөрлийн хүчинтэй байдлыг хангах боломжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуульд заасан хугацаанд заавал мэдэгдэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “мэдэгдэл”-д заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол төлбөрийн баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлж “мэдэгдэл”-ийн үндэслэлийг хянуулах боломжтойг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-т зохицуулсан.

Хариуцагч захиргааны байгууллага нь 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 7/6164 дүгээр албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацааг цуцлах нөхцөл бүрдсэн болохыг дурдсан албан бичгээс 3 хоногийн дараа буюу 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 625 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 7/6205 дугаар албан бичгээр мэдэгдэж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийснийг мэдэгдсэн бөгөөд энэхүү албан бичгийг нэхэмжлэгч байгууллага нь хүлээн авсан болох нь “Монгол шуудан” ХК-ийн баримтаар нотлогдож байгаа болно.

Гэтэл Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаснаас 2 сар гаруйн хугацааны дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “...зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх...”, 4.2.6-д “...бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах...”, 4.2.8-д “...Хууль ёсны итгэлийг хамгаалах...” зарчмуудыг ноцтой зөрчиж, нэхэмжлэгч байгууллагын тусгай зөвшөөрлөө эзэмших эрхээ хадгалах нөхцөлийг хэрэгжүүлэх боломжгүйд хүргэж эрх ашиг сонирхлыг нь зөрчсөн.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болохыг мэдээгүй, захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийг цуцлах талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуульд заасны дагуу мэдэгдээгүй бөгөөд түүний дараа тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн атлаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуульд заасан алдангийг төлөх, төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацаа тооцох нөхцөл боломжийг олголгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахдаа баримтлах дээрх зарчмуудыг баримтлаагүй.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага сонсох ажиллагааг заавал явуулах ёстой бөгөөд бидэнд энэхүү ажиллагааг явуулах талаар мэдэгдээгүй, 28 дугаар зүйлийн 28.2-т заасан ийнхүү сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүргээ биелүүлээгүй байхад шүүх энэ нөхцөл байдлыг тодруулалгүй хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг гаргасан.

Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны Захиргааны хэргийн танхимаас нийт шүүхүүдэд зөвлөсөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгох түүнийг цуцлах, дуусгавар болох үйл ажиллагаатай холбогдсон харилцаанаас үүссэн маргааны Зөвлөмжийн Долоо-д “Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах нэг үндэслэл болдог. Тусгай зөвшөөрлийг дээрх үндэслэлээр цуцалсан талаарх маргаантай хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ төрийн захиргааны төв байгууллага хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4, 56.5-д заасан журмыг хангаж ажилласан эсэхийг тухайлбал тусгай зөвшөөрөл эзэмшигчийн лицензээ хүчинтэй байлгах хуулиар олгогдсон эрхийг хангасан эсэхийг сайтар шалгаж, нягтлан үзэх нь зүйтэй...” гэж дурдсаныг энд тэмдэглэж байгаа бөгөөд анхан шатны шүүх дээр дурдсанчлан захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хүчинтэй байлгах хуулиар олгогдсон эрхийг хангасан эсэхийг нягтлан шалгаж үндэслэл бүхий дүгнэлтийг гаргаагүй болно.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7/7641 дүгээр албан бичгээр ирүүлсэн “Х” ХХК-ийн .......... тоот Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн мэдээ гэх баримтыг Кадастрын хэлтсийн мэргэжилтэн У.С гаргаж, уг хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Т хянасан байх бөгөөд уг албан тушаалтнуудад тухайн баримт, тооцооллыг гаргах эрх бүхий этгээдүүд мөн эсэхийг шүүхээс тодруулах ажиллагаа явуулаагүй нь шүүх нотлох баримтыг үндэслэл бүхий дүгнээгүй гэж үзнэ.

Учир нь тухайн баримтад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлсөн төлбөрийг зөрүүтэй бичиж, төлбөрийн зөрүүг 14 548,50 гэж тооцоолсон байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан хариуцагчаас гаргаж өгсөн “журнал” гэх баримттай зөрүүтэй байхад шүүх энэхүү зөрүүтэй тооцооллыг тодруулалгүй, тухайн 2 баримтын аль нь үнэн зөв, эргэлзээгүй эсэхийг нягтлан шалгалгүй хариуцагчийн тайлбарыг үндэслэж “хариуцагчаас ирүүлсэн журналын бичилт, төлбөр төлөлтийн мэдээллээр тогтоогдов” гэж үзэж нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах үүргээ зөрчиж, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүйд гомдолтой байна.

Дээрх зүйлээс үндэслэн хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүйн улмаас цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг урьдчилсан байдлаар албан ёсоор хүргүүлэх үүрэгтэй байх бөгөөд ийнхүү мэдэгдлийг хүргүүлснээс хойш тусгай зөвшөөрлийг цуцлах эрх хариуцагчид үүсэхээр зохицуулагдсан бөгөөд Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 7/6164 дүгээр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг /хх 125 дахь тал/-ийг нэхэмжлэгчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “...Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ...” гэсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тайлбар, нотлох баримт гаргах эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 892 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөлд хавсаргах бичиг баримтын нэг нь “тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн тухай баримт” байдаг.

Гэтэл анхан шатны шүүхээс “…хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан тохиолдолд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх хугацааг хуулиар тодорхойлоогүй, энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуульд заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлнө” гэж заасан хугацааг баримталж төлбөр төлөхийг шаардах нь хуулийн үзэл баримтлалд нийцэхээр байна. …сунгагдаагүй байгаа, эсхүл сунгах эсэх нь тодорхойгүй тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөхийг шаардах хууль зүйн үндэслэлгүй тул захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэсний дараа тусгай зөвшөөрөл эзэмшигчид тухайн жилийн төлбөр төлөх үүрэг үүснэ…” гэх зэргээр хэрэгт хамаарал бүхий хуулийн заалтыг буруугаар тайлбарлаж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт өгөөгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.2-т хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтэд өмнөх жилийнхээс гадна сунгагдах жилийн эхний төлбөрийг төлсөн байх шаардлага давхар тавигддаг, энэ нь уг хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэснээр тайлбарлагдана.

Түүнээс шүүхийн шийдвэрт дүгнэсэнчлэн сунгагдах эсэх нь тодорхойгүй тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг эзэмшигч хуулийн этгээдээс сунгуулах хүсэлт гаргахдаа төлөхгүй байх боломжтой мэт, харин сунгагдсан тохиолдолд тийнхүү сунгагдсанаас хойш 10 хоногийн дотор төлөх үүрэгтэй мэтээр ойлгох нь хууль зүйн хувьд үндэслэлгүй дүгнэлт болно. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлөх хугацааг анх олгосон өдрөөс хойш тооцохоос бус сунгагдах бүрт өөрчлөгдөхгүй, түүнчлэн зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 10 хоногийн дотор төлөх ойлголт огт байхгүй.

Анх Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 623 дугаар шийдвэрээр “Э” ХХК-д олгосон ...... тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “Х” ХХК-д жилийн дараа буюу 2016 онд шилжүүлэн эзэмшүүлсэн, уг тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралтад тэмдэглэснээр анх олгосон огноог 2015 оны 9 дүгээр сарын 2-ын өдрөөс эхлэн тооцоход эхний 3 жилийн хугацаа 2018 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр дуусгавар болох бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасны дагуу хайгуулын талбайн гектар тутамд 3 дахь жилд 435 төгрөг буюу энэ нь ...... гектар талбайд 407.564,55 төгрөг төлөхөөр байна.

Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах 2018 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 1 сарын өмнө буюу 7 дугаар сарын 27-ны өдөр тусгай зөвшөөрлийг сунгуулахаар гаргасан өргөдөлдөө 4 дэх жилийн төлбөрийг урьдчилан төлсөн /гэхдээ төлбөрийн хэмжээг 3 дахь жилийнхтэй адил 408.000 төгрөгөөр төлсөн/ баримтыг хавсаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.

Харин Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 625 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгахдаа энэхүү төлбөрийн хэмжээ хуульд нийцсэн эсэхийг тодруулан шалгаагүй нь хариуцагчтай холбоотой, өөрөөр хэлбэл 4 дэх жилийн төлбөр нь 1 гектар тутамд 435 төгрөг бус харин 1450 төгрөг буюу ....... гектар талбайд 1.358.548,5 төгрөг төлөхөөр байсныг хариуцагчаас нягтлан шалгаагүй байна.

Нэхэмжлэгчийн тухайд урьд жилийн төлсөн хэмжээгээр 4 дэх жилийн төлбөрийг урьдчилан төлж, хуульд заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг гаргасан байх тул хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу хариуцагч өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж нэхэмжлэгчийг мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх атал дээрх байдлаар сунгасны дараа одоогийн маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хуульд нийцсэнгүй.

Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээ 4 дэх жилээс нэмэгдсэн болохыг, нэхэмжлэгчийн тухайн үед төлсөн төлбөр дутуу байгааг өргөдлийг хүлээн авснаас хойш 10 өдрийн дотор хянахдаа мэдэгдсэн тохиолдолд нэхэмжлэгч дутуу төлбөрийг төлөх боломжтой байсан нь хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалснаас хойш 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 940.000 төгрөг төлсөн нөхцөл байдлаар тогтоогдоно.

Гэвч нийтдээ 1.348.000 төгрөг төлсөн нь хуульд заасны дагуу төлөх төлбөрөөс 10.548 /арван мянга таван зуун дөчин найм/ төгрөгөөр дутуу байгаа нь мөнгөн дүнгийн хувьд ч, бодит нөхцөл байдалд ч цуцалсан шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл болохгүй.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нэг үндсэн нөхцөл нь тухайн зөвшөөрлийн хуульд заасан төлбөрийг төлөх явдал байдаг.

Нэхэмжлэгчээс төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөхдөө дутуу төлсөн нь буруу ч, үүнийг хянан шалгах үүргийг хариуцагчид хуулиар хүлээлгэсэн тул нэгэнт тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан энэ тохиолдолд дутуу төлсөн гэдэг үндэслэлээр цуцлах бус гүйцээн төлүүлэх байдлаар нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар сунгуулах эрхийг хангах нь хуульд нийцнэ.

Харин цуцлах үндэслэл бүрдсэн тухай 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 7/6164 дүгээр мэдэгдлийг нэхэмжлэгч компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ч.Б 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 08:55 цагт гардуулж өгсөн болох нь “Монгол шуудан” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 04/296 дугаар албан бичиг, Ашигт малтмалын газрын явуулсан бичгийн бүртгэлийн дэвтэрт буцалт хийсэн тэмдэглээ хийгдээгүй зэргээр тогтоогдох тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “мэдэгдэх” үүргээ биелүүлээгүй гэж гэж хариуцагчийг буруутгах боломжгүй, энэ талаарх гомдлын холбогдох хэсэг үндэслэлгүй болно.

Бодит нөхцөл байдлаас дүгнэхэд 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг, үүнээс 4 хоногийн дараа буюу 11-ний өдөр тусгай зөвшөөрлийг сунгасан тухай мэдэгдлийг тус тус нэхэмжлэгчид хүргүүлж буй нь ойлгомжгүй, иймд нэгэнт сунгахдаа шалгаагүй атлаа мөн санаатай бус төлбөрийн дутуу төлөлтийн улмаас нэхэмжлэгчийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийн холбогдох хэсэг Ашигт малтмалын тухай хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг үндэслэн болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 892 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 32 дугаар зүйлийн 32.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан “Х” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, тус газрын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН