Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 461

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Хүдэрт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                        

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Гансүх, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Э.Ундраххэрлэн,

            ялтан Т.Хүдэр/хорих 461 дүгээр ангиас цахим сүлжээгээр/

            нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

           

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэндаргалж, шүүгч Э.Чингис, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 247 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Т.Хүдэрийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 201725010345 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Еншөөбү овгийн Тэгштөрийн Хүдэр, 1992 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр баг, Жаргалант хаягт бүртгэлтэй, ам бүл 5, ах, эгч, 3 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 86а байрны 100 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ШУ92031015/,

           

            Ялтан Т.Хүдэр нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан хуаран хотхоны 86в байрны 2 дугаар орцны үүдэнд Ч.Санжмятавтай миний мөнгийг хулгайллаа гэснээс болж хувийн маргаан үүсгэн маргалдсаны улмаас иргэн Ч.Санжмятавыг зодож түүний биед “дагз ясны хугарал” бүхий хүнд гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Т.Хүдэрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Хүдэрт холбогдох Эрүүгийн хэргийг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Т.Хүдэрийн цагдан хоригдсон 62 хоногийг түүний эдлэх яланд тооцож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэмэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

            Ялтан Т.Хүдэр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь өөрийн гэм буруутай үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байна. Тухайн гэм буруутай үйлдлийг анх сэдэж, миний биеийг гэм буруутай болгосон хохирогч гэх Ч.Санжмятав болон мөн гэрч нар нь илтэд буруу мэдүүлэг өгсөн байдлаас харагдаж байхад хэт нэг талыг барьж ял оноож байгаа нь ойлгомжгүй байна. Миний бие нь урьд өмнө хэрэгт холбогдож байгаагүй учир хэзээ хаана хэргийн ямар шатанд гомдол гаргах, өмгөөлөгч авах зэргийг огт ойлгохгүй явсаар ялтан болж байгаад үнэхээр харамсаж байна.2016 оны 12 дугаар сарын 31-ний орой 09 цагийн орчим Цагаан хуаран 86/б байранд дуудлагаар ирсэн эргүүлийн цагдаа нь бүх үнэн байдлыг гэрчилнэ. Гэрч нар нь хохирогчийн нүүр ам нь нил цус болсон Т.Хүдэрээ нүдээд байсан гэдэг. Эргүүлийн цагдаа ирэхэд нүүр ам нь зүгээр байсан ба ах нь чиний юмыг авсан одоо өгөх зүйл байхгүй шинэ он гарах гэж байхад гэр орондоо байя гэж эргүүлийн цагдаа болон надаас гуйгаад салаад явсан цаг мөчөөс хойш дахин одоог хүртэл хохирогч нь олдохгүй байгаа, мөрдөн байцаагч прокурор нар нь чи хавсарч унагаад нэг алгадсандаа тохирох ялаа ав гэж ойлгомжгүй зүйл ярьсан.Мөрдөн байцаагчийг прокурор нь хохирогчийг олж үнэнийг тогтоо гэхэд тэр хүн чинь хаана байгаа нь мэдэгдэхгүй, олж чадахгүй,Т.Хүдэрээ чи бол ял авахгүй шүүхээс салчихна гэсэн.Миний бие мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчгүй нэг удаа байцаалт өгсөн.  Хүнд гэмт хэрэгт өмгөөлөгчтэй байцаалт өгнө гэснийг надад огт сануулаагүй болно. Энэ байдлыг миний хууль ёсны өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч буюу Т.Хүдэрээгийн эд зүйлийг авч гэм буруутай үйлдлийн эх үүсвэрийг тавьсан хохирогч Ч.Санжмятав болон гэрч нарыг шүүх хуралд оролцох ёстойг хэлэхэд улсын яллагч шүүгч нар нь цагдаа явуулж дуудуулсан боловч олдохгүй байна гэснээр шүүх хуралдаан явагдаж ял оноож байгаа нь нэн ойлгомжгүй байна.Хохирогч Ч.Санжмятавын толгой нь 1.5 см язарч 3 ширхэг оёдол тавиулсан байхад гэрч Б.Мянган-Аюуш нь 8 ширхэг оёдол тавиулсан гэж худал мэдүүлснийг шинжээч эмч М.Энхтайван нь 3 ширхэг оёдол тавьсан гэсэн байдаг. Мөн гэрч П.Бямбаа нь 2016 оны 12 дугаар сарын 31-нд шөнө харуулд гарч байхад Ч.Санжмятав нь өөрөө 2 шил 0.5 литрийн Сархад архи авч ирээд уусан гэдэг. Тэгэхэд Ч.Санжмятав нь 1 шил 0.5 литрийн “Сархад” архи авч ирсэн гэж зөрүүтэй мэдүүлсэн болон бусад гэрч нар нь цаг хугацаа болон болсон үнэн байдлыг санаатайгаар алдагдуулсан байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 42 дугаар зүйлийн 42.5.2, 42.6 дахь заалтыг хохирогч, гэрч нар нь ноцтой зөрчиж байгаа тул гомдолтой байна. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2-т заасныг баримтлан хэргийг дахин мөрдөн байцаалтанд буцааж өгөхийг хүсч байна.

Үүнд: дуудлагаар ирж нөхцөл байдлыг харсан эргүүлийн цагдааг олж гэрчийн мэдүүлэг авахыг хүсч мөрдөн байцаагчид хэлсэн боловч тийм цагдаа байна лээ...гэхээс өөр юм хэлээгүй ба гэрчээр байцаалт аваагүй,миний биед ажлын хөлс болох хэдэн төгрөг байсныг гэрчлэх Саран гэх хүнийг байцаагаагүй. Гар утсыг нь гуйж аваад авч явсан Сүхбат гэдэг хүүхэд байдаг. Үүнийг мөн гар утсаа надад өгсөн талаар байцаасан боловч шийтгэх тогтоол болон яллах дүгнэлтэд дурдаагүй.Хохирогч гэх Ч.Санжмятав нь миний биеэ авч явж чадахгүй согтуу байдлыг далимдуулан өөрийн гэр буюу подвалд оруулж унтуулаад биед байсан бэлэн мөнгө болон хоёр ширхэг гар утсыг авч хохироосоноо илтэд худал мэдүүлэг өгсөнд гомдолтой байна. Хохирогч Ч.Санжмятав нь 2016 оны 12 сарын 31-ний өдөр 17 цагийн орчимд 20000 төгрөг аваад 1 шил архи авчрахаар явсан. Гэтэл гэрч П.Бямбаатай хамт 0,5 литрийн “Сархад” нэртэй архийг уухдаа намайг харах гээд подваль руу ороход би унтаж байсан гэдэг. Ч.Санжмятав 17 цаг өнгөрч байхад “JULIE” гэх дэлгүүр лүү явсан гэж худал мэдүүлэг өгсөн. Гэрч П.Бямбаа нь 12 дугаар сарын 31-ний өдөр харуулаар гараагүй. Энэ өдөр Э.Гансүх, П.Бямбаа хоёрын хэн нь гарсан нь тодорхойгүй. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өглөө Нэргүй гэх харуул шинээр гарсан. Иймд гэрчийн мэдүүлгийн үнэн зөв болохыг шийдвэрлэж хэргийн бодит үнэн байдалд тулгуурлан, ялын хэм хэмжээ эрх зүйн байдлыг дордуулахгүй ял хөнгөрүүлж, хорих ялын дэглэмийг бууруулж өгнө үү гэжээ.

Прокурор П.Ундраххэрлэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Давж заалдах гомдолд хэргийн газар дуудлагаар очсон цагдаагийн ажилтанг гэрчээр асуугаагүй гэсэн байна. 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр мөрдөн байцаагч Т.Дорждэрэм гэх хүнийг гэрчээр байцаалт өгүүлсэн нь хавтаст хэргийн материалд авагдсан. Мөн гэрчийн мэдүүлгүүдийг цаг хугацааны хувьд зөрүүтэй талаар бичжээ. Хохирогч тухайн өдөр согтуу байсан. Гэмтэл Согог судлалын үндэсний төвд байхдаа Т.Хүдэрийн талаар ярьж байсан. Гэхдээ яагаад эмнэлэгт хүргэгдсэнээ санахгүй байна гэж хэлдэг. Дараа нь хэргийн талаар санаж байна гээд 2016 оны 12 сарын 30-наас 31-нд шилжих шөнө Т.Хүдэр нь Цагаан хуаран хотхоны 86в байрны 2 дугаар орц руу орох гэж байхад Ч.Санжмятавтай таарсан. Ч.Санжмятав тухайн байранд орцны жижүүр хийдэг, подвальд амьдардаг байсан. Гэтэл Т.Хүдэр хонох газар байна уу гэсэн байдлаар хандсан гэж мэдүүлдэг. Тухайн үед Т.Хүдэр нь Цагаан хуаран хотхоны ойролцоох бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж хэлдэг. Гэрч П.Бямбаа нь өглөө ажлаа хүлээлгэж өгөхөөр Цагаан хуаран хотхоны 86в байрны ойролцоо явж байтал Т.Хүдэр нь Ч.Санжмятавыг зодож байсан. Ч.Санжмятавын толгой цус болсон байсан гэж мэдүүлдэг. Мөн гэрч Э.Гансүх болон СӨХ-д ажилладаг хүмүүс дээрх хэргийн нөхцөл байдлыг харсан байдаг. 2016 оны 12 дугаар сарын 31-ны 11 цагийн орчимд дуудлагаар цагдаагийн алба хаагч очсон. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас түргэн тусламж дуудаж үзүүлээгүй. Гэмтэл авсны маргааш өглөө нь таталт өгсөн учраас түргэн тусламжаар хүргэгдсэн. Хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон.  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.     

                                                                        ХЯНАВАЛ:

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 247 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцжээ.

            Т.Хүдэр нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Цагаан хуаран хотхоны 86в байрны 2 дугаар орцны үүдэнд Ч.Санжмятавыг миний мөнгийг хулгайллаа гэснээс болж хувийн маргаан үүсгэн маргалдсаны улмаас иргэн Ч.Санжмятавынбиед “дагз ясны хугарал”бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ч.Санжмятавыг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр  байцаагдсан:“...2016 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Цагаан хуаран хотхоны оршин суугч Т.Хүдэрээ гэх зүс таних залуу согтуу ирээд орцондоо хонуулаач гэхээр нь би тэг гэсэн. Тэгээд би хөнжил гаргаж өгчихөөд байж байтал намайг архи уух уу гэхээр нь би тэгье гэсэн чинь Э.Гансүхийн виза картыг 20 000 төгрөгтэй хамт гаргаж ирээд та энэ мөнгөөр ганц шил архи олоод ир гэж хэлэхээр нь би Т.Хүдэрээг гаднаас нь цоожлоод гараад явсан. Тэгээд би хойшоо такси бариад бөхийн өргөөний хажууд байдаг “JULIE” гэх нэртэй дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн “Сархад” архи аваад буцаад ирсэн. Ингээд би Т.Хүдэрээг цоожилж орхисон өрөөнд орсон чинь гаднаас хаалга эвдээд гараад явчихсан байхаар нь авсан архиа П.Бямбаатай хувааж уугаад 5 цаг болж байхад доошоо орж унтлаа гээд 86а байрны 1 дүгээр орцны 00 орчихоод грашаараа дамжаад орц руу орсон чинь орцны гэрэл асахгүй харанхуй байсан. Ингээд би тэр грашид тасраад сэрсэн. Тэгээд би босоод дээшээ харуулын путки руу очих гэж яваад Т.Хүдэрээтэй таарсан. Ингээд би нэг мэдсэн гэртээ ороод хэвтэж байсан. Т.Хүдэрээ ахиж орж ирээд надад 300 000 төгрөг байсан. Та авчихлаа миний мөнгө хаана байна гээд намайг хэвтэж байхад миний зүүн мөр рүү өшиглөөд таниас өөр хэн авдаг юм гээд миний хармааг нэгжиж байгаад босоод ирсэн чинь миний шанаа руу цохиод би нэг мэдсэн ухаан алдчихсан. Нэг сэрсэн чинь эхнэр ирчихсэн уйлж орилоод түргэн дуудаад түргэн ирээд миний толгойд оёдол тавьчихаад явсан. Тэгээд эхнэр Б.Мянган-Аюуш надад хоол унд авчирж өгөөд би идэж байгаад унтаад сэрсэн чинь Т.Хүдэрээ орж ирчихсэн “намайг ална миний мөнгийг өг, чамайг өгөхгүй бол чигчий хурууг чинь тасдаж авна” гээд цаасны хутга барьчихсан зогсож байсан. Би болсон зүйлийг бүдэг бадаг санаад байна. Миний ухаан санаа жоохон орж гараад байсан. Ер нь бол би согтуу байсан...” гэх мэдүүлэг,/ хх-ийн 12-13/,

Гэрч Э.Гансүхийн: “...2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10 цагийн үед гэрээсээ гараад харуулын байран дээр харуул П.Бямбаатай нэг тийшээ явах гээд хүлээгээд сууж байхад П.Бямбаа 86 б байрны 12 давхраас бууж ирсэн. П.Бямбаа бууж ирэхгүй удаад байхаар нь 86 б байрлуу алхаж байсан 86 в байрны 2 дугаар орцны үүдэнд Санжаа хөлөө жийгээд доошоо суучихсан Т.Хүдэрээ хажуунаас нь чи миний мөнгийг өг гээд зодох гээд дайраад байсан. Ч.Санжмятавын нүүр нь цус болчихсон П.Бямбаа голоор нь ороод салгаад байсан. Тэгээд би очоод Ч.Санжмятавыг 86 в байрны 2 дугаар орц руу оруулж өгчихөөд явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14/,

Гэрч Э.Гансүхийг дахин байцаасан: “...би он сар өдрийг андуурч байж магадгүй 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шөнийн 2 цаг болж байхад Т.Хүдэрээ манай харуулынбайранд орж ирээд виза карт байна уу? хүнээс мөнгө авах болчихоод байна гэж хэлээд миний 5450323650 дансны дугаартай картыг аваад явсан. Тухайн үед миний картанд нээх их мөнгө байгаагүй ба 600 төгрөг байсан байх гэж бодож байна. Тэр өдрийн өглөө харуулаас буугаад гэртээ амарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

            Гэрч П.Бямбаагийн: “...2016 оны 12 дугаар сарын 31-ний шөнө намайг харуулд гарч байхад Ч.Санжмятав шөнө 5 цаг өнгөрч байхад харуулын байранд орж ирээд “JULIE” рүү архинд явлаа гээд явсан. Тэгээд буцаж ирэхдээ 2 шил “Сархад” архи авлаа гээд барьж ирээд тэр архиа манай манаачийн байранд уучихаад Тулгаа гээд лифтчин залууг дуудаж хамт архи ууж байгаад Тулгаа түрүүлээд орц руу орсон. Тэгээд Ч.Санжмятав манай байранд байж байгаад 86в байрны 2 дугаар орц руу орсон. Тэгээд өглөө 9 цаг өнгөрч байхад ээлж хүлээлцэхээр байж байсан 86в байрны 2 дугаар орцны гадаа Ч.Санжмятавыг Т.Хүдэрээ гээд залуу газар унагачихсан хөлөөрөө толгой руу нь дэвсээд байхаар нь би салгасан. Тэгээд Э.Гансүх манаач Т.Хүдэрээг салгаад манай байр руу чиглээд урагшаа аваад явсан. Би тэгээд ажилтай байсан болохоор цааш явчихсан. Ч.Санжмятавын зулай хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд би 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр ээлж хүлээж авахад Ч.Санжмятав гэмтлийн эмнэлэг явсан гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

            Гэрч Б.Мянган-Аюушийн: “...2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг өнгөрч байхад Цагаан хуаран хотхонд байсан Ч.Санжмятав дээр очсон. Би шууд 86 в байрны подволд байрлах Ч.Санжмятавын байрладаг өрөө рүү орход гадна цоож эвдэрчихсэн хаалга нь онгорхой байхаар нь орсон чинь Ч.Санжмятав толгойноос нь цус гарчихсан орон дээр хэвтэж байсан. Сэргээх гэж түлхэж үзсэн сэрэхгүй байхаар нь орны даавуу толгой дээр нь бариад дээшээ гарч 103 дуудсан. 103-н эмч 11 цагт ирээд дээд язарсан толгойд нь 8 оёдол тавьсан. Тэгээд түргэний эмч гэмтэл рүү явж гавал ясны зураг яаралтай авахуулаарай гэж хэлээд яваад өгөхөөр нь би Ч.Санжмятавыг 00 өрөөнд оруулж цус нөжийг нь угаагаад хувцасыг нь өмсүүлээд эмнэлэг явах гэсэн боловч автобусны мөнгө олдоогүй. Тэгээд би 15 цаг өнгөрч байхад Ч.Санжмятавтай хамт харуулын байранд Гантулга гээд лифтчин залууг хүлээгээд зогсож байсан чинь гаднаас Т.Хүдэрээ гээд байгаа залуу орж ирээд Ч.Санжмятавтай миний виза карт мөнгө өг гээд маргалдаад Санжааг гараад ир гээд дагуулж гараад Ч.Санжмятавын байрладаг подвол руу орохоор нь би араас нь ороод Т.Хүдэрээг чи яагаад манай нөхрийн тархи толгойг цус нөжтэй нь хольчихож байгаа юм бэ гэсэн чинь миний мөнгө картыг авчихаад өгөхгүй байна. Би нөхөртэй чинь ярьж байна таньд хамаагүй гэсэн. Тэгэхээр нь би наад хүний чинь толгой тархинаас цус гараад тогтохгүй байна чи харж байгаа биздээ гэсэн чинь та хар нөхрөө өмөөрөөд байгаа юм уу? наадхыг чинь өчигдөр шөнө гүйцээчихдэг байж, харин ч гайгүй цохисон шүү гэж хэлсэн.Тэгээд би араас нь тэр хоёрыг дагаад яваад байсан чинь намайг тэр Т.Хүдэрээ та гэртээ харь би нөхрийг чинь явуулахгүй гээд салж өгөхгүй шөнөжингөө дагуулаад яваад энд тэнд аваачаад зодоод байсан. Тэгээд он солигдсоны дараа Ч.Санжмятав бид хоёр доор өрөөнд хэвтэж байсан чинь орж ирээд та хэвтэхгүй, унтах ёсгүй. Хүний юм хулгайлчихаад юундаа унтаад байгаа юм гээд татаж босгоод цохиод Ч.Санжмятавын 2 нүднээс нулимс гоожоод бөөлжөөд байсан. Ингээд өглөө болоод Ч.Санжмятав ханиа би нэг л биш байна гэж хэлээд хажууд ухаан алдаж унаад амнаас нь хөөс сахрахаар нь түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хх 19/,

            Гэрч Т.Дорждэрэмийн: “...2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан хуаран хотхон байрны подволд согтуу хүн агсам тавиад байна гэсэн дуудлагын дагуу очиж дуудлага өгсөн утас руу холбогдоход утас нь холбогдохгүй болчихоор нь жиижүүрийг нь дагуулаад подвол руу орсон чинь подволд ямар ч хүн байгаагүй. Ингээд хүн байхгүй болохоор нь буцаад явж байсан чинь 102-т дахиад дуудлага орж ирэхээр нь 8813-тай дугаар руу нь залгаад очиж уулзсан чинь утасных нь цэнэг дуусаад холбоо барьж болсонгүй гэж хэлсэн. Намайг очиход толгойгоо хагалуулчихсан 40 гаран насны залуу болон 40 орчим насны эмэгтэйн хамт байсан. Хэн толгойг чинь хагалсан гэхэд хамт ууж байсан хүн хагалсан гэсэн. Тэгээд дуудлага өгсөн хүн нилээн согтуу байсан бөгөөд 103 дуудсан гэхээр нь дуудлагаа хаагаад явсан...” гэх мэдүүлэг /хх 22/,

            Гэрч Б.Наранхүүгийн: “...2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өглөө 11 цаг өнгөрч байхад дуудлага аваад очиход Ч.Санжмятав гээд эрэгтэй хуйхандаа 1.5 см язарсан шархтай байсан. Юу болсон талаар асуухад өглөө үүрээр таньдаг залуутай маргалдаад цохиулчихсан гэж ярьж байсан. Ч.Санжмятав нилээн согтолттой байсан. Тэгээд үзлэг хийгээд язарсан шарханд 3 оёдол тавьж шархыг тогтоож боолт хийсэн. Намайг үзэхэд биеийн байдал хэвийн байсан бөгөөд гэмтлийн эмнэлэгт толгойны зураг авахуулаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 23/,

Т.Хүдэрийн сэжигтнээр өгсөн:  “... тэр өдөр 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө 3 цаг болж байхад гэртээ харих гээд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 86 в байрны 2 дугаар орц руу орох гэсэн чинь орцны чип байхгүй учраас харуулын путкины үүдэнд зогсож байхад Ч.Санжмятав ах гарч ирээд намайг дагуулж 86в байрны подвол руу ороод өөрийнхөө амьдардаг байр руу оруулаад гаднаас цоожилчихсон байсан. Тэгээд би унтаад сэрсэн чинь гаднаас цоожилчихсон ганцаараа байхаар нь хаалгыг нь эвдэж гараад орцны хаалгаар гарах гэсэн чинь Ч.Санжмятав өөдөөс согтуу орж ирж байхаар нь би мөнгөө нэхсэн чинь би аваагүй гээд байхаар нь бид хоёр маргалдаад орцны гадаа Ч.Санжмятавыг баруун хөлөөрөө хавирч унагаагаад нэг удаа нүүр рүү нь алгадсан. Ингээд маргалдаад байж байтал тус Цагаан хуаран хотхоны хоёр харуул ирээд салгасан, би гэртээ ороод хэсэг байж байгаад гарч ирээд орой 18 цаг болж байхад гадаа гарж ирээд Ч.Санжмятавын байр руу нь орсон чинь эхнэртэйгээ архи уучихсан сууж байхаар нь дагуулж гараад СӨХ-ийн дарга Төгссайхан дээр орсон. Ингээд танай энэ ажилтан чинь миний мөнгийг авчихсан байна гэсэн чинь наад хүн чинь манайд ямар ч хамаагүй, ажилдаггүй гэж хэлсэн. Тэгээд Ч.Санжмятав нэг тень аваад айлд оруулж өгнө тэгээд мөнгийг нь өгнө гэж хэлээд алга болчихсон. Ингээд би харуулын путикенд сууж байхад хоёр хөдөлгөөнтийн цагдаа ирээд Ч.Санжмятав бид хоёрыг цагдаагийн хэсгийн гадаа авчраад шинэ жил болох гэж байхад маргалдаад яахав авсан эд зүйлийг нь байвал өг гэж хэлсэн чинь одоо ах нь мөнгө цаас байхгүй гэж хэлэхээр нь би тоохгүй заа одоо болъё гээд харьсан. Ингээд Наранхүү гээд манаачийнд орж шинэ оноо гаргасан. Тэгээд шинэ он гарчихаад буцаад харуулын путик орж тэнд унтчихсан байсан. Өглөө сэрсэн Ч.Санжмятав байхгүй байсан. Тэрнээс хойш уулзаагүй...” гэх мэдүүлэг /хх 42/,

            Т.Хүдэрийг яллагдагчаар байцаагдсан: “...би 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр орой 17 цаг өнгөрч байхад хуучин хамт ажилдаг байсан цэвэрлэгч эгч Оюунтай хамт ажилаас гараад ажилын хөлс болох 100 000 төгрөг Оюун эгчийн данс руу хийлгэж аваад салсан. Би Цагаанхуаранд ирэхэд бэлэн 120 000 төгрөгтэй, нокиа 6070 маркийн гар утастай байсан. Гар утсаа би 4 сарын өмнө 40 000 төгрөгөөр авсан байсан. Өөр “wega” гээд мэдрэгчтэй утас байсан. Үнэлж мэдэхгүй. Тэгээд өөр бичиг баримт байхгүй болсон байсан. Би Гансүхийн картаар гүйлгээ хийгээгүй. Би Ч.Санжмятав дээр байнга очоод байсан нь дээр байдаг 100 тоотод орж гараад байсных юм. Тухайн үед Мэндсайхан гэртээ байсан...” гэх мэдүүлэг /хх 45/,

Шинжээч эмч М.Энхтайвангийн: “...хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх бөгөөд хатуу ултай тодорхой тооны жинтэй гуталтай үед үүсэх боломжтой. Толгойн дагз хэсгээр хатуу гадаргуутай хавтгай газар унах үед үүснэ. Гавлын ясны хугарал цусан хураа нь 1 удаагийн үйлчлэлээр, хуйхны шарх зөөлөн эдийн няцрал нь 1 удаагийн үйлчлэлээр , 2 ташааны цус хуралт нь 1, 1 удаагийн үйлчлэлээр үүснэ...” гэх мэдүүлэг /хх 29/,

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1256 дугаар актад: “...Ч.Санжмятавын биед дагз ясны хугарал, баруун чамархай зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн ташаа баруун ташаа цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх 26/,Гэмтэл согог судлалын үндэсний төвд Ч.Санжмятав хэвтэж эмчлүүлж байсан гэх өвчний түүхийн хуулбар /хх 50-59/,болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоосон,хэргийн зүйлчлэл зөв байна.

Давж заалдах гомдлын тухайд:

            Хохирогч Ч.Санжмятавт учирсан гэмтлийн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1256 дугаар акт гарсан ба энэхүү дүгнэлтэд нь “...Ч.Санжмятавын биед дагз ясны хугарал, баруун чамархай зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн ташаа баруун ташаа цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий байдал үүсээгүй, хэргийн талаар Э.Гансүх, Б.Мянган-Аюуш, Т.Дорждэрэм, Б.Наранхүү,  гэмтлийн талаар шинжээч эмч М.Энхтайван нараас хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсан ба гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрөөгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон тул хэргийг дахин шалгах шаардлагагүй, ялтан Т.Хүдэр нь хохирогчид учруулсан хор уршиг, гэм хорыг бүрэн арилгаагүй байх бөгөөд шүүхээс ялтны үйлдсэн хэргийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан хорих ялын зөв оногдуулсан, ялын дэглэм тохирчээ.

Иймд ялтан Т.Хүдэрийн “ хэргийг мөрдөн байцаалтад буцаах, эсвэл ялын хэмжээ, эрх зүйн байдал дордуулахгүй ял оногдуулахыг”-ыг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 247 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Т.Хүдэрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      Н.БАТСАЙХАН

 

                                    ШҮҮГЧИД                                                       Д.ГАНСҮХ

 

                                                                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ