Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2020/0354

 

    

 

Т.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч Т.М нарыг оролцуулан Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор Т.М-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1 б/, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Т.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02/08 дугаар, 04/08 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, Т.М-г Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөгийг гаргуулж Т.М-д олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Б шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын Төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан.

Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагт Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын 3 давхрын хурлын танхимд хуралдсан. Хуралдаан болохоос 1 өдрийн өмнө буюу 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлөөлөгч Ч.Э Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “Зохион байгуулалтын асуудал хэлэлцүүлэх тухай” албан бичгийг Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.М-д 9 цаг 40 минутад төлөөлөгч Ч.Э хүлээлгэн өгсөн. Т.М нь уг бичгийг хурлын төлөөлөгч нарт тараах үүргээ биелүүлэхгүй байсан тул Ч.Э нь хуралдаанаар санаачилсан асуудлаа хэлэлцүүлэхийн тулд 11 цагт Ардчилсан намын бүлгийн бүх төлөөлөгчдөд саналыг тогтоолын төслийн хамт хуульд заасан журмын дагуу тараасан байсан.

Гэтэл анхан шатны шүүхээс саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг тараагаагүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Түүнчлэн “Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны дэг”-д зааснаар төлөөлөгч нар хуралдаан болохоос 3 хоногийн өмнө өөрсдөө ирж хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын талаарх баримтуудыг хүлээн авах үүрэгтэй байдаг.

Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Т.М нь “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02/08, 04/08 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02/08 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтын “б”, 22 дугаар зүйлийн 22.1.3, 25 дугаар зүйлийн 25.2, Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэг болон санал хураалтын дүнг тус тус үндэслэн ... Т.М-г сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас чөлөөлж, мөн өдрийн 04/08 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтыг үндэслэн ... Ц.Б-ийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилж тус тус шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхээс маргаан бүхий тогтоолуудыг хүчингүй болгож, Т.М-г Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна. Нэгэнт маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Т.М-г Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, шүүх хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Нэхэмжлэгчээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж, харин хариуцагчаас хуулийн дээрх заалт зөрчигдөөгүй гэж маргажээ. Иймд шүүхээс тухайн хуулийн заалт зөрчигдсөн эсэхийг шалган тогтоосон төдийгүй тухайн хурлын үйл ажиллагаа, дараалал нь хууль болон өөрийн баталсан дэгд нийцсэн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна гэж үзэв.

Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 8 дугаар хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутад товлосон бөгөөд, уг хуралдаанаар 14 асуудал хэлэлцэхээр тогтоожээ.

Гэтэл хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгч Ч.Э-оос “...хурлын дарга Т.М, Засаг дарга Т.А нарт итгэл үзүүлэх эсэх талаар хэлэлцэх асуудал” оруулж өгөх талаар санал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд хүргүүлсэн байх ба уг санал нь хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй байна.

Хэдийгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д “Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах” эрхтэй хэдий ч гаргасан саналд холбогдох тооцоо, судалгаа, гарах шийдвэрийн төслийг хурлын төлөөлөгч нарт хуралдаан болохоос 1 хоногийн өмнө хавсаргаж өгөөгүй нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлд Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгаа, 14 дүгээр зүйлийн 14.4-д “Засаг дарга, эрх бүхий бусад албан тушаалтан Хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж, зөвшилцсөн байна” гэж заасны дагуу хурлын даргыг чөлөөлөх асуудлыг урьдчилан танилцуулж, зөвшилцсөн байх хуулийг шаардлагыг хангаагүй байна.

Ийнхүү хурлын хэлэлцэх асуудалд ороогүй, урьдчилан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч нарт танилцуулаагүй байхад уг асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлж, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02/08 дугаар тогтоолоор Т.М-г Хурлын даргын албан тушаалаас чөлөөлсөн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчсөн байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага болохын хувьд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж болон өөрийн баталсан дүрэм, журмыг биелүүлэх үүрэгтэй.

Мөн нэхэмжлэгч Т.М болон гуравдагч этгээд Ц.Б нараас давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд Ц.Б нь хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 78 дугаар албан бичгээр “Хариуцагч Ц.Б миний бие тархины цусан хангамжийн дутмагшил өвчний улмаас ... энэхүү байдлыг харгалзаж шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулж өгнө үү” гэсэн байх ба хариуцагч захиргааны байгууллагын хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж шүүх хуралдаанд оролцуулах болон өмгөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулах боломжтой байсан гэж шүүх үзлээ.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.