Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2026/00127

 

 

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар *******лж, шүүгч Б.Ууганбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/07888 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: *******ын даргын 2022 оны 10 сарын 31-ний өдрийн ******* дугаартай *******д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай, мөн оны 12 сарын 30-ны өдрийн *******дугаартай *******тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн ******* Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь *******ын *******ны *******аар ажиллаж байхдаа 2022.05.03-09.28-ны өдрүүдэд өвчтэй байсан нь эмнэлгийн магадалгаагаар нотлогддог. Гэтэл ажил олгогчоос ажилтан *******г энэ хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх гэсэн үндсэн үүргээ биелүүлээгүй гэж албан тушаал буруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг тушаалд магадлагаа нь эмнэлгээр тогтоолгоогүй, тогтоолгох тухай дотоод журмыг зөрчсөн гэсэн үндэслэл заасан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй учир хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Энэхүү хөдөлмөрийн маргаан шийдвэрлэгдээгүй байхад ажил олгогч нь 2022.12.30-ны өдөр надтай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай *******дугаартай тушаал гаргаж ажлаас халсан. Тушаалын үндэслэлээ *******ны *******ын албан тушаалд ажиллаагүй, ажил үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгасан. Гэтэл би ажил олгогчийн шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргасан байсан тул бууруулсан албан тушаал дээр ажиллах боломжгүй юм. Тухайн албан тушаалд бидний хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байхад ажил үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулснаар *******ын эрх үүсэх ёстой байсан. Иймд хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн байсан.

Иймд *******ын даргын 2022.10.31-ний өдрийн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай ******* дугаартай тушаал, 2022.12.30-ны өдрийн *******дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: *******ын даргын 2022.10.31-ний өдрийн ******* дугаартай *******д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар албан тушаал бууруулсан нь тэрээр *******ны *******ын үүрэгт ажлаа гүйцэтгээгүй. ******* нь 2022.05.03-09.28-ны өдрүүдэд өвчтэй байсан гэх боловч энэ нь эмнэлгийн магадалгаагаар үгүйсгэгдэж, өөр өөр эмнэлгээс магадлагаа авсан байсан, зарим нь шаардлага хангаагүй. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.29.16-д зааснаар нэхэмжлэгч нь 3 сараас дээш өвдсөн бол хөдөлмөрийн магадлах комиссоор орж хөдөлмөрийн чадвар алдсан байдлаа актаар тогтоолгох ёстой ч энэ үүргээ биелүүлээгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх гэсэн үндсэн үүргээ биелүүлээгүй учраас дээрх тушаал гарсан.

*******гийн 2022 оны ээлжийн амралтыг 2022.11.07-12.12-ны өдрийг хүртэл олгож, ээлжийн амралтын хугацаа нь дууссан боловч 2022.12.12-12.30-ны өдөр хүртэл ажлын 13 өдөр ажилдаа ирэлгүй ажил тасалсан тул хөдөлмөрийн дотоод журмын 4.9.5-д зааснаар /ажилтан ажлын 3 өдөр дараалан ажил тасалж, хөдөлмөр эрхлэлтийг харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан/ байгууллагын даргын 2022 оны *******дугаар тушаалаар *******тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар *******г *******ын *******ны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 96,129,120 төгрөгийг *******аас гаргуулан *******д олгож, мөн энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч *******т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч *******аас 638,595 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

НЭГ.Талуудын маргаагүй асуудлаар маргааныг дүгнэж шийдвэрлэсэн: *******ын Хөдөлмөрийн дотоод журмын 3.29.16-д ажилтан 3 сараас дээш хугацаагаар өвчилсөн тохиолдолд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор өвчний нэр, үе шат, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, хугацаагаар тогтоолгон гаргуулах нь ажилтны үүрэг гэж заасан. Гэтэл энэхүү заалтыг шүүх дүгнэхдээ шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д "...Дотоод журмын энэ зохицуулалтыг ажилтан зөрчсөн гэж ажил олгогчийн зүгээс үзсэн бол ажилтны зүгээс дотоод журмын энэ заалт хууль зөрчсөн гэж маргажээ гэж маргаагүй асуудлаар нэхэмжлэгч энэхүү заалтыг хууль зөрчиж байна гэж маргасан мэтээр дүгнэсэн. Нэхэмжлэгчээс дээрх заалтын хүрээнд миний өвчний тохиолдолд хамаарахгүй заалт, би 1 өвчний оношоор биш өөр өөр өвчний оношоор, өөр өөр эмнэлгээс эмнэлгийн хуудас, лист удаа дараа авч байсан, өвчтөн эмнэлгээ өөрөө сонгох эрхтэй гэж маргаж ирсэн болохоос энэ заалт нь хууль зөрчсөн гэж маргаж байгаагүй байхад дээрх заалт хууль зөрсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.10-д "хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ" гэж хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо дагаж мөрдөхөөр холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн ажил олгогчоос бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан баримт бичгийг; 4.1.16-д "хөдөлмөрийн эрхийн маргаан" гэж хөдөлмөрийн хууль тогтоомж, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хэрэгжүүлэх, эсхүл эдгээр хэм хэмжээг тайлбарлахтай холбоотойгоор талуудын хооронд үүссэн саналын зөрүүг гэж тус тус заасан байхад талууд огт маргаагүй, нэхэмжпэлийн үндэслэлээр тодорхойлоогүй асуудлаар хэргийг шийдвэрлэх гол үндэслэлээ болгож шийдвэрлэсэн нь буруу ба нэхэмжлэгч ажлаа хийж байхдаа болон шүүхийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлж байгаагүй.

ХОЁР. Өөр хууль, журмыг үндэслэж хэрэг, маргааныг шийдвэрлэсэн: Нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2022.10.31-ний өдрийн *******дүгээр тушаал, 2022.12.30-ны өдрийн *******дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Маргааны үйл баримт нь 2022.05 сараас эхлэлтэй, тэр үед мөрдөгдөж байсан хууль, журмын хүрээнд талууд маргасан байхад шүүх 2023.07.07-ны өдөр батлагдан 2024.01.01-ний өдрөөс даган мөрдсөн хууль, мөн Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2023.12.15-ны өдрийн *******, ******* дугаар тушаалыг үндэслэл болгон хариуцагчийн тайлбар, үгүйсгэлийг үгүйсгэн *******ын Хөдөлмөрийн дотоод журмын заалт хууль тогтоомжид нийцээгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

ГУРАВ. Ажилтны өвчилсөн өвчний удаа дараагийн онош нь даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах Ердийн өвчний жагсаалтад байгаа тухайд: Шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-д Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2023 оны 12 дугаар 15-ны өдрийн *******, ******* дугаартай тушаалд тодорхой төрлийн өвчний тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоохоор заасан байхад ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн дотоод журмын 3.29.16-д ажилтан 90 буюу түүнээс дээс хоног өвчилсөн бол аль ч тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг заавал тогтоолгосон байхыг ажилтанд үүрэг болгосон нь дээрх хууль тогтоомжид нийцээгүй байна гэжээ.

Ажилтан *******гийн олон төрлийн оношоор, удаа дараа өөр өөр эрүүл мэндийн байгууллагаас авсан листийн онош нь маргаан бүхий цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн *******, ******* дугаар хамтарсан тушаалын хавсралтад заасан өвчний оношнууд байгаа.

Тодруулбал: Дээрх тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах Ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацааны жагсаалтын 3.2-т заасан 110 өвчний оношоор ******* ӨЭМТ-өөс /2022.05.30-2022.06.12/, ******* ӨЭМТ-өөс /2022.07.21-2022.08.03/, ******* ӨЭМТ-өөс /2022.08.18-2022.08.31/ тус тус нийт 3 удаа, ******* эмнэлгийн /2022.05.20-2022.05.28/ олгосон листийн Е11 өвчний онош жагсаалтын 3.37, 3.38, 3.39 дугаарт, ******* ӨЭМТ-өөс /2022.06.13- 2022.06.26/ олгосон листийн М06 онош жагсаалтын 3.13 дугаарт, ******* НЭ-ээс /2022.08.04-2022.08.17/ олгосон листний 806 онош нь жагсаалтын 10.1, 10.2, 10.З дугаарт, ******* ӨЭМТ-ийн/2022.09.01-2022.09.14/олгосон листийн К86 онош нь жагааслтын 3.31, 7.15 дугаарт тус тус байхад Хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөрийн хувь хэмжээг заавал тогтоолгосон байхыг ажилтанд үүрэг /нэхэмжпэгчийн миний өвчний оношнууд өөр өөр төрлийнх, энэ оношнуудад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоодоггүй гэх/ болгосон нь дээрх хууль тогтоомжид нийцээгүй гэж хууль, журмыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн.

ДӨРӨВ. Ажилгүй байсан хугацааг буруу тооцсон тухай: Шүүх *******г нийт 739 ажлын өдөр хөдөлмөр эрхлээгүй гэж тооцсон. Бодит байдалд 2023 онд ажлын 250 хоног, 2024 онд ажлын 253 хоног, 2025.10.02-ны өдөр хүртэл ажлын 190 хоног байсан ба тушаал гарснаас хойш 2022.12.31-ний өдөр 1 хоног нийт 694 хоног ажлын өдөр байхад 739 ажпын өдөр гэж хоногийг буруу тоолж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр бүхэлдээ үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааны гол асуудал нь ажилтан *******г 2022.05.03-09.21-ний өдрийн хугацаанд ажил тасалсан үндэслэлээр буруутгаж, албан тушаал бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаас үүссэн. Тушаалын үндэслэл нь эмнэлгийн магадлагааны зарим хэсгийг нийгмийн даатгалын улсын байцаагч баталгаажуулаагүй нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон гэж тусгасан байдаг. Нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа хөдөлмөрийн дотоод журмын 3.29.16-д зааснаар хөдөлмөрийн магадлах комиссоор хөдөлмөрийн чадвар алдалтын акт тогтоолгох байсан гэж тайлбарладаг. *******гийн өвчилсөн өвчинтэй холбоотой баримтуудыг 2 сайдын хамтарсан тушаалаар баталсан өвчний жагсаалттай харьцуулж үзэхэд хамааралгүй байсан. Гэтэл групп тогтоолгох, акт тогтоолгох асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулсан байхад ажил олгогч тал хөдөлмөрийн дотоод журамдаа ажилтан ямар өвчнөөр хамаагүй өвчилсөн бол заавал групп, акт тогтоолгох ёстой гэх заалтуудыг тусгасан нь үндэслэлгүй.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, хоёр сайдын хамтарсан тушаалд ажил олгогчийн баталсан хөдөлмөрийн дотоод журам нийцээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх тухайн хугацаанд ажилтан *******д хүндэтгэн үзэх шалтгаантай буюу өвчтэй байсан гэдгийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд үнэн зөв тогтоосон ба өвчтэй байсан гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрдөг бөгөөд иргэн өвчтэй эсэхийг эмнэлгийн байгууллага буюу эмч тодорхойлох ёстой ба эмнэлгийн магадлагааг улсын байцаагч баталгаажуулах нь тусдаа харилцаа гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх нийгмийн даатгалын улсын байцаагч баталгаажуулаагүй явдал нь тухайн ажилтан, иргэнийг өвчтэй байсан эсэхийг нотлох, тодорхойлох үндэслэл болохгүй гэх агуулгаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан тус газрын *******ын 2022 оны 10 сарын 31-ний өдрийн ******* дугаартай албан тушаал бууруулах тухай, мөн 2022 оны 12 сарын 30-ны өдрийн *******дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан *******ны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч эс зөвшөөрч, ******* нь 2022.05-09 сарын хооронд өвчтэй байсан гэх боловч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.29.16-д зааснаар эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн дүгнэлт гаргуулаагүй тул албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн түүний ээлжийн амралт 2022.12.12-ны өдөр дууссан ч 13 өдөр ажил тасалсан тул байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.9.5-д зааснаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж тайлбарлан маргажээ.

 

3.Хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхийн бус журмаар урьдчилан шийдвэрлэх журмыг нэхэмжлэгч биелүүлсэн байх тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авч маргааныг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

4.Нэхэмжлэгч ******* хариуцагч *******т 2022 оны 02 сарын 07-ны өдрөөс эхлэн тус газрын *******ны *******ын албан тушаалд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад тус газрын даргын 2022.10.31-ний өдрийн ******* дугаартай Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар түүнийг 2022.11.01-ний өдрөөс эхлэн *******нд *******аар ажиллуулахаар албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулжээ.

Ажилтан ******* 2022.05.03-ны өдрөөс 09.28-ны өдрийн хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар албан үүргээ гүйцэтгээгүйд зохигч маргаагүй ба нэхэмжлэгч энэ хугацаанд эмнэлгийн магадлагаатай байжээ. Ажил олгогч тушаалын үндэслэлээ ...хөдөлмөрийн чадвар түр алдсан эмнэлгийн хуудсыг баталгаажуулаагүй нь ажил үүргээ биечлэн гүйцэтгэх үүргийг зөрчсөн... гэж тодорхойлсон байна.

Ажил олгогчийн Хөдөлмөрийн дотоод журмын 3.29.16-д заасан зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлд нийцээгүй буюу Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д заасныг зөрчсөн гэж дүгнэхдээ энэхүү хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 07 сарын 07 өдөр баталж, 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасныг анхаараагүй, хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй байна. Иймд ажилтныг албан тушаал бууруулахаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаалын үндэслэл болсон холбогдох журам хууль зөрчсөн учир уг тушаал хууль зүйн үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулж харин шийдлийг хэвээр үлдээнэ. Энэ нь шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч 2022.05.03-09.28-ны өдрүүдэд хуанлийн 131 хоног хөдөлмөрийн чадвар түр алджээ. Эдгээрээс 89 өдрийн эмнэлгийн хуудас баталгаажсан, 42 өдрийн буюу 2022.08.18-09.28-ны өдрийг хүртэлх хугацааны эмнэлгийн хуудас баталгаажаагүй байна. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар түр алдсан эмнэлгийн хуудас баталгаажаагүй нь нийгмийн даатгалын хууль тогтоомжийн дагуу даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдах тохиолдолд олгох мөнгөн тэтгэмж олгох эсэхэд шаардагдах баримт бичиг, түүний бүрдэлд тавигдах шаардлага юм. Гэтэл хариуцагч энэхүү шаардлагыг хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгож, нэхэмжлэгч 2022.05.03-09.28-ны өдрүүдэд хөдөлмөрийн чадвараа түр алдсан үйл баримт тогтоогдсоныг үл харгалзан хөндлөнгийн байгууллагын акт гаргуулаагүй, холбогдох баримт нь шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсныг хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг зөрчсөн сахилгын зөрчил гаргасанд тооцохгүй.

Иймд энэ үндэслэлээр хариуцагч талын холбогдох давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5.Хариуцагч нь нэхэмжлэгчтэй үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон 2022 оны 12 сарын 30-ны өдрийн *******дугаартай тушаалын үндэслэлээ ...тодорхой шалтгаангүйгээр *******ны *******ын албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэхгүй байх тул... гэж тодорхойлж, Хөдөлмөрийн дотоод журмын 4.9.5-д ажилтан ажлын 3 өдөр дараалан ажил тасалсан сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримтлан шийдвэр гаргажээ.

Нэхэмжлэгч дээр дурдсан *******ны *******ын албан тушаалд ажиллаагүй бөгөөд энэ тухайд тушаалын хүчин төгөлдөр байдалтай шүүхээр маргаж байгаа үед ажиллахгүй байх эрхтэй гэж тайлбарласан нь үндэслэлтэй. Тухайн асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлж дуусаагүй байхад буюу шүүхийн шийдвэр гараагүй байхад нэхэмжлэгчийн ажиллаж байсан *******ны даргын албан тушаалыг *******ын албан тушаал болгон бууруулсантай зохигч шүүхээр маргах хугацаанд бууруулсан албан тушаалд нэхэмжлэгч ажиллахаас татгалзах эрхтэй.

Ажил олгогч ажилтныг хууль бусаар албан тушаал бууруулсан гэж шүүх тогтоосон тул энэ хугацаанд нэхэмжлэгч албан тушаал бууруулсан ажлын байранд ажиллаагүй явдлыг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй, ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч *******г *******ын *******ны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний үр дагаврыг шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

6.Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг 739 хоногоор тооцсон нь буруу болжээ. Энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Тодруулбал, ажил олгогчийн 2022.12.30-ны өдрийн *******дугаартай тушаал гарснаас хойш хэргийг шүүх хянан шийдвэрлэх хугацаанд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2023 онд ажлын 250 хоног, 2024 онд ажлын 253 хоног, 2025.10.02-ны өдрийг хүртэл ажлын 190 хоног байсан ба тушаал гарснаас хойш 2022.12.31-ний өдөр 1 хоног нийт 694 хоног хөдөлмөр эрхлээгүй байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу ажилтны нэг өдрийн дундаж цалин хөлс 130,080 төгрөгөөр тооцож Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 90,275,520 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Энэ хугацааны ажилтны ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг ажил олгогч *******т даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасанд нийцнэ.

 

7.Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/07888 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад ...96,129,120 төгрөг... гэснийг 90,275,520 төгрөг гэж өөрчилж,

2 дахь заалтын ...638,595 төгрөг... гэснийг 609,328 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 638,595 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

*******ЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР

 

Э.ЭНЭБИШ