Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж, шүүгч Д.Баттулга, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: М.Г,

Улсын яллагч: Д.Ганчимэг,

Иргэдийн төлөөлөгч: Н.Амарсайхан,

Б.Бын хууль ёсны төлөөлөгч: О.Мөнгөнчимэг,

Хохирогч, шүүгдэгч: Б.Б,

Хохирогч, шүүгдэгч: У.Г, 

Хохирогч, шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Э.Наранцацрал,

Хохирогч, шүүгдэгч У.Ггийн өмгөөлөгч Т.Ганжолоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Есүхэй овогт Батмөнгөний Б, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хан хөгшин овогт Уртнасангийн Г нарт холбогдох 1829002520153 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

        Холбогдсон хэргийн талаар:                       

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах “Жи Жи” пабд иргэн У.Гтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар тус пабын гадна хэвлийн тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч У.Г нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах “Жи Жи” пабд иргэн У.Гтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар тус пабын гадна эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон өмнөх шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Г мэдүүлэхдээ: “Өмнө нь бүх зүйлийг үнэн зөвөөр ярьсан. Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нар нь гэм буруутай гэж үзэж байна.” гэв.

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 10-р хуудас/,

- У.Ггийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 17-18-р хуудас/,

- Насанд хүрээгүй хохирогч Б.Бын хохирогчоор өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 22-23-р дугаар хуудас/,

- У.Ггийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 24-26-р дугаар хуудас/,

- Насанд хүрээгүй Б.Бын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 27-29-р хуудас/,

- Насанд хүрээгүй Б.Баярхүүгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 30-32-р хуудас/,

- Насанд хүрээгүй М.Үүрийнтуяагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 33-35-р хуудас/,

- Ш.Цогжаргалын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 38-р хуудас/,

- М.Гэрэлт-Одын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 39-40-р хуудас/,

- М.Түмэнцэцэгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 41-р хуудас/,

- И.Одонцэцэгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 42-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №514 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 44-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №513 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 55-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №366 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 203-204-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 366 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 65-р хуудас/,

- Б.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 78-80-р хуудас/,

- У.Ггийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 81-82-р хуудас/,

- 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөгчийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 14-р хуудас/,

- Шүүгдэгч Б.Бын хувийн байдлыг нотлох баримт /1-р хх-ийн 96-107, 139, 140, 232-238, 2-р хх-ийн 80-р хуудас/, 

- Шүүгдэгч У.Ггийн хувийн байдлыг нотлох баримт /1-р хх-ийн 110-130, 180-182-р хуудас/, 

- Өмнөговь аймгийн Ханбогд сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 139-140-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын тодорхойлолт /2-р хх-ийн 16-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, аймгийн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны даргын хүсэлт /2-р хх-ийн 30-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цагдаагийн ахлах мэргэжилтний гаргасан хүсэлт /2-р хх-ийн 31-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

1. Шүүгдэгч нарын гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах “Жи Жи” пабд иргэн У.Гтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар тус пабын гадна хэвлийн тус газарт нь ир, үзүүр бүхий төмрөөр зүсэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 10-р хуудас/,

У.Ггийн хохирогчоор өгсөн: ”...Би 2018 оны 10 дугаар сарын 14-нд найз нартайгаа хамт “ЖИ ЖИ” пабад сууж байхад гаднаас 4 хүн орж ирээд суусан. Манай найз охин Оогий зөөгчид “энэ хүмүүс насанд хүрээгүй хүмүүс байна шүү дээ, үйлчилж болдог юм уу” гэж хэлсэн чинь тэр зөөгч “хамаагүй ээ” гэхээр нь бид нар тоогоогүй сууж байсан чинь хар малгай, хар цамц өмссөн охин нь миний өөдөөс дунд хуруу гаргаад байсан. Тэгснээ манай ширээний хажууд хар цамцтай охин нь ирээд “хоёулаа гарчих уу “гээд байхаар нь би “эгчийн дүү ширээндээ очоод суу, чамтай би юм ярихгүй” гэсэн миний цамцнаас барьж аваад дугтраад байсан. Тэгсэн тэнд байсан нэг танихгүй эгч босож ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд ширээн дээр сууж байсан тэр хар малгайтай охин муухай хараад салаавч гаргаад бүжиглээд байсан. Тэгээд би найзууд болох Баагий, Одноо эгч нөхөртэйгөө, Оогий бид нар гараад явсан, тэгсэн Одноо эгч нөхрийгөө аваад яваад өгсөн. Би тэр үед ганцаараа байж байсан чинь араас өгөө охин гарч ирээд надаас зууралдаж аваад, бид хоёр нэг нэгнийгээ үстсэн. Тэгсэн тэр намайг “ЖИ ЖИ” пабын арын гэрэлгүй газар оруулж нэг цагаан малгайтай залуу нь газар ташиж унагаасан. Тэгсэн Б нь миний нүүр чихнээс самардсан. Би босох гээд Бын үснээс зулгааж байгаад босоод ирсэн чинь миний гэдэс рүү цохих шиг болсон. Тэгсэн миний гэдсийг нэг зүйлээр хатгаж орхиод Б залуу хоёр зугтаасан. ...тэгээд би тухайн үед босож чадахгүй сууж байсан. Миний цамцыг Оогий сөхөж үзээд намайг хутгалуулсан байна шүү дээ гэсэн. ...би хар малгайтай охин нь миний гэдэс рүү хоёр удаа цохих шиг болсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-18-р хуудас/,

У.Ггийн гэрчээр өгсөн:”...Миний гэдэсний зүүн талын хэвлий хэсэгт “ЖИ ЖИ” пабд байсан хар малгайтай цамцтай охин гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-26-р дугаар хуудас/,

Насанд хүрээгүй Б.Бын гэрчээр өгсөн: ”...Тэр эгч /Г/ дийлдэхгүй байхаар нь би цамцны баруун халаасанд байсан иртэй жижиг төмрийг гаргаж ирээд баруун гартаа барьж байгаад тэр эгчийн гэдэс хэсэгт нэг удаа хатгасан. ...Тэр эгч миний толгойтой үснээс гараараа зуураад чирсэн. Тэгэхэд миний толгойн оройн хэсгийн нэлээд их үс зулгарч унасан ... “ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-29-р хуудас/,

Насанд хүрээгүй Б.Баярхүүгийн гэрчээр өгсөн: ”...Тэр эгч согтуу байсан. Дахиад Б руу дайраад байхаар нь би тэр эгчийг хориод байсан. Өөдөөс дайраад байсан. Тэгсэн Б миний урдуур ороод нөгөө эгчийн гэдэс рүү цохих шиг болсон. ...Бид хоёр тэр чигээрээ зугтаад Мөөгий гэж найзындаа очсон. Тэгсэн Гэрэлт-Од, Үүрийнтуяа хоёр “нөгөө маргалдаад байсан эгч хутгалуулсан байна” гэж хэлсэн. Б надад “чи хараагүй байхаа, хараагүй байхад чинь гэдэс рүү нь хатгасан” гэж хэлсэн. ...Г гэх хүн Бын үснээс туг тугаар нь унагааж, цохиж зодоод байсан. Тэрнээс болж Б хатгасан байх...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-32-р хуудас/,

Насанд хүрээгүй М.Үүрийнтуяагийн гэрчээр өгсөн: ”...Б “ЖИ ЖИ” паб дотор нэг танихгүй охинтой муудалцсан. Сүүлд Г гэж хүн гэдгийг мэдсэн. Г гэх хүн “ЖИ ЖИ” паб дотор Бын хажууд ирээд “асуудал байна уу” гэснээс болж муудалцсан. Б нь жижиг хурц иртэй мэс заслын хутгаар Ггийн биед гэмтэл учруулсан. Мөн Бын биед гэмтэл учирсан. Толгой хэсгийн үсийг нь зулгааж хэсэг газар халцарсан байсан. Уг гэмтлийг Г учруулсан... ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-35-р хуудас/,

Ш.Цогжаргалын гэрчээр өгсөн:”...“ЖИ ЖИ” пабын цаад талд эмэгтэй хүн орилох чимээ гарахаар нь бид нар гүйгээд очтол Г газар хэвтэж байсан. Г өөрөө “намайг нэг охин хутгалчихлаа” гэсэн. Тэгэхээр нь таксинд суулгаад эмнэлэгт хүргүүлсэн... ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-р хуудас/,

М.Гэрэлт-Одын гэрчээр өгсөн: “...Г, Б хоёр паб дотор муудалцаад байсан. Тэгсэн гарч ирээд бас зодолдсон. ...Тэр хоёр цохилцсон зүйл байхгүй, нэг нэгнээ үсдэлцээд байсан. Г, Б нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Биеэ авч явах чадвартай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40-р хуудас/,

М.Түмэнцэцэгийн гэрчээр өгсөн: “...Бааранд байсан саравчтай хар малгайтай охин, ягаан цамцтай охин хоёр “насанд хүрээгүй” гэх шалтгаанаас болж маргалдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-р хуудас/,

И.Одонцэцэгийн гэрчээр өгсөн: “...Г гэх охин пабд байсан охинтой муудалцсан. Бүжгийн талбай дээр бөөнөөрөө муудалцаж байгаад салсан. ...”ЖИ ЖИ” пабын хойд талд эмэгтэй хүн орилоод байхаар нь бид нар яваад очтол Г газар суусан байдалтай уйлаад “намайг хүн хутгалчихлаа” гэсэн. Тэнд байсан шар үстэй нэг охин түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №514 дугаартай шинжээчийн “...

  1. У.Ггийн биед хүйсний зүүн дээд хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 
  2. Дээрхи гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  5. Эмчийн үзлэг болон шинжилгээгээр одоогоор урагт өөрчлөлтгүй байна. Цаашид нөлөөлөх эсэхийг тогтоох боломжгүй. У.Г нь 22-23 долоо хоногтой жирэмсэн байна....” гэх дүгнэлт /1-р хх-ийн 44-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №366 дугаартай шинжээчийн “...У.Ггийн биед хүйсний зүүн дээд хэсэгт хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаар дээрх гэмтэл нь урагт нөлөөлсөн гэх зүйл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 203-204-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 366 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн зүсэгдэлт гарсан байсан. Зүсэгдэлт шинжилгээнд ирүүлсэн ир, мөртэй төмрөөр гарсан байж болно...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 65-р хуудас/,

Б.Бын яллагдагчаар өгсөн: “...Г намайг удаа дараа үстэж аваад зодоод байхаар нь би айсандаа болоод халаасанд байсан төмрөөр гэмтэл учруулсан. Ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, гэмшиж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-80-р хуудас/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдэл тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар буюу “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж үзэн, яллах дүгнэлт үйлдэхдээ “хутгалсан” гэж тус зүйл ангиар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дээрх зүйлд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж хуульд тусгайлан тайлбарласан байна.

Шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ир, үзүүр бүхий төмөр нь “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл”-ийн шинжийг агуулсан болохыг эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогоогүй, нотлох баримт байхгүй байхад улсын яллагч хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгож зүйлчилсэн нь хуульд нийцэхгүй байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүндрүүлэх шинж нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн шүүгдэгч Б.Бын “...Ир, үзүүр бүхий төмрийг гэмт хэрэг гарсан өдрийн 12.00 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад суманд явж байхдаа гудамжнаас олсон. Тухайн үед би Ханбогд суманд оёдлын цехэд ажилладаг байсан учир төмрийг оёдол засварын ажилдаа ашиглах зорилгоор олзуурхаад халаасандаа хийсэн байсан. Ийм муухай зүйл хийнэ гэж төсөөлөө ч үгүй..” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 366 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн зүсэгдэлт гарсан байсан. Зүсэгдэлт шинжилгээнд ирүүлсэн ир, мөртэй төмрөөр гарсан байж болно...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 65-р хуудас/-ээр үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөгчийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор хураан авсан ир, үзүүр бүхий металл төмрийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж үзэх үндэслэлгүй, шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл хохирол учруулах зорилгоор уг төмрийг тусгайлан бэлтгээгүй, засаж тохируулж янзлаагүй, тусгайлан бэлтгэсэн зэвсэг болон зэвсгийн чанартай зүйлд хамаарахгүй эд зүйл байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Бын үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч У.Г нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах “Жи Жи” пабд иргэн У.Гтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар тус пабын гадна эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 10-р хуудас/,

Насанд хүрээгүй Б.Бын хохирогчоор өгсөн: ”...Би 2018 оны 10 дугаар сарын 14-ний орой 21 цаг 30 минутын үед Баярхүү, Үүрийнтуяа, Гэрэлт-Од гэж гурван найзтайгаа хамт “ЖИ ЖИ” паб орж дуулсан. Тэгсэн хажуу талын ширээний эгч над руу муухай хараад байсан. Би тухайн үед согтуу хүн байна гэж бодсон. Тэгсэн нөгөө эгч манай ширээн дээр ирээд “асуудал байна уу” гэхээр нь би “байна” гэсэн, тэгсэн “хоёулаа гарах уу” гэхээр нь би гаръя гэсэн. Тэгсэн манай найзууд болио яах гээд байгаа юм, согтуу хүн байна гэсэн. Тэгсэн Г намайг үстэж аваад бид хоёр зодолдоод үсдэлцэж зулгаасан. Тэгээд бид хоёр салаад гараад явсан. Тэгсэн Г нэг шар үстэй хүүхэнтэйгээ араас ирээд намайг үстэж чирсэн. Тэгсэн Г өөрөө газар унаад миний үснээс зулгаагаад байсан. Тэгээд Үүрийнтуяа, Гэрэлт-Од хоёр харих гээд явсан. Би тухайн үед Баярхүүтэй хамт гэр рүүгээ явж байсан. “ЖИ ЖИ” пабын хойд талд нөгөө Гтай таарсан. Тэгсэн би Баярхүүгээс “энэ миний үснээс зулгаасан эгч мөн үү” гээд асуусан чинь Г хөндлөнгөөс сонсоод “мөн байна” гээд над руу хүрч ирээд “чи өнөөдөр Цэцийд миний өөдөөс томрох болоогүй шүү” гээд бас л намайг үстээд байхаар нь би биеэ хамгаалах гээд халаасанд байсан жижиг иртэй төмрөөр гэдэс хэсэгт нь хатгасан. Тэгээд Баярхүү бид хоёр зугтаасан...“ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-23-р дугаар хуудас/,

Насанд хүрээгүй Б.Бын гэрчээр өгсөн: ”...Тэр эгч /Г/ дийлдэхгүй байхаар нь би цамцны баруун халаасанд байсан иртэй жижиг төмрийг гаргаж ирээд баруун гартаа барьж байгаад тэр эгчийн гэдэс хэсэгт нэг удаа хатгасан. ...Тэр эгч миний толгойтой үснээс гараараа зуураад чирсэн. Тэгэхэд миний толгойн оройн хэсгийн нэлээд их үс зулгарч унасан ... “ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-29-р хуудас/,

Насанд хүрээгүй Б.Баярхүүгийн гэрчээр өгсөн: ”...Тэр эгч согтуу байсан. Дахиад Б руу дайраад байхаар нь би тэр эгчийг хориод байсан. Өөдөөс дайраад байсан. Тэгсэн Б миний урдуур ороод нөгөө эгчийн гэдэс рүү цохих шиг болсон. ...Бид хоёр тэр чигээрээ зугтаад Мөөгий гэж найзындаа очсон. Тэгсэн Гэрэлт-Од, Үүрийнтуяа хоёр “нөгөө маргалдаад байсан эгч хутгалуулсан байна” гэж хэлсэн. Б надад “чи хараагүй байхаа, хараагүй байхад чинь гэдэс рүү нь хатгасан” гэж хэлсэн. ...Г гэх хүн Бын үснээс туг тугаар нь унагааж, цохиж зодоод байсан. Тэрнээс болж Б хатгасан байх...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-32-р хуудас/,

Насанд хүрээгүй М.Үүрийнтуяагийн гэрчээр өгсөн: ”...Б “ЖИ ЖИ” паб дотор нэг танихгүй охинтой муудалцсан. Сүүлд Г гэж хүн гэдгийг мэдсэн. Г гэх хүн “ЖИ ЖИ” паб дотор Бын хажууд ирээд “асуудал байна уу” гэснээс болж муудалцсан. Б нь жижиг хурц иртэй мэс заслын хутгаар Ггийн биед гэмтэл учруулсан. Мөн Бын биед гэмтэл учирсан. Толгой хэсгийн үсийг нь зулгааж хэсэг газар халцарсан байсан. Уг гэмтлийг Г учруулсан... ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-35-р хуудас/,

М.Гэрэлт-Одын гэрчээр өгсөн: “...Г, Б хоёр паб дотор муудалцаад байсан. Тэгсэн гарч ирээд бас зодолдсон. ...Тэр хоёр цохилцсон зүйл байхгүй, нэг нэгнээ үсдэлцээд байсан. Г, Б нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Биеэ авч явах чадвартай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40-р хуудас/,

М.Түмэнцэцэгийн гэрчээр өгсөн: “...Бааранд байсан саравчтай хар малгайтай охин, ягаан цамцтай охин хоёр “насанд хүрээгүй” гэх шалтгаанаас болж маргалдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №513 дугаартай шинжээчийн “...

  1. Б.Бын биед хуйхны хэсгийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 55-р хуудас/,

Б.Бын яллагдагчаар өгсөн: “...Г намайг удаа дараа үстэж аваад зодоод байхаар нь би айсандаа болоод халаасанд байсан төмрөөр гэмтэл учруулсан. Ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, гэмшиж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-80-р хуудас/,

У.Ггийн яллагдагчаар өгсөн: “...Б намайг үснээс зулгааж чирээд байсан. Би зөрүүлээд үснээс нь “тавь” гээд зулгаасан. Тэгсэн Б миний гэдэс хэсэгт хоёр удаа цохих шиг болсон. Би хашхираад суусан. Тэгэхэд Б зугтаагаад явсан. Удалгүй манай найз нар ирэхэд “паб дотор муудалцаж байсан охин ийм болгочихлоо” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-82-р хуудас/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч У.Ггийн гэм буруутай үйлдэл тогтоогдож байна.

Шүүгдэгч У.Гг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэв. Учир нь У.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанаар шийдсэн боловч тухайн өдрийн 24.00 цагаар хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болох тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч У.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хэргийг шийдвэрлэлээ.  

 

2. Хохирол төлбөрийн хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч У.Ггийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №514 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 44-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №366 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 203-204-р хуудас/-ээр,

Насанд хүрээгүй хохирогч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №513 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 55-р хуудас/-ээр тус тус тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч У.Г нь хохирол, төлбөрт нийт 2,228,000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Б нь хохирол төлбөрт 1,700,000 төгрөг төлсөн, У.Г нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд үлдэх 528,000 төгрөгийн шаардлагаас татгалзсан ба энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, тэрээр гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.Быг У.Гд төлөх төлбөргүй гэж үзэв. 

Дээрх хэрэгт хохирогч Б.Б нь шүүгдэгч У.Ггаас хохирол, төлбөр нэхэмжлээгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч У.Гг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо. 

 

3. Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан өсвөр нас /16 нас 4 сар 7 хоног/-тай байсан нь шүүгдэгчийн Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 96-р хуудас/, Төрсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 99-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, мөн хэсгийн 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь ам бүл 3-уул, ээж, зээ дүүгийн хамт амьдардаг, ээж О.Мөнгөнчимэг нь хөдөлмөр эрхлэх боломжгүй, бага насны хүүхэд асран хамгаалах чадамжгүй, өрхийн аж ахуйн болон бизнесийн орлогогүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой болох нь Өмнөговь аймгийн Номгон, Ханбогд сумын Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 28, 29-р хуудас/, мөн шүүгдэгч нь “Оюутолгой” ХХК-ийн харьяа Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Скиллстек” Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 2019-2020 оны хичээлийн жилд Цахилгаанчны ангид өдрөөр элсэн суралцаж байгаа нь тус төвөөс ирүүлсэн тодорхойлолт /2-р хх-ийн 80-р хуудас/-оор тус тус тогтоогдож байна. 

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Бад түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, дээрх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б нь одоогийн байдлаар “Оюутолгой” ХХК-ийн харьяа Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Скиллстек” Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа ба энэхүү сургалтыг нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд нь тооцохоор тогтов.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 103 /нэг зуун гурав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмээг хэрэгжүүлэхийг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу хүсэлт, тодорхойлтолт гаргасан байгууллага болох Өмнөговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /2-р хх-ийн 16-р хуудас/, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, аймгийн хүүхдийн эрхийн хууль зүйн хороо /2-р хх-ийн 30-р хуудас/, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс /2-р хх-ийн 31-р хуудас/-т тус тус даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч У.Ггийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, мөн хэсгийн 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна гэж үзэв.

  Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон хэмжээ гэж үзэж У.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б, У.Г нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн цамц 1 ширхэг, 5 см  3мм урттай ажлын хэсэг нь 3 см 7 мм урттай, цагаан металл төмөр 1 ширхэг, хар өнгийн хүний үс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б, У.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өсвөр насны яллагдагчийн холбогдсон гэмт хэргийг шийдвэрлэсэн тул шүүх хуралдааныг хаалттай хийсэн болно.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хуулийн зүйлчлэлийг өөрчилж, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2.  Шүүгдэгч Есүхэй овогт Батмөнгөний Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ханхөгшин овогт Уртнасангийн Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Гг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Бад хянан хүмүүжүүлэх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Өмнөговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, аймгийн хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэст тус тус даалгасугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч У.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/-н  сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар У.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч Б.Баас хохирол төлбөрт 1,700,000 төгрөг төлсөн, хохирогч У.Г нь 528,000 төгрөгийн гэм хорын төлбөрийн нэхэмжлэлээсээ татгалзсан, Б.Б нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б.Б, У.Г нар нь бусдад төлөх төлбөргүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

10. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь 103 /нэг зуун гурав/ хоног цагдан хоригдсон, У.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б, У.Г нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн цамц 1 ширхэг, 5 см  3мм урттай, ажлын хэсэг нь 3 см 7 мм урттай, цагаан металл төмөр 1 ширхэг, хар өнгийн хүний үс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Б, У.Г нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

14. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б, У.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.    

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ӨЛЗИЙ-ОТГОН

                                       ШҮҮГЧИД                                          Д.БАТТУЛГА

                                                                                                       Т.ДЭЛГЭРМАА