Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 18

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд

          Прокурор Д.Ганчимэг /онлайнаар/

          Хохирогч, шүүгдэгч Б.Б

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал

          Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх          

          Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/45 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Б ын давж заалдах гомдлоор Б.Б , У.Г  нарт холбогдох 1829002520153 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 16 настай, халх, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, эгч, дүү нарын хамт Өмнөговь аймгийн Ханбогд сум, 1-р баг, .................... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Есүхэй овгийн Б.Б /регистрийн дугаар  ..................../

          Монгол улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн, 21 настай, халх, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ЭР  ” ХХК-нд ажилтай, ам бүл 6, ээж, 3 дүү, 1 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сум, .................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ханхөгшин овгийн У.Г  /регистрийн дугаар ....................../                       Шүүгдэгч Б.Б  нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах “Жи Жи” пабад иргэн У.Г тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар тус пабын гадна хэвлийн тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

          Шүүгдэгч У.Г  нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах “Жи Жи” пабын гадна иргэн Б.Б тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор нь  Б.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, У.Г гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:  Шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч У.Г г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 -д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Б ад 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6.дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Г г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ад оногдуулсан 2 жил 6 сарын хугацаатай хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Б ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Б аас хохирол төлбөрт У.Г д 2328000 төгрөг төлсөн, Б.Б  нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б , У.Г  нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн цамц 1 ширхэг, 5 см З мм урттай ажлын хэсэг нь 3 см 7 мм урттай, бариул хэсэг нь 1 см 4 мм цагаан төмөр металл бүхий мэс заслын хутга 1 ширхэг, толгойн хэсгийн хар өнгийн үс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:.. “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ. Тэгэхээр шүүхээс миний гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн дүгнэлт болоод эрүүгийн ял хариуцлага тохироогүй гэж үзэж байна.

Хохирогч У.Г тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж харилцан бие биедээ гэмтэл учруулж, надад хөнгөн гэмтэл учирсан. Надад У.Г д хүнд гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй. Хохирогч У.Г  намайг үстэж аваад үснээс чирч хэсэг газар халзалсан. Тухайн цаг хугацаанд би өөрийн үйлдлээ хянаж чадаагүй өөрийгөө хамгаалснаас болж У.Г гийн биед хүнд гэмтэл учруулсан нь санаатай үйлдэл биш, санамсар болгоомжгүй байдлаар хүнд гэмтэл учруулсан гэдэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байхад шүүх хэргийн нөхцөл байдлаас зөрүүтэй дүгнэж миний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзээгүй.

Өсвөр насны ялтан Б.Б  миний бие хохирогч У.Г д үсдүүлж, чирүүлээд ахин цохих үйлдлийг хийх үед өөрийгөө хамгаалж аргагүй байдалд орж энэ үйлдлийг хийж хүнд гэмтэл учрахыг мэдэх боломж, цаг хугацаа огт байгаагүй, хоромхон зуурт болж өнгөрсөн.

Иймд эрхэм шүүгч та бүхэн миний хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа маш их гэмшиж байгаа байдал болон хохирогчид учруулсан хохирлоо төлсөн, ам бүл ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг, айлын дунд охин, ид сурч боловсрох насандаа цагдан хоригдож байгаадаа маш олон зүйл ойлгож ухаарч ээж, эгч, дүү нараа зовоож шаналгаж байгаадаа би маш ихээр харамсаж байгаа байдлыг анхааран үзэж анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэжээ.

            Прокуророос давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Насанд хүрээгүй хүүхэд пабаар үйлчлүүлэхэд хохирогч нь албан ёсны шаардлага тавихад шүүгдэгч Б.Б  нь хохирогч У.Г  дургүйцэж, эсэргүүцэж, тухайн пабад маргасан. Хохирогчийн зүй ёсны шаардлагыг дургүйцэж, уурлаж тухайн үйлдлийн улмаас учирч болох хор уршгийг өөрөө ухамсарлаж, ойлгож, учрах хор уршгийг учирч болохыг урьдчилан мэдэж улмаар хор уршгийг зориуд хүрч буюу хэд хоногийн өмнө олсон мэс заслын хутга мэт зүйлийг халааснаас гаргаж жирэмсэн хүний хэвлий хэсэгт хутгалж хүнд хохирлыг учруулсан.

Жирэмсэн эмэгтэйн хэвлий газарт хутгалж, хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр хангалттай нотлогддог. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жил, түүнээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй.

Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

            Шүүгдэгч Б.Б  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний хувийн байдлыг харгалзан үзэж сургалт хүмүүжлийн арга хэмжээ авч өгнө үү. 2 сарын хугацаанд хоригдож байхдаа их ойлгож гэмшиж байна. Миний буруу сургалт хүмүүжлийн арга хэмжээг авч өгнө үү гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүх хуралдаанд оролцож санал хүсэлтээ илэрхийлсэн. Хохирогчтой уулзаж ямар санал хүсэлтэй байгаа талаар асууж ярилцсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний эрүүл мэндийн байдал сайжирсан, бүрэн эдгэрсэн, эсэн мэнд амаржсан. Бадамхандыг цаашид хүмүүжиж, сур боловсрох, насанд хүрээгүй хүүхдийн ирээдүйг бодож, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Би шүүх хуралдаанд оролцох боломжгүй, гомдол саналгүй гэж хэлүүлсэн гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Насанд хүрээгүй шүүгдэгчийн давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор ял  оногдуулсан нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1, 8.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , У.Г  нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанарыг тал бүрээс харгалзан тус тус ял шийтгэлийг оногдуулж дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай.

          Шүүгдэгч Б.Б  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хохирол, хор уршиг арилсан, хэргийн шалтгаант нөхцөл хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн. Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно. Энэ хүүхдэд нэг удаа итгэл үзүүлэн хохироос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.

          Гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Б  нь аргагүй хамгаалалт хэрэглэсэн нөхцөл байдал харагдаж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж хохироос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний охиныг олон байгууллагаас дэмжлэг туслалцаа үзүүлээд ялыг хөнгөрүүлэх талаас ажиллаж байгаад баярлаж байна. Охиноо өөрийн хараа хамгаалалтад хүмүүжүүлнэ. Би хүүхдээ хараа хяналтаас салгахгүй. Дүүг нь харуулах хүсэлтэй байна гэв.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

           Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ын бичсэн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.        

           Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэснийг зөрчсөн, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Үүнд:

             Б.Б , У.Г  нарт холбогдох эрүүгийн хэргийг /1 дүгээр хавтасны 246, 2 дугаар хавтасны 6, 8/ хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг нээлттэй явуулахдаа анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатай эсэх, шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлтэй байгаа эсэхийг өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нараас хуралдаан даргалагч тодруулан асуугаагүй, ямар үндэслэлээр шүүх хуралдааныг нээлттэй явуулах болсон талаар шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийгээгүй байна.

             Хавтас хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-96/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-97/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-99/ зэргийг харьцуулан үзэхэд өсвөр насны шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Б ын эцгийн нэр нь Батмөнгөн гэж бичигдсэн байхад шийтгэх тогтоолд Батмөнх гэж бичжээ.

             Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг нь Б.Б , У.Г  нарт холбогдох эрүүгийн хэрэгт бичсэн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 5/04 дугаартай яллах дүгнэлтэндээ /хх-142-144/ гэмт хэрэг гарсан байдлыг 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэж бичсэн байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч У.Г  нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Б.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан /хх-6, 8/ гэж дүгнэж гэмт хэрэг гарсан цаг хугацааны байдлыг зөрүүтэй тогтоосон.

           Анхан шатны шүүх нь шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийг хэзээ үйлдсэн байдлыг нотлоогүй.

                     Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулсны дараа эдлэх ялыг хоёр дахин багасгана гэсэн Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх заалтыг буруу хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Б.Б ад тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг анхан шатны шүүх ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

           Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах тухай” шүүгдэгчийн давж заалдах гомдлын үндэслэлд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй болно.

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд У.Г  нь эд мөрийн баримтаар хураагдсан цамцаа буцааж авах хүсэлтийг гаргасан /хх-188/ байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолоороо ягаан өнгийн цамцыг устгахаар шийдвэрлэсэн нь /хх-8/ шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл биш боловч дурдах нь зүйтэй гэж үзсэн болно.      

                   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/45 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

            2. Б.Б , У.Г  нарт холбогдох 1829002520153 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

            3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.Б ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ                                 

ШҮҮГЧИД                                     Х.ГЭРЭЛМАА

                                                            Ц.ОТГОНЦЭЦЭГ