Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар  2024/ХШТ/75

 

                                            С.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Мөнгөншагай, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У, түүний өмгөөлөгч Т.Даваажав, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1507 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 318 дугаар магадлалтай, С.Б-д холбогдох эрүүгийн _ дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, шийтгэх тогтоол, магадлалд тусгаснаар урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 370 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах,  мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сарын хорих ял тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн Б овогт С-ийн Б.

С.Б нь 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баянголын 0 дугаар гудамжны нийтийн байрны орчим Ж.Э-тай маргалдан гараараа цохиж шатан дээр унаган, цээж хэсэгт нь хөлөөрөө өшиглөж баруун талын 5-11 дүгээр хавирганы шууд хугарал, гялтангийн цус хуралт, зүүн, нарийн гэдэсний задрал, үхжил, элэгний эдийн няцрал, зүүн ухархайн доод хана, хоншоор, сарвуу, хэвлий, цээжинд цус хуралт, цээж, нуруунд зулгаралт бүхий хүнд гэмтэл учруулж, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1507 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Б-ийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497.1, 508.1, 508.3, 511.5-д зааснаар шүүгдэгч С.Б-ээс гэм хорын хохиролд 106,144,158 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У-д олгож, оршуулгын зардалд нэхэмжилсэн нэхэмжлэлээс 23,937,382 төгрөгийг  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэж 318 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ээс 23,644,158 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У-д олгож, ...” гэж өөрчилж,

тогтоох хэсэгт "Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэсэн нэмэлт заапт оруулж,

тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгожээ. 

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У гаргасан гомдолдоо: “...Миний аав 67 настай Ж.Э-г С.Б гэгч нь согтуурсан үедээ зодож алсан. Шүүгдэгч С.Б нь талийгаачид 5-11 дүгээр хавирганы шууд хугарал, гялтангийн цус хуралт, зүүн 3, 4-р хавирганы шууд бус хугарал, нарийн гэдэсний задрал, үхжил, элэгний эдийн няцрал, зүүн ухархайн доод хана, хоншоор ясны зөрүүтэй хугарал, 2 зовхины дотор булан, хамрын нуруу, зүүн хоншоор, сарвуу, хэвлий, цээжинд цус хуралт, цээж нуруунд зулгарал гэмтлийг мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр учруулсан байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаар талийгаач маань С.Б-ийн харгис үйлдлийн улмаас олон тооны гэмтэл авч маш ихээр өвдөж, зовж шаналсны улмаас замын хүнээс тусламж гуйж түргэн тусламжаар Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж очоод дээрх гэмтлүүдийн улмаас нас барж бидэнд нөхөж баршгүй хохирол учирсан.

Анхан шатны шүүхээр 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж 1507 дугаар шийтгэх тогтоол гарсан. Гэтэл С.Б нь манай ар гэрээс огт уучлал гуйгаагүй, мөн хохирогчийн оршуулгын зардлаас нэг төгрөг ч барагдуулаагүй,  анхан шатны шүүх хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй ба өмгөөлөгч А.Очбадрал нь ялыг хөнгөрүүлэх хүсэлтээр давж заалдах гомдол гаргасан. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У миний бие хариу давж заалдах гомдол гаргасан. Ингээд 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хуралдсан. Шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн тогтоолын С.Б-ийн ялын зүйчлэл мөн оршуулгын зардлын 23,644,158 төгрөгийг үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У миний сэтгэл санааны хохирол сэтгэцэд учирсан хохирлыг үндэслэлгүй гэж үзсэнийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Миний бие Э.У нь Ж.Э отгон охин бөгөөд 1997 онд төрсөн цагаасаа хойш хамт амьдарч ирсэн. Иймд миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээх хүсэлтэй байна.” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүгдэгч С.Б-д хүнийг алах гэмт хэргийн сэдэлт зорилго байгаагүй юм. Гэмт хэрэг болсон орой С.Б  Ж.Э-тай маргалдан нэг удаа өшиглөж унагасан байдаг. Хохирогч Ж.Э унахдаа биеийн баруун хэсгээрээ шатан дээр унаж биед нь хүнд хохирол учирсан байдаг. Хохирогч Ж.Э-г шатан дээр өшиглөж унагаасны дараа шүүгдэгч С.Б хохирогчийг түшиж босгочихоод тухайн газрыг орхин явж гэртээ харьсан байдаг.

С.Б хохирогч Ж.Э-г шатан дээр өшиглөж унагаасан үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд хүнийг алах гэмт хэргийг үйлдэх санаа зорилгоор хохирогчийн биед С.Б халдсан үйлдэл биш юм. Тодруулбал, С.Б хохирогч Ж.Э-г шатан дээр өшиглөж унагаасны дараа хохирогчийн биед үргэлжлүүлэн халдахаас сайн дураар татгалзаж өөрийн үйлдлийг таслан зогсоож амь хохирогчийг түшиж унагаасан шатнаас босгосон юм.

Хэрэв С.Б-д амь хохирогч Ж.Э-г алах сэдэлт зорилго байсан бол өөрийн үйлдлийг зогсоохгүй, өөрийн үйлдлийг үргэлжлүүлэн хохирогчийн биед халдаж түүнийг алах боломжгой байсан хэдий ч шүүгдэгч өөрийн үйлдлийг үргэлжлүүлэхээс татгалзаж байгаа нь хүнийг алах гэмт хэргийн сэдэлт зорилго байгаагүйг тодорхой харуулдаг. С.Б-ийн холбогдсон гэмт хэргийг харахад шүүгдэгчийн үйлдэл нь өөрийн хүсээгүй хор уршигт хүргэсэн буюу гэм буруугийн шууд бус санаатай үйлдлээр үйлдэгдсэн гэмт хэрэг юм.

Дээрх нөхцөл байдлыг харьцуулан дүгнэхэд анхан шатны шүүхээс С.Б-ийг гэм буруутайд тооцсон хүнийг алах гэмт хэргийн сэдэлт зорилго тогтоогдохгүй байхад буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт зорилго хангалттай нотлогдон тогтоогдоогүй байхад шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй шийдвэр юм.

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгчид хүнийг алах сэдэлт зорилго байгаагүй боловч тодорхойлох боломжгүй хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй, өөрийн хийсэн дүгнэлтийг үгүйсгэсэн байдлаар дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр болон хууль зүйн дүгнэлт хоорондоо зөрүүтэй болсон. Уг зөрүүтэй тайлбарыг давж заалдах шатны шүүх анхааралгүй хэвээр үлдээсэн байдаг.

Хохирогч Ж.Э С.Б-д өшиглүүлсэн газарт унаж шууд нас бараагүй буюу амь хохирогч гэмт хэрэг болсон газарт газар дээрээ нас бараагүй гэмтлийн эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ авч байгаад нас барсан. Амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан байна гэх дүгнэлтийг мөрдөн байцаалтын явцад тогтоож 1 дүгээр хавтаст хэргийн 214 дэх талд хавсаргасан байдаг.

Амь хохирогч Ж.Э-ны биед хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж шаардлагатай мэс заслын эмчилгээ хийлгэсний дараа буюу гэмтлийн эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ хийлгэж байх явцдаа гэмтлийн эмнэлэгт нас барсан болно.

Нөгөөтэйгүүр амь хохирогчид учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон амь хохирогчийг нас барсаны дараа цогцост хийсэн шинжээчийн дүгнэлтүүдэд амь хохирогч Ж.Э-д цаг алдалгүй эмнэлгийн иж бүрэн туслалцааг үзүүлсэн ч түүний амь насыг аврах боломжгүй гэх дүгнэлт гаргаагүй болохыг анхаарах нь зүйтэй.

Хэрэв удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүдээр эмнэлгийн иж бүрэн туслалцааг хохирогч Ж.Э-д үзүүлсэн ч түүний амь насыг аврах боломжгүй хүнд гэмтэл авсан байсан гэх дүгнэлийг шинжээчид гаргасан бол С.Б-ийг хүнийг алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болох байсан юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрт нөлөөлж болох ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй, харгалзахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

С.Б-ийн хувийн байдлын хувьд 42 настай ганц бие эхнэр хүүхэдгүй, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан бүдүүн нарийн гэдсээ тайруулсан хувийн байдалтай юм. Иймээс хяналтын шатны шүүхээс хэргийн зүйлчлэлд ноцтойгоор нөлөөлж болох С.Б-д хүнийг алах гэмт хэргийн санаа зорилго байгаагүйг, амь хохирогч газар дээрээ нас бараагүй гэмтлийн эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ хийлгэж байх явцдаа нас барсан, шинжээчийн дүгнэлтүүдээр амь хохирогчид учирсан хүнд гэмтэл нь ямар ч эмчилгээ үйлчилгээ хийсэн амь хохирогчийн амь насыг аврах боломжгүй, боломж багатай гэх дүгнэлтүүд гаргаагүй зэрэг дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж С.Б-ийг гэм буруутайд тооцсон гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчилж өгөхийг хүсэж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Даваажав хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Бидний хувьд сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулж гомдол гаргасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эцэгтэйгээ нас барах хүртэлх цаг хугацаанд хамт амьдарч байсан. Анхан шатны шүүхээс тогтоосон 82,500,000 төгрөгийн гэм хорын хохирлыг гаргуулж өгнө үү. Мөн оршуулгын зардалд 49,000,000 төгрөг нэхэмжилснээс 23,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, үлдэх хэсгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Энэ байдлыг харгалзан шийдвэрлэж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор Б.Мөнгөншагай хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолтой холбоотой дүгнэлтээ танилцуулья. Шүүх шинжилгээний тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлүүдэд хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зайлшгүй шинжээчийн дүгнэлтээр тогтоохоор заасан. Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмаас харахад гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд сэтгэцэд учирсан хохирлыг заавал шинжээчийн дүгнэлтээр тогтоохгүйгээр Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр шууд тогтоох боломжтой мэт ойлгогдож байна. Гэвч 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.3-т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож болохоор заасан ба 3.4-т аргачлалын 3.3-т заасан хэмжээг хор уршгийн болон нөхөх төлбөрийн дээд хязгаар гэж үзээд хувьчлах асуудлыг баталсан. Тэгэхээр давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон учир хэвээр үлдээж, энэ талаарх гомдлоо иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барснаар зүйлчлэх агуулга бүхий гомдол гаргасан. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас амь нас шууд хохирсон байхыг ойлгох мэтээр тайлбарлаж байна. Хэргийн зүйлчлэлийг ялгахын тулд хэргийн үйл баримтад анхаарал хандуулах ёстой. Гэмт хэрэг гарсан 2023 оны 07 дугаар сарын 09-ний оройн 21 цагаас хойш амь хохирогч болон шүүгдэгч нар нийлж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг. Тодорхой хугацааны дараа шүүгдэгч хохирогчийг толгойн тус газарт цохиж унагасан, цээж, хэвлийд өшиглөж зодсон үйл баримт тогтоогдсон. Амь хохирогчийг зодсон газраа орхиод явсан. Амь хохирогч өглөөний 08 цаг 36 минут хүртэл ойролцоох автобусны буудал дээр байж байгаад хамгийн түрүүнд ирсэн хүнээс тусламж хүссэний дагуу эмнэлэгт хүргэгдсэн. Эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлж, тархи болон цээжний томограф, хэвлийн эхо хийж, яаралтай хагалгаанд орж сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаад 2023 оны 07 дугаар сарын 11-ний шөнийн 02 цаг 30 минутын орчим нас барсан. Тэгэхээр хохирогч өөрт учирсан гэмтлийг эмнэлэгт үзүүлээгүй, эмнэлгийн байгууллага үйлчилгээ үзүүлээгүй зэрэг нөхцөл байдлаас болж хохирогчийн амь нас хохироогүй. Шүүгдэгчийн үхэлд хүргэх гэмтэл учруулсан үйлдлийн улмаас хохирогч аврагдах боломжгүй нөхцөл байдалд байсаар нас барсан. Анхан болон давж заалдах шатны шүүх хууль хэрэглээ гэхээс илүү хэргийн үйл баримтад нийцүүлэн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэв.

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж тодорхойлжээ.

Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч ялладагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосны дагуу хохирогч Ж.Э гадны нөлөөгөөр нас барсан байж болзошгүй үйл явдлыг мөрдөн шалгах явцад хуульд заасан бүхий л ажиллагааг гүйцэтгэж, үүнд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоход хангалттай, хүрэлцэхүйц байна.

Эдгээр нотлох баримтуудыг, тухайлбал, гэрч А.Г-ийн мэдүүлэг (хэргийн 1 дэх хавтас, 173-174 дэх тал), хохирогчийг таньж олуулах ажиллагаа (хэргийн 1 дэх хавтас, 175-180 дахь тал), шүүгдэгч С.Б-ийн мэдүүлэг зэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлүүлсны үндсэн дээр 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 21 цагийн орчим шүүгдэгч С.Б нь согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баянголын 0 дугаар гудамжинд байрлах нийтийн байрны гадаа хамт архи уусан Ж.Э-тай маргалдан түүнийг цохиж байрны шатнаас унагааж, цээж рүү нь өшиглөсөн үйл баримтыг хоёр шатны шүүх хөдөлбөргүй сэргээн тогтоож, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд тодорхой тусгасан байна.

Түүнчлэн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1891 дүгээр дүгнэлтэд тусгагдсан (хэргийн 1 дэх хавтас, 208-215 дахь тал) болон мөрдөн байцаалтын шатанд шинжээч Э.Б-ын тайлбарлан мэдүүлсэн (хэргийн 1 дэх хавтас, 246-250 дахь тал) хохирогчийн биед учирсан гэмтэл, түүний үхлийн шалтгаан нь шүүгдэгчийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гадны ямар нэг нөлөөгүйгээр тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас, чухамхүү түүнд шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг билээ.

Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хоорондох шалтгаант холбоог зөв тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой юм.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн гэрч М.Ц (хэргийн 1 дэх хавтас, 81 дэх тал) шинжээч Э.Б (хэргийн 1 дэх хавтас, 250 дахь тал) нарын мэдүүлгүүд, мөн амь хохирогчийн өвчтөний түүх (хэргийн 2 дахь хавтас, 60-70 дахь тал) зэргээс үзэхэд хохирогчид хүч хэрэглэн халдсан шүүгдэгчийн үйлдлийн улмаас түүний биед учирсан гэмтэл нь үхэлд хүргээгүй, эсхүл эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон үр дагавар үүсгэсэн, түүнчлэн гэмтлийн бус шалтгаан буюу өөр өвчин, эмгэгийн хүндрэлээр хохирогч нас барсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдлийн шинж, хэргийн зүйлчлэлийн талаар хоёр шатны шүүхээс хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгөхийг хүссэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Хоёр шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйл, 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан үндэслэл, зарчмуудыг болон дотоод итгэлийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан 8-аас 15 жил хорих ялаас 10 жилийн хорих ялыг шүүгдэгчид оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь түүний гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан эдийн гэм хорыг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болно.

Харин гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус гэм хорыг хохирогч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д заасан хэдий ч мөн зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тодорхойлсон бөгөөд аль нэгэн хуульд энэ тухай тусгайлан зохицуулаагүй байсан тул эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр нэхэмжилсэн тохиолдолд түүнийг шүүхээс хянан шийдвэрлэх боломжгүй байсан юм.

Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг өөрчлөн найруулж, мөн хуулийн 508 дугаар зүйлд 508.5, 511 дүгээр зүйлд 511.3-511.5 дахь хэсгүүд, энэ хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зарим заалт, Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд 25.8.9 дэх заалт тус тус нэмсэнээр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх эрх зүйн орчин бүрджээ.

Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжилсэн тохиолдолд  Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан байх бөгөөд энэхүү зохицуулалт нь эрх олгосон бус үүрэг болгосон заалт байна.

Тиймээс дээрх зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 тоот тушаалаар хамтран баталсан журмын 2.1.1-ээс 2.1.5-д тусгайлан заасан таван төрлийн гэмт хэргээс бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтоох талаар мөн журмын 2.2-т тодорхой заажээ.

Шүүгдэгч С.Б нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял шийтгэгдсэн ба уг хэрэг нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан Эрүүгийн хуулийн аравдугаар бүлэг буюу хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд хийлгэж, дүгнэлт гаргуулаагүй байна.

Гэтэл анхан шатны шүүх нь заавал шинжилгээ хийлгэх хуулийн заалтыг мөрдөгч, прокурор биелүүлээгүй байхад сэтгэцийн гэм хорын хохиролд 82,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулсан нь үндэслэлгүй болсон талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдвэр нь хууль ёсны болсон байх тул үүнтэй холбогдуулан гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Харин анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д заасны дагуу амь хохирогчийг оршуулахтай холбоотой зайлшгүй зардлыг түүний хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн баримтын хүрээнд нягтлан шалгаж 47,581,540 төгрөгийн нэхэмжлэлээс 23,937,382 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 23,644,158 төгрөгийг хангасан нь үндэслэлтэй байх бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ баримталсан Иргэний хуулийн зарим зүйлийг буруу бичсэнийг давж заалдах шатны шүүх залруулсан нь зөв болжээ.

Шүүгдэгч С.Б урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 2 дахь хавтас, 204-205 дахь тал) Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 509 дүгээр шийтгэх тогтоол (хэргийн 3 дахь хавтас, 125-130 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 370 дугаар шийтгэх тогтоол (хэргийн 3 дахь хавтас, 132-133 дахь тал)-д түүнийг 2007 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 381 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгэгдсэн талаар тусгасан байхад хянагдаж буй шийтгэх тогтоол, магадлалд энэ тухай огт дурдаагүйг тэмдэглэн анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1507 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 318 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧИД                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                          Б.ЦОГТ