Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2019/0353

 

 

 

З.Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, хариуцагч Д.О нарыг оролцуулан, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор З.Э-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч У.Э, улсын байцаагч Д.О нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103,1, 103.2 дахь хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, төлбөр тогтоосон захиргааны акт Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31-01/56, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 31-01/80 дугаар актуудын төлбөрийн хэмжээг 2,243,393 /хоёр сая хоёр зуун дөчин гурван мянга гурван зуун ерэн гурван/ төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

          2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож тус тус шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгч З.Э-өөс давж заалдах гомдолдоо: “...Миний бие Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Ц.Э, Д.О нар нь “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31-01/60 тоот акт, “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 31-01/80 тоот актыг гаргахдаа ...,

          Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар шийдвэр, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 606 дугаар захирамжаар тогтоогдсон Б.Э-д олговол зохих ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроос зөрүүтэйгээр төлбөрийн акт тогтоосон ...,

          Монгол Улсын Сангийн сайдын шийдвэрээр өмнө нь хүчингүй болсон актын төлбөрийг улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 31-01/80 тоот актаар дахин төлбөр тавьсан ...,

          Улсын байцаагч нар хяналт шалгалт хийх, захиргааны шийдвэр гаргахдаа сонсох, мэдэгдэх, тайлбар гаргуулах ажиллагаа явуулаагүй оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасны дагуу хууль бус эрх зүйн зөрчилтэй акт гэж үзэж хүчингүй болгуулахаар Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хэргийг хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор харьцуулан үзсэний үндсэн дээр захиргааны байгууллагаас гаргасан актын хууль зүйн үндэслэлд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тайлбар дүгнэлт хийж шийдвэр гаргах үүрэгтэй байсан.

          Гэтэл ... 1 дүгээрт “Анхан шатны шүүхээс .... нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон олговроос зөрүүтэй нөхөн олговор олгосон гэж маргаж байгаа нь үндэслэлтэй /захиргааны актыг хууль бус буюу эрх зүйн зөрчилтэй/ гэж дүгнэсэн атлаа шүүх төлбөр тогтоосон захиргааны актуудын төлбөрийн хэмжээг 2.243.393 төгрөгөөр багасгах нь зүйтэй гэж үзлээ гэж шийдвэрлэсэн нь дээрх актыг гаргах эрх бүхий улсын байцаагч нарын хуулиар олгогдсон эрх үүрэгт хөндлөнгөөс оролцсон цаашид захиргааны байгууллага нь хууль бус буюу эрх зүйн зөрчилтэй акт гаргасан ч биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах, г/иргэдийг хүлээж авах ажлыг зохион байгуулж, тэднээс гаргасан өргөдөл, санал, гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, к/Засгийн газраас аймаг, нийслэлийн Засаг даргад, аймаг, нийслэлийн Засаг даргаас сум, дүүргийн Засаг даргад хууль тогтоомжид заасны дагуу шилжүүлсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэх заасны дагуу одоогийн Засаг дарга болох Ж.Э-т дээрх эрх үүрэг нь хуулийн дагуу олгогдсон байдаг.

          Мөн дээрх чиг үүргийнхээ хүрээнд нь ... “Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Э-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Сүхбаатар аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 1.537 дугаар мэдэгдлээр, Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Т.А-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Сүхбаатар аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1.394 дугаар мэдэгдлээр, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Э-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1.414 дугаар мэдэгдлээр, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтөлж Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч О.Д, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтөлж Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Э, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтөлж Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Э нартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын холбогдох албан тушаалтан удаа дараа уулзан Шүүхийн шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд буруутай албан тушаалтанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх зааснаар Шүүхийн шийдвэр биелүүлээгүй албан тушаалтныг олон нийтэд мэдээлэх мөн хуулийн 132.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй захиргааны байгууллага албан тушаалтанд төрийн албаны тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах арга хэмжээ авахыг даалгах мэдэгдэл хүргүүлэн хариуцлага тооцох болохыг анхааруулсан байдаг ба дээрх албан тушаалтнууд нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй ямар нэг шалтаг тоочих замаар цаг хугацаа өнгөрөөх эс үйлдэхүй гаргасаар Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 606 дугаар захирамжаар Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилд эгүүлэн томилогдсон өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд 9.078.881 төгрөг нэмэгдсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэж заасан нь З.Э Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа гаргасан хууль бус шийдвэрийнхээ үр дагаврыг бүрэн хариуцах үндэслэлтэй гэж үзсэн нь дээрх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарласан /тухайн хуулийн зохицуулалт нь Засаг дарга гэсэн байхад хуулийг Засаг даргаар ажиллаж байсан гэх үндэслэлээр буруу тайлбарласан ба харин дээр дурдсаны дагуу Засаг дарга Ж.Э нь өөрийн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд өөрийн гаргасан шийдвэр гаргах эрх үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй тул 41.2-т заасны дагуу гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ/ дээр дурдсан эрх бүхий албан тушаалтны эрх үүргээ хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас үүссэн хохирлыг бусдад хамаатуулан Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан захиргааны байгууллага, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзсэн.

          Маргаан бүхий захиргааны актыг шүүх хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр захиргааны байгууллагаас гаргасан актын хууль зүйн үндэслэлд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тайлбар дүгнэлт хийж шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй хэт нэг талыг барьсан шийдвэр болсон.

          Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “захиргааны актыг хаягласан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ” гэсний дагуу улсын байцаагч нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4-д зааснаар сонсох ажиллагааг утсаар ярих арга хэлбэрээр явуулсан гэж тайлбарладаг. Гэтэл мессэж бичсэнийг утсаар ярилцах арга хэлбэрт оруулан тооцож болохгүй юм. Иймд сонсох үйл ажиллагааг хуулийн дагуу явагдаагүй гэж үзэж байна. Нөгөө талаар энэ үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй тул эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт болох үндэслэл болж дээрх акт нь хүчингүй болох ёстой гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаартай шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байх тул хэргийг хянаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

                                                                     ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгч З.Э-ийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаар шийдвэртэй хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч У.Э, улсын байцаагч Д.О нарын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Төсвийн хөрөнгийн төлүүлэх тухай” 31-01/56 дугаар актаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Э-г ажлаас чөлөөлсөн Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/11 дүгээр тушаал илт хууль бус болох нь гурван шатны шүүхээр тогтоогдож, шүүхийн шийдвэрийн дагуу Б.Э-д ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гартал буюу 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 8.821.437 төгрөг, Сүхбаатар аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 606 дугаар захирамжаар Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилд эгүүлэн томилогдсон өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 17,571,135 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрээр 2,177,315 төгрөг, Эрүүл мэндийн газраас 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 342 тоот төлбөрийн хүсэлтээр Б.Эрдэнэтуяагийн 5630283417 дансанд цалингийн 21,576,345 төгрөгийг, цалингаас суутгасан ХХОАТ-т 2,639,278 төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 2,243,208 төгрөгийг шилжүүлж нийт 28,635,965 төгрөгийг төсвөөс төлж хохирол барагдуулахад зарцуулснаас 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцогдсон 19,557,084 төгрөгийг дээрх хууль бус шийдвэрийг гаргасан тухайн үед Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан З.Э-өөр төлүүлэхийг хариуцуулжээ.

Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч У.Э, улсын байцаагч Д.О нарын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай” 31-01/80 дугаартай актаар Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасны дагуу Б.Э-ийн хохирлыг барагдуулахад байгууллагын төсвөөс зарцуулж шийдвэрлэсэн 28,635,965 төгрөгөөс 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцогдсон 9,078,881 төгрөгийг аймгийн Засаг даргаар ажиллаж байсан З.Э-өөр төлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх “...Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг ..., эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан байхад шүүхийн шийдвэрээр тогтоосон 26,392,572 төгрөгийн цалин хөлсний олговроос 2,243,393 төгрөгийг илүү олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүх төлбөр тогтоосон захиргааны актуудын төлбөрийн хэмжээг 2,243,393 төгрөгөөр багасгаж” шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Гэхдээ нэхэмжлэгч З.Э-ийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 60 дугаар захирамжаар Сүхбаатар аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, улмаар шинэ Засаг дарга томилсон байгаад анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй нь буруу болжээ.

Нэхэмжлэгч З.Э нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 60 дугаар захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөөр тэрээр шүүхийн шийдвэрийг биелүүлж Б.Э-г “Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд” эгүүлэн томилох боломжгүй бодит нөхцөл байдал бий болжээ. Иймд нэхэмжлэгчээр түүнийг ажлаас нь чөлөөлсөн өдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны буюу Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31-01/56 дугаар актаар тогтоосон 19.557.084 төгрөгийг нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс “Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай” 31-01/56, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Төсвийн хөрөнгийг нөхөн төлүүлэх тухай” 31-01/80 дугаар актуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны ахлах байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Төсвийн хөрөнгийг нөхөн төлүүлэх тухай” 31-01/80 дугаар актыг хүчингүй болгож, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай” 31-01/56 актаар тогтоосон 19.557.084 төгрөгийг төлүүлэхээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Давж заалдах гомдолд дурдагдсан “урьдчилан мэдэгдээгүй” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй. Захиргааны акт гаргах талаар урьдчилан мэдэгдэж байсан болох нь хариуцагчийн тайлбар болон нотлох баримтаар тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н-Э-ээс “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа тул 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлтийг гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааны талаар тодруулан асуухад уг шүүх хуралдаан хойшилсон байна. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтэд дурдсан нөхцөл шалтгаан арилсан гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.