Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 10

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,

            Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн З.Э-н нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч У.Э, улсын байцаагч Д.О нарт холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай 31-01/56 тоот, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай 31-01/80 тоот актуудыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн, хариуцагч Д.О, Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч З.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч У.Э, улсын байцаагч Д.О нар нь Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай 2019.06.28-ны өдрийн 31-01/56 тоот актаар 19.557.084 төгрөг, 2019.09.30-ны өдрийн 31-01/80 тоот актаар 9.078.881 төгрөг нийт 28.635.965 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэж төлбөрийн акт тавьсан байна. Улсын байцаагч төлбөр тогтоосон акт гаргахдаа:

            - Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.08.24-ний өдрийн 27 дугаар шийдвэр, Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.11.29-ний өдрийн 606 дугаар захирамжаар тогтоогдсон Б.Э-д олговол зохих ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроос зөрүүтэй тогтоосон,

            - Б.Э-д ажилгүй байсан хугацааны цалин олговор олгохдоо шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрөөс илүү мөнгө шилжүүлсэн байхад нөхцөл байдлыг судалж буруутай албан тушаалтныг тогтоох, хариуцлага тооцох, учирсан хохирлыг төлүүлэх арга хэмжээ авахгүйгээр бусдын гэм буруутай үйлдлийг нялзаасан,

            - Монгол Улсын Сангийн сайдын шийдвэрээр өмнө нь хүчингүй болсон актын төлбөрийг улсын байцаагчийн 2019.09.30-ны өдрийн 31-01/80 тоот актаар дахин төлбөр тавьсан. Тэр ч байтугай миний бие 2018.03.29-ний өдрөөс Ерөнхий сайдын захирамжаар ажлаас чөлөөлөгдөж бүрэн эрх дуусгавар болж, ажилтныг томилох, чөлөөлөх эрх дуусгавар болсон байхад ажлаас чөлөөлөгдсөнөөс хойших хугацаанд төлбөр хариуцуулахаар тогтоосон,

            - Улсын байцаагч нар хяналт шалгалт хийх, захиргааны шийдвэр гаргахдаа сонсох, мэдэгдэх, тайлбар гаргуулах ажиллагааг явуулалгүй оролцогчийн эрхийг зөрчсөн зэрэг нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль холбогдох журамд нийцээгүй гэж үзэж байна.

            Иймд Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай 2019.06.28-ны өдрийн 31-01/56 тоот акт, 2019.09.30-ны өдрийн 31-01/80 тоот актыг тус тус хүчингүй болгохыг хүсэж нэхэмжлэл гаргав гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өмгөөлөлдөө: Сүхбаатар аймгийн, Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагч У.Э, улсын байцаагч Д.О нар нь Төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31-01/56 тоот актаар 19,557,084 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 31/01-80 тоот актаар 9,078,881 төгрөг, нийт 28,635,965 төгрөгийг З.Э-р төлүүлэхээр шийдвэрлэж, төлбөрийн акт тавьсан байдаг. Улсын ахлах байцаагчийн тавьсан акт нь захиргааны шийдвэр болдог. Иймд Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон журмын дагуу акт тавигдах ёстой байдаг. Мөн хяналт шалгалт явуулсан эрх бүхий албан тушаалтан тул Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу акт тавигдах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт зааснаар хууль бус эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэж үзэж байна. Улсын байцаагч нь төлбөр тогтоосон актдаа Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаартай шийдвэр,  Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 606 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдсон Б.Э-д олговол зохих ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг зөрүүтэй тогтоон олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны үйл ажиллагаа нь хуульд үндэслэх, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчмыг зөрчиж гэм буруутай этгээдэд хариуцлага тооцож учирсан хохирлыг арилгуулах арга хэмжээ авалгүйгээр бусдын гэм буруутай үйлдлийг нэхэмжлэгч З.Э-д холбогдуулан гаргасан байдаг. Энэхүү эрх нь тухайн актыг гаргасан байцаагч нарт байх бөгөөд тус актуудыг хууль бус эрх зүйн зөрчилтэй гэж үзэх үндэслэлтэй.

Сүхбаатар аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Б.Э-н ажилгүй байсан хугацаанаас ажилд эгүүлэн томилогдох хүртэл хугацааны ажилгүй байсан хугацаатай тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 17,571,345 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Тус актын тогтоох хэсэгт захиргааны буруу шийдвэрээр ажилгүй болсон Б.Э-н хохирлыг барагдуулахад байгууллагын төсвөөс зарцуулж шийдвэрлэсэн 28,635,965 төгрөгөөс 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хугацаанд тооцогдсон төлбөрийн 7,076,187 төгрөгийг аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Э-р төлүүлж ......тоот дансанд 2019 -08-15-ны өдөр оруулахыг үүрэг болгосон байдаг. Гэтэл Монгол Улсын Сангийн сайдын шийдвэрээр 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 31-01/80 дугаар  актаар дахин төлбөр тавьсан нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна гэсэн заалтыг зөрчиж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэдий ч хаяглагдсан этгээдийн хүсэлтээр дараах тохиолдолд захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийж болно” гэсэн заалтыг зөрчиж байна.

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаартай шийдвэрээр Б.Э-н нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэл буюу 8,826,437 төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн байдаг. Тус шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Улсын дээд шүүхийн 26 тоот магадлал гарсан байдаг. Сүхбаатар аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас З.Э-г 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр чөлөөлсөн бөгөөд дараа нь томилогдсон Засаг дарга болох Ж.Э нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн дагуу аймаг нийслэлийн Засаг даргын бүрэн эрх, үүргийг холбогдох хуулийн хүрээнд хэрэгжүүлж захирамж гарган хариуцлага хүлээлгэх, хариуцлага тооцох эрх үүрэг нь шилжсэн байдаг. Иймд дээрх захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан байдаг. Энэ үүргээ биелүүлээгүй тул эрх зүйн зөрчилтэй акт гэж үзэж байгаа юм. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлд холбогдох асуудлаар урьдчилан дүгнэлт гаргаж түүнийгээ батлах замаар хяналт шалгалт явуулахыг хориглоно” гэж заасан байдаг. Энэ заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн дагуу шийдвэр гаргах процессын ажиллагаа явуулах нь тодорхой байсан. Гэтэл хариуцагч шүүхэд  ирүүлсэн тайлбартаа 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 13 цаг 50 минутанд ..... дугаараас мессежээр 9,078,881 төгрөгний акт тогтоосон гэж мэдэгдсэн байгаагаас үзэхэд урьдаас тогтоосон акт болох нь харагдаж байна.  

 Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь хэсэгт захиргааны байгууллагыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах гэж заасан байдаг. Эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан байгаа. Энэ зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Захиргааны шийдвэр гаргахын өмнө урьдчилсан нөхцөл байдлыг хуулийн дагуу бүрэн гүйцэд явуулаагүй. Ийм учраас урьдчилсан шийдвэр гаргах нөхцөл байдлыг явуулаагүй, оролцоогоор нь хангаагүй гэж үзэж байна.

Мөн Төрийн хяналт шалгалтын тухай 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4 дэх хэсэгт сонсох ажиллагааг утсаар санал авах гэж заасны дагуу улсын байцаагч төлбөр тогтоосон актын талаар мэдэгдэх ёстой. Гэтэл мессеж бичсэнийг утсаар ярьсанд тооцож болохгүй юм. Иймд сонсох үйл ажиллагааг хуулийн дагуу явагдаагүй гэж үзэж байна.

Зөрчил арилгуулах тухай Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн албан шаардлага байгаа, энэ шаардлагын хүрээнд Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны удирдамж 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гарсан байдаг. Удирдамжид Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хяналт явуулахаар заасан байдаг. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт энэ хуулийн 52.1-д зааснаас бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хориглоно гэж заасан байдаг. Санхүүгийн хяналт шалгалтын  танилцуулга гэж байгаа. Үүний зорилго нь санхүүгийн хяналтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжлийн заавар зөвлөгөө өгч ажиллах ёстой байсан. Гэтэл хэрэгт авагдсан хяналт шалгалтын танилцуулга нь Б болон Х-тай холбоотой харин З.Э гэдэг хүнтэй ямар нэгэн холбоо байхгүй байсан. 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, мөн 09 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан байдаг. Үүнээс үзэхэд Э, А нарт холбогдох актыг хүчингүй болгуулах асуудал яригдаж байгаа, З.Э-д холбогдох асуудал яригдаагүй. Тэгэхээр хяналт шалгалтыг хэрэгжүүлэх байгууллага нь хууль, журмын дагуу хяналт шалгалтыг хийх бөгөөд хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэсэн 3 ангилалтай байх ба эрх зүйн зохицуулалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд тухайн актуудыг эрх зүйн зөрчилтэй, хууль бус акт гэж үзэж байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

 

Хариуцагч У.Э, Д.О нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: З.Э-н гаргасан нэхэмжлэлд хариу тайлбарыг өгч байна. Үүнд:

            Аймгийн Аудитын газраас тус албанд ирүүлсэн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/20 СБА-2019/126/СТА-ТШЗ тоот албан шаардлагад  шүүхийн шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд аймгийн Эрүүл мэндийн газрын төсвөөс цалин хөлстэй тэнцэх олговор болон нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр  шилжүүлэн олгож тэтгэмж, урамшууллын зардалд тайлагнасан байна. Энэ нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2 дахь заалтын дагуу төсөвт учирсан хохирлыг буруу шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтнаар эргүүлэн төлүүлэхээр заасан бөгөөд тухайн буруутай шийдвэр гаргаж, төсвийг хохироосон холбогдох албан тушаалтнаар тухайн хөрөнгийг төлүүлж, хариуг 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор аймгийн Аудитын газарт ирүүлнэ үү” гэж дурдсан байсан.

Дээрх аудитын албан шаардлагын дагуу Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны даргын баталсан 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 22 тоот удирдамжийн хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газрын цалин хөлс, түүнтэй адилтгах санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор У.Э, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, дотоод аудитор Д.О нар 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хяналт шалгалт хийсэн.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ” гэсний дагуу 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ажлаас үндэслэлгүй халагдсан Б.Э-д шүүхийн шийдвэрээр олгосон цалин хөлс болон төлбөрийн хүсэлт,  эгүүлэн ажилд томилоогүйгээс олгосон цалингийн зардал, ажилд нь эгүүлэн томилсон тушаал, шүүхийн шийдвэрээр шилжүүлсэн цалингийн зардлыг тулган шалгахад аймгийн Эрүүл мэндийн газрын төсвөөс нийт 28635965  төгрөг олгогдсон байсан.

           

Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-д “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна”, Дотоод аудитын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасны дагуу аймгийн Засаг даргаар ажиллаж байсан З.Э-д 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаан дахь 19557084 төгрөгийг улсын ахлах байцаагчийн 31-01/56 тоот актаар, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд аймгийн Засаг даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Т.А-аар 2002694 төгрөгийг төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн 31-01/58 тоот актаар, мөн аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа Ж.Э-р 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 12-ныг хүртэлх хугацаан дахь 7076187 төгрөгийг улсын ахлах байцаагчийн 31-01/59 тоот актаар тус тус тогтоож нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Т.А, Ж.Э нар нь тус актуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэж Улсын Ерөнхий байцаагчид гомдол гаргасан байна. Гомдлыг Улсын Ерөнхий байцаагч хянаж үзээд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэсэн заалтыг үндэслэн Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 13-2/5444, 2019-08-21-ний өдрийн 13-2/5776 тоотоор тус тус хүчингүй болгосон болно. Дээрх шийдвэрийг үндэслэн Санхүүгийн хяналт аудитын албаны даргын Зөвлөл 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж хэлэлцээд Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх хэсгийг үндэслэн аймгийн Засаг даргаар ажиллаж байсан З.Э-р төлүүлэхээр акт тогтоохоор шийдвэрлэж, улсын ахлах байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 31-01/80 тоот акт тогтоосон ба З.Э нь тус актыг хүлээн зөвшөөрөхгүй гэж Улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан байна. Уг гомдлыг Улсын Ерөнхий байцаагч хянаж үзээд 2019.09.17-ны өдрийн 13-2/6274 тоотоор тус актыг тогтоосон нь үндэслэлтэй гэж үзсэн байна.           

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ” гэсний дагуу улсын ахлах байцаагч миний бие З.Э-тэй 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 11.45 цагт ......... дугаар руу ..... дугаараас ярьж “шүүхийн шийдвэрээр Б.Э-д олгогдсон 19557084 төгрөгийг танаар төлүүлэхээр акт тогтоох нь байна та ирж уулзана уу” гэж ярихад З.Э актаа явуулчихаа би тайлбараа өгнө гэсэн. 2019 оны 7 дугаар сарын 5-нд ..... тоот дугаараас мессеж бичсэн. Мөн 9078881 төгрөгийн акт тогтоосныг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны 13.50 цагт ..... тоот дугаараас мессеж явуулсан болно гэжээ.

Хариуцагч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Төрийн аудитын газраас Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанд ирүүлсэн албан шаардлагад Эрүүл мэндийн газраас шүүхийн шийдвэрээр олгогдсон цалингийн зардал дээр хяналт шалгалт хийж холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч хариу ирүүлэхээр заасан. Үүний дагуу албаны даргын баталсан удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтыг хийхэд шүүхийн шийдвэрээр Эрүүл мэндийн газраас Б.Э-д нийт 28,635,965 төгрөг олгогдсон байсан. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаартай шийдвэрээр 8,821,437 төгрөг, Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 606 дугаартай шийдвэрээр 17,571,345 төгрөг олгогдохоор шийдвэрлэсэн байсан. Үүний дагуу олгогдсон эсэх тал дээр хяналт шалгалт хийхэд Б.Э-н гарт 21,576,164 төгрөг, хүн амын орлогын албан татварт 2,639,278 төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 2,243,208 төгрөг, Засаг даргын Тамгын газраас 2,177,315 төгрөг, нийт 28,635,965 төгрөг олгогдсон байсан. Ингээд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4 дэх хэсэгт зааснаар утсаар сонсох ажиллагаа хийсэн. У.Э байцаагч З.Э даргатай утсаар ярьж Б.Э-д олгогдсон ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг таниар төлүүлэх нь, акт тогтоох нь байна, та хаана байна, Улаанбаатар хотод байна уу? гэхэд З.Э Улаанбаатар хотод байна, очиж уулзах боломжгүй, шуудангаар явуулчих, эгүүлэн тайлбараа өгнө гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Ингээд сонсох ажиллагаа хийсний дараа захиргааны актыг гаргасан байгаа. Шалгалт хийхэд Б.Э ажлаасаа чөлөөлөгдөж буцаж ажилдаа эгүүлэн тогтоолгох хүртэл З.Э, Т.А, Ж.Э нар аймгийн Засаг даргаар ажилласан байдаг. Эдгээр 3 хүнийг Засаг даргаар ажиллаж байх хугацаанд Б.Э-д хэдэн төгрөгний цалин ногдож байгаа талаар тооцоолж үзэхэд Э 19557084 төгрөг, Т.А 2002694 төгрөг, Ж.Э 7076187 төгрөг төлөх тооцоо гарсан. Т.А, Ж.Э нар буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан биш гэж үзэж Сангийн сайдад гомдол гаргасан байдаг. Энэ гомдлыг Сангийн сайд хянаж үзээд буруутай шийдвэр гаргаагүй байна гэж үзэж актыг хүчингүй болгосон учир даргын зөвлөл хуралдаж улсын төсвөөс гарах ёсгүй төсөв гарсан байна, хэн нэгэн буруутай  шийдвэр гаргасан этгээд төлөх ёстой гэж үзэж З.Э даргатай холбогдуулан нэмж акт гаргасан байгаа гэв.

 

Хариуцагч улсын ахлах байцаагч Т.Ц шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Төрийн аудитын газраас Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанд албан шаардлага ирүүлсэн. Албан шаардлагын агуулга нь төсвийг хохиролгүй болгох талаар байсан. Хууль бусаар халагдсан албан хаагчдад цалин хөлс олгогдсон байна, үүнд хяналт хийж, арга хэмжээ авах талаар албан шаардлагыг ирүүлсэн.

Албан шаардлага нь хугацаатай байсан тул төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хүсэлт, өргөдөл гаргасан тохиолдолд хийхээр хуульчилсан байгаа. Учир нь Төрийн аудитын газраас ирүүлсэн албан шаардлагад төсөвт учирсан хохирлын талаар ямар нэгэн арга хэмжээ авч ажиллах талаар тусгасан учраас байгууллагаас удирдамж гаргаж хяналт шалгалт хийсэн. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж дуусаад акт гаргасан байгаа гэв.

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, актын үндэслэл болсон хэрэгт авагдсан шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд болон төрийн албан хаагчид цалин хөлсний нөхөн олговор олгосон санхүүгийн анхан шатны баримтуудыг үнэлэн дараах үндэслэлээр маргаан бүхий төлбөр тогтоосон захиргааны актуудаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэлээ.

1. Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай” 31-01/56 дугаартай актын тухайд:

Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн  2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай” 31-01/56 дугаартай актаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Э-г ажлаас чөлөөлсөн Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/11 тоот тушаал нь гурван шатны шүүхээр илт хууль бус болох нь тогтоогдож, шүүхийн шийдвэрийн дагуу Б.Э-д ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гартал буюу 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 8,821,437 төгрөг, Сүхбаатар аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 606 тоот захирамжаар Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилд эгүүлэн томилогдсон өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 17,571,135 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрээр 2,177,315 төгрөг, Эрүүл мэндийн газраас 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 342 тоот төлбөрийн хүсэлтээр Б.Э-н 5630283417 дансанд цалингийн 21,576,345 төгрөгийг, цалингаас суутгасан ХХОАТ-т 2,639,278 төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 2,243,208 төгрөгийг шилжүүлж нийт 28,635,965 төгрөгийг   төсвөөс төлж хохирол барагдуулахад зарцуулснаас 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцогдсон 19,557,084 төгрөгийг дээрх хууль бус шийдвэрийг гаргасан тухайн үед Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан З.Э-р төлүүлэхээр шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч нь санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагчийн төлбөр тогтоосон актыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Сангийн сайдад гомдол гаргаж, Сангийн сайдаас тухайн актыг хууль зүйн үндэслэлтэй гэж хариу өгснийг гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн гэж үзсэн болно.

 Нэхэмжлэгч актыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ төлбөрийн акт тавихдаа мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй, миний эрх ашгийг зөрчсөн, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон олговроос зөрүүтэйгээр нөхөн олговор олгосон, илүү мөнгө олгосон албан тушаалтныг тогтоох, хариуцлага хүлээлгэх, арга хэмжээ авалгүйгээр бусдын гэм буруутай үйлдлийг нялзаасан гэж, харин хариуцагчаас аймгийн Төрийн аудитын газраас тус албанд ирүүлсэн  албан шаардлага, албаны даргын баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийсэн, З.Э-н......... дугаар руу ..... дугаараас ярьж “шүүхийн шийдвэрээр Б.Э-д олгогдсон 19,557,084 төгрөгийг таниар төлүүлэхээр акт тогтоох нь байна та ирж уулзана уу” гэж хэлэхэд З.Э актаа явуулчих би тайлбараа өгнө гэсэн, мөн  бичсэн гэж тайлбарлан маргаж байна.

 Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3/25СБА-2019/112/СТА-ТШЗ тоот албан шаардлага, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 22 тоот удирдамжийн дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын 2018 оны цалин, хөлс түүнтэй адилтгах олговорт санхүүгийн улсын ахлах байцаагч У.Э, хяналт шалгалтын улсын байцаагч Д.О нар төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж дээрх актыг тогтоожээ.

 Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар шийдвэрээр Б.Э-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын “Б.Э-г ажлаас чөлөөлөх тухай” 2017 оны Б/11 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гартал буюу 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг дуустал ажилгүй байсан 148 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 8.821.437 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэр нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж хэвээр батлагдан хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Мөн Сүхбаатар аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 606 тоот захирамжаар нэхэмжлэгч Б.Э-н Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилд эгүүлэн томилогдсон өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 17,571,135 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид 122,904 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Хариуцагч хяналт шалгалтын улсын ахлах байцаагчид нь  шалгалтыг аймгийн Эрүүл мэндийн газрын санхүүгийн баримтуудад үндэслэн хийсэн байх ба актын үндэслэл болсон хэрэгт авагдсан аймгийн Эрүүл мэндийн газрын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 342 тоот төлбөрийн хүсэлтээр Б.Э-н ХААН банкны 5630283417 тоот дансанд 21,576,164 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 343 тоот төлбөрийн хүсэлтээр ХХОАТ-т 2,639,278 төгрөгийг татварын хэлтсийн 100120000901 тоот дансанд, Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 100120090000 тоот дансанд шимтгэл 2,243,208 төгрөгийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн мөнгөн шилжүүлгээр Б.Э-н ХААН банкны 5630283417 тоот дансанд 2,177,316 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Ийнхүү шүүхийн шийдвэрээр тогтоогдсон цалин хөлсний олговор, Б.Э-д ажил олгогчоос олгосон цалин хөлсний олговрыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч З.Э-н аймгийн Засаг дарга байхдаа гаргасан Б.Э-г ажлаас чөлөөлсөн хууль бус шийдвэрийн улмаас түүнд олгох цалин хөлсний нөхөн олговорт шүүхээс 26,392,572 төгрөгийг олгохоор тогтоосон боловч ажил олгогчоос нийт 28,635,965 төгрөгийг олгож 2,243,393 төгрөгийг илүү олгосон байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон олговроос зөрүүтэйгээр нөхөн олговор олгосон гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байх тул шүүх төлбөр тогтоосон захиргааны актуудын төлбөрийн хэмжээг 2,243,393 төгрөгөөр багасгах нь зүйтэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэлийн шаардлагын илүү мөнгө олгосон албан тушаалтныг тогтоох, хариуцлага хүлээлгэх, арга хэмжээ авалгүйгээр бусдын гэм буруутай үйлдлийг нялзаасан гэх үндэслэл нь маргаан бүхий төлбөр тогтоосон захиргааны актуудын агуулгад хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудал байх тул шүүх дүгнэлт хийж шийдвэр гаргах боломжгүй байна.

Түүнчлэн төлбөр тогтоосон захиргааны акт гаргах үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж, нэхэмжлэгчийн хууль бус шийдвэрийн улмаас төсөвт хохирол учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүх маргаан бүхий Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай” 31-01/56 дугаартай акт үндэслэлтэй байна гэж үзлээ.

Мөн хариуцагчийн тайлбар болон Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хурлын тэмдэглэлийн агуулгаас үзвэл шалгалт хийсэн улсын ахлах байцаагч нэхэмжлэгчтэй утсаар харилцаж төлбөр тогтоосон актын талаар мэдэгдсэн гэсэн тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.             

2.Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн  2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай” 31-01/80 дугаартай актын тухайд:

 Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн  2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай” 31-01/80 дугаартай актаар Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасны дагуу Б.Э-нхохирлыг барагдуулахад байгууллагын төсвөөс зарцуулж шийдвэрлэсэн 28,635,965 төгрөгөөс 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 12-ныг хүртэлх хугацаанд тооцогдсон 9,078,881 төгрөгийг аймгийн Засаг даргаар ажиллаж байсан З.Э-р төлүүлэхээр шийдвэрлэжээ.

           Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “..., Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч З.Э нь Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа гаргасан хууль бус шийдвэрийнхээ үр дагаврыг бүрэн хариуцах үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн Монгол Улсын Сангийн сайдын шийдвэрээр өмнө нь хүчингүй болсон актын төлбөрийг улсын байцаагчийн 2019.09.30-ны өдрийн 31-01/80 тоот актаар дахин төлбөр тавьсан, миний бие 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс Ерөнхий сайдын захирамжаар ажлаас чөлөөлөгдөж бүрэн эрх дуусгавар болж, ажилтныг томилох, чөлөөлөх эрх дуусгавар болсон байхад ажлаас чөлөөлөгдсөнөөс хойших хугацаанд төлбөр хариуцуулахаар тогтоосон гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн З.Э-н аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа гаргасан “Б.Э-г ажлаас чөлөөлөх тухай” 2017 оны Б/11 тоот захирамжийг хууль бус болохыг шүүхээс тогтоосон учир Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж заасан тул төлбөр тогтоосон захиргааны актыг буруутгах боломжгүй байна.

Захиргааны байгууллага хохирлоо барагдуулах харилцааг зохицуулсан Захиргааны ерөнхий хуулийн 103.1-д “иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, 103 дугаар зүйлийн 103.2-д “энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны дотоод аудитын нэгж хариуцна” гэж захиргааны байгууллагыг үүрэгжүүлжээ.

 Ийнхүү хариуцагч Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчаас аймгийн Эрүүл мэндийн газраас Б.Э-д ажилгүй байсан хугацааны хохирол барагдуулсан санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн  шалгалтаар Б.Э-г ажлаас нь чөлөөлсөн Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/11 тоот захирамж хууль бус болохыг шүүхээс тогтоосноор аймгийн Засаг даргын Тамгын газрын болон Эрүүл мэндийн газрын төсвөөс 2018 онд 28,635,965 төгрөгийг ажилдаа эгүүлэн тогтоогдсон албан хаагчид олгож төсвийг үр ашиггүй зарцуулсан зөрчил илэрснийг хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр дээрх маргаан бүхий 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31-01/56, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 31-01/80 дугаар актуудыг тогтоосон нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-д “..., түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэж заасантай нийцсэн байна.

Харин Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг ..., эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж заасан байхад шүүхийн шийдвэрээр тогтоосон 26,392,572 төгрөгийн цалин хөлсний олговроос 2,243,393 төгрөгийг илүү олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүх төлбөр тогтоосон захиргааны актуудын төлбөрийн хэмжээг 2,243,393 төгрөгөөр багасгаж буюу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6,106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103,1, 103.2 дахь хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Э-н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, төлбөр тогтоосон захиргааны акт Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31-01/56, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 31-01/80 дугаар актуудын төлбөрийн хэмжээг 2,243,393 /хоёр сая хоёр зуун дөчин гурван мянга гурван зуун ерэн гурван/ төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БАЯРЦОГТ