Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 181/2017/00755/и |
Дугаар | 001/ХТ2017/01583 |
Огноо | 2017-12-08 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2017/01583
Д.У-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн 181/ШШ2017/01601 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2017/01783 дугаар магадлалтай,
Д.У-ын нэхэмжлэлтэй
“Ю Б Э П” ХХК-д холбогдох
Гэрээний үүрэгт 6 222 800 төгрөг, хэмжилт хийлгэсэн зардалд 64 335 төгрөг нийт 6 287 435 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Ю Б Э П” ХХК-тай Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороололд баригдаж байгаа Хаппи Таун хотхонд 46,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу байрны 1 м,кв-ийг 1 880 000 төгрөг нийт 87 232 000 төгрөгөөр бариулахаар, гүйцэтгэгч тал 2014 оны 4 дүгээр улиралд багтаан гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээнд заасны дагуу тогтоосон хугацаанд Улаанбаатар банкны 8 хувийн зээл авч байрны төлбөр төлж барагдуулсны үндсэн дээр мөн оны 12 дугаар сарын 17-ны өдөр орон сууц хүлээлцэх акт үйлдэн түлхүүрээ хүлээн авсан. Миний бие байрны метр квадрат дутсаныг огт мэдэхгүйгээр байрны түлхүүрээ хүлээн авч, түүнчлэн байрны гэрчилгээг гэрээнд заасны дагуу 46,4 м.кв-аар хүлээн авсан. Гэвч 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр "Инженер геодези" ХХК-иар талбайн хэмжилт хийлгэхэд 43,09 м.кв талбайтай гэж дүгнэлт гарсан нь гэрээгээр тохиролцсон талбайн хэмжээнээс 3.31 м.кв дутаж байна. Гүйцэтгэгч тал гэрээний 1.2, 1.3, 1.5-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Энэхүү талбайн зөрүү надад мөнгө, санхүүгийн хувьд давхар алдагдалд оруулж, хохирол учруулж байна. Үүнд: 1.Улаанбаатар хотын банкнаас гэрээгээр тохиролцсон хэмжээнээс дутсан 3.31 м.кв талбайд зээл авч, өнөөдрийг хүртэл зээлийн хүүг илүү төлөх үндэслэл болсон. 2. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ илүү талбайтай бичигдсэн нь орон сууцны хэрэглээний зардал болох халаалт, дулааны үнийг төлөхдөө тус байрны албан ёсны метр квадратаар бодож өгч байгаа. Иймд орон сууцны талбайн хэмжээний зөрүү /3.31 м.кв/-ний нийт 6 222 800 төгрөг, Барилгын зураг төслийн компаниар хэмжилт хийлгэхэд гарсан зардал 64 630 төгрөг нийт 6 287 435 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ю Б Э П” ХХК 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ"-ний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хаппи таун хотхонд байрлах 71, 72, 73 тоот, барилгыг "Өндөрбуянт холдинг" ХХК-иас шилжүүлж авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан. Мөн манай компани уг хотхоны барилгын ажлыг “Өндөр буянт” ХХК, “Алъяанстехник” ХХК, “Хай кик” ХХК, “Сигма-Отис” ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн, уг орон сууцыг чанар стандарт, барилгыг зураг төслийн дагуу хийгдсэн гэж үзээд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2014/709 тоот “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт”-аар бид худалдан авагчдаа уг орон сууцанд оруулсан, Бид борлуулалтын талбайн хэмжээ, үнийг худалдан авагчдад урьдчилсан байдлаар танилцуулдаг бөгөөд үүнийг худалдан авагч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан бөгөөд уг орон сууцыг худалдан авснаас хойш хуулийн хугацаанд манай компанид гомдол, шаардлага гаргаагүй. Манай компани барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компаниудаар зураг төслийг хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг зураг төслийн дагуу баригдсан болохыг улсын комисс тогтоосон тул хөндлөнгийн компани талбайн хэмжээ тооцож гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01601 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар “Ю Б Э П” ХХК-иас 6 222 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Уд олгож, нэхэмжлэлээс 64 635 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.У-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 548 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ю Б Э П” ХХК-иас 114 515 төгрөгийг гаргуулж Д.Уд олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2017/01783 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01601 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир хяналтын гомдолдоо: Д.У-ын нэхэмжлэлтэй “Ю Б Э П”д холбогдох 6 287 435 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир миний бие өөрт олгогдсон итгэмжлэлийн хүрээнд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01601 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 он 08 сарын 07-ны өдрийн 210/МА2017/01783 магадлалыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч, зохих журмын дагуу хяналтын гомдол гаргаж байна. “Ю Б Э П” ХХК нь 2013 оны 04 сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ”-ний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хайппи таун хотхонд байрлах 71, 72, 73 тоот, барилгыг “Өндөрбуянт холдинг” ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан. Мөн манай компани уг хотхоны барилгын ажлыг Өндөр буянт ХХК болон Алъяанстехник ХХК, Хай кик ХХК, Сигма-Отис ХХК зэрэг компаниудаар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг орон сууцыг чанар стандартад нийцсэн, барилгыг зураг төслийн дагуу хийгдсэн гэж үзээд 2014 оны 11 сарын 19-ний өдрийн 2014/709 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актаар гарсан учир бид худалдан авагчдаа уг орон сууцанд оруулж эхэлсэн. Нэхэмжлэгч Д.У нь манай ХХК-тай 2014 оны 10 сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан байдаг бөгөөд орон сууц нэгэнт ашиглалтанд орсон байсан. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах худалдан авах гэрээ гэж анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн. Харин Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 /Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан/-т зааснаар шаардлага гаргах эрхийг алдсан эсэх талаар дүгнэлт хийхдээ: Анхан шатны шүүх; талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.4-д “захиалсан орон сууцны борлуулалтын нийт м.кв-ыг тооцохдоо батлагдсан ажлын зургийн дагуу заслын өмнөх хананаас хана хүртэлх хэмжээгээр тооцох бөгөөд сууцны бус зориулалтын талбай буюу верандыг нийт талбайд оруулна”, 1.5-д “Заслын ажлын дараах талбайг ММ56058:2009 стандартын дагуу тооцож, ашиглалтын талбайн хэмжээг гаргана” 1.6-д “энэхүү гэрээний 1.4-д болон 1.5-д заасан талбайн хооронд зөрүү гарч болохыг захиалагч талд танилцуулж, захиалагч дээрх борлуулалтын талбайг зөвшөөрсөн болно” гэж заажээ. Гэрээний 1.4-д орон сууцны талбайг стандартад нийцэхгүй байдлаар тодорхойлсон байх тул уг заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байна гэж дүгнэсэн. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс тухайн гэрээний зүйл, заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Талбайн орон сууцны хэмжээ дутаж болохыг талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4-т зааснаар урьдчилсан танилцуулсан үйл ажиллагаа юм. Учир нь Ч.Лхагвасүрэнтэй гэрээ байгуулах үед барилгын дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэсэн байсан бөгөөд гоёлын хана хийх, шавар, замаск татах, улмаар сантехникийн шугам, хоолойг далдлах зэрэг барилгын дотоод өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор заслын ажлууд хийгдсэн байсан бөгөөд үүнтэй холбогдуулж, м.кв-ийн зөрүү гарч болохыг урьдчилсан байдлаар танилцуулсан. Үүнийг ч худалдан авагч Ч.Лхагвасүрэн хүлээн зөвшөөрсөн байгаа нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний гол нөхцөл 2 /хоёр/ өрөө орон сууц болохыг тодорхойлж байна. Давж заалдах шатны шүүх: орон сууцыг хүлээн авахдаа орон сууцны талбайн хэмжээ дутуу байгааг нүдэн баримжаагаар харж, хүлээн авсныг мэдсэн гэж үзэх боломжгүйгээс гадна талуудын хоорондын тохиролцоог илэрхийлсэн гэрээ, хэргийн нөхцөл байдлаас нэхэмжлэгч орон сууцны талбайн хэмжээ дутуу байж болохыг мэдэх боломжтой байсан, хэмжиж авах үүрэгтэй гэж үзхээргүй байна гэж дүгнэсэн. Гэвч орон сууцны талбайн хэмжээ дутуу гэдэг ашиглалтын явцад үүсдэг далд доголдол биш бөгөөд тухайн орон сууцыг хүлээн авах үедээ талбайн хэмжилт хийлгэх замаар тогтоож, талбайн орон сууцны дутагдлыг илрүүлэх боломжтой байсан. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч “Ю Б Э П” ХХК-д холбогдуулан худалдан авсан орон сууцны талбайн хэмжээ гэрээгээр тохирсон 46,4 м.кв бус, 3,31 м.кв-аар дутуу гэсэн үндэслэлээр 6 222 800 төгрөг, орон сууцны талбайг хэмжүүлэхэд гарсан зардал 64 635 төгрөг нийт 6 287 435 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангах талаар дүгнэлт хийхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх ба шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороолол, ХД-73 дугаар байрны 14 давхарт байрлах 2 өрөө орон сууцыг сонгож, 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Ю Б Э П”” ХХКомпанитай гэрээ байгуулж, 1 м.кв талбайг 1 880 000 төгрөгөөр тохирч, орон сууцны үнийг төлсөн, 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр орон сууцыг хүлээн авч, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өмчлөлдөө бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон, зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагджээ.
Шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж үзэхдээ гэрээний зүйлийг доголдолтой гэж үзэх эсэхийг бүрэн дүгнэж чадаагүйгээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаа гаргасан байна.
Хариуцагч нь гэрээгээр тохирсон 46.4 мкв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлээгүй байдал тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч нь орон сууцыг зориулалтын дагуу эзэмшиж байгаа юм. Орон сууцны талбайн хэмжээ дутснаас эд хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах боломж алдагдаагүй бөгөөд эд хөрөнгийн зарим хэсэг дутуу байсан тохиолдол бүрийг доголдолтой гэж үздэггүй байна.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3-д “Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй.” гэж зааснаар орон сууцыг доголдолтой гэж үзэхгүй болохыг шүүх анхаараагүй нь буруу болжээ. Тухайн орон сууцны талбайг нэмэгдүүлэх замаар доголдол арилах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцыг үзэж сонгон авсан тул байгаа байдлаар нь буюу 43.19 мкв талбай бүхий сууцыг худалдаж авсан гэж үзнэ.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр орон сууцыг хүлээн авснаас хойш талбайн хэмжээ дутуу эсэх талаар гэрээний нөгөө талд гомдол гаргаж байгаагүйгээс үзэхэд талбайн хэмжээ гэрээний гол нөхцөл байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн тул нэхэмжлэгч нь доголдолтой холбоотойгоор орон сууцны үнийг бууруулахыг шаардах эрхгүй байжээ.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01601 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 210/ШШ2017/01783 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Ю Б Э П” ХХКомпаниас 6 287 435 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.У-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114 520 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА