Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2019/0311

 

Х.С-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганхүрэм, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, өмгөөлөгч Г.Н, гуравдагч этгээд Ж.С, Х.И, Х.Б, өмгөөлөгч Н.Ж  нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 97 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Х.С-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 97 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 он/ 3 дугаар зүйлийн 3.1.4, 9 дүгээр зүйлийн 9.1.5, 10 дугаар зүйлийн 10.5, 11 дүгээр зүйлийн 11.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015 он/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр болон гүйцэтгэх захирлаар Ж.С-г бүртгэсэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн “Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2017 оны А/636 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...А/636 дугаар тушаал хүчинтэй үлдсэнээр нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй юм. Учир нь “Х” ХХК-ийн хувьцааг охин Х.С-т 2008 оны 07 дугаар сарын 14-нд шилжүүлж өгсөн Н.Х-ын хүсэл зориг өнөөдөр ч хүчин төгөлдөр хэвээр байгаа. Энэ талаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Хэлцэл хийснээс хойш нас барсан этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна” хэмээн заасан тул хувьцаагаа өөртөө авах Х.С-ийн хүсэл зориг огт хангагдаагүй байна. Шүүх нь Улсын бүтгэлийн ерөнхий хууль /2009/-ийг эш татаж, уг хуулийн заалтыг бүртгэгч тухайн үед зөрчсөн байна хэмээн дүгнэж шийдвэр гаргасан байна. Гэтэл бүртгэл 2008 оны 07 дугаар сарын 23-нд хийгдсэн тул хүчин төгөлдөр болоогүй хуулийн заалтыг зөрчиж, улсын бүртгэгч бүртгэл хийх боломжгүй юм. Түүнчлэн 2008 оны 07 дугаар сарын 23-ны бүртгэл хууль зөрчиж хийгдсэн хэмээн эрх бүхий ямар ч байгууллага, албан тушаалтан Улсын бүтгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасны дагуу тогтоогоогүй байна. УДШ-ийн ЗХТ-ын 2017.07.28-ны 256 дугаар тогтоолд “...2008 оны 07 дугаар сарын 23-ны өдөр бүртгэлд хийсэн өөрчлөлтийг хууль бус гэж дүгнэх боломжгүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ” гэсэн. Түүнчлэн уг тогтоолд нотариатын үйлдлийг хүчингүй болгосон нь уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй хэмээн заасан. Тэгэхээр бүртгэл хууль ёсны байна хэмээн 3 шатны шүүх урьд шийдвэрлээд тэр нь хуулийн хүчин төгөлдөр хэвээр байхад 2008 оны 07 дугаар сарын 23-ны бүртгэл хуульд нийцэхгүй байна хэмээн дүгнэж, Оюуны өмч, Улсын бүтгэлийн ерөнхий газрын дарга 2017 оны А/636 дугаар тушаалаараа хүчингүй болгосон нь хууль бус юм. Шийдвэрт “...захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бол сонсох ажиллагаа явуулахгүй” гэжээ. Захиргааны шийдвэр гүйцэтгэх ямар ч ажиллагаа явагдаагүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай хольж энэ асуудлаар буруу дүгнэлт хийсэн байна. Харин Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 606 дугаар шийдвэрээр нотариатын үйлдлийг хүчингүй болгосон ба захиргааны байгууллагад болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ямар нэг ажиллагаа хийхийг буюу бүртгэлийг хүчингүй болгох талаар огт даалгаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Х.С нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/636 дугаар тушаалыг болон “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Ж.С-г бүртгэсэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэлийг  хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

 Маргаан бүхий Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/636 дугаар тушаалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 606 дугаар шийдвэрийг үндэслэн 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Хайрхан” ХХК-ийг үүсгэн байгуулагч Н.Хүрэлбаатараас иргэн Х.С-т тус компанийн эрхийг шилжүүлсэн улсын бүртгэлийг, 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн гадаадын хөрөнгө оруулалттай “Х Ч” ХХК болгож хуулийн этгээдийн хэлбэр өөрчилсөн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.

 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 606 дугаар шийдвэрээр 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн “Х” ХХК-ийн эрх шилжүүлэх тухай гэрээг гэрчилсэн нотариатч Б.Э-ын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №3/16065, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №3/16887 тоот албан бичгээр нотариатын үйлдлийг хүчингүй болгосон талаар мэдэгдсэн, иргэн Ж.С-ийн төлөөлөгчөөс Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн хэлтэст “компанийн нэрийг “Х” ХХК болгох, өмнөх хууль ёсны эзэмшигч Н.Хүрэлбаатарын нэр дээр болгон өөрчлөлт хийлгэх” хүсэлт гаргасны үндсэн дээр тус газрын улсын байцаагч нарын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн № 1396 дугаар дүгнэлт гарсан, уг дүгнэлтийг үндэслэн маргаан бүхий  А/636 дугаар тушаал гарсан үйл баримт тодорхойлогдож байна.

 Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан гэж үзнэ. Тодруулбал,

          Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 281 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 256 дугаар тогтоолоор Ж.С-ийн нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох “Н.Х-аас “Х” ХХК-ийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн бус эрх үүргийг Х.С-т шилжүүлсэн 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн болон тус компанийг “Х ч” ХХК болгон өөрчилсөн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай хэргийг хянан шийдвэрлэхдээ маргаан бүхий бүртгэл хийгдсэн тухайн үеийн бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

          Харин Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/636 дугаар тушаалаар маргаан бүхий бүртгэлүүдийг хүчингүй болгохдоо 2016 онд гарсан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэсэн байх тул “бүртгэл хууль ёсны байна хэмээн 3 шатны шүүх урьд шийдвэрлээд тэр нь хуулийн хүчин төгөлдөр хэвээр байхад хуульд нийцэхгүй хэмээн дүгнэж А/636 дугаар тушаалаар хүчингүй болгосон нь хууль бус” гэх гомдлыг хангах боломжгүй.

         Түүнчлэн, маргаан бүхий бүртгэл хийх үндэслэл болох гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл хууль зөрчсөн болох нь 2016 онд тогтоогдсон тул тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэх нь зөв бөгөөд хариуцагч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д “улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох” гэж заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж дээрх бүртгэлийг “хууль зөрчсөн” бүртгэлд тооцон хүчингүй болгосон нь уг хуулийн 3 дугаар зүйлд заасан “улсын бүртгэл үнэн зөв байх” зарчмыг хэрэгжүүлсэн үйл ажиллагаа гэж үзэхээр байна.

         Мөн тухайн үед хүчин төгөлдөр байсан Засгийн газрын 2010 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын бүртгэлийн хяналтын дүрэм”-ийн 2.1.3-д “Улсын бүртгэлийн ерөнхий хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, тухайн баримт бичигтэй холбоотой бусад баримт сэлтийг акт үйлдэн хураан авч зохих журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох тухай дүгнэлт гаргах” гэж заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж гаргасан улсын байцаагч нарын дүгнэлтээр бүртгэлийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэнд үндэслэж маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009/ 11 дүгээр зүйлийн 11.1 “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Улсын ерөнхий бүртгэгч байх бөгөөд Улсын ерөнхий бүртгэгч нь улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасанд нийцжээ.

         Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “хүчин төгөлдөр болоогүй хуулийн заалтыг зөрчиж, улсын бүртгэгч бүртгэл хийх боломжгүй, бүртгэл хууль зөрчиж хийгдсэн хэмээн эрх бүхий ямар ч байгууллага, албан тушаалтан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасны дагуу тогтоогоогүй” гэх гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн бөгөөд “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Ж.С-г бүртгэсэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэлийг  хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдол гараагүй тул энэ талаар дүгнэлт өгөөгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 97 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                      Д.Баатархүү     

                ШҮҮГЧ                                                                     О.НОМУУЛИН