Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 128/шш2020/0097

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 04 өдөр             Дугаар 128/ШШ2020/0097         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.С,

Хариуцагч: УБЕГ,

Гуравдагч этгээд: Ж.С, Х.И, Х.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: ОӨУБЕГД 2017 оны А/636 дугаар тушаалыг бүхэлд нь, “Х*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр болон гүйцэтгэх захирлаар Ж.Сг бүртгэсэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Н, хариуцагч УБЕГитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээд Ж.С, түүний өмгөөлөгч Н.Ж, гуравдагч этгээд Х.И, Х.Б, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Хулан нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ОӨУБЕГД 2017 оны А/636 дугаар тушаалыг, “Х*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Ж.Сг бүртгэсэн. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж байна.

Гуравдагч этгээд Ж.С нь “Х” ХХК-тай холбоотойгоор иргэний болон захиргааны шүүхэд шийдвэрийг хүчингүй болгохоор удаа дараа хандаж байсан. Тухай бүрт хэргийн хэрэгсэхгүй болгож байсан тул нэхэмжлэгч гуравдагч этгээдийн аливаа үйлдэлд ач холбогдол өгөхөө больсон. 2018 оны цагаан сарын дараа нэхэмжлэгчийн өмчийг гуравдагч этгээд авсан талаар дуулдах болсон тул Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа авахад “Х” ХХК-ийн нэрийг өөрчилж хувьцааг Ж.Сд шилжүүлсэн болохыг мэдсэн. Хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй тул шүүхэд нэхэмжлэл  гаргасан.

Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсгох ажиллагааг явуулаагүй. Үүнээс үүдэн нэхэмжлэгч тайлбар болон татгалзлаа гаргах нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн.

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 256 дугаар тогтоолд 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хийсэн бүртгэлд хийсэн өөрчлөлтийг хууль бус гэж дүгнэх боломжгүй талаар Давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ” гэсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “...иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл...” гэж заасан бөгөөд Х.С бүртгэлээс лавлагаа авахад Ж.Сгийн нэр дээр байсан. Иймд миний эрхийг хөндөж байна гэж үзсэн тул захиргааны шүүхэд хандсан. Захиргааны байгууллагад гомдол гаргахад бүртгэл хууль зөрчөөгүй байна гэсэн хариу өгсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа зөрчигдөөгүй.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Х*******” ХХК-ийн 100 хувийн хувьцааг Н.Х*******аас Х.Ст шилжүүлсэн 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэл, уг компанийг гадаадын хөрөнгө оруулалттай “Х” ХХК болгосон 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн бүртгэлүүдийг Оюуны өмч УБЕГдаргын 2017 оны А/636 дугаар тушаалаар хүчингүй болгосон.

Уг тушаал нь Сүхбаатар дүүргийн иргэний анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/00606 дугаар шийдвэр, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 3/16065, 3/16887 дугаар албан бичгүүд, хяналтын улсын байцаагчийн 2017 оны 1396 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэсэн. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсаны үндсэн дээр бүртгэл явагдсан.

Нэхэмжлэгч талын илт хууль бус захиргааны акт гэж маргаж байгаа Оюуны өмч УБЕГдаргын 2017 оны А/636 дугаар тушаал нь өөрийн бүрэн хүрээнд гаргасан. Нэхэмжлэгч талаас сонсох ажиллагаа явуулаагүй гэдэг ч Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа тул сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй.

ОӨУБЕГД 2017 оны А/636 дугаар тушаал гарснаар уг компанийн 100 хувийн хувьцаа Н.Х*******т буцаж шилжсэн бөгөөд улмаар 2018 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Ж.Сг, оноосон нэрийг “Х*******” ХХК болгож бүртгэхдээ дараах баримтуудыг үндэслэсэн болно. Үүнд: УБ-05 маягт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, “Х*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, Өвлөх эрхийн гэрчилгээ, сая дурдсан шүүхийн шийдвэрүүд, “Х*******” ХХК-ийн шинэчилсэн дүрэм, иргэн Ж.Сгийн хүсэлт, иргэн Ж.Сгийн Хан-уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гаргасан гомдол зэрэг баримтыг үндэслэсэн. Тухайн үед бүртгэл хийхэд хууль зөрчсөн үйлдэл, хууль бус баримт байгаагүй. Учир бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй.

Ж.Сгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 256 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Дээрх 3 шатны шүүхийн шийдвэр нь тухайн бүртгэл хийсэн баримтуудыг шинжлэн судалж, нөхцөл байдлыг тогтоож шийдвэрлэсэн бөгөөд “2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Х******* ХХК-ийн эрх шилжүүлэх тухай гэрээг гэрчилсэн нотариатч Б.Э*******ын үйлдлийг хүчингүй болгосон” Сүхбаатар дүүргийн иргэний анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/00606 дугаар шийдвэртэй холбогдуулан энэ талаар эрх бүхий байгууллагад хандахад энэхүү шийдвэр, магадлал хамаарахгүй болохыг дурдсан болно.

Эдгээрээс харахад нэхэмжлэгчийн нэхэмжлэл хуулийн үндэслэлгүй болох нь харагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Гуравдагч этгээд Ж.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эцэг, эх хоёрынхоо үүсгэн байгуулсан компанийн хөрөнгийг Х*******ын хүүхдүүдээс илүү хэн нь ч давуу эрхтэйгээр  эзэмшиж ашиглах ямар ч эрхгүй. 1993 оноос хойш Х.С гадаадад амьдарч байгаа, гадаадын иргэн. 1990 оны эхээр байгуулагдсан тус компанид гар бие оролцож хөлс хүч зарцуулаагүй. Өрх тусгаарлаад ханьтайгаа Чех улсад амьдарч байсан. Харин Монголд байсан хүүхдүүд оролцож ирсэн. Бидний байгуулсан өвийг бүгд тэгш эрх эдэлж хүртэх ёстой.” гэжээ.

Гуравдагч этгээд Х.И шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьсан зүйл дээр тайлбар хэлэхэд 2017 оны Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Тухайн шийдвэрийг үндэслэж хууль бусаар Ж.С авсан гэж ярьж байгаа. Тэр үед Б.А ч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, би ч ээжтэйгээ хамт тухайн маргааны үед явж байна. Талийгаач н.Х*******аас Х.Ст Улсын бүртгэл рүү бүртгэл хийхдээ хууль зөрчөөгүй гэж шийдсэн болохоос биш Х.С тухайн компанийг хууль бусаар аваагүй гэсэн шийдвэр гараагүй. Тухайн шийдвэрийг мушгиж нэг гэр бүлийн өмчийг ганцхан өөрийнх мэт ярьж байна. Шийдвэрийг харвал бүх зүйл тодорхой болно. Ээжийн өмгөөлөгч тухайн үед нэхэмжлэлийн шаардлагаа буруу гаргаснаас болж анх гаргасан агуулгын дагуу эцсийн шийдвэр гаргасан. Тэр үед Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхээс Х.Сийг эрх шилжүүлж авахдаа хууль бусаар авсан гэх шийдвэр гаргасан. 3 шатны шүүхийн шийдвэр Улсын бүртгэлийн бүртгэлтэй холбоотой асуудалд дүгнэлт өгсөн. Сүүлд үүссэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болсон талаар дүгнэлт өгөөгүй тухай тодорхой бичсэн. Он цаг хугацааны хувьд 3 шатны шийдвэрээс эцсийн шийдвэр нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гарсан. Тухайн шийдвэрийг үндэслэж эрх бүхий байгууллагад хандах эрхтэй гэж заасан бөгөөд үүнийг үндэслэн Оюуны өмч, УБЕГт Ж.С нь гомдол гаргаж өнөөдрийн маргаж байгаа улсын бүртгэл гарсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа шиг Х.Сээс хууль зөрчиж аваагүй. Он цагийн дарааллын дагуу үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа 3 шатны шүүхийн шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн А/636 тушаал гарч Х.Сээс н.Х******* луу шилжсэн. Өнөөдөр манай аав байхгүй тул ээж хуулийн дагуу нотариатчийн танхимаас лавлагаа авч бүрдүүлэх журмын дагуу бүртгүүлж, Хан-Уул дүүргийн дүүргийн Улсын бүртгэлээс өвлөх эрхийн гэрчилгээг авсан. Тухайн гэрчилгээг авч хуулийн дагуу бүртгүүлсэн. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд цагаан сарын дараа мэдсэн гэж хэлсэн. Х.С, н.У******* гэх хүнд итгэмжлэл өгөхдөө 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн. Тус итгэмжлэлд өвийн гэрчилгээг заасан. Үүнээс үзвэл Ж.Сд бүртгэлтэйг мэдэж байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байдаг. 2017 оны 09 дүгээр сард Ж.Сд “Х*******” ХХК-ийг бүртгүүлэхэд тамга тэмдэгний асуудал яригдсан. Х.Сийн төлөөлөгч болон нягтлангуудаар дамжуулан “тамга өг” гэхэд маргаан үүсч Хан-Уулын цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүссэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, н.У******* өмгөөлөгч нар өвийн асуудал үүссэнийг тухайн үед мэдэж байсан. Нотлох баримт байгаа тул хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг анхаарч үзээсэй гэсэн хүсэлттэй байна.

Ээжийг “Х*******” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон байхад Х.С, Х.Н*******, Х.Б******* нар эрхийг нь хүчингүй болгож өгөөч гэж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн маргаан явсаар нодилон 03 дугаар сарын 28-ны өдөр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. Тухайн шийдвэрт “ганцхан хүнд өв хөрөнгийг өгсөн нь буруу байна, олон хүн өвлөх эрхтэй этгээд байхад нотариатч үнэлээгүй” гэсэн шийдвэр гарсан. Ж.Сг өвлөгч биш гэж тогтоогоогүй. Эд хөрөнгийн өвлөгч байхад бүртгэлийг хүчингүй болгох асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг ойлгохгүй байна.

Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэвэл Х.Ст илт давуу байдал үүснэ. Хууль бусаар компанийг эзэмшиж, 10 жил харилцаа холбоогүй болсон. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон А/636 дугаар захирамж нягт холбоотой. Хуулийн талаас бодож үзсэн ч нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгөөч гэсэн хүсэлттэй байна. Аль шатны шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. Бид Улсын дээд шүүхээр шийдвэрлүүлсэн өвлөх эрхээ хэрхэн хэрэгжүүлэх эсэх нь ойлгомжгүй байна. Тухайн асуудалтай холбоотойгоор би бүхий л байгууллагуудаар явж байна.Олон байгууллагаар явахад ёс зүй, жудаггүй хүмүүс байдаг. Эвээр ойлголцож ярилцъя гэхэд дандаа мөнгөний сонирхолтой хүмүүс байсан. Бид 10, 20 жил ойлголцоогүй тул цаашдаа ч ойлголцохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хөөн хэлэлцэх хугацааг хянаж үзээч гэсэн хүсэлттэй байна...” гэжээ.

Гуравдагч этгээд Х.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Х.С ганцаараа компанийг эзэмшиж бусад нь хэн ч биш юм шиг 10 жил явж ирсэн. Түүний дараа дахиж ганцаараа эзэмших гэж шүүхэд хандсанд нь маш их харамсаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Улсын дээд шүүх дээр намайг өвлөх эрхтэй хүн гэж шийдвэрлэсэн. Иймд шударгаар шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлттэй байна...” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээд Ж.Сгийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. “Х*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Х******* гэх хүн 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Тухайн үед Төв аймагт эмчлүүлж байсан. Эмчлүүлж байх үед том охин Х.С нь тойрог зөрчиж нотариатч дагуулж очин өнөөдрийн шүүх хуралдаанд ирж амжаагүй өмгөөлөгч Г.Н, дүү Х.Б******* нар н.Х******* гэх хүнийг өөрийгөө хянах чадваргүй байхад хууль бусаар компанийн эрх шилжүүлэх гэрээг хийж гарын үсэг зуруулж, 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдөр талийгаачийг нас бараад 2 хонож байхад улсын бүртгэлд бүртгүүлсэн. Х.С компанийг шилжүүлж аван 2013 онд компанийн нэрийг өөрчилж “Х” ХХК гэж нэрлэн гадаадын хөрөнгө оруулалттай компани болгосон. “Х*******” ХХК нь 1990 оноос цэнхэр, ягаан тасалбараар хувьцаа худалдах замаар олж авсан Х******* болон С******* нарын үүсгэн байгуулсан компани. Хэдийгээр компанийн бичиг баримтад Ж.Сгийн нэр хэдийгээр байхгүй ч өөрийн хөлс хүчийг зориулж үүсгэн байгуулсан. Х.С компанийг хууль бусаар шилжүүлж аван бусад гэр бүлийн гишүүддээ 10 хувийг тус тус өгнө гэж 2010 онд итгэмжлэл хийсэн ч өөрийн төрсөн дүү Х.Б*******д компанийн хувийг өгсөн. Тус компанийг 2008-2019 оны хугацаанд ганцаараа эзэмшиж ашиглаж ирсэн. Гэр бүлийн бусад гишүүд болон Ж.С нь хууль ёсны өвлөх эрхтэй хүн тул “Х*******” ХХК-ийг хууль бусаар шилжүүлж авсан тухай гомдлыг 2013 онд иргэний шүүхэд гаргасан. Тухайн асуудлыг 2016 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Тус шийдвэрээр нотариатч үйлдэл хийхдээ хууль зөрчиж хийсэн байх тул нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн Оюуны өмч, Улсын бүртгэлийн газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж “Х*******” ХХК-ийг “Х******* Чех” ХХК болгож өөрчилсөн бүртгэл болон Х.Сийг эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг биелүүлж А/636 дугаар тушаал гарсан. Үүнээс өмнө улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Х.Сийн компанийн эрх шилжүүлсэн гэрээ хүчингүй болж, талийгаач н.Х*******ын нэр дээр бүртгэл хийгдсэн. Үүнийг үндэслэн Ж.С гэх хүн хуульд заасны дагуу өөрийн өвлөх эрхийг хэрэгжүүлж, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр тухайн компанийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэсэн. Улсын дээд шүүхээс өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүй болгосон боловч Ж.Сг хууль ёсны өвлөгч мөн гэж дүгнэсэн. Иймд Оюуны өмч, УБЕГшийдвэр хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. ОӨУБЕГД 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/636 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

            Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн № 606 дугаар шийдвэрээр 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн “Х*******” ХХК-ийн эрх шилжүүлэх тухай гэрээг гэрчилсэн нотариатч Б.Э*******ын үйлдлийг хүчингүй болгожээ.

            Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №3/16887, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №3/16065 тоот албан бичгүүдийг Оюуны өмч, УБЕГХуулийн этгээдийн бүртгэлийн газарт /хуучин нэрээр/ хүргүүлсний дагуу тус газрын улсын байцаагч нар 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн № 1396 дугаар дүгнэлтийг гаргаж, ОӨУБЕГД 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн № А/636 дугаар тушаалаар “Х*******” ХХК-ийг үүсгэн байгуулагч Н.Х*******аас иргэн Х.Ст тус компанийн эрхийг шилжүүлсэн улсын бүртгэлийг, 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гадаадын хөрөнгө оруулалттай “Х******* Чех” ХХК болгож хуулийн этгээдийн хэлбэр өөрчилсөн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болсонд тооцсон нь хуульд нийцжээ.

            Учир нь Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн /2009 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1-д “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 9.1.5-д “улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох” мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Улсын ерөнхий бүртгэгч байх бөгөөд улсын ерөнхий бүртгэгч нь улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй", мөн Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн /2009 оны/ 10 дугаар зүйлийн 10.5-д “хяналтын улсын ахлах байцаагч болон хяналтын улсын байцаагч нь Засгийн газрын баталсан Улсын бүртгэлийн хяналтын дүрэмд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд Засгийн газрын 2010 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн № 47 дугаар “Улсын бүртгэлийн хяналтын дүрэм батлах тухай” тогтоолын 2 дугаар зүйлийн 2.1.3-д “Улсын бүртгэлийн ерөнхий хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, тухайн баримт бичигтэй холбоотой бусад баримт сэлтийг акт үйлдэн хураан авч зохих журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох тухай дүгнэлт гаргах” гэж тус тус заасан бөгөөд хариуцагчаас шүүхийн шийдвэрийг биелүүлж, маргаан бүхий захиргааны актыг гаргасныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

            Мөн хэргийн оролцогч нараас Оюуны өмч, УБЕГХуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын байцаагч нарын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №1396 дугаар дүгнэлттэй маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

            Хэдийгээр гуравдагч этгээд Ж.С*******ээс тухайн бүртгэлүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №108 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №281 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №256 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн хэдий ч дээрх шийдвэр, магадлал, тогтоолд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №606 дугаар шийдвэртэй холбогдуулан эрх бүхий байгууллага албан тушаалтанд хандах эрхийг хязгаарлахгүй болохыг дурьджээ.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Х.Сийн бүртэл хуулийн дагуу хийгдсэн хэдий ч хариуцагчаас шинээр илэрсэн нөхцөл байдал болох Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн № 606 дугаар шийдвэрийг биелүүлж өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох хууль, журамд нийцүүлэн дахин захиргааны акт гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

            Нөгөөтээгүүр Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно” гээд хуулийн 28.1.5-д “захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол” гэж заасан байх тул маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

            2. “Х*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр болон гүйцэтгэх захирлаар Ж.Сг бүртгэсэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

            Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015 оны/ 16 дугаар зүйлийн 16.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг өргөдөл гаргах эрх бүхий дараах этгээдийн аль нэг гаргаж болно” гээд хуулийн 16.1.1-д “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага” гэж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гээд хуулийн 23.1.3-д “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр”, 23.1.4-д “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт” гэж заасан бөгөөд мөн Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Компанийн дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн” гэжээ.

            Гуравдагч этгээд Ж.Сгаас 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Оюуны өмч, УБЕГхуулийн этгээдийн бүртгэлийн газарт өргөдөл /УБ-05 маягтаар/ гаргаж, холбогдох баримтуудыг хавсаргасан байх бөгөөд “Х*******” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №01 дүгээр хувьцаа эзэмшигч нарын шийдвэрийг хавсаргасан хэдий ч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4-д заасан үүсгэн байгуулах баримт бичиг буюу тус компанийн дүрэмд орсон өөрчлөлтийг хавсаргаагүй байна.

            Мөн тухайн өргөдөлд “ОӨУБЕГ-ын даргын тушаалаар бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, өмнө нь хандаж байсан зэргийг тодорхойлоод бүртгэх” гэж гараар цохолт хийсэн зэргээс дүгнэхэд хариуцагчаас тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн өв залгамжлагч нарын хооронд маргаантай асуудал байгааг мэдсэн атлаа дээрх нөхцөл байдлыг тодруулалгүй бүртгэлийг хийсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх зарчимд нийцээгүй байна.

            Өөрөөр хэлбэл “Х*******” ХХК-ийн хувьцаа бүхэлдээ Н.Х*******аас Х.Ст, Н.Х*******аас Ж.Сд шилжсэн бөгөөд уг бүртгэлүүдийн үндэслэл болсон нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлүүд шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон, уг шүүхийн шийдвэрүүдэд бусад өвлөгч нарын эрхийг хангах талаар дурьдсан байх тул тухайн хуулийн этгээдийн хэн өвлөх эрхтэй эсэх, бусад өв хүлээн авагч нар байгаа эсэхийг тогтоосны дараа бүртгэлийг хийх нь бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх зарчимд нийцээхээр байна.

            Иймд ОӨУБЕГД 2017 оны А/636 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Х*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр болон гүйцэтгэх захирлаар Ж.Сг бүртгэсэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.      

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 он/ 3 дугаар зүйлийн 3.1.4, 9 дүгээр зүйлийн 9.1.5, 10 дугаар зүйлийн 10.5, 11 дүгээр зүйлийн 11.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015 он/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Сийн нэхэмжлэлтэй УБЕГт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Х*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр болон гүйцэтгэх захирлаар Ж.Сг бүртгэсэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн ОӨУБЕГД 2017 оны А/636 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ